ДҮР ЭСГЭСЭН ХҮМҮҮС

…Заримдаа хэн нэгэн өөрийн зан суртахуун, мөн чанар, бодит байдлаасаа огт өөрөөр бусад хүмүүст харагдаж үнэлэгдэхийг хүсдэг. Угаасаа ухаан муутай байж, ухаантай хүний дүр үзүүлэх гэж оролдох нь зөндөө. Дотор сэтгэлдээ шунал нь “буцалж” байгаа атлаа, “нигүүлсэнгүй” сэтгэлт болж үнэлэгдэхийг хичээх нь зөндөө. Нулимс нь огт гарахгүй байхад л хэн нэгнийг өрөвдөж байгаа мэт харагдах гэж, хурууныхаа өндгийг сэмхэн норгож байгаад нүдээ нухалж, “эхэр татан” мэгшдэг хүмүүс цөөнгүй. Тийм хүмүүсийг “дүр эсгэгчид” гэж нэрлэдэг юм.
Тэр хүний гени буюу мөн чанар нь муугаар бүрэлдэж, мунхаг бүдүүлэг орчинд өсч, ямагт бусдад атаархан хорссон хов яриаг сонсож, үргэлж хэн нэгнийг үзэн ядаж харааж байдаг орчинд хүмүүжиж төлөвшсөн бол засч залруулахад амаргүй. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг үгний утга нь энэ. Алсдаа сургуульд суралцаж, ухамсар мэдлэгээр “хучих”-ыг хичээж байвч нэг мэдэх дор “зэс нь цухуйж” эхэлдэг. “Булавч бултайж, даравч дардайна” гэж үг бий. Харин тийм хүмүүс өөрийн “сул, муу” чанараа мэдэрч, илүү сайн хүмүүстэй уулзан нөхөрлөж, тэдний санал бодлыг тэвчээртэй сонсож, олон сайхан ном, мэдээлэл уншиж, сэтгэлгээний их далайгаас “оюуны сувд” шүүрдэхийг хичээдэг бол аажимдаа өөрчлөгдөн сайжирч чадна. “Алтны дэргэдэх гууль шарладаг” учир энэ буюу.

Социализмын “хараат” хавчигдмал үзэл бодлоос, чөлөөт ардчилсан нийгэмд шилжихдээ “үүрэг” ээ огтоос умартаж, “эрх” ээ хэтрүүлэн хэрэглэсний гайгаар монголчууд бид, үндэстний бахдам сайхан мөн чанараа алдаж, мөнгө өнгөний боол болон хувирч буй. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Энэ 24 жил Монголын төрийн бодлого боловсруулах хийгээд шийдвэр гаргах эрх мэдэлд хүрсэн “муу хүмүүс”-ийн балгаар өнөөдөр Монгол орон минь дүр эсгэгчдээр дүүрчээ. Хаашаа л харна бие биеэ хайрлаж, талархсан дулаахан эелдэг уур амьсгалын оронд, мөнгийг шүтэж, өнгөнд хууртагдсан хуурамч бараан царай, бие биедээ гайхуулах гэсэн хоосон ихэмсэглэл, зусардлаар дүүрэн арчаагүй төрх, нэг л их “дүр эсгэсэн” хүмүүс.

1. “ДҮР ЭСГЭСЭН” улстөрчид

Олон нийтийн саналыг худалдаж, хуурч мэхэлж авснаар улстөрд орон он удаан жил “тухалж”, одоо болохоор өөрийн үр удамдаа “өв залгамжлуулах”-ыг санаархаж байгаа улстөрчид олон бий. Эх орныхоо хөгжил дэвшилд “санаа зовж, сэтгэлээ чилээж байгаа” гэх хэрнээ, өөрийн өчүүхэн эрх ашгаа бүхнээс дээш тавьж, өрөөл бусдын эрх ашгийг “уландаа гишгэж”, Монголын улстөрийг бизнесийн талбар болгож орхисон олон олон хүмүүс байгаа. Тэд бүхнийг худалдаж, бас худалдаж авч болно гэж үздэг. Өөрт нь их мөнгө амалбал газар нутаг, эд баялаг, хүн ардаа ч худалдахаас буцахгүй. Дэлгэцийн өмнө, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “Эх орон минь” гэж “матрын нулимс” унагаан жүжиглэх хэрнээ, хөшигний цаана бүх л хуйвалдаанаа хийцгээнэ. “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдгээр нам хэмээх бүлэглэлээр хамтдаа “хулгай” хийдэг болохоор, “хулгайчийг бариарай” гэж хэн ч хашгирч зүрхэлдэггүй. Тэд “дүр эсгэгчид” болохоос жинхэнэ улстөрчид огт биш. Харин өөр хэн ч биш, бид өөрсдөө л тэдэнд ийм боломжийг олгож байгаа.

2. “ДҮР ЭСГЭСЭН” шашинчид

Ард олныг хэдийчинээн бусдаас хамааралтай байлгаж чадна, тэр хэрээрээ өөртөө итгэлгүй болж “мухар сүсэгт” автдаг. Өглөө нь орхимж нөмөрч бусдын зовлон шаналал дээр “бизнес” хийчихээд, үдэш нь охид бүсгүйчүүдтэй наргиж, хөлчүүрч цэнгэдэг лам нараа яаж хүмүүжүүлэхийг энэ олон жил Монголын бурхны шашныг толгойлсон гэгээн дүртэй нэгэн, өнөө хэр мэдэхгүй. Улстөрчдөд үйлчилдэг шашин өнгөө дагаад “бизнес” болон хувирсны муу балаг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж байгуулахын оронд тал дүүрэн суварга босгож, хөшөө барьж, уул овооны тахилгын наадмаар ард олноо цэнгүүлэн “жаргааж” яваа “хар улстөрчид”, “шар шашинтан” өнгө хослон өөрсдөө ч мунхарч, өрөөл бусдыг ч мунхруулж явна. Ой тэмдэглэсэн баяр наадам, овоо босгож тахилга өргөсөн наргиан, “нүглээ наминчилах” гэж босгосон шавар суврагууд, тэнгэр дуудаж, гал тахисан онгодоор монголчууд бид хөгжвөл хөгжихөөр л боллоо. Эргээд хар даа. Өөрсдөө хөдөлмөрлөж зүтгэхийн оронд өвөртөө байгаа түрүүвчээ даллан хурайлж “баяжихыг” хүсэгчид үе олон болжээ. Энэ бол “дүр эсгэсэн шашинчид” ын балаг болохоос, сэтгэлд тогтсон итгэл үнэмшил огтоос биш.

3. “ДҮР ЭСГЭСЭН” баячууд

Амар амгалан, сэтгэл хангалуун амьдрахын оронд, ямар ч аргаар хамаагүй баяжиж түүгээрээ бусдад гайхуулан, дээрэлхэхийг хүсэгчид олон болжээ. Хүн болгон “баян” болох албагүй, тийм боломж ч үгүй. Маш их хөдөлмөрлөж, маш их сэтгэж, маш их хичээсэн цөөхөн хүн л “баяжиж”, шударга зүтгэлээрээ олсон мөнгөөрөө бусдад тус болдог. Харин газрын лиценз зараад ч юм уу? нэг тендерийг “будлиантуулаад”, эсвэл улсын хөрөнгийг хувааж завшаад, нөгөө бол албан тушаалын эрх мэдлээ бизнес болгон ашиглаад баяжиж байгаа бол хууль бус үйлдэл. Шударга хөдөлмөрөөр баяжсан хүн, хууль бусаар баяжсан хүмүүсийн ялгааг, мөнгөнд хэр “хүндэтгэлтэй” хандаж байгаагаас нь анзаарч болно. Хамарт нь “баас түрхсэн юм шиг” ярвайгаад, мөнгийг баруун солгойгүй цацаж, бусдад баярхаад л, уулзаж учирсан хүмүүсээ загнаж дарамталж, зандчиж дээрэлхээд байгаа бол “дүр эсгэсэн” баян. Тэд бусдын атаархлыг төрүүлэх гэж байдгаараа хичээх авч, сэтгэл доторх айдас түгшүүр нь мэдрэгдэж байдаг юм. Яриа, харилцаа нь бол авах юм байхгүй дээ. Тэднийг дагаж зусардан “угаадас долоох” далдагануурууд олон. Харин буруудаж “газар унах” аваас, дээрээс нь “дэвслэх” хүсэлтэнгүүд олон.

4. “ДҮР ЭСГЭСЭН” одонцорууд

Монголд “од” болох амархан. Зурагтаар хэд гарахад л болоо. За тэгээд тэднийг хөөрөгдөгсөд мундахгүй. “Олны танил” болох хэцүү биш. Харин ямагт тэдэнд хүндлэгдэж явна гэдэг амаргүй. Уг нь олон улсын хэмжээнд “Од” гэдэг нь шал өөр хэмжүүртэй. Харин бид алив зүйлд тэгтлээ хүндэтгэлтэй ханддаггүй болохоор “олны танил” болсон нэгнээ дуудахад амраар нь “од” гээд нэрлэчихэж байгаа хэрэг. Дэргэд нь байгаа зусардагсад ямагт “чи од шүү дээ” гэж хөөрөгдөөд байхаар аажимдаа дасч эхэлнэ. Нээрээ л хүн болгон хараад ч байгаа юм шиг, хүндлээд ч байгаа юм шиг, өөртэй нь дотносох гээд ч байгаа юм шиг, “ер бишийн мэдрэмж” нь тэр хүнийг “эвдэж” эхэлдэг. Өөрийгөө бусдаас “илүү” гэдэг ойворгон бодол нь бусдын өмнө юу ч бодохгүйгээр “цэцэрхэж”, адаг сүүлд нь бусдын доог тохуу болоход чиглүүлж байдаг. Хэрэв өөрийн тэнэглэлээсээ болж нэр хүндээ алдвал, мөнхөд од байх хүслээрээ юу эсийг хийх билээ. Олон нийтийн өмнө ичихгүйгээр “нүцгэлээд” эрээ цээрээгээ алдаад байгаа бүсгүйчүүд чинь “од” -оосоо салах хүсэлгүйн илрэл. Хэтэрхий “хамраа сөхвөл”, анх яаж байгаад олны анхаарлыг татсанаа ч мартаж орхидог. Тэнэглэгсэд, ихэмсэглэгсэд бол жинхэнэ “од” биш, “дүр эсгэсэн одонцорууд”. “Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй” гэдэг дээ.

5. “ДҮР ЭСГЭСЭН” эх орончид

Хүн болгон “Би эх орондоо хайртай” гэж хэлдэг. Энэ үгэнд нь хүмүүс итгэхгүй юм шиг санагдахаар нь архинд халамцахдаа “Би эх оронч хүн” хэмээн цээжээ дэлдэн агсамнана. Гэсэн атлаа өөрөө хөдөлмөрлөж зүтгэхгүй бүх бурууг бусдаас хайна, өөрөөсөө биш. Хэрэглэсэн хогоо гудамжинд хээв нэг хаяж орхино, шүлс цэрээ машиныхаа цонхоор нулимж л орхино. Хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах гээд олдохгүй болохоор нь таньдаг хүн хайж, авилгалд өгөх мөнгөө хармаалаад гарч одно. Эдийн засаг “хямраад” байна гэх хэрнээ, сумынхаа ойд очих гэж хэдэн саяар машин авч унаж, “амьтан хүнд муу хэлэгдэхгүй юм шүү” гэж сэтгэл дотроо мөчөөрхөнө. “Газар нутгийг минь арилжиж орхисон муусайн хувалзнууд” гэж хараах хэрнээ, яг тулахаар нь нүүр рүү нь харж инээн гутлынх нь тоосыг арчиж зусардана. Үргэлж бусадтай өөрийгөө харьцуулан шаналж, мөнгө олох гэж аргаа барж, өнгө олох гэж брендээр өвчилнө. Заримдаа сэтгэл дотроо уудалж гоморхох боловч, цагаа тулахаар ганц хэрэгтэй үг амнаасаа алдахгүй. Харин нетийн цаанаас бол хүн болгоныг зэмлэж, хараана. Гэхдээ өөрөө ил гарахгүй. Бас ном, мэдээлэл уншихгүй, сургаар бүхнийг дамжуулан хуучилна. Ийм хүмүүс эх орончид биш ээ, “дүр эсгэгчид”. Эх орон гэдэг ширхэг чулуу, чин үнэнч сэтгэлээс эхэлдэг. Бас тэднээр ямагт дутаж байдаг.

…Тийм ээ, бид “дүр эсгэсээр” олон он жилүүдийг үдэж байна даа. “Дүр эсгэгчид” ч дасч, бас тэднийг хайрлах болжээ. Өөрөө “дүр эсгэхгүй” гээр байж чадахаа ч больж орхиж. Эргэн тойрноо хар даа. Бид бүгдээрээ “дүр эсгэгчид”. Толинд өөрийн дүрсээ нэг хар даа, таньж байна уу? Дүр эсгэсээр байгаад монголчууд бид өөрсдийн бахархам сайхан мөн чанараа алдаж эхэлж байна даа. Та нар залхахгүй байна уу? дүр эсгэсээр.

Монголын хөгжил зөвхөн хүнээсээ л эхэлнэ, уул уурхай, газрын баялгаас бус. Бид хичнээн алт, зэс, нүүрс ухаж гадагшаа арилжаад ч хөгжихгүй. Хүмүүсийн зөв ухамсар, эрүүл сэтгэлгээ, шударга тогтолцоо, ирээдүй рүүгээ хандсан хандлага бол бидний баялаг. Өөрөөр хэлбэл “Монгол хүн өөрөө л Монголын баялаг”. Бид энэ хэвээрээ тэнэг, ухаангүй байх аваас газрын баялгаа дуусах дор хамтдаа мөхөх болно. Гашуун үнэн энэ. Харин бид одоо өөрсдөө сэрэх цаг нь болж байнаа. Өөрсдөөсөө л эхлэх болж байна. Ядаж “дүр эсгэх” ээ больё. “Дүр эсгэгчид”-ийг ч тоохоо больё.

Зүгээр л өөрийнхөөрөө байх гэдэг ямар сайхан гээч. Биедээ эвтэйхэн хувцас өмсөөд, дуртай ажил руугаа инээмсэглэн алхаж, ажил дээрээ сэтгэл өөдрөг инээмсэглэн байж, бусдад талархаж, ажлаасаа тараад хайртай хүмүүс рүүгээ яаран тэмүүлж, гэртээ байгаа зүйлдээ өөрөө сэтгэл хангалуун амар амгалан амьдрах нь хүмүүний жаргал юм шүү дээ. Тэр “дарлуулж, дарамтлуулаад” байгаа үнэтэй бренд чинь хэн нэгний л бизнес, тэр унаж тусаад байгаа хөөрхөн царайнууд чинь 15 жилийн настай цэцэгс. Дараа нь бид бүгдээрээ л хөгширч, ядрах болно. Амьдрал хэнийг ч ялгадаггүй, хэнд ч зусардаж, хэнийг гадуурхдаггүй. Харин туурга тусгаар эх орон минь бидний өмөг түшиг болж үлдэнэ. Бүх зүйлс үрэгдэж алга болоход эх орон минь мөнхөд оршиж байх болно. Харин түүний төлөө бид өөрсдөө л өөрчлөгдөх хэрэгтэй болж байна даа. Мөнхөд үлдэх эх орныхоо төлөө, бас өөрийнхөө төлөө. Дүр эсгэлгүйгээр, чин сэтгэлээсээ бусад руу харж инээмсэглэх ямар сайхан гээч. Бид чинь монголчууд шүү дээ.

Share Your Thoughts