Диплом уу? мэргэжил үү? \цуврал-07\

Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан цуврал-7
Хүн юуны тулд суралцаж, мэргэжил эзэмшдэг юм бэ? Хүн бүрт өөр өөрийн авьяас сонирхол, бас чадвар бий. Авьяас сонирхлоос үүдэлтэй маш сайн хийж чадах ажил бас бий. Өөртөө байгаа авьяас сонирхол, чадвараа хөгжүүлж, энэ мэдлэг чадвараараа хийж чадах ажлаа сайн хийж, сайхан амьдрахын тулд ямар нэгэн сургуульд суралцаж, диплом аван цаашдаа мэргэжилтэй болно. Одоо манай боловсролын тогтолцоонд бүрэн дунд, тусгай дунд, дээд гэхчилэн боловсролыг ангилдаг. Боловсрол дотроо багш, эмч, инженэр, хуульч, эдийн засагч, орчуулагч гэхчилэн мэргэжлүүдээр ялгарна.
Бүрэн дунд сургууль төгсөгчид гэрчилгээ, тусгай дунд болон их дээд сургууль төгсөгчид бакалавр, магистрийн тодотголтой дипломууд, харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургууль төгсөгчид мэргэжлийн үнэмлэх авна. Энэхүү гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, дипломууд нь уг хүний тухайн сургуульд суралцах хугацаандаа ямар судлагдахууныг хэрхэн судалсан тухайг гэрчлэх баримт бичиг юм. Харин мэргэжилтэн гэдгийг нотлохгүй. Сургууль төгсөгчид уг мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллан дадлагажиж, мэргэжиж байж л мэргэжилтэй гэж тооцогдоно.
Өдгөө монгол оронд сургууль төгссөн дипломтой бол өөрийгөө мэргэжилтэн гэж үздэг буруу тогтолцоо бий болжээ. УБИС-ийг төгсөж диплом авсан атлаа мэргэжээрээ нэг ч жил ажиллаж үзээгүй хүнийг багшийн мэргэжилтэй гэж тооцох арга үгүй. Хуульчийн дипломтой хүн хуулийн мэргэжлээрээ ажиллаагүй л бол хуульч гэж үзэхгүйгээр барахгүй, диплом нь тэр хүнийг хуульч болох хүслээр ямар судлагдахуун судалсныг тодорхойлж байгаа цаас юм.  Бид энэ ялгаан дундаа л будилаад байх. Ямар ч хүн сурч судалсан зүйлээ ажил амьдралдаа хэрэглэж байж л хөгжиж, мэргэждэг. Аажим аажмаар дадлагажин туршлагажиж, жинхэнэ мэргэжилтэн болж үр бүтээл гаргана.
Тийм учраас сургуульд суралцаж төгсөн, дипломтой болсон хүнийг мэргэжлээр нь тодорхой хугацаанд ажиллуулан дадлагажуулж, уг мэргэжилд шаардлагатай ур чадварыг эзэмшсэн цагт л, мэргэжлийн үнэмлэх олгож мэргэжилтэн гэж тооцдог тогтолцоог бий болгох хэрэгтэй байна даа.
Өдгөө монгол оронд минь дээд боловсролын дипломын төлөөх хийрхэл үнэхээр газар авч байна. Бусадтай барьцаж, эсвэл бусдад гайхуулахын тулд, өөрийн боломж чадвараа үл хайхран ямар ч хамаагүй сургуулийн дипломыг, ямар ч аргаар хамаагүй олж авахын төлөө зүтгэцгээнэ. Яг энэ харалган сэтгэхүй дээр тулгуурлан хэнийг ч ялгалгүй, ямар ч аргаар хамаагүй сургасан болгож, чанаргүй хоосон диплом олгох хуурамч сургуулиуд олширчээ. Сургалтын төлбөрөө өөрөө зовж олж төлөхгүй болохоор сурч байгаа нь, суралцагч нь сурах шаардлага хангахгүй хэдий ч мөнгөө төлж байгаа болохоор сургаж буй сургууль нь ч чанар хариуцлага гэдгийг ч үл тоон бизнес хийн тоглосоор. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдгийн үлгэр шиг.
Энэ бүгдийн эцэст монголын боловсролын салбрын нэр хүнд л унаж байна.
Дипломын төлөөх хийрхэл
Социализмын үед дээд боловсрол эзэмшсэн хүмүүс амьдралын баталгаатай болдог байж. Тэр үед ямар мэргэжлээр , хэдэн хүн хаана бэлтгэхийг нарийвчлан төлөвлөж, тэр хэрээр ажлын байр нь бэлэн, авдаг цалин нь өндөр, гагцхүү “энхрий хайрт эх орон, нам засгийн ахс тусыг хариулах ‘ л үлдэж байв даа.
Ардчилал ялснаас хойш, энэ л сэтгэхүйгээсээ салаагүй эцэг эхчүүдийнхээ хөрөнгө боломжоор ямар ч хамаагүй дээд сургуулийн диплом олж авах их хөдөлгөөн өрнөлөө. Төлөвлөлт болон баримжаа алдагдаж, “сургалтны төлбөр” нэртэй бэлэн мөнгөний төлөө харилцан бие биедээ “ашигтай’  дипломын сургалтууд олширлоо.
Улсын сургуулиуд ч “хандивын ‘  нэртэй ангиуд нээж, хувийн сургуулиуд, гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиуд олноор нээгдэж энд тэндгүй мөнгө угааж эхлэв.
Өдгөө Монгол оронд 170 орчим улсын болон хувийн хэвшлийн их дээд сургууль буй гэнэ. Баярламаар ч юм шиг бахархмаар ч юм шиг тоо. Ийм тооны сургуулиудыг жил тутам төгсөж байгаа дээд боловсролтонгуудтай атлаа, монгол орон хөгждөггүй, ажилгүйдэл улам газар авсаар. Дээд боловсролтой эдийн засагч дэлгүүрт худалдагч хийж, дээд боловсролтой инженэр гадаадад хар ажил хийж, дээд боловсролтой орчуулагч биеэ үнэлж байна. Монголд дээд боловсрол ингэтлээ хэрэггүй болоо юу? эсвэл дээд боловсрол ингэтлээ чанаргүй болоо юу?
10-р ангиа арай ядан төгссөн хүүхдээ албадан дээд боловсролтой болгох гэж эцэг эхчүүд хичнээн ямааны ноолуур , тэмээний ноос , мал махаа мөнгө болгон зарцуулав. Үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүй, амьдралын баталгааны төлөө гэсэн тэдний сэтгэлийн үнэ цэнэ, энэ мөнгө “сургалтын төлбөр” нэрээр хичнээн олон хүний халаасанд орж үргүй зардал болон салхинд хийсэв.
Суралцагчдаасаа сургалтын төлбөр нэрээр бэлэн мөнгө авч, ашгийн бус гэдэг тодорхойлолтоор ашиг олсон хэрнээ улсад нэг төгрөгийн татвар төлдөггүй, сургалтын чанар стандартаа хянуулдаггүй, төгсөгчид нь төгссөн хойноо ажилтай ажилгүй байх нь ердөө ч хамаагүй сургуулиудтай энэ тогтолцоо лавтайяа 18 жил үргэлжлэв. Зөвхөн ашиг олохын төлөө, хариуцлага хүлээдэггүй, чанаргүй ийм олон хувийн сургуулиудын эзэд нь ихэвчлэн УЙХ-ийн гишүүд болон БСШУЯ-ны эрх мэдэлтнүүд болон тэдний гэр бүлийнхэн байгаа нь саяхан оллоо. мн сайт дээр тавигдсан мэдээллээс харагдаж байлаа.
Тийм ээ.Энэ он жилүүд диплом хэмээх хоосон цаасны төлөөх хийрхэл, солиорол байлаа. Ашигтай, бие амар мөнгө олж авдаг мэргэжил хэмээн хууль. эдийн засаг, гадаад хэл, аялал жуулчлалын чиглэлийн сургуулиуд борооны дараах мөөг шиг олшров. Харин ийм олон дээд боловсролтон сургаж гарагсан атлаа энэ салбрын хөгжил төдийлэн харагдахгүй байна даа.
Хөөрхий эцэг эхийн хамаг хөрөнгийг шавхаж, хот газар 4-5 жил баардаж наргиж, багш нараа хахуулдаж, хоосон диплом авсан залуус сурсан эрдэм үгүй, эзэмшсэн мэргэжил үгүй, хийсэн ажилгүй хөлхөлдсөөр. Мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг ийм л залуус “бүлт , бүлт үсэрдэг” хоосон ярианы эзэд болон хаа газрын сул зайг хайн олби оготно шиг сүлэлдсээр.
Боловсрол бизнес үү?
-Үр хүүхдэдээ өв хөрөнгө өвлүүлснээс, сайн боловсрол өвлүүлсэн нь дээр юм байна гэж олон эцэг эхчүүд ойлгож байгаа. Хожим сайн боловсрол эзэмшүүлэх гэж их мөнгө төлснөөс, анхнаас нь чанартай сайн сургуульд сургах нь илүү оновчтой гэж мэдэрсэн тэд сайн сургуулйудыг сонгож, өндөр төлбөр төлөөд ч болов сайн боловсрол олгохыг хичээж буй. Боломжтой зарим нь бага наснаас нь гадаадад сургаж эхлээд байгаа. Хүмүүс боловсролын үнэ цэнийг хэдийн ойлгож үүнд мөнгө зарахаас татгалзахгүй болж байна. Энэ бол боловсролыг зөв сайн бодлогоор, уян хатан үйлчлэлээр бизнес болгон хөгжүүлэх боломж бүрдэж буй хэрэг.
Харин үүнийг улс биш, хувь хүмүүс, гадаадынхан овжноор ашиглаж байна. Өнөөдөр монголд хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай хичнээн олон дунд болон мэргэжлийн, их дээд сургуулиуд ажиллаж байгааг бид харцгааж байгаа. Энэ сургуулиуд хувийнх болохоор төлбөр өндөр, бас тохилог, харин монголын сургалтын чанар стандартад хэрхэн нийцэж буйг бурхан авилгал хоёр л мэдэж байгаа байх. Энэ талаар тодорхой судалж мэдээлсэн БМХГ-ын мэдээлэл судалгааг өнөө болтол олж үзсэнгүй.
Чи мөнгөө төлсөн, бид заах зүйлээ заалаа, сурах эсэх нь чиний асуудал гэж хандаж арай боломгүй. Аль ч газар сургуулиуд өөрийн нэр хүнддээ хамгаас илүү анхаарал тавьдаг. Тэдний хувьд суралцагчдадаа сайн сурах боломжийг нь сайтар хангаж, өөрөө хүсвэл бүх талаар тэдэнд туслахад бэлэн байдаг. Тэр ч бүү хэл тэр сургуулиуд төгсөгчиддээ их анхаарал тавьж, аль нэгэн салбарт амжилт гаргаж яваа тэднээрээ бахархах дуртай байдаг аж. Ийм л нөхцөлд боловсрол харилцан ашигтай бизнес болдог ажээ.

-Саяхан www.zaluu.com  сайт дээр “Дипломын болон курсийн ажил, дадлагын тайлан, төсөл, бие даалтын ажлууд зарна. Утас 91646940.” гэсэн зар олж харлаа.
Дээр дурдсанчлан зөвхөн мөнгөний төлөө үүсэн байгуулагдаж, оршин тогтнож байгаа чанаргүй хувийн сургуулиуд, авилгал авч үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа мэтээр дүгнэдэг БМХГ-ын хамтын ажиллагааны үр дүн иймэрхүү. Суралцагч суралцах явцдаа өөрийн сонирхол хүслээр судалж хийж, хамгаалж байх учиртай бичиг баримтууд ийнхүү арилжааны хэлбэрт орсон нь боловсролын бохир бизнес гэхээс өөрөөр яаж нэрлэх билээ.
Тэр ч бүү хэл ЭША болон цол, зэргийн ажлуудыг захиалгаар, тодорхой үнэлгээгээр хийж өгдөг бизнесийн талаар өмнө нь бас л уншиж байсан. Их дээд сургуулиуд болон мэргэжлийн сургуулиудад багшлах багш нарт тавих болсон зэрэг, цолны шаардлага, энэ нь тухай багшийн авч байгаа цалин хөлсөнд нөлөөлдөг тогтолцоо ийм алхам руу түлхэж байгаа нь нууц биш. Хүний мэдлэг чадвар, ажил хэрэгч чанарт бус цаасан үзүүлэлтийг гол болгодог ийм үзэгдлүүд, боловсролын салбрын нэр хүндийг унагааж нэг хэсэгт нь бизнес хийн баяжих боломжийг олгож байна даа.
Хэдий болтол хүнээ бус цаасыг шүтэж, оюуны хөдөлмөрийн үнэлгээг хөсөр унагааж, өнгө мөнгөний боол болгох билээ.
Мэргэжлийн сургалт
Нэгэн үед мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг ТМС гэж байж сайн муу их л үүрэг гүйцэтгэсэн. Сайн тал нь, дунд сургууль төгсөгчдөөс мэргэжилтэй ажилчин бэлтгэж, ажил амьдралд нь их л хэрэг болсон. Муу тал нь, дунд сургууль төгсөгчдөөс сурлага, хүмүүжил муутай сурагчдыг олноор нь авч “хуарагнан”  сургаж байсан нь тааруухан сурлагатай хүүхдүүд л сурдаг газар гэсэн түгээмэл ойлголтыг нийтэд өгч байв. тэр ч бүү хэл зарим дунд сургуулийн багш нар сурагчаа ТМС-д хуваарилна шүү гэж хүртэл сүрдүүлж байсан тохиолдол бий.
Харин ардчилал ялсан цагаас хойш, монголын залуучууд бүгдээрээ шахуу дээд боловсрол эзэмших аянд мордоцгоож, ажил хийх муу хүн олдохоо больж, ихэнх ТМС-үүд хаалгаа барив даа.
Чанаргүй хоосон дипломоос чанартай сайн ажилчин дээр юм гэдэг зөв ойлголттой болж байгаа энэ цаг үед, МСҮТ гэдэг нэрээр мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтыг хөгжүүлэх эхлэл тавигдаж байна. Гэвч хүмүүсийн сэтгэхүйгээс нөгөө л
ТМС-ийн маягийн ойлголтыг авч хаях амаргүй байгаа бололтой.
Хүн болгон дээд боловсролтой болох албагүй ч хүн болгон аав, ээж болж өөрсдийгөө болон үр хүүхдээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр хийх хэрэгтэй болдог.
Өдгөө бидний мэргэжил гэж тооцож байсан олон чадварууд ердөө л хүний хэрэгцээ болж хувирсан. Машин жолоодох нь мэргэжил бус хүн бүрийн хэрэгцээ, түүнчлэн фото зураг авах, хоол хийх, хашаа болон эдлэн газартаа хүнсний ногоо тариалж, хүлэмж барих нь хүмүүсийн сонирхол бас хобби, өөрийн амьдрах орон сууцаа өөрөө барих, үгүйдээ засвар хийж тохижуулах нь хүн бүрийн хүсэл хэрэгцээ болсон гээд тоочоод байвал зөндөө.

Ингээд бодохоор мэргэжлийн сургалт нь, суралцагч төдийгүй дээд боловсрол эзэмшсэн хүний ч , энгийн иргэдийн ч хэрэгцээ шаардлага болж байна.  Харин үүнийг хэрхэн зөв зохион байгуулж, үр ашигтай тогтолцоо болгох нь хамгаас чухал асуудал. Өдгөө АНУ-аас үзүүлж буй “мянганы сорилын сан” гийн төслийн хүрээнд Боловсролын салбарт мэргэжлийн сургалтыг хөгжүүлэхэд зориулж, 26.5 сая $ -ийг заргуулахаар  УЙХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо хөөцөлдөж байгаа гэсэн.
Уг хороог даргалж байгаа Д.Оюунхорол нэгэн үед хувийн хэвшлийн “Отгон тэнгэр” дээд сургуулийг үүсгэн байгуулж, хэгжүүлж байсан туршлагатай нэгэн. Харин энэ их мөнгийг бусад хувийн сонирхол, амбицтай нөхөдтэй хамтран хуваан завшилгүйгээр үр дүнтэй зарцуулаасай гэж хүсч байна. Энэ бол их боломж төдийгүй их буян юм шүү. Үүнийг алдвал үнэхээр монгол орны эрх ашгаас урвасан хэрэг болох бизээ.
Мэргэжлийн сургалтын хувьд өдгөө АНУ-д элбэг байдаг “Career center” санаа авууштай боломж.  Энд зөвхөн мэргэжилтэй ажилчин бэлтгэх төдий бус,  хүссэн хэн нэгэн ч өөрийн боломжоороо хүссэн зүйлээ сурах, дунд сургуулиудын ахлах ангийн сурагчид ч өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхээр сонгон суралцах, зарим ажиллагсад мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгох гэхчилэн илүү нээлттэй, илүү өргөн хүрээтэй байх ёстой. Үүний тулд сургалтаас гадна, дадлагажих маш сайн материаллаг нөхцөл, сургалтын хэрэглэгдэхүүн байх хэрэгтэй. Гэхдээ бүр сүүлийн үейин шүү.
Мэргэжлийн сургалтыг зөв, сайн ажиллуулах нь монгол залуусын хөгжилд, уул уурхай газрын баялгаас ч илүү сайнаар нөлөөлөх болно. Тэдэнд талх өгөх бус талх барих аргад сургах нь хамгаас чухал шүү дээ. Ийм сургалтын нөлөөгөөр, одоо лаа бариад ч олдохгүй байгаа ажлын байрнууд өөрсдөө л бий болж, монгол хүн өөрийн авьяс чадвар, арга ухаанаараа сайхан амьдрах боломж бүрдэх болно.
Төгсгөлийн оронд
 Хүн болгон өөрийн боломж чадлаараа л энэ ертөнцөд амьдрах учиртай. Өдгөө монголчууд бид алив зүйлд арай л бодитой, өөдрөг хандах цаг болжээ. Өөрийн чинь авьяс чадвар хүрэхгүй байхад, бусадтай барьцаж заавал дээд боловсрол эзэмших гэж, хоосон дипломны төлөө өөрийгөө зовоож, өрөөл бусдын мөнгийг үрэх хэрэг юун. Хайран цаг хугацаа хайран мөнгө болно шүү дээ.
Заавал дээд боловсрол эзэмшнэ гэж хийрхэлгүйгээр өөрийн боломж, арга ухаанаараа сайн ажиллаж сайхан амьдрах боломж байж л байгаа шүү дээ. Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голдоггүй гэдгийг өнөөдөр гадаад орнуудад хар ажил хийж байгаа олон олон янз бүрийн боловсролтой монголчууд яс махаараа мэдэрч л байгаа. Өмнөө зорилго тавиад, өөрөө түүнийхээ төлөө цөхрөлгүй зүтгэсэн хэн нэгэн заавал амжилтад хүрч сайхан амьдарч болдгийг та бидний хажууд байгаа олон сайн хүмүүс нотолж байгаа.
Өөрийн авьяас чадвараараа сайн сургуульд сайн суралцаж байгаа залуус их л хөдөлмөр тэвчээрийн үрээр л амжилтад хүрдэг юм шүү дээ. Их төлбөр төлж чанартай сайн сургуульд суралцаж байгаа нэгэн, зовж олсон мөнгөө дэмий зүйлд үрэхийг хүсдэггүй. Тэд маргаашийн сайн боломжийн төлөө л зүтгэдэг. Хүн болгонд ийм боломж чадвар үгүй.
Харин хүн бүр сайхан амьдралийн төлөө зүтгэдэг. Харин яаж амьдрах нь өөр хэнээс ч биш зөвхөн танаас л хамаарна. Амьдралдаа хэрэг болохгүй хоосон дипломын төлөө бус өөрийн амьдралдаа хэрэг болох мэргэжлийн төлөө хүн бүр өөрийн боломжоо ашиглан зүтгэх цаг болжээ.

Таны мэргэн ухаан танд тусална.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-02-17

Share Your Thoughts