Гэр бүлийн үнэт зүйл ба “хамтран амьдрагсад”

Дан дээлтэй гарсан юм сан
Даараа болов уу, яагаа бол
Даанчиг намайгаа зовоосон юм сан
Жаргаа болов уу, яагаа бол

…Энэ ертөнцийн бүх л зүйл арга билгийн зохицолдоотой. Амьд биет бүхэн эсрэг хүйстнээ сонгож, өөрсдийн үр удмаа үлдээдэг. Мэдээж бодьгал бүхэн янз бүр хэдий ч эсрэг хүйстнээ хүсэмжлэх, түүн рүү тэмүүлэх, нөхцөлдөн зохицолдох зөн нь адил байдаг аж. Энэ бол байгалийн шалгарал, энэ ертөнцийн жам юм.
Хүмүүс бид ухамсрынхаа ачаар энэ зөнт үйлдэлдээ бусад адгуусан амьтдаас арай л өөр хандлагатай. Бид эсрэг хүйстнээ харж дурлаж, мэдэж хайрлаж, мэдэрч таашаадаг.

Өөрт таалагдсан нэгэндээ өөрийн сэтгэлээ илэрхийлж, харилцан ойлголцож, тохиролцсоныхоо үндсэн дээр гэр бүл болж хамтран амьдарцгаана.

Энэ үеэс бие биенээ өөрсдийн “өмч” гэж үзэн бусдаас харамлаж, хамтран амьдрахад хэрэгтэй бүх л боломж нөхцлийг хамтдаа бий болгон, хүсэл сонирхлоо нэгтгэдэг. Бас өөрсдийн үр удмаа төрүүлж, үүнийхээ төлөө хамтдаа чармайж, хайрлан энэрэх сэтгэлээр бие биенээ халамжилна. Аажим аажмаар гэр бүл тэднийг нэгтгэж, бие биед нь уусгаж, бие даасан бичил орчин болгон хувирна.

Гэр бүл болгон өөрийн ёс зүй, харилцааны хэм хэмжээ, эдийн засаг,  боловсрол эрүүл мэндийн асуудал, гадаад болон дотоод аюулгүй байдлын бодлоготойгоор оршин тогтнодог. Нийгмийн харилцааны бүх л тогтоц нь гэр бүлийн энэхүү бүтцийн томсгосон хэлбэр юм. Хүний нийгэм олон олон гэр бүлүүдийн харилцаан дээр бүрэлддэг. Энэ утгаараа гэр бүл бүхэн өөрсдийн бүтэц, үнэлэмж, үнэт зүйлтэй байдаг аж.

Нэг. Гэр бүлийн үнэт зүйл

…Ямар ч хүн өөрийн гэртээ л хүссэнээрээ байдаг. Заавал гоёх, бусдад зусардаж саймшрах, хэн нэгнийг захирах ба албархах шаардлага үгүй. Нийгмийн харилцаанд алжааж ядарсан, бас бухимдаж баярласан сэтгэлгээнээсээ гэртээ ирж л салж болно. Хэрэв бусдын эрх ашигт саад болохгүй л бол, хүн гэртээ юу хүссэнээ хийж болно. Энэ бол гэр бүлийн болон түүний гишүүн болох хувь хүмүүсийн эрх чөлөө юм.

Мэдээж хүн болгон өөр өөрийн араншин, үзэл бодол, хүсэл сонирхолтой байдаг лугаа гэр бүлүүд ч өөр хоорондоо ялгаатай. Үнэхээр бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан халамжилж, ойлголцон хүндэлж, хүсэл сонирхлоо нэгтгэснээр дүүрэн аз жаргалтай амьдардаг гэр бүлүүд бий. Эхэндээ бүх л зүйл нь сайн сайхан байснаа хувийн ёс зүй, элдэв муу зуршлаас болж хоорондоо зөрчилдөн, харилцаа нь сэвтсэн боловч тодорхой шалтгаан болон сонирхлын шаардлагаар “оршин тогтнож” буй гэр бүлүүд бий. Тодорхой хугацаанд ашиг сонирхлын зөрчилдөөн нь улам улмаар даамжирсаар ойлголцож чадахгүйд хүрч, бие биенээ гомдоон, салж холдсон гэр бүлүүд бий.

Гэр бүлүүд ямар байхаас үл хамааран бүх гэр бүлүүдэд адил байдаг гэр бүлийн үнэт зүйл гэж бий. Миний төсөөлж байгаагаар энэ нь:

1. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлах хайр
Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлаж, хүсч тэмүүлж байж л гэр бүл болцгоодог. Бие биедээ соронзон мэт татагдаж, салж холдох бүрд санан бэтгэрч, үргэлж хамтдаа л байхыг хүсэх хүсэл, өөрт тохиолдсон бүхнийг зөвхөн түүндээ л ярьж баяр гомдлоо хуваалцахыг хүсэх хүсэл, өөр хэнд ч биш зөвхөн түүндээ л эрхэлж нялхарч бас жаргаж байхыг хүсэх хүсэл бүхэн энэ үнэт зүйлийг бий болгодог.
Түүнийгээ энэ ертөнцийн хамгийн “гоо сайхан”, хамгаас ухаантай, бүхнийг чадагч гэж итгэх итгэл л хүндэтгэл бишрэлийг төрүүлнэ. Цаг ямагт түүнээсээ олон олон гайхамшигийг олж мэдрэн, түүнийг нь урам бишрэлийн үгсээр тэтгэж, түүнтэйгээ хамтад байх мөчид түнэр харанхуй орчлон ч айдасгүй, гэрэлтэй орчлон мэт санагдах дор хүмүүс ямагт аз жаргалтай, баяр баясгалантай байж чаддаг.
Хэрхэн үүнийг бий болгож, нандигнан хадгалж чадах нь тэр л хосуудын ухаан, мэдрэмж, тэвчээрээс л шалтгаалдаг гэнэм.
2. Үр хүүхэд
Хайртай хосууд үр хүүхэдтэй болох мөчдөө амьдрал нь ихэд өөрчлөгддөг. Эхийн сүүтэй хамт, сэтгэлд нь гайхамшигтайгаар уянгалах хайр, үнсэхэд хүртэл мэдрэгдэх нэг л өвөрмөц анхилуун үнэр, төрхийг нь харах бүрд зүрхэнд ёврох мэт мэт ер бусын мэдрэмжийг энэ л бяцxан ‘амьтан” бидэнд өгдөг. Яг энэ мөчөөс л хүний амьдрал тодорхой зорилготой, утга учиртай болон хувирна. Харах тусам хайр өхөөрдлийг төрүүлэх үр удмынхаа төлөө их зүйлийг хийх ёстой гэдгээ ухаарцгаадаг.
Тэр л ‘муухай амьтан”-ыг хооллох хувцаслах, өөрийн дураар байх орчинг бүрдүүлэхийн тулд илүү их хөдөлмөрлөж, илүү их орлого олох хэрэгтэй болно. Хүүхэддээ тоглоом худалдан авахдаа хүртэл баярлан дуу алдаж, хүүхдийнхээ тухай ярих бүрдээ царай нь  баяр баясгалангаар гэрэлтэж, үйл хөдлөл бүрийг нь бусдад хуучлахдаа өөрөө ч мэдэлгүй гайхуулж, онгирох нь энэ л үнэт зүйлийн илрэл.
Хоёрхон биедээ өгч байсан их хайраасаа хонгор үрдээ хагаслан өгч, ярих ярианы сэдэв, маргалдаж муудалцах шалтаг нь хүүхэд нь болдог. Үр хүүхэд гэдэг гэр бүлийн хамгийн үнэт зүйл болон хувирах дор л бид их зүйлийг ойлгож, их олон зүйлийг үүндээ “зохицолдуулна”.
3.Хамтдаа бий болгосон баялаг
Гэр бүл бий болсон цагаасаа л өөрийн материаллаг хуримтлалыг бий болгодог. Амьдрах тохилог сууц, хамтдаа унтах ор, унах машин, хоолны хэрэгслэл, өмсөх хувцас, зүүх гоёл бүхэн хамтын сонголт, хүсэл сонирхлынх нь илрэл. Өөртөө бус хайртай түүндээ зориулж худалдан авч байхдаа, үүнийг үзээд тэрээр хэрхэн дуу алдан баярлахыг сэтгэлдээ төсөөлөн уруулд нь инээмсэглэл тодрон жуумалзана.
Хааяадаа маргалдаж санал зөрөх авч нэг л мэдэх дор, бие биенийхээ хүсэл сонголт, сонирхол таашаалыг мэддэг болно. Хамтдаа бий болгосон материаллаг баялаг бүхэн тэднийг улам улмаар нэгтгэж, ямагт хамтдаа байх хүсэл сонирхлыг бий болгодог.
Ханан дахь уран зургийн цуглуулга, гайхамшигт номын сан, ваартай цэцэгнүүд, амарч тухлах буйдан, үзэж харах телевизор, гоёмсог чамин хоолны хэрэгслэл, тансаг сайхан ширээ бүгд л түүнийг ажлын дараа гэр рүү нь яаруулна. Гэртээ ирж хайртай түүнээ үнсэж, хамтдаа хүүхдээ эрхлүүлж, хааяадаа бие биедээ эрхлэн жаргаж байхдаа л энэ үнэт зүйлийг бүрэн мэдэрдэг.
Гэр бүлийн ийм үнэт зүйлүүд гэр бүлийн аз жаргалыг бий болгодог. Энэ үнэт зүйлээ хамтдаа бий болгож, хайрлан хамгаалж чадваас  хүмүүс гэртээ сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч чадна. Энэ бүхнийг төдийлэн анзаарч , хамгаалж чадаагүйгээсээ болж бид алдаа гаргадаг.
Хүмүүс янз бүр л дээ. Заавал адил байх албагүй ч гэр бүлийн үнэт зүйлд яах аргагүй адил хэмжээгээр анхаарах хэрэгтэй байдаг аж.
Хоёр. Хамтран амьдрагсад
Гадаадын олон оронд залуус бие биедээ дурлаж, бие биенээ сонгосон хэдий ч цаашдаа гэр бүл болж нэгдэн амьдарч чадах эсэхээ шалгах гэж хэсэг хугацаанд хамтран амьдарч “туршдаг” хэв маяг бий.  Тэд хэсэг хугацаанд хамтран амьдарч үзээд, боломжтой мэт санагдвал гэр бүл болцгоож, боломжгүй гэж үзвэл бие биенээсээ уучлал хүсэн, салж одоцгоодог.  Үзэл бодол болон амьдралын хэв маяг таараагүйн төлөө заавал бие биенээ хараан зүхэж, бусдад муучлан сурталчилж, эсвэл шанагаар толгой руу нь цохихгүйгээр шийдвэр гаргах нэгэн хэлбэр юм л даа.
Гэр бүлийн өөрийн гэсэн дэг жаягтай монголчууд бидэнд энэ үйлдэл нь “гажиг”, “завхарал” мэт санагдаж байсан ч, даяаршиж буй өнөө цагт монгол залуус маань энэ хэлбрийг сонгох болсон нь нууц биш. Алив зүйл сайн муу хоёр талтай байдагчлан, энэ үйлдэл  зарим залууст зөв сайн “туршилт” болж байгаа бол нөгөө нэгэн хэсэгт нь “завхайрал”, “зугаацах тоглоом” болж ч мэдэх.
…Үүнийг үл нуршин өгүүлэх нь:
Монголчууд бид амьдралаа дээшлүүлэх гэж, өөрийгөө хөгжүүлэх гэж, юм үзэж нүд тайлах гэж гадаадын олон оронд сурч ажиллаж амьдрах болсоор багагүй хугацааг элээж буй.  Яг нарийн тоо гаргаж чаддаггүй ч ойролцоогоор 300 000 орчим монголчууд гадаадад байгаа гэж үздэг. Тэдний олонх нь ганц биеэрээ, цөөнх нь гэр бүлээрээ байгаа. Тэд гадаадад ажиллаж байж олж буй мөнгөнөөсөө монголд байгаа гэр бүл болон ах дүүсийн амжиргаанд зориулж багагүй мөнгийг илгээдэг нь монголын эдийн засагт нилээд сайнаар нөлөөлж байна.
Энэ бүхнээс илүүтэй тэдний амьдралын хэв маягт шинээр орж ирсэн “хамтран амьдрах” хэлбэр нь хүмүүсийн сэтгэл зүйд янз бүрээр тусч буй. Хэдийгээр ил гаргаж зүрхлэхгүй байгаа ч, ямар нэгэн баримтыг хөндөхгүй байгаа ч энэ сэдэв нь олон монголчуудын хувьд маш “эмзэг” зүйл болон хувирч байна. Энэ тухай саяхан www.orloo.com сайт дээр нэрээ нууцалсан нэгний бичлэг болон түүний дор бичсэн сэтгэгдлүүдээс үүнийг анзаарч болно.
“Даравч дардайна, булавч бултайна” гэдэг үгээр энэ тухай хөндөж, нийгэмд болон олон нийтэд зөв талаас нь ойлгуулж, ямар нэгэн гарц олох зайлшгүй шаардлага нэгэнт бий болж байгаа нь үнэн. Хэдийгээр тодорхой баримт гаргаж чадахгүй ч энэ талаар өөрийн ажиглалт болон санаа бодлоо илэрхийлэхээр шийдлээ.
Хамтран амьдрах хэлбэр нь:
1. Олон жил гадаад оронд мөнгөний төлөө ажиллаж амьдарч байгаа зарим хүмүүст зайлшгүй шаарддагдаж буй физиологийн хэрэгцээ, ажлаас ядарч ирэхэд нь үгүйлэгдэж байгаа халамж анхаарал хэрэгтэй байгаагаас
2. Зөвхөн ажил-гэр гэсэн маршрут, мөнгө-хэрэгцээ гэсэн шаардлагаас үүдэлтэй ганцаардал, бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж, зовлон жаргалаа хуучилж чадахгүй байгаа бэтгэрлээс
3. Өртөг өндөртэй газар ажиллаж амьдрахдаа өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд зардлаа хэмнэх шаардлагаас бий болж байгаа хэрэг.
Тэд ‘мөнгөний машин” биш ” хүн’ юм болохоор тэдэнд гэр бүлийн үнэт зүйлс болон сэтгэл санааны дэмжлэг үнэхээр үгүйлэгддэг.  “Бие нь холдохоор сэтгэл нь холддог” гэдэгчлэн олон жилээр бие биенээсээ хол байх, зөвхөн мөнгөн дээр тогтсон сонирхлын харилцаа ч энэ үйлдэл рүү түлхэж байгаа нь нууц биш. Нөгөө талаар урсан урсах он жилүүд тэдний нас, болон гоо сайхныг хамтад нь урсгаж л байгаа.
Хамтран амьдрагчид бие биедээ дутагдаж байгаа олон зүйлийг нөхөж байгаа хэдий ч, хэн хэн нь өмнө босгосон амьдралаа нураахгүйг л хичээнэ. Гэхдээ л бүх зүйл санаснаар болдоггүй. Ажлаас ядарч ирээд аяга хоолоо хамтдаа идэвч сэтгэл цадах нь үгүй. Нэгэн орон дээр шөнийг хамтдаа өнгөрөөвч бие сэтгэл тэгтлээ жаргах нь үгүй. Олж буй мөнгөнөөсөө хэрэгцээн дундаа хуваавч, баярлан баясах нь үгүй. Амьдрал мөрөөдлийн тухай өөр хооорондоо яривч сэтгэл нэг л шаналж, яриа нэг л эвлэхгүй.
Элдэв хов жив, хэл ярианы улмаас үүсэх хардлага, хэрүүл маргаан шаналж яваа сэтгэлийн шархыг хөндөж, холбож ядан буй итгэлийн холбоосыг тасалж орхих нь бий.  Ээдрээтэй энэ л орчил дунд бие биедээ дасан дассаар зарим хамтран амьдрагчид “гэр бүл” болон хувирах нь бий.
Аргагүй тавиландаа зарим хосууд ойлголцон “тохиролцовч’ сэтгэлийн гүн дэх хөндүүрийг яалтай. Олж буй мөнгөөрөө эдийн сайныг худалдан ававч, холдож алсрах хайрын сэтгэлийг яалтай. Өдөр хоногийн урсгалд өнгө мөнгөөр арилжигдах өрх гэрийн амьдралын үнэ цэнийг яалтай.
Хүссэн ч эс хүссэн ч бид үүнийг ил гаргаж, ойлгох хэрэгтэй болж байна. Хүсэл сонирхлоор бус хэрэгцээ шаардлагаар бий болж буй “хамтран амьдрах” гэр бүлийн энэ хэлбэр нь, монгол гэр бүлүүдийн үнэт зүйлийг үгүй болгож байна. Яг анзаараад үзэх ахул энэ хэлбэр нь, гэр бүлүүдийн үнэт зүйлийн материаллаг сонирхол дээр дээр л илүү тогтож байгаа.
Бид ядуу, өөрийн эх орондоо амьдарч, хүссэн хэрэгцээ шаардлагаа бий болгож чадахгүй байгаа нь нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энд материаллаг сонирхол давамгайлснаас л бие биенээ чин сэтгэлээсээ хайрлах хайр халамж, үр хүүхдийнхээ төлөө гэсэн үнэт зүйл нь үнэгүйдэж байгаа.
Бид ингэтлээ ядуурцгаасан гэж үү?
Гурав.Төгсгөл
Олон олон өрх гэрийн нэгдэл дээр тогтдог төр, энэ л гэр бүлүүдийн үнэт зүйлийг хамгаалж байх учиртай. Ядахнаа л харьд явахад нь гэр бүлээрээ явах боломж олгохыг хичээж, гэрээ хэлцэл хийх нь төрийн үүрэг. Гэтэл ид залуу насны хэдэн мянган залуусыг харьд ажиллуулахаар илгээж, бас үүнийгээ бахархан сурталчилж байгаа төрийн мунхагуудыг яалтай. Ганц биеэрээ харьд ажиллахаар явж байгаа энэ олон залууст ийм л харамсалтай тавилан учирч болох. Хэн үүний төлөө хариуцлага хүлээх юм бол?.
Өөрсдөө эхнэр хүүхэдтэйгээ харьд зугаацаж, завшиж олсон мөнгөөрөө дэлгүүр хэсч, казино тоглон үрж явахдаа энэ л оронд ингэж амьдарч байгаа жирийн монголчуудаа тэдэнд атаархаж, бас баярлан бахархаж байгаа гэж тэд бодож байгаа юм биш байгаа даа. Тэд баяжиж болноо. Харин жирийн иргэд нь хагартлаа баяжихыг бус, ажил хийж хөдөлмөрлөөд олж буй мөнгөөрөө өөрийн эх орондоо, хайртай гэр бүлтэйгээ амар тайван амьдрахыг л хүсч байгаа. Ийм боломж нь байдаг бол хэн ч харьд сэтгэл болон амьдралаа золиослон амьдрахыг хүсэхгүй.
Үүнийг ойлгож төрийн бодлогоо чиглүүлэхэд хэр их ухаан, цаг хугацаа хэрэгтэй юм бол?
Өнгө мөнгөний төлөөх энэ л амьдрал дунд цөөхөн монголчууд бид, өөрсдийн хүн чанар, итгэл үнэмшил, үнэт зүйлсээ алдсаар л…Хэдийгээр өөрийг нь гомдооогоод хаяад одсон мунхаг түүний араас:
Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан
Хөрөө болов уу, яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан
Жаргаа болов уу, яагаа бол
гэж зөвхөн монголчууд л дуулж, сэтгэлээ илчилдэг байсан юм даа.
ӨРХ ГЭР АМГАЛАН БАЙВААС, ТӨР ТҮВШИН АМГАЛАН

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-01-04

Share Your Thoughts