ДЕНВЕРИЙН “МОНГОЛ ТУЛГА” БЭЛЭГДЭЛ

Мижидийн Цогтсайхан

Нэг. Намтрын товчоон

-1973-1981 онд Нийслэлийн 20-р дунд сургууль
-1981-9185 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль
-1985-1991 онд Украйны Киевийн Шевченкогийн Нэрэмжит Уран зургийн Академи
Хоёр. Зураач болсон зам
Г.Галбадрах – Бага насны дурсамжаасаа хуваалцахгүй юу?
М.Цогтсайхан- Нийслэлийн 20-р дунд сургуулийг төгссөн. Зургийг бага наснаасаа зурж эхэлсэн. Пионерийн ордны зургийн дугуйланд Энхболд багшаар зургийн анхны “А” –гаа заалган дотоод гадаадаас зарладаг хүүхдийн гар зургийн олон уралдаанд тэргүүн ба удаах байруудад шалгарч байсан нь цаашид хөгжихөд маань их түлхэц болсон болов уу.
1981 онд  Монгол хүн сансарт ниссэнтэй холбогдуулан зарласан гар зургийн уралдаанд “ Сансарын пионерууд” зургаараа тэргүүн байранд орж Герман улсад амарч байв.Тэр жилдээ ДУДС-д  Монгол зургийн ангид Чинтогтох багшийн шавь болж мэргэжлийн гараагаа эхэлсэн.  1985 он хүртэл ДУДС-д суралцах хугацаандаа Сүхбаатарын нэрэмжит цалинтай, Шилдэг тэргүүний оюутан болж бас ч үгүй нийгмийн энэ тэр ажилд оролцдог их идэвхитэй оюутан байлаа.
Г.Галбадрах-  ДУДС- төгсөөд ямар сонголт хийв?
М.Цогтсайхан- “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг шиг миний амьдралд хэд хэдэн том азтай эргэлтүүд болсоны нэг нь , тэр үед жил бүрийн төгсөлт болгоноос хамгийн шилдэг нэг оюутныг Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэлийн  Хорооноос урилгаар гадаадад их дээд сургуульд шалгалтгүйгээр дэвшүүлэн суралцуулдаг байсан нь надад оногдож Украйн улсын нийслэл Киев хотын Шевченкогийн нэрэмжит Уран зургийн академид “График, Зураасан зургийн” мэргэжлээр суралцах аз тохиовоо.
Г.Галбадрах – Монгол зургаас Европын зураасан зураг руу шилжихэд бэрхшээл байв уу?
М.Цогтсайхан- Бидний үед ДУДС  нь  маш чанартай, хүчтэй оюутнуудыг бэлддэг байж. Ардын зураач, төрийн шагналт Амгалан, Дондог, Пүрэвдорж, Мөнхжин гээд л олон сайхан багш нараар заалгасан хүн ажрахгүй явсаар 1991 оны зун дипломоо онц дүнтэй хамгааалж төгссөн. Оюутан байхад Орос оронд болоод зүүн Европид “Престройка” ид хүчээ авч олон юмс өөрчлөгдөхийн зэрэгцээ урлагт хаалттай байсан хийсвэр урлагийн олон …изм-үүд гарч ирсэн нь оюутан бид нарт шинийг суралцах сонирхолтой цаг хугацаатай давхцаж байлаа.Тэр үеэс улбаалан өдийг  хүртэл голдуу ”Ехпресионизм” урсгалаар бүтээлээ туурвисаар ирлээ. Энэ урсгал нь тухайн цаг мөчид төрсөн сэтгэгдэлээ алив нэгэн хэлбэрт баригдалгүйгээр илэрхийлдэг. Түүнийгээ  би бэлэгдэлийн \ симболизм\- тай хослуулан  өөрийнхөө бүтээлийг туурвидаг.
Г.Галбадрах- Киевт сургуулиа төгсөөд…..?
М.Цогтсайхан – 1991 онд сургуулиа төгсөөд Монголдоо буцаж ирэхэд бүх юм өөрчлөгдсөн байлаа. ДУДС маань СУИС болчихсон байв. Сургуульдаа дизайны багшаар ажилсан. Тэр үед бух зүйл амаргүй байсан. Хүмүүс ихэвчилэн ганзгын наймаанд явцгааж, урлаг соёлыг тэгтлээ ойшоохоо больчихсон байлаа. Ардчилал ялаад нийгэм задарч , бүх зүйл учраа олохоо больчихсон үе байв. Зураач Хуяг-Очир, Одхүү, Санжаасүрэн гэх хэдэн зураач нартайгаа нэгдэн “ Сита Арт” шинэ урлагийн нийгэмлэг байгуулан мөн тэр үед төрөн гарсан “ Ногоон морь” “Би”  “Тэнгэр” чөлөөт урлагийн нийгэмлэгүүдтэй хамтран Соросын сангаар санхүүжүүлсэн “Сөрөг” нэртэй их шинэлэг содон үзэсгэлэн гаргаж байсан. 1992 -1996 онуудад  Унгарын Будапешт хотод ажиллаж амьдарч байлаа.
Г.Галбадрах- Унгараас буцаж ирээд юу хийв дээ?
М.Цогтсайхан- Чөлөөт зах зээлийн хуулиар хувийн янз бүрийн компани энэ тэрийг байгуулан ажиллуулж эдийн засгийн хувьд дутагдаад байх зүйлгүй болсон ч сэтгэлд нэг л зүйл дутагдаад байлаа. Энэ бол уран бүтээл. Нэг анзаарахад би өөрөө амьдралын буулганд орчихоод уран бүтээлээ хийхээ ч больчихож. Зураач  бид  чинь мөнгөнөөс илүүтэй уран бүтээлээ хийж тэндээсээ сэтгэлийн таашаал, омгорхол, баяр баясгаланг авч байдаг хүмүүс . Тэгээд Америк явахаар шийдлээ. Учир нь миний дүү нар Америкт оюутан байсан , тэд надад зөвлөж , би ч туршиж үзэхээр шийдсэн.
Г.Галбадрах –Монголдоо уран бүтээлээ хийгээд байж болохгүй байсан уу?
М.Цогтсайхан-  Уран бүтээлд хил хязгаар үгүй. Орон зайн хязгаар, ялгаа үгүй. Хаана зах зээл өрсөлдөөн байна, тэнд очиж өрсөлдөж өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Хэрэв нэг жалгандаа суугаад зураад байвал хэрхэн дэлхийг мэдэрч зэрэгцэн хөгжиж чадах билээ. Нөгөө талаас ажил хийж мөнгө олоод уран бүтээлээ хийх үү? Уран бүтээлээрээ мөнгө олж амьдралаа залгуулах уу? гэдэг бас л сонголт. Тэр үед яг үнэндээ Монголд тийм боломж байгаагүй. Мөн Америк нь бизнесийн төдийгүй урлагийн төв байсан нь ч өөрийгөө хөгжүүлэх гэсэн түлхээсэнд нэмэр болсон байх.
Г.Галбадрах- Тэр ч тийм шүү. Америкт ирээд, эрх чөлөө болон уран бүтээлийн боломжийг илүү мэдэрсэн байх
М.Цогтсайхан- Энд шударга орчин байсан. Амжилтанд хүрч , амьдралаа сайхан авч явахын тулд хэн нэгнийг заавал таньдаг байх , эсвэл ямар нэгэн эрх мэдэлтний  хамаатан, дүү байх албагүй. Хэрэв чамд авьяас бас зүтгэл байгаа бол уран бүтээлээ хийгээд амьдралаа авч явах боломж бий. Энэ нь надад таалагдсан төдийгүй маш олон боломжийг надад мэдрүүлсэн.
Гурав. Америкийн уран зургийн ертөнцөд
Г.Галбадрах – Чи Америкт ирээд нилээд олон үзэсгэлэн гаргасан юм байна. Энэ тухайгаа ярьж болох уу?
М.Цогтсайхан – Би Америкт ирээд нийтдээ 50 гаруй үзэсгэлэн гаргажээ. 1999 оны 1 сард хэдэн зургаа тэвэрсэн юугаа ч мэдэхгүй  хүн Сан-Францискод бууж байлаа.  Ирээд уран зургийн зах зээлийг судлан, маш эрчимтэй хөдөлмөрлөн 20 –р зууны хамгийн олон естэй өдөр болох 1999 оны 9 сарын 9 нд анхныхаа бие даасан үзэсгэлэнг одоогийн Wells Fargo банкаар спонсорлуулан Дэнвэрийн Даун Таунд гаргаж билээ. Мөн тэр жилдээ мэргэжлийн уран зургийн галлерейд гишүүнээр элсэж одоог хүртэл жил бүр алгасалгүй шинэ уран бүтээлүүдээрээ бие даасан үзэсгэлэнгээ гаргасаар байна. Үзэсгэлэнгээ дунджаар 16-20 зургаар 1-3 сарын хугацаатай гаргадаг. Нэг үзэсгэлэнгээс ойролцоогоор 4-5 бүтээл зарагддаг юм. “ Pirate” галлерейд үзэсгэлэнгээ дуусгаад шинэ зургуудаараа өөр бусад галлерей болон мужуудаар явж гаргана. Нью-Йорк, Бостон хотуудаар нилээн хэдэн үзэсгэлэн гаргасан. Миний бүтээлүүд Дэнвэрийн уран зургийн төв музей, олон галлерей, зураг цуглуулагч нарын сан хөмрөгт байгаа
.
… Орой нь тэдний гэр бүлийн хамтаар  Дэнвэрийн Даун Тауны 16-Wazee гудамжинд байрлах “BD’s Mongolian Grill” ресторанд очиж хооллов. Монголын нэрээр овоглосон тэр хоолны газар ямар гайхалтай байсан гээч, хүмүүс гадаа нь дугаарлаж , дотор нь монгол цэргийн том гэгчийн бамбай дээр сэлэм маягийн зүйл  эргэлдүүлсэн хүмүүс хоол хийж байв. Харин хананд нь М. Цогтсайханы зурсан зургуудын үзэсгэлэн , монголын ахуйг харуулсан фото зургууд өлгөөтэй байлаа. Энэ рестораны хананд Монголын зураач урчуудын олон цуврал үзэсгэлэнгүүд гардаг гэнэ.
Г.Галбадрах- Энэ ресторантай анх яаж холбогдсон бэ? Нилээн өргөжсөн, сайн орлоготой газар мэт санагдаж байна.
М.Цогтсайхан- Энэ рестораны сүлжээ нь АНУ-ын 13 мужид 35 салбартай ,Монголд хүртэл нэг салбараа нээсэн том айл. Анх Дэнвэр дэхь салбартай нь хамтран ажиллаж фото зураг, цамын маск, уран хайчилбар, уран зургийн үзэсгэлэнгүүдийг гаргаад 2006 оноос хойш хамтран ажиллах гэрээ хийж бусад салбаруудаар нь манай морин өртөө шиг үзэсгэлэнгүүдээ аялуулан гаргадаг. Үүний зорилго нь Монгол дахь мэргэжил нэгт залуу зураачдын бүтээлийг сурталчилан  тэдэнд эдийн засгийн талаас нь бага ч болов туслах, нөгөө талаар олон хүн орж гардаг газар Монголоо сурталчлах том боломж юм уу гэж бодсоноос хийж байгаа юм.. Цаашдаа монгол зураг, угсаатны зүй, чимэглэх урлагийн төрөлжсөн үзэсгэлэнгүүдийг ВД- салбаруудад болоод мэргэжлийн галерейд гаргах бодолтой ажиллаж байна.
tulga_012Дөрөв.ТУЛГА ХӨШӨӨ
…Бид хамтдаа, түүний байгуулсан “Тулга” хөшөө нь дээр очиж үзэв. Дэнвэр хотын нэгэн  дүүрэг “Лаури” гэдэг нилээд чинээлэг хүмүүс амьдардаг бололтой газар энэ хөшөө сүндэрлэж байлаа. Дэнвэр, Уланбаатар хотууд эгч дүүс хот болцгоож , уг паркыг “Улаанбаатар” парк гэж хотын захиргаанаас албан ёсоор нэрлэн самбар босгожээ. Яг үнэндээ Дэнвэрт “Тулга” хөшөө бослоо гэсэн мэдээллийг уншиж зургийг нь харж байснаас , газар дээр нь очиж нүдээр үзээд, тэгтлээ Монгол хүний омогшил мэдрэгдэнэ гэж төсөөлж байсангүй. Эх нутгаасаа алсад байгаа хэн боловч Монгол төрийн, Монгол айлын гал голомт болсон ТУЛГА–г харахад арай л өөр мэдрэмж төрж байсан шүү. Үүнийг зүгээр л нэг төмөр хөшөө гэж төсөөлж боломгүй юм. Энд Монгол үндэстэний том бэлэгдэл боссон байна шүү дээ” – хэмээн сэтгэлд минь эргэлдэх бодлоор , үүнийг бүтээсэн М. Цогтсайханыг харахдаа үнэхээр бахархан хүндэтгэх сэтгэл төрж байлаа.
Г.Галбадрах- Яагад заавал “Тулгыг сонгох болсон юм бэ?
М.Цогтсайхан- Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан , ер нь Америкт Монголын ёс заншил ,уламжлалыг харуулж шингээсэн ямар нэгэн бодит зүйл байгуулж бүтээе гэдэг санаа орж ирсэн. Тэгээд л уран бүтээлийн эрэл хайгуул хийж , янз бүрийн сэдвээр эскиз гаргасан. Эцэст нь нүүдэлчдийн соёл , гүн ухаан, хэрэглээний болоод аж байдлын бүх зүйлсийг төгс багтаасан “ Тулга” аа сонгож эскизээ зураад түүнийгээ Монголчуудын Холбооны хэсэг нөхдөд үзүүлэв. Тэд маань нэг дуугаар дэмжээд дараа нь Дэнвэрт байдаг өргөмжлөлт консул, эгч дүүс хотын зөвлөлд танилцуулж дэмжүүлээд хотод санал төслөө гаргаж өгсөн дөө.
Galbadrax_-_Tulga_Eko_lake_2011_april_16_17_005Г.Галбадрах- “Тулга”-ны бэлэгдэлийг тодруулж өгөхгүй юу?
М.Цогтсайхан- Монголчууд нүүдэлчин ард түмэн. . Бидний үеийнхэн Америкт ирж суурьшин буй 20- р зууны анхны монголчууд. Хаа ч нүүдэллэж очсон эхлээд тулгаа тулж , галаа асаан цайгаа  чанадаг. Нүүдэллэж ирсэн улсуд ч, нүүдэл тосч ирсэн хүмүүс ч тулганд асаасан галд чанасан цайгаа уугад “ тавтай морил” гэж хэлдэг.  Бас нэг утга нь: Америк улсын газрын зургийг Монгол гэрээр төсөөлөн үзвэл тулганы байршил нь Колорадо мужийн байршилтай давхцаж байсан зэрэг нь “тулга”-г сонгоход их түлхэц болж өгсөн. Мөн Америкийн Монголчууд маань үе удмаараа тулганд  асаж буй галын дөл шиг  дүрэлзэн, амьдрал нь тулгын 4 хөл шиг бат бөх байхыг давхар давхар бэлэгдсэн юм.
Г.Галбадрах- Гайхамшигтай санаа байна. Тулгыг 3 хөлтэй, 4 хөлтэй гэж янз янзаар л харж байсан. Энд 4 хөлтэй хийсний утга санаа нь юу вэ?
М.Цогтсайхан- Энэ дээр зарим хүмүүс маргадаг юм. Би  эскиз макетаа хийхээс өмнө тулгын 4 хөлний талаар их судалгаа хийсэн. Монгол төрийн тулга гэж одоо ч Богд хааны ордон музейд байдаг юм билээ. Хэрвээ олоод үзвэл Чүлтэм гуайн “ Монголын чимэглэх урлаг” альбомд зураг нь байж л байгаа. Харин бэлэгдэлийн хувьд гэвэл:
-Тулгыг айл гэрийн голомт гэж үздэг
-Тулганд гал түлдгээрээ үргэлж өдөө бадарч, өргөжин дэвжихийн бэлэгдэл болдог
-4 хөл нь “ гал, ус, хий , шороо” гэсэн 4 махбодийг илэрхийлдэг
-3 бүслүүр нь “нар, сар, од”-ыг мөн” бие, хэл, сэтгэл” гэсэн нарийн утгыг агуулахаас гадна 3 эрдэнэ ч гэж үздэг
-Хөлийн дээд үзүүр дэхь тогоо тогтоогч дэгээ хэлбэр нь шувууны толгойг илэрхийлдэг. Энэ нь галаа алдахгүй хамгаалагч гэсэн домгоос үүдэлтэй.
-Тулганы их бие \бүслүүр хөл\ эргэн тойрон дахь зоосон хээ нь баяжин арвижих, өсөн төлжих гэсэн утгыг илэрхийлдэг бол эвэр угалз нь бат бөх, үл төгсөх, урган цэцэглэхийг бэлэгддэг юм
Г.Галбадрах- Сайхан бэлэгдэл юм. Монгол хүн болгон мэдэж байвал хэрэгтэй байнаа. Хөшөө барих зөвшөөрөл авах гэж нилээд ажил болов уу?
М.Цогтсайхан- Тэгэлгүй яахав. Энэ хөшөө бол ганцхан миний бүтээчихсэн зүйл биш шүү дээ. Үүнд Дэнвэр болоод Сеаттл дахь Монголчуудын мөнгөн болоод сэтгэлийн гүн дэмжлэг , Дэнвэрийн  Монголчуудын Холбоо, Консулын газар, Дэнвэр Улаанбаатар эгч дүү хотын зөвлөл “ Lowry” сан,”The Kuhn Foundation’ , “Wagner Asia Equipment “ LLC, “ Pognani & Faught “ PLLC гээд дурьдаад байвал барагдахгүй их хүн , байгууллага туслаж 100% хандиваар босгон Дэнвэр хотдоо өгсөн бэлэг шүү дээ. Монголчууд бэлэгний морины шүдийг үздэггүй гэдэг. Харин Америкуууд үзээд тоолох  байтугай   маш өндөр шаардлага тавьж , шат дараалсан хурлаар орж  батлуулсаар жил хагасын дараа арай гэж зөвшөөрлийн гарын үсэг тавьсан. Энэ бүх бичиг цаас болоод хөрөнгө мөнгө босгох хүнд ажлыг “Тулга” төслийн удирдагч Ц. Наранзул, А. Золзаяа  нар сэтгэл зүтгэл гундахгүй хийсээр ард нь гарсанд одоо ч тэдэндээ үнэн сэтгэлээсээ баярлаж явдаг.
Г.Галбадрах- Хөшөөг барих  явцад өөрчлөх шаардлага гарч байсан уу?
М.Цогтсайхан – Хөшөөг анх 3 метр өндөр байхаар тооцож зураг төслөө гаргасан юм. Гэтэл Ловри дүүрэгт  оршин суугаа айлуудад зураг төслөө танилцуулж нэг орой уулзалт хийтэл “ Ийм сайхан хөшөөг  манай энд барих гэж байгаад бид үнэхээр баяртай байна, бид та нарт тусална , харин та нар энэ хөшөөгөө 7 метр болгооч”  гэсэн хүсэлт гаргасан. Энэ үед хичнээн их баярласан гээч. Хөшөө маань 7 метр өндөртэй , цэвэр гангаар хийсэн суурин дээр  битүү өлзий хээтэй, голдоо шөнийн цагт чанх дээшээ тусдаг гэрэлтэй\ энэ нь галыг бэлэгдсэн\. Хээний загварыг   яг үйлдвэр дээр нь очиж хэмжээгээр нь өөрөө бэлтгэж өгч хийлгэсэн. Тэд 2 см зузаантай ганг  лазераар зүсч хийсэн.  “Тулга “ хөшөөгөө 2009 оны 5 сарын 24 нд нээлтээ хийж тууз хайчилж бэсрэг наадам хийж хотдоо албан ёсоор хүлээлгэж өгсөн.
Г.Галбадрах- Энэ хөшөөний дэргэд зогсоод  харж байхад  л монгол бахархал омогшил мэдрэгдэж байна шүү  . Үүний төлөө чамд маш их баярлалаа гэж хэлье. Өөрийн тань амьдралдаа хийсэн бас нэг бүтээл, бас хойч үедээ үлдээж байгаа буян болох биз.
М.Цогтсайхан – Энэ бүтээл минь гадаадад байгаа монголчуудад их боломжийг мэдрүүлсэн. Биднээс хойш ч  Монголын минь удам угсаа болсон монгол залууст маань Монголын гал голомтыг мэдрүүлж , бахархал омогшлыг мэдрүүлсээр байх болно. Үүнээс илүү гайхалтай бүтээлүүд дэлхийн олон оронд Монголоор овоглон сүндэрлэх байх аа.
Тав. Монголын урлагийн төлөө буюу энэ насны буян
Г.Галбадрах- Өөрийн тань уран бүтээлүүдийг харахад их олон төрлөөр ажиллах юм. Уран зураг зурж, маск хийж, бурхан хүртэл бүтээсэн байх юм.
М.Цогтсайхан – Монголд амьдралын шаардлагаар уран бүтээлч нараас  олон төрлөөр ажиллахын  хэрэгцээ ,чадвар шаарддаг. Мөн давхар мэргэжил эзэмшсэнээс ч болдог байх. Энд бол арай өөр ,уран бүтээлч хүн нэг эзэмшиж мэргэжсэн чиглэлээрээ л дагнан бүтээлээ туурвидаг. Гэхдээ энэ бол муу зүйл биш л дээ. Би монгол зургийн анги төгссөн болохоор уламжлалаа дагасан бурханы тэг зураг , мөн цамын маскнуудыг урлаж үзэсгэлэнгүүд гаргадаг.

Г.Галбадрах- Чиний урласан маскнууд чинь надад их сонирхолтой санагдаж байна.
М.Цогтсайхан- Маск хийх нь миний хобби юм. Анх уламжлалт маягаар хийдэг байснаа сүүлийн үеэс дизайн зохиомжоо өөрчлөн байгалийн гаралтай болоод янз бүрийн материал ашиглан хийж байна. Маск гэдгийг хүний дотоод дүр эсвээс миний өдрийн тэмдэглэл гэсэн маягаар цуврал болгон бүтээж байга. Даан ч харамсалтай нь цуглуулж чадахгүй, зарагдчих юм.

Dalai_Lama_455Г.Галбадрах- Өөрийг тань бурхан бүтээж дээрхийн гэгээн Далай багшийн мутарт өргөсөн тухай сонссон юм байна.
М.Цогтсайхан- 2005 онд Дэнвэрт Нобелийн шагналтнуудын уулзалтанд Дээрхийн гэгээн залагдан ирэхийг далимдуулан Дэнвэрийн Монголчуудын  Холбоо маш сайн зохион байгуулж  Монголчуудыг  тусад нь Далай багштай  уулзуулахаар  болсон юм. Сүсэгтнүүдийн мөнгөн өглөгөөс гадна Далай багшид гарын бэлэг өгөх тухай Ажаа гэгээнтнээс зөвөлгөө авч насны бурхан “ Аюуш” –г бүтээж өгөх далгавар надад  оногдсон. Бурхан  бүтээсний дараахь торголох, хөшиг, аравч, дог гээд зүйлсийг худалдан авч эдгээрийг оёж дуусгахад олон хүн гар бие оролцсон доо. Олуулаа хийсэн буян цаглашгүй арвин гэдэг билээ.
Г.Галбадрах- Харин дараагийн удаад?
М.Цогтсайхан- 2010 оны  5 сарын 12-нд Билмүүнгтон хотын Монгол Төвдийн Соёлын Төвд Далай багш айлчлах үед нь  Дэнвэр дэхь Буддын шашны “ Номын хүрдэн” сургуулийн хамт  олон  “Майдар” бурханыг бүтээвэл зүгээр юм гэж  ярилцаад би бурханаа урьд бүтээсэн бурхантайгаа адил хэмжээгээр бүтээж бүх монголчуудынхаа өмнөөс буян үйлдэж  Далай багшийнхаа мутарт нь өргөж , адис авч, номын дуу сонссондоо өөрийгөө маш их азтайд тооцож явдаг даа.
Одоо Монголд миний багш Гончиг  гэж 102 настай буянтай лам хүн бий. Багшийнхаа хүсэлтээр “Сэндом” бурханыг бүтээсэн. Энэ бурхан маань Дашчоймбол хийдийн  гол шүтээн бурхан болон залагдсан байгаа.
Г.Галбадрах-  Буянтай үйлс бүтээжээ. Охидууд тань чамайг дууриагаад  зураач болж байгаа юм байна. Энэ харин сайн нөлөө шүү.
М.Цогтсайхан- Охидууд маань жаахан авьяастай юм шиг байна. Том охин Эрдэнэсүрэн одоо Бостоны уран зургийн дээд сургуулийн 3-р курсын оюутан. Бага охин Анужин урлагийн тусгай дунд сургуулийн зургийн ангид сурдаг. Миний охидууд их биеэ даасан үзэл бодолтой. Том охин маань өөрийн бие даасан 20-иод үзэсгэлэнгээ гаргачихсан яваа. Ер нь орчин үеийн залуучууд их өөрөөр сэтгэж, ихийг бодож, түүнийгээ биелүүлэх гэж зүтгэж, тэмцэж байгааг нь хараад би тэд нараар бахархдаг .
Г.Галбадрах- Тиймээ!  Энэ л биднийг баярлуулж урам өгч байгаа юм шүү дээ. Үүнд эцэг эх та нарын гавьяа их бий.
М.Цогтсайхан- Хүн ер нэгийг бодоод  зориглоод тууштай, уйгагүй зүтгэвэл үр шим нь заавал гардаг. Тэр болгон дандаа дардан замаар явдаггүй. Зарим хүнд хэцүү үед миний ханийн тэвчээртэй, хүлээцтэй зан, ухаалаг зөвлөлгөө надад ямагт түшиг минь ,урам  минь болж байдаг билээ. Хайртай ханьдаа , гэр бүлдээ  үнэхээр баярлаж явдаг.
Г.Галбадрах- Хүний амьдралын нэгэн зорилго энэ юм шиг. Өмнөө зорилго тавиад уйгагүй зүтгэж , зорьсондоо хүрч, хийж бүтээсэн зүйлтэй байгаа таньд их баярлалаа. Хамтдаа суугаад ярилцаж байхад сайхан байлаа. Мэдээж хийж бүтээх олон зүйл өмнө тань байгаа байх. Тэр болгонд амжилт хүсье.
М.Цогтсайхан- Танд ч бас их баярлалаа.  Төлөвлөж байгаа зүйл их бий. Америкт ажиллаж амьдарч байгаа мэргэжил нэгтнүүддээ мэнд хүргэж , энэ аугаа орон зайд бид хамтдаа олон зүйлийг бүтээж чадна шүү гэж хэлье. За тэгээд бүх л Монголчууддаа сайн сайхан бүхнийг ерөөе.
…Би тэдний гэр бүлтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөж, урланг нь үзэж, зөндөө л олон зүйл ярилцсан. Түүний зурсан зургууд болон урласан маскнуудаас нь түүний дотоод сэтгэлийн их эрч, амьдралын үзэл, элдэв бодол, санаашрал нь мэдрэгдэж байв. Харин охин Ц.Эрдэнэсүрэнгийн зургууд нь шал өөр мэдрэмж төрүүлсэн. Түүний зургуудын баялаг өнгө, өвөрмөц  дүрслэлүүд, зоримог шийдлүүд нь бидэнд аргагүй л өсч яваа залуу хүний өөртөө итгэлтэй бардам атлаа, бидний төсөөлөх аргагүй  уудам ертөнцийг санагдуулж байлаа. Харь оронд өөрсдийн авьяас чадвараараа Монгол сэтгэлгээ, Монгол бэлэгдэлийг бүтээж яваа тэд, миний хувьд Монгол бахархал байсан шүү. Та нартаа уран бүтээлийн их амжилт, онгод хийморийн сүр хүчийг ерөөе.  УРЛАГИЙН ТЭНГЭР ИВЭЭГ!

 

Share Your Thoughts