“Гэгээлэг ирээдүйн тухай яриа” буюу ideal future talks

Өнгөрсөн хавар АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо  “Вашингтон ДС орчмын оюутан залуусын клуб” байгуулагдсан юм.  Тэд фейсбуук дээр өөрсдийн группээ нээж,  санаа бодлоо солилцон найзалж нөхөрлөж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ.  Тэдний санал бодлоо нэгтгэж үр дүнтэй ажиллах болсны илрэл нь  10 сарын 28 нд эхэлсэн ” IDEAL FUTURE TALKS”  уулзалт ярилцлага байлаа. Энэ арга хэмжээг санаачлан хийх болсон тухайгаа тэд “Гадаадад суралцаж, ажиллаж,  амьдарч байгаа монгол залуус бид өөрсдийн санаа бодол, туршлагаа бусадтай хуваалцах, бас бусдын санаа бодол туршлагаас суралцах хэрэгтэй байна. Бид энэ оронд зөвхөн суралцах биш, амьдрал дээр өөрсдийгөө таньж авах, хөгжүүлэх, зөв сайн залуус болон төлөвшихийн төлөө нэгдэн ажиллах шаардлагатай байна” гэж тайлбарласан юм.
Анхны энэ арга хэмжээнд:

1.Хамба лам Д.Норовбадам  “Тэвчээр амжилт”

2. Цахим харилцааны мэргэжилтэн  Э.Энхтамир  ” The Impact of the Internet on Our Daily Life”
3. Монголчуудын Холбооны Ерөнхийлэгч Ц.Ивээлт “Resume-Lessons Learnard”

4. Оюутан Э.Тэмүүжин  “Хөх тэнгэрийн дуудлага”

5. “Сод-Эрдэнэ ДС-ийн захирал С.Энхтуул “Хайр ба амжилт”

6. Оюутан М.Нямсүрэн  “Хайрцаганд байгаа мөнгө”
зэрэг илтгэлүүд уншигдан хэлэлцэгджээ. Харамсалтай нь миний бие ажлын байдлаас болж нилээд хоцорч очсон болохоор бүх илтгэлүүдийг сонсож амжаагүй юм. Харин зохион байгуулж байгаа залуусын соёлтой харьцаа, сүүлийн үеийн техник, технологийн ашиглалт, зохион байгуулалтын эмх цэгц, дараалал нь бусад олон уулзалтуудаас эрс ялгарч байв.
…Харин энэ амралтын өдөр буюу 11 сарын 4-ний өдөр “Сакура” төв дээр болсон хоёр дахь арга хэмжээг зорин очлоо.  Энэ удаад зохион байгуулагч залуус нь өөрсдийн арга хэмжээний лого, эмблемтэй цагаан цамцаар ижилссэн байсан нь содон байв.  Энэ удаад 6 илтгэл уншигдсан юм. Нэг илтгэгчийн илтгэх хугацаа нь 18 минут юм байна.
1. Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй М.ГАНЧИМЭГ  “21-Р ЗУУНЫ БИЗНЕС”
Аливаа бизнест  -байрлал,
-үнэ,
-сурталчилгаа
хамгаас чухал байдаг бөгөөд  бизнесийг амжилтад хүргэх түлхүүр нь байдаг тухай яриагаа эхэлсэн тэрээр,  өнөөгийн зах зээлд  ердийн бизнес, интернет бизнес зэрэгцэн оршиж байгааг онцлон дурдлаа.  Хүмүүсийн ердийн хэрэглээ болж байсан интернетийн орон зай, эдүүгээ цагт цоо шинэ бизнесийн салбар болон өргөжиж байгаа нь 21 -р зууны бизнесийн гол үзэгдэл юм. Интернет бизнес нь хязгааргүй орон зай, хаа байгаагаас үл хамаарах  хязгааргүй боломж, хямд зардал зэргээрээ маш давуу боломжийг олгож байгаа тухай жишээ авч ярив.
Багш хүн бусдад эрдэм зааж байгаа нь өөрийгөө коппидож байгаа хэрэг гэж онцлон тэмдэглэхдээ өнөөгийн бизнесийн тэлэлт нь, өөрийн санаа боломжоо бас л коппидож байгаа хэрэг гэж нэрлээд бизнесийн салбраа хэрхэн тэлэх талаар жишээ аван тайлбарласан юм.  Удирдагч хүн гэдэг нь аливаа үйл ажиллагааны төвд нь байдаг хүн, тэр утгаараа багаар ажиллаж байж амжилтанд хүрдэг талаар дурдсан тэрээр өнөөгийн бидний “дарга” гэж нэрлээд байгаа хүмүүс нь удирдагч биш гэж нотолно билээ.
2. Хэл судлаач, багшийн мэргэжилтэй Ш.НАРАНЧИМЭГ  “ХЭЛ СУРАХ ШЛИМАНЫ АРГА”.
Нэгэн цагт “Аляскад тэмээтэй хамт уйлсан минь” нэртэй өгүүлэл бичиж хүмүүсийн сонирхлыг татаж байсан тэрээр  ЗХУ\хуучин нэрээр\-д суралцаж байхдаа сонирхон судалж байсан энэ аргын тухай сонирхолтой байдлаар хүүрнэв.  19-р зуунд амьдарч байсан герман гаралтай Генрих Шлиман  14 насандаа Европ даяар алдартай “Илиада Одиссей” домогт зохиолыг сонирхон уншиж, уг номны өгүүлэмжээр домогт өгүүлсэн Трой хотыг олж нээсэн гэдэг.  Энэ тухайгаа ном болгон хэвлүүлсэн боловч дээд сургууль төгсөөгүй түүнийг хэн ч тоосонгүй. Гэхдээ тэрээр энэ нээлтээрээ нэр алдартай бас баян болжээ. 44 насандаа Францын Соброны ИС-д элсэн суралцаж 2 дахь номоо 5 хэл дээр гаргаснаас хойш тэрээр жинхэнэ байдлаар алдаршиж өндөр хэргэм зэрэгт хүрсэн гэдэг.
Шлиман 17 хэлээр ярьдаг байсан төдийгүй санскрит, эртний грек хэлнүүдээс бусдыг нь биеэ даан сурсан аж. Тэрээр хэл сурах өөрийн аргатай байж түүнээ бусдад түгээжээ.  Ямар ч хэлийг сурахдаа:
-Ямар нэгэн сонирхолтой номоо олж түүнийгээ чангаар уншина. Ингэж уншихдаа цээжилж амждаг.
-Дараа нь  цээжилсэн зүйлээ өөрийгөө толинд харж чанга дуугаар уншина.
-Уг цээжилж уншсан зүйлээ цаасан дээр буулган бичнэ.
-Дараа нь гадагшаа гарч уг зүйлээ хүмүүст уншиж өгдөг байж. Тэр явцад хүмүүс түүнд алдааг нь нөхөрсгөөр хэлж зөвлөнө.
-Буцаж гэртээ орж ирээд  алдаагаа засч дахиад л бичнэ.
-Ахиад гадагшаа гарч уг бичвэрээ хүмүүсээр уншуулж, өөрөө дагаж уншина.
-Нилээд тогтоолтын дараа  уг бичвэрт байгаа үгнүүдээс сонгож харилцан яриа болгон бэлтгэнэ.
-Сүмд очиж мөнөөх харилцан яриагаараа хүмүүстэй яриа өрнүүлнэ.
Тухайн үед ЗХУ-д тагнуулын сургуульд хэл сургахад ашигладаг байсан энэ арга нь одоо хүмүүст сонирхолгүй байж болох хэдий ч, ой тогтоолт болон уг хэлийг унаган юм шиг эзэмшдэг болоход тус болж мэдэх юм гэж  Ш.Наранчимэг өгүүлнэ билээ.

3. Тайланд гаралтай оюутан PAUL  ” Having the Right Attitude”  “ЗӨВ ҮЗЭЛ САНААТАЙ БАЙХ НЬ”

13 настайдаа Тайландаас АНУ-д ирж Нью Жерси мужид дунд ахлах сургууль, коллеж төгссөн Паул химийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. Үргэлж зунаараа байдаг Тайланд орноос тэрээр АНУ-д цас үзэх мөрөөдлөөр ирсэн гэсэн. Бас том мөрөөдлөөр түүх сонирхож байсан Паул, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн биелэлээ “би яг одоо та нарын өмнө илтгэл тавих гээд зогсож байна” гэж товчхон нотолсон юм.  Өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын зарим хэсгийг хүүрнэхдээ  “амаргүй байсан хэдий ч уйгагүй хичээл зүтгэлээрээ бүхнийг давж гарсан, тэгээд түүнийхээ төлөө шагнал ч авч байлаа” гэж хуучиллаа.  “Хүн ер нь ямар хүн байхыг хүснэ, тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн нь содон сонсогдож байв.
Түүнийг АНУ-д ирснээс хойш Тайландаас ирж байгаа нэг найз нь түүнээс тусламж хүссэн гэнэ.  Жил гаран түүнд тусалж янз бүрийн газраар дагуулж явсаар аажимдаа жуулчлалын бизнесийн талаар бодож эхэлсэн бололтой.  Түүний үүсгэсэн www.sabye travel.com  сайтад өдгөө өдөр тутам 800-2000 орчим хүн ханддаг гэнэ. Маш олон газраар аялж үзсэн тэрээр “Би эрх чөлөөний хөшөөг бараг 100 гаруй удаа үзсэн байхаа” гэж дурссанаа, залууст хандан “аль болохоор боломж гарган аялж байх”ыг зөвлөв. Мөн энэ чиглэлээрээ бусдад зөвлөлгөө өгдөг тэрээр, маш ухаалаг хүмүүстэй байнга уулзаж байдагтаа баяртай байдаг гэж онцолсон.
“Хүн  алдаанаасаа суралцаж, түүнийгээ бусадтай хуваалцаж байх нь илүү их зүйлийг сурахад хэрэг болдог”.  Хүмүүс зөв сайн хэвшилтэй байхын тулд:
-Өөрийн залуу насаараа бахархаж түүнээсээ баяр бахадлыг мэдэрч бай
-Амьдралынхаа мөч бүрээс таашаал авч бай
-Сайн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл
-Ямагт инээмсэглэж, бусадтай эелдэг зөөлөн харьцаж бай
-Ямарваа асуудлыг шийдэхийн өмнө “хожим харамсахгүйн тулд” өөрөөсөө заавал асууж бай
-Өөрийгөө олон талаар нь хөгжүүлэхийг хичээ  гэж зөвлөлөө.

4. Философич, улстөрч мэргэжилтэй  Ч.ЭНХБАТ  “АМЕРИК БА БИ”
1991 оны 12 сарын 17 нд анх удаа АНУ-д ирж үзэж байсан тэрээр ажил хэргийн шугамаар олон удаа ирж буцаж байснаа 2005 оны 10 сараас суурьшсан гэнэ. АНУ-д олон удаа ирэхдээ баян, ядуу, эрдэмтэн, цагаач олон үндэстэн хүмүүстэй уулзаж ярилцаж байсан тэрээр өөрийн бодлоо бусадтай хуваалцлаа. АНУ-д айлд зочилж ирээд “аав ээжийнхээ гэрт нь төрсөн хүүхдүүд нь түрээсээ төлөөд хамт амьдарч” байгааг хараад гайхаж цочирдсоноо хуучлав. Бас уулзаж байсан хүмүүсийнхээ тухай “Том хүн аливаа зүйлийг ямагт томоор хардаг юм билээ” гэж дүгнэсэн.
Америкчууд Монголчуудын ялгааны тухай  СОЁЛ-ын жишээн дээр дэлгэрүүлэн тайлбарласан.  Соёл гэдэгт уламжлал, зан заншил, хэл, амьдралын хэв маяг багтдаг тухай дурдаад, АНУ-ын соёл одоо л бүрэлдэж байгаа гэж дүгнэв. 13-р зууны тэртээд Их Монгол улсын нийслэл Хархорум хотод  Христийн, Лалын, Буддын шашин зэрэгцэн оршиж байсан шиг өнөөгийн Америкийн нийгэмд бүх үндэстэнгүүд өөрсдийн уламжлал соёлоороо эрх тэгш зэрэгцэн оршиж байгаа. Хүний эрх ардчилал дээр тулгуурласан энэ нийгэмд ямарч соёл зэрэгцэн оршдогоороо аугаа юм. Монголд өрсөлдөөн багатай, жижиг орон болохоор хөдөлгөөн нь хурдан байдгийг алдарт BONY, M хамтлагийн дуунуудад хандсан хандлагаар жишиж тайлбарлав.
Эцэст нь тэрээр өнөөгийн залуус боловсролд мөнгөө зарцуулаад, тэр зарцуулсан мөнгө нь хожим эргээд ашгаа өгч байхын тусыг сануулав. Хэрэв боловсрол үнэгүй, эсвэл хямдхан  байх юм бол тэр чинээгээрээ хүмүүс нь тийм байж болохыг ч өгүүлсэн.  Алив нэгэн чиглэлээр сайн мэргэжих нь тухайн зүйлээ сайн хийхэд сургадаг. Харин өнөөгийн зарим залуус бүх зүйлийг муухан хийдэг, аль нэгэн зүйлийг төгс сайн хийж чаддаггүй нь боловсролын тогтолцоотой холбоотой болохыг дурдсан.

5. Дотрын эмчийн мэргэжилтэй  С.САРАНГЭРЭЛ  “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛБӨЛ ЭРҮҮЛ БОЛЖ БОЛНО”
Өдгөө хүмүүсийн сэтгэлгээ аргаас билэг рүү шилжиж байгааг дурдаад энергийн тухай хүснэгт дээр тайлбарласан юм.
-Гэгээрэл  700-1000  \энергийн хэмжээс\
-Амар амгалан  600
-Амар баясгалан  540
-Хайр  500
-Мэдлэг  \учир шалтгаан\ 400
-Нигүүлсэнгүй  \хүлээж авах\  350
-Даруу төлөв  310
-Төв голч дэмжигч  250
-Бардам зан, их зан  175
-Уур уцаар    150
-Буруу хүсэл тачаал  120
-Айдас   100
-Уйтгар гуниг  75
-Өс хонзон, хайхрамжгүй байдал   50
-Гэм буруутан   30
-Ичгүүр гутамшиг   20
Энергийн хэмжээ 200 хүртэл байгаа бол тархины зүүн тал нь эзнээ удирддаг. Энэ үед адринадел гэдэг бодис хүнээс ялгарч байдаг гэнэ.  Энергийн хэмжээ 200 -аас дээш бол тархины баруун тал нь эзнээ удирддаг. Энэ үед зөн билэг руу хөтөлнө.  Хүний оюун санааны энерги хязгааргүй хэрнээ БҮТЭЭГЧ-СӨНӨӨГЧ чанартай гэнэ. Хүний толгойд  өдөрт 50-60 000 бодол орж ирдэг гэнэ. Хэрвээ хүн ямагт сайн сайхан зүйл бодож байвал энерги нь нэмэгдэх болно, Дандаа гутранги муу бодлыг сэтгэлдээ агуулаад байвал хорт хавдар үүсгэж ч болох гэж зөвлөлөө.
6. Хятад-Монгол судлаач, сэтгүүлч Д.АЛТАНГЭРЭЛ   “МОНГОЛЫН СОЁЛ ИРГЭНШИЛ”
“Хичнээн олон жил оршин тогтнохдоо Хятадын соёл иргэншилд уусалгүй, өөрийн онцлогоо авч үлдсэн Монголчууд бид үнэхээр гайхамшигтай ард түмэн” гэж тэрээр илтгэлийнхэ эхэнд тэмдэглэв.  1905, 1908 оны үед Монголчууд Оросын соёлыг их авч эхэлсэн байдаг.  Түүхээс харахад  Далай лам, Банчин Богд, Богд Жавзандамба хутагт гэхчилэн шарын шашны удирдах үзэл санаа нэвтэрч монголчуудад нөлөөлж эхлэх үеэс л “гадаад хүн монгол хүнээс мундаг” гэдэг үзэл дэлгэрч эхэлсэн гэнэ.  Нуудэлчин байсан монголчуудын түүхийн олон гайхамшигт эх сурвалжуудыг харийнхан устгаж, аажим  аамжаар үлгэр домог хэлбрээр монголчуудын сэтгэхүйд өөрсдийн соёл иргэншил, үзэл бодлоо шингээж байсан тухай сонирхолтой жишээн дээр тайлбарласан юм.
Иргэншил гэдэг ойлголтын тухай авч үзэхдээ  омогшил бахархал,  итгэл найдвар гэдэг ойлголттой холбож авч үзлээ. Соёл иргэншлийг хольж бус салгаж авч үзэх тухай өөрийн санаагаа ч илэрхийлсэн.  Мөн тэрээр “Соёл иргэншлийн огиудас” гэдэг ойлголтын тухай ч өөрийн санаа бодлоо сонирхолтой жишээн дээр баяжуулан хүүрнэв.  Монголчуудын үндэсний дээл өмсгөл, малгай гутал бүгд л өөр өөрийн гэсэн зэрэг дэв, утга агуулгатай. Гэтэл одоо Улсын наадам, цагаан сараар хүн болгон л учрыг нь ялгахгүйгээр , дур дураараа малгай гутал, дээл өмсгөл өмсцгөөх болж. тэр ч байтугай жаахан хүүхдүүддээ хүртэл ноёд хатдын зэрэг дэвийн хувцас өмсүүлж байна. Энэ бол том төөрөгдөл. Түүнчлэн эх орноо хайрлах бахархах үзэл хүртэл хэт хэлбэрдэлтэд орж байгааг жишээ аван ярилаа.
Ер нь “Монголын соёл иргэншил” бол тэгтлээ судлагдаагүй, хөндөгдөөгүй сэдэв. Өнөөгийн залуус та нарт энэ бол их л боломж. Энэ талаар та нар анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөсөн юм.
…Хоёр  илтгэл бүрийн дараа завсарлага авч ундаа зууш зооглох зуураа энэ арга хэмжээнд оролцогсод бие биетэйгээ танилцан, санаа бодлоо солилцож байлаа.  Зохион байгуулагчид энэ арга хэмжээнийхээ тухай  ” Залуус бид нар хэрэгтэй мэдээллүүдээ нэг дороос олж сонсож байгаа нь хамгийн чухал ” гэж онцлон  үнэлж байв. Бас “Бид ахмад туршлагатай хүмүүсийн туршлага болон санаа бодлыг ингэж сонсож байх нь бидэнд их хэрэг болно” гэж талархаж байв. Тэд энэ арга хэмжээгээ сар бүр тогтмол явуулж, илүү олон хүмүүсийг хамрахыг хичээж байгаа.  Бас илтгэл тавих хүмүүст санал болгож, тэднийг залуустай холбож, нэгэн өдрийн наран дор хамтдаа байгаа нь сайхан санагдаж байлаа.
Өнгөрсөн хавар “Вашингтон ДС орчмын оюутан залуусын клуб” байгуулахаар хэд хэдэн удаа уулзаж байхдаа тэд  “Бие биетэйгээ уулзаж санаа бодол туршлагаа хуваалцах тухай”, “чөлөөт цагаараа уулзацгааж, найзалж нөхөрлөн хамтдаа хөгжих тухай”, “энэ л цаг завгүй амьдралын хэмнэл дор өөрсдөө л өөрсдийнхөө амьдралыг сэтгэлдээ тааламжтай болгох тухай”  олон зүйл ярьцгааж байсны биелэлийн эхлэл нь энэ.  Тэд бас сар болгон санал болгож, амьдарч байгаа газруудынхаа түүхэн болон дурсамжтай, сонирхолтой газруудаар хамтдаа аялж байх хүслээ ч ажил хэрэг болгож эхэлсэн. Вашингтон ДС орчимд суралцаж, ажиллаж, амьдарч байгаа залуусын  олон сайхан санаачлагын эхлэл нь энэ. Тэд цаашдаа ч илүү олон сайхан зүйл рүү тэмүүлж байгаа. Харин бид тэднийг дэмжиж, урмыг нь хугалахгүй байхын төлөө хамтарч ажиллаж байх нь хэрэгтэй байна.  Яагаад гэвэл тэд бидний төдийгүй, хөгжиж байгаа Монгол орны минь ирээдүй.
Тэдний санаачилсан “IDEAL FUTURE TALKS” арга хэмжээний дараагийнх нь 12 сарын эхний 7 хоногийн ням гаригт болно.  Мэдээж тэд хамтдаа, олон сонирхолтой хүмүүсийн яриа илтгэлийг сонсохыг хүсч байгаа.  Ирж оролцох болон өөрийн санаа бодол, сонирхолтой асуудлуудаа тэдэнтэй хуваалцахыг хүсвэл тэдэнтэй холбогдоорой.
http://www.facebook.com/groups/dczaluusiinclub/
Idealfuturetalks@gmail.com
linux_khishigee@yahoo.com
nyamsuren_2008@yahoo.com
Заавал залуус гэлтгүй хэнд ч болов энэ боломж нь нээлттэй байгаа.  ГЭГЭЭЛЭГ ИРЭЭДҮЙНХ НЬ ТӨЛӨӨ БҮГДЭД НЬ АМЖИЛТ ЕРӨӨЕ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-11-05