ВАШИНГТОН ДС-ИЙН “МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХДИЙН УРЛАГ”-ИЙН 10 ДАХЬ УДААГИЙН НААДАМ

-Миний хүү тэр хөгжимдөж байгаа хүүхдийг хар даа, мундаг байгаа биз? Ээж нь хүүдээ хөгжим аваад өгчихвөл миний хүү ингэж мундаг тоглож чадна даа, тийм ээ?

-Ммх

-Миний охин тэр бүжиглэж байгаа хүүхдүүдийг хар даа, ямар гоё бүжиглэж байнаа? Дараа жил аав нь охиноо бүжгийн дугуйланд явуулнаа. Миний охин эдэн шиг л гоё бүжиглэдэг болно, тийм ээ?

-Би гоё бүжиглэж сурнаа, аав аа.

-Oдооны хүүхдүүд ер нь сүрхий болчихжээ. Хоёулаа хүүхдээ эртхэн шиг л юм юманд сургаж байхгүй бол болохгүй нээ. Үгүйдээ л монголоороо шүлэг уншиж, дуу дуулаад сурчихвал хожим нь хэрэг л болно шүү дээ.

…Жил бүрийн 6 сарын 1 нд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо “Монгол туургатан хүүхдүүдийн урлагийн наадам” болдог юм. Миний мэдэхийн тэр арга хэмжээнд Н.Уянга, Ж.Алимаа, Ц.Ивээлт, Уянгатөгөлдөр, М.Дэлгэрцогт, Г.Ганзориг хэд л байнга байж байдаг сан. Тайзан дээр шүлэглэж, дуулж, бүжиглэж байгаа хүүхдүүдийн дуу, хөдөлгөөн, үзэгчдийн танхимд хөөцөлдөж гүйх, унаж бүдрээд уйлах, улайж халууцсандаа ундуйцах бусад хүүхдүүдийн дуу чимээнээс ялгахад бэрх байдаг сан. Гэвч яаж ийгээд л шалгаруулалт болдгоороо болж, шагнал авсан хүүхдүүд аав ээждээ хөтлүүлээд маадгархан, шагнал аваагүй нь аав, ээжээсээ “нэхэн” гоморхож, юм юм л болно.  Заримдаа хүмүүс энэ арга хэмжээг “шүүмжлэх” боловч , жил жилийн энэ өдөр сурсан зангаараа хүүхдээ хөтлөөд л ирэх нь, наадамд уяж сойсон морьдоо хөтлөөд “юмыг яаж мэдэх вэ”  гээд хэрэг болгон “ногт ганзагалж ” ирэх уяачид шиг. Харьд өсч өндийж байгаа бяцхан монгол хүүхдүүдийн монголоороо шулганаж, монгол найзуудтайгаа учирч “шавайгаа ханатал” зугаацах өдөр нь энэ.

Энэ л хүүхдүүдийн монгол хэл соёл, урлаг уран сайхныг нь мартуулалгүй “хөгжүүлчих” гэж хичээх тэдний  чин сэтгэлийн зүтгэл,  10 жилийг ардаа орхижээ.  10 жил гэдэг бага хугацаа биш ээ. Тэр цагт 8 настайдаа энэ л наадамд аав ээждээ хөтлүүлэн ирж байсан хүүхдүүд өдгөө 18 нас хүрч, дурсамжаас дурсамжинд улирах цаг хугацааны эргэлтэд “монголоороо бахархах” сэтгэлтэй болцгоосон.  “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож, хийхийг хүсдэггүй хүнд шалтаг нь олддог” гэдэгчлэнгээр тэдний хичээл зүтгэл “ямар их үр дүнд” хүрч байгааг энэ жилийн зохион байгуулсан арга хэмжээг үзэж байхдаа мэдэрч байлаа. Арга хэмжээг зохион байгуулагчид эхний шалгаруулалтаа 5 сарын 18 нд “Монгол сургууль” дээр хийж, эхний байруудыг эзэлсэн хүүхдүүдийн тоглолтыг 6 сарын 2 нд Росслины “Спектрум” театрт хийсэн нь, 10 жилийн нөр их зүтгэлийн маш сайн “туршлага” бас “тайлан ” нь байв. “Хүүхдийн урлагийн наадам” уламжлал ёсоороо

1. Монгол хэл

2. Дуу

3. Хөгжим

4. Бүжиг

5. Уран зураг

гэсэн төрлүүдээр явагдаж, “шилдэг” хүүхдүүдээ шалгаруулжээ.

  ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮД

                                              Нэг. “Монгол хэл”  төрөл

*5-7 насны ангилалд :

1-р байранд  Даваасүрэн Эрдэнэдалай \7 настай\

2-р байранд  Давхарбаяр Маралжингоо \5 настай\

3-р байранд  Дашхуяг Эмүүжин  \5 настай\

4-р байранд  Ганбат Эгшиглэн  \3 настай\

Эрдэнэбат Халиун  \4 настай\

Цогтбадрах Оюун  \3 настай\

*8-10 насны ангилалд:

1-р байранд Энх-Ариун Онон \10 настай\

2-р байранд  Эрдэнэдалай Хулан \10 настай\

3-р байранд  Отгонбаяр Тэргэл  \9 настай\

*11-13 насны ангилалд:

1-р байранд  Отгонбаяр Түвшинбаяр \12 настай\

  Хоёр. “Дуу” төрөл

* 5-7 насны ангилалд:

1-р байранд Батгэрэл Ангел \4 настай\

2-р байранд  Давхарбаяр Маралжингоо  \5 настай\

3-р байранд  Эрдэнэдалай Халиун  \4 настай\

Ганбат Эгшиглэн \3 настай\

*8-10 насны ангилалд:

1-р байранд Ганбат Мишээл \9 настай\

2-р байранд Тэлмүүн Аминаа \9 настай\

3-р байранд Бүжинлхам Цэцэн \9 настай\

    Гурав. ” Гоцлол бүжиг” төрөл

*5-7 насны ангилалд:

1-р байранд  Дашхуяг Эмүүжин \7 настай\

2-р байранд Тамир Мишигт \5 настай\

3-р байранд Даваасүрэн Даваа \6 настай\

*8-10 насны ангилалд:

1-р байранд  Ганбат Мишээл  \9 настай\

* 11-13 насны ангилалд:

1-р байранд Ганхуяг Марал

“Бүжгийн хамтлаг” төрөл

1-р байранд  “Морьтон хүүхдүүд” бүжиг.    \Эрдэнэ Энхжин, Энхээ Анужин, Энхтөр Барс, Баянмөнх

Оргил, Даваасүрэн Эрдэнэдалай, Баттулга Амарсанаа\

2-р байранд  “Шувуухай” бүжиг .  \Jones Jasmin, Даваасүрэн Анхил, Батгэрэл Ангел,

Ариунбат Мишээл\

3-р байранд “Ботго” бүжиг.  \Fanning Lily, Алтанбаган Мишээл, Эрдэнэ  Энхжин, Ганбат Мишээл\

4-р байранд  “Монголын олон ястны бүжиг”  \Сүхээ Тэргэл, Хосбаяр Чингүүн, Баярмөнх Оргил,

Энх-Ариун Онон, Тэлмүүн Аминаа, Энхтүвшин Цэцэн, Ганбат Мишээл, Отгоо Тэргэл\

 Дөрөв. “Хөгжим” төрөл

*5-7 насны ангилалд:

1-р байранд  Майнгэрэл Амгалан  \7 настай\

2-р байранд  Батсайхан Энжээ  \6 настай\

3-р байранд  Тамир Мишигт \5 настай\

* 8-10 насны ангилалд:

1-р байранд Чойжилсүрэн Тэмүүжин \10 настай\

2-р байранд  Лхагвасүрэн Бөртэ-Үжин  \8 настай\

3-р байранд Willis Meghan Цолмон  \9 настай\

*11-13 насны ангилалд:

1-р байранд Наранбаяр Цомирлог \11 настай\

2-р байранд  Төмөрбаатар Ууганзул  \14 настай\

Харнууд Жулия  \11 настай\

3-р байранд  Сүхээ Амартүвшин  \11 настай\

Уртнасан Мишээл  \13 настай\

4-р байранд Willis Hayley Жаргалмаа  \11 настай\

Тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд томоо гэгчийн цом, 2-3-р байр эзэлсэн хүүхдүүдэд медаль, бас тэгээд “өргөмжлөл”, “бэлгийн карт”-аар шагнаж урамшууллаа. Миний танилын нэг охин эгч нь 2-р байр эзэлж, медаль авсан чинь “Үгүй миний эгч тэр том цомыг нь л авах естой” гээд уурлаад суучихсантай тааралдсан. Хүүхдүүдийн хувьд тэр шагнал ямар их үнэ цэнэтэй, бас өөрөөрөө бахархах, аав ээжийгээ баярлуулах, бусдад гайхуулах боломж нь болж байгааг мэдэрч байлаа. Цэв цэвэрхэн бичгийн цаас шиг тэдний сэтгэлд  “улам их хичээж, илүү их мундаг болох” хүсэлд нь энэ шагналууд түлхэц болж байгаа.

…Монгол хүүхдүүд маань үнэхээр мундаг болжээ. 3-4 настай хэрнээ монгол шүлгийг хэмнэлттэй уншиж, дууг ямар хөөрхөн дуулсан гээч.  Бүжигчин Дэлгэрмаа “Монгол сургуульд” бүжгийн багшаар ажиллангаа бүхэл бүтэн бүжгийн хамтлаг “босгож”, монголын үндэсний олон сайхан бүжгүүдийг хүүхдүүдэд зааж сургажээ. Ямартай ч бүжиглэж байгаа хүүхдүүдийн гар хөлийн хөдөлгөөн нь бараг л “мэргэжлийн ” хэмжээнд очжээ. Тэднийг харж суухдаа “хэдэн жилээс монголын үндэсний бүжгийн маш сайн хамтлаг төрж, гадныханд гайхуулахаар байна даа” гэж бодогдсон.  Хөгжмийн төрөлд ихэнх хүүхдүүд төгөлдөр хуураар тоглож ур чадвараа үзүүллээ. Ахлах насныхан төгөлдөр хуураар “сонгодог” аялгууг чадварлаг тоглож байсан нь Уянгатөгөлдөр багшийн шавь нар аж. Хүүхдүүдийн ур чадвар эрс сайжирч, монгол хүүхдүүд маань хаана ч”нүүр улайлгахааргүй” монгол урлагаа үзүүлж, бусдыг бахархуулахаар болж байна.  Энэ авьяаслаг хүүхдүүдийн бараг 90 %  нь Арлингтон хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол сургууль”-ийн сурагчид байгаа нь АНУ-ын хотуудад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа “Монгол сургууль”-иудын чанар, бас том сурталчилгаа аж. Тэднээр бахархах сэтгэл төрж байсан.

…Энэ жилийн “Монгол туургатан хүүхдийн урлагийн наадам”-ын нээлтэд Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Б.Алтангэрэл оролцож баяр хүргэн,  Вашингтон ДС хотноо амьдарч, ажиллаж уран бүтээлээ туурвиж яваа сонгодог дуучид  С.Амарбүрэн, Э.Саран, Ж.Болормаа нар ая дуугаа өргөж,  балетчин Өлзийсайхан, Туяа нарын байгуулсан Sterling Ballet Academy балетийн сургуулийн сурагчид сонгодог бүжиг бүжиглэж сонирхуулав.  Мөн Арлингтоны жүжигчний үзүүлсэн Magic Show буюу “илбийн үзүүлбэр” нь хүүхдүүдийн сонирхлыг татаж, тэднийг хөгжөөв. Арга хэмжээ болсон театрын үүдний танхимд хүүхдүүдийн “нүүрэн дээр арт зурах” үйлчилгээ, хүүхдүүдийн зурсан уран зургийн үзэсгэлэн, монгол үндэсний хувцас болон жижиг худалдаа үйлчилгээ гарсан байлаа. Мөн “монгол хуушуур”-ын амт ч сайхан байв.

   ИВЭЭН ТЭТГЭГЧИД

Монгол хүүхдүүдийн урлагийн арга хэмжээ нь жил ирэх тусам чанаржиж,  хамрах хүрээгээ тэлж, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болон өргөжиж байгаа болохоор байгууллага, хувь хүмүүс дэмжиж, ивээн тэтгэгчид нэмэгджээ. Энэ жилийн арга хэмжээг:

-Арлингтоны Соёлын Газар

-АНУ-д суугаа Монголын ЭСЯ

-Монгол сургууль

-“Чингис хаан” сан

-Монгол-Америкийн Соёлын Нийгэмлэг

-Монгол Соёлын Төв

-Friends of Mongolia

-Ажаа гэгээн

-“Piramid Granite”, “Tristate Granite & Marble”, “Top Quality Kitchen Granite & Marble”, “Top Master Granite & Marble”  зэрэг чулууны бизнес хийдэг компаниуд

-Sterling Ballet Academy

-Fiore Florial  цэцгийн дэлгүүр

-Lida Travel

-Mrs Dolgor Ploetz

-“Орлоо”, “Даяармонгол”, “UMON TV” зэрэг мэдээллийн спонсорууд

-Доктор Санж Алтан, Цагаанбаатарын гэр бүл,  Ж.Баттогтохын гэр бүл, Б.Цэнгэл найз нарын хамт, зураач Цолмонгийн гэр бүл зэрэг олон хувь хүмүүс дэмжиж хандивлажээ.

Бусдад, тэр тусмаа хүүхдүүдийн  сэтгэлгээ болон авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа арга хэмжээг дэмжин ивээн тэтгэх хүмүүс олширч байгаа нь юутай сайн. Гэхдээ ийм арга хэмжээг ингэж зохион байгуулан бусдад үлгэр жишээ байдлаар хүргэнэ гэдэг амаргүй. Албатай, үүрэгтэй юм шиг жил болгон заавал энэ арга хэмжээг чин сэтгэлээсээ зохион байгуулах гэж сэтгэлээ чилээж, зүтгэлээ зориулдаг Н.Уянга, Ж.Алимаа нартаа талархал илэрхийлье. Чин сэтгэлийн сайн үйлс болгон хэзээ нэгэн цагт модон дээр ургах амтат жимс шиг үр дүнгээ заавал өгдөг. Талд ургах гоёмсог цэцэгс шиг хүмүүсийн сэтгэлийг баярлуулдаг. Бас хүмүүсийн сэтгэлийн талархлыг хүлээж дэмжлэгийг авдаг, яг л борооны дараах солонго мэт.

…Аав ээж болгоны сэтгэлийн чанадад байх нэгэн хүсэл нь өөрийнхөө үр хүүхдийг “сайн сайхан яваасай” гэх мөрөөдөл. Хүү, охиноо дуулж, бүжиглэж, хөгжимдөж, уран уншиж, зураг зурж байхыг харахдаа тэд баярлацгаана. Тэр л үйлдэл болгон нь хүүхдүүдийн хувьд энэ ертөнцийг таньж мэдэх, ухаарах, өөрийн сэтгэлийн дотоод мэдрэмжээ илэрхийлэх боломж болон төлөвшиж байдаг. Хүүхэд нь заавал “од” болон гялалзахдаа ч биш, өөрийгөө нээж, бусдад өөрийгөө илэрхийлж сурч байгаа нь хамгийн сайхан. Урлагийн мэдрэмж хүүхдэд ямагт гэгээлэг хүсэл мөрөөдөл, сэтгэлд нь гайхамшигт “ид шид”-ийг цогцлоодог. Тэгээд л хүүхдүүд тань бусдыг энэрч хайрлах, уярч өмөөрөх, энэ ертөнцийг гэгээн сайхан өнгө, уярам эгшигт аялгуу, сэтгэлд тогших хэмнэлээр мэдэрдэг юм.

Энэ урлагийн наадмаас хүүхдээ хөтлөн гэртээ буцаж яваа эцэг эх болгоны сэтгэлд баяр бахдал төрж байгаа. Хүүхдээ эрхлүүлэн хайрлахаас гадна, хөгжүүлэх, авьяас чадварыг нь бадраах хэрэгтэйг тэд мэдэрч байсан. “Дараа жил бүр сайн бэлтгэж байгаад “цом”, “медаль” авна даа” гэсэн нэгэн бодол тэдний сэтгэлд бадрах. Тэгээд л тэд хичээж хөдөлмөрлөж эхэлнэ. Сайн багш нарыг хайж хүүхдээ шавь оруулна, өөрөө бас зааж сургаж эхэлнэ. Энэ арга хэмжээний чухам үр дүн нь энэ буюу.

МОНГОЛ ХҮҮХЭД БОЛГОНЫ СЭТГЭЛД ГЭГЭЭН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ЯМАГТ ӨӨДРӨГ САЙХНААР ЭГШИГЛЭЖ БАЙХ БОЛТУГАЙ.

 

Share Your Thoughts