Д.ЭНХБАТ БА Н.ЭНХБАЯР – ИХ ХИЙРХЭЛ

…Тэр жил дээ. Монгол Улсын Ерөнхийлэгчийн сонгуулийн өмнөхөн хөдөөний нэг хөгшин  хот ороод ирж л дээ. Саахалт хөгшин нь хотын сонин дуулах санаатай тэднийхээр очиж “Хот орноор сонин юутай вэ дээ?” хэмээн хэрэгт дурлаж. Хариуд нь хот яваад ирсэн хөгшин “Онц ч юмгүй шив дээ хө,  зурагтаар Энхбаяр дарга, эмэгтэй хүний даамск 2 л их гарах юм даа” гэсэн гэдэг.  Яг л тэр хэллэг шиг Монгол Улсын 3 дахь Ерөнхийлэгч  асан Н.Энхбаярыг авилгал, завшлын хэргээр барьж саатуулснаас хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хэд хоног Энхбаяраар л “амьсгалав”    шив дээ. Хэрэг болгоод нет рүү орох болгонд “эрх нь зөрчигдсөн Энхбаярын тухай” бичмэл болон дүрстэй мэдээнүүд дүүрэн.
Социализмын үед хөдөөний нэгэн хөгшнөөс сурвалжлагч залуу “Амьдрал ахуй ямар байна даа, мал сүрэг мэнд үү?” гэж асуусан чинь  хариуд нь “Амьдрал яах вэ, цаана чинь Анжело Дэвис юу болж байна ?” гэж сөргүүлэн асуусан гэдэг шиг, хот хөдөөгийн хэсэг хөгшчүүд энэ хэдэн хоногт өглөө болгон л ” Амьдрал яах вэ, муу дарга минь амьд сэрүүн байдаг байгаа даа”  гэж шаналж байсан бололтой.  Н.Энхбаярыг  “дотор талд” өлсгөлөн зарлахад нь “хайр зарласан” хэсэг хүмүүс “гадна талд” нь давхар өлсгөлөн зарлаж, гэр бүлийнхэн нь болон нам нийлдэг
“журамт нөхөд нь” Монгол Улсын Ерөнхийлэгчээс авахуулаад УИХ, Ерөнхий сайд хүртэл шаардлага тавьж, “сүрдүүлэв” дээ.

 

Тэр ч бүү хэл НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл Монгол Улсын Ерөнхийлэгч рүү “утас цохиж” анхааруулга, сануулга өгсөн юм байх.
Албадан баривчилгааны үед “дан оймстой” давхар өргүүлэн гарсан экс Ерөнхийлэгч маань  мөрдөнд орсон хойноо “мэдүүлэг өгөхгүй ” хэмээн гүрийж,  суллахыг шаардан өлсгөлөн зарлаж, шүүхийн  тогтоолыг уншихад чихээ таглан “эрхэлж”, эцэс сүүлд нь энэ бүхнийг “давж гарлаа”. Энэ хэдэн хоногт энэ асуудалд ингэтлээ ач холбогдол өгч, талцан хуваагдан хэрэлдэж маргалдах нь хэнд хэрэгтэй байсан юм бол?  Хүмүүс маргалдаж байнаа:
-Энхбаяр Ерөнхийлэгч байсан учраас ингэж хатуу хандаж болохгүй
-Энхбаяр Ерөнхийлэгч байхдаа бусдаас илүү олон сайн зүйл хийсэн
-Энхбаяр Ерөнхийлэгч байхдаа их өрийг тэглэсэн гавьяатай хүн
-Ганцхан Энхбаяр идэж уугаа юу? Идэж уусан бусдыг нь шалгах хэрэгтэй
-Өнөөгийн олигархиудын дэргэд Энхбаярын идэж ашигласан нь юу ч биш
-Энхбаяр бусадтай адилхан шалгуулах ёстой
-Энхбаяр жирийн иргэдээс илүү эрх эдлэх ёсгүй
-Энхбаяр хуулийн өмнө буруугүй гэдгээ нотлоод, элдэв хэл ам хардлагаа цэгцлэг л дээ
Хэдийгээр хүн болгон өөр өөрийн бодол санаагаар энэ асуудалд хандаж, санаа бодлоо илэрхийлж байсан ч нэгэн цагт Ерөнхийлэгч байгаад өдгөө цагт “иргэн” болсон Энхбаяр хуулийн өмнө бидэнтэй л адилхан тэгш эрхтэй байх учиртай. Ерөнхийлэгч асанд зориулсан хуулийн “нэмэлт заалт” байдаггүй л юм бол энэ асуудлыг заавал бүхний анхааралд өртүүлэн бусдын сэтгэл зүйд  сайн муугаар нөлөөлөх хэрэг байсан гэж үү? Хуулийнхан  өөрсдийн ажлаа хийг л дээ.
Хэний эрх зөрчигдсөн гэж?
Хэрэв бид эргэн санаж байгаа бол Монгол Улсын иргэн Дамирангийн Энхбатыг Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт “сэжиглэж” Франц  Улсад амьдарч байхад нь Монголын Хууль хяналтын байгууллагууд  “зохион байгуулалттайгаар” олон улсын эрх зүйн заалтыг зөрчин байж “хулгайлан баривчилж” Монголд авчирч байсныг.Д.Энхбатыг Францаас Германаар дамжуулан Монголд “хулгайлж” авчирсан  үйлдлийг Ерөнхийлэгч асан Н.Энхбаярыг гэрээс нь оймстой нь өргөж авч авч явсан үйлдэлтэй  “жишиж” бодоод үз дээ?
Хилс хэрэгт хоригдсоныхоо төлөө Д.Энхбат шоронд өлсгөлөн зарлаж байхад нь албадан эмчилгээ хийж байсан юм билээ. Шоронд байхдаа өөрийн буруугүй гэдгээ бусдад ойлгуулах гэж захидал бичиж, шоронгоос суллагдсаныхаа дараа ТВ-д ярилцлага өгч “нэр төрөө” сэргээх гэж хичээж байхад  нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд тоосон гэж  үү? Хэдийгээр буруугүй нь нотлогдож шоронгоос суллагдсан ч хоригдож байхдаа бие нь муудсаны улмаас амь насаа алдсан. Тэгэхэд бид ингэж шуугиж “хүний эрх” гэж өмгөөлсөн бил үү?
Хилс хэрэгт зовж тарчилсан түүний төлөө ар гэрийнхэн, анд нөхдөөс нь өөр хэн шаналж, нулимсаа барсан гэж? Монголчууд бид нэг хэсэгтээ “шуугиж” байгаад чимээгэүй болцгоосон. Хэн ч өнөөдрийнх шиг Ерөнхийлэгч, УИХ, ЗГ-т хандаагүй. Түүний төлөө хэн ч өлсгөлөн зарлаагүй, өмөөрч буруутгаж маргалдаагүй. Буруу ч бай, зөв ч бай хуулийн шийдвэр болон үйлдлийг л харцгааж байсан. Бас хэн ч түүнээс уучлал гүйгаагүй.
Д.Энхбат “муу” хүн байсан байж болноо. Алдаж онож явсан байж ч болно. Харин тэр Монгол Улсын иргэн. Н.Энхбаяр “сайн” хүн байж болноо. Гавьяа байгуулж, мандан бадарч явсан байж болно. Харин тэр Монгол Улсын иргэн. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж байгаа бүх л хуулийн өмнө би ч та ч, Д.Энхбат, Н.Энхбаяр ч яг л адилхан захирагдах учиртай. Хуулийн байгууллага сайн муу яаж ч ажиллаж болно. Гэхдээ буруу муу үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан гэж хэн нэгнийг “сэжиглэж” байгаа бол шалгах үүрэгтэй.  Шалгах явцад буруутай нь нотлогдвол хуулийн дагуу зохих шийтгэлээ эдэлж, буруугүй нь нотлогдвол ” цагаатгагдан” нэр төрөө цэвэрлэж, элдэв хардлагаас салах ёстой.
Н.Энхбаярыг баривчлагдсанаас хойш “эрх нь зөрчигдсөн”, “хэлмэгдэж байгаа тухай” “өшөө авалт” гэхчилэн олон таамаг гаргалгааг олон хүн гарган нотолж байв. Монголчууд бид ямар нэгэн хуулийн шийдвэрээс өмнө өөрсдийн таамаг, сэжиглэлээ илэрхийлэн “нотолж” өрөөл бусдыг үүндээ “итгэх”-ийг  байнга шаарддан бие биенээ “дарамталдаг”  муу зуршилтай. Энэ нь даамжирсаар аугаа “хийрхэл” болон хувирч хүмүүсийн сэтгэл зүйг хямруулдаг базаахгүй араншинтай.  Энэ муу зуршил, араншин энэ хэд хоногт дээд цэгтээ хүрэв. Би бодохдоо, яг харьцуулан
харвал иргэн Н.Энхбаярын эрх зөрчигдсөн гэдэг асуудлыг иргэн Д.Энхбатын эрх зөрчигдөж амь насаараа хохирсонтой жиших аргагүй. Бид алив асуудалд арай л туйлширч хандаад байгаа мэт. Уг нь бид адилхан л монгол хүмүүс юм шүү дээ.
  Бид юу хүсээд байгаа юм бэ?
Монгол оронд ардчилал ялснаас хойш өдгөө хүртэлх их хугацаанд  Монголын улс төрийг бизнес болгон хувиргаж, “Үндсэн хууль”-иараа бүх ард түмний өмч хэмээн тунхагласан Монголын хөрсөн дээрх болон доорх баялгийг зүй бусаар “ашиглан”, хууль бусаар баяжиж байгаа олон хүмүүсийн тухай зэвүүцэн ярьцгаадаг. Хэдийгээр нотолж чадахгүй ч “хардаж”, “сэжиглэж” олон ч жишээ баримтуудыг гарган хэлэлцдэг.  “Худлаа” гэхийн аргагүйгээр хэсэг бүлэг хүмүүс “Дагдангийн эхнэр” шиг таргалан баяжиж, ихэнх олон нийт “Цэрмаа” шиг турж ядарч байгаа
болохоор хүмүүс ингэтлээ хардаж бухимдаад байгаа хэрэг.  Заримдаа хүмүүс “2,7 -хон сая хүнийг ийм их баялагтай оронд зүй зохисоор нь аятайхан аваад явж чадахгүй” байгаа арчаагүй төр засагт гомддог, бас гайхдаг.
Нэгэнт нийгмийн баялгийн хуваарилалт  тэгш бус байгаа болохоор, хуулийн өмнө бүгдээрээ  адил бус байгаа болохоор, ядаж байхад хууль бусаар баяжигсад нь байнга “тэнэглэж” нийгэмд буруу хандлага тогтоож байгаа болохоор иргэд ШУДАРГА ЁС-ыг хүсээд байгаа хэрэг.  Энэ байдлыг тэнцүүлж, хууль бусаар баяжигсдыг шалган тогтоож, хариуцлага хүлээлгэхийг л ЦАГДАА, ШҮҮХ, ПРОКУРОР, АТГ -аас байнга шаардан шүүмжилдэг.

“Мөнгөтэй хүмүүст хууль үйлчлэхгүй байна”, “Авилгал өгч ял завшиж байна”, “Хуулийнхан өөрсдөө авилгалд идэгдэж байна” гэхчилэн бид байнга бичиж шүүмжилнэ. “76 авилгалчид”, “олигархиуд”, “луйварчид” гэж байнга хараах хэрнээ юуг нотолж чадахгүй. Яг үнэндээ дотор сэтгэлдээ “Хэн нэгэн үүний төлөө баривчлагдан, өөрийгөө болон бусдыгаа илчилж, шийтгэгдээсэй” гэж хүсэцгээнэ.  Ямар нэгэн эхлэлийг л хүлээж байгаа. Бас итгэж найдаж байгаа.
Гэтэл энэ эхлэл нь Н.Энхбаяраар эхлэхэд тэгтлээ өмөөрч хийрхэх гэж. Олон хүн “Яагаад Энхбаяр гэж?” хэмээн өмөөрдөг. Өнөөгийн Монголын нийгэмд Н.Энхбаяр шиг Монголын Төрийн бүх дээд албан тушаалыг хашиж үзсэн хүн үгүй. Энэ хэрээрээ “хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” гэдэг хэллэг шиг түүнийг маш олон хардлага дагалдаж явдаг. Яг энэчлэнгээр С.Баяр, Сү.Батболд, Ц,Элбэгдорж гээд одоогийн эрх баригчдыг ч хардаж байгаа. Тэд муу зүйл хийгээгүй байж болноо. Харин шалгуулах ёстой. Шалгуулаад буруутай нь үйлээ үүрч, буруугүй нь нэр төрөө авч хүндлэгдэж явбал бидэнд хичнээн амар гээч. Харин үүнийг шалгах эрх мэдэл болон үүрэг нь АТГ болон хуулийн байгууллагуудад л бий. Гэтэл тэднийг ажиллаад эхлэхэд нь бид өөрсдөө ингэж саад болох хэрэг бий гэж үү? Авилгалтай тэмцээд шалгаад эхлэхээр нь “хэлмэгдүүллээ” гэх, хэн нэгнийг буруутгаад орхивол “хонзон саналаа” гэх, хэн нэгэнд шийтгэл ногдуулбал “захиалгаар зайлууллаа” гэх хэнд хэрэгтэй гэж. Тэд ажиллах хэрэгтэй. Гэхдээ сайн муу, захиалгат гэдэг нь дараагийн асуудал. Тэднийг ажиллах боломжийг нь олгож бид хянаж байх учиртай. Одоо бол дэлхий ертөнц нээлттэй болж , мэдээллийн боломж хязгааргүй болсон. 1937 он биш. Тэр хэлмэгдүүлэлт эргэж ирэхгүй.
“Ганцхан  Энхбаярыг оролдлоо” гэж олон хүн өмөөрч байна. Ганцхан Энхбаяр биш ээ. Үүний цаана маш олон хүн бий. Тэд өнөөдөр сэтгэлдээ айж, Энхбаярыг яахыг л харж байгаа. Хэрэв Энхбаярыг буруутай атал шийдэж чадахгүй бол тэдний сэтгэл амрах болно. Учир нь хуулийн өмнө Энхбаяр яаж авирлана вэ? тэд тэгж авирлаж чадна. Үүнийг л олон хүн сэтгэл зовон ажиглаж байна. Энхбаяр буруугүй байж болноо. Өөр хэн нэгэн илүү буруутай байж ч магадгүй. Харин түүнийгээ хуулийн өмнө л нотлох учиртай. Олон нийтийн өмнө индэр дээрээс “би буруугүй” гэж хичнээн хэлээд энэ бол нотолгоо биш.  “Би буруугүй, надад айх зүйл огт алга” гэж хэлж байгаа шигээ Энхбаяр хуулийн өмнө үүнийгээ нотлох ёстой, Хэрэв тэгж  чадахгүй бол” буруутай”  гэдэгт хүмүүс улам бүр үнэмших болно. Энэ л бидний хүсээд байгаа зүйл юм шүү дээ. Түүнээс бид заавал хэн нэгний мууг үзэх гэж хүсээд байгаа юм биш. Ядаж л сэтгэлийн мухар дахь олон хардлагаас салж байвал юутай сайн.
  Монгол Улсын  хуулийг хүндэтгэе
Улстөрчид өөрсдөө хуулийг огт хүндлэхгүй байна. Иргэн Н.Энхбаяр Монгол Улсын Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлэгч зэрэг бүх албан тушаалыг хашсан цорын ганц хүн. Тэрээр хуулийг санаачилж, боловсруулж, баталж, хэрэгжилтийг хянаж бас энэ ажлуудыг удирдаж байсан хүн. Нэгэн цэгт бүх л хуулийн эрх мэдэл түүний гарт байсан. Нэг талаас харахад түүн шиг хуулийг сайн мэдэх хүн хараахан байхгүй. Монгол Улсын хуулийг үлгэр жишээ мөрдөж, хүндэтгэж , хэрэгжүүлж байхучиртай  хүн.
Гэтэл тэрээр яагаад Монгол Улсын хуулийг үл тоомсорлоно вэ? Баривчилгааны  үед  “явахгүй” хэмээн чаргууцалдаж, шүүхийн тогтоолыг унших үед чихээ таглан “үглэж” байгааг харах дор үнэхээр гомдож цөхөрмөөр. Өмнөөс нь ичмээр.  Ядаж л хувь хүний ёс зүй гэж баймаар.  УИХ-ын гишүүн атлаа цагдаагийнхны мөнөөс салаавч гаргаж байгаа Шинэбаяр гишүүн, Энхбаярыг батлан даалтад гаргахын тулд УИХ-д асуудал оруулж, Ерөнхийлэгчид хүсэлт гаргаж байгаа МАХН-ын удирдлагууд  Монгол Улсын Хараат бус Хуулийн байгууллагыг хэрхэн үздэгээ нотолж байх мэт.

Тогтоол уншиж байгаа офицерийг “чи цол нэмүүлэхийн тулд л ийм муухай юм хийж байгаа биз дээ” гэх  үглэл нь “хэлэмгий хүн сурамгай” гэдэг хэллэгийг санагдуулж байв. Бид ийм сэтгэхүйтэй, ухамсартай хүмүүсээр Төрийг удирдуулж байна гэхэд үнэхээр харамсмаар.
Хууль бол бидний өөрийн эх орондоо амар амгалан, дарамт айдасгүй амьдарч ажиллахын баталгаа.  Бид өөрсдөө хуулийг хүндэтгэж, дор бүрнээ хэрэгжүүлж байж л энэ баталгааг бий болгоно. Хэрэв бидний эрхийг хөсөрдүүлж, бидний боломж болон баялгийг хулгайлж завшиж байгаа хүмүүст ” дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэх”  боломжийг олгох юм бол хуулийн хэрэг юун. Хууль хэрэгждэггүйгээс хэн нэгэн дур зоргоороо авирлан биднийг зодож дарамталж, айлган сүрдүүлэх юм бол бид хэрхэн амар тайван амьдарч чадах билээ. Тийм учраас л Монгол Улсын хууль бүх иргэддээ тэгш үйлчилж, буруу муу бүхнийг биднээс салгаж өгөөсэүй гэж бид хүсч байгаа. Өдгөө Монголын баялгийг бусадтай хуйвалдан завшиж, газар нутаг, тусгаар тогтнолыг минь худалдахаар завдаж, санаархаж байгаа бүх хүмүүс хэзээ нэгэн цагт хуулийн цээрлэл хүлээх л болно. Үүний төлөө монголчууд бид өөрсдөө хуулиа хүндэтгэн дээдлэе.
МОНГОЛЧУУД БИД ТЭНГЭРИЙН ДОР ТӨРЖ, ХУУЛИЙН ДОР АМЬДРАХ УЧИРТАЙ.
МОНГОЛ ТӨРИЙН СҮЛД ӨРШӨӨГ

Share Your Thoughts