ЖАРГАЛ ба ЗОВЛОН \”Амьдрал их энгийн” цуврал-1\

…Амьдрал их энгийн. Хүн болгон энэ ертөнцөд өөрийн хувь тавилангаа үүрч ирдэг. Бидний бүх зүйл өөрийн гэсэн хэм хэмжээтэй. Бодоод байх ахул бид өөрсдийн хэм хэмжээнээсээ илүү ихэд шунаж, тачаадаад ирэхээрээ л өөрсдийн жаргалаа зовлон болгон хувиргадаг юм шиг. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж бодоод л уурлаж бухимдаж эхэлнэ, өөрийн амьдралаа өрөөл бусдын амьдралтай харьцуулж харахаараа атаархаж хорсож эхэлнэ, өөрийнх нь хүсэл бодолд нийцээгүй бүх зүйлийг үзэн ядаад эхэлнэ. Алхаад бас гүйгээд  очих хоёр сайхан хөл байна,  алдлаад тэвэрч цээжиндээ нааж чадах хоёр сайхан гар байна,  аялгуут сайхан үгсийг тань сонсох хоёр чих байна, үзэсгэлэнтэй сайхан төрхийг тань хайрлан ширтэх хоёр сайхан нүд байна, үгээрээ сэтгэлийн их хайраа илчлэх ам байна, үйлдлээрээ гайхамшигтай сайхныг бүтээх сэтгэл зүрх байна, бусдаас юугаараа дутуу гэж? Сиймхий ч гэсэн гэр минь байна, сэгсгэр ч гэлээ эжий минь байна, харцаараа учирлан ухаажуулах аав минь байна, хайраараа аргамжин хамтдаа элэх хань минь байна, унаад холыг туулах хүлэг минь байна, уулзаад сэтгэлээ хуваалцах нөхөд минь байна, уужраад тайвшрах нутаг минь байна, унаж боссон ч түшээд авах эх орон минь байна, бидэнд юу дутуу гэж? Бидэнд байгаа бүх зүйл минь биднийх болохоор бидний жаргал.
Байгаа зүйлдээ сэтгэл нь ханахаа больж, байхгүй бас байж боломгүй зүйл руу шунан тачаадаж эхлэхээрээ л бид өөрсдийн жаргалаа зовлон болгож хувиргадаг. Боломжийн байртай мөртлөө заавал хэн нэгэн шиг ордонтой болох гэж шунах, боломжийн машинтай мөртлөө заавал хэн нэгэн шиг үнэтэй тансагийг унах гэж зүтгэх, боломжийн эхнэртэй мөртлөө заавал хэн нэгэн мисс шиг хүүхэн рүү тачаадах, боломжийн ажилтай мөртлөө заавал хэн нэгэн шиг дарга болох гэж мөрөөдөх, боломжийн нөхөдтэй мөртлөө заавал тэднээсээ илүүрхэх гэж барьцах , өөрөө авьяасгүй мөртлөө заавал хэн нэгэн шиг “од” болох гэж жүжиглэх, өөрөө чадахгүй мөртлөө өөрөөсөө илүү яваа хэн нэгэн шиг болох гэж тарчлах бүхэн биднийг ЗОВЛОНД унагадаг. Хүмүүс өөрсдийн хэрээс хэтэрсэн зүйл руу шунаж тэчьяадан тэмүүлэхдээ дандаа хууль бус зүйл, өөрийн мөн чанаараасаа огт өөр зүйлсийг хийж эхэлнэ. Энэ бол биеэ үнэлэх, хулгай залилан хийх, өөрийн мөн чанараа худалдах үйлдлүүд. Ямар олон залуус “өөрийн биеэ зовоохгүйгээр их мөнгө олж болно ” гэж мөрөөдөн марзан улстөрчийн цүнхийг барин далдаганаж, баян мөнгөтэй хүний сүүдэр дор дагжиж явна вэ? Бид нэг л зүйлийг, хүн болгон өөрийн хувь тавилантай, тэр нь өөрийн хэмжээтэй гэдгийг л мартаад байна. Хүн болгон саятан болохгүй, хүн болгон ерөнхийлэгч болохгүй, хүн болгон “Оскар”-ын шагналтан болохгүй тийм боломж ч үгүй.
Аз жаргалын тухай хүн болгон өөрийн төсөөлөлтэй. Олон хүмүүс маш их мөнгөтэй хүнийг хараад “жаргаж байна” гэж бодох авч, тэр их мөнгө нь түүний зовлон болон үйлээ эдэлж байгааг ойлгодоггүй. Олон хүмүүс том дарга нарыг “жаргаж байна” гэж бодох авч, тэд нь хариуцлагаа дааж чадахгүй тарчилж явааг мэддэггүй. Олон хүмүүс нэр хүндтэй “од” болсон хүмүүсийг “жаргаж байна” гэж бодох авч ердийн хүний амьдралаар ч амьдарч чадахгүй “хөөсөрч” яваа тэдний зовлонг анзаардаггүй. Хэрэв баячууд их мөнгөө “шатааж”орхивол, хэрэв улстөрчид эрх мэдэл албан тушаалаасаа “унаж” орхивол, хэрэв ямар нэгэн од хар тамхинд мансуураад “новш” болж орхивол бид тэднийг өөрсөдтэйгээ яг адилхан бодьгал гэдгийг мэдрэх болно. Тэгээд л баярласандаа түүнийг тавлан муулж, доромжлон гутаах болгондоо өөрийн сэтгэл дэх атаархал хар хорын хөөсөө залгилцгаадаг. Нүцгэн биеийг ямар гоё хувцсаар далдалж болдгийн адил, нүцгэн үнэнийг бид хоосон магтаал, зусардалтаар яаж нууж болдгийг ойлгох болно.
Яг үнэндээ бид өөрсдийн байгаа боломжоороо энгийн амьдарч байхдаа ямар их аз жаргалыг эдэлж буйгаа анзаардаггүй. Тогоон дээр чанаж буй хонины гэдэс ямарч тансаг рестораны хоолноос амттай болохыг, тоолж банкинд хийсэн цалин чинь ямар ч саятны мөнгөнөөс илүү болохыг, тооноор нь очис үсчин бүжих гэр тань ямар ч тансаг хауснаас дулаахан болохыг, тоож чамтай ханилсан бүсгүй дэлхийн миссээс ч ариухан болохыг тоглож байгаад унтсан хэдэн хүүхэд тань чиний ирээдүйн баяр баясгалан болохыг ухаарч мэдрэхдээ чи жаргалтай болдог. Бид бүгдээрээ “нүцгэн ирээд нүцгэн буцах” хорвоод юугаа булаалдаж дайн хийж бие биенээ хайр найргүй алж хядна вэ? юуны төлөө бие биенээ үзэн ядаж, гомдоон нулимсыг нь урсгана вэ? юугаа хийх гэж ийм их хөрөнгө цуглуулан хэмлэлдэнэ вэ? юу үлдэнэ гэж атаархал хорслоор бие биенээ хэмлэнэ вэ? Мөнх амьдрах юм шиг хувиа бодон арчаагүйтэхдээ, мөнх бусаар одсон хэн нэгний үлдээсэн мөрөн дээр гишгэж дурсдаг бил үү? Сэтгэлийн их амар амгалангаа атаархал хорслоор бусниулж орхичихоод нэгэн цагт харамсавч, өнгөрсөн цаг хугацааг эргүүлж болдоггүй гасланг ухаардаг бид аз жаргалыг өөрсдөөсөө холдуулж орхидог муу зуршилтай.
Энэ хорвоод хүмүүс өөр өөрсдийн тавилангаа үүрч ирдэг. Тэр нь ерөөсөө ч бусдынхтай адилгүй. Адилтгах ч боломжгүй. Яг түүн лугаа жаргал зовлонг хүн болгон өөр өөрийнхөөрөө хэмжиж ойлгодог. Бусдад зовлон мэт санагдах үйл чамд жаргал мэт санагдах нь бий. Бусдад зовлон мэт санагдах мэт үйл чамд жаргал мэт санагдах үе бий. Хэрэв чи өөртөө байгаа бүхэндээ сэтгэл тань ханаж, бий болгож чадсан бүхэндээ өөртөө талархдаг бол, сэтгэл тань ямагт амар амгалан байж, чиний тусын хариуд бусад хүмүүс чамайг хайрлан хүндэлж  байдаг бол, чи өөрийн зөв гэж бодсон үнэмшилдээ итгэлтэй байдаг бол, нүүдлийн шувууд шиг ирээд л буцдаг энэ хорвоод бусдад чи зөвхөн хайрыг үлдээж чадсан бол, нүв нүцгэн цогцсын чинь дэргэд нулимсаар усалсан цэцэгс овоорч байдаг бол чи АЗ ЖАРГАЛТАЙ ХҮН. Амьдрал гэдэг чинь их энгийн. Өөр хэн ч биш гагц чи л өөрөө ЖАРГАЛАА ЗОВЛОН БОЛГОН ХУВИРГАДАГ эс бөгөөс ЗОВЛОНГОО ЖАРГАЛ БОЛГОН ХУВИРГАДАГ.  Хэрхэн амьдрах нь таны л сонголт, өөр хэнийх ч биш.

Share Your Thoughts