ДУУСААГҮЙ НААДАМ…

-Аав аа! Mиний мөнгө дуусчихлаа, наадам дуусаагүй байдаг. Яах вэ?
Наадмын өглөө “хувиарт мөнгө”-өө аваад сумын наадмын талбай рүү явсан хүү маань үд дундын хэрд ингэж хэлж гүйж ирж билээ.
Сумын наадам.
Суусрын гүйдэлт салхи
шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын
шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг
өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан
өнгийн цэцэг ургаа юу
\Дэндэвийн Пүрэвдоржийн шүлгээс\
Бага балчир насандаа сумын наадам дөхөхөөр нойр хулжчихдаг сан.

Элдэв сайхан мөрөөдлүүд толгойд эргэлдээд, хоног тоолох тусам нарыг “аргамжчихсан” юм шиг л өдөр хоногууд удаан өнгөрөхийг яана. Арай гэж наадмын өглөө болоход, эрт гэгч босоод хонио, хурга ишигтэй нь нийлүүлэхгүй гэсэндээ голын тэртээд гаргана. Хэд хоногийн өмнөөс ээжийн минь урласан цоохор даавуун өмд цамц, энэ насанд минь өмссөн хамгийн сайхан гоёл. Зунжин нүцгэн гүйсээр шир шиг хатуурчихсан хөлөндөө шинэхэн савхин гутал өмсчихөөд байн байн түүнээ бахархалтайгаар харна. Сэтгэл дотроо бол өөрийгөө “цэргийн дарга”- рхуу төрхөөр төсөөлж байгаа юм чинь.

Аль хэдийн бэлэн болчихсон бидний хэдэн “нусгай” нууд томчуудын бэлэн болохыг хүлээн, голын наадтайд салхины аясаар дэрвэх наадмын эрээн асар майхнууд руу сэм сэмхэн хараа билчээнэ. Тэр дэнж дээр морьтонгууд нэмэгдэж, хөл хөдөлгөөн ихсэх тусам, хөдөлж ядсан юм шиг удах томчуудаа дотроо “загнаж, үглэх” авч, гаднаа хэрхэн гаргаж зүрхлэх билээ. Тэгж зориглох аваас “нусаа сугартал ” алгадуулахаа муухан мэдэх хойно. Арай гэж бэлэн болсон томчуудтай хамтдаа асар майхан, туг далбаа дэрвэлзсэн наадмын сэрүүн дэнж рүү хөдлөх мөчид мөнөөх “шазруундуу” бодол салхинд хийссэн мэт хаа нэгтээ алга болж, сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч, халгиж цалгидаг сан. Томчууд л болсон хойно бидний хэдэн нусгайнуудад “За та нар гол ус руу хамаагүй гүйвээ”, “Морь малны хөлд орчихов зай, болгоомжтой томоотой байдаг юм шүү” гэж зэмлэх анхааруулахыг хослон үглэх авч, тэр болгон нь чихний хажуугаар ялаа мэт нисч холдох аж.

Наадмын талбайд сумын бүх л хүмүүс , хамаг гоёлоо өмсөж, морьдын сайнаа унаж, үнэт зүүсгэлээ зүүн цуглардаг сан. Салхины аясаар хийсэх туг далбааны дэрвээн дор сумын радио үзель, чангарч нэг, паржигнаж нэг сонсогдох. Хурдан морьд унасан хүүхдүүдийн гийнгоо, бөхчүүдийн цол дуудах уянгалаг айзам, үзелээр байн байн дуулагдах уртын дууны эгшиг, хоорондоо сугадалцан хэлхэлдэх таних танихгүй эгч нарын нудралцан аалигүйтэн инээх төрх, агсам морины нуруун дээр халамцуу маягаар хөндөлдөн охид бүсгүйчүүдийг өдөж, таахалзах эрчүүд бүгдээрээ л сумын наадмын жинхэнэ өнгө, төрх нь байдаг сан. Багачууд бид нар, хаяаг нь шуусан хуушуур зардаг гэрийн үүд хаалга, хаяа хатавч хавиар эргэлдэж 1 төгрөгийн үнэтэй томоо гэгчийн дугуй хуушуур хэдийг авч, 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй “улаан ус”аар даруулан уухдаа л энэ ертөнцийн түмэн жаргалыг эдэлж, сумын наадмын жинхэнэ “амт-ыг мэдэрдэг сэн.
Оройхон хэрд хүмүүсийн хөл хөдөлгөөн ширүүсч, энгэр заамаа ярсан халамцүү залуусын дуу энд тэндгүй л “хадаж”, эцэг эхчүүд гэнэт л хүүхэд биднийгээ дуудаж дэргэдээ авах. Тэднийхээ хажууд бээрсэн болжморууд шиг бээвийж суухдаа бөхчүүдийн хэн нь давж, хэн нь унаж байгааг ч ойлгох сөхөөгүй. Хагас дугуй зээглэн суусан олны дундуур харц минь тэнүүчилж, хааяа нэг “хөөрхөн охин”-той харц тулгарахдаа ичингүйрэн тонгойх авч, нүдний булангаараа сөөлжүү харахаа мэдэхтэйгээ. Хацар минь халуу оргиж, зүрх минь хүчтэйеэ цохилож, сэтгэлд минь нэг сонин мэдрэмж төрдөг сөн. Хэрдээ “эр хүн ” гэдгээ харуулах гэж хичээн харцаа дээшлүүлэвч, довон дунд тонгочих хурга ишиг шиг харц минь нэг мэдэх дор мөнөөх охиныг хайн бэдэрнэ. Сумын наадмын хамаг өнгө аяс, тэр охины байгаа газар дээр гэрэлтэх шиг. Нэг харах дор мөнөөх охин алга болчихсон байх. Сэтгэлд асч байсан баяр хөөр гэнэт алга болж, наадам ч тэгтлээ сонирхолгүй болох шиг. Орой нь томчуудтай гэрийн зүг одох дор, сэтгэлд минь нэг сайхан гэрэл асч үлдэх мэт.
Сумын наадам хоёрхон өдөр болдог сон. Наадмын өмнөх өдрүүдэд “аргамжигдсан” нар, наадмын хоёр өдөр аргамжаагаа алдуурсан морь шиг л хурдан өнгөрдөгсөн. Балчирхан бага насны минь сэтгэлд нар, хайр хоёрыг хамтад нь үлдээсэн сумын наадам минь. Эргээд наадмын сэрүүн дэнждээ нэг очихсон, нар шиг дугуй хуушуурыг хурууны өндгөөрөө барьж идэх сэн, аагим халуунд сэрүүн айраг залгилж, асрын тэртээд сайхан бүсгүй мишээхийг харах сан. Аяа монгол наадам мину зэ.

Одооны наадам

Одооны наадам олон өдөр болдог болж. Улсын наадмаас өмнө сумын наадмууд “салхийг нь хагалж”, гурван өдөр үргэлжилсэн Улсын наадмын дараа аймгуудын ой, залгуулаад “даншиг” наадмууд болно. Энэ жил манай, бас бусдын, хэд хэдэн аймгуудын тэгш тоотой, өндөр жилүүдийн ой тохиож байгаа болохоор бэнчинтэй нь “жип”-ээр, бинчингүй нь “69”өөр ч болов очих гэнэ. Хурдтай нь хурдан буянаа хөтөлж, цолтой бөхчүүд нь “найруулагчид” аа дагуулж, “бай шагнал өндөртэй” нутгийг сонгож зорино. Нутгийн зөвлөлийнхэн нь ,наадмыг спонсорлосон нь , нутгийн “нэрийн хуудас” болсон эрхмүүд нь, зохион байгуулдаг дарга нар нь төв асрын хүндтэй суудалд заларч. атганд багтахгүй хөөргөөр тамхилж, есөн эрдэнээр чимэглэсэн өргөн арьсан бүсээ суллан айраг залгилж, цэвэр ноолууран дээлнийхээ цул алтан товчийг мултлангаа энгэрээ задгайлж, гайгүй морины үнэтэй “марзан” малгайгаа , алмаазан шигтгээтэй алтан бөгж зүүсэн гараараа авч хөлсөө сэвнэ.

Үзэгч олон “найрааны бөх” үзэхээсээ илүүтэй, нутгаасаа гарч төрөөс баяжсан “шинэ баячууд”-ын өмсөж зүүснийг нь “үнэлж” маргалдана, унаж ирсэн машины үнэн дээр нь “бооцоо” тавин мэтгэлцэнэ, өнгөрүүлсэн амьдралынх нь “шилийн сайн эр” шиг домогт түүхийг нь , шивнэлдэн байж хууч хөөрөлдөх. Нутгийн олон танилуудаас хэний хүү “босс” болж, хэний охин “мисс” болсныг нь өмсөж зүүснээр нь , эдэлж хэрэглэж байгаа бэнчингээр нь, унаж гангарсан машинаар нь, ууж идэж байгаа ямбаар нь жишиж харьцуулан “шалгаруулах” аж. Дуу алдаж уулзсан ангийнхны нүдэнд нь баяр биш, “сонжоо” эргэлдэнэ. Дурсаж хөөрөлдөх хууч дунд нь баярхал, ихэрхэл мэдрэгдэнэ, дундхан яваа зарим нь атаархлын үгс унагана, дунд нь сугадуулсан ангийн багшийн хөл нь дэлхий онож ядна. Түрүүлж ирсэн морины хөлснөөс нь гараараа арчиж долооно, “хийморь нь сэргэдэг” гэж итгэхдээ. Түрүүлсэн бөхийнхээ биед нь хүрч “адис” авч мөргөнө, “аз тохиодог” гэж бэлэгшээхдээ.

Тэгэхдээ л сумын наадам сайхан хэвээрээ. Уулзаагүй удсан хүмүүс уулзацгааж, тэртээх багын нандин дурсамжуудаа сэргээдэг. Наадам сайхан болох тусам нутгийн уул ус баярладаг гэж итгэдэг. Хурдан морины хүүхдийн гийнгоонд сэтгэл уярч, түрүү морь барианд ороход сэтгэл огшиж, самсаа нь шархирдаг. Нутгийн бөх түрүүлэхэд чин сэтгэлээсээ баярлан түүнд талархаж, “нутгийн минь уул ус түшлээ” гэж бэлэгшээдэг. “Наадмынхаа хуушуурыг амталж, айргаа залгилахгүй юм бол наадам гэж юу байсан юм” гэж багын дурсамжаа сэргээдэг. Балчир насандаа “нүд унагаж” явсан бүсгүйгээ олж харахдаа нар, хайр хосолсон сэтгэлээ сэдрээдэг. Энэ өдрүүдэд дээлийнхээ энгэрийг задгайлж, мориныхоо цулбуурыг өвдгөндөө хавчуулж суухдаа “монгол” гэдгээ мэдэрдэг. Салхи сэвэлзэж сэрүүцүүлэх дор нутгийн уулсаа хараачилж, хааяа борооны хэдэн дусал хаялахад “хувьтай” байгаадаа баярлаж тэнгэр рүү саравчилж, сэтгэлдээ залбирна. Нутгийн наадам сайхаан. Энэ хоёр өдөр сэтгэлээ тэнгэр шиг цэлмээж, баяр бахадлаа тэнгэрийн солонго шиг илэрхийлж, ирээдүйгээ өөдрөг сайхнаар л бодож чаддаг нь зөвхөн монголчууд бид.

Дуусдаггүй наадам

Харьд байгаа бид наадмаа нэгэн өдөр ёсолж тэмдэглэдэг. Тэр өдөр харийн тэнгэрт Монголын минь далбаа намирч, монголчууд бид “монгол үндэстэн” гэдгээрээ гайхуулдаг. Бие биетэйгээ уулзаж учирч бэлэгтэй сайхан ерөөлийн үгс хэлэлцэнэ. Бөхөө барилдуулж, хүүхдүүдээ уралдуулж, хуушуураа идэж, айргаа ууж, зүлгэн дээр хөлөө амраангаа тухалж баярладаг. Харин маргааш нь бүгдээрээ л ажилдаа явцгаана. Өдөр хоног, цаг хугацааны үнэ цэнийг мэддэг болохоор хэн ч үүнийг алдахыг хүсдэггүй. Хүн болгоны ард аав ээж нь , алаг үрс нь, амраг садан нь, бас тэгээд эх орон нь байдаг болохоор алмайрч суухыг хүсдэггүй.

Харин монголчуудын минь наадам наргиан, зугаа цэнгэл арай л ихдээд байх шиг. Энэ жилийн сонгууль, залгаад наадам, наадмын дараах найрууд. Хэн тэгээд ажлаа хийх юм бэ? Цаг хугацааг хүлээлгэж болохгүй олон ажлууд бий. Гадаадынхан хүртэл монголчуудын энэ байдалд эхлээд гайхаж, эцэстээ дасан зохицож сурч байх шиг байна. 6, 7, 8 саруудад Монголд байгаа хэнтэй ч алба болон хувийн ажил ярих, шийдэх боломжгүй. Яг үнэндээ энэ их баяр цэнгэл наадам нь мөнгөтэй хүмүүст “зугаа”, мөнгөгүй хүмүүст “гай” болж байгаа ниш гэж үү? Бид зугаа цэнгэл хөөцөлдсөн хүмүүсийн “золиос” болж байгаагаа анзаарахгүй. Олон жил ужигарсан энэ байдалдаа өөрсдөө ч анзаарахгүйгээр уусч шингээд л байх шиг.

“Наадмын дараа намар болдог”. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”. Өнөөдрийн налгар өдрүүд нэг мэдэх дор сэрүүсч эхэлнэ. Бороо ордог үүлнээс цаг орж эхэлнэ. “Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах” цагаар Улаанбаатар хотод утаа униар бүрхэж, хүүхдүүд хахаж цацан ханиалгаж, хүмүүс багтарч бухимддаг. Хөдөө нутагт хүн малгүй зутарч ядардаг. Тэр цагт “намрын налгар өдрүүдэд найрлаж суухын оронд, балга өвс авч байх минь яалаа” хэмээн сэтгэлдээ харуусна. Хүн ч мал ч адилхан л амьтад. Дарга нар “нэгийг бодох” биш, бид өөрсдөө “хоёрыг сэтгэж” байх хэрэгтэй байнаа. Алив нэгэн зүйл хэм хэмжээндээ байвал туйлаас зохилтой, хэм хэмжээгээ алдахаар л утга учраа алдаж эхэлдэг.

За тэгээд ерөөл:
Алтан нарыг бөхтэй, морьтой, суртай нь
айлсуулдаг
Алдар нэрийг улстай, устай, нутагтай нь
ижилсүүлдэг
Хурмастын хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь
тэгшилдэг
Хуурын царыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь
эгшиглүүлдэг
Дэлхийд ганцхан Монгол наадамдаа
САЙХАН НААДААРАЙ
\фейсбуукээс авав\

Share Your Thoughts