Гэр ба гудамж \жижиг хэрнээ том асуудлууд\

…Монголчууд бид их л гэрсэг хүмүүс.  Бас өөрийн амьдардаг гэр болон орон сууцандаа их анхаарал тавьж, янз бүрээр л гоёцгоодог.  Хөдөөгийн айлын эзэгтэй нар өөрсдийн хатгасан хатгамалтай гоёлоор орны  унжуурга болон хөшиг, хөнжлийн уут зэргийг  хийсэн байдаг нь их содон харагддаг сан. Хотынхон нэг хэсэг өөрсдийн чинээлэг байдлаа бусдад илэрхийлэх гэж  орон сууцныхаа  шаланд хивс дэвсэж, хана болгонд хивс өлгөж, тэр ч бүү хэл таазандаа хүртэл хивс хадсан байсныг харан гайхаж байснаа санаж байна. Гэр болон орон сууцны дизайн тэгтлээ хөгжөөгүй байсан ч энэ бүхэн монголчууд өөрийн амьдран суугаа орон байрныхаа төлөө байнга анхаарал тавьж байсны нэгэн илрэл болон сэтгэлд үлджээ.
Одоо бол шал өөр болсон.  Хүн болгон өөрийн амьдардаг гэр, орон сууцны тохижилт, гоёмсог хэрнээ цэвэр цэмцгэр байдалд илүүтэй анхаарах болж.  Тавилга сэлтийн байрлал нь өнгө будаг болон гэрэлтүүлгийн зохицолдоонтой  хэрхэн  нийцэж байгаад  гол анхаарлаа хандуулна.  Гэрийн эзэгтэйн ихэнх цагаа өнгөрүүлдэг  гал тогооны өрөөний зай болон  цахилгаан бүх хэрэгслэлүүдийн хэрэглэхэд  дөхөм байдлыг ч чухалчилдаг болжээ.  Мэдээж өрөө тасалгаа бүртээ хогийн сав байрлуулж, хүн болгон өөр өөрийн гэсэн ариун цэврийн хэрэгслэлтэй, бие засах газар нь гэр бүлийн гишүүд болон зочдод тусдаа байлгахыг ч хичээх аж.  Гэр, орон сууц хэдийчинээн тохь тухтай байх тусам гэрийн эзэд сэтгэл хангалуун болж, гэр рүүгээ яарч, гэртээ илүү олон цагийг өнгөрүүлэхийг хүснэ.
Амрах амьдрах боломж сайн сайхан байх тусам хүүхдүүдийн хөгжил хүмүүжилд сайнаар нөлөөлдөг нь нэгэнт батлагдсан зүйл.  Бидний бага байхад, хүүхдүүд хоол идсэн аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлэж, хогоо асгадаг байв.  Эхэндээ дургүй албадлага маягтай байсан ч аав ээжээсээ эмээсэн сэтгэл нь аяндаа хэвшил болон төлөвшинө. Аав  ээждээ гэр орноо тохижуулах болон хоол хийхэд нь тусалж байхдаа тэд  амьдралын зөв хэвшилд суралцаж байдаг. Ийм орчинд байхдаа тэд хэзээ ч гэртээ шүлсээ шалан дээр хаядаггүй.  Хогоо хоймортоо цацдаггүй. Дуртай газраа бие засдаггүй.  Учир нь завааруулсан зүйлээ тэд өөрсдөө л цэвэрлэх болохоор.  Жижиг биед ахадсан юм шиг тэр хөдөлмөр нь хүүхдүүдийг бусдын хөдөлмөрийг хүндлэх хүндлэлд аажим аажмаар сургана. Гэр орон нь цэвэр цэмцгэр байх тусам гэр бүлийн гишүүд нь бие биенээ хүндэлж, ямагт сайхан байлгахын тулд хамтдаа  хичээж байдаг.

 

Харин гудамжинд бол бид өөр байдаг.

 Монголчууд бид өөрсдийн амьдардаг гудамжийг “хүнийх” гэж бодоод сурчихжээ.  Гэр хорооллынхон  болохоор хашааныхаа хогийг цэвэрлээд  бөөгнүүлсэн хогоо хашаанаасаа гаргаад л хаяж орхино. Арай ичингүйрэх сэтгэлтэй нь ойр хавьд байгаа гуу жалганд дөхүүлээд хаячихна.  Угаадас, муу усаа ч ялгаагүй хашаанаасаа гаргаад л асгаж орхино. Арай дөмөгхөн хүмүүжилтэй нь  шөнө орой болохыг хүлээдэг. Хэн нэгэнд харагдахгүй гэсэндээ тэр шүү дээ. Гудамж орчин хичнээн заваан байсан ч өөрийнх нь хашаа, гэр цэвэрхэн байгаа болохоор тэгтлээ санаа зовохгүй. Гэсэж үнэр орсон муу уснаас ам хамраа таглаад ч болов холдоно. Овоолж асгасан элдэв хогны хажуугаар тойрч дөлөөд ч болов  гарч одно. Гэхдээ л хичнээн тохитой сайхан гэрт  байх боловч мөнөөх л гудамжны хог, муу усны эвгүй үнэр холдох нь үгүй.
Орон сууцныхан арай давилуун.  Хогоо хогийн бункер руу асгах боловч мөнөөх хогны овооролдоон,  элдэв хүнсний муудсан хаягдал элдэв бактер, нян үржүүлсэн хэвээр.  Бид  энэ тухай бодохдоо “энэ бол бидний бус орон сууцны конторынхны ажил” гэнэ.  Заримдаа бухимдахдаа “сар болгон хогны мөнгө авсаар байгаа хэрнээ арай дэндүү хариуцлагагүй юм аа” гэж хэнд ч юм бэ хэлэх үгээ өөртөө л үглэх. Заримдаа заргалдмаар санагдавч “тэгж амьтан хүнтэй муудалцаад яах вэ, аягүй бол цонх хага цохиж орхивол яршиг” гэж өөрийгөө тайтгаруулна.  Хааяадаа залхуурсан сэтгэлдээ бага зэргийн хогийг балконыхоо цонхоор гаргаад хаяж орхих. “Арай хүний толгой онож гай болох  вий дээ” гэж бодовч “за тэгж аз нь ар дээрээ гарсан юм гэж хаана байх билээ”  гэж аархана. Байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай байхгүй болохоор хүүхдээ гэртээ л хорино. Хэрэг болгож найз нартай нь тоглуулчихсаны дараа “наад хог шороогоо сайн угааж цэвэрлээрэй ” гэж үглэхээ мартахгүй.
Хотын төв болохоор бүр ч амаргүй. Олон олон хүмүүс холхилдож байдаг тэр газарт хэн ч хэнийгээ гэх билээ.  Хайртай хосууд сугадалцан алхахдаа  хамтдаа цөмсөн самрын ясыг хаа ч хамаагүй хаяж л орхино. Гишгэх тоолонд хөл дор шажигнах тэр хогийг хэн ч анзаарахаа больж. Барьж яваа цаасны хогоо базаж байгаад гудамжинд чулуудчихна. Дэлгүүрээс авсан гоёмсог барааныхаа баглаа боодлыг хаана ч хамаагүй тавьж л орхино.  Алхам тутамд хогийн сав байхгүй болохоор, арай үзэмжтэй савыг нь хэн нэг нь хашаандаа аваачаад тавьчихдаг болохоор, үзэмж муутайг нь  хэн  ч тоохгүй болохоор, өөрсдөө бид хогоо хаяж сураагүй болохоор бидний эргэн тойронд хаа сайгүй хог хаягдал дүүрэн. Харин бид бодохдоо “Хотын захиргааныхан ажлаа хийж чадахгүй байна” гэнэ.  Бид энэ л далай мэт хогон дундаа дасч орхисон болохоор юу ч анзаарахгүй. Халамцуу нэгэн хашааны ёроолд шээж зогсоход  “байдаг л үзэгдэл” мэт ярвайж одно.  Харин өөрөө “хүндрэх” хэрэгтэй бол хэн нэгэн танилын гэр рүү л яарах.  Бидний толгойд “нийтийн бие засах газар бол нийтийнх л байдаг” гэсэн бодол бий. Нийтийнх  л  бол “бохир заваан” гэсэн ойлголт биднээс өнөө хэр салсангүй.

     Анзаараад бодвол бидний толгой ч хогоор дүүрч орхиж…

-Бидний толгойд “гэр бол минийх”,” гудамж бол хүнийх” гэсэн итгэл бат шингэж орхижээ. ” Бид л өөрсдөө болж байвал булт олон ч яамай байнаа” гэх аминчхан үзэл хоногшиж орхижээ.  Бидний орчинд байнгад хөглөрөх хог, угаадсанд бидний өөрсдийн сэтгэхүй дасч орхижээ.  Бид гэртээ өөрсдийн үр хүүхдээ цэвэрхэн, цэгцтэй байлгаж чаддаг мөртлөө гудамжинд гарахдаа хамтдаа л хог хаягдал, шүлс цэрээ хаа хамаагүй хаяцгаах.  Тийм болохоор дунд, ахлах, дээд сургууль төгссөн Монгол орны минь ирээдүй болсон залуус, нийслэлийнхээ төв талбайд  “Хонхны баяр” аа халамцуухан тэмдэглэж лонхны шил, шокаладны цуглуулга, чихрийн цаас, ундааны лааз гээд ууж идсэн бүхнээ хог хаягдал болгон талбайг дүүргэж байхад хээв нэг баяр бахдалтайгаар хараад л зогсож байх болж.  Улаанбаатар хотын захиргаа, Улс орны удирдагчид, хууль сахиулаггчид, хүндэт эрхэм багш эцэг эхчүүд бид  “ийм л байх ёстой” мэт  сэтгэнэ. Хэн үүнийг цэвэрлэх ёстой юм бол?

 

-Монголчууд бид  “баяжих” хэрээрээ амарч зугаалах нь их болжээ. Гэхдээ хараа хяналтгүй, ямар ч зохицуулалтгүйгээр.  Ууж идсэн, асгаж цутгасан болгон нь хог болон үлдэж байна, байгальд. Бидний эх болсон байгалыг гадныхан сүйтгэж байна гэж үглэх хэрнээ өөрсдөө бохирдуулж байгаагаа анзаарахгүй.  Сууж яваа машиныхаа цонхоор чулуудсан гялгар хальсан уут, байгальд уусаж шингэхгүйгээр 100 жил болдгийг  ч тооцохгүй. Тал нутгийн салхины аясаар хийсэн аль нэгэн ургамлын оройд дүүжлэгдэн торох олон хальсан уутнуудыг  “цэцэг” гэж андуурах хүртлээ л төөрөлдөх юм бид.   Байгалын сайхныг бахадсан сэтгэлдээ, хогоор дуургээд холдон одохдоо хэзээ харамсдаг болох юм бол бид. Хэн үүнийг цэвэрлэнэ гэж найдаж байгаа юм бол, бид?
-Социализмын үед л “цэвэрлэгч” гэж нэрлэдэг  ажилчнаар гудамж талбай, байрны орц, гадаах талбайгаа цэвэрлүүлсээр байгаад сурч орхижээ.  Тэгээд ч болоогүй тэр хүнээ хамгийн бага цалингаар ажиллуулж, дотор сэтгэлдээ “өрөвддөг” ч, хэрдээ дорд үзэх янзтай.  Тийм болохоор хэзээ ч бид өөрсдөө энэ ажлыг хийж болох юм гэж төсөөлдөггүй. Бид өөрсдийн гэрээ хэрхэн гоёж, тохижуулж сайхан байлгадаг шиг өөрсдийн амьдран суугаа гудамж талбай, орчин тойрондоо санаа тавьж сурах хэрэгтэй байна даа. Яагаад гэвэл, гэрээс гараад бидний амарч тухлах орчин бүхэн бидний амьдралын нэгэн хэсэг нь. Тэнд хог хаяж бохирдуулж байгаа,  шүлс цэрээ хаяж, бие засч хүртэл завааруулж байгаа бүхэн та бидэнд хамаатай.  Энд та биднээс хойш ч үр хүүхдүүд маань амьдарна. Ач зээ нар чинь ч тоглож наадаж өснө. Тэгэхээр яагаад бидэнд хамаагүй гэж?

 

  Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү…

Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын “дарга” болсонд зарим хүн эгдүүцэж, олон хүн баярлаж байгаа бололтой. Түүнийг УИХ-д нэр дэвшилгүйгээр энэ албанд зүтгэснийх нь төлөө би л лав түүнд  талархаж байгаа.  “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг түүнд нэг бодол байгаа байх.  Гэр хорооллынхны хөгжлийн талаар түүний гаргасан санаа ч надад таалагдсан.  Өмнөх үеийн олон удирдлагуудын завааруулсан хот төлөвлөлтийг эмхэлж, энэ хотод амьдарч байгаа иргэн болгоныг “эзэн” сэтгэлтэй болгох амаргүй ч хийхээс өөр сонголт үгүй. Гэр гудамж хоёрын хөгжил хэрхэн ойртох нь зөв эхлэлээс л хамаарна.
-Улаанбаатар хотод дөрвөн хананы дундах талбайг  орон сууц гэж үздэг бол өндөр хөгжилтэй орнуудад  бүхэл бүтэн цогцолбрыг орон сууц гэж тооцдог.  Тэр цогцолборт нь авто машины зогсоол, угаалгын газар, усанд сэлэх бассейн, интернет өрөө, амарч тухлах тасалгаа, баярлаж цэнгэх танхим бүгд багтдаг юм. Харин үүнийг СТАНДАРТ болгон боловсруулж, барилга барих компаниудад  заавал мөрдүүлбэл өөрсдөөсөө мөнгө гаргалгүйгээр олон асуудлыг шийдэж болно.

-Аль нэгэн дүүрэгт баригдах амины орон сууц \хаус\-ны загвар болон дизайныг хотын захиргаа нэгэн загвараар  хийлгэж иргэдэд санал болгодог жишиг бий. Тэр ч бүү хэл байшингуудын өнгө болон гаднах цэцэрлэгжүүлэлтийг хүртэл адил загвараар шаарддаг. Хаусанд амьдрах дуртай хүмүүс цэцэрлэгч болдог уламжлал бий. Учир нь тэд хотын захиргааны шаардсанаар гадаад орчны үзэмжээ өөрсдөө л хариуцах учиртай. Хэрэв өөрсдөө хийх дургүй болоод боломжгүй бол мэргэжлийн компаныг хөлсөлж хийлгэж болно.  Таны амьдарч байгаа газар зөвхөн танд биш, хөрш амьдарч байгаа хүмүүст ч хамаатай.
-Гудамж талбай бүрт, айл болгоны гадаа нэг загварын хогийн сав байрлуулж тодорхой өдрүүдэд тусгай зориулалтын машинаар ачиж болно. Байнга ингэж сургавал аажимдаа хүмүүс урамшиж, хогоо ангилж савладаг болдог. Хогийн сав нь адил загварынх байх аваас заавал хулгайлж хашаандаа аваачиж тавих шаардлагагүй. Албан газар бүр өөрсдийн хогийн савтай байж, дүүргээд ачих бүрт мөнгөө төлдөг болбол илүү хариуцлагатай болно. Мэдээж хэн нэгний авчирч хаясан хогны төлөө хэн мөнгө төлөхийг хүсэх билээ.

-За тэгээд гудамжинд хогоо хаясан хүнийг 100 000 дээш төгрөгөөр торгож, ил задгай бие зассан хүнийг 1 сая төгрөгөөс дээш хэмжээгээр торгож шийтгэж байвал, хэн ч зовж хөдөлмөрлөж олсон мөнгөө дэмий зүйлд хураалгахыг хүсэхгүй. “Хоггүй орчин” сарын аян, “Хоггүй цэвэр хот болцгооё” уриалга, “Та хогоо саванд хийсэн үү?” гэх мэт ухуулгын самбраас,  хуульчилж хэрэгжүүлсэн торгуул илүү үр дүнтэй байх болов уу даа. Харин цагдаа нар нь “найраад”, торгохынхоо оронд  торгуулийн мөнгөний хагасыг кармаалж, эхнэртээ аваачиж өгөөд байхгүй бол шүү дээ.

…Мэдээж монгол хүн болгон л  гэртээ төдийгүй, гудамж талбай, ойр орчиндоо айж түгшиж, уурлаж уцаарлахгүйгээр тайван сайхан амьдрахыг хүсч байгаа.  Бас гадаа сандал дээр нарлаж суугаад тоглоомын талбай дээр хөгжилдөн наадах үр хүүхдүүдээ харан өхөөрдөж суухыг хүсч байгаа.  Сайхан орчинд санаа тэнэгэр алхалхйг хүсч байгаа. Тэгээд энэ бүхнийг хэн бий болгох юм бэ? Гадаадынхан уу? Бид өөрсдөө л бий болгоно.  Э.Бат-Үүл даргатай хотын захиргаааныхан их зүйл хийж, санаачлах байх л даа. Харин бид өөрсдөө зөв сайн бүхнийг дэмжихгүй бол бас амжилт олохгүй. Тэгэхээр бид бага гэлтгүй өөрсдөөсөө олон зүйлийг эхлэх хэрэгтэй байна. Үр хүүхдүүддэ гэртээ үлгэрлэдэг шиг гудамж талбайд ч үлгэрлэж эхэлбэл тэд дахиад төв талбай дээрээ архидаж, хог хаялахгүй байх аа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-09-07

Share Your Thoughts