ДЭЛХИЙ ДАЯАР ТАРХАН СУУГАА MОНГОЛЧУУДЫН ОРЛОО

Нэг.Намтрын товчоон

Бадрахын Тайван

Улаанбаатар хотын 23-р сургуулийг төгссөн. 2001 онд АНУ-д ирээд Washington, DC дэх Strayer их сургуульд жижиг бизнесийн удирдлагаар суралцсан. 2005 онд Орлоо сайтыг үүсгэн байгуулсан.

Аюурзанын Ариунтуяа
ТИС-ийн физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицеи сургуулийн 10-р ангийг дүүргэсэн. МУЙС-ийн Эдийн Засгийн Дээд Сургуулийг банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. 2002 онд АНУ-д ирж Washington, DC дэх Strayer их сургуульд Бизнесийн удирдлагын магистраар суралцсан. 2005 онд Орлоо сайтыг хамтран үүсгэн байгуулалцсан.

Хоёр. Бага насны жилүүд

-Г.Галбадрах: Бага насны дурсамжаа хуваалцвал?

-Б.Тайван: Би 1976 оны 7 сарын 7-нд Улаанбаатар хотод Бадрахын 3 дахь хүү нь болж мэндэлсэн. Миний бага нас 40 мянгатад өнгөрсөн.

Харин 1-р ангидаа 23-р сургуульд шалгалт өгч тэнцээд орлоо. Тэр үед ээж минь надад “чи шалгалтаа сайн өгвөл чамайг Москва ресторанд хоолонд оруулна шүү” гэж амалсан юм. Москва ресторанд хоол идэх мөрөөдөлдөө шалгалтаа сайн өгч тэнцсэн боловч яагаад ч юм бэ ээж минь энэ тухай мартаж орхиж. Бараг 10 жилийн дараа ээждээ сануулж байсан даа.

Багадаа аавынхаа ээж \эмээ\ дээр өссөн. Эмээ маань засгийн газрын аптект насаараа ажилласан хүн. Хүмүүсийн өргөнөөр хэрэглээд байдаг “өмхий ногоон” тосыг бараг л бүх өвчинд хэрэглэдэг хүн байсан. Харин аавын минь аав \өвөө\ Оросын буриад. Их  мундаг гарын уртай мужаан хүн байв. Ээжийн аав болохоор Ж.Самбуу гуайн комиссар байсан юм билээ. Би зундаа өвөө эмээ нар дээрээ Жигжидийн зусланд өдөржингөө тоглож бага насаа өнгөрүүлсэн.

Аав минь ОХУ-д сургууль төгссөн офицер хүн. Их олон газар томилогдож ажиллав. Урд хил дээр олон жил офицероор ажилласан. Ээж минь харин 1966-74 онд Польшийн Краковт барилгын материалын инженерийн мэргэжлээр сургууль төгсгөсөн анхны магиструудын нэг юм. Барилга, үйлдвэрлэл эрдэм шинжилгээний институтэд ажиллаж байгаад 1990 оноос хойш дахин Польш руу яваад нилээд хэдэн жил тэндээ эмч нарын орчуулагчаар ажилласан. Тэр үед хүн болгон ганзагын наймаанд явж байсан болохоор ахдаа тусалж ганзагын наймаанд Орос руу хэд хэд явж байлаа. Нэг удаа наймаанд ахтайгаа явж байгаад Москвад очиж, тэндээсээ ганцаараа галт тэргэнд суугаад Польш руу ээж дээрээ очиж байсан юм. Тэгэхэд ээж минь их гайхаж, баярлаж билээ. 2001 онд манай ээж Польшоос Монголдоо буцаж ирсэн дээ.

-А.Ариунтуяа: Би 1978 оны 11 сарын 1-нд Архангай аймагт төрсөн. Аав минь барилга, барилгын зургийн институтэд, БСШУ-ны яаманд тус тус ажиллаж байсан. Их хэнхэг , ажлын төлөө л бүхнээ зориулсан, шударга зантай. “Эх орныхоо хэрэгцээтэй газарт ажиллана” гээд хөдөө их ажилласан. Өвөрхангайн болон Говь-Алтайн ханын материалын үйлдвэр гээд аавын минь удирдаж бариулсан барилга байгууламжууд зөндөө бий. Харин ээж маань бага ангийн багш насаараа хийсэн багш хүн. Би 3-р ангиасаа Улаанбаатарт 36-р сургуульд шилжиж ирсэн. Манайх 4 хүүхэдтэй байснаас 2-ыгоо алдаад ах бид 2 үлдсэн юм. Тэгээд ч багаасаа их ч биеэ даасан хэрсүүдүү хүүхэд байв. Ямар сайндаа 8-р ангид байхдаа аав ээжийнхээ эзгүйд ТИС-н лицей сургуульд шалгалт өгч тэнцээд , тэднийг хөдөөнөөс ирэхэд нь сургуулиа шилжүүлчихсэн сууж байсан. Ном их уншдаг номонд дуртай хүүхэд байлаа.

-Г. Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийцгээв дээ?

-Б.Тайван: Намайг 10-р анги төгсөхөд манайхан” эмч бол” гэж ятгаад. Тэдний ятгалгаар АУДС-д конкурст ороод тэнцээгүй. Тэгээд МИУС-ын харилцаанд сурч байгаад ажил хийхээр шийдээд гарсан. Сингапурын нэгэн компанид ажилд орсон. Тэнд ажиллаж байхдаа харилцааны англи хэл жаахан сурсан юм. Дараа нь “Моторок”-д ажиллав. Тэр үед “Моторок”-ийг “Женко” компаниас Сингапурын нэгэн компани худалдаж авсан байсан. Ер нь тэр жилүүдэд үйлчилгээний чиглэлээр л голдуу ажилласан даа. Бага зэргийн англи хэлнийхээ ачаар нилээд зүйл сурч амжсан. Сингапур менежерийнхээ орчуулагчийг хүртэл хийж байлаа. 2001 оны 10 сард Шинэ Зеланд яваад тэндээсээ АНУ-ын визэнд орж АНУ-д ирсэн.

-А.Ариунтуяа: Би ТИС-ийн физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг төгсгөсөн. Дүнгээр нь жагсаагаад эхний 10 хүүхэд ТИС-ийн хуваарийг шууд авдаг байсан юм. Би 2-т жагсаж байсан л даа. Аав минь”ирээдүйтэй” гэж ятгасаар байж ТИС-ийн нефтийн инженерийн хуваарь авахуулав. Би дургүй дээрээ сонирхолгүй. Сургуулийнхаа хуваарийг зарж орхиод Свердловскт суралцаж байсан ах дээрээ очиж 1 жил Уралын Политехникийн их сургуульд  суралцаж, 1-р курс төгсгөсөн. Тэндээсээ буцаж ирээд МУИС-ийн ЭЗДС-д банкны мэргэжлээр суралцаж 2001 онд төгсөв.

Намайг 2-р курст суралцаж байхад ээж минь өөд болсон юм. “Охин хүүхэд юм юмыг сурч байхад илүүдэхгүй, амьдралд хэрэг болно” гэж хэлээд ээж минь олон секц дугуйланд  явуулдаг байсан. Усанд сэлж хүртэл сурсан нь хожим миний амьдралд их  хэрэг болсон. Ээж минь их сэтгэлийн хаттай бас холын хараатай хүн байсан юм. Би оюутан байхдаа л ажил хийж хэрэгцээнийхээ мөнгийг өөрөө олдог байв. 2001 онд сургуулиа төгсөхийн өмнө ХХБ-нд дадлага хийж, дараа нь “Монгол шуудан” банкинд хэсэг ажилласан. 2002 онд АНУ-д ирсэн л дээ. Виржиниад анх ирээд “усны аврагч”-аар ажиллаж байсан анхны монгол хүн байсан байх шүү. Эхнээсээ л сургуульд сурах зорилготой ирсэн тул Strayer University-д орж “бизнесийн удирдлага”-ын магистараар суралцаж төгссөн. 2006 онд охиноо төрүүлээд 12-хон хонож байхдаа сургууль төгсөлтийн баяраа хийж байв.

  Гурав. ОРЛОО-гийн үүсэл хөгжил

DSC 0072

-Г.Галбадрах: ОРЛОО-г үүсгэн байгуулж байсан тухайгаа хуучилбал?

-Б.Тайван: Би АНУ-д ирээд сургуульд “жижиг бинзесийн удирдлага”-ын чиглэлээр суралцлаа. Тэгж суралцаж байхдаа вебсайт хийж үзэх бодолтой байсан л даа. Манайд интернет бизнес болон вэб хуудас хийх талаар нэг профессор хичээл заав. Миний алсын зорилготой ойрхон байсан болохоор тэр хичээлийг ихэд сонирхож, хичээлийн дараа өөрт төрсөн бүх санаагаа цаасан дээр буулгаад Ариунаа, Чимгээ 2-той зөвлөлдлөө. Тэгээд л вэбсайт хийхээр зориг шулуудан, 2005 онд домайн нэрээ авчихаад анхны мэдээгээ тавьчихаад найзууд руугаа утасдаж байсан юм.
Нэрний хувьд ОРЛОО гэдэг нэрийг сонгосон. Бидний бүх л ажлын эхлэл, бас цаашид өргөжин тэлэх боломжийг ч бодолцсон. Гадаадад ирсэн хүмүүс бүх зүйлийнхээ эхлэлийг ОРЛОО гэж ярьдаг. Ажилд орлоо, шинэ байранд орлоо, визэнд орлоо, сургуульд орлоо гэхчилэн…

-А.Ариунтуяа: Би эхлээд ОРЛОО гэдэг нэрэнд дургүйцэж байсан. Тайван болохоор богино нэрийг хүмүүс маш амархан, сайн тогтоох боломжтой гэж хэлж байсан. Бид 2 нилээд ярилцаж байгаад ОРЛОО-г сонгож байсан юм. Одоо ч тэгээд хүмүүс энэ нэрээр мэддэг, дууддаг болж дээ. Вэбсайт хийж ажиллуулна гэдэг олон мэргэжлийн ажлыг давхар хийх хэрэгтэй болдог. Вэбдизайнер, сервер, орчуулга, зурагчин, маркетинг, санхүү, татвар, хяналт гэхчилэн. Бид вэбсайтаа босгох гэж шургуу ажилласан.

-Б.Тайван: Тэр үед Оросуудын вэбсайт их байдаг байсан. Тэр сайтуудыг их сонирхож судалж байв. Хот болгоны “зарын булан” хийх санааг эндээс авсан. Учир нь хүмүүсийн хамгийн хэрэгцээтэй мэдээлэл агуулж болох булан нь энэ байлаа. АНУ-д шинээр ирж байгаа монголчууд эхэн үедээ өөртөө хэрэгтэй мэдээлэл авах боломж муутай байсныг мэдэрч энэ сайтаа нээсэн юм. Одоо бол харьцангуй амар болж байна. Хүмүүс өөрт хэрэг болох маш олон мэдээллийг эндээс авч санал зөвлөгөөгөө солилцдог. Визээ яаж хадгалах вэ? хямдхан байр хаанаас олж хөлсөлж болох вэ? биеэ өвдсөн үед хаана ямар эмчид хандаж болох вэ? Монгол руу илгээмж явуулах болон илгээмж авах газар хаана байна? хаана хэн монгол хоол хийж зардаг вэ? гэдгээс авахуулаад хүмүүс хоорондын хэрэгтэй арилжаа хүртэл энэ булангаар дамждаг. Яг үнэндээ ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө алсад яваа үед ийм мэдээллийн сүлжээ хүмүүст их хэрэг болдог юм.

-Г.Галбадрах: “Дэлхий даяар тархан суугаа монголчуудын зар мэдээ, мэдээллийн нэгдсэн төв”. Энэ бол ОРЛОО-гийн уриа. Анхнаасаа л том зорилт тавьсан нь анзаарагддаг. 7 жилийн дараа эргээд харж байхад зорилгодоо үндсэндээ хүрчээ. Гэхдээ энэ бүхэн тийм ч амар байгаагүй байх.

-Б.Тайван: Тийм ээ, анхнаасаа зорилгоо том тавьсан. Хүн зорилгоо том жижиг ямар байдлаар тавьсан байна, тэр хэмжээгээрээ л өөрийгөө дайчилж ажилладаг. Энэ уриаг тавиад манай анхны лого-г Амирдаш хийсэн. Эхэндээ мэдээлэл маань зөвлөмж их голчилсон. Гэтэл гадаадад байгаа монголчууд өөр их мэдээллүүдийг хүсч байлаа. Тэгээд видео буюу дүрстэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тэр үед энэ бол маш их хөдөлмөр шаардсан амаргүй ажил байлаа. Youtubе 2005 онд л дөнгөж гарч байсан юм шүү дээ. Одоо бол ямар ч сайтууд видео болон дүрстэй мэдээ тавихад хялбархан болчихсон. Гэтэл хүмүүс анхнаасаа ийм хялбархан байсан мэтээр бодох нь бий.
Яг энэчлэнгээр ОРЛОО-гоо бүх зүйлд анхдагч байлгахаар хичээсэн. Үндсэн мэдээллүүдээс гадна “сонсууштай”, “үзүүштэй”, “мэдүүштэй” , “уншууштай” булангуудыг нээж видео болон дүрст мэдээллүүд болон Орлоогийн гишүүдийн “ЧАТ”-ын буланг хүртэл хийсэн. Энэ болгоныг өөрсдөө санаачилж хийхээс гадна эдгээрийг хэрхэн хэрэглэхийг хүмүүст зааж сургах болон зөвлөмж өгөх гээд ажил мундахгүй. Их юм хийгээд байх тусмаа бүр олон санаа олж авдаг. Тэгээд түүнийгээ хийх болгонд бэрхшээлтэй тулгарна. Түүнийг давах нь л чухал. Бэрхшээлийг даваад хийж бүтээснээ харж байхад сайхан байдаг юм. ОРЛОО-гоо босгох гээд байнга  компьютерийн ард сууна. Одоо эргээд харж байхад “яаж энэ бүхнийг амжуулж байсан юм бол?” гэж бодогддог. Вэбсайт ажиллуулахын тулд их уншиж, мэдээллийг боловсруулж, судлах хэрэгтэй болдог. Одоо ажил хэрэг маань арай гайгүй болж байна.

-А.Ариунтуяа: Бас таны бичлэгүүд тавигддаг “зохиогчийн булан” байна. Энэ чинь бас олон хүний сэтгэл болон дэмжлэгээр бүтсэн. Одоо энэ булан гэхэд 20 гаруй хүмүүс болсон байгаа. Түүнээс 10-аад нь нэлээд идэвхтэй бичдэг. Т. Бум-Эрдэнэ ахын өгүүллэгүүд, Японоос бичдэг Б.Бат-Эрдэнэ ах гээд олон анхдагчид одоо ч бидэнтэй дотно холбоотой байдаг. Б.Бат-Эрдэнэ ахын бичлэгүүд зөвхөн ОРЛОО-д тавигддаг болохоор хүмүүс их сонирхон уншдаг. Энэчлэнгээр биднийг дэмжиж, тусалж байсан олон хүмүүс бий.

Зарын буланд Швед, Австри, Бельги, Норвеги, Чехийн монголчууд өөрсдөө хүсэлт гаргаж салбар булангаа нээсэн байгаа. Бидэнтэй олон орноос харилцдаг болохоор хэдийд ч хамаагүй залганаа. Цагийн зөрөөг ч тоохгүй лавлагаа хийнэ гээч. Гэхдээ бид бүх хүмүүст адил хандахыг хичээдэг.

-Г.Галбадрах: Бас Ариунаагийн хөтөлж хийсэн “Манайд ирээрэй”, “Эх нутгийн гийчин” онлайн нэвтрүүлгүүд хүмүүсийн сонирхлыг татаж, тэдэнд хэрэгтэй мэдээллүүдийг өгч байгаа.

DSC 0779

-А.Ариунтуяа: Ер нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын “бодит амьдрал”-аас нэвтрүүлэг хийж хүмүүст хүргэх санаа байсан л даа. Энэ тухайгаа Дашцэрэн ахад ярьж Томмонгол студийн Төмөрхуягтай зөвлөлдсөн чинь дэмжиж, туслаж анхны нэвтрүүлгээ Дашцэрэнахынд хийж эхэлсэн. Төмөрхуяг бидэнд олон гоё видео сторк хийж өгсөнийг одоо хүртэл нэвтрүүлэгтээ ашиглаж байгаа. Мэдээж би мэргэжлийн хөтлөгч, бас сэтгүүлч биш болохоор анхандаа алдаа гаргах тохиолдол зөндөө. Хүмүүсийн бичсэн муу сэтгэгдлүүдийг уншаад сэтгэлээр их унанаа. Сүүлдээ ч намайг сайжирч байгааг, турж байгааг бичээд л түүнээс их урам авдаг, шүүмжлэлүүдийг хүлээж авч сурсан. Нэгэнт зориглоод эхэлсэн болохоор хийхээс  өөр арга байхгүй. Хэндээ ч найдах билээ. Энэ нэвтрүүлгийг хийх гэж монтажаа өөрөө хийж сурсан. Тэгээд  хүүхдүүдээ унтуулж байгаад сууна шүү дээ. Өөр хотууд руу нэвтрүүлгээ хийх гээд камер, микрофоноо охидуудтайгаа хамтад нь аваад явах үе зөндөө. Намайг Сан-Францискод явж байхад Цэрэндорж ах харчихаад “нэг хүн гэсэн чинь бүхэл бүтэн студи явж байна шүү дээ” гэж шоолж байсан юм.

“Эх нутгийн гийчин” нэвтрүүлгийг хийхэд бидний Вашингтон ДС-д амьдарч байгаа маань их хэрэг болдог. Монголоос ажил хэргийн болон тоглолтоор яваа олон хүмүүс энд заавал ирдэг болохоор зочид мундахгүй. Гэхдээ яваандаа “Манайд ирээрэй” нэвтрүүлгээ Япон, Солонгос, Австрали болон монголчууд олноор суурьшсан Европын орнуудаар явж хийх алсын бодол бий. Ийм нэвтрүүлгүүдийг хийхэд урамшууллын болон санхүүгийн дэмжлэг л их хэрэгтэй байна даа.

-Г.Галбадрах: Вэбсайт хийж ажиллуулаад их мөнгө олдог гэж хүмүүс ойлгодог юм билээ. Бас спонсор гишүүний сарын 6 долларын хураамжийн талаар зарим хүмүүс таагүй хандаж байгааг нэг биш удаа анзаарсан.

-Б.Тайван: Мэдээж вэб хуудас нь хүмүүсийн сонирхлыг татаад хандалт ихтэй байх юм бол аажимдаа мөнгө олох боломжтой. Гэхдээ шударгаар шүү дээ. Зарим сайтууд “энэ дээр 1 удаа дарна уу” гэж реклам хийсэн байдаг. Тэгж уг нь бол болохгүй юм. Гол нь хандалт. Бид одоо ч бүх хандалтуудыг анзаарч байдаг. Аль орноос хүмүүс их орж байна, ямар мэдээллүүдийг түлхүү уншиж байна гэхчилэн. Энэ хандалтын судалгаа бол вэбсайтын цаашдын чиг хандлагыг тодорхойлж өгч байдаг зүйл. Хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд илүү ажиллах хэрэгтэй болдог.
Спонсор гишүүний 6 долларын хураамжийн хувьд бол бид эхлээд зардлаа олох гэж л эхэлсэн. Сервер ажиллуулахад тодорхой хэмжээний зардал гардаг. Харин хүмүүс болохоор биднийг энэ мөнгөөр учиргүй “баяжаад байна” гэж харддаг бололтой. Уг нь сарын 6 доллар тийм ч их мөнгө биш л дээ. Бид хүмүүсийн хэрэгцээг хангаад хүмүүс биднийг дэмжиж байвал ийм дэмжлэг нь алсдаа бидний бусдаас хараат бусаар ажиллахад хэрэг болох юм гэж боддог. Цаашдаа ч бид ОРЛОО-г алив нэгэн улстөрийн хүчнээс хараат бус бие дааж, өөрийн гэсэн үзэл бодлоороо ажилладаг болгох юмсан гэж л хичээж байгаа. Магадгүй энэ 6 доллар өнөөдөр бидэнд тэгтлээ нөлөөлж чадахгүй байгаа ч алсдаа олон хүмүүс дэмжиж хамтран ажиллаж чадвал бидний бие даасан байдалд сайнаар нөлөөлж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ мөнгийг зүгээр л хүмүүсээс нэхээд аваад байгаа биш л дээ. Бид өөрсдийн боломжоороо л ажиллаж байгаа. Цаашид бүр ч илүү ажиллах болно. Одоо бол бид “дэлхийгээр тархан суугаа монголчуудын нэгдсэн дуу хоолой” байх зорилгоо биелүүлж байгаа гэж бодож байгаа.

-Г.Галбадрах: Орлоогийнхоо 7 жилийн ойны босгон дээр “ Дэлхийн Монгол” шагналыг авлаа.  Баяр хүргэе!

delhiinmongol

-Б.Тайван: Баярлалаа.  “Өдрийн шуудан” сонин, top.mn сайт, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөр хамтран “Дэлхийн Монгол” хувь хүн, байгууллагыг олон нийтийн санал асуулгаар асууснаас манайх тэдний нэгээр шалгарсан явдал бол үнэхээр баярт мэдээ байлаа. Шагнал болгон хариуцлага дагуулдагын адилаар илүү ихийг хийх урам зориг авсан даа.
   Дөрөв: Бодит санаачлагын төлөө Монгол руугаа буцаж байна

-Г.Галбадрах: АНУ-д бараг 10 жил болсны дараа Монгол руугаа буцах гэж байгаа шийдвэрийг тань олон хүн сонирхож байгаа.

-Б.Тайван: Би 10 жилийн тэртээд ганцаараа АНУ-д ирж байсан бол одоо сайн ханьтай, 3 хөөрхөн охинтой, гэр бүлээрээ хамтдаа зүтгэж байж босгосон ОРЛОО-той болжээ. Тэр олон жилийн хойно, өнгөрсөн жил аав ээж 2 минь ирээд буцлаа. Тэднийгээ хараад тэдэнтэйгээ хамтдаа байхдаа бид их зүйл ухаарсан. Тэднийхээ санаж бэтгэрсэн сэтгэлээс гадна одоо Монголдоо хамтдаа байх хэрэгтэйг ойлгосон. Хүн болгон гадны орон руу өөртөө зорилго тавьж л явж байгаа. Зорилгоо биелүүлж амжсан монгол хүн болгон Монгол руугаа буцахыг бодож байгаа. Нэг үгээр бол бидний буцах цаг болжээ. Тиймээс би саяхан нэг “ Хайртай Монгол улс руугаа яарнам бид!” гэсэн шүлэг бичсэн байгаа.

Бид эндээс Монголынхоо тухай олон жил шүүмжиллээ. Олон ч зүйл санал болголоо. Одоо өөрийн биеэр очиж бүхнийг үзэж мэдэрье. Тэгээд өөрийнхөө чадах зүйлээ хийе. ОРЛОО-гоороо дамжуулж өөрийн үзэж харж мэдэрсэн бүхнээ бусадтай хуваалцья. Гадаадад байгаа монголчууддаа бодит байдлыг мэдээлж, сайн өөрчлөлтийн төлөө тэднийг уриалан дуудья. Тэгэхээр л бид нэгдэх хэрэгтэй болж байгаа юм даа. Бас бие биенээ дэмжих хэрэгтэй болж байна.

-А.Ариунтуяа: Түүнээс гадна бид гадаадад байгаа монголчуудаа Монголтойгоо холбодог байсан бол одоо Монголын бизнесийг гадаад ертөнцтэй холбохыг зорьж байгаа. Энэ бол бизнесийн мэдээллийн нэгдсэн сайт. Гадаадынхан монголын тухай мэдээлэл сонирхохдоо эхлээд тухайн оронд байгаа ЭСЯ-ын вэбсайтыг сонгож үздэг. Гэтэл тэнд нь Элчин сайдынх нь мэндчилгээнээс өөр гойд зүйл байхгүй бол яах вэ? Гадаадынхан болохоор вэбсайтыг мэдээлэл авах боломж гэж үздэг бол манайхан “танилцуулга” хэлбэрээр ашигласаар байна.

-Г.Галбадрах: Монголдоо очоод эн тэргүүнд хийхээр төлөвлөсөн зүйл байгаа байх? Хэрэв нууц биш бол ярьж болох уу?

-Б.Тайван: Орлогын эх үүсвэр гэж юу болох, түүнийг яаж бий болгох талаар Ариунаа бид 2 энд хэд хэдэн сургалтуудад суусан юм.  Энэ нь:
1. Өөрийн гэсэн бизнестэй болох
2.Үл хөдлөх хөрөнгөтэй болох
3. Үнэт цаас болон хувьцаатай болох
Ер нь мөнгө гэдэг хүмүүст эрх чөлөөг олгодог. Тэгэхээр олж буй мөнгөө хэрэгтэй зүйлдээ зөв зарцуулж байх нь хэрэгтэй.

Анх эхлэхдээ би хувьцаан дээр 3000 долларын хөрөнгө оруулалт хийж байсан. Тэр бол их зөв эхлэл байсан юм билээ. Энэ 3000 доллараа 1 жилийн дотор 10 000 доллар болгоно гэж тооцсон. Гэтэл тэр хувьцаа маань 1 сарын дотор 11 ООО доллар болсон. Эндээс л би хувьцааны талаар маш их сонирхож, уншиж судаллаа. Энэ талаар бага зэрэг зүйл хийх санаатай байгаа. Хүн болгон өөр өөрийн мэдлэг сонирхолтой. Гэхдээ хэн хэнд маань мэдээллийн туслалцаа хэрэг болдог. Тэгэхээр хэрэгтэй асуудлаар нь Монголын залууст сургалт явуулах зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. “Би л болж байвал бусад нь яахав. Би мэдлэгээ хүнд хэлчихээр алдчихна” гэж хүмүүс болгоомжилдог. Би болохоор өөрийн мэдэж байгаа зүйлээрээ бусдад тус болохыг хичээдэг. Өнөөдрийн Монголын нөхцөлд зах зээл дээр хувьцааг арилжиж сурах зайлшгүй шаардлага бий болж байна.

-Г.Галбадрах: Тэгэхээр энэ талаар болон бусад өөр олон асуудлаар сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг явуулах боломж та нарт байгаа л даа.

DM2

-Б.Тайван: Тийм ээ, энэ боломжоо ашиглана. Монголд өнөөдөр хамгийн чухал нь судалгааны сайн байгууллага алга байна. Алив зүйлийг эхлээд сайн судлахгүйгээр юу хийж чадах вэ? Мэдээлэл боловсруулагч гэдэг бол өнөөгийн нөхцөлд мэргэжил болж байгаа. Online marketing. Би АНУ-д сүүлийн 2 жил Restaurant Bar сүлжээн дээр ажиллаж байхдаа энэ талаар нилээд их зүйлийг сурч багагүй туршлага хуримтлуулсан. Монголд байгаа залуустаа гадаад мэдээлэл, зөвлөмж өгөх ажлыг ч эхлүүлэх санаа бий.

-А.Ариунтуяа: Мэдээж ОРЛОО-гоо өргөжүүлнэ. Цаг зав гаргаж мэдээ орчуулж тавих нь их хэрэгтэй байдаг. Нэг үе бид 2 чинь 7 хүнийг цалинжуулан ажилуулж байсан. Одоо бол орчуулга сайн хийдэг залуусыг авч ажиллуулах санаатай байгаа. Монголдоо очоод анзаарагдаж мэдрэгдэж байгаа олон асуудлуудаар ОРЛОО-гийн хэлэлцүүлэг явуулах санаатай байна. Бид очоод өөрсдийн нүдээр харж сэтгэлээр мэдрэх гэдэг шал өөр зүйл байх болно.

-Г.Галбадрах: Бид эндээс шүүмжлэх, очоод өөрийн мэдрэмжээр бүх зүйлийг анхаарах гэдэг өөр л дөө. Гэхдээ мэдээллийн том орон зайн дээр байгаагийн хувьд төсөөлөл бол бий байх.

-Б.Тайван: Гол зүйл нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөхөд нөлөөлөх хэрэгтэй байгаа. Жишээ нь, сар болгон 21 000 төгрөгийг хүмүүст зүгээр л тарааж байхын оронд, тэдэнд хэрэг болох мэдээллээр сонин гаргаад, түүнийг нь уншуулж, судлуулж байж өгч яагаад болохгүй гэж? Мөнгө өгөхдөө хүртэл хүмүүсийг бага ч атугай мэдлэг олж авахад нь “шахаж” болно шүү дээ. Өнөөдөр Монголд иргэдээ боловсруулах, ухамсрыг нь дээшлүүлэх, сэтгэлгээг нь өөрчлөхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байна. Хүн болгон сайн ярьж, шүүмжилж чадаж байгаа. Ажил хэрэг болгох
санаачлага дутагдаад байна. Ажил хэрэг болгох л хэрэгтэй байна. Бас нэг жишээ хэлэхэд, Монголд өнөөдөр маш их мөнгийг хий цацаж байна. Нэг компани зам барихын тулд хэдэн сая доллар зарцуулдаг. Гэтэл замаа барьсаны дараагийн жил эвдэрсэн замаа засч байх жишээтэй. Энд ямар ч хяналт болон хариуцлага алга. Яг иймэрхүү ажиллагаан дээр олон нийтийн хяналт заавал байх хэрэгтэй байна. Тэгээд буруутай этгээдэд хариуцлага тооцож эхэлбэл ажил аяндаа л цэгцрэх болно. Үүнийг шаардаж хийх гээд хийх ажил мундахгүй байгаа. Монголдоо очоод бодит мэдээллүүдийг хүргэх болно доо.

       Тав. Халуун дулаахан гэр бүл

ger-bul

-Г.Галбадрах: Та 2-ыг таньдаг хүмүүс болон найз нөхөд тань энэ их ажлыг 3 охиноо төрүүлж өсгөхийн хажуугаар яаж амжуулж байнаа хэмээн гайхаж, үнэлдэг. Охидуудынхаа тухай хуучлаач.

-А.Ариунтуяа: Охидууд минь 2006, 2008, 2011 онуудад төрсөн. “Муу хүний заяа завагт” гэдгээр бид 2-ыг тэгтлээ зовоолгүй өсч байна. Ер нь ажаад байхад сүүлийн үед төрж байгаа хүүхдүүд оюун санааны хөгжил арай өндөр байх шиг. Ийм бага наснаасаа өөрийнхөөрөө сэтгэж, өөрийгөө маш сайнаар илэрхийлж чадаж байна шүү. Биднээс огт өөр. Би бага байхдаа дандаа “онц” авдаг байлаа. Гэтэл 7-р ангидаа анх удаа “дунд” дүн авчихаад сэтгэлээр унаж байсан. Бид “онц” сураад, дүнгийн төлөө л хөөцөлдөөд байснаас өөрсдийгөө задалж чаддаггүй байсан юм шиг.

Одоо бол охидуудаа хэрхэн өсч, хүмүүжиж, хөгжиж байгааг харахдаа ОРЛОО дээр хүүхдийн хүмүүжил болон боловсролын талаар хэлэлцүүлэг хийе гэж санаад байгаа юм. Америкчууд хүүхдийг бага наснаас нь яг л том хүн шиг харьцдаг нь тэдний өөрийгөө илэрхийлж өөрийнхөөрөө байхад их дэм болдог юм байна.

-Г.Галбадрах: Тэгэхдээ хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн нөлөө маш их байгаа. Та 2 ямагт бие биенээ хайрлаж, халамжилж байвал тэд яг л тийм байдлаар харьцдаг болно.

-А.Ариунтуяа: Тэгэлгүй яахав. Бид гэр орондоо уур уцааргүй тайван байвал хүүхдүүд яг л тийм тайван байнa. Бие биетэйгээ болон бусадтай харьцах харьцаа нь хүртэл эелдэг, найрсаг болно. Манай том охинд гэр бүл гэдэг ойлголт маш хүчтэй суугдсан нь ярианаас нь анзаарагддаг. Жишээ нь Америкууд Азиудыг бодоход нэлээд настай болтлоо хүүхэдгүй, гэр бүл зохиогоогүй байх нь олонтой байдаг. Манай охин ангийнхаа ахимаг насны багшаас “танд гэр бүл байгаа юу?” гэж асуугаад “гэр бүлгүй” гэж хариулахад нь маш их гайхаж байсан. Тэгснээ охин маань багшдаа “танд тэгвэл аав ээж, эмээ өвөө байдаг биз дээ? тэд нар чинь таны гэр бүл” гэж хэлж билээ. 2 настайгаасаа зураг зурж эхэлсэн. Дуурайж биш сэтгэж зурдаг, Нотредам хүүхэлдэйн кино үзээд киноны бөгтөр хүнийг түүнд тусладаг бүсгүйтэй нь хамт зурахдаа бүсгүйн цээжинд их том зүрх зурсаны учрыг нь лавлахад “тэр их сайхан сэтгэлтэй” гэж хариулсан.

 MG 7919

-Б.Тайван: Харин манай дунд охин бол компьютер, видео тоглоомонд эгчээсээ илүү байгаа нь ажиглагддаг, тэгээд би том охиноо вэб дизайнер, дундахыг нь вэб мастер болох байх гэж мөрөөддөг юм. Би бас 15 настай том хүүтэй, хүүг маань Тогтуун гэдэг тэр маань Денвэрт ээж, аавтайгаа амьдардаг, дүү нартайгаа байнгын холбоотой ирж очдог юм. Дүү нар нь ахдаа сайн.

-Г.Галбадрах: Чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанд их баярлалаа. Америк оронд өөрсдийн хичээл зүтгэлээрээ “Дэлхий даяар тархан суугаа Монголчууддаа” зориулж , хүчирхэг хэрнээ маш хэрэгтэй мэдээллийн орон зайг бий болгон тодорхой амжилтад хүрч яваа та 2-оор бахархаж байнаа. Цаашид Монголдоо очиж хөгжлийн төлөө бодит санаачлага гарган хэрэгжүүлэхээр зорыж байгаа тань ч их сайхан санагдаж байна. Тэгэхээр одоо та 2-тоо амжилт хүсэх л үлдэж байх шив дээ?

-Б.Тайван: Энэ олон жил бидэнтэй хамтад байж биднийг дэмжин, хамтран ажиллаж байсан таньд ч бас их баярлалаа. Бидний зорьж зүтгэж байгаа бүхэн зөвхөн бид 2 –ын ажил биш ээ. Монголын хөгжил болон монгол залуусын сэтгэлгээний өөрчлөлтийн төлөө бид хамтдаа зүтгэцгээх болно. Үүний тулд л бид ОРЛОО-г байгуулсан юм шүү дээ. Тэгэхээр цаашид ОРЛОО-гийн зохиогчид, бичигчид, уншигчид, дэмжигчид, зочид та бид бүгдээрээ хамтдаа зөв сайн өөрчлөлтийн төлөө санаачлага гарган бие биенээ дэмжих хэрэгтэй байна. Бас бие биедээ ч амжилт хүсэх хэрэгтэй мэт.
-А.Ариунтуяа: Бас энэ дашрамд ОРЛОО-г дэмждэг бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Бидний амжилт бүр та нарын дэмжлэг болон хамтын ажиллагааны үр дүн юм шүү. Цаашдаа ч бид үргэлж та бүхэнтэйгээ хамтдаа байх болноо.

ДУРСАМЖ ТОДРУУЛГА

TuvEolk2009 234

…2006 онд анх би тэдэнтэй танилцаж байсан юм. Нэгэн өдөр би тэдний гэрт очиж “Боловсролын салбарын шинэчлэл”ийн асуудлаар бичих гэж “шинэчлүүштэй” буланг анх нээж байлаа. Хэдийгээр тэр булан минь төдий л амжилт олоогүй ч түүнээс улбаалан өргөн хүрээгээр бичих эхлэл минь тэндээс эхэлсэн. Энэ олон жил миний бичсэн бүх л бичлэгүүд ОРЛОО дээр тавигдаж, “зохиогчийн булан” д байршиж байгаа болохоор энэ бол миний нэгэн орон зай. Заримдаа хүмүүс надаас ОРЛОО-гийн тухай лавлан асууж “Орлоогийн Галбадрах” гэж нэрлэхэд ч надад сайхан санагддаг.
Хувь хүмүүсийнхээ хувьд тэд надад их таалагддаг. Тэр 2-ын их дайчин хөдөлмөрч байдлыг би их үнэлдэг. Тайван дуу цөөтэй юм шиг хэрнээ их алсын бодолтой, Ариунаа болохоор хүүхдүүддээ хэзээ ч үүртдэггүй, юм юманд л амжиж явдаг авхаалжтай.  Тэдний их сайн чанар нь шударга байхыг эрхэмлэдэг араншин. Хааяа бид 3 уулзаж зөндөө л  “буу халах”. Нэг л мэдэхэд бидний яриа Монголын улстөр болон хүмүүсийн сэтгэлгээ, аж байдалтай холбогдож орхино.  Нэг их маргалдахгүй ч санал нийлэхгүй байгаа зүйлээ “хойш тавьж” орхино. Гэсэн хэрнээ мартахгүй байж байгаад дараа нь дүгнэлт дээрээ санал нийлдэг.
Хичээл сургууль, ажил, хувийн амьдралын олон асуудал, 3 охиноо өсгөхийн хажуугаар ОРЛОО-г босгож олон нийтийн хэрэгцээг хангана гэдэг үнэндээ амаргүй. Тийм болохоор тэдний энэ зүтгэлийг үнэлж 2006, 2011 оны Вашингтон ДС орчмын Монголчуудын Холбооны “Оны шилдэг”,  2008 онд АНУ- дахь Монголчуудын Худалдааны Танхимын шалгаруулалтаар “АНУ дахь Монголчуудын шилдэг бизнес” шагнал,  сая 2012 онд “Дэлхийн монголчуудын шилдэг” вэбсайтаар шалгарч шагнагджээ.  Мөн хувь хүний зүтгэлийг нь үнэлж  Б.Тайванг  “Хэвлэлийн тэргүүний ажилтан”, А.Ариунтуяаг ”Тэргүүний залуу алтан медаль”, ”Ган үзэгтэн” шагналаар тус тус шагнасан. Энэ бол тэдний хөдөлмөр зүтгэлийн сайн үнэлгээ. Олон нийтэд хэрэгтэй, тустай үйл бүтээсний төлөөх талархал.

Өдий олон жил “Дэлхий даяар тархан суугаа Монголчуудын мэдээ мэдээллийн нэгдсэн сайт” болж чадсан нь амжилт төдийгүй, Монголчууд бидэнд хамтран нэгдэж, санал бодлоо хуваалцах их боломж. Бас энэ бол эхлэл. Боломж болгон хязгааргүй гэдэг. Тэр тусмаа хүмүүсийн оюун санааны боломж бүр ч хязгааргүй. Ингээд бодохоор үргэлжлэл бий. Харин үүний төлөө цөхрөлтгүй зүтгэх нь цаашхи амжилтын үндэс. Шударга үнэний дуу хоолой болохын төлөө ямагт тууштай байж олон түмний дэмжлэг болон хайр талархлыг ямагт хүлээж яваарай гэж Б.Тайван, А. Ариунтуяа 2-тоо ерөөе. Та 2 мундаг шүү.

 

Share Your Thoughts