ГОМДСОН СОНГОГЧ

…Улстөрчид та нар үнэхээр онцгүй байнаа.
Хэдэн жилийн өмнө сонгуульд өрсөлдөхдөө биднээсээ санал авах гэж “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож” байлаа.   Сурталчилгаагаар явж байхдаа “ах дүү, амраг садан” шиг аашилж, үеийн нөхөд шиг дотносож үүдэн хоймрын газар хэлхэлдэж явсан биш үү?  Ард олон биднийгээ амар сайхан жаргуулна гэж “наашаа харж инээн, цаашаа харж нулимс дусааж” уяруулан байж амлаа биз дээ? Бид та нарт итгэсэн. Сонгогдсон хойноо яав? “Унасан бухаа хаяад уулын буга руу давхиж” одоо биз дээ? Тааралдахаараа танихгүй хүн шиг хямсаганаж, уулзахаасаа ороо морь
шиг зугатааж, амалсныг нь сануулахаар “харь гаригийн хүн” шиг хуурамч аашилж, “төрөл арилжсан” мэт л аяглах юм даа. Туранхай бие нь томорч, цээл хоолой нь бүдүүрч, ялдам ааш нь яравгар төрхөөр солигдож, харц нь харааны шилэн дээгүүр сөлийж, алхаа нь алцаганаж, гар нь сарвалзан зангах болжээ. Ингэж өөрчлөгдсөнийг чинь харахаар нүдэндээ итгэхгүй саравчилж, амалж байснаасаа өөрийг ярихаар чихэндээ итгэхгүй сэгсэрч, сэтгэл буруудаж шуналд донтсоныг чинь мэдрэхдээ зүрхэндээ халаглаж өрөвдөх юм даа, та нарыг. “Хааны алба халаатай,
эзний алба ээлжтэй” гэдэг үг бий дээ. “Мөнхийн шунал гэж байхаас мөнхийн эрх мэдэл” гэж үгүй дээ.
…Улстөрчид та нар үнэхээр сонин байнаа.
Чуулгандаа болохоор чоно нохой шиг хэмлэлдэж, чуулганаасаа гарахаараа хонь хурга шиг нийлэлдэж, микрофонд ойртохоороо мэдэх ч юм шиг мэдэхгүй юм шиг “цэцэрхэж”, камер харахаараа төлөв дүр эсгэн жүжиглэж, нээрээ биднийгээ хичнээн жил хуурав даа. Сонгуульд зарцуулсан хэдэн төгрөгтөө “гол цохиж”, түүнийгээ хэд дахин “арвижуулчих” гэж “үйлээ үзэж, үсээ үгтээж” явааг тань мэднээ. Үүнийхээ төлөө “хүндээ хөнгөнөөс өгч”, үнэ цэнээ мөнгөөр арилжиж, “шунал тань шулам болгож” байгааг  гадарлаж байнаа. Гадарлах юу байхав, унаж яваа машин
чинь “Лексус” болж, сууж байгаа орон чинь хаус болж, эхнэр чинь булга минжээр гоёж, хүүхдүүд тань үнэтэй гадаад сургуульд явцгааж, өвдөхөөрөө Бээжин руу нисч, тоглохоороо Солонгосыг зорьж, амрахаараа Америк явж дэлгүүр хэсч байгаагаас ил бус уу? Мөрөөрөө ажлаа хийж, хөлсөөрөө амьдралаа залгуулж байгаа мань мэтдээ “шинэ баян цээж өвчтэй” үлгэр үзүүлж таахалзах хэрэг юун. “Муу нохойн ходоодонд шар тос зохидоггүй” гэж үг бий. “Цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” монголчуудын хойч үе нь “аясаар аясаар нэг баяжиж, албан
тушаалд очихоороо гэнэт баяждаг “болоо юу даа. Уг нь та нарын хуйвалдаж хувааж иддэг хөрөнгө биш, улс орны өөдлөн дэвжих боломж нь юм шүү дээ. “Чононд хонио хадгалуулсан” бидний буруу байх л даа.
… Улстөрчид та нар үнэхээр хөгийн байнаа.
Өвөг дээдсийн нууцалж нөөцөлж үлдээсэн их баялагт шунаж, “монгол хүн” бүү хэл ердийн “хүнээ байх” нээ. Оюутолгой, Тавантолгойг харийнхантай хуваахдаа “хэн нь илүү ашиг хүртэх вэ?” гэж өөр хоорондоо арсалдана. Үргэлж тэмцэлдэж, далдуур хуйвалдаж, үгсэн тохиролцож чадахаа болихоороо ” аманд ч үгүй, хамарт ч үгүй” болгон гацааж орхино. Аман дээрээ “эх орны минь хишиг” гэж хашгирах авч , ачир дээрээ өөртөө хувь хүртээж бусдаас илүү баяжиж “Лусын хаан” шиг амьдрах гэж мөрөөднө. “Мөнгө цагаан нүд улаан” ы жишгээр уул усаа бохирдуулж,
ураны цацрагаар хөрс, хүн малаа хордуулж, хөрс шороогоо сэндийчиж, хамаг баялгаа гадагш нь зөөн хямдхан ч болов арилжих гэж улайрна. “Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор” гэдэг шиг хулгайлж, луйвардаж олсон жаахан мөнгөөрөө хүлэг морьдыг уралдуулж цэнгэнэ, хүүхнүүдийг шилж “эдлэн” зугаацна, нүглээ нэмгэлэх гэж энд тэнд суварга олноор босгоно, нүнжиг буянаа гайхуулах гэж уул овоо тахин сүржигнэнэ, зун намаржингаа найр наадам үүсгэн хэсүүчлэнэ. Хэвлийгээ ухуулсан газар нутаг шороогоор уйлж байхад,  Хятад руу нүүрс зөөсөн хүнд
даацын машинуудын мөрөөр хөрс зулгарч ёолон гиншиж байхад, нинжа нар хулгана зурам шиг арьсыг нь цоолж түүгээр нь өчүүхэн жаахан эрдэнэс зөөн хоорондоо алалцаж байхад, дотуур нь лугшсан усан судлууд нь тасалдаж сүүлчийн хүчээ шавхан мэгшиж байхад тэд тоох нь үгүй. “Нүгэл нүдээрээ гардаг” гэдэг үг бий.
…Улстөрчид та нар үнэхээр хогийн байнаа.
Нэгэн цагт хүлэг морин дэл дээр дэлхийн талыг эзэлж, энэ ертөнцийг зуу зуун жил эрхшээж байсан нүүдэлчин Монголын шударгуу үр садыг “үнэгүйдүүлж” байна даа. Авьяастнууд нь үүдэнд борхирч арга зальтай нь хоймор сууж, шударга журамтай нь хаалгаар шагайлж эрх мэдэлтнүүд нь сэнтийд заларч, хулгай луйвраа хуулиар хамгаалж “худлыг үнэн” болгон бусдыг доромжилж сууна. Эрдэм мэдлэгтэй нь төрд биш, их мөнгөтэй нь төрд байхыг хүсч үе залгамжлуулан энэ хүслээ биелүүлэх гэж улайрч байна. Өмнөх хулгай луйвраа хуулийн аргаар хаацайлж, үр
хүүхдүүдээ залгамжлуулан төрд дархлахыг санаархаж байна. Мөнхийн мөнхөд тэд биднийг захирч, цадашгүй шуналаа биелүүлэхийг мөрөөдөж байна.  Тэд улам ихээр улайрч байна. “Сонгохгүй, сонгохгүй, сонгохгүй” гээд байхад намын жагсаалтаар улстөрд ороод ирнэ, идэж завшсан нь илрээд зэмээ хүлээх болохоор “өршөөлийн хууль” батлаад гаргачихна, элдэв булхай муу үйлдэл нь илрэхээр намаа солиод урвачихна, эрх мэдлийн төлөө өрсөлдөгчтэйгээ ч тэврэлдэнэ, эсвэл араас нь “хутга шаана”. Тэд ард олон биднийг “мунхаг, мулгуу” байлгахыг хүсч
байна. Зусар, тэнэг байлгахыг мөрөөдөж байна. Уух архи цэнгэх зугаа, оюутнуудад халамж залууст амралт, ойн баяр хайчлах тууз, төмөр одон элдэв өргөмжлөл. “Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр унана” гэдэг үг бий дээ.
…Улстөрчид та нар үнэхээр новшийн байнаа.
Ардчилал гэдэг нэрийн дор хариуцлага хүлээдэггүй дураараа авирладаг улстөрчид, эрхээ шаардаж хуулиа биелүүлдэггүй олон нийт, эх орноо бус амин хувиа хичээсэн шуналт эрх мэдэлтнүүдээр Монголыг минь бузарлаж байна.  Мянга мянган жил өвөг дээдсийн минь ухаан, тэвчээр, цусаар хамгаалагдаж үлдсэн Монгол газар нутгийг минь арилжиж үгүй хийхээс буцахгүй шуналтангууд бий болж байна. Эр зориг, эрдэм чадлаараа зуу зуун жил алдаршиж байсан монгол хүний үнэ цэнийг шавартай хутгаж бусдын боол болгохоос буцахгүй хоосон цэцэрхэгчид
бий болж байна. Гадна төрх нь “монгол” гэвч, дотоод сэтгэлээрээ “харь” болсон хойч үеийг бий болгон бусдад уусгахыг хүсдэг бэртэгчингүүд бий болж байна. Энэ бол сүүлийн 20 гаруй жил Монголын улстөрд бугшсан улстөрчдийн “идээ бээр”.
Дараа жил УИХ-ын сонгууль болно. “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодсон ч” та нарыг сонгохгүй ээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая таван зуун мянга орчим км квадрат нутагтай, тэрбум тэрбумаар тооцогдох газрын баялагтай, мянга мянганд бүдгэрч балрахгүй түүхтэй Монгол орныг ингэж удирдаж, ингэж авч явааг тань анзаараад гайхаж, бас гомдож байна. Миний Монголын түүхэнд та нар хар, цагаанаараа ялгарч үлдэнэ.  Олимп, дэлхий, тивийн аварга тамирчин залуустай, дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд үнэлэгдсэн авьяаслаг залуустай, дэлхийн
шилдэг их дээд сургуулиудыг төгсөж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгаа эрдэм мэдлэгтэй залуустай Монголын шинэ үе айсуй. Олон олон залуусын сэтгэл зүрхэнд Монгол орны өөдрөг ирээдүй багтаж байгаа. “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг сэн дээ.

Share Your Thoughts