Бэлэн тараасан 70 000 төгрөг тус уу? ус уу?

…Төрүүлсэн хүүхэд болгон нь аав ээждээ “баялаг” болдоггүй. Багаас нь эрхлүүлээд, хүссэн болгоныг нь авч өгөөд, ажилд сургахгүй амар байлгавал хүссэн хүсээгүй хүүхэд тань “эрхийн тэнэг”  болно. Гэр орноо цэвэрлэж, хоол унд хийж сураагүй болохоор аав ээжийгээ ажлаас ирэхэд нь, хөглөрсөн новшиндоо, өлсгөлөн сууж байх. Ажлаасаа ядарч ирээд, гэр орноо цэвэрлэж, хоол ундаа бэлтгэх аав ээж нь дотроо хичнээн бухимдавч ” за яахав дээ? хүүхэд минь өсч том болоод сайн хүн болж, биднийгээ асран жаргаах болно” хэмээн горьдлого тээсэн мөрөөдлөөр дотор сэтгэлдээ “өмөөрнө”.
Харамсалтай нь багаасаа ажил хөдөлмөрт хийж сураагүй, аав ээжийгээ хайрлан өрөвдөж байгаагүй, бүх л зүйл нь өөрийн хүссэнээр бэлэн, эрх дураар өссөн хүүхэд хэзээ ч сайн хүн болж чаддаггүй. Алив бэрхшээлийн өмнө сөхөрч, алдаа онооныхоо бурууг бусдаас хайж, архи зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлэн, арчаагаа алдан, бусдад гологдох олон олон залуус үүний сонгодог жишээ.

…АНУ-д хааяадаа “хар”-уудын хорооллоор явах хэрэг гарна. Тэдний хорооллын дүр зураг, яагаад ч юм бэ? Монголын хөдөө сумын төрхийг санагдуулаад байдаг юм.
Элдэв чамин маягаар хувцасласан залуус дэлгүүрийн үүдэнд бөөгнөрөн, чанга дуугаар бие биенээ дуудан, хаа нэгтэйгээс танихгүй хүн гарч ирэх ахул сонирхож сонжсон, өдөж тохуурхсан төрхөөр харж шүлсээ хаяцгаах нь нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Бүсгүйчүүд нь яг л “янхан”  шиг хувцаслаж, хэн нэгнийг өдөж шоолсон, үл тоосон байдлаар харах ба, өдрийн ихэнхи цагаа дэлгүүр хэсэж өнгөрүүлцгээнэ.
ЗГ-аас олгодог тэтгэлэгээр амьдардаг тэдний, амьдралын хэв маягийг харах бүрдээ “монгол оронд минь арай ийм болчихгүй байгаа даа” хэмээн санаа зовж явдагаа нуух юун. Хар тамхи мансуурал, хүчирхийлэл буудалцаан, гэмт хэрэг ихээр гардаг бүдүүлэгдүү замбараагүй энэ орчин ЗГ-аас олгодог тэтгэлэгт амьдралын муу үр дүн. Бааранд, казинод ихэнхи цагаа өнгөрөөж суудаг хүсэл мөрөөдөл, эр зориг, хийморь лундаа нь унтарсан индиануудын тухай миний нэг танил надад хуучилж байсан. Тэднийг өнөө ч мөхөж байгаа үндэстэнгүүдийн тоонд оруулан нэрлэдэг.
АНУд хүн маш ихээр ажиллаж, хичээж, зүтгэж байж л сайхан амьдардаг байхад, уугуул нутгийн гэдэг шалтгаанаар тэтгэлэг, төлбөр авч түүгээрээ амьдардаг цөөн хэсэг нь бүдүүлэг мунхаг, арчаагүй болон мөхсөөр…

…Талх барьдаг хүнээс талх худалдан авдаг хүмүүс, өөрсдөө талх барьж сурахыг тэгтлээ хүсдэггүй нь бас сонин. Хүн болгонд гэртээ талхаа барьж идэх боломж нь байдаг хэдий ч өөрийгөө тэгтлээ зовоохыг хүсдэггүй. Талх барина гэдэг хүн болгоны хийж болох ажил боловч, басxүү тэвчээр хөдөлмөр, ухаан туршлага шаарддаг болохоор тээршаадаг байж болох.
Байнга талхаа худалдан авдаг хүмүүс талх барьдаг хүний хөдөлмөр, зовлон шаналлыг тэгтлээ мэдэрдэггүй.Харин талх худалдан авах мөнгийг нь хэн нэгэн зүгээр өгөөд эхэлбэл бүгд л баярлан талархаж, талх барьдаг хүний тухай бодохоо ч болино. Нэгэн өдөр талх авах мөнгийг нь өгөхгүй удаавал, заавал тэгэх учиртай, бас албатай мэт бодох болсон тэдгээр хүмүүс маш ихээр уурсан хилэгнэж, бослого гаргах буйз.
Нэгэнт идэх талх нь бэлэн, талхыг авах мөнгө нь бэлэн байхад хүмүүс өөрийгөө зовоохыг огт хүсэхээ болно. Бүгд л ууж идэж, наргиж цэнгэн юу ч бодохгүй, юу ч хүсэхгүй, юу ч мөрөөдөхгүй. Яг л адгуус мэт. Харин талх хийхээ болох буюу талх авах мөнгийг нь өгөхөө боливол тэд маш ихээр уурсан хилэгнэж, юу ч хийхээс буцахгүй болдог. Энэ ертөнцийн элдэв адал явдал, зовлон бэрхшээл, түүнийг даван туулах хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлэлгүйгээр зөвхөн өнөөдрөөр амьдрах гэдэг юутай утгагүй, юутай гунигтай.

70 000 төгрөгийн эргэн тойронд…
Өдгөө Монголын төрийг удирдан жолоодож буй МАХН болон түүний хамсаатан АН, энэ эрхийг авахын тулд сонгуулийн сурталчилгаандаа, “эрдэнийн хувь хишиг болгон иргэддээ жил бүр 1.5 сая төгрөгийн зүгээр тарааж байх”-аар амалцгаасан. “Хүний юм, үнэгүй юманд нугасгүй дуртай” сонгогчид үүнд итгэн тэднийг сонголоо.
Амалсанаа биелүүлэхгүй 2 жил өнгөрсний дараа, хулхидуулснаа мэдсэн олон нийт амлалтаа нэхэж, амлалтаа биелүүлэх гэж байгаа дүр төрхөө үзүүлж буй “жүжиглэл”ийн эхлэл нь 70 000 төгрөгийн тараалт байлаа.
Мөнгө тараах болон тараасан мөнгийг авах хэцүү биш. Харин энэ бэлэн мөнгийг тарааснаар ямар муу үр дагавар, гай зовлон авчирч байгаа анзаарах хүн алга. Өлссөн малд өвс хаяж өгөхөд дайрч шавааралдаж, бие биенээ түлхэн нудчиж, зүтгэдэгтэй адил, оочерлож, шуугилдан бухимдан байж гар дээрээ бэлнээр авсан 70 000 төгрөгөө хүн бүр янз бүрээр л зарцуулсан.
-Аж амьдрал нь боломжийн түвшинд, түүнээс арай дээгүүр, олдог олз авдаг цалин нь ахуйн хэрэгцээг хангадаг айлын эзэд болон хүүхдүүд энэ мөнгөө баар цэнгээний газарт  “тушаасан”. Учир нь энэ мөнгө, тэдний хувьд тийм ч чухал бус.

-Дундаж болон түүнээс доош түвшний амьдралтай, авч буй цалин олж буй орлого нь амьдралд нь хүрэлцэж ядаж буй айл өрх хувь хүмүүс энэ мөнгөө амьдрал ахуйдаа зарцуулсан. Мэдээж энэ мөнгө тэдэнд хэрэгтэй учраас тэд мах гурил, будаа бас хувцас авч, зарим өр зээлээ дарж амжсан байх.
-Эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын зорилго тэмүүлэлгүй, өдөр хоног өнгөрөөж ядсан зарим хүмүүс энэ мөнгөөрөө архидаж, идэж ууж, наргиж цэнгэсэн. Үүний балгаар эрүүлжүүлэх газрын ачаалал ихсэж, элдэв хэрэг зөрчил ихээр гарчээ. Өөрийгөө өрөвдөж, бусдад гомдож амьдардаг тэдэнд энэ мөнгө байсан байгаагүй ав адил.
“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү?” хэнд ч хамаагүй хэдий ч, Монгол орны баялгаас “хишиг” болгон тарааж буй энэ мөнгөний зарцуулалт, үүнээс үүдэлтэй сайн муу үр дагавар нь мөнгө тарааж буй ЗГ-т хамаатай. Энэ мөнгийг тараалтаас үүдэн нийгэмд мэдрэгдэж буй “давалгаа “-г тэд заавал мэдэрч тооцож байх учиртай.
-Монголын ТВ-ийн мэдээгээр, мөнгө тараасан энэ өдрүүдэд “эрүүлжүүлэх байр” ны ачаалал эрс нэмэгдэж, согтуугаар агсам тавьж олны амгалан байдал ихээр алдагдсан тухай мэдээлж байлаа.

-Энэ мөнгийг тараасан болон төрийн албан хаагчдын цалинг 30% нэмэгдүүлэх тухай шийдвэрээс улбаалан юмны үнэ өсч, махны үнэ 6000 төгрөгөөс давсан гэнэ. Улсын төсвийг батлахдаа 8% байхаар тооцсон инфляци 2 оронтой тоонд хүрч, цааш улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа тухай мэдээлэл хөвөрч буй. Монгол банкны ерөнхийлэгч Д.Пүрэвдөрж, энэ талаар ямар ч арга хэмжээ авч чадахгүйд хүрч байгаа тухайгаа учирлаж сууна.
-Сүүлийн үед насанд хүрээгүй охидыг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэг хэд хэд гарч олон нийтэд айдас төрүүлж байна. Энэ хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байх боломжтой хэмээн ЦГ мэдээлж байна. Монгол оронд өргөнөөр тархсан архидалт, ажилгүйдэл болон арчаагүй байдлаас үүдэлтэй бухимдал цаашид ямар ч муу муухай хэрэг гарах үндэс болж байгааг энэ үйлдлүүд дохиолон сануулж буй.
70 000 төгрөгийн тараалт “гай дуудсан” муу дохио
Манай эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд, мөнгө тараалтаа үргэлжлүүлж бас нэмэгдүүлэн удахгүй 120 000 төгрөг, алсдаа 1.5 сая төгрөг тараах тухай мэдэгдэж байгаа.  Мөнгө тараахдаа олон янзаар, олон нийтэд үр ашигтай байх талаар санаа тавих болно хэмээн мэдэгдэж, тайлбарлаж байгаа ч, өнөөдрийн нийтэд мэдрэгдэж байгаа муу үр дагаврыг судалж, цаашид сэргийлэх талаар огтхон ч дуугарахгүй байна. Энэ бол муу зүйл.

-Бидний нэрлэдгээр “хар масс” буюу олон нийт, ингэж тараасан мөнгийг өөрсдөдөө хэрхэн үр ашигтай зарцуулах боломжийн талаар тэдэнд судалгаа болон төсөөлөл байна уу?  Өөртөө ашигтай бүхнийг өөрийн хяналтдаа авах дуртай ЗГ, энэ их архидалт, гэмт хэрэг, хүчирхийллийг хянаж зогсоож чадах уу?
-Бэлэн мөнгө тараасны уршгаар үнийн өсөлт гаарч, монгол төгрөг “цаас”  болон хувирах ахул тэд хариуцлага хүлээж чадах болов уу? Талхаа 50 000 төгрөгөөр, цамцаа 500 000 төгрөгөөр худалдан авахдаа ард иргэд жаргалтай сайхнаар мишээн, баясана гэж тэд төсөөлж байгаа юм болов уу? Ингэж тараасан их мөнгөний урсгалыг гадагшаа бус дотооддоо тогтоон барих ухаалаг бодлого гаргаж чадах болов уу?
-Бэлэн мөнгө ихээр тараасны уршгаар, хүмүүс ажил хөдөлмөр хийхээс татгалзаж, удахгүй авах мөнгөө хэрхэн үрж зарцуулахаа тооцож, хүлээж суудаг болчихвол яах вэ? Тэд бэлэнчлэх сэтгэлгээнд автаж, хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь унтарч, оюун санаа нь улам улмаар ядуурах ахул яах вэ?

Монголчууд 1990 онд социализмын хүлээсэнээс ангижирч, энэ 20 жилийн хугацаанд, хүн өөрийн амьдрал аз жаргалынхаа төлөө өөрөө л хичээн зүтгэж, хөдөлмөрлөж, сэтгэж байж бий болгодог гэдгийг ухааран ойлгож байгаа.  Амьдралд хүн өөрөө л эзэн байхаас хэн нэгэн энэ бүхнийг захиран зохицуулдаггүй юм байна гэдгийг ойлгож мэдэрч байгаа. Хөгжиж сайхан амьдрахын тулд их мөрөөдлөөр өөрийгөө цэнэглэж, үүнийхээ төлөө их хичээл зүтгэл гаргаж байж л амжилтад хүрдэг гэдгийг бусдаас харж ойлгож байгаа.
Үүний гол жишээ нь гадаадад ажиллаж амьдарч байгаа олон олон монголчууд. Тэд хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг мэдэрч, өөрийн зардлаар өөрсдийгөө хөгжүүлж байгаа үнэ цэнэтэй хүмүүс.
Гэтэл улстөрийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө ийн амалж, монголчуудыг ажилгүй залхуу, арчаагүй мунхаг болгох  алхам хийгдэж байна бус уу? Ядахнаа л энэ буруу мунхаг үйлдлийнхээ төлөө ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлал хүсч, зөв арга замыг сонгон тайлбарлах эрүүл ухаан, эр зоригтой улстөрчид өнөө хэр алга л байна.
Бидэнд сайн боломжууд олон байгаа.
Мэдээж бүгдээрээ хулгайч, завшигчид биш болохоор, бүгдээрээ мөнгөнд донтож хүн чанараа алдаагүй болохоор эрүүл саруул сэтгэлгээтэй, энэ талаар сэтгэл зовж шаналан, оюун ухаанаа чилээж байгаа олон сайн хүмүүс байгаа гэдэгт би итгэдэг.

-Саяхан интернетийн сайтууд дээр Д.Янжиндулам гэдэг бүсгүй “Силикон хөндий Монголыг баялгийн хараалаас аварна” нэртэй бичсэн бичлэг их сонирхолтой байлаа. Баялгийн мөнгөөр мэдээллийн технологийн том төв байгуулж, монгол залуусыг дэлхийн түвшинд хүрч хөгжих боломжийг олгоё гэдэг мундаг санаа.
-Нилээд эрт интернет сайтууд дээр”жирийн нэгэн монгол иргэн” нэрээр, гадаадад байгаа монголчууд 70 000 төгрөгөө гар дээрээ авалгүйгээр тодорхой нэгэн санд төвлөрүүлж, Монголдоо хэрэгтэй эмнэлэг юм уу ашигтай байгууламжинд зарцуулья гэж уриалсан байсан. Харин бид “сайхан санаа байнаа, чамд амжилт хүсье” гэж бичээд л чимээгүй болцгоосон.
Энэ талаар гарч буй олон сайхан санал санаачлагууд, унших үедээ бадарч байсан сайн сайхан урам зоригийн хамтад “цаасан дээр ” үлдэж байна. Тийм ээ! бид бие биедээ итгэх итгэл, дэмжих бодит дэмжлэгээ яг л хоосон цаасан дээр орхиж байна.
Монголчууд бидний энэ арчаагүй зан, идэвхгүй  үйлдэл, эрх мэдэлд хүрсэн зарим хүмүүсийн завшиж баяжих боломжийг олгож, өөрсдийн хүч боломжоо дутуу үнэлэн итгэл алдрах сэтгэлгээний хөрс нь болж байгаа.
Заавал бэлэн мөнгө тарааж ард иргэдээ “жаргаах”ыг хүсээд байгаа юм бол үүнийхээ үр ашгийг илүү бодитой болгох олон боломжууд байгаа.

1. Нэгэнт эрдэнэс баялгийн хувь, “эх орны хишиг”  түгээх хэрэгтэй юм бол үүнийг заавал хүртэх учиртай хувь заяат монголчуудаа шинээр бүртгэж, тэдний нэр дээр данс нээж дэвтэр олгож болно. Гадаадад байгаа болон монголдоо байгаа монголчуудаа үнэн зөвөөр тоолон бүртгэлжүүлж, судлах боломж нь энэ.
2.Мөнгийг гар дээр нь бэлнээр бус, дансаар дэвтэрт нь хийж олгох нь эмх цэгцээс гадна, авсан дороо бие биетэйгээ нийлэн наргих боломжийг ч хязгаарлаж болно.
Ядахнаа оочерлон бухимдаж, хэн нэгний захирангүй дуун дор гуйлгачин мэт зогсохгүй болно доо.
3.Мөнгө авах эрхтэй иргэн бүрээсээ энэ мөнгөө юунд үр ашигтай зарцуулах хүсэл, боломжтой болохыг судлан гэрээ хийж болно. Зарим хүмүүс орон сууцтай болоход, зарим нь сургалтын төлбөрөө төлөхөд, зарим нь бизнесээ өргөжүүлэхэд гэхчилэн хүссэнээрээ зарцуулах боломжийг олгож болно.
4.Амьдралын боломжтой зарим хүмүүс энэ мөнгөө буяны сайн үйлсэд зарцуулах боломжийг олгож , тэднийг дэмжин сурталчилж болно.
5. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ мөнгөө тусгауй дансанд хуримтлуулж, монголд тодорхой байгууламжинд зарцуулж, үүнийхээ хөрөнгө оруулалтыг хувьцаа хэлбэрээр эзэмшиж болно.  Яг үнэндээ гадаадад байгаа монголчуудад монголдоо очоод өөрийнхөөрөө ажиллаж амьдрах орон зай хэрэгтэй байгаа. Хэд хэдээрээ, хэсэг бүлгээрээ өөр хоорондоо нэгдээд энэ зорилгоор энэ мөнгийг ашиглаж болно.

Энэчлэнгээр эв нэгдлээр, эрүүл саруул сэтгэлгээгээр, итгэлцэл дэмжлэгээр хийж болох ашиглаж болох олон олон боломжууд бидэнд байгаа.Зөв санаа санаачлага гаргаж буй нэгнээ хардаж, харааж суухын оронд, итгээд дэмжээд явбал өөр хэн ч биш бид л хожих болно. Өнөө цагт бидэнд эрүүл саруул сэтгэлгээ, эв нэгдэл, чин сэтгэлийн итгэл дэмжлэг хамгаас чухал байна.
Хэн хариуцлага хүлээх вэ?
Ард иргэддээ “эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгө тараах энэ ажлыг ор нэр төдий хийж, монгол иргэдээ ялгаварлан гадуурхаж, хувийн ашиг завшаан, хувааж идэх боломж болгож болохгүй ээ. Хэдийгээр мөнгө тарааж, хишиг түгээж, буян болж буй мэт боловч, энэ бол монгол орны хөгжлийн, монгол хүний үнэ цэнийн төлөөх сайн сайхан ирээдүй. Бид үүнийг зөв хийж чадваас хөгжинө, буруу хийх аваас мөхнө. Гашуун боловч үнэн нь энэ.

Худал амалж, амлалтаа биелүүлэх нэрээр энэ бүхэнд хариуцлагагүй хандаж, нэг хэсгийг нь хулгайлж завших аргаар хагартлаа баяжих, нөгөө хэсгийг нь үгүйрэн ядуурч, өөртөө итгэх итгэлгүй арчаагүй нэгэн болгох эрх хэнд ч үгүй. Хэрэв байдал ийм болгох аваас одоогийн Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдөрж, Ерөнхий сайд С.Батболд, УЙХ-ын дарга Дэмбэрэл болон МАХН, АН-ын өнөөгийн удирдлагууд заавал хариуцлага хүлээх болно. Хэзээ нэгэн цагт цаг хугацаа болон түүх заавал хариуцлага шаардах л болно.  Ийм их баялагтай уудам газар нутагтай, цөөхөн хэрнээ хувь заяатай монголчууд бид, бүгдээрээ өөдрөг сайхан амьдрах, хүч ухаан чадал авьяасаараа дэлхийд гайхуулах бүрэн боломж буй.
Тал дүүрэн нутагтай билээ бид
Таван хошуу малтай билээ бид
Хөрсөн дороо баялагтай билээ бид
Хөх тэнгэрт эзэнтэй билээ бид
Цөөхүүлээ ч хувь заяатай билээ бид
Цөхөрч мохож яваагүй билээ бид
Хувь заяат монголчууд бид уудам хэрнээ эрдэнэс баялагтай эх нутагтаа эзэн нь болж амьдрах сайхан цаг айсуй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-05-16

Share Your Thoughts