Газар нутаг минь гадныханд худалдагдаж байгаа юу? \цуврал-01\

Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөө вэ
…Сүүлийн үед гэнэт ихээр баяжих болсон зарим монголчуудын нууц нь, газар нутгийн лицензийн наймаа. Aшигт Малтмалын Газрын, Геологи Уул Уурхай Кадастрын албанд танилтай нэгэн, тэдэнд байгаа материалуудыг судалж байгаад, аль нэгэн газрыг өөрийнхөө нэр дээр болгож лиценз авна. Мэдээж энэ газрынхаа зураглалыг гаргуулж, байршлыг тогтоолгож, лицензийг авахдаа тэдэнд хангалттай мөнгө, эсвэл үнэтэй бэлэг өгдөг. Хэн хэндээ ашигтай наймаа. Гэхдээ энэ наймаа одоо бол бүр өндөр түвшинд хүрч хөгжсөн л дөө. Өөртөө газрын зөвшөөрөл, лицензтэй болсон тэд, мөнгөтэй хятад юм уу солонгосчуудын эрэлд гарна. Ийм ажилд зуучилдаг бүхэл бүтэн сүлжээ байгаа. Газраа худалдаж байгаа хүнд мөнгө, мөнгөтэй хүнд газар хэрэгтэй.
Арай ухаалаг зарим нь “надад газар байна, чи мөнгөө гаргачихвал, хамтдаа их зоос олов аа” гэнэ.Газар бол мөнгөтэй хүн олох даллуур, бусдын мөнгөн дээр ажиллах боломж, мөнгө угаах арга. Мөнгөтэй хүнд бол газар маш их боломж. Алтыг нь ухаж болж байна, дээр нь барилга байгууламж барьж болж байна, бусдад түрээсэлж болж байна.
Яг ийм маягаар л өдгөө Монголд газрын наймаа цэцэглэн хөгжиж байна даа. Тэдэнд ёолин гасалж буй газар нутаг, ширгэж уйлж буй гол ус, огтлогдон сүйрч буй мод байгаль огтоос хамаагүй. Тэд энэ л хөрс нь эргэсэн нутаг, ширгэсэн сайр, үгүйрч сүйдсэн байгалийн дэргэдүүр үнэтэй жипээр тоос татуулан давхиж байхдаа сэтгэл нь сэмрэхгүй. Тэдэнд мөнгө байваас өөр юу ч хэрэггүй.

Нэг. Цагаан захтангууд хэрхэн баяждаг вэ?
… Өнөө цагт өөрийгөө зовоож хөдөлмөрлөхгүй, сэтгэлээ чилээж бүтээхгүй, нойроо хугаслан шаналахгүйгээр, хурдан баяжиж, бусдад гайхуулах боломж нь газрын наймаа болон хувирчээ. Тэд дотроо зэрэг зиндаатай.
-1.Энэ чиглэлийн хууль тогтоомжинд нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хүссэн ая таатай нөхцөл олгосныхоо төлөө хувь хүртэж, хувьцаа эзэмшигчид.
Үүний тулд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, үгүйдээ л аймаг сумын засаг дарга болох шаардлагатай. Яг үүний төлөө л МАН, АН-ын эрхмүүд “шилдэг, шударга улстөрч”дийн дүрд хувилан, хөнжил дотроо “алалцаад” байгаа юм шүү дээ. С.Баярын стандарт бус Засгийн Газар ч энэ боломжийн төлөө л эвлэлдэн нэгдэж, энхрийлэн аргадаад байгаа нь нэгэнт нууц биш болжээ.
Хууль тогтоох эрх мэдэл, хуулийг хэрэгжүүлэх эрх мэдэл, хуулийн хэрэгжилтийг хянах эрх мэдэл л энэ боломжийг олгож байгаа хэрэг. Эрх мэдэл гэгч,  элдэв шуналтай сүлэлдэхээрээ л хуулийг завхруулж, хувийн ашиг завшааныг илүүд үздэг болгодог. Улстөрийн хийрхэл, улайрал, хуйвалдаан, өрсөлдөөн гагц үүний төлөө л явагдаж байна. Энэ байдал Монголын улстөрд жишиг болон тогтсон учраас, энэхүү шунал нь улайрал болон олон нийтэд мэдрэгдээд байгаа учраас,  Монголын улстөр бохирдож, олон  нийтийг бухимдуулаад байгаа юм.
Яг ийм шалтгаанаар олон нийт, маш олон улстөрчид, сайд дарга нарыг “хардаж”,  эх орноосоо урваж, эрх ашигийг нь мөхөөж байна гэж үзэж байгаа.

-2.Эрх мэдэл, боломжоо ашиглан газрын зөвшөөрөл лицензийг өөрийн болон өрөөл бусдын нэр дээр авч, цааш дамжуулан худалдагсад.
Аль л байршил сайтай, баялаг ихтэй газруудын зөвшөөрөл, лиценз нь эрх мэдэл боломжтой хүмүүсийн гарт очсон байгаа. Олны анхаарал, гэнэтийн хяналтаас зайлсxийхийн тулд эхнэр хүүхэд, хамаатан садан, танил нөхдийн нэр дээр бүх бичиг баримтыг бүрдүүлдэг. Тэд сеифэндээ энэ бүхнийг хадгалан, аятай боломж нөхцөл бүрд, хэсэг хэсгээр нь үнэ хүргэн худалдаж байгаа.
“Ардын засаг ч гэж хаа байлаа, авдаг өгдөг ч гэж юу байлаа” гэдэгчлэн тэд гадны хөрөнгө оруулалт нэрээр, мөнгөтэй гадныханд худалдаж, хамтарч, мөнгө угааж байна. “20 сайхан шараа 2 хон хулганад идүүлсэн”  Жамц баяны жишээг давтахгүйн тулд, бага гэхгүй бүхнийг хууль тогтоомжийн заалтаар хамгаалдаг. Яг эндээс л бүлэглэлүүдийн лобби үүсдэг юм даа.
-3.Газартай улстөрчид, мөнгөтэй гадныханд зуучлагсад.
” Эх орондоо чин хайртай”, “эгэлгүй шударга, чин зоригт” дүрд нь тохирохгүй учраас тэд хэзээ ч ийм наймаа арилжааг өөрсдөө хийдэггүй. Тэдэнд үйлчлэх Тоодгор, зусардах Дүлзэн, ашиглагдах Галсангууд зөндөө. Тийм хүмүүс тив алгасан нисч, элдэв боломжуудыг санал болгож, арыг нь дааж чадахаа амалж, гэрээ хэлцэл хийн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Харин ийм харилцан ашигтай хамтын ажиллагаа нь Монгол оронд ашиггүй байдагт л хамаг гай нь байгаа юм даа.
“Дэмбэрэл юм үзээгүй болохоороо баярлаж л байна билээ, хөөрхий” гэдэгчлэн тэд бусдын нэр барьж “томрох”, өчүүхэн жаахан олзондоо саган баярхах нь, бусдад гайхуулан сайрхах нь андашгүй байдаг. Их л танил дүрүүд.
Энэ байдлын улмаас хууль ёсыг чандлан сахиж сурсан гадныхан, зөвхөн Монголд л “дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж” байгааг бид анзаарахгүй байна гэж үү? “Чи муу яаж ч чадахгүй ээ. миний ард том хүн байгаа” гэж омогшин  тультраатчих хятад солонгос “хар ажилчид” хэнийг нэрлээд байгааг мэдэхгүй байна гэж үү? Монгол Улсын газар нутаг дээр,  Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчичихөөд хуулийн хариуцлага хүлээлгүй өнгөрч байгаа олон үйлдлийг бид мартаж орхисон гэж үү?
Алив зүйлийг ил тод бус, ойлгомжгүй байлгах, хээл хахууль авилгалаар сүлэлдсэн харилцаа, хууль журмыг зөрчсөн шударга бус үйлдлүүд л энэхүү бусармаг байдлын үндэс нь байдаг. Энэ бол газар нутгийг арилжин худалдаж байгаа хууль бус үйлдлийг дагалдаж буй муу үр дүн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа хэн боловч, тэр орныхоо хууль дүрмийг ягштал мөрдөж байж л оршин амьдардаг гэдгийг өдгөө монголчууд бид бүгдээрээ мэдэж, мэдэрч буй. Гэтэл бидний эх оронд харийнхан ” эзэн, ноён” мэт дураар аашлахын учир юун?

Хоёр. Монгол дахь лицензийн наймаа
-ИШЛЭЛ-1. “Монгол Улс 6000 гаруй орд илрүүлээд байгаагаас 2 тэрбүм тн зэс, 3100 тн алт, 7,55  сая орчим тн цайр, 150 тэрбүм тн нүүрс, 5 тэрбүм баррель газрын тосны нөөцтэй. Үүнээс гадна кобальт, вольфром, молибден, магни, хром, уран, флюорит зэрэг ховор элемент бүхий орд газрууд бий”.  “Ашигт малтмалын хуулийн 49.1, 49.2 заалтад тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно гэсэн заалт бий”. “Ашигт Малтмалын Газрын ГУУК-ын хэлтсээс гаргасан мэдээгээр бол 4100 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа”.
Ж.Эрхэс    “Хуулиар дархлагдсан лицензний наймаа”  www.news.mn

 
-БАРИМТ-2
Монголд лиценз эзэмшигч улсуудын нэгдсэн тоо /хавсралтаас үзнэ үү/
Хятад -232                                                                  Болгар-8
Орос-248                                                                     Багами-98
Япон -141                                                                    Франц-14
АНУ- 12                                                                        Ирланд-1
Англи- 443                                                                   Бермуд -156
Солонгос -70                                                              Шинэ Зеланд-36
Канад-76                                                                      Люксембург-8
Герман-16                                                                    Антигуа Барбода-30
Украйн-3                                                                      Каймений арлууд-59
Чех-4                                                                             Малайз-1
Австрали-28                                                                 Бельги-1
Унгар-2
Олгосон лицензний тоо, хэмжээ хязгаараа алдсан
– “Moнголресорсес експлорэйшн” компаны Д.Самбалайбат-247
– “Кью-Жи-Эс монгол лимитед” компаны Б.Ганбат-131
-“Адамасмайнинг” компаны З.Номундарь-119
-“Айванхоу Майнз” компаны Пол Чер -117
-“Алтан Дорнод” компаны С.В. Паушок-90
-“Тефис Майнинг” компаны Фабио Сампайёо Мазотти-75
-“Галлантминеранд монгол” компаны Кийс Ласковский-71
-“Азиагоулд монголия” компаны Девид С Оденс-67
-“Жен Юан” компаны Ли Хуа Си-14
-“Деронгмонголиа” компаны Тиэн Гуан Гу-9
гэхмэтчилэнгээр цааш үргэлжлэх юм байна.
-ХУУЛь-3.  Монгол Улсын Үндсэн Хуулийн 1-р бүлгийн 6-р зүйлд заахдаа
“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцxүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэжээ.
Тэгэхээр энэ бүхэнд хамаагүй Монгол хүн бий гэж үү? Бид энэ тухай халаглан бухимдаж, өөр хоорондоо зэвүүцэн шивнэж, өрөөл бусдыг харааж зүхээд ч энэ бүхэн нэг мэдэх дор Монгол Улсын Үндсэний Аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хэрэх нээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, Монгол Улсын үндсэн Хууль зөрчигдөж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдаж, монгол хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаагийн бурууг хэн хүлээх вэ?
Нилээд эрт Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж лиценз олголтыг түр зогсоож, хянах тухай санаачлага гаргасан. Харин биелэлт нь, ажил хэрэг нь ямар байгааг мэдээлсэнгүй. Саяхан Монгол Улсын ЗГ-аас тусгай зөвшөөрлийн 240 орчим лицензийг түдгэлзүүлэх тухай тогтоол бус хурлын протоколын тэмдэглэл хийсэн гэсэн. Тусгай зөвшөөрлийг хориглох бус түдгэлзүүлэх шүү…
Би л лав энэ бүхнийг ард олны бухимдлыг аргацаах гэсэн заль мэх, “аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажсан үлгэр” лугаа төсөөлж байна. Эрс шууд арга хэмжээ авч байдлыг залруулахын оронд энэ мэтчилэнгээр цаг хожиж, энэ зуураа авч ашиглах боломж олгодог муу зуршил МАН. АН хоёуланд нь бий. Бие биенээ хянах шаардахын оронд,  бие биенээсээ мууг нь сурч , бие биедээ харилцан боломж олгосоор тэд 20 жилийг үдэж буй.
Гурав. Надад санал байна
-1. Одоогоор Монгол Улсад олгогдсон байгаа газар ашиглалтын бүх зөвшөөрөл лицензийг, нэр ус, хаягтайгаар нь гаргаж олон нийтэд мэдээлье. Лиценз олгосон огноо болон гарын үсэг нь бүгд байж байгаа.
-2. Монгол Улсад газар ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгж болон компаны мэдээллийг гаргаж олон нийтэд хүргэе. Энд мөн зөвшөөрөл өгсөн огноо болон гарын үсэг бүгд байх ёстой.
-3. Энэ бүх мэдээллийг олон нийтэд хүргээд зогсохгүй, олон нийтийн оролцоотойгоор  тусгай ажлын хэсэг гарган, яг хууль журмын дагуу болон хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоон, нэг удаад эмхэлж цэгцлэх ажил хийх хэрэгтэй байна.
-4. Хууль зөрчиж ашиг олсон, байгаль орчныг сүйтгэж бохирдуулсан бүх баримтыг ил болгож, буруутай хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэн, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг хураая.
-5. Цаашид газар болон баялгийг ашиглах бүх хууль тогтоомжоо Монгол Улсын Үндсэн Хууль, Үндэсний Аюулгүй байдал болон монгол хүний эрх ашигт нийцүүлэн өөрчилж, сайжруулах ажлыг хийх хэрэгтэй байна.
Энд хамаагүй монгол хүн гэж үгүй. Яг энэ асуудлыг хөндөөд ирэхээр “чи өөрөө монголд ирээд өөрчил л дөө” хэмээн олон хүн тавладаг. Бид асуудлыг гаргаж тавих эрхтэй болохоос өөрчлөх эрхгүй. Энэ ажлыг хийх өөрчлөх эрх мэдэл нь, та бидний сонгож гаргасан Монгол Улсын Ерөнхийлэгч, УИХ, Засгийн Газарт байдаг юм. Өөрөөр хэлбэл биднийг амлалт өгч, сонгогдон удирдаж байгаа Ерөнхийлэгч Ц.Элбэгдөрж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий Сайд С.Батболд нарын санаачлан хийх ёстой ажил нь юм шүү дээ. Үүн дээр бид өөрсдөө дор бүрнээ олон олон баримтууд гаргаж, өөрчлөн сайжруулахыг шаардах ёстой юм л даа.
Төгсгөл
…Би л лав шударгаар хөдөлмөрлөж, олж буй мөнгөө өөрийн амьдралдаа зарцуулж байхдаа баяртай байдаг. Харин хөдөлмөрлөх дургүй, заль мэх, элдэв муу аргаар баяжиж, түүгээрээ баярхан гайхуулах нэгнийг харахдаа атаархдаггүй, зэвүүцдэг. Бурхан тэднийг нэгэн цагт цээрлүүлэх л байх.
Гэхдээ монголчууд бидний төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа, өөрсдөө бид эзэн нь гэж тооцдог, бас амгалан нойрсох газар болсон эх нутгийн минь хөрс шороо, баялаг, үзэмжит байгалийг минь сүйтгэж, худалдаж арилжих аваас бид тэвчихгүй. Энэ чинь зөвхөн бидний төдийгүй, бидний үр хүүхдийн ажиллаж амьдрах газар шороо.
Нэг хэсэг нь алд биеэ алжаалган, сэтгэл зүрхээ чилээн шударгаар хөдөлмөрлөж, үнэнчээр амьдарч байхад нөгөө хэсэг нь монголчууд бидний нийтийн өмч, баялагийг хулгайлан завшиж, алд биеэ зовоохгүйгээр, сэтгэл зүрхээ шаналгахгүйгээр баяжиж байх ёстой гэж үү? Түүгээр ч зогсохгүй тэд, завшиж олсон энэ мөнгөөрөө үнэтэй машин, тансаг харш худалдан авч, казинодож, хүүхэндэж, хурдан морьд уралдуулж, бүх л зугаа цэнгэлээрээ гайхуулж байх ёстой гэж үү? Тэд бусдад муу үлгэр дуурайлал үзүүлж, өнөөгийн монгол залууст өөрийгөө зовоохгүйгээр, өнгө мөнгийг шүтэж, амар хялбар амьдрахыг заан сургаж байна. Энэ ариун явдал уу?
Тэд монголчуудын хүн чанар, бие биедээ итгэх итгэл, найрсаг зочломтгой занг энэ л газар нутагтай нь хамтад худалдаж байна. Тороор хашиж, усыг нь ширгээж, зуудаг нохойгоор мануулсан газар нутаг дээр монголчууд, гэрийнхээ үүд хаалгыг дангинатал түгжиж,  бие биедээ цай аягалахаа больж, нулимс хурсан нүдээр тоос манарах холыг саравчлан гунигтайяа харж байгаа. Нүүдэл тосч бус нүүдлээс дайжиж, буугаад мордох нэгнээс ч сэтгэлээ нууж, булингарт усанд бүгээн сүүгээ самарч байхдаа ч санаа алдаж буй. Хэн эднийг ийм болгоо вэ?
Хэзээ бид монгол нутагтаа эзэн нь байх бол?
Яндаж болшгүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их гай гамшгаар
Гадныхан эзэн нь болно вэ
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-01-14

Share Your Thoughts