Денверийн монгол сургууль

Childrens_Talent_18

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж үүрд мөнхжинө
…Сургуулийн танхимд байрлах Монголын төрийн далбааны өмнө гараа цээжиндээ авсан хүүхдүүд багшийнхаа удирдлагаар  ямар их хүндэтгэл, бахархалтайгаар Moнголын төрийн дууллыг дуулсан гээч.  Америкийн төв хэсэгт сүрлэг уулсын дунд орших, залуухан цэмцгэр Денвер хотын монгол сургуулийн хичээл эхэлж буй нь энэ.  Өдгөө Америкт төдийгүй гадаадын олон орны, монголчууд олноор суурьшсан хотуудад монгол сургуулиуд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг болсоор багагүй хугацааг үдэж буй.
Энэ бол Монголын боловсролын салбарт орж ирж буй цоо шинэ үзэгдэл. Амаргүй хэдий ч буянтай энэ үйлсэд сэтгэл зүрх болон цаг заваа зарцуулан зүтгэж буй хүмүүсийн тухай бичих бодол миний сэтгэлийн мухарт нилээдгүй хугацааг үдсэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ үзэгдэлд янз бүрээр ханддаг хэдий ч энэ хүмүүсийн жаргал болон сэтгэлийн шаналлыг тэгтлээ анзаардаггүй.  Денвэрийн  монгол сургууль дээр нэгэн өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүлэхдээ энэ сургууль нь Америкт байгуулагдсан анхны монгол сургууль гэдгийг сонсоод ихэд бэлэгшээлээ.

Нэг. Денверийн монгол сургууль
-Энэ сургууль 2006 оны 8 сарын 12 нд нээлтээ хийж, 2007оны 6 сард анхны төгсөлтөө хийжээ. Байгуулагдаад бизнесийн зориулалттай байранд хичээллэж байгаад өнгөрсөн жилээс сургуулийн зориулалттай байранд хичээллэж байгаа. Хичээлийн зориулалттай өрөө тасалгаа, бага насны хүүхдийн тоглоомын өрөө болон гадаах тоглоомын талбайтай болохоор хүүхдүүд их л дуртай байх аж.
-Хичээлийн жил нь 8 сараас 6 сар хүртэл 37 долоо хоног үргэлжилнэ. Эхний улирал нь 16-17 долоо хоног, сүүлийн улирал нь 20 долоо хоногт багтдаг. Тийм болохоор цагаан толгойн 35 үсгийг заахдаа хүртэл өөр аргачлалаар заах хэрэгтэй болно гэсэн үг. Түүнчлэн энэ хугацаанд амжиж бүх л зүйлийг сургахын тулд Монголын сургуулиудаас огт өөр хөтөлбөр, аргачлал хэрэгтэй.  Тэд жил бүрийн 5 сарын 25 нд “Эрдмийн баяр” аа хийж жилийн ажлаа дүгнэн, дараа жилийн ажлаа төлөвлөдөг аж.
-Өөрсдийн боломж нөхцөлдөө тааруулан сургалт явуулаж анги бүлгээ сонгоно. Эдний сургууль
1. Сургуулийн өмнөх насны хүүхдийн анги
2. Цэцэрлэгийн бэлтгэл анги
3. Цагаан толгойн бага анги
4. Дунд анги
5. Ахлах анги
6. Монгол хэл эхлэн суралцагч гадаад хүмүүсийн ангиудтай юм.
Эдгээр ангиудад 6 багш хичээл зааж, оюутнууд болон ахлах ангийн зарим сурагчид туслах багшаар ажилладаг.  Сургуулийн захирал, эцэг эхийн зөвлөл, санхүү аж ахуй хариуцсан ажилтан, сургуулийн мэдээлэл болон сонинг хариуцсан ажилтнууд ч эдний багт багтдаг аж. Мэдээж энэ хүмүүс өөрийн ажил амьдралын зав боломжоороо сэтгэл зүрхээ зориулан
ажилладаг.

Childrens_Talent_06

-Хичээлээс гадуур зохион байгуулагддаг олон ажлууд нь монгол хүүхдүүдийг монгол урлаг соёл, ёс заншил, монгол сэтгэлгээнд сургахад чиглэгддэг. ” Алтан Hамар” урлагийн наадам, “Аaв ээж би”  спортын өдөрлөг, Хулууны баяр, монгол хүүхдийн шинэ жилийн баяр, уламжлалт цагаан сарын баяр, монголын соёлийг сурталчлах өдөрлөгүүд нь хүүхдүүдийн хүсэн хүлээдэг, өөрийгөө нээж бусaддаа харуулах, хамтдаа хөгжих боломж нь болдог аж. Жил бүрээр уламжлал болгон явагдах энэ арга хэмжээнүүд нь жилээс жилд өргөжин сайжирч, илүү сонирхолтой хэрэгтэй санаануудаар баяжина.  Шинэ жилээр өвлийн өвгөн, цасан охин, ан амьтад, алиалагчтай, цагаан сараар тавгийн идээгээ засаж, цагаан идээ бэлтгэж, монгол ёс заншлаа зааж сургахаас гадна монгол шагайн наадаан хүртэл бoлдог гэнэ.
Бас урд жилүүдэд жил багш нар нь хүүхдүүддээ зориулж зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолоор жүжиг тоглосон бол, өнгөрсөн жилд “Чоно ба долоон ишиг” үлгэрээр “эрдмийн баяр” дээрээ хүүхдүүд нь өөрсдөө жүжиг тоглосон байна. Энэ бүхэн монгол хүүхдүүддээ бага боловч монголоор сэтгэж, монгол хэлээрээ ярьж сурах,  монгол ахуйтай танилцахад тус дөхөм болдог аж.
-Сургуулиа анхнаас нь эмх цэгцтэй, албан ёсоор авч явахын тулд монголын сургуулиудад шаарддаг баримт бичгүүдийг хэрэглэж байгаа нь надад сонирхолтой санагдсан.
1. Сургуулийн дотоод дүрэм журам
2. Албан бланк, лого
3. Сурагчийн дүрэм
4. Эцэг эхчүүд болон багш нартай байгуулсан гэрээ
5. Сурагчдын болон багш нарын бүртгэл судалгаа
7. Хичээлийн журнал
8. Бүх ажлын нарийвчилсан төлөвлөгөө
9. Хичээлүүдийн хөтөлбөр
10. Хичээлийн хуваарь
11. Сургууль төгссөн үнэмлэх
12. Хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл
13. Эцэг эхийн зөвлөлийн ажил   гэхчилэн.
Childrens_Talent_10

Эдгээр бүх бичиг баримтууд өөрсдийн хавтастайн зэрэгцээ сургуулийн түүхийн альбом их сонирхолтой байлаа. Сургуулийн бүх л үйл ажиллагааг хичээлийн жил бүрээр баримтжуулан альбом хийсэн нь нэг ёсны тайлан, нөгөө талаар бол албан баримт, түүх болон үлдэх аж.
Дүүрэн захирлын гэр бүлийн хүн нь энэ альбомыг хийж тусалдаг төдийгүй “Монгол сургуулийн мэдээ” нэртэй 7 хоног тутмын хэвлэмэл сонинг нь хэвлэж гаргадаг гэсэн. Энэ сонин одоогоор 20 дугаар гарсан байлаа.
-Америкийн сургуулиудад сурагчийн дэвтэр хэрэглэдэггүй бол монгол сургуулийн хүүхдүүд анхнаасаа элементийн дэвтэр дээр бичмэлээр бичиж сурч байгаа нь их сайхан байлаа. Энэ нь хүүхдүүдийг цэвэр нямбай байх хүмүүжил олгохын зэрэгцээ, гоё сайхан бичиж сурахад их ч сайнаар нөлөөлж чаддаг гэж эцэг эхчүүдийн ярьж байсантай санал нэг байна. Монгол хэлний түргэн хэллэг, зүйр цэцэн үгсийг цээжлүүлдэг нь хүүхдүүдэд хүмүүжлийн их ач холбогдолтой байж чаддаг гэнэ. Тэд зүйр цэцэн үгийг эхлээд зүгээр л цээжилсэн байснаа аажимдаа ухаарч ойлгодог тухай хөгжилтэй жишээнүүдийг надад ярьж өгөв.
Хүнийг хайрлах, аав ээжийгээ хайрлах, эх орноо хүндэтгэн хайрлаж сургахад  орчин их нөлөөтэй байдаг тухай тэд ярьж байв. Иймд энэ сургуулийнбагш нар хичээлээ эхлэхдээ монголын төрийн дууллыг дуулж, их зохиолч Д.Нацагдоржийн “Mиний нутаг” хэмээх алдарт шүлгийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл,
Yхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” хэсгийг
“Сурагчийн тангараг” хэмээн нэгэн дуугаар уншиж, хичээлийн дараа монгол дуу, шүлгээ сурцгаадаг юм билээ.

Хоёр. Сургуулийн захирал Цэгмэдийн Энхдүүрэнгийн яриа
Г.Галбадрах- Таны үндсэн мэргэжил тань юу болох, хаана ажиллаж байсан тухайгаа товч ярьж өгнө үү?
Ц.Энхдүүрэн-  Би хуульч мэргэжилтэй. 1983-1988 онд МУИС-ийн хуулийн aнгийг аспирантурт шууд элсэх зөвлөмжтэй төгссөн.. “Монголын хууль цаазын түүх”-ээр судалгаа хийж хэд хэдэн бүтээлээ хэвлүүлсэн л дээ. ШУА-ийн Tөр Эрх Зүйн Хүрээлэнд ажиллаж, сүүлд нь МУИС-д багшилж,  энд ирэхээсээ өмнө ХЗДС-ийн гадаад харилцааг хариуцан ажиллаж байлаа. Монголын хууль цаазын түүхийг судлахын хажуугаар монголын хуулийн төслүүд дээр орчуулгын чиглэлээр ажиллаж байв. Энэ хугацаанд монголын хууль цаазын салбарын олон үеийн сайхан эрдэмтэд, хамгийн чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж, тэднээс суралцаж байсандаа би одоо хэр нь бахархаж явдаг.Харин АНУ-д бол Коларадагийн Их Сургуульд Төрийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсны дараа MetroState College-д багшийн мжэргэжлээр суралцаж төгслөө.
Г.Галбадрах-  Денверийн Mонгол Сургуулийг байгуулах болсон тухайгаа ярьж болох уу?
Ц.Энхдүүрэн-  2006 онд Колорадагийн Монголчуудын холбооноос  “Монголын Нууц Товчоо”- бүтээлээр хүүхдүүдэд хичээл зааж өгөөч гэж надаас хүссэн юм. Үүний дараахaн л Mонгол Сургууль байгуулагдсан л даа. Үүнээс урд бид монголчуудынхаа дунд хэсэгчилсэн судалгаа хийж, энэ талаар санал асуулга явуулж байсан. Энд миний үндсэн ажил хүүхдүүдтэй холбогдоод удаж байна. Угаасаа багш хүн болохоор монгол хүүхдүүд маань бусад үндэстнүүдийн адилаар эндэхийн соёлд амархан уусч байгааг хараад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Денверийн сургуулиудад багшилсан туршлагаасаа харж байхад, бидний үр хүүхдүүд эх хэлээ мартахгүй, үргэлжлүүлээд сурах ямар нэгэн орчин байх хэрэгтэй юм байна гэж өөрийн эрхгүй бодож байлаа. Ингээд Монголчуудын Холбооны дэмжлэгээр манай сургууль анхны хичээлээ эхэлж байснаас хойш таван жил өнгөрчээ. Ер нь монгол хүүхдүүддээ монгол хэл, соёлоо зааж сургах нь Америк оронд олон жил амьдарсаны хувьд миний их хүсэл байлаа. Тэр нэгэн зун надад Америкт байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл, зан заншлаа зааж сургах хүслээ биелүүлэх тохироо бүрдсэн хэрэг. Үүнийг энгийнээр хэлбэл жирийн нэгэн монгол эх үр хүүхдийнхээ төлөө чадах зүйлээ хийж яваа гэлтэй, харин гүнзгий утгаар авч үзвэл энэ жижигхэн сургуулийн хамт олны үйл ажиллагаа нь Монгол Улсын ирээдүйн тусгаар байдлыг бэхжүүлэхэд тус нэмэр болоод зогсохгүй  дэлхийн соёлд Mонголчуудын оруулж байгаа хувь нэмэр юм даа. Дэлхийн түүхэнд мөхсөн хэл соёл мянга мянгаараа бий. Тэдний нэгэн адил, зуу зуун саяар тоологдохгүй3 сая орчим хүн амтай бидний эх хэл соёл дэлхийн бусад хэл соёлд уусан алга болоход тун амархан. Одоо бодоход Mонголд ажиллаж, Америкт ажиллаж амьдарсан он жилүүд намайг үүнд л бэлтгэж байж гэсэн бодол төрдөг юм. Нэг ёсондоо амьдрал намайг энд л хүргэж.

Г.Галбадрах – Үүнийгээ жаахан тодруулбал?
Ц.Энхдүүрэн – Манайх 12 хүүхэдтэй айл байсан. Аав минь Ленинградад криминалистикийн чиглэлээр төгссөн хуульч хүн, ээж минь насаараа л Төв шуудан, Монголын Холбооны байгууллагад ажилласан. Олон хүүхэдтэй байсан хирнээ аав ээж хоёр минь биднийг сайн хүмүүжүүлж өсгөжээ.  Биднийг эхэлсэн ажлаа заавал дуусгадаг хэвшилд сургаж, алив aсуудалд ажил хэрэгч, хариуцлагатай хандаж байхыг шаарддаг байв. Аав минь биднийг том болсон хойно ч сэмээрхэн ирж ажлыг минь шалгадаг байлаа. Бидний төлөө үргэлж санаа зовж, хаа ч явсан алзахгүй байхын төлөө зааж сургаж байсан.
Би МУИС-д 5 жил суралцахдаа жил бүр л өөртөө нэг том зорилт тавьж, түүндээ хүрэхийн төлөө их ч хичээдэг байлаа. Одоо ч энэ хэвшил минь алдагдаагүй, харин надад их хэрэг болж байгаа. Хамт суралцаж байсан найз нөхөд, оюутнуудынхаа тухай эргэн дурсахдаа “Бид ч оюутан шиг л оюутан байж, багш нар маань ч биднийг сайн сургаж, бид ч үнэхээр суралцаж чадаж дээ” гэж бодогддог юм. Манай ангийн төгсөгчдөөс өнөөдөр Монголын хуулийн салбарт их амжилттай ажиллаж байгаа нь олон шүү. “Үр соёолуулж, ургамал дэлгэрдэг”ийн адилаар миний эцэг эхийн хайр халамж, ахан дүүсийн нөмөр нөөлөг, эрдэмтэн багш нарын сургааль, сайхан хамт олны минь өмөг түшиг бүхэн намайг хүний зэрэгт хүргээд зогсохгүй энэ сургуулийг байгуулаад өдий зэрэгтэй авч явахад гол тулгуур нь болж байгаад би үргэлж баярлаж явдаг.
Г.Галбадрах – Америкт монгол сургууль байгуулаад ажиллаж байхад амаргүй л байсан байх.
Ц.Энхдүүрэн – Тийм ээ! Мэдэхгүй чадахгүй олон зүйлтэй шууд нүүр тулгарсан. Урьд нь тийм байсан гэх туршлага хэнд маань ч байгаагүй болохоор бүх зүйлийг ” байхгүй” гээс эхэлсэн дээ. Нэгэнт зориглосон болохоор “уйлах өдрөө уйлж, дуулах өдрөө дуулж”, өөрийнхөө хувьд ажил, амьдрал, эрүүл мэнд бүхнээ золиослоод л зүтгэсэн. Тэр үед энэ сургуулийн тулгын чулууг тавилцаж, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан олон хүний гавьяа зүтгэлийг бид байнга санаж, тэднээрээ бахархаж, тэдэнд талархаж явдаг. Анхны багш Алтанцэцэг, Бямбаа, ахмад багш Наранцэцэг, Палам, Тунгаа, Цэнддoo болон манай сургуулийг “дэмжих хэсэг” байсан Алтбиш, Анхбаяр, Мөнхбаатар болон үе үеийн Монголчуудын Холбооны тэргүүн, гишүүд Наранзул, Нараа, Томпсон, Батбаяр, Хулан, Янжмаа, Цогтсайхан гээд олон сайхан  хүмүсийн тус, дэмжлэгээр энэ сургууль өнөөдрийн дүр төрхөө олсон. Нэмээд хэлэхэд, би сайн нөхөртэйдээ, сайхaн хамт олонтойдоо энэ ачааг 5 жил хамтдаа үүрч яваа. Манай гэр бүл ажлын 6 өдөртэй, зөвхөн ням гаригт амардаг болсоор 5 жил боллоо. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг үг бий. Намайг ойлгож дэмждэг учраас нөхөр минь сургуулийн бүх л хэрэгтэй зүйлийг хэвлэж, байнга хамт байж, бүх л зүйлд чин сэтгэлээсээ тусалдаг юм.  Үүний төлөө би нөхрөөрөө маш их бахархдаг. Сайн багш нар, сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар бидний ажил өдий зэрэгтэй яваа.

Childrens_Talent_21

Тэдэнгүйгээр би хэн юм бэ?
Манай Денверчүүд эвдрээгүй монголчууд. Тэд үнэтэй брендийн бүтээгдэхүүн сонирхохоосоо илүүтэй үр хүүхдүүдийнхээ мэдлэг боловсрол, сайхан ирээдүйн төлөө ажиллаж амьдарцгаадаг. Тийм болохоор манай эцэг эхчүүд Сугармаа, Даваа, Эрдэнэбат, Мөнхбаяр, Хатантуул, Оюунаа, Бажаа бүгдээрээ л биднийг чин сэтгэлээсээ ойлгож дэмждэг юм. Зарим гэр бүлүүд Монгол руугаа буцах төлөвлөгөөтэй байгаа. Тэд өөрийнхөө хүүхдүүдийг энд эх хэлийг нь мартуулахгүй байлгахын тулд бүхнийг хийж чаддаг. Манай сургууль Колорадогийн бусад сургуулиуд, Денвер-Улаанбаатар эгч дүү хотуудын Хороо, бусад олон байгууллагуудтай байнга хамтран ажиллаж байгаа.
Ер нь амьдрал гэдэг тэмүүлэл, тэмцэлтэй байж л сайхан, бас утга учиртай болно. Сайн, муу зүйлүүд зөндөө л бий. Бас алдаа, оноо ч зөндөө бий. Aлдаанаасаа суралцаад гол нь урагшаа л явах хэрэгтэй. Тэгж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Бидэнд хийх ажил их байгаа. Тийм болохоор би энэ сургуулийнхаа нэг өдрийн төлөө 5 өдөр завгүй бэлтгэдэг юм даа.
Г.Галбадрах- Мэдээж өөрөө хуульч хүн болохоор алив зүйлийг хууль зарчмын дагуу явуулахыг хичээдэг байх.
Ц.Энхдүүрэн. Би монгол руугаа явж ирэх бүрдээ сургуулийнхаа ажлыг л хөөцөлдөнө. БСШУЯ-нд хэд хэдэн удаа захидал бичиж, монголд очихдоо ажил хэргийн санал тавьж байсан. Үүнийхээ хүчинд энэ сургуульд ажиллаж байгаа багш нараа Монголд нийгмийн даатгалд хамруулж, ажилласан жилийг нь хөдөлмөрийн дэвтэрт нь тооцуулaх гэж байгаа. Бас зарим багш нарынхаа хөдөлмөрийг урамшуулж шагнууллаа. Энэ жил БСШУЯ-наас манай сургуульд 160 ном ирүүлж, сурах бичгийн захиалганд албан ёсоор оруулсан. Би  монголоос элемeнтийн дэвтэр, хүүхдийн ном цуглуулж ирдэг. Тэгсээр манай сургууль овоо хэдэн номтой номын сантай болж амжсан.  Энэчлэнгээр бага гэхгүйгээр ахиц гарч л байна.

Бид ер нь алив зүйлийг бага гэлтгүйгээр албан ёсоор, хуулийн дагуу тавьж шийдүүлж байх хэрэгтэй юм. Хэдийгээр гадаадад байгаа ч монгол хүүдүүд маань Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын “Үндсэн Хууль”-аар баталгаажуулсан “үнэ төлбөргүй, сурч боловсрох эрх”-ээ эдлэх ёстой. Тэгэхээр энэ асуудалд Монгол төрийн оролцоо байх ёстой гэсэн үг. Мөн гадаад улсад мэндэлсэн, монгол гаралтай иргэдэд тэдний эцэг эхчүүд энэ хэл соёлыг өвлүүлэн үлдээх үүрэг бий. Даяаршил хүчтэй явагдаж байгаа энэ цаг үе, та биднээс үр хүүхэддээ “мoнгoл” гэдгээрээ бахархах бахархал, Монгол орноо хөгжүүлэхийн төлөөх зөв сэтгэл, хүмүүжил тэдэнд төлөвшүүлэхийг шаардаж байна.
Г.Галбадрах -Энэ ч зөв сайн эхлэл байна. Гэхдээ энэ асуудлыг гадаадад байгаа монгол сургуульд бүгдэд нь хамааруулах хэрэгтэй мэт. Нөгөө талаас нь харахад гадаадад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа монгол сургуулиуд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж байгаа сайн үйлдэл юм. Яг энэ өнцгөөс нь харах юм бол монголын Төрийн оролцоо дэмжлэг үүнд зайлшгүй хэрэгтэй.
Ц.Энхдүүрэн -Тийм ээ! Энэ асуудлыг гадаадад байгаа монгол сургуулиуд хамтдаа нэгтгэж тавих хэрэгтэй. АНУ-д бол бусад улс орны (Chinese, Mexican Korean & Japanese… governments), Засгийн Газрууд эдгээр сургуулиудаа санхүүжүүлдэг юм билээ. Хичээлийн тусгай хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох, мэргэжлийн багш нарыг бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, багш нарын нийгмийн хамгааллыг баталгаажуулах, сургуулийн байртай болгох гээд өөр олон асуудлууд бидэнд байгаа.  Түүний тулд гадаадад байгаа монгол сургуулиудын нэгдсэн уулзалт зохион байгуулах саналаа би 2010 оны 3 сард БСШУЯ-нд тавьсан байгаа. Ийм сургуулиуд бол мөнгө олдоггүй, ашгийн төлөө  ажилладаг байгууллага биш, зөвхөн сайн дурын үндсэн дээр, хүмүүсийн чин сэтгэлээсээ хийдэг ажил. Энэ ажилд чин сэтгэлээ зориулж чадах хүмүүстэй баг болж ажиллахдаа би дуртай байдаг. Нөгөө талаар бусдаас байнга мөнгө, хандив гуйгаад байх бус аль болохоороо өөртөө байгаа боломжоо зөв  ашиглахыг их хичээж байна. Үүний тулд сургуулийн тогтолцоогоо Монголчуудын Холбооны бүрэлдэхүүнд багтааж, их л авсаархан байлгахыг хичээж байгаа. Үүнээс том болгоод ирэхээр зардлаа төлж дийлэхгүйд хүрдэг тал бий.
Хэл, соёлоо устгаснаас улс орон мөхдөг. Би “монгол хүн” гэж өөрийгөө нэрлэх боловч монгол хэлээрээ ярьж, бичиж, уншиж чадахгүй бол, хэн түүнийг “монгол” гэх билээ. Нүүдэлчин соёлоос нь салгачих юм бол энэ дэлхийд Монголчуудыг хэн таних юм бэ? Тэгэхээр бид үүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургаж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө бидний хийж чадаж байгаа нэг зүйл.
Аав минь надад “Та нар гадаадад явахдаа  өөрийнхээ овог нэрээр бараг дуудуулахгүй,чамайг монгол хүн гэж нэрлэх тул  Mонгол Улсынхаа нэрийг сайн сайхан авч явaaрай, энэ л их эрхэм зүйл юм шүү” гэж хэлж сануулдаг байсан.

Гурав.  Миний хайртай ээж
Тэдний сургуулийн сурагчдын бүтээлүүдийг үзэж байхад нэг охины бичсэн зохион бичлэг миний сонирхлыг ихэд татсан юм. Түүнийг сийрүүлбэл:
“Миний ээжийн нэрийг Зүлэгсайхан гэдэг. Миний ээж монгол сургуульд багш хийдэг. Би ээждээ далай шиг их хайртай.  Ээж бол цас шиг цагаан сэтгэлтэй.  Би бодохдоо ээж минь хүүхэд шиг царайтай ба зан ааштай. Миний ээжийд монгол сургуулийн хүүхэд болгон хайртай байдаг. Манай ээж Хулан бид хоёрт тусалдаг. Би нэг удаа зүүдлэхдээ ээжийгээ маш их гэрэл цацарч байгаагаар зүүдэлсэн.  Ээж нарийн сайхан шингэн хоолойтой. Би ээжийгээ олон олон зүйлээр баярлуулахыг боддог. Жишээ нь, гэрээ цэвэрлэж, хичээлээ сайн хийх, төгөлдөр хуураа сайн тоглох, гоё зураг зурах, дүүгээ сайн харна гэж бодож байгаа. Би ээждээ энэ дэлхийгээс их хайртай”.
Бичмэлээр их гаргацтай, хичээнгүйлэн бичсэн энэ зохион бичлэгт Америкт суралцаж байгаа монгол хүүхдийн хичээл зүтгэл, чин сэтгэл нь шингэсэн байлаа.
photo

Дөрөв. Төгсгөл

Алдаа онооны дэнсийг туулан байж үйл ажиллагаагаа явуулж байгаа, гадаад оронд байгуулагдсан олон монгол сургуулиудын хувьд адил төстэй зүйл их бий. Ц.Энхдүүрэн захирал гадаадад байгуулагдан ажиллаж байгаа монгол сургуулиудын уулзалт хийх тухай санаагаа ярьж байхдаа ” Бид бие биенийхээ гаргаж байсан алдааг давтаад яах юм бэ? Ололт амжилт туршлагаа хуваалцан хамтдаа л урагшаа явья.” гэж хэлсэн нь надад их ч таалагдсан. Энэ санаа ажил хэрэг болбол юутай сайхан.
БСШУЯ энэхүү үйл ажиллагаа болон санаачлагыг ажил хэрэгчээр дэмжиж, сургалтын арга зүй болон хөтөлбөр, сурах бичиг болон сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын хөдөлмөрийн үнэлгээ болон хүч хөлсийг үнэлэн тооцож, бага боловч хэмжээгээр санхүүжилт олгон дэмжих талаар анхаарах хэрэгтэй болсон мэт. “Аавын хүүхдүүдийг алаг үздэггүй” төр байж, харь оронд ч монгол сэтгэлгээ, монгол ухаан, монгол генийг хөгжүүлж байвал юутай сайхан.
Гадны улс оронд ч Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө алд биеэ алжаан байж, сэтгэл зүрхээ чилээн байж хөдөлмөрлөж байгаа бүх л хүмүүст чин сэтгэлээсээ талархая. Ариун гэгээн энэ үйлс тань улам улмаар өргөжин дэлгэрч, монголчуудын оюун санааны их дэвшилд далай мэт их хурыг буулгах болно гэж итгэж байна.
Намайг чин сэтгэлээсээ хүлээж авч, уулзаж ярилцан санаа бодлоо хуваалцсан Денверийн монгол сургуулийн захирал Дүүрэн болон түүний гэр бүлд, багш Хундагаа, Давааням, Зүлэгсайхан, Заяа, Отгонжинжээ, Байгаль нарт талархсанаа илэрхийлье. Тэдний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.mongolianschoolcolo.com сайт руу нь орж үзээрэй.
Монгол хүүхдийн дуун цангинасан их өргөөд улам олширч, монгол төрийн тулга бат байж, эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ
ҮХТЭЛ ОРШИХ ТӨРӨЛХ НУТАГ САЛЖ БОЛШГҮЙ ОРОН
Д.Нацагдорж

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-04-28

Share Your Thoughts