“БЯЛУУ”-НЫ ТӨЛӨӨХ УЛСТӨР

…Бид хэн нэгний төрсөн өдөр, шинэ жил, элдэв арга хэмжээнд зориулан зассан ширээн дээр бялуу тавих нь олонтаа. Тойрч суугаад бэлэгтэй сайхан ерөөл хэлэлцэж бялуугаа хуваацгаадаг.  Хүүхдүүд  ч  энэ мөчийг тэсэн ядан хүлээж, нүд салгалгүй ажиглана. Хувь хувьдаа оногдсон бялуугаа бүгдээрээ л амтархан иднэ. Хөвсгөр зөөлөн хэрнээ элдэв  амттанаар чимэглэсэн бялуунд хүн бүхэн дуртай.  Дандаа бялуу идэхийг хүсэцгээвч тийм боломж үгүй.  Хааяадаа ямар нэгэн баяр ёслол, хэн нэгний төрсөн өдөрт л ийм боломж тохиох аж.

,,,Монголын улстөрд “бялуу хуваах” гэдэг хэллэг нэвтрээд удаж буй.  Дандаа биш л дээ. Дөрвөн жил тутам болдог улстөрийн сонгуулийн дараа л ийм боломж тохионо. Дээр өгүүлсэнчлэн бүгдээрээ ширээ тойрч суугаад эв найрамдалтай, хэн хэн нь сэтгэл хангалуун хуваадаг юм биш.  Хаа нэгтээ нууцхан байдлаар, баар цэнгээний газрын тусгай өрөөнд, эсвэл аль нэгэн албан тасалгааны хаалгыг түгжиж байгаад нууцхан,  эсвэл хөдөө хээр “салхилангаа”, үгүй бол амралт сувиллын газарт хүмүүсийн хөл хөдөлгөөнөөс зайдуухан “бялууг хэрхэн хуваах” тухай нууцхан хэрнээ аминчхан яриаг намуухан дуугаар, шивнэх шахуу яриа, тохиролцоо өрнөдөг.

  Улстөрийн БЯЛУУ

Сонгуульд ялсан нам “үнэд орох” цагаар, бялууг хэрхэн хувааж, хэрхэн хүртээх талаарх таамаглал “бор шувуу” болон нисэж, хүн болгоны сонорыг анирдана. Яг л лото тааж байгаа мэт элдэв хувилбар дэвшүүлцгээж “байгаа оносон” нь баяр бахдал дүүрэн, үзмэрч төлөгч мэт хэрдээ маадгархан. “Байгаа оноогүй” нь банзан дээр туссан таамгалалаа элдэв хачраар даруулан тайлбарлана. Хөгжилтэй ч улстөр дөө, манай Монголын улстөр.  Яг л хурдан морины уралдаан үзэж байгаа мэт сэтгэл догдолцгоодог. Ихэвчлэн олон жил уралдсан “архаг” гэмээр морьд уралддаг болохоор таахад ч амар мэт. “Нөгөө л хэн гуайн улаан, цагаан, цавьдар зүсмийн морьд” л айраг, түрүүнд ирж алдар цолоо дуудуулна. Дасч орхиж дээ бид. Битүү морьд бараг л орж ирэхгүй дээ. Битүү морьдыг бол хазаж хайрч, хашиж шахаж байгаад сульдааж орхидог муу аргатай.

2012 оны сонгууль аль хэдийн дууссан хэрнээ “бялуу хуваалт” дуусаагүй байгаа.  “Ядаж байхад яр” гэдэгчлэн  эвсэж байгаа намууд нь “бялуугаа голж” “хусмаа чамалж” байгаа болохоор “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” н тулд их л зовцгоох бололтой.  Яамд болгон  сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга” гэж томилох нь ” зуун ямаанд жаран ухна” гэдгийн үлгэр болдог.  Сайд, дэд сайдаа эвссэн намууд нь сөөлжүүлж томилдог нь бие биедээ тавих хяналт гэх үү, бялуугаа хуваах  тохиролцоо гэх үү? УИХ түүний байнгын хороод, Яамд түүний сайд болон албатууд, Агентлаг болон хэрэгжүүлэгч чиглэлийн газрууд  гээд бялууны хамгийн амттай хэсгүүд. Аймаг, дүүрэг сумдын засаг дарга болон түүний албатууд бялууны боломжийн амтат хэсгүүд. Төрийн захиргааны хэмээх тодотголтой албан газрын дарга нар болон албатууд, хороо хорины засаг дарга гээд бялууны голж хаямгүй хэсгүүд. Бидний мэдэх мэдэхгүй элдэв албат, туслахууд  бялууны үлдэгдлүүд. Бас санаанд  оромгүй бялууны үртэснүүд байх жишээтэй.
Эрх барьж байгаа намуудын бусармаг үйл ажиллагааг зоригтойгоор шүүмжлэн, гартаа цагаан хоолой барьж, ганболд мэт хатуу чанга зоригоороо ард олныг уриалан дуудаж байсан цогт хувьсгалч, гайхамшигт тэмцэгч  олон хүмүүс бялууны амтат хэсгээс хүртэцгээж буй. Аядуу намуун дуугаар учирлангуй ярих тэдний төрхийг ажих ахул, гал цог бадраасан тэмцлийн эцсийн зорилго нь “бялуу хүртэх” байсан болов уу гэж бодмоор. Бахархахаас илүүтэй өрөвдмөөр. Гудамжинд  тэмцэж, олон нийтийг уриалан дуудаж, ухуулан дагуулж байсан олон хүн намаа ч ялгахгүй “суудал” хайн гүйлдэх нь  “муу эр дайнд хөөрнө” гэдгийн үлгэр лугаа.  Тэгж тэгж “сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолзоно” гэдгийн үлгэрээр байдал намжих буйз.

Бялуу хуваалтанд “аз нь шовойж, од нь гийж ” байгаа олон хүнийг харахаар “хараад хараад ханашгүй, хайрлаад хайрлаад дундаршгүй” мөнөөх л хэд.  Залхмаар. Монгол Улсын Сангийн сайдын албыг Ч.Улаан хэдэн удаа ч хашив, Хууль зүйн Яамыг Ц.Нямдорж хэдэн ч жил удирдав. Энэчлэнгээр олон хүн бий. Заримдаа энэ хэдээс өөр өөдтэй хүн Монголд байдаггүй юм болов уу? гэж эргэлзмээр. “Шинэчлэл” гээд хашгихаар нь цочоод эргээд хартал мөнөөх хуучинсагууд. Өөрчлөгдөж шинэчлэгдэж ч ханахгүй юм тэд, өөрчлүүлж, шинэчлүүлж ч дуусахгүй юм бид. “Яг одоо жинхэнээсээ шүү” гэж амалцгаах юм, ядарч туйлдаад харахад бүх л зүйл хэвээрээ. Худлаа амлахгүй шүү гэх хэрнээ элдэв амлалт дүүрэн, хуурч мэхлэхгүй шүү гэх хэрнээ  бэлэн мөнгө тараасан хэвээрээ.  Дарга болж байгаа хүмүүсийг харахаар дандаа л танил царайнууд. Хичнээн ч олон жил хийж бүтээхийг нь хүлээв. Аргаа бараад “өөрөө идэж  ханаад, өрөөл бусдыг боддог болох болов уу?” гэж, эврээ буганд алдсан тэмээ шиг л харуулдан горьдох олон түмэн. Цөхөрч дээ.

Энд  тэндгүй л “Нөгөө хэн дарга болж гэнэ, тэднийхэн ч башийлаа даа” гэж ярих. Ялимгүй бидний толгойд, дарга болсон нэг нь анд нөхөд, хамаатан саднаараа “баг” болон идэж завшдагтай эвлэрч орхисон мэт. Хааяа хэвлэл уншихаар “тэр даргын тийм хамаатан, тэндэх газрын дарга болжээ” хэмээн сүр жавхлантайяа мэдээлснийг унших. Монголд маань өөр өөдтэй хүмүүс олддоггүй юм болов уу? гэж эргэлзэх. Эсвэл эрх мэдэл албан тушаал “цусан төрлөөр” дамжин “үрэвсдэг” юм болов уу? гэж гайхмаар. Төрийн албаныхан нь бөөн түгшүүр. Шинэ дарга ирээд ширээ сандал дээр нь үлдээх болов уу, үгүй болов уу? гэх айдсандаа “хүлэгдэж” ажлаа хийхтэй манатай.  Амихандаа хамт ажиллагсадаа “тандана”, хамгийн дотно найз нэгнийг  нь хайж “үг дайна”. Үлдчихвэл “ажлаа хийнэ”, явах бол яадаг ч байсан “хоосон буцахгүй” гэж шазуур зууна. Сонгуулийн  өмнө ч, сонгуулийн дараа ч ажил хийдэг хүн Монголд ховор. Сонгуулиар “савалж”, даргын аясаар  “дайвалздаг” төрийн алба, Монголоос өөр газар байдаг болов уу?

      Хариуцлага хүлээдэггүй “дарга” нар

Уг нь даргын ажил хүн болгоны хүсээд, хийж чаддаг ажил биш л дээ.  Учир нь энэ бол хариуцлага хүлээх чадвар дээр тогтдог ажил.  “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” гэдэг үг бий. Олон хүний ажил амьдрал хувь заяаны төлөө шийдвэр гаргадаг болохоор, зөв сайн шийдвэрийнхээ төлөө талархал хүлээж, буруу муу шийдвэрийнхээ төлөө хариуцлагаа хүлээж чаддаг байх ёстой.  Өндөр хөгжилтэй орнуудад  татварын орлогоо нуун дарагдуулсаны төлөө, гэр бүлээсээ гадуур бэлгийн харьцаанд орсныхоо төлөө, олон нийтийн газар халамцуу явж харагдсаны төлөө, гаргасан шийдвэр нь  олон нийтийн эрх ашигт муугаар нөлөөлсний төлөө, хэн нэгэн таньдаг найзынхаа компанид давуу эрх олгосныхоо төлөө, хэн нэгнээс хахуул авсныхаа төлөө олон нийтийн өмнө уучлал гүйн, албан тушаалаасаа огцорсон олон тохиолдол байгаа.  Шийдвэр гаргах эрх мэдэлтэй алба хашиж байхдаа хууль бусаар “баяжсан” нь тогтоогдоход, хөрөнгийг нь хураан Улсын мэдэлд авсан тохиолдол нэг биш.  Энэ бол жирийн хүнээс илүү эрх мэдэлтэй байсан хүн, буруу муу үйлдлийнхээ  төлөө түүнээс ч илүү  хариуцлага үүрэх ёстой жишиг.

Харин Монголд бол эсрэгээрээ. Бие биенийхээ өөдөөс “салаавч” гаргах, харааж зүхэх бол ердийн л үзэгдэл.  Төрийн ордонд заамдалцан зодолдож, олон нийтийн өмнө согтуугаар орилох нь  байдаг л зүйл. Зарим хүмүүс ийм тохиолдлуудыг, монгол эр хүний эрэмгий бөгөөд гүндүүгүй чанартай холбон өмөөрөх нь бий.  Тийм чанартай байж болно л доо. Жирийн хүн байгаад гудамжинд ийн авирлах нь  тэр хүний асуудал бөгөөд хуулийн дагуу л асуудал шийдэгдэх учиртай.  Харин эрх мэдэлтэй болж төрийн өмнөөс ингэж авирлах нь шал өөр асуудал. Үндсэндээ энэ хүмүүс ийм албан тушаалд тэнцэхгүй байгаагийн илрэл.  Харин Монголд үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.  Хууль бусаар баяжиж, хурдан морьд “зүсэлж”, бусдаар уяулж цол хэргэмийг нь ичих ч үгүй өөрөө авч таахалзан алхдаг нь Монголын улстөрчдийн нийтлэг шахуу жишиг болж дээ.  Үнэтэй хөөрөг, хөөрхөн “ил амраг”, 9911… дугаартай утас, унжсан гүзээ, яравгар царай бол Монголын улстөрчдийн  нийтлэг шахуу төрх болж дээ.

Энэ жилийн сонгуульд, наадмын их насны морины уралдаан шиг 500 гаруй хүн өрсөлдсөн.  Яагаад ийм олон хүмүүс дарга болохыг хүсээд байна вэ? Хийсэн үйлдэл, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй болохоор,  амар хялбар аргаар баяжиж амьдралаа дээшлүүлж болдог болохоор, сайн  муу  ямар ч тохиолдолд олны анхааралд өртөж “од” болдог болохоор тэд ийн хүсээд байгаа хэрэг.  Түүнээс “даахгүй нохой булуу хураах”-ын хэрэг юун.  Хүн болгоны толгойд  “тэр муу дарга хийж байхад  би яагаад түүнээс дор байх билээ” гэсэн  жишим барьцаа бий. Чухамдаа хэн ч хамаагүй, ямарч хамаагүй яамны сайд хийж болоод  байхад  дутах юун. Шалгуургүй, хяналтгүй зөвхөн ашиг сонирхлын төлөө улстөрд оролцож, амтат бялуу хуваалцдагийн гай, өдгөө бидний сэтгэлгээг ингэж эвдэж байна.  Сайд болсон хүн болгон өөрийн дураар тэр салбрыг “бужигнуулдаг” болохоор, бодлогын залгамжийг дураараа өөрчилдөг болохоор, эцэстээ салбрын ажлыг унагаасны төлөө хариуцлага хүлээдэггүй болохоор  Монголын Төрийн ажил “дампуураад” байгаа юм даа. Үүнийг өөрчлөхийн төлөө хэн ч дуугарахгүй атлаа, бүгдээрээ л дарга болж бялуунаас хүртэхийг хүн болгон хүсч байна. Энэ л бидний эмгэнэл.

“Шударга байя, хариуцлага тооцьё” гэдэг уриалга  МАХН-ын дарга Н.Энхбаярыг “золигт гарган”, “сор залснаар” зогсов. Н.Энхбаярыг “шударга ёс”-ны төлөө, өөрийн мэдэх олон муу үйлдэл болон эздийг нэрлэх байх гэж хүлээсэн хүлээлт ч талаар өнгөрч байна. Монголд Н.Энхбаяраас өөр муу хүн огт байгаагүй мэт нам гүмхэн.  Харин Н.Энхбаяртай хамтран зүтгэж, хамтран завшиж байсан олон хүн өнөөдөр юу ч болоогүй мэт албан тушаалын бялуунд “бялуурч” явна.  Н.Энхбаяр бол “эхлэл” байсан. Түүнээс ч илүү идэж завшсан, луйвардсан, муу үйл хийсэн олон хүн  өнөөдөр ч Монголын улстөрд байгаа. Харин тэд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна.  Тэд хариуцлага хүлээхгүй байхын тулд  улстөрд орж байгаа. Тэдэнд бусад хүмүүсийн болон Монголын эрх ашиг огт хамаагүй.  Ийм хүмүүс л Монголын улстөрд хамгийн муу жишгийг тогтоож байна даа. Харин бид тэдэнд зусардсаар, бас магтан дуулсаар, харин цаашаа хараад нулимж байгаа.  Хэнд  ч хариуцлага тооцож, хэн ч хариуцлага хүлээдэггүй бол Монголын төр хэзээ ч цэвэршихгүй.  Хүн болгон бялуу мөрөөдөж, бялуу зүүдэлсээр л байх болно.
  Миний гайхаад байгаа зүйлс…

-Яагаад заавал УИХ-ын гишүүн хүн , сайд болж байх ёстой юм бол?  Боловсролын, Эрүүл Мэндийн салбраар мөн ч олон жил тоглож байна даа. Заавал мэргэжлийн хүн удирдаж  байвал зохилтой энэ салбруудыг,  эхэлсэн шинэчлэлийн үр дүн нь олон олон жилийн дараа мэдрэгддэг энэ салбруудыг,  бодлого нь олон жилээр төлөвлөгдөж, залгамж уялдаа нь тасралтгүй байх учиртай энэ салбруудыг сонгууль болгоноор өөр өөр хүн сайд болон “бужигнуулдаг”-ийг зогсоож болдоггүй юм байх даа. Энэ хоёр салбар дээр л бидний ирээдүй үе зөв сайнаар төлөвших учиртай юм шүү дээ.
-УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүст тодорхой  шалгуур тогтоож болохгүй юм байх даа? Хэдийгээр Үндсэн хуулинд зааснаар “иргэн болгон сонгох сонгогдох эрхтэй” байдаг хэдий ч  Төрийн алба  нь өөрөө тодорхой шалгуур шаарддаг гэдгийг мартаж боломгүй.  Мэргэжлийн ур чадвар болон ажилласан жилүүдийн туршлага гэдэг хайхрахгүй орхиж боломгүй  шалгуур мөн.
-УИХ-ын гишүүдийн мэдлийн мөнгө \3 хүртэл тэрбум\ гэдгийг болиулж болдоггүй юм байх даа? Хууль тогтоох эрх мэдэл бүхий хүмүүс ЗГ-ын захиран зарцуулах эрхтэй хөрөнгө оруулалт болон санхүүжилттэй холилдоод баймгүй. Яг  үнэндээ энэ мөнгөнөөс ямар нэгэн аргаар 10 хувийг нь завшихад л өөрийгөө зовоолгүйгээр “баяжиж” болох нь байна шүү дээ. Үүний төлөө маш олон хүний шунал “хөдөлж” байгаа. УИХ гишүүд сайд болдгийн нэгэн учир энд байж мэдэх юм гэж би хардаж байгаа.

-УИХ-ын гишүүд, Яамдын сайд, Агентлагийн дарга нар, Хуулийн байгууллагуудын удирдлагуудын авч байгаа цалин, олж буй орлогыг улирал бүр олон нийтэд зарлаж, хийж гүйцэтгэсэн ажлуудтай нь хамтад тайлагнаж болдоггүй юм байх даа?. Хийж гүйцэтгэж байгаа ажил нь авч буй цалин хоёр нь хэрхэн нийцтэй байгааг олон нийт мэдэж байх нь тэднийг огцруулах болон улируулан сонгох үндэслэл нь болж болох юм. Ямарваа юм нууц байх тусмаа улам ихээр хардлага дагуулдаг.

-Согтуу “солиорсон”,  бусдын өөдөөс салаавч гарган доромжилсон,  ордон дотор зодолдож “нулилцсан” гэхчилэнгээр “алингаа алдсан” эрхмүүдийг албан тушаалаас нь огцруулж, олон нийтээс албан ёсоор уучлал гуйлгуулж болдоггүй юм байх даа. Эрх мэдэлтнүүд хэдий чинээн замбараагүй байна, удирдлаганд байгаа хүмүүс  яг л тийм болдог. “Дээрх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй”, “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэлцдэг дээ. Ямарваа юманд хэм хэмжээ, бусдад нөлөөлөх нөлөөлөл гэж байдаг.
Тэгэхээр бид  л өөрсдөө  эргэцүүлэн бодож, шаардаж , сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй байнаа.

Share Your Thoughts