Дургүйцэл ба хонзогнол

…”Үгүй ер, тэр тэгээд байхдаа яахав дээ” , “Бүр дургүй хүргэчихдэг байна шүү дээ”, “Яасан өөдгүй, муухай хүн бэ?” . Бид хэн нэгэн хүнтэй санал зөрөлдөж, эсвэл ямар нэгэн үйлдэлд дургүйцэхээрээ өөрийн дургүйцлээ янз янзаар л илэрхийлдэг.

Мэдээж хүн болгон нэгэн хэвд цутгагдан төрдөггүй болохоор, бие биенээсээ шал ондоо байх нь зүйн хэрэг. Бас бүх зүйл дээр санаа нийлж, заавал адил байж, таалагдаж байх албагүй. Хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтлэг зэрэг олон зүйлээрээ ялгагдана. Хүмүүс хоорондын харилцаанд зөрчил үүсгэдэг олон асуудлын нэг нь, бие биедээ дургүйцэх, энэ дургүйцлээ илэрхийлэх үйлдэл байдаг.
Харин хүмүүс хоорондын нийтлэг харилцаанд, нийтээр дагаж мөрддөг олон  хэм хэмжээ, дүрэм журам бий л дээ. Мэдээж, бие биедээ болон олон нийтэд үүний улмаас учруулсан ноцтой хохирол, муу уршигийг хууль, дүрэм журмаар шийддэг. Харин үүнээс бусад тохиолдолд хувь хүмүүс өөр өөрийн үнэлэмжээр, ийм асуудалд хандана. Ийм, асуудал олон хүний хувьд төвөгтэй байдал үүсгэж, сэтгэл санааны дарамт, зовлон шаналал болж хувирах нь бий.
Хүн муулахуй
…Хэн нэгнийг муулж ярихаараа, сэтгэлийн асар их таашаал эдэлж, бие нь тавирч, хөлс нь чийхарч, сэтгэл нь амсхийдэг олон хүмүүс бий. Тэд хэрэгтэй зүйлийг уншиж, ухаарахаас илүүтэй, ам дамжсан хов яриагаар бүхнийг хэмжиж дүгнэх нь бий.

-“Манайд шинээр орсон хүн чинь их өөдгүй муу хүн гэнэ шүү ” гэсэн урьдчилгаа дүгнэлтээс эхлээд, уулзаж учирч, шинээр танилцаж байгаа хүн болгоны ямар нэгэн сул талыг олж илрүүлэн, бусдад мэдээлж, уран сэтгэмж болон, байж болох уянгын халилаар баяжуулан ярилцах нь хүн муулахуйн нэгэн эхлэл. Анх танилцаж буй хүн хэн бэ ? гэдгийг цаг хугацаа таниулахаас бус, муулж ярьсан яриа, тэр болгон бодит байдлын илэрхийлэл болж чаддаггүйг, тэд тэр болгон анзаардаггүй.
-Найзалж нөхөрлөж байсан нэгэнтэйгээ ямар нэгэн асуудлаас болж маргалдаж, санал зөрөх, үүний талаарх дургүйцлээ илэрхийлэхийн тулд ,өөр нэгэн танилдаа муучлан ярих хүмүүс бишгүй бий. Адил сонирхол, үзэл бодол, араншингаар найзалж нөхөрлөсөн хүмүүс, тэр үедээ сайн муу олон үйлд хамтдаа байдаг болохоор, монголчууд найз нөхрөөр нь хүнийг шинждэг байсан гэх. “Тэр их өөдгүй хүн л дээ, би түүнд зөндөө л хэлдэг юм “, ” Тэр угаасаа л хүн чанар муутай, гэхдээ би түүнийг өрөвдөөд байдаг юм “, ” Тэр даанч тэнэг арчаагүй хүн, үүнийг нь бараг хүн болгон мэддэг юм ” хэмээн, нэгэн цагт үй зайгүй үерхэж, бүхнээ итгэж , аминчлан ярьдаг байсан найзынхаа тухай бусдад муучлан ярьж байгаа хүн, ” би өөрөө ийм л өөдгүй хүн шүү ” гэж давхар батлан хэлж буйгаа анзаардаггүй.

-Хамтран амьдарч, хайрлаж дурлаж байсан нэгнээсээ салж холдохдоо, энэ үйлдлийн буруу нь өөрт биш гэдгээ нотлохын тулд, зовлон гунигаа хуваалцан, хэн нэгэнд муучлан ярьдаг хүмүүс зөндөө бий. Нэгэн цагт бие биенээ хайрлаж дурлаж, хүсч тэмүүлж байсан хосууд, сэтгэл хөрж холдон салахад,  бүх буруу нь нэг хүнд хэзээ ч байдаггүй.  “Тэр бол арчаагүй хог новш ” байсан тухай, түүнтэй хамт байсан мөч бүхэн аймшигт “тамлал ” байсан тухай, түүнээс салж холдохдоо л “энэ амьдралын гэрэл гэгээг мэдэрч буй” тухай өрөөл бусдад муучлан ярих яриандаа, өөрийгөө гутаан доромжилж буйгаа анзаардаггүй.
-Өөрийн танил нэг нь хичээл зүтгэл, хөдөлмөр чадвараар бусдад хүндлэгдэн үнэлэгдэх цаг дор, түүний тухай өөрийн мэдэх өөр олон асуудлаар муучлан ярьдаг хүмүүс бий. Энэ тухай их эмч Б.Болдсайхан “Мозахист сэтгэлгээ ” нэртэй бичлэгтээ уран сайхнаар өгүүлсэн байсан. Тэр хүний гайхамшигт бүтээлийн тухай бус, “тэр ч ийм хүн байгаагүй юм даа “, “тэр хувийн амьдралдаа даанч арчаагүй хүн, би сайн мэднэ “, ” тэр зүгээр л өөрийгөө рекламдаж, сайн хүн болж харагдах гээд байгаа юм ” гэхчилэн муучлан ярьж, гутаан бичиж байхдаа, “би энэ хүнд атаархаад үхэх дөхөж байгаа, арчаагүй хүн ” гэж өөрийгөө  бусдад муугаар илэрхийлж буйгаа анзаардаггүй.

-Хамтдаа ажиллаж, хамтран бүтээж туурвиж байхдаа санал зөрсөн, маргалдсан, бие биедээ дургүйцсэн сэтгэлээ өрөөл бусдад муучлан ярьдаг хүмүүс бий. Хамт ажиллаж, бүтээж байгаа хүмүүсийн сэтгэл нь нэгэн зүгт, дэмжлэг нь адил тэгш байгаа цагт амжилт олдог. ” Тэр чадваргүй, би л чирж авч явдаг юм “, “тэр угаасаа үүнийг хийж чадахгүй л дээ “,  “би түүнгүйгээр бүхнийг хийж чадна, харин тэр л хөөрхий болно ” гэхчилэн муулж ярьж байгаа хүмүүс, өөрийн арчаагүй бэртэгчин, бусдыг хүндлэх сэтгэлгүй, бие тоосон мулгуу байдлаа бусдад илэрхийлж буйгаа анзаардаггүй.
Хүмүүс бид, өөрийн дургүйцсэн хэн нэгний тухай, өрөөл бусдад муучлан ярихдаа, өөрөө түүнээс илүү гэдгээ нотлох гэж оролдох, өчүүхэн сэтгэлдээ ” бүдэрч ” байдаг гэдгээ мэдэрдэггүй. Өрөөлийг муучлан, өчнөөн муу баримт сөхөх яриандаа, өөрийнхөө багийг хуулж, өчүүхэн, арчаагүй, тэнэг гэдгээ “нотолж ” байгаагаа анзаардаггүй. Хэн нэгний үнэ цэнийг гутаан доромжилж байхдаа, маргаашийн өдөр өөрийнхөө үнэ цэнийг “алдана” гэдгээ ухаардаггүй. Юу юунаас илүү, өөрийн сэтгэлээ хиртээж, өрөөл бусдын сэтгэлийг ч хиртүүлж буйгаа ойлгодоггүй.

Хонзогнол
…Зохиолч Батсайханы бүтээлээр хийсэн “Цагаан дуганы гэгээ “урансайхны кинонд, дургүйцэж, өширсөн нэгэндээ номын хүчээр “хараал ” хийлгэснийг мэдсэн хувилгаан, асар ихээр уурлаж, өөрийн эрхгүй “хариу үйлдэл ” хийж, үйлийг үзэхдээ “ийм зүйл дахиж бүү гарга ” хэмээн хэлдэг.  Өнөө цагт монгол оронд “айл бүхэнд бөө тодорч, дээд тэнгэртэй харьцах ” болсон “их аяны ” хүрээнд, дургүйцэж хонзогносон нэгнээ бөө бөөлүүлж “хараал ” хийлгэх үзэгдэл нийтлэг болсон гэнэ. Үүнээс илүү тэнэглэл, мунхаглал гэж хаана байх билээ.

Дургүйцэж өширсөн нэгнээ бусдад муулж яриад ч зогсохгүй, чадвал өөрөө чадахгүй бол өрөөл бусдаар зодуулах, унасан машиныг нь зурж муутгах, хийж буй ажлыг нь тасалдуулах, бусдын өмнө эвгүй байдалд оруулах гээд муу үйл, мунхаглал гарган хонзогонох ньзөндөө бий.
Хэн нэгэнд хорсож хонзогноно гэдэг өөрийгөө зовоох үйлийн эхлэл. Хараал хийлгэж, зодож, хорлолоо гээд өөрөө тайвшрах нь бий гэж үү? Тэр л хүнээсээ илүү гарч “тодорч ” чадна гэж үү? Сэтгэл ариусаж, сайн үйл дэлгэрнэ гэж үү?
Хүнд “хараал ” хийлгэж, сэтгэлийг нь “ариусган зөөлрүүлнэ ” гэж үгүй. Биейиг зодож гэмтээж болох хэдий ч сэтгэлийг ” зодож “, “хүлж ” эргүүлнэ гэж үгүй. Үйлдлийг хорлолоо гээд “өөртөө таалагддаг болгоно ” гэж үгүй.
Ялзарсан төмс
Саяхан dayarmongol цахим хуудсан дээр “Төмс ” нэртэй нэгэн орчуулгын жижиг өгүүлэл гарсан байсан. Түүнд өгүүлэхдээ:

…Нэгэн багш шавь нартаа, ширээн дээр асгасан төмсийг зааж, “та нар өөрийн дургүй хүнийхээ нэрийг нэг төмсөн дээр наагаад цүнхэндээ хийгээд байгаарай ” гэж. Мэдээж дургүй хүн олон байгаа болохоор нэрийг нь бичээд цүнхэндээ хийж. Тэд багшийн зөвлөснөөр уг төмсөө гаргахгүйгээр цүнхэндээ л байлгаж, хаа ч явсан авч явах учиртай.  Эхэндээ сонирхолтой байсан болохоор тэд зааснаар авч явсан байна. Хэдэн өдрөөс авч яваа цүнх нь хүндэрч, авч явахад ч тээртэй санагдаж, өдөр хоногоор муудаж, үнэр танар ч хэцүү болсон гэнэ.
Энэ тухайгаа ч тэд багшдаа хэлж хэрхэх тухайгаа асуувал, “та нар хүмүүст дургүйцлээ гээд сэтгэл дотроо ийм л хүнд , муухай үнэртэй зүйл авч яваа гэдгээ анзаарахгүй байна гэж үү? ” гэсэн гэнэ.
Бид бусдад дургүйцэж, тэднийг муулж, бас хонзогнох нь ялзарч муудсан олон төмсийг тархи болон сэтгэлдээ авч яваа адил. Өдөр болгон ийм хүнд, бас муухай үнэртэй зүйлийг дотроо тээж яваа нэгэн, хэзээ ч хөнгөн сэргэлэн, баяр хөөртэй байж чаддаггүй аж. Монголчууд  бид, бие биенийгээ ямагт муугаар бодож, муугаар харж, муугаар үнэлж дасах нээ. Гэсэн хэрнээ буруу муугаа өөрөөс бус өрөөл бусдаас хайна.

Бидний буруутны шалтаг мундахгүй. “Бид ядуу байна “, ” бид бүдүүлэг харанхуй байна “, “бид мунхаг арчаагүй байна ” гэж бодохдоо өөрийгөө ч ингэж хэлж, үнэлж буйгаа анзаарахгүй.
Монгол орныг монголчууд бид өөрсдөө хөгжүүлж, монгол хүнээ бид өөрсдөө л хайрлан ойлгож, дэмжин хөгжүүлэх учиртай. Тэгэхээр толгойд байгаа олон олон ялзарч муудсан төмсөө гаргаж хаях цаг болж байнаа. Бид бие биедээ дургүй байвал, бусад хүмүүс бидэнд дуртай болохгүй. Бид л бие биенээ хайрлахгүй бол бусад улсууд ч биднийг хайрлахгүй. Бид бие биенээ ойлгож дэмжихгүй бол бусад хэн ч биднийг ойлгож дэмжихгүй.
Харин үүний төлөө та өөрөө л бүх зүйлийг эргэцүүлж, өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй болж байна. Монгол хүн болгон, оюун санаандаа байгаа олон олон ялзарч муудсан төмсүүдийг гаргаж хаяцгаая. Бүх зүйл өөр хэнээс ч биш гагцхүү биднээс л хамаарна. Яг одоо та эргэцүүлж нэг бодоод үзээрэй.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-02-02

Share Your Thoughts