“ДАРГА” ДҮР

…Шийдвэр гаргах эрх бүхий албан тушаал дээр томилогдон үүнийхээ төлөө хариуцлага хүлээж байх үүрэгтэй дарга нарын тухай бидний ойлголт өөр болж эхэлжээ. Гаргасан  буруу муу шийдвэр болоод олон нийтийн эрх ашгийг хохироосон хууль бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй Монголын өнөөгийн нийгмийн ” гажсан” тогтолцооны гайгаар дарга хүмүүсийг хулгайч, луйварчинтай адилтгаж үздэг сэтгэлгээ бий боллоо. Олон олон хүмүүс шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалуудыг “бизнес” болгон ойлгож, бусдад өөрийгөө гайхуулах боломж хэмээн сэтгэж, дураараараа дургиж болох орон зай гэж харж байна. Монголын Төрийг 26 жил ээлжилж барьсан МАН, АН-ын удирдлагуудын бий болгосон муу жишиг. Тийм ч учраас УИХ-ын болон орон нутгийн сонгуулиудад будилаан, улайрал, эрээ цээрээгүй, ичгүүр сонжуургүй үйлдлүүд гараад байгаа хэрэг. Ямар нэгэн албан тушаал дээр дарга болохоор зүтгэж байгаа хүмүүс ХАРИУЦЛАГА гэдэг зүйлийн талаар огт төсөөлөлгүй байгаа болохоор айж ичихээ умартаж байна.
УГ НЬ “ДАРГА” ГЭДЭГ ЧИНЬ БАЙНА ШҮҮ ДЭЭ:
1. Тухайн салбрынхаа талаар өндөр мэдлэг мэдээлэлтэй, наад захын ажилтан дээр очоод “үүнийг чинь ингэж хийдэг юм аа” хэмээн заагаад хэлэх туршлагатай байх ёстой
2. Биеэ авч явах талаар хамгийн үлгэр жишээ, өөрийн санал бодлоо бусдад цэгцтэй ярьж ойлгуулах чадвартай, ядаж л өөрт тань учирлан ярьж байгаа хэний ч тайлбрыг тэвчээртэй сонсож чаддаг байх учиртай
3. Ямар ч цаг үед зөв шийдвэр гаргах сэтгэлгээтэй, зөв шийдвэрээ хамгаалж, буруу шийдвэрийнхээ төлөө уучлал гуйн хариуцлагаа хүлээж байх ухамсартай байх үүрэгтэй
4. Ажилтан тань ажлын цагаа дуусгаад гэртээ тухтай амарч байхад,  бусдын өмнө хариуцлага хүлээснийхээ төлөө таны оюун бодол, санаас сэтгэл амралгүйгээр 24 цаг байнга ажиллаж байх хэвшилтэй байх ёстой
5. Ашиг сонирхол, алдар нэрэнд шуналгүйгээр хийж буй ажилдаа чин зүрхнээсээ хандаж, сэтгэлээ шингээн, үнэнч шударгаар ажиллах үүрэгтэй
Түүнээс бус мэдэхгүй зүйлийнхээ шившиг нь болон худлаа “мэдэмхийрч”, чадахгүй зүйлийнхээ боол нь болон бусдад “гологдож”, дээд албан тушаалтандаа зусардан “далдаганаж”, доод ажилтнууддаа дээрэлхэн “томорч”, ашиг мөнгө хайн шүлсээ савируулж, идэх уухын донд  гүзээгээ унжуулан аахилж, хариуцлагаа өөрөөсөө зайлуулан бусдад тохож, бусдын хийснийг өөрийн болгон хөөргөж явдаг хүмүүсийн хийх ажил бишээ.
НАМУУДЫГ ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ.
“Даахгүй нохой булуу хураана” гэдэг үлгэрээр энэ олон ДАРГА дүртэнгүүдийг сонгуульд ялсан намууд өсгөн бойжуулж байна. Сумуудад дунджаар 2000-3000 орчим, аймгуудад дунджаар 10000-20000 орчим хүмүүс амьдарч ажилладаг. Энэ хүмүүсийг МАН-ын гишүүн, АН-ын гишүүн гээд хуваахаар юу болох билээ. Сонгуульд ялсан намууд нь “Бялуу” хуваах зарчмаар ялагдсан намуудын томилсон хүмүүсийг ажлаас нь халж, өөрсдийн хүнээ томилдог заваан үйлдэлд бид дасч орхижээ.Ойролцоогоор 50 000-100 000 орчим Төрийн албан хаагчид солигддог гэж уншиж байснаа санаж байна. Юун шударга ёс, юун хөгжил дэвшил. Монголчууд бидний амьдрал дөрөв дөрвөн жилээр хязгаарлагдан, сэтгэлгээ нь ч дөрөв дөрвөн жилээр хашигдаж байна. “Дараагийн сонгуульд ялагдаж магадгүй” сэтгэлийн түгшүүр дор “улсын ажил” хийхээсээ илүүтэй, амжиж хулгайлан завших сэтгэлгээ оршиж, бид ч өөрсдөө энэ сэтгэлгээндээ даслаа. Намуудын удирдлагад байгаа цөөхөн хүмүүсийн биднийг тэнэг байлгаж, өөрсдөө олигархи болох арга зам, боломж нь тэр. “Тэнэгүүдийн дотор уужим” гэгчээр бидний байгаа царай нь энэ.
Ийм цөөхөн хүн амтай, “сайн яривал садан төрөл болчихдог” монголчууд бидний хувьд намуудын гишүүнчлэл нэрээр хуваасан хуваагдал хамгийн муу үзэгдэл. Бараг хүн болгоноо нэрээр нь эс гэхэд зүсээр нь таньдаг бидний хувьд  хэн хэнийхээ “сайн, муу” г мэдэх хэрнээ намуудын дарангуйллаас айгаад дуугарч чаддаггүй. Ийм онцлогоо харгалзаад намуудыг гишүүнчлэлгүй болгох нь хамгийн зөв шийдэл мөн. Намуудын удирдлагууд институт хэлбрээр ажиллан бодлого, Монголыг хөгжүүлэх мөрийн хөтөлбрөөрөө өрсөлдөн иргэд түүнээс өөрийн сонголтоо хийдэг боломжийг олгох хэрэгтэй байна. Яг үнэндээ намуудын мөрийн бодлого хөтөлбрийг мэдэж байгаа нь хэд байгаа юм бэ? “Сонгуульд ялж магадгүй, сонгуульд ялбал надад албан тушаал, ажил олдож магадгүй” гэсэн ядмагхан горьдлогоор л “цүнх барьсан” далдаганагчид бий болоод байгаа юм. Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж, сонгуульд аль нам ялснаас үл хамааран хөгжил дэвшлийн төлөө хариуцлагаа хүлээж ажилладаг тогтолцоог бий болгож байж л бид ХӨГЖЛИЙН ТУХАЙ ярих боломжтой болно доо.
ХАРИУЦЛАГА ГЭДЭГ ЧИНЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ ЮМ ШҮҮ ДЭЭ.
Төрийн болоод ямар ч албан тушаалд ажиллаж буй хүний хамгийн эрхэм зүйл нь ХАРИУЦЛАГА мөн. Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байгаа хүнээс өрөөл  бусдын төлөө шийдвэр гаргаж буй хүний хариуцлага маш өндөр. Буруу гаргасан шийдвэрийн муу үр дагавар нь иргэд болоод улс орны хэмжээнд нөлөөлдөг болохоор. Ийм ажлыг зүгээр л хэн нэгнийг цүнхийг барьж далдаганан гүйдэг арчаагүй хүмүүс хийдэг юм  биш. Биднээс тэнэг хүмүүс биднийг удирдаад байгаад л олон хүмүүсийн бухимдлын шалтгаан нь  оршиж буй. Тэгээд тэр тэнэгүүд нь тэнэглэлийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй болохоор давраад байгаа хэрэг. Бүр олон олон тэнэгүүд нийлээд хамтаараа давраад байгааг бид харж байна.
Бид одоо тэднээс ХАРИУЦЛАГА шаардах цаг нь болсон. Буруу муу шийдвэр гаргаж иргэд, олон нийт, улс оронд хохирол учруулсан хүмүүсийг шалган тодруулж, тэднийг шоронд суулган, хууль бус аргаар олсон бүх хөрөнгүүдийг хураах шаардлагатай. Эс тэгвэл хууль бус аргаар олсон хөрөнгө, мөнгөнүүдээ нуучихаад, нэг нь шоронд суун гарч ирээд мөнөөх хөрөнгөөрөө гайхуулан бидний өмнөөс нулимцгааж байна шүү дээ. Бид эрх мэдэлд хүрсэн дарга нарт хариуцлага тооцож чадахгүй бол “Дарга” дүртэнгүүд улам олширсоор, бид тэднийг харан харан бухимдсаар л байх болно. Энэ дарга нар элдэв бусаар өөрсдийгөө өмгөөлөн тайлбарласаар байх авч, Монгол орны эдийн засгийн хямрал, ард иргэдийн ядуурал улам ихэссээр байна. Үүнээс илүү тэднийг буруутгах нотолгоо бий гэж үү? Уг нь ДАРГА гэдэг чинь бусдын төлөө ХАРИУЦЛАГА хүлээх үүрэг юм шүү дээ.

Share Your Thoughts