Гадаад эрчүүд биднээс мундаг уу?

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр Монголд хүйсний харьцаа хээр алдагдаж байгаа тухай, монгол бүсгүйчүүд гадаад эрчүүдтэй хайрлан дурлаж, хамтран амьдрах болсон тухай нилээд бичигдэх болжээ. Санаа зовсон зарим нь, монгол эрчүүд 2 эхнэр авч тэжээж тэтгэх тухай санаатай болон санамсаргүй байдлаар санал болгож байна.
Харин ийм бичлэгүүдийн доор бичсэн сэтгэгдлүүд дээр, монгол эрчүүдийг энэ ертөнцийн хамгийн заваан бүдүүлэг, арчаагүй архичин, ойртохын аргагүй бузар муухай хүмүүс мэтээр хамаг л муу муухай үгсийг хаман бичиж илэрхийлсэн байлаа.

Эхлэл

Энэ ертөнцөд аж төрж буй бүх л үндэстэн ястан хэн ч бай аж төрж буй хэвшил, амьдралаа авч явах ухаан чадамжаараа 3 янз байдаг.
-1.Өөрийн ухаан мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ амьдралаа их сайнаар авч яваа хүмүүс. Ийм хүмүүс энэ амьдралд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож, бусдад сайнаар нөлөөлж, эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус байж боломжийн сайнаар амьдарцгаана. Ийм хүмүүс эрч хүчтэй, өөртөө итгэлтэй бас бардам байдаг.
-2.Дундаж амьдралтай хүмүүс. Хэдийгээр олдож буй боломжуудыг зөв сайнаар ашиглахыг хичээвч, заримдаа санаснаар болж өгөхгүй онож алдана. Гэхдээ л тэд энэ амьдралд хөлөө олохын тулд бүх л оролдлгоыг хийцгээдэг. Зарим нь ямагт тэмцэн тэмүүлж байхад, зарим нь хувь заяатайгаа эвлэрч, зарим нь хүч хүрэлгүй бууж өгнө. Тэр хэрээрээ амьдрал нь янз бүр л байдаг.
-3.Өөртөө итгэлгүй, арчаагүй дорой байдлаасаа болж ямагт өөрөө өөрийгөө өрөвдөн, бусдаар өрөвдүүлж амьдрах хүсэлтэй хүмүүс. Тийм хүмүүс амьдралын төлөө тэмцэлгүйгээр бууж өгч, өөрийгөө зовоолгүй амар хялбар аргаар амьдрахын тулд юу ч хийж мэднэ. Тэд өөртөө итгэлгүйн улмаас амьдрал нь хэн нэгнээс хамааралтай болж орхидог.
Өөрөөр хэлбэл ертөнцийн бүх л хүмүүс сайн, дундаж, муу түвшинд хуваагдан аж төрнө. Монгол ч бай, гадаад ч бай бүх л хүмүүс сайн муу хэв шинжтэй. Монгол хүн бол муу, гадаад хүн л бол сайн гэдэг харьцангуй, бас өрөөсгөл ойлголт л доо. Гадаадын олон улс гүрнүүд хэт олон хүн амтай, анхнаасаа суурин амьдралтай, үүндээ тохирсон соёл иргэншилтэй, монголчууд бид цөөхөн хүн амтай, нүүдэлчин амьдралын хэв маягтай, үүндээ тохирсон ёс заншилтай болохоор илүү содон байдлаар анзаарагддаг байж магадгүй. Угтаа бол адил төстэй болон хэт
ялгаатай олон талууд бий л дээ.

Монгол эрчүүдээ өмөөрөхүй

Миний бие нэгэнтээ “Гологдмол эрчүүд” нэртэй бичвэр бичиж, өнөөгийн монгол эрчүүдийн алдаа онооны дэнсийг өөрийнхөө бодлоор тайлбарласан.
…Монгол эрчүүд гэрийн багана, төрийн түшиг гэж хүндлэгдэн гэрийн хойморт залагдаж, эрийн хийморь малгай бүсийг нь газарт хүргэдэггүй, элдэв бохир зүйлд гар хүргэдэггүй үе байсан. Тэдний дайн тулааны олз омог болох харь газрын үнэтэй торгоор аргал бараагаа бүтээж, үнэтэй эрдэнэс баялгаар нь хүүхдүүд нь тоглож нааддаг үе байсан. Нүүдэлчин ахуй дор бэлчээр нутаг сонгох, ан авлах, ахуй амьдралын элдэв асуудлыг холч ухаанаар шийдэн аятай сайнаар авч явдаг үе байсан.
Их хаадын сүр хүч, омогшил, захирах ёсон бууран доройтох тэртээх жилүүдэд харь гүрний айдас өвөрлөсөн өшөөт бодлогоор монгол эрчүүдийг мохоон цөхрөөх олон ч муу үйл хийгджээ.
Шашны суртлаар хүлцэнгүй болгох, цаазын хатуу ялаар номхон болгох, яс хаясан үгсээр өшөөт болгох, сархадын хатуу охиор хөлчүү болгох, сайхан бүсгүйн гоо төрхөөр самуун болгох бүх л үйлдлүүд нь монгол эрчүүдийн саруул ухааныг хиртээж, барс мэт зориг, хад мэт хатуужлыг үгүй болгон мохооход зориулагджээ.
Хэдийгээр буурал түүхийн тоосонд унаж босч, хэлтэрч холторч байвч, тэд л энэ  туурга тусгаар Монгол нутгийг өнөөгийн бидэнд хүлээлгэн өгсөн. Энэ их хичээл зүтгэлд шингэсэн ухаан заль, урссан цус, гаргасан тэвчээрийг юугаар ч хэмжих аргагүй.
Харин социализмын материал техникийн баазыг аугаа Зөвлөлт гүрний тусламжтайгаар байгуулах нөр их үйлсийг удирдан жолоодож байсан МАХН, феодаль хэмээн хөрөнгийг нь хурааж, лам хэмээн буудан алж, сэхээтний төөрөгдөл хэмээн шоронд хатааж, яг л жинхэнээр нь хөл нүцгэн пролетари нар болгон хувиргав даа. Нийгмийн энэ цуст дарангуйлалд монгол эрчүүд л хамгаас илүү хэлмэгдсэн. Энэ л он жилүүдэд монгол эрчүүдийн үнэт чанарыг жинхэнээр нь үгүй хийсэн дээ.

Монгол эрчүүдэд хандсан энэ л хоморголлоос айхдаа хүүгээ сургуулиас нь гарган малчин болгож, цэрэгт алба хаалган боловсруулж, гэр төхөөрөн бэлэнчилж, сархад уулган эрхлүүлж, жалга довон дунд нь эргэлдүүлж байсны муу үр дүн нь өнөөгийн “гологдмол эрчүүд”. Эд чинь өнөөгийн боловсрол мэдлэгтэй, гадаад дотоод явж гахай шувууны мах амталж, харь орны хөгжлийг гайхан биширч, харанхуй бүдүүлэг монгол эрчүүдийг халаглан халаглан голж суугаа олон бүсгүйчүүдийн хувь заяаных нь золиос юм шүү дээ.
Ардчилал ялснаас хойш өдгөө хүртэл тоос татуулан бужигнаж, МАНАН татуулан маргалдаж байгаа Монголын төр, Монгол эрчүүддээ хандсан төрийн бодлогод огт анхаарсангүй. Анхаарч байгаа хэлбэр нь “эрүүлжүүлэх байр” ыг нэмэгдүүлж, идэр залуу сайхан залуусаа харь Солонгост “хугацаагүй ажлын албанд” баяр бахдалтайгаар үдэж, оронд нь хөдөө тосгоны хятад солонгосчуудаар барилга бариулж, зам тавиулах ажлаа хийлгэж байна. Энэ ариун явдал уу? НХХХ-ийн сайд Ганди гэдэг бүсгүй монгол эрчүүдэд ямар өс хонзонтойг бүү мэд. Өмнө нь хэдэн
мянгаар нь явуулсан нь багадаад, удахгүй 30 000 залуусыг дахиад явуулах гэнэ. УИХ-д сонгогдох сурталчилгаагаа хийхдээ монгол залуусыг олноор нь Япон, Солонгост хар ажилчнаар явуулна гэж амалж байж сонгогдсон нэг биш хүн бий гэх. Тэд өнөө цагийн өсч яваа монгол залуусыг харь оронд илгээж залуу нас. эрүүл мэнд, итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг нь харь мөнгөөр арилжиж байхдаа зүрх нь өвддөггүй, “төмөр” мэт хатуу сэтгэлтэй юм болов уу?
Монгол эрчүүдээ харь оронд олноор нь илгээснээс үүдэлтэй цөхөрсөн сэтгэл, сэглэгдсэн амьдрал, алдагдсан эрүүл мэнд, хөрсөн хайр сэтгэлийг тэд төлж дийлэх юм болов уу?
Идэр залуу эрчүүд нь харь оронд одсон хойгуур, эх оронд нь хөшилдөх хятад солонгосчуудад өөрийгөө үнэлэх бүсгүйчүүдийг яалтай. Эх орноосоо алсад очоод харь эрийн цайг чанаж, өврийг дулаацуулах бүсгүйчүүдийг яалтай. Хүн болгон өөр өөрийн хүсэл сонирхол, хувь тавилангаараа амьдрах эрхтэй ч, нэгэн гүрний хил хязгаар дотор бие биедээ сайнаар нөлөөлөх бодлого заавал хэрэгтэй.

Гадаад эрчүүд ба бидний ялгаа

Дэлхий даяаршиж буй өнөө цаг дор яс үндэс, арьс өнгө, хэл соёлын ялгаа үгүйгээр хүмүүс бие биедээ хайрлан дурлаж, хамтран амьдарч, аж төрцгөөж байна. Үүнийг хэн ч хориглох аргагүй. Үүн лугаа монгол бүсгүйчүүд маань харь нэгэнтэй хайрлан дурлалцаж, хамтран амьдарцгааж буй.  Энэ нь тэдний эрх чөлөө. Энэ үзэгдэлд мөнөөх аж төрөхүйн 3 хэв шинж давтагдаж л байгаа.
-Бие биедээ чин сэтгэлээсээ дурлан тэмүүлж, бие биенээ хайрлан биширч, хүндлэн дээдэлж, аятай сайнаар амьдарч байгаа хосууд олон бий. Тэд энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж, аз жаргалаар бялхаж байдаг.
-Амьдралын эрхээр бичиг баримттай болох гэж, өнгө мөнгөнд татагдаж, тодорхой бодлого зорилготойгоор гадаад эрчүүдтэй гэрлэж байгаа бүсгүйчүүд бий. Цагийн урсгалд зарим нь дасч орхидог бол, хүйтэн сэтгэлийн дунд үлээх жаврын жиндээнд салж холдох нь бий.
-Зөвхөн мөнгөний төлөө, амар хялбар амьдралын төлөө өөрийгөө худалдаж байгаа бүсгүйчүүд ч цөөнгүй бий. Тэдний хувьд гадаад орон, гадаад эрчүүд зөвхөн мөнгө олох боломж нь болдог учраас энд хүнлэг зүйл огт үгүй.
Хар багаасаа хамт тоглож. зан заншил ахуй амьдралын нөлөөгөөр сайн мэдэх болсон монгол эрчүүдээс харь эрчүүд огт өөр. Энд гол нь төрж өссөн орчин, нийгэм ахуй, зан заншил, хүмүүжил хэвшлийн ялгаа илт мэдрэгддэг. “Сурсан юмыг сураар боож болохгүй” гэдэг үг ч бий.
Олон хүн сайнтай муутай ч ерөнхийдээ ажиглагддаг нийтлэг ялгааг би ингэж төсөөлдөг.

-*Монгол эрчүүд элгэмсэг шинжээрээ таны аав ээж болон ах дүүст анхаарал тавьж, хэрэгтэй цагт туслахаас татгалздаггүйгээр барахгүй үүнийгээ үүргээ гэж тооцдог.
Гадаад эрчүүд суурин иргэншилд багаасаа бие дааж өссөн болохоор таны аав ээж болон ах дүүст анхаарал тавьж туслахыг тэгтлээ хүсэхгүй. Тэдэнд өөрийн гэр бүлийн амьдрал, асуудал л хамгаас чухал.

-*Монгол эрчүүд баярлаж хөөрсөн. гомдож дургүйцсэн сэтгэлээ нууж чаддаггүй. Тэдний баярлаж хөөрөх, уурлаж уцаарлах  араншинд ямар ч жүжиглэл үгүй.
Гадаад эрчүүд таньд дургүйцсэн сэтгэлээ инээмсэглэлээр хучивч, үнэн төрхөө тэр болгон илэрхийлдэггүй. Ил гаргахгүй байгаа сэтгэлийг хайж, тааж олоход амаргүй.

-*Монгол эрчүүд мөнгөний харилцаа болох өгөө аваан дээр тэгтлээ нарийлдаггүй. “Орохдоо орж, гарахдаа гарч” байдаг зүйл гэж мөнгөний тухай боддог болохоор, тэд заримдаа үрэлгэн хандаж байвч тэгтлээ харамсдаггүй.
Гадаад эрчүүд зовж байж олсон мөнгө бүхэндээ тооцоотой. Тэдний амьдрал ямагт өрсөлдөөн дунд оршдог болохоор эрсдэлтэй алхмаас ямагт зайлсxийнэ.

-*Монгол эрчүүд нүүдэлчин амьдралынхаа нөлөөгөөр хаана ч очсон дасан зохицох чадвартай. Тэд ээлжлэх 4 улирлынхаа нөлөөгөөр халуунд халж, хүйтэнд хөрч чадна. Амьдралын хэв маягт амархан дасдаг болохоор тэгтлээ тав тух тансаг байдлыг хүсдэггүй.
Гадаад эрчүүд эрс тэрс байдлаас эмээдэг. Тэдэнд юу юунаас илүү тав тух, байнгын анхаарал халамж энхрийлэл чухал. Тийм болохоор тэд хэвшмэл амьдралыг илүүд үздэг.

-*Монгол эрчүүд яг өнөөгийн байгаа байдлаасаа илүү дээр байхыг хүсч тэмүүлдэг. Тэд өнөөдөр хийж чадаж байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй. Арай илүү нөхцөлтэй, илүү ашиг орлоготой, илүү чадвар шаардсан ажил руу зүтгэж түүнд суралцаж чадна.
Гадаад эрчүүдийн ихэнх нь өнөөгийн байгаа байдалдаа сэтгэл ханаж, өөрчлөхийг тэгтлээ хүсдэггүй. Тэд өөрсдийн  хэм хэмжээ, хүрч чадах түвшингээ мэдэж байдаг болохоор илүү зүйлд тэмүүлэхгүй.

-*Нүүдэлчин ахуй нь монгол эрчүүдийг бие даан шийдвэр гаргахад сургажээ. Заримдаа санаанд оромгүй шийдвэр гаргах боловч түүнийхээ сайн муу үр дагаврыг өөрөө үүрч чаддаг. Энэ нь бусдад хэнэггүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг байх.
Гадаад эрчүүд алдаа гаргахаас эмээдэг. Энэ алдаа нь тэдний амьдрал болон хувь заяанд огцом эргэлт болж муугаар нөлөөлж болзошгүй учраас тэд ямагт болгоомжтой тоооцоотой хандана.

-* Монгол эрчүүд хэн нэгнээс хараат байхыг тэгтлээ хүсдэггүй. Жаахан дураараа гэмээр энэ зан нь өөрийгөө бусдад олон янзаар илэрхийлэх үндэс нь болох нь бий. Энэ нь заримдаа хэрцгий бүдүүлэг байдлаар илрэх боловч тэд бүх л зүйлд өөрийнхөөрөө л ханддаг.
Гадаад эрчүүд ямагт хариуцлагаас зайлсxийнэ. Тэдэнд бүх л зүйл нь амар хялбар бусдаас хамааралтай байхад дуртай. Учир нь нийгэм нь тэднийг бүх зүйлээс хамааралтай байхад сургадаг.

-*Монгол эрчүүд ер нь байгаагаараа байх дуртай. Сайн чанар нь ч, муу үйлдэл нь ч үндсэндээ ил байдаг. Тэд худал хуурмаг, жүжиглэсэн төрхөнд дургүй. Тэднийг ойлгох, дүгнэхэд амархан.
Гадаад эрчүүдийг таних амаргүй. Учиргүй боловсон харьцавч цаана нь байгаа сэтгэл зүрхийг мэдрэх амаргүй. Сайхан инээмсэглэлийн цаана байгаа хорон сэтгэлийг тааж таних амаргүй. Суурин амьдрал дундах хэвшил тэднийг ингэж сургасан байдаг.

Энэ ертөнцийн бүх л хүмүүс хар шар цагаан арьстай байлаа ч, ази европ америк араб төрхтэй байлаа ч, будда христ лал шүтлэгтэй байлаа ч сайн муу чанар болон арга билгийн зохицолдоотой. Гэхдээ ууж буй ус, оршиж буй газар нутаг, мөрдөж буй зан заншил, төлөвшиж буй үзэл бодол хүмүүжлээрээ ялгаатай. Яг хатуу жор үгүй ч нийтлэг хандлага гэж бас бий.

Төгсгөл

“Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй”. Өдгөө монгол эрчүүд бидэнд муу чанар зөндөө бий. Өмөөрөх аргагүй. Сайн чанар зөндөө бий ч магтаж сайрхах хэрэггүй. Хөмөрсөн тогооноос гарч дэлхийн дайд “юм үзэж, нүд тайлж” яваа бидэнд алдаж онож байгаа, өөрчлөгдөн хувирч байгаа олон зүйл бий. Гэхдээ өөдрөг сэтгэлээр урагшаа харж яваа болохоор сайнаар ухаарч өөрчлөгдөж байгаа нь илүү байх. Гэхдээ:

-Төрөө түшүүлж, хилээ мануулж, хэрэгтэй цагт дусал цус, алтан амиар газар нутаг, тусгаар тогтнолоо авч үлддэг Монголын Төр монгол эрчүүддээ хандсан төрийн бодлоготой болох цаг нэгэнт иржээ. Төрд алба хаах эрчүүдээр хилээ мануулж, түвшин амьдрах заримд нь боломж олгож, өөрийгөө хөгжүүлэх заримыг нь дэмжин сургаж, өрөөл бусдад туслах нэгэнд нь урам хайрлаж баймаар.

-Монгол эрчүүдийг хошин шогийн баатар болгож, бусдын элэг доог болгож байгаа урлагийнхан минь одоо больж үз. “Учиртай 3 толгой”дуурийн Юндэн, “Газар шороо” романы Хангай Базар, “Тунгалаг тамир” романы Цахиур Төмөр шиг Монголын сайхан эрсүүдийг дүрсэлж чадахгүй бол ядаж шоолж, доромжилохоо боль. Та нарын энэ марзаганал Монголын нийгэм даяар монгол эрчүүдийг “голоход” ямар их хувь нэмэр оруулсан сурталчилгаа болж байгааг та нар анзаарахгүй байна гэж үү?

-Харь эртэй ханилсан зарим монгол бүсгүйчүүд минь, монгол эрчүүдээ хараан гутаахаа больж үз. Харь эртэй ханилах нь таны сонголт болохоос буруутан нь монгол эрчүүд биш. Энэ ертөнцөд сайн муу хүмүүс адил л оршдог. Монгол хүмүүст ч сайн муу чанар байдгийн адил гадаад хүмүүст ч сайн муу чанар адил буй. Хэн ямар нүдээр, сэтгэлээр харахаас хамаардаг үзэгдэл. Хүн болж төрсөн хэнд ч болов алдаа онооны дэнс адил буй. Түүнийг гагц цаг хугацаа л шүүдэг.

-Өдгөө монгол эрчүүд бид ч өөрсдөө өөрчлөгдөж буй. Амьдралын хүндийг үүрэх сэтгэлийн тэнхээтэй, алив зүйлд хандах холч ухаантай, арав таван үгний наана цааныг мэдрэх уужуу сэтгэлгээтэй, алдаа онооны дэнсэн дээр тэнцвэр олох тэвчээртэй болж л яваа. Түүхээ мэдэж омогшиж, үндсээ мэдэж бахархаж, нударгын хүчээр бус ухааны цараагаар шийдвэр гаргадаг болж л яваа. Эрчүүдээ хайрла! Бид л бие биенээ хайрлахгүй юм бол хэн биднийг хайрлах гэж?

Б.Лхагвасурэн      “Эрчүүдээ хайрла”  /хэсгээс/

Хоёр жигүүр дэлгэн
Хорвоог хамтдаа туулдаг
Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж
Дөрвөн алган дээр үүрээ засдаг
Нар сар орж гардаг хорвоогийн
Чухам үхэх хатуу жам
Нас бие ирж оддог ертөнцийн
Чулуутай цэцэгтэй алаг зам
Хүн дээгүүр урсаж өнгөрдөг
Он жилүүдийн цэнхэр мөр
Хүй бие хоёр шиг
Орооцолдож үзсэн халуун хэлхээ
…Эмээл дээр ургасан уул атлаа
Элгэнд чинь багтсан толгод
Эр хүнийг хайрлаж яваарай

“Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”  /хэсгээс/

Эр хүнийг та нар
Хааяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө
Ханийн жаргал эдлүүлээч
Эр нөхөр чинь үгүй бол
Гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэнэт хөвүүн үгүй бол
Төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол
Эх орон чинь эзгүйрнэ
…Уул шиг юм гэж
Дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж
Дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь
Бүр их хугалчихвал
Төрсөн шигээ
Уруугаа хараад уначихдаг юм
…Хичнээн жил амьд явахыг
Мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж
Хэрүүлийн алим хуваах вэ?
Хазайсан газар нь тэдэнд чинь
Бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар тэдэнд чинь
Бүсгүй хайр нөмөр болдог юм
Өөрийг чинь ээж болгосон
Хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон
Эрийн тэнгэр юм шүү дээ

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-07-06

Share Your Thoughts