Даяаршил ба бидний үнэт зүйлс

Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг уншихад, өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол хүний үнэт чанар, бидний бахархал болсон үнэт зүйлүүдийн төлөөх харуусал мэдрэгддэг. Түүний өгүүллэгүүдийг амтархан уншдаг хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь яг ийм “нулимстай харуусал” төрж байдаг гэдэгт би итгэдэг.
…Тэртээ алсад сүүмэлзэх зэрэглээн дундаас айсан харагдах, өглөө эртлэн хөдөлсөн бололтой айлын нүүдэл аажим аажмаар тодорно. Өглөө эртлэн босож, сүү саалийнхаа ажлыг амжуулаад, уурагт шаргал цайгаа самран зогсох айлын эзэгтэй, гэрийн дэлгээтэй хаалгаар тэрхүү нүүдлийг олж хармагцаа, гэрийн хойд талаар унтаж байсан хүүгээ дуудан сэрээж, сая буцалсан аагтай цайгаа домбонд юүлж, эрэгнэгээс ойр зуурын ааруул өрөм, бага сага идэх зүйлээ авч савлан хүүдээ бариулж, өөрөө нэгэн гудас сугавчлан мөнөөх нүүдлийн замыг тослоо.
-Та бүхэн амархан сайн морилж явна уу?
-Амархан. Та бүхэн сайхан зусаж байна уу?
-Сайхан зусаж байнаа. Та бүхэн түр саатаж алжаалаа тайлна уу?
-Тэгье. Гялайлаа.
-Ишш. Эвий дээ. Энэ муу бяцхан амьтан цангаж ундаасаж яваа даа. Алив цай ууж, идээ ид.
Миний багад ийм л нүүдэл дунд амссан домботой цайны ер бишийн амт өнөө хэр миний санаанаас гардаггүй юм. Магадгүй өдий хүртэл монгол бүсгүйн сэтгэл, халамж шингэсэн тийм содон амттай цай ууж үзээгүй болоод балчир багын ой тойнд минь шингэж үлдсэн байж болох юм.
…Зуны хүйтэндүү бороо шаагиж, борооны өмнө аргал түлшээ бүтээж, өрхөө хошуулдаж амжсан бидний хэдэн хүүхдүүд нээлттэй хаалганы дэргэд, газар дэлхийг бөмбөр адил цохилон буцаж үсчих борооны дуслуудыг сонирхон ширтэнэ.
-Алив хүүхдүүд шалдлаад, гарч тэр харагдах бутыг тойрч гүйгээд ир гэх хэн нэгний дуунаар томчуудын үгнээс гарч үзээгүй хэдэн хүүхдүүд хамаг хувцсаа тайчиж хаяад чармай нүцгэнээр усан бороон дунд тавхайгаа гялалзуулан гүйлдэж одно. Цохлож заасан бутыг нь тойрч гүйгээд усан хулгана болтлоо норсон тэд, гэрт чичрэлдэн орж ирмэгц нэг нэг дээл нөмрөн цомцойж сууцгаадаг сан. Эрүү нь дагжиж байвч тэд хөгжилтэйеэ инээлдэнэ.
Зуны 3 сард гутал өмсгөлгүй, халуун хүйтэнд ч тэр л газар шороонд  жигнэж, хааяа хөлд хатгаж өвтгөх чулуу, өргөсийг үл тоох энэ л хүүхэд насанд минь, хатуу ширүүн юм шиг атлаа, хайр халамжаа зүрхэндээ тээсэн ахмад буурлууд амьдралын хатуу хөтүүг ажралгүй давах тэсвэр тэвчээрийг аажим аажмаар суулгаж байж дээ.
Зуны 3 сард махтай хоол идүүлэлгүй, зөвхөн цагаан хоол бас ааруул хуруудаар ходоод гэдсийг нь цэвэрлэн цайлгаж, шүдийг нь бэхжүүлж, амьдралын хүнд хэцүү цаг дор өлсөж ядрахыг ч тэвчих тэвчээр ухааныг хамтад нь өгч байж дээ.
Зуны 3 сард өглөө эрт босгож үнээ ивлгэхээс эхлээд, үдшийн бүрийгээр хонь малаа хотлуулах хүртэл хугацаанд хийж сургасан олон ажил хөдөлмөр, магтаал зэмлэл нь амьдралын амин шим болсон ажил хөдөлмөрт, залхууралгүй уйгагүй зүтгэх тэвчээр бас арга ухаанд сургаж байж дээ.
…Хаа нэгтээ бууж мордох, таних танихгүй хэнд ч шинэ цай буцалгаж, байгаа бүхнээрээ дайлж цайлна. Мордоод явахад нь сүү өргөж “зорьсон үйлс чинь бүтэг ‘ хэмээн сүү өргөж үдэх энэ л монгол сэтгэлд хар хор , хэн нэгнийг ялгаж үзэх муу сэтгэл байсангүй. Хүний хорвоод бид адилхан төрж , амьдарч элээх тавиланд хүн бүр л “сайн сайхан яваасай” гэсэн алаглалгүй сэтгэл монголд минь байсан.
…Урсгал усны эхэнд буй модыг огтлох бүү хэл, урсгал усанд бузар оруулахаас ч цээрлэж, болох болохгүйн олон хориг цээрийг үр хүүхдүүддээ сургаж асан нь байгаль дэлхийдээ шүтэж амьдардаг монголчуудын цаасан дээр буулгаагүй их цааз байжээ. “Урсгал усанд цус оруулбал нүд нь сохордог юм”, “Давааны орой дээр бие засвал тэнгэр ниргэдэг юм”, “Шувууны өндгөнд сүүдрээ тусгавал эх нь голж, төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм” гэхчилэн энэ л хоригууд нь байгаль дэлхийгээ болон амьтан ургамлыг хайрлах, тэдэнтэй болгоомжтой харьцахыг сануулсан бас хүүхэд насны сэтгэхүйд тааруулсан сургааль байж дээ. Онголж тахисан их шүтээн уулсын хийморийн овоонд бууж мордсон хэн боловч хог хаягдал хаях нь бүү хэл ойр орчмыг нь цэвэрлэж ариутгаад л морддог, түүндээ чин сэтгэлээсээ сүсэглэж явна.
…Нутаг нугынхаа ухаантай, амьдралын туршлага, үзэж мэдсэн нь илүү хэн нэгэндээ зорьж очин, хэрэг зорилгоо айлтган зөвлөлгөө тусламж авдаг, өвчин зовлонтой, ядуу дорой хэнийг ч болов шоолж доромжлохгүйгээр эвийлэн тусалж асарч асан ухаант өвгөд буурлуудын минь уулга алдах муу үг нь хүртэл “тосоор гоожмор”.
Бидний залуу цагт яригдаж асан онигоо ч юм уу, болсон явдал ч юм уу нэгэн ам дамжсан яриаг санаж байна.
Социализмын үед Оросод суралцаж байсан оюутнуудын амин зуулга нь тарваганы арьс байлаа. Түүнийг хилээр авч гарах гэж бөөн л асуудал болдог байсан сан. Улаанбаатар өртөөнөөс хөдөлсөн “Нарлаг монгол” галт тэрэгний нэг өрөөнд  2 оюутан нэг өвгөнтэй таарч л дээ. Галт тэрэг хөдөлмөгц 2 оюутан хэдэн тарваганы арьсаа нуух гэж купенийхээ дээд талыг задалж хамаг л авьяасаа шавхаж. Арай гэж тарваганы арьсаа хууж амжсан, мань 2-ын амьсгаа нь дарагдаж, хөлс нь хатаагүй шахам байтал гаалийнхан орж иржээ.
-За нууж барьсан юм байхгүй биз  хэмээн албархуу болоод нухацтай асуух гаалийн байцаагчийн өөдөөс мань өвгөн “Ахад нь юу байхав дээ? Энэ 2 хүү тэр өөд хэдэн юм нууна билээ” гэж жишимгүй өгүүлж.  Гаалийнхан хөөрхий 2 оюутны арай гэж нуусан арьсыг дор нь илрүүлэн хурааж, өвгөнийг  “Эх оронч, ухамсартай, шударга иргэн’ ээр нь цоллон магтаж шалгасан ч үгүй гараад явж. Оросын хил өнгөрөөд хамаг байдгаа хураалгасан 2 оюутан багтарч бухимдсандаа “Арай ч дээ өвөө та ямар муухай хүн бэ?” гэж гомдоллож, уйлахаас наагуур болж гэнэ. Хариуд нь өвөө учиртайхан инээж “Бухимдаад яах вэ? хүүхдүүд минь. Өвөөгийнхөө суудал дор байгаа шуудай арьснаас саяын хураалгасан арьсаа шилээд аваарай” гэсэн гэдэг.
Цаг цагийн хүнд хэцүү үед ч ухаант өвгөд минь өөрсдийн үнэ цэнээ алдаж яваагүй юмаа. Аугаа өвөг дээдэс, ухаант буурлууд минь цөөрөх хэрээр монгол ухаан, бидний бахархал болсон олон үнэт зүйлсүүд маань биднээс алсран холдсоор байх шиг.
Яг л Т.Бум-эрдэнийн саяхан бичсэн “Хөтөл давсан монгол” өгүүллэгийн тэр л хөтлийг даван аажим аажмаар алслан холдох жинхэнэ монгол нүүдэл шиг…

Даяаршлын энэ үед алдагдаж буй цадиг
Бидний багад буруу хийсэн зүйлийнх нь төлөө “цадигаа алдсан” гэж зэмлэдэг байж билээ. Монголчууд аливаа зүйлийн хэм хэмжээг хэтрүүлэхэд төдийлэн дуртай бус.
…Сүүлийн үед манай арилжааны телевизүүдийн буянгаар Солонгосын олон ангит уянгын кинонууд ихээр гарах болж, гангар шаазан шиг царайтай, туяхан биетэй гол баатруудыг нь манай залуус ихээр дуурайх болж дээ. Хаа сайгүй үс гэзгээ өрвийлгэн тосолж, найган гунхан алхах шалиг дуутай залуус, “уба”  хэмээн найланхайтаж мөнгөтэй эрчүүдийг эргүүлдэн гүйлдэх охидууд энэ л даяаршлын нэг төрх. Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж, “Өглөө бүр өмнө зүгт Тангуд улс буйг сануулж бай”  хэмээн зарлиглаж асан эзэн Чингисийн хойч үе өдгөө хятад, солонгос алин болох нь мэдэгдэхгүй болно гэж өвөг дээдэс минь төсөөлөөгүй байхаа.
…Хаа сайгүй уул толгод болгон дээр шахуу овоо суварга босгож, түүнээ шүтэж байна хэмээн архиар сэржим өргөж, чинэрсэн давсгаа суллах гэж бие хөнгөлж зогсох хүмүүс,овоон дээр овоорон тал тал тийш харан хэвтэх олон орны сархадын шил энэ л даяаршлын бас л нэг төрх. Юуг шүтэхээ мэдэхгүй,  юуг шүтэж байгаагаа ч ойлгодоггүй энэ л үейинхэн минь айх болгоомжлох зүйлгүйгээр хайран сайхан байгалаа сүйтгэж, худалдаж дуусч байна даа. Нэгэн цагт энэ л газар нутгийн төлөө ухаанаараа, цусаараа, амиараа дэнчин тавьж өдгөө бидэнд өгөөд гэгээн алсад одсон тэдний сүнс бидэнд гомдож л байгаа.
…Өнгө мөнгөний төлөө үнэн худлыг солбицуулж, өчүүхэн биений жаргалын төлөө үг үйлсийг солбицуулж, ард иргэдээ алжаалгаж, ахуй төрөө хямрааж байгаа өнөө цагийн түшмэдүүд энэ л даяаршлын нэгэн туршлага. Тэд дэлхийн хөгжлийг жишээлэн магтах хэрнээ, энэ л орондоо тохируулаад хэрэгжүүлэхгүй хэрнээ, болж бүтэхгүй муу бүхнээ “муу зүгийн хар овоохой” болгон энэ л даяаршилд тохно.
“Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алжаатугай” хэмээн хоёргүй сэтгэлээр зарлиглаж, бас хөгжүүлж асан их хаадын минь сүнс хилэгнэж буй.
…Хоцрогдсон хэмээн өөрийн орноо голж, хорлонтой муухай хэмээн монгол хүнээсээ дайжиж, илүү сайндаа атаархан хорсч, ядарч яваа нэгэндээ тавлан дээрэнгүйлэх энэ л цөвүүн цаг даяаршлын нэгэн үе. Ороод гарах нэгэндээ цай аягалах бүү хэл ,хагас онгойсон хаалганы цаанаас харьцах биднийг монгол гэж хэн таних билээ.
Хааяахандаа баяр ёслолоор монгол хувцсаа өмсөж, монгол гэдгээ санадаг, жилд ганц тохиох цагаан сараар л ах дүү хамаатан саднаа таньдаг, халамцуухан явах үедээ “Чингисийн монгол” гэж цээжээ дэлддэг болчихвол хэн биднийг монгол гэж дуудах билээ.

Төгсгөл
 Хөгжил гэдэг сайхан. Дэлхий дахины хөгжилтэй алхаа нийлүүлж, үр шимийг нь хүртэж байна гэдэг сайхан хэрэг. Аливаа зүйл 2 талтай байдагчлан хөгжил гэдэг бас сайн муу талтай. Авах гээхийн ухаан гэж бас бий. Энэ л даяаршлын зогсолтгүй хурдацтай хөгжил дунд яг л “робот” шиг амьдрах хүн төрөлхтөн зарим зүйлээс залхаж эхэлж байна. Онгон цэвэр байгальдаа яарч тэвдэлгүй зоргоор амьдрахыг хүсэгч нэгэнд монгол ахуй монгол амьдрал, олдошгүй эрдэнэ мэт санагдаж байгаа.
Монгол ахуй дор сэтгэлийн амар амгалан амьдарч байгаад бахдан атаархаж байгааг багагүй уншиж байна. “Уулын буга хараад унасан бухаа хаяв” гэдэгчлэн бид арай л дулимагхан харж, дутуу сэтгээд байх шиг. Ядахнаа л биднээс өдрөөс өдөрт алсран холдож байгаа үнэт зүйлсээ авч үлдэхсэн. Өнөөдөр уртын дуу, морин хуур, хөөмий гээд олон зүйл дэлхийд үнэлэгдэж бас хамгаалагдаж байна. Үүнээс илүү нүүдэлчдийн соёл иргэншил, зан заншил , амьдралын хэв маягийг сэтгэлгээтэй нь хамтад хамгаалан үлдээвэл, олон жуулчдын хүсэл мөрөөдөл болж болох шүү дээ.
Хамгийн гол нь монгол хүний сэтгэхүй, монгол ухаан бүү алга болоосой.
Энэ бол өөр хэнээс ч биш зөвхөн та биднээс л хамаарна. Бидэнд хэн хүнийг бишрүүлж болох олон үнэт зүйлс бий.  Бүү мартагтун.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2008-12-22

Share Your Thoughts