ДУРСАМЖТАЙ ХУНДАГА ДАРС

Дурсамжтай хундага дарсанд инээмсэглэл бий

Цаг хугацааны алсарсан дурсамжинд бийрээ дүрж

Чамайг байснаар нь зурж чадсандаа би инээмсэглэдэг

Чиний тѳрх миний хайртай ѳнгѳ ѳнгѳѳр холилдож

Цаг хугацааны тэнгэрт солонго болон нумрахад би  инээмсэглэдэг

Тоосрон холдох омголон дурсамжинд бугуйл хаяж

Тогтоож эргүүлэн санаж чадсандаа би инээмсэглэдэг

Онгиргон залуу насны ааш алдаатай минь сүлэлдэж

Орчлонд нэгэн аялгуу болон эгшиглэхэд би инээмсэглэдэг

Дурсамжтай хундага дарсанд гуниг бий

Уйтай намрын шивэрсэн бороонд дурсамжаа норгож

Унасан навчис шиг хѳлѳѳрѳѳ гишгэчин алхахдаа би гунигладаг

Чамайг бас хайрыг тань тэнгэрийн үүлсээс хайхдаа

Чимээгүйхэн хѳвж бусдаас нуугдан холдох гэж би гунигладаг

Хайрын минь нууранд хун шувууд шиг дурсамж хѳвж

Хагацал үзсэн зүрхэндээ би ѳѳрѳѳ шархдаж гунигладаг

Сэхүүн бас омголон дурсамж зүрхэн дундуур минь цахилж

Сэрж амжаагүй зүүдэндээ барьж чадаагүйдээ би гунигладаг

Дурсамжтай хундага дарсанд нулимс бий

Жаргал зовлонгийн учгийг хооронд нь зангидан бэхэлж

Замбуулин энэ хорвоод ирээд буцах заяандаа би талархан уйлдаг

Жаахан энэ л тавиланд дурсамжаа сүү шиг буцалгаж

Заяагаар учирсан та нартаа хайр болгон аягалахдаа би уйлдаг

Байсан нь үгүй болж, байгаагүй нь ирдэг энэ дурсамжинд

Хамтдаа байсан мѳч бүхэндээ би баярлан уярдаг

Баяр гунигийн дурсамжийг хооронд нь дарс болгон хольж

Хайртай та нартаа хундага дарс болгон ѳргѳе, ерѳѳлѳѳр болог

Share Your Thoughts