Дүн үү? мэдлэг, чадвар, чанар уу? \цуврал-04\

Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал-4

Суралцагч мэдлэгийг хэрхэн эзэмшиж байгааг тодорхойлон хянаж, түүнийгээ дүнгээр илэрхийлдэг аргачлал бүх л боловсролын салбарт байдаг. Ийн дүгнэхдээ явцын болон тодорхой бүлэг сэдэв болон хугацааны гэхчилэн аргачлал нь янз янз байх. Явцынх бол тун хялбархан. Тухайн цагт багшийн зааж тайлбарласан зүйлийг анхааралтай сонсож сайтар тогтоогоод тэр дор нь яг үсэгчлэн ярьж дүнгээ авна. Нэгэн цагт өөрийн ярьж байсан зүйлээ яг үг үсгээр нь давтан яриулах дуртай, хэрэв нэг л үг үсэг зөрүүлбэл шууд “муу’  дүн тавьдаг багш байж билээ. За тэгээд бусад цагт олон янзын нэртэй шалгалт тасрахгүй. Тэр олон шалгалтуудын завсраар яажшуухан сурч амждаг байсан юм бол гэж бодогдохоор.
Мэдлэгийг тооцон дүгнэж байгаа дүн ойлгомжгүй байх тусмаа их зөрчлийг авчирна. Яг “онц” “сайн” “дунд ” ” муу ‘ дүнгүүдийн хоорондох хязгаар ялгаа нь тодорхойгүй болохоор түүнийг тодотгох амаргүй. Ямар сайндаа багш нар дүнгүүдийн хооронд + болон – тэмдгүүдийг хэрэглэж “онц-” “дунд+” гэхчилэнгээр тодотгол хийж, үнэхээр дургүй нь хүрч, бухимдал төрүүлдэг сурагчид бүр “онцмуу” гэдэг дүн хүртэл хайрлаж байхав дээ. Харин одоо мөнөөх “онц”, “сайн”, “дунд”,  “муу” дүнгүүд маань АBCD гэхчилэн латин үсгүүдээр солигдож, бас ч хооронд нь тоон коэффициентийн ялгавартай болсон нь монголын боловсрол дэлхийн боловсролын жишигт хүрсэн нэг үзүүлэлт гэлтэй.

Гэхдээ л уг коэффициентийн ялгааг багш л шийдэж байгаа.
Суралцагсдын мэдлэг , чадвар, дадлын хэмжээг тоо, үсэг, коэффициентээр дүгнэн илэрхийлж байгаа энэ аргачлал хүүхдийн сурах идэвхи, сонирхлыг өөрчилдөг.  Өөрөөр хэлбэл тэд мэдлэгийг яаж эзэмшиж сурах вэ? гэдгээс илүүтэй яавал сайн дүн авах вэ? гэдэгт анхаарлаа хандуулах болдог. Дүгнэх арга нь нарийсах тусам, дүн авах арга нь дагаж нарийсдаг. Сүүлийн үед сургууль төгсөлтийн болон их дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн түвшинг тестээр шалгадаг болсон нь, мэдлэгийг гүн гүнзгий эззмшиж өөрийн болгохын оронд, хагас дутуу уншиж, бусдаас сайн хуулж сурсан хүүхдэд “аз хүү байвал ёоз хүүгээр цoхинo”  гэдэг хэллэгийн сонгодог жишээ болж буй бололтой.
Алив мэдлэгийг өөрийн болгон сайтар эзэмшиж сурах нь өөрийн амьдрал, цаашдын ажилд хэрэгтэй болохоос дүн авах нь тийм ч чухал зүйл биш гэдэг ухамсар ойлголтыг хаа хаана бий болгож, сурах арга барилд бодитой хандах нь хамгаас чухал юм. Монголчууд эртнээс үр хүүхэддээ ” чиний толгойд байгаа мэдлэгийг гал түймэр шатаагаад хаячихгүй, мэдлэг чинь цас зуданд үхчихгүй,  бас хулгайч аваад явчихгүй тийм болохоор чиний сурч мэдсэн чинь чиний л баялаг юм шүү дээ. Сайн сурах хэрэгтэй” хэмээн хоёргүй сэтгэлээр сургаж байсан юм шүү.
Дүнгээс үүдэлтэй дарамтууд
Мэдээж хүүхэд бүрийн оюуны чадварын түвшин,  сурах чадвар харилцан адилгүй. Хүүхдийг сурч чадах түвшинд нь сургахын оронд бүгдийг нь онц, сайн сургах гэсэн муйхар оролдлого багш, сурагчдад олон дарамтуудыг учруулж байдаг.
-Нэгэн ангийн сурагчдыг онц, сайн сурлагатан, дунд муу сурлагатан хэмээн ангилан ялгаж хүүхдийг хүүхдээр нь дарамтлуулах тохиолдол элбэг. Ангийн аль гайгүй сурлагатай нэгэн, ангийн өөр юуны ч юм бэ, “дарга”  гэдэг алба хашиж, бусдыгаа загнаж дарамтлан анги удирдсан багшийн “баруун гар” болж сүрийг үзүүлнэ. Тэр л балчирхан оюун ухаанд ” би бусдаас илүү, тэд надад захирагдаж байх ёстой”,  эсвэл “тэр надаас илүү учраас би түүнд захирагдаж бас тал засч байх учиртай”  гэсэн ойлголтуудыг төрүүлж байна бус уу? бид. Тэр ч бүү хэл зарим муу сурагчийг сурагчдын өмнө  гаргаж, бусдын элэг доог болгох үйлдлийг санаачилснаараа багш та ямархан оюун ухааныг хиртээж, бусдыг үзэн ядахад сургаж байгаагаа төдийлэн анзаардаггүй. Ийм л байдлын улмаас өөртөө итгэлгүй, гутранги,сурах сонирхолгүй, бусдыг үзэн ядсан хүүхдүүдийг бий болгодог юм даа.
Муу хүүхэд гэж байдаггүй, харин сурах аргаа олохгүй байгаа хүүхэд байдаг.
-Суралцагчийн мэдлэг эзэмшилтийн байдлыг хянах нийтлэг аргын нэг нь “хяналтын ажил”. Энэ үед л сурагчид, багшийн “сүр хүч”, “дарангуйлагч” чанарыг харж, өөрийн арчаагүй, сул дорой байдлаа мэдэрнэ. Самбрын өмнө гараа урдаа аван зогсох багшийн “бүргэд харц”  бүх зүйлийг нэвт шувт харж, өчүүхэн хөдөлгөөн бүрийг мэдэрч “сонор соргог” -ийн гайхам үлгэрийг үзүүлнэ. Энэ хяналтийн ажлыг хэн мэдлэгээрээ сайн хийж, хэн хуулж, хэн нь огт хийж чадахгүй гэдгийг багш мэдэхийн дээдээр мэдэж байвч энэ л цаг мөчид өрөвдөх хайрлахаа түр “умартана”. Эцэст нь багшийн төсөөлж байснаар сайн сурагчид мэдлэгээрээ хийснээрээ, овсгоотой нь хуулж амжсанаа, овсгоогүй арчаагүй нь хоосон цаасаа хураалгаж уртаар амьсгаа авна. Угтаа бол сурагч тухайн мэдлэгийг заавал сурч эзэмших шаардлагатай болохоос дүн авах нь тийм ч чухал биш. Үнэхээр мэдэхгүй байгаа сурагчаа ийн “тамалж”  байхын оронд тэр цаг дээр бусдад саад болохгүйгээр өөрөө бие даан иншиж судлах боломжийг нь олгож болох шүү дээ.
Бидний хаа хаанаа бодит үр дүнд биш, тоон дүнд ийн анхаарал тавиад байгаа нь бидний зорилго чиглэлийг гажуудалд аваачаад байна даа. Суралцагсдад мэдлэг чухал болохоос дүн тийм чухал биш.
Багш нарын ажлыг ч бас дүнгээр үнэлдэг
-Суралцагсдын мэдлэг чадвар дадлыг дүнгээр үнэлж байгаа болохоор багш нарын ажлыг ч бас дүнгээр үнэлэх болдог. Хүүхэдтэй маш сайн ажиллаж, сайн сургаж, хүүхдүүдэд хүндлэгдэж, хайрлагддаг хэрнээ тоон үзүүлэлтээр сайн үнэлэгддэггүй багш нар байдаг. Тэд ихэвчлэн “гол хичээл” буюу математик, физик, хими, гадаад хэлний багш нар байх жишээтэй.  Хичээлийн шинжлэх ухаанжсан ойлголтууд нь хүнд, сурагчид тэр болгон ойлгож, дадлагажихад амаргүй байдгаас тэр л дээ. Тэгээд ч багшийн ажилд ур чадвар бус хувь чанар хэмээх тоон үзүүлэлт голлодогт л хамаг учир байгаа юм.
-Ийм тогтолцоо багш нарыг янз бүрийн аргаар сайн сургахаас илүүтэй, дүнгээр хөөцөлдөж, тоон үзүүлэлтийг гол болгоход сургана. Тэд өөрсдийн ажлын үнэлмжээ дээшлүүлэхийн тулд муу сурагчидтай их ажиллаж, зарим тохиолдолд сайн  сурагчид хариуцуулж, бүр хуулуулж сургах хүртэл арга хэмжээ авдаг. Нэгэн бага ангийн багш,цээж бичиг бичүүлэхдээ зөвхөн сурагчид нь мэддэг нууц дохиололтой /пароль/ хүртэл болсон байсан тохиолдол бий. “Зөөлний тэмдэг”  бичих газар хоолойгоо засна, эсвэл урт эгшиг бичих бол чихнийхээ омогт гараа хүргэнэ гэдэг ч юм уу? Инээдэмтэй ч юм шиг хэрнээ тэр олон шалгалтын өмнө аргаа л барж байсан хэрэг шүү дээ.

-Багш нарын ажлын үнэлгээнд өөрсдийн зааж буй хичээлээр сургууль, сум, дүүрэг, аймаг улсын олимпиад уралдаан, тэмцээнд сурагчид нь амжилттай оролцвол гэдэг үзүүлэлт байдаг нь бас л сурагчдадаа ялгавартай хандах нэгэн шалтгаан болно. Мэдээж багш авьяас чадвартай сурагчдаа илүү анхааран бэлтгэж, бусад сурагчдаа төдийлэн анхаарахгүй байх нь элбэг. Энэ тийм муу үзэгдэл биш хэдий ч үүнийг дагасан сөрөг зүйлүүд хэдийдээ бий болжээ. Сүүлийн үед ийм уралдаан тэмцээнүүд шударга гэхээсээ хэн нэгэн багшийн нэр алдрыг мандуулах шоу маягийн зүйл болж хувирсан тухай мэр сэр сонсож байсан. Уг нь ийм өрсөлдөөн ядаж л боловсролын салбартаа шударга явагдаж, хүүхдээр дамжиж нэрд гарах багшийн орлодлго биш, монгол хүүхдийн авьяас чадвар, багшийн ур чадварын илэрхийлэл болж байгаасай.
-Багш нарын ажлыг бодит байдлаар бус тоон үзүүлэлтээр голчлон тооцдог энэ тогтолцоо багш нарыг ч хооронд нь ихэд зөрчилдүүлдэг нь нууц биш. Чадвар муутай, сэтгэлгүй, арга зальтай хэн нэгэн сэтгэл, чадал боломжоороо ажиллаж байгаа танаас илүү үнэлэгдээд ирэхийн цагт, энэ шударга бус байдалд дургүй тань хүрч, “би ер нь ингэтлээ үнэнч царайлж өөрийгөө зовоохын хэрэг юу билээ” гэдэг бодол толгойд чинь орж ирнэ. Ийм хандлагаар ажил цалгардах бүрд өөр хэн ч бус гагцхүү хүүхдүүд л хохирдог.
Багш нар өдөр бүр олон олон хүүхдүүдтэй ажиллаж байдаг болохоор, тэдний ур чадвар, хүүхдэд хандаж буй бодит хандлага, сайхан сэтгэлийг хүүхдүүд л хэн хэнээс илүү мэдэрч хүндлэн хайрлаж, биширч байдаг юм. Ажлаа ор нэр төдий хийж, элдэв арга залиа ичгүүр сонжуургүй дэлгэж, хүүхдүүдийг үл тоон басамжилваас та хүүхдүүдийн хувьд үнэ хүндээ алдаж, “өрөвдөлтэй’  бас үзэн ядах сэтгэлийг хүүхдэд төрүүлж байдаг юм. Түүнчлэн багш нарын, хамт олныхоо дунд эзлэх байр суурь, шударга зарчимч хандлага, тэдэнд сайнаар нөлөөлөх чанарыг ч орхиж болохгүй.
Багч нарын ажлын үнэлгээ нь өндөр ур чадвар, хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэл байдаг ажээ.
Сургуулийн ажлыг ч тоон үзүүлэлтээр дүгнэдэг
Сургуулиудын ажилд ч мөнөөх дүнгээс үүдэлтэй тоон үзүүлэлт гол нөлөө үзүүлнэ. Боловсролын салбрыг удирдан чиглүүлж байгаа шат бүхэнд нөгөө л сургалтын хувь, чанар гэсэн тоон үзүүлэлт, хяналтын тогтолцоогоороо дамжин хянагдаж байдаг.  Байн байн болдог боловсролын газрын болон мэргэжлийн хяналтын төвшин тогтоох нэртэй олон шалгалтууд сургууль багш нарт амар заяа эс үзүүлнэ. Эцэст нь сурлагын хувь чанарын жагсаалт бүхий ажил сайжруулах зөвлөмж бүхий олон бичиг цаас сургууль багш нарын бие даан ажиллах боломжийг хааж сонирхлыг бууруулах болж байгаа. Энэ л дүнгээр илэрхийлэгдсэн олон шалгалтууд боловсролын салбрын шинэчлэлд их ч саад болж байна даа. Хаа хаанаа дүнгийн дарамт дор тоон үзүүлэлтийн хойноос хөөцөлдсөөр. Сургуулийн ажлыг үнэлж дүгнэхдээ:
-Сургуулийн бусдаас ялгарах онцлог
-Багш нарынхаа мэргэжлийг сургууль дээрээ дээшлүүлж,
мэргэшүүлж чадаж байгаа эсэх
-Тухайн сургуулийн төгсөгчдийн чанар, тэд нийгэмд хэрхэн зөв
ажиллаж, амьдарч байгаа чадвар
-Сургууль бүх үйл ажиллагаандаа биеэ дааж өөрийн боломж
нөхцлөө хэрхэн зөв ашиглаж байгаа гэхчилэн үзүүлэлтүүдийг
тулгуур болговол эндээс ердөө “чанар” гэсэн гол зүйл л харагдана.
Төгсгөлийн оронд
Алив зүйлийн үр дүнг тооцож үзэх гэдэг амаргүй. Тэр тусмаа монгол орны ирээдүйн иргэдийг бэлтгэж байгаа боловсролын салбар илүү бодитой хандах хэрэгтэй.
Бид зорилгоо буруу тодорхойлж, үр дүнгээ буруу тооцож эхэлбэл энэ нь илүү муу үр дүнд хүргэх болно. Дүн болон үнэлгээ хүний урмыг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нь бадрааж, илүү ихийг сурах тэмүүлэлийг нь бий болгож байх учиртай. Түүнээс бус хэн нэгнийг бусдын өмнө гутаан доромжилж, урам зоригийг нь хугачин, дарамтлах хэрэгслэл байх учиргүй.
Сурагчид дүн авахын тулд бус, мэдлэг чадвар дадал эзэмшиж, амьдрал, ажилдаа хэрэглэхийн төлөө суралцах учиртай.
Багш хүн бусдад үнэлэгдэхийн тулд бус, ур чадвар, авьяас, сэтгэл зүрхээрээ хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө ажиллах учиртай.
Сургууль бусдад шалгуулахын тулд бус, өөрийн боломж нөхцлөө зөв ашиглан багш, сурагчдыг хамтдаа сайн үр дүнд хүрэхийн төлөө хөгжих учиртай.
Тийм болохоор боловсролын салбарт мэдлэг-чадвар- чанар салшгүй холбоотой байж, хамтдаа сайн үр дүнгийн илэрхийлэл болноо.

Боловсролын салбарт шударга ёс тогтох болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-02-06.

Share Your Thoughts