БҮСГҮЙЧҮҮД ГЭДЭГ…

Хүн, “зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтох шиг” ховорхон тавиланд эцэг болоод эхийн хурьцалдаанаас энэ биеийг олж, энэхэн ертөнцөд төрнө гэдэг аугаа хувь тавилан. Бид энэ ертөнцөд өөрийн эцэг болоод эх болох хүнийг дураар сонгодоггүй. Үүлсийн чанадад орших хийсвэр ертөнц дээр биднээс огт хамааралгүй далдын хүчин, бидний зураг болоод төөрөг тавиланг “зурж” байдаг гэдэгт би итгэдэг, яагаад ч юм бэ? аль ч шашинд сүжирдэггүй хэрнээ. “Биеийг нь төрүүлэх хэрнээ санааг нь төрүүлдэггүй” гачлантай хорвоод эцэг эхийн шаналал хэцүү. Яаж ч өөрийг нь тарчлааж байсан ч “зууралдаад” л, өөрийгөө зовоож шаналаад л, энэхэн ертөнцөд заяасан бие сэтгэлээ “элээгээд” л байдаг амаргүй хувь заяа. Аргаа барсандаа “чи миний насан дээр ирээд л ойлгох болно” хэмээн үглэвч, түүнийг нь ухаарч ойлгохгүй тэнэглэлдээ булшных нь өмнө сөгдөж суугаад “одоо л би ойлгож байнаа” гэж бархирах мөчид, аль хэдийн биегүй болсон сүнс нь аргадах хэцүү, зэмлэх ч хэцүү.

Зарим хэн нэгэн бүсгүйчүүд, “царай муутай” төрсөндөө гутраад нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрсгөж, уруулаа “дорвойлгодог” болсон гэх. Хөөрхий дөө, төрүүлж өсгөсөн аав ээжээ голоо юм биз дээ? Хөх өгзгөндөө силикон шахуулж бусдын “дурыг булаах” юм гэнэ. Арчаагүй тархиндаа тэдний ухаан болоод сэтгэлийг шингээсэнгүй дээ. Суулгасан давхраа нь сөлийж сүүмэлзэхийн цагт, өндөрсгөж томсгосон хамар нь нахиу болохын цагт, дорвойлгож шахсан уруулаас нь “шүүс гоожих”ын цагт, томсгож шахсан хөх, өгзөг нь шалчийж унжих цагт хэн чамайг хайрлаа аж? Заяасан биш “захиалсан гоо” гэдэг, өвөлдөө цасан дор дарагдаж байгаад хавартаа хайлан урсахын цагт хог ургамал шиг урсан одох хуурамчхан “зураглал”. Үлээж байхдаа гэрэлтэх шаарыг хагарч бутраад алга болохын цагт урам нь хугарах балчирхан хүүхдийн сэтгэл шиг. Тэр л мөчид тачаадан жаргавч, сэтгэлд нь огт байхгүй хуурамч бүхнийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт мэдэрдэг. Тэгээд л урам нь, тачаадсан хайртайгаа хамтад “хугардаг”. Бид түүнийг анзаардаг бил уу? Гоо үзэсгэлэн гэдэг алгын чинээ царайнд биш, талын чинээ ухаанд шингэдэг гэнэм.

Би нэгэн бүсгүйтэй ярилцаж суугаад “царайлаг хөөрхөн бүсгүйчүүд”-ийн тухай өөрийн эсрэг бодлоо хэлсэн чинь, ” Тэр бүсгүйчүүд чинь та нарт сайхан харагдахын тулд ямар их хөдөлмөр зарцуулдгийг та анзаардаг уу?” гэж надаас асууж билээ. Нээрээ бодох ахул, бусдад сайхан биетэй, сайхан царайтай харагдахын тулд хичнээн их цаг, хөдөлмөрөө зарцуулдаг сайхан бүсгүйчүүдийн зүтгэлийг бид үнэлдэг билүү? гэж анх удаа бодож билээ. Гоо үзэсгэлэнтэй бүсгүйг хараад, эхнэрээ сугадаад явж байсан ч эргэж харахгүй эр хүн гэж хаа билээ. Царай, гадаад төрхийн гоо сайхан дээр сэтгэлийн сайхныг нь нэмж сүлэх ахул, жинхэнэ гоо сайхан цогцолдог гэнэм. Бүсгүй хүн ухаалаг байна гэдэг, гоо сайхны эрхэм үнэлэмж. Сэтгэлийн чанадаас гэрэлтэх гоо сайхан, нар мэт хүмүүний сэтгэлийг гэрэлтүүлнэ. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг хэллэгээр, гоо үзэсгэлэнтэй хичнээн бүсгүйчүүдийн төлөө дэлхийн дайн дэгдэж, хичнээн их сац суваргууд, хот байгууламжууд боссон билээ.

Леонарда Да Винчи алдарт “Жоконда” гаа бүтээх гэж ямар их шаналж, Оросын зураач Брюллево “Неизвестний” гаа ихэмсэг ахуйгаар нь бүтээж, Чингис хаан Хулан хатандаа бүхэл бүтэн балгасыг босгож, Египитийн пирамид гоо бүсгүйн дурсгалд зориулагдан цогцолж байсныг бодох ахул дэлхий ертөнц тэр чигээрээ гоо үзэсгэлэнгийн өмнө сөхөрч байсны илрэл гэлтэй. Энэ ертөнцийн түүхийн олон өгүүлэмжийг гоо бүсгүйчүүд, ухаалаг хатад бүтээлцэж байсан гэвэл алдас болохгүй буйз. Халуун биеэ мэдрэлцэн тэврэлдэж байсан хөнжил дор энэ ертөнцийн хувь заяа, эгэл хүмүүний амь нас шийдэгдэж байсан гэвэл алдаа болохгүй буйз. Итгэж ядсан, эргэлзээ төрүүлсэн олон андаас, зүрх зүрхэндээ ойрхон хайр, халамж чухам үнэнийг түүнд өгүүлж байсан буйз. “Чи надад хайртай бол?” гэж өгүүлэх үгс нь төр улсын хувь тавиланд нэгэн шийдэл болж байсан буйз. Алдаа оноо буй л байх, сэтгэл зүрхний хайр, итгэлийг яалтай.

Өдгөө цагт би бусдад “хэрэг болуужин” хэмээн олон монгол бүсгүйчүүдтэйгээ уулзаж ярилцсан, зовлон жаргалаа хамтдаа хүүрнэсэн. Сэтгэлийн чанадад баяр бахдал төрүүлсэн монгол бүсгүйчүүдтэй ярилцахдаа “Та нараас минь илүү нь энэ ертөнцөд үгүй юм байнаа” хэмээн бардамнасан. Царайлаг, царайлаг бус нь хамаагүй ээ, зүгээр л “монгол бүсгүйчүүд минь ямар гайхамшигтай юм бэ? ” гэж би сэтгэлдээ мэдэрсэн. Амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрч, энэ ертөнцийн түмэн нугачаанд огт үүртэлгүй, харь эрчүүдэд “сэтгэлийн их бяр”-ыг мэдрүүлж, хавь ойрдоо “монгол бүсгүйчүүд огт өөр юмаа” хэмээн санаашруулсан миний Монголын бүсгүйчүүд та минь тун ч гайхамшигтай. Мянган жил улиравч гоо үзэсгэлэн, сэтгэлийн дулаанаа үл алдах, магад олон эрчүүдийн сэтгэлийг шархлуулж, гагц монгол эрийн цээжийг түшин халуун дулаанаар тэврэх монгол бүсгүйчүүд. Бидэн нэгэн хувь тавиланд сүлэгдэн, мянга мянган жилд үл мартагдах монгол үндэстэнгүүд.

ТА НАРТАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Share Your Thoughts