Денверийн тэмдэглэл

…Денверийн онгоцны буудалд  газардахуйяа, дулаахан агаад сэвэлзүүр салхитай байв. Хот руу явах замд алсаас дүнхийн харагдах модтой өндөр уулс  Монголын минь Хангайн сүрлэг уулсыг санагдуулна. Денверт ирэх бүрд Монголдоо ирж байгаа мэт байдаг сан. Хуурайдуу хэрнээ зөөлөн салхи хацар нүүрийг минь илбэж, хааяадаа орох борооны чийглэг үнэр тэр гэхийн аргагүй сонин мэдрэмжийг төрүүлдэг юм. Энэ удаад би өөр зорилгоор ирсэн хэдий ч, тэр орой  уран үгсийн “Тулга” клубийн 2 жилийн ойн баяр болох гэж байгааг дуулаад ихэд бэлэгшээсэн. Тохиолдлоор гэмээр ч, тэдэнтэй уулзах бүрд надад сайхан санагддаг юм.

Уран үгсийн “ТУЛГА” клубийн 2 жилийн ой

…Эрээнцавд орох борооноор цавьдар морьтой хүн наашилж, борооноос өмнө амжсандаа олзуурхангүй, гэрийн баруун хаяанд эмээлээ шондож тавина.

…Хэрдээ эр хүн болж  ядаж байгаа жаал хүү сэтгэлдээ “Чингис хаан” гэж өргөмжлөн нэрийдсэн Цамбын залуухан эхнэр Хулантай  наадмын замд хамтдаа саатангаа, сэтгэлийн чанадад бадамлах хайрын дөлөө ичингүйрлээр даруулах аж. Хардсандаа түүнийг мориноос гуд татан унагаж, хээр хаян орхиж, залуухан эхнэрээ хөтлөн тоос татуулан одох Цамбын араас  “Хулан чамайг хаяна даа, харж л байгаарай” гэж нулимсандаа  хахаж цацан бачимдах залуу хүү.

…Айлын бүсгүйтэй хоног төөрүүлж байгаа эр нөхрийнх нь унаж явсан морь нь аргамжаагаа тасдан  уяан дээрээ ирэх дор, бусдын хэл ам, доог тохуунаас болж хийморь нь доройтох вий дээ гэсэндээ буцааж аваачин тугалын зэлийг нь тасдан аргамжиж, харанхуй шөнөөр  “Алтанцэцэг ээ, нохойгоо хорь оо” хэмээн дүрсгүйтэн гүйх бүсгүй.

…Тэнгэрт нисэх оньсон хөлөг бүтээх гэж хэрдээ ур ухаан зарсан боловч, түүнийгээ нисгэж чадаагүй гутарсан сэтгэлээ шимийн охиор даруулан хуурай агсамнах дархан өвгөн.

… Өөрийн эрдэм чадлын дээжээ өвлүүлэн сургасан шавийнхаа нүдний тэртээд сүүмэлзэх хярууг анзаарангаа сэтгэлдээ  харамсан халаглаж буй өвгөн маарамба.

…Харьд удсан ээжийн захиаг олж уншингаа, амьдралын энэ л ээдрээт хурдний өмнө сөхөрч, “аавтай минь бүжиглээч” хэмээн сэтгэлдээ уулга алдах жаахан охин.

…Тэртээх он жилүүдийн түүхэн нугачаанд Есүйхэй баатрын учирлал, омгорхол, харууслын гэрч болж үлдсэн Цэгцэрийн шар тал.

Энэ бүхэн  энэ сарын 8 ны үдэш Денверийн  цэнхэр тэнгэр дор, тансаг нэгэн тайзнаа  ээлж дараалан “амилав”. Монголын их утга зохиолын далай мэт арвин дээжсээс ,сувд мэт шүүрдэн  уран, яруу сайхнаар хүүрнэх  нэгэн үдэш.  Амьсгаа даран сонсож, хааяадаа сүүрс алдан, чийг даах аньсгаа хурууныхаа өндгөөр аргадан арчих  үзэгчид. Эх орон, элгэн садан, эрхэм  хайртай бүхнээ санагалзан дурсах энэ үдэш монгол  найраг, монгол ахуй, монгол сэтгэлгээний давалгаа байлаа. Сархадад биш найрагт “согтож”, уянга эгшигт аялгуунд биш уран яруу хүүрнэлд “уярч”, гагц яруу найраг,  сайхан өгүүллэгээр “нөхөрлөсөн”  олон хүмүүсийг харах сайхан байлаа.  Ийм мөчүүд олон тохионо гэж үү?

Уран үгсийн “ТУЛГА” клубийнхэн  2 жилийн сүүдэр тохиосон өдөртөө, саяхан Чикаго хотноо болж өндөрлөсөн  Америкийн монголчуудын “ТУЛГА” уран үгсийн хоёрдугаар чуулган дээр  үзэгчдэд толилуулж амжаагүй  бүтээлүүдээ дэлгэлээ.  Тэд энэ их наадмыг анхлан санаачлагчдын хувьд ч, ямагт сэтгэлдээ найраг эгшиглүүлж байдгийн тухайд ч, энэ өдөр “дошин” дээрээ ханхайж байгаагийн учир ч “эзэн хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэж” байв.

“ЗҮРХЭНД АРГАМЖААТАЙ НУТАГ” нэртэй энэ наадамд уншигдсан бүтээлүүд:

1.Б.Намуунбайгал   “Дөрвөн цаг, зун”   \Д.Нямсүрэн\

2. Ц.Нарангэрэл       ” Хулан бид хоёр”     \С.Эрдэнэ\

3. Ш.Байгалмаа       “Цаст уулын чулуу”    \Ж.Лхагва\

4. Ц.Энхболд            ” Боржигоны бор тал”   \Б.Лхагвасүрэн\

5. Б.Намуунбайгал  “Цэцэг нялхарсан зун”  \Ж.Дашзэгвэ\

6. Б.Амгаа                  “Диваажинд хүрэх оньс”  \С.Эрдэнэ\

7. Ч.Өнөрцэцэг       “Аавтай минь бүжиглээч”  \Т.Бум-Эрдэнэ\

8. Б.Баярмаа           “Алтан жүн жор”   \Д.Цэнджав\

9. М.Эрдэнэбат       “Цэгцэрийн шар тал”   \Ж.Лхагва\

Энэ наадмыг “Монгол Улсын Төрийн дуулал” дуулж эхлүүлсэн БЦДБЧ  \Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулга”-ын дуучин Жамьянмядаг,  бүтээлүүдийг толилуулах завсар  “Монголын тал нутаг”,  “Аав ээж хоёр минь”,  “Аргалд явсан ээжий” зэрэг дуунуудыг дууллаа.  Нутгаа санасан олон олон сэтгэлийг уяраан, түрлэг нэмэв.

Өгүүлэх нь: Хоёр жилийн тэртээд анд найз хэдэн айл, нэгнийдээ зочилж очиж. Жаахан хөөрсөн сэтгэлдээ  нэг нь  яруу найраг уншсан гэдэг. Гэтэл цөмөөрөө “ямар сайхан юм бэ?” гэснээ  “алив дараалаад уншья” гэцгээж.  Чадах чадахгүй ч ингэж хөгжилдсөндөө баярлацгааж  “ер нь амралтын өдрүүдээ цуглаж шүлэг, яруу найраг, өгүүллэг уншиж  байя” гэж тохирсон гэдэг.  Энэ цагаас хойш хүн болгон нь дараагийн амралтын өдрөө унших шүлэг, яруу найраг, өгүүллэгээ эрж хайн цээжилж эхэлжээ. Ингэж л энэ хотод анх “уран үгсийн чуулган ” үүссэн аж.

Энд тэнд  байгаа унших авьяастай сонирхолтой хүмүүс сургаар  нэгдсээр нийтдээ 9 айл болж, энэ нэгдлээ  “ТУЛГА” гэж нэрлэв. М.Цогтсайханы санаачлан бүтээсэн “ТУЛГА” хөшөө энэ хотод сүндэрлэж байдгаа бодсон ч, монгол бэлэгдлээ тооцсон ч, эв нэгдэл, хөгжин дэвжих ерөөлөө шившсэн ч хамгийн оновчтой гэж нэр хэмээн тогтжээ.

Тэд  Денверийн хэмжээнд  анхны наадмаа зохион байгуулахдаа сэтгэл ихэд түгшиж байсан гэдэг. “Дуу хуур, концерт тоглолт үздэг хүмүүс зөвхөн шүлэг яруу найраг сонсохоор ирэх болов уу?” гэдэг л хамгийн сэтгэл зовоосон асуудал байж. Санаснаас олон хүмүүс цуглацгааж, анхны наадам олон хүмүүсийн с этгэлд хүрч, тэднээс сонссон магтаал талархлын үгс нь урмыг нь сэргээжээ.  Харин тэд дараагийн удаад “Америкийн монголчуудын “ТУЛГА” уран үгсийн анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар зориглоцгоов.  Хэдийгээр амаргүй байсан боловч тэд энэ наадмыг маш сайн зохион байгуулсан юм.  Монголоос  Г.Мөнхцэцэг, П.Бадарч, Ц.Хулан нарын зохиолчдыг урихдаа  үзэгчдээ “баярлуулан цэнгүүлэх”-ийг л хүссэн аж. Наадмын арга хэмжээний зардлыг энэ 9 гэр бүл голлож  хөөцөлдөн босгосон гэдэг.

Тэдний ийнхүү ТУЛГА-нд асаасан найргийн гал өдгөө Америк оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудын хүрээнд аль хэдийн бадамлажээ.  Хоёрдугаар чуулган нь  2012 онд Чикаго хотод болсон бол гурав дахь чуулган  2013 онд АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо болно.  Харин тэд өөрсдөө ам бүлээ нэмцгээж, ур чадвараа улам улмаар дээшлүүлж байна. Өөрсдийн гэсэн уран бүтээл, өөрсдийн гэсэн үзэгч, дэмжигчидтэй болсон урмандаа тэд их зүйлийг хийж байгаа. Тэд өөрсдөө хөгжөөд зогсохгүй бусад олон монголчууддаа  сэтгэл урмын гал буухиалж байгаа болохоор тэдэнд талархахгүй байхын аргагүй. Тэд бол энэ сайхан үйлсийг эхлүүлсэн  анхдагчид.  Сайн үйлсийг сэдэж эхлүүлэх амаргүй ч, үр өгөөж нь бусдад түгж , өргөжин дэвжиж байхыг харж мэдрэх сайхан. Тэд үүгээрээ “гавьяатай” хүмүүс.

“ТУЛГА” клубийг санаачлагч Х.Лхамжав бид хоёр тэдний гэрт энэ тухай хүүрнэсэн юм.  Харин миний хүссэнээр уншиж өгсөн шүлгийг нь  та нартаа толилуулж байна.

Х.Лхамжав

 

ТУЛГА

Сэтгэл минь гэгэлзсэн үедээ

очих дуртай газар минь

Сэвэлзүүр салхитай дэнжийн

тойром бяцхан цэцэрлэг

Газар асч тэнгэрт тэмүүлдэг

галын бүслүүр

Ган дөрвөн тотготой ТУЛГА хөшөө

Хавар хаврын зөөлөн борооноор

хөшөөн дээр би очдог

Хаа холоос нутгийг минь зорих

шувуудын дуу сонсогддог

Анхны яргуй цасан дороос задрах шиг

шинэ мэдрэмж төрж

Адуун сүрэгт минь босоо унага

төрөх шиг сэргэдэг

Хавар хаврын зөөлөн борооноор

ТУЛГАН дээр би ирдэг

Хөхөмдөг униартай зуны үүрээр

хөшөөн дээр би очдог

Хөх тэнгэрт сүсэглэн байж нар зөв

гурав тойрдог

Хүлэг морьд гарааны зурхай

гийнгоо сонсогдох шиг болдог

Хүй долоон худагт боссон соёлонгийн тоос

мөрөн дээр буух шиг сэргэдэг

Хөхөмдөг униартай зуны үүрээр

ТУЛГАН дээр би ирдэг

Хунгийн будантай намрын үдэш

хөшөөн дээр би очдог

Хул шаргал зэгс нь исгэчээд

нутгийн минь бүрдийг санагдуулдаг

Чамтайгаа учирсан тэр л намраан дурсаж

хөшөөн дээр бодол цалгиадаг

Чанагш цагаан сарны туяа тотгон дээр нь тусахад

хуримын өдөр шигээ сэргэдэг

Хунгийн будантай намрын үдэш

ТУЛГАН дээр би ирдэг

Өвч цагаан өвлийн өдөр

хөшөөн дээр би очдог

Өлзий хээнийх нь цасыг алгаараа

арчиж сөхөрдөг

Отгон тэнгэрийнхээ арцнаас уугуулах

төдий саатахад л

Очирвааныхаа тахилга дээр

сууж байх шиг сэргэдэг

Өвч цагаан өвлийн өдөр

ТУЛГАН дээр би ирдэг

Их хотын минь нэртэй

цэцэрлэг болохоороо

Эх орон шиг ойр байдгийм

сэтгэлд

Илчит галын минь хүрээ

тулга болохоороо

Эцгийн минь голомт шиг дулаан байдгийм

зүрхэнд

Гуниглахдаан би энд л ирж

анисгаа норгодог

Дэнжийнх нь салхи аргадаж нэг

арчиж нэг өгдөг юм

Баярлахдаан би энд л ирж

анирыг нь цочоодог

Дээдсийн минь голомт амилж нэг

асч нэг сонсдог юм

Би ТУЛГАН дээр ирдэгээ

“NOMADIC SPIRIT S-2” уран зургийн үзэсгэлэн

Намайг Денверт очих гэж байгаа тухайгаа  дуулгахад анд найз М.Цогтсайхан  маань “Өө ашгүй дээ, найз нь 7 ны өдөр зургийн үзэсгэлэнгээ нээх гэж байгаа. Ирэхээрээ үзээрэй” гэж урьсан юм. Тэр үеэр Денверт очоод байсан Л,Мөнхтөр андын хамт 9 ний өдөр үзэсгэлэнг очиж үзлээ. Өмнө нь Цогоогийн 2 ч үзэсгэлэнг үзэж байсан юм.

Тэрээр энэ удаад 21 зураг тавьжээ. Нээлтийн эхний өдөр түүний 4 зураг шууд зарагдсан гэсэн. Түүний бүтээлүүд их л өвөрмөц л дөө. Модерн дүрслэлтэй мөртлөө, монгол зургийн өвөрмөц дүрслэлтэй их л донжтой хослуулдаг юм. Анх хараад шууд ойлгоход амаргүй ч сайтар ажиглавал түүний сэтгэлийн хэмнэлийг ойлгож болно. Өөрийн дотоод сэтгэлийн  өгүүлэмжээ өнгө будгийн дүрслэлээр “хүүрнэнэ”. Заримдаа бухимдал, тайвшрал, учирлал бүхэн нь янз янзаар илэрдэг.  Гэхдээ хэн ч түүний зургуудыг өөрийнхөөрөө тайлбарлаж болдог нь  сонирхолтой. Энэ удаад түүний зургууд өмнөхөөсөө арай л шинэлэг гэмээр байв. Харандаан дүрслэлүүд олон өнгөтэй уусах маягаар хосолсон нь түүний ертөнцийг үзэх бодол санааны өөрчлөлт юм уу гэлтэй.

СЮРПРИЗ

Уг нь Цогоо Бажаа 2 маань “Тулга”-ын ой дээр ирнэ гэж байсан юм. Гэтэл ирж амжаагүй. Харин маргааш нь гэрт нь очиход шалтгаан нь тодорхой боллоо.  Тэр хоёр маань 2 охинтой. Хоёулаа зургийн авьяастай болохоороо тэр чиглэлээрээ суралцацгаадаг. Том охин Ц.Эрдэнэсүрэн нь Бостонд Уран Зургийн Сургуульд суралцдаг юм.

Хоёр охин нь аав ээж хоёрынхоо гэр бүл болсны 25 жилийн  “Мөнгөн хурим”-ыг 8-ны өдөр хийхээр товлон бараг 2 сарын өмнөөс бэлтгэж эхэлжээ. Гэхдээ аав ээж хоёртоо сюрприз барихын тулд бүх зүйлээ чандлан нууцалсан аж.  Америкт бас Монголд байгаа ах дүү нартайгаа, бас аавынхаа хамтран ажилладаг байгууллагуудтай нь хүртэл ярилцаж ямар их сэтгэл, хүч хөдөлмөр гаргаж бэлтгэснийг нь бид тэдний бэлтгэсэн баримтат киног үзэхдээ үнэхээр гайхан биширсэн.

Бага охин нь хүүхэлдэйн кино маягаар зурж, том охин нь тайлбрыг нь уншсан тэр  кинонд аав ээжийнхээ бага нас, төрж өсөн суралцаж байсан бүх ахуй үеийг дүрсэлжээ. Тэдний танилцаж, бие биедээ дурлан гэрлэж, хожим нь үр хүүхэдтэй болсон түүхийг маш сонирхолтой байдлаар дүрсэлж үзүүлсэн байв. Тэгээд ч зогсохгүй Монголд байгаа бүх ах дүү нар болон бага насных нь найз нөхдийн мэндчилгээг хүртэл оруулсан байсан гээд бод доо. Нэгэн гэр бүлийн гайхамшигт түүх.

Бидний төсөөлж асан олон найр хуримаас огт өөрөөр, аав ээжийнхээ амьдралын түүх, дурсамж, зовлон жаргалыг өөрсдийн мэргэжлийн ур чадвараар, бас өөрсдийн сэтгэлгээгээр  хийж чадсан нь үнэхээр гайхалтай байв. “Өсч өндийж яваа бидний үр хүүхдүүд маань биднээс огт өөрөөр сэтгэж, биднээс огт өөрөөр амьдралыг хардаг болсон”-ыг бид тэр орой бахдав. Цогоо Бажаа хоёр маань тэр орой олон сюрпризэд  автан уярч уйлж, баярлаж бахадсан сэтгэлээ найзуудтайгаа хуваалцав. Хамгийн том сюрприз нь охидуудынх нь аав ээж хоёроо хамтдаа 7 хоног Хавайд амарч аялах хөтөлбөр байсан.

Биднийг зочилж очиход, тэд гэнэтийн энэ сюрпризийн  улмаас,  хамаг ажлаа зохицуулах болсон тухайгаа учирлаж билээ. Өглөө эрт нисэх гэж байсан тэдэнд бид “Бал сараа сайхан өнгөрүүлэх”-ийг ерөөв. Тэр хоёр маань одоо Хавайд “бал сар” -аа тэмдэглэж яваа. Үр хүүхдүүдийнхээ төлөө гаргаж байгаа сэтгэл зүтгэл болгон нь үр хүүхдүүдэд нь “эрдэнэ” мэт баялаг болон шингэж байдгийн илрэл нь энэ буюу. Тэдний хайрт охин Эрдэнэсүрэн, Ануужин хоёроор маш их бахархсан шүү.  Та нартаа аз  жаргал ерөөе.

…Денверээс буцаж нисэхэд цас хаялж байлаа. Тэнгэрээс газар руу эргэлдэн бүжиглэн буух цасан ширхэгүүд ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсан гээч. Намайг очиход тосч авсан Ш.Байгалмаагийн хийлч охидууд болох Б.Уянга, Б. Ундраа нарын тоглодог сонгодог аялгуунд нь бүжих мэт. Денверт ирэх болгондоо уран үгс, уран зураг, сонгодог хөгжим үзэж сонсож мэдэрдэг болохоор би хааяадаа хоргоддог юм. Дахиад ирнээ,  Монголыг минь санагдуулсан Денвер хот баяртай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2012-12-13

Share Your Thoughts