Дассан нүд, дөжирсөн сэтгэлгээ

…”Сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолзоно” гэдэг хэллэгээр хүмүүс эхэндээ аливаа юмыг ихэд сонирхон сониучирхаж байснаа удалгүй уйдаж, аажмаар дасан тоохоо больдог. Дассан хойноо анхлан сонирхож байсан зүйлээ “байх л ёстой зүй” мэтээр хандаж огтхон ч анзаарахгүй. Ахуй амьдралын явцад ийм тохиолдол зөндөө л байдаг. Харин улс орны амьдралд ийм байдал нилээд газар авах байдалтай. Өнөөгийн манай улстөрчид монголчууд бидний ийм сэтгэхүй дээр нилээд “ажиллаж” сурч байна даа.
Хүмүүс гэртээ яаж байх нь хэнд ч төдийлэн хамаатай бус. Харин гэрээс гараад нийгмийн орчилд олон нийттэй хамтдаа ажиллаж, амьдрах болон чөлөө цагаа хамтад өнгөрүүлэх бүх л боломжинд оршин буй сайн муу үзэгдлүүд бүгдэд нь хамаатай. Бидний эргэн тойронд байгаа муу зуршлууд, бидний сэтгэл зүй болон араншинд нөлөөлж байдаг. Бидэнд дасал болон хувирсан муу зуршлууд олон ч хүнийг бухимдан шаналах шалтгаан нь болж байгаа. Ийм байдал газар авах тусам аажим аажмаар нийгмийн байгууллыг бохирдуулж, шударга байдал болон амгалан тайван амьдрах баталгаа алдагдан, нийтээр хямран бухимдахад хүргэнэ.
Монголчууд бид одоо үед эргэн тойрноо арай өөр нүдээр харж, өөр сэтгэлгээгээр анзаарах хэрэгтэй болж байна.” Яагаад?” гэвэл бидэнд олдож буй сайн боломжууд буюу уул уурхайн баялаг нь эдийн засгийн талаасаа бидний цаашдын сайнаар хөгжих боломжийг авчирч байгаа. Харин энэ боломжин дээрээ монголчууд бид өөрсдөө бас өөрчлөгдөн хөгжихийг хичээх хэрэгтэй мэт. Эс тэгвэл “Муу хүнд үг бүү хэл, мухар үхэрт худаг бүү үзүүл” гэдэг хэллэгийн жишээ болж мэдэх. Яг одоогоор бид цөхөрсөн сэтгэлийн, дасал болсон муу зуршлуудаа өөрчлөхийн
тулд хамтдаа л санаа тавих хэрэгтэй болж байна.

ЮУНД ДАСЧ ОРХИО ВЭ? гэж үү?


Нэг. ХОГ ХАЯГДАЛ

Өнгөрсөн хавар Монголын Их Дээд сургуулиудыг төгсөгчид, Сүхбаатарын талбайд сургууль төссөний “Хонхны баяр”  аа хэрхэн тэмдэглэснийг фото зургаар авч феисбуук дээр тавьсан байсныг харлаа. Улс орны минь төв болсон хүндэтгэлийн энэ талбай тэр өдөр хогоор дүүрчээ. Энд тэндгүй л архи, пиво, ундааны шил лааз, элдэв наборын хайрцаг. Нүдээ бүлтийтэл гоёж, сэтгэлээ дэвэртэл хөлчүүрсэн манай орны “гэрэлт ирээдүй” болсон залуус минь энэ их хогнийхоо цаана тэгтлээ сайхан харагдахгүй байлаа. Монгол орны гэрэлт ирээдүй, хөгжлийн
түлхүүр болсон сэхээтэн залуус маань ч, тэднийг харан бахархах аав ээж, ах дүү, амраг саднууд ч энэ их хог хаягдлыг үл тооно. Бид хог хаягдалд ингэтлээ дасч орхижээ. Бидэнд “байдаг л зүйл” мэт санагдах энэ үзэгдэл нь өндөр хөгжилтэй гадныханд дэндүү бүдүүлэг мэт санагдахыг бид төсөөлөх ч үгүй.
Яг л энэ сэтгэлгээгээр бид хог хаягдлаа хаа ч хамаагүй хаяж орхидог муу зуршилтай болж орхиж. Урдаас минь алхан ирж яваа гоо бүсгүй идэж буй амттаныхаа цаасыг хээв нэг газар хаяж орхиход л түүний гоо үзэсгэлэн “бүдгэрч” орхидог юм шүү дээ. Энэчлэнгээр гудамжинд бас хаа хамаагүй хогоо хаях нь бидний боловсрол, соёлын том хэмжүүр болж байгааг бид анзаарахгүй. Энэ байдлыг өөрчлөх гээд гудамжиндаа хогийн савуудыг хичнээн янзаар байрлуулаад ч тусыг эс олох. Орон сууц болон гэр хорооллын хогийн байдалтай жиших ч зүйл үгүй болжээ.
Бид хичнээн гоёж гангалаад бидний эргэн тойронд байгаа хог хягдал биднийг хэзээ ч гоё сайхан харагдуулахгүй шүү дээ.

-Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү?

Хүн болгон л хогийн саванд хогоо хийгээд сурчихья л даа. Хогоо гартаа барьж яваад ойр байгаа хогийн савны гадна ч биш, яг дотор талд нь хийгээд сурчихвал болох нь тэр. Бусад нь тэгж хаяхгүй байсан ч хамаагүй ээ, та л заавал хаяад сурчих. Хэрэв хогийн сав байхгүй бол гялгар уутанд хийж авч яваад хогийн савтай газар олж байгаад л хийж болно. Бусдын газар хаясан хогийг хүртэл хогийн саванд аваад хийж болно. Энэ тийм ч хэцүү биш шүү дээ. Хэрэв бид ингэж хэвшвэл, Улаанбаатар хотын эрхэм дарга нар алхам тутамд хогийн сав байрлуулж
дөнгөх байх. Тэдэнд ийм мөнгө байгаа, харин одоогоор сэтгэл дутаад байгаа болов уу даа.
“Улс орны хөгжил хогийн савнаас эхэлдэг” гэвэл та инээх байх л даа. Яг үнэндээ хогийн савнаас л эхэлдэг юм шүү дээ. Бид эх орныхоо хөгжилд, “хогийн саванд хогоо хийж сурснаар” нэмэр болж байгаа хэрэг.

Хоёр. АРХИДАЛТ

Монголын Их Дээд сургуулийг төгсөгч, монгол орны гэрэлт ирээдүй болсон залуус минь мөнөөх хог, хаягдлаар дүүрсэн хүндэтгэлийн талбайгаа орхиод, баяраа үргэлжлүүлэхээр баар цэнгээний газар болон амралт зугаалгын газруудыг зорин одоцгооно. Ажил амьдралын алтан босгоо архиар даруулан алхаж орж байгаа тэдний, алс ирээдүй ч архин дунд ч мэлтэлзэн харагдах авай. Сургууль төгссөний баяраа согтууруулах ундаагаар тэмдэглэсэн тэр дурсамж дүүрэн хоногуудад хичнээн сэтгэл хиртэж, хичнээн бие махбодь тарчилж, хичнээн үр хүүхэд
“гэнэт олдоод, гэгээн алсад буцан одсон”ыг бурхан л мэдэх байх.
Монголчууд бид бүх л баяраа заавал архидаж тэмдэглэж сурснаар, эрүүл үедээ сэтгэлээ нээн, илэн далангүй ярилцах чадвартай хүмүүс ч цөөрсөөр. “Зуу татаж зүрхээ чангалах” гэдэг бас л үндэсний зан заншлын хэмжээнд очиж буй байхаа. Монголчууд бидний цөс ихт, өвөрмөц заншлын ачаар, өнөөгийн монгол орны хөгжлийг мөнөөх л архины хэдэн үйлдвэрүүд гадаадад “нүүр тахалж” байна шүү дээ. Ядаж байхад гаднах сав баглааны гоёмсогийг яана. Гадаадынхан бүү хэл бид ч өөрсдөө алмайран гайхмаар. Уудаг архины реклам, ууж даадаг бахархлаар л
монголчууд бид гадаад ертөнцөд танил болж мэдэх юм. Яг энэ дээр манай улстөрчид “сайн ажиллаад” байгаа юм. Өнөөдөр Монголд үйлдвэрлэж байгаа согтууруулах зориулалтай ундааны үйлдвэрүүдийн ачаар, жилд нэг монгол хүнд 50 л архи ноогдож байгаа юм гэсэн. “Баярламаар ч юм шиг бахадмаар ч юм шиг” тоо. Харин үүнийг мэдэж байгаа зарим нь  “Хэрвээ би уухгүй юм бол, хэрвээ чи уухгүй юм бол, хэрвээ бид бүгдээрээ уухгүй юм хэн энэ их архийг барах билээ” гэж уриалан уриалсаар “тасарцгааж” буй.
Архинаас үүдэлтэй хэрэг зөрчил, зовлон шаналлыг тоочиж барамгүй. Энэ үзэгдэл нь монголчуудын хувьд цөхрөлийг даваад дөжрөлд хүргэчихсэн байгаа. Хагартлаа баяжиж байгаа улстөрчид, бизнеснемүүдийн ач тусаар монголчууд бид тасартлаа ууцгааж, энэ бүхнийгээ “байх л зүйл” мэтээр бодох болсон нь үнэн.

-Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү?

Хүн болгон уух хэмжээгээ багасгаж, соёлтой хэрэглэж сурцгаая л даа. Заавал тасарч унаж, эсвэл огиж бөөлжсөнөөр “бие сэтгэлийн жаргалыг эдлэхгүй” шүү дээ. За тэгээд хуулиндаа 21 нас хүрээгүй бол архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэдгийг хуульчилж болно. Тэгвэл ядаж дунд сургуулийн сурагчид болон оюутнууд архи пивоноос хол өснө. Хэрэв хүүхэд нь архи уусан бол эцэг эхийг нь дор хаяж сая төгрөгөөр торгож болно. Энэ олон архины дэлгүүрүүдээ цэгцэлж, цөөхөн хэдэн цэгт худалдаалж, худалдах цагийг нь хуульчилж болно. Үүнийг
зөрчиж худалдсан бол хөрөнгийг нь хураагаад шоронд хийж орхи. Ядаж л хашраг дээ. Шөнө орой уумаар санагдаад байвал бааранд орж үнэтэй архи пивоо ууцгааг. Согтож “шогтоод” байвал цагдаа нар нь шууд баривчлаад саатуулж орхино. Олон нийтийн аюулгүй байдал,амгалан тайвныг сахиулах гэж л цагдаа нар ажилладаг юм шүү дээ.

Гурав. ХАРААЛ ХЭРҮҮЛ

Нэг нөхөр хүүхдээ загнаж байнаа. “Энэ п..а, сургууль дээрээ багшийгаа п..а гэж хараадаг гэнэ. Яадаг муу п..а вэ? Ахиад тэгж хэлбэл ална шуу п..да минь”. Орос ах нараас уламжилж ирсэн п..а гэдэг энэ үг хараал гэхээсээ амны уншлага болж орхиж дээ, монголчуудын хувьд. Бусдыг хараахаас гадна тоглож байгаа алдаж орхивол п..а, тонгойж байгаад унаж орхивол п..а, ууж байгаад цацаж орхивол п..а, идэж байгаад хахаж орхивол п..а, бүр цаашлаад хүүгээ п..а гэж өхөөрдөх, эхнэрээ п..а гэж хайрлах, ээж аавыгаа п..а гэж халамжлахад ч хүрч болзошгүй. Энэ бол
уншаад байх сайхан үг биш л дээ. Гэхдээ чихэнд хичнээн муухай сонсогддог гээч. Гэтэл бид бараг л” сайн уу?” гэдэгтэй адил хэмжээнд сонсоод дасч орхиж.
Яг энэчлэнгээр бид ерөөлийн гэхээсээ хараалын үгэнд их дасдаг бололтой. Ядаж байхад бид ярианы чадвар муутайг хэлэх үү? Хэлэх гэсэн санааныхаа хэдэн хувийг хараалаар хачирлах билээ. “Муу хүүр минь орой очоод чамайг ална шүү” гэж хэн нэг нь утсаар харааж байвал гэнэт цочирдон “хүн амины хэрэг гарах нээ” гэж айн сандрахын оронд “энэ маань мөн ч их ууртай байнаа” гэж өхөөрдөнгүй бодох жишээтэй. Энэ хэрээрээ аялгуут сайхан монгол хэлний  утга төгс гайхамшигт үгсийг мэддэг, ойлгож хэрэглэдэг хүмүүс цөөрсөөр. “ХЭЛ,ХИЛ, МАЛ 3 тайгаа
байж л монгол хөгжинө” хэмээн З.Дорж гуай нэгэнтээ омгорхож билээ.

-Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү?

Хүн болгон л дор бүрнээ хараалын үг хэлэхээ багасгая л даа. Хэлэх бүрдээ,” үгээ анзаарч үйлээ цэгнэж байх нь” зөв төлөвшлийн эхлэл дээ. За тэгээд п..а гэж хэлсэн хүний амыг савантай усаар угаалгаж болно. Хэлэх бүрд нь эелдгээр сануулан, тоглоом шоглоомоор ч болов оролдоод болиулж болно. Зарим залуус “яаж сайхан ярьж сурах вэ?” гэж боддог. Мэдээж ном их унших тусам тэр л яруу сайхан хэллэгүүд нь сэтгэлд хоногшиж л орхино. Манай энэ хошин шогийнхон, театрын тайзнаа тавигдаж байгаа жүжгүүд, өдгөө борооны дараах мөөг мэт дэлбэрэн
дэлгэрч байгаа уран сайхын кинонууд бүх л хэллэгээ яруу сайхнаар илэрхийлж эхлэхэд л хүмүүсийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлж чадна. Бас хэвлэл мэдээллийнхэн болон ТВ нэвтрүүлэгчдээ хэлийг “зажлуулахгүй”гээр утга төгс бичиж ярихад сургамаар. Энэ талаар өндөр шаардлага тавьж, сонгож байх нь хэрэг болно.

Дөрөв. АВИЛГАЛ

Гадаадад олон жил суралцаж, ажиллаж амьдарч байгаад монголдоо буцаж очсон олон хүмүүсийн огт ойлгож, дасахгүй байгаа зүйл нь Монголын Төрийн албаныхны авдаг авилгалын жишиг. Хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөх болсон ч багш асрагчдын гарыг, эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх болсон ч эмч сувилагчдын гарыг, бичиг баримтаа бүрдүүлэх болсон ч байцаагч түшмэд, эрх мэдэлтний гарыг заавал цайлгаж, сэтгэлийг аргадах хэрэгтэй болно. Асуудал шийдсэн ч араас нь “би цалин багатай хүн шүү дээ” гэх шиг мэлтийтэл ширтээд, гар дагуулж хараад байгаа
нүдийг яалтай, “шийдэх гээд ч байгаа юм шиг, шийдэхгүй гээд ч байгаа юм шиг” ацан тэх үйлдлийг яалтай. Аргаа барсандаа арав таван төгрөгөөр гарыг мялааж, сэтгэлийг аргадан байж л асуудлаа нааштай шийдүүлнэ.
Энэ бол яг үнэндээ монголын нийгэм даяар бүрхсэн авилгалын сүлжээ.Авилгал бол төрийн болон төсвийн албан хаагчдын амьдралын баталгаа төдийгүй, ашиг орлогын эх булаг гэж ойлгогдох хүртлээ дасал болж орхижээ. Бид бүгдээрээ үүнийг мэдэж дургүйцэвч яаж ч чадахгүй. Байн байсаар энэ байдалдаа дасч орхиод “байх л ёстой зүйл” мэтээр хандах болж. Ажил хөөцөлдөхөөр гарахдаа хэн нэгэнд өгөх авилгалын бяцxан “зулзагаа” цүнхэндээ хийж авч гарахаа огтхон ч мартахгүй. “Ялаанаас заан” болтлоо өсөх авилгалын сүлжээг хүн болгон мэдэх хэрнээ
“мэдэхгүй”. АТГ байгуулагдаад “Mонголоос авилгал олохгүй байна” гэхэд  хүртэл гайхахгүй. Эрх мэдлээр хэн нэгнийг дөнгөж, бас дарамталж орхидог болохоор мөрөөрөө л, “өгөхөө өгөөд авахаа аваад явж” байх нь” хаа хаанаа хэн хэндээ өлзийтэй” гэсэн ядмагхан бодолдоо хүлэгдсээр. “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцэхгүй” гэж бодож “түүгээр явсан гайг үүгээр дуудалгүй мөрөөрөө гэлдэрч явах” болсон нь өнөөгийн монголын нийгмийн хамгийн том эмгэнэл.

-Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү?

Юуны өмнө төрийн албаны хүнд суртлыг арилгаж, бүх л мэдээлэл болон харилцааг цахим хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй болж байна. Үүнийг хийж чадах залуус гудамжаар нэг хөлхөж байна. Үүнээс гадна Төрийн өмчит шуудангийн харилцаагаар, хувь хүмүүсийн биеэр яван хөөцөлдөх ажлыг солих хэрэгтэй. Ингэвэл авилгалд өгөх мөнгөө шууданд төлж, бас цагаа хэмнэж, хэн нэгний өмнө царай алдан шаналж суухгүй болно. Бас хөөрхий авилгалд дассан төрийн албан хаагчдаа жинхэнэ чадвараар нь шалгаруулж авилгал авч амьтан хүний” нүдний булай”
болохгүйгээр амьдрах баталгааг нь хангаж болно. Манай төрд “юу л байна, мөнгө байна” гээ биз дээ. Хариуцлагын тогтолцоогоо бүрэн өөрчилж, авилгалын сүлжээг бид өөрсдөө эвдэн зад татаж, хууль бусаар, авилгалаар бяжсан эрхмүүдийн бүх хөрөнгийг хураан авч, бүх насаар нь хорих шаардлагатай. Ингэхгүйгээр бид энэ торыг эвдэж чадахгүй. Үүнийг өөрчилж чадахгүй бол бидний үр хүүхдүүд мөнөөх л авилгалын өмнө хүчин мөхөсдсөөр байх болно.

Тав. БАРъЦАХ СЭТГЭЛГЭЭ

Монголчууд бид өөрөө хичээж өөрсдийгөө хөгжүүлэхээс илүүтэй өрөөл бусадтай барьцаж амьдрах сэтгэлгээнд дасаж орхижээ. Балдангийн унасан машин, Дондогийн амьдарч буй байшин, Гармаагийн эхнэрийн өмссөн булган шуба, Гэрлээгийн зүүсэн алмаазан зүүлт, Бадмаагийн барьсан брендийн цүнхээр ахуй амьдралаа жишнэ. За тэгээд хүүхдүүдийнхээ боловсролоор бус, сурч буй сургуулийн нэр болон өндөр төлбрөөр өрсөлдөцгөөнө. Юу сурч хэрхэн хөгжиж байгаа нь нэг их сонин биш. Ажил дээр бол бүр ч өөр. Мэдлэггүй ч албан тушаал, чадваргүй ч эрх
мэдэл, ядахнаа хэн нэгэнд үзүүлэх сүр хүч, хоосон хэрнээ онгиргон бардамнан баярхах зангууд монголчууд биднийг бусдын өмнө инээдтэй арчаагүй мунхаг байдлаар харагдуулж байгаа. Ядаж байхад “бүлтрэх” дуртай.
Ажил хэрэгч чанар, авьяас чадвар, эрдэм мэдлэгээр бус өнгө мөнгөөр, бас хуйвалдаанаар эрх мэдэл болон албан тушаалд танилууд нь очиж байгаа нь олон хүний сэтгэлд “үгүй ер тэр засаг дарга хийж байхад би яагаад чадахгүй гэж?” хэмээн барьцах сэтгэлгээг төрүүлдэг. Яг энэчлэнгээр нэг хэсэг нь амьдралаа дээшлүүлэхийн тулд нинжа болон өрсөлдөж байхад нөгөө хэсэг нь уул уурхайтай болох гэж хуйларцгааж байна. Өөрөө чаддагүй юм аа гэхэд мөнгөтэй хэн нэгний “зараалын морь” болж, бусдын нүдэнд “том” болон харагдахыг хүсэх аж. Мөнгөтэй
хүн нь хятад байна уу? орос байна уу? монгол байна уу? ердөө ч хамаагүй. Энэ үзэгдэл монголын нийгэмд хийрхэл болон дэгдэж, атаархал хорслын шуурга болон шуурч байна. Энэ хар шуурга жинхэнээрээ бидний нүдийг таглан, сэтгэлийг хиртээж буй.

-Тэгээд яах ёстой юм бэ? гэж үү?

Люмино хамтлагийн нэгэн дуунд гардагчлан
Байх ёстой юм
Байх ёстой газраа байг
Хийх ёстой зүйлээ
Хийх хугацаандаа хийж бай гэдэг үг шиг л, бүх зүйл хэм хэмжээндээ, байх ёстой зүйл байх ёстойгоороо байх цаг болж байна. Мэдээж бид өөрсдийнхөө өнөө байгаа боломжин дээрээ түшиглэн ажил амьдралаа авч явж, цааш хөгжихийг хүссэн нь илүү их хөдөлмөрлөн зүтгэж илүү амжилтад хүрч, алив зүйлд шударгаар хандаж сурах хэрэгтэй болж байнаа. Өнөөгийн нийгмийн энэ бурангүй тогтолцоог халах боломж нь та бидний саналаа өгдөг сонгууль. Бид хүчирхийллээр бус, арга залиар бус шударга сонгуулиар л нийгмийн тогтолцоо болон шударга бус
байдал, дарангуйллыг өөрчилж чадна. Үүний тулд та бид өөрсдөө л өөрчлөгдөн хөгжих хэрэгтэй байна даа. Ядаж л бусдыг дуурайн “Хэрээ галууг дуурайн хөлөө хөлдөөх” хэрэг юун.

TӨГСГӨЛ

…Монголчууд бидний муу зуршил болон муу үйлдэлд дасан зохицсон сэтгэхүй дээр өнөөгийн Монголын Төрийн буруу муу үйлдэл оршиж байгаа. “Ямар АРД ТҮМЭН байна, тийм ТӨР байдаг”
гэсэн хэлц бий. Мэдээж өнөөгийн төрийн үйл ажиллагаанд сайн муу олон ч зүйлүүд бий. Гэхдээ муу зүйл нь илүү их байгаа болохоор л олон нийт бухимдаад байгаа хэрэг. Уул уурхайн ашиглалтын бодлогогүй, замбараагүй хандлага, Монгол нутгийн байгаль орчны бохирдол болон сүйтгэл, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, хуулийн хэрэгжилтийн шударга бус үйлдэл, авилгал завшилтын аалзны тор мэт сүлжээ, Улаанбаатарын утаа  болон хүн ардын эрүүл мэндийн алдагдал, монгол хүний хөгжил болон үнэ цэнийн уналт бүхэн өдрөөс өдөрт, жилээс
жилд даамжирсаар байна.

Монголчууд бид энэ бүхэнд бухимдахдаа ямар ч аргаар болов өөрчлөхийг хүсч байна.” ЯАЖ?”  гэдэг асуудал л олон хүний толгойд эргэлдэж буй. Маш муу суурин дээр хичнээн гоё сайхан барилга бариад хэзээ нэгэн цагт нурж унах аюул нүүрлэнэ. Яг үнэндээ энэ суурь нь бид өөрсдөө л юм шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө л бага боловч өөрчлөгдөх хэрэгтэй байна. Ядаж л газар хэвтэж байгаа хог хаягдлыг хогийн саванд хийж эхлэхээс Монголын газар шороонд Цөмийн хог хаягдлыг булуулахгүй байхын төлөөх хүртэлх бидний ухамсар болон зөв хэвшил, сайн
итгэл үнэмшилын төлөө бид өөрсдөө хичээх хэрэгтэй байна. Хараал хэрүүлийн бузар муухай үгнээс салж, ихийг уншиж ихийг эргэцүүлж байхаас бидний өөрчлөлт эхэлнэ. Бүх л хэрэглээгээ өөртөө таацуулж, бусадтай барьцаж бус өөрийнхөө чадал боломжинд тааруулан тайван амгалан амьдрах оролдлого бүхэн биднийг өөрчлөх болно.

Монголын газрын баялгийг хуйвалдан гадагш зөөж, зөвхөн өөрсдөө баяжих гэсэн арчаагүй шуналд хөтлөгдөн, монголын Төр болон нийгмийн тогтолцоог бохирдуулан, олон нийтийн итгэл зүтгэлээр тохуурхаж байгаа муу үйлдэл болгоныг өөр хэн ч биш бид өөрсдөө л өөрчлөх болно. “Хаа сайгүй ав адилхан” хэмээн цөхөрсөн сэтгэлдээ бачуурч байхын оронд, зөв сайн эхлэл бүхнийг чин сэтгэлээсээ дэмжин, өөрсдийн үр хүүхэд ирээдүй үеийнхнийхээ төлөө хариуцлага үүрч байх нь бидэнд хэрэгтэй байна. Үүний тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. 20
жилийн туршид бид өөр хоорондоо хэрэлдэж, бие биенээ гутаан доромжилж, өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө арчаагаа алдацгаав. Бид эвлэлдэн нэгдэж гадаад ертөнцтэй өрсөлдөхийн оронд, өөр зуураа тэмцэлдсээр 20 жилийг үдэв. Энэ л арчаагүйдэл өнөө цагт бусдын ашиг сонирхолд автан өөрсдийн газар шороо, эд баялгаа, бас өөрсдийгөө худалдахын үндэс боллоо.

ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? гэж үү? БИД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ
ОДОО ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? гэж үү? БИД ӨӨРСДӨӨ ӨӨРЧЛӨГДӨХ ХЭРЭГТЭЙ.
ЯАЖ? гэж үү? “ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ” гэдэг юм даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-10-28

Share Your Thoughts