ЗАЛУУ ЯВАХАД ЮМ БҮХЭН ӨНГӨЛӨГ

АНУ-ын Чикаго хотод аж төрж байгаа яруу найрагч Хулганайн Тэргэлтэй Залуу насны тухай хөөрөлдсөн тэмдэглэл
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн ч үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчлэх дурлал бас өнгөлөг өө
Харчуулын гутал тоостойгоо байхад
Хашааны жаалууд нустайгаа байхад
Дөрвөн улирал шиг дөрвөн нүд ширтэлцэн байхад
Дөнгөж л чи над руу талимааран байхад
Халтар жаалаар чи захиа өгүүлж байхад
Хагархай толины өмнө би гоёж зогсоход
Хачин хүйтэн бороо цутгаж байхад
Хаширлах сэтгэл бидэнд төрөө нь үгүй явлаа
Баян хоосныг чинь ялгаагүй байхад
Бяцxан охин шиг гэнэн байхад
Бичгийн цаас шиг чи бидэн цэв цэвэрхэн байхад
Бидэнд ирсэн хайр очир алмааз шиг өнгөлөг өө
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх мөчир өнгөлөг
Хичнээн үнгэлээ гэвч хүүхний уруул өнгөлөг
Хэрэн тэнүүчилж, хүсэн тэмүүлэх их хайр минь
өнгөлөгөөс өнгөлөг
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Г.Г.-Энэ амьдралд хүн болгон залуу насаараа гоёж явахад эргэн тойрон дахь бүх юмс өнгөлөг сайхнаар харагдаж, бүх л юмс санаанд нь багтаж бас таалагдаж байдаг.
Х.Т-Тийм ээ! Амьдрал хүнд залуу насыг бэлэглэснээр энэ хорвоод байж болох бүх л гайхамшигтай сайхан бүхнийг хамтад нь өгдөг. Харин үүнийгээ анзаарч мэдэрдэг нэгэн байхад, анзаарахгүй урсаж өнгөрүүлсэндээ хожим харамсах хүмүүс ч бий.
Мөнгөн хонхны жингэнээнтэй хаврын цэнхэр өдрүүдэд
Мөрөөдөл хүсэлдээ умбаж сэтгэлийн жаргалыг эдлэв
Ээлжит цагийн хүрд эргэн эргэхдээ надад
Энэ л хорвоогийн сайн сайхныг авчирч өгөв
Г.Г-Залуу явахдаа хүн болгон л омголон онгиргон, бас бардам сайрхуу байдаг. Юм болгоныг чадна гэж бодож, заримдаа хэн нэгнийг голж, бүх л зүйл яг л өөрийнх нь хэссэнээр байх юм шиг л санадаг.
Х.Т-Тийм үе байдаг аа. Хүний сэтгэлгээний оргил үе. Өөртөө итгэж бардамнан, хийж бүтээх гэж хүсч тэмүүлдэг үе. Бас физиологийн оргил үе нь. Зүс царай, бие бялдар, саруул ухаан хурдан сэтгэх чадвар гээд бүх л зүйл нь сайхан байдаг. Зүйрлэвээс боловсорч гүйцэн, дэндүү сайхнаар амтагдах жимс мэт, гоо үзэсгэлэн гоёмсог сайхнаараа гайхуулан, дуу алдуулах цэцэг мэт…
Тод ногоохон бугуйвч
Том хар нүд
Яралзсан цагаан шүд
Ялимгүй аалигүй төрх
Энэ бол миний хайрласан бүсгүйн зураг
Зураач түүнийг минь
Цэнхэр өнгөөр зурдаг юм
Зуун цэцэгс тойруулан
Ганц улиас тэврүүлдэг
Хааяахан тэр минь гуниглахад
Хорвоо хөмөрчихсөн мэт харанхуйлдаг
Хааяахан тэр минь инээхэд
Нар улам тод болчихсон мэт гэрэлтдэг
Миний хайрласан тэр бүсгүй уул усны садан юм

tergel1

Г.Г-Яг энэ үедээ залуус тольдох дуртай байдаг. Магадгүй бусдыг өөртөө дурлуулдагтайгаа адил, өөрөө өөртөө дурладаг байх.
Х.Т-Тэгэлгүй яахав. Хүн ер нь өөрөө өөртөө таалагдаж, бас дурлаж байх ёстой. Цаг ямагт өөрийн гадаад төрхөө харж, хэрхэн гоё сайхнаар бусдад харагдах хүсэл тэмүүллийг толь л хүнд өгдөг. Толь ер нь хүний хамгийн дотно найз нь. Цүнхэндээ толь авч явдаггүй, хоромхон олдох мөчдөө тольдож амждаггүй бүсгүй хүн бий гэж үү?
Г.Г-Толинд гадаад үзэмжээсээ гадна, дотоод сэтгэлээ харж амждаг уу?
Х.Т-Хүн өдөр болгон толины өмнө эргэлдэж байхдаа өөртэйгээ л ярилцаж байдаг. Гадаад үзэмжээ харах бүрдээ, дотоод сэтгэлдээ өөрийгөө магтаж зэмэлж, бас өөртөө гомдож, баярлаж бахархаж амжина. Баярлаж хөөрөхдөө толиныхоо өмнө бүжиглэж, гомдож уйлхадаа хүртэл толиныхоо өмнө өөрийгөө аргаддаг. Ганцаардаж гунихдаа хүртэл толины өмнө өөрөө өөртэйгээ л ярьж тайвширна.
Г.Г- Уруулын баланд согтоод, Чинийхээ хүзүүнд эрхэлсэн гэдэг үгтэй дууг сонсох бүрд, хайрлан дурласан үедээ бие биедээ эрхлэн нялхрах залуус нүдэнд харагддаг. Яг хайр дурлалдаа “шатаж” явах үедээ залуус энэ орчлонд зөвхөн хоёулаа гэдэгтээ итгэж, орчин тойрны бүх зүйлийг анзаарахаа болино.
Х.Т-Хайр дурлал гэдэг хүний амьдралын жинхэнэ амт. Юутай ч зүйрлэх аргагүй гайхамшигт цаг мөчүүд. Ялангуяа бүсгүй хүн энэ мөчид л өөрөөрөө гайхуулж, эрхлэн жаргаж чаддаг.
Чи надад дэндүү дурласан болохоор
Чин үнэндээ хүлцэнгүй боол минь болохоор
Чиний чичрэн байх уруулыг харахлаар
Шөнийн тэнгэрт саран мэт би бардамхан гэрэлтдэг
Уйтгарт зүрхэн дээр чинь гоёлын гутлаар товшиж
Уруулын тань олон үнсэлтийг гартах бээлийтэйгээ базаж
Цахилдаган цэцэг шиг өнгөөн алдах бүрийд чинь
Цангинатал инээж би одон дээгүүр дүүлдэг
Чи надад дэндүү дурласан болохоор…

Г.Г-Дурлал хүнийг уяраан, сэтгэлийг нь хөглөдөг болохоор л хүмүүс өөрийн эрхгүй шүлэг бичдэг байх. Хүний сэтгэлийн “онгод”ыг хөглөдөг болохоороо хайр сэтгэл гэдэг агуу зүйл аж.
Х.Т-Дурлаж байхдаа хүн болгон хайртай хүндээ сайхан үг хэлэхийг хүсдэг.Хэлэх гэж хүссэн сайхан үгс нь шүлэг болж сэтгэлд нь бууна. Энхрий ялдам заримдаа нялуун ч гэмээр үгс, яг л хайрлаж дурласан сэтгэлийн гүнээс гардаг болохоор хамгаас сайхан.
Хүн болгон шүлэгч болдоггүй л дээ. Үнэхээр байгалаас заяасан онгод авьяас нь цөөн хүнийг шүлэгч болгодог. Тэд бусдын сэтгэл онгодыг төлөөлдөг байх нь ч бас бий.
Харин монголчууд шиг хайрын захиагаа шүлэглэж бичдэг, хайрын тухай сайхан шүлгийг цээжилж бие биедээ уншиж өгдөг оюунлаг үндэстэн энэ ертөнцөд тийм ч олон байдаггүй байхаа. Би тэгж боддог юм.
Г.Г-Харамсалтай нь зарим тохиолдолд энэ бүхэн эсрэгээр эргэх нь олонтаа. Олон жилийн өмнө бие биедээ ухаангүй дурлаж байсан хэрнээ, өнөөдөр бие биетэйгээ ойлголцож чадахаа больж, таагүй хандах болсон тохиолдол зөндөө л байдаг.
Х.Т-Уг нь хүмүүс бие биедээ анх дурлаж байхдаа ямар байсан, яг тэр хэвээрээ байхыг хичээх хэрэгтэй юм шиг. Үргэлж гадаад гоо сайхандаа анхаарч, сэтгэлийн уянга сайхан хөг эгшгээ алдахгүй байж, дурлаж дурлуулах шалтаг нь болсон тэр гайхамшигт чанараа хадгалж үлдэж чадвал хайр сэтгэл мөнх залуугаараа байж чадах байх. Бие биедээ дурлаж тэмүүлж, хамтын амьдралаа босгосон хойноо “одоо энэ надаас холдоод хаачих вэ?” гэсэн богино бодлоор өөрийгөө зөнд нь орхиж, гайхуулж бишрүүлж байсан бүхнээ үгүй болгож орхивол хайр сэтгэл нь аяндаа л хөрч, бас холдож орхино.
Ов товхон сэвхтэй
Жаахан охины хацар дээр
Олон зам татуулан урсаж ирсэн нулимс
Огтхон ч гэмээ ухаараагүй
Хэнзхэн насны харуусал
Одоо эргэж харахуй
Тэртээ зам дээр үлджээ
Г.Г-Залуу насыг бид харвасан сумтай адилтган зүйрлэдэг. Харвасан сум шиг эрчлэн өнгөрөх тэр он жилүүд хүний сэтгэлд мөрөөдөл, дурсамж болон үлдэнэ. Харамсан харуусах, бас баярлаж бармаднахын аль нэгийг ч үлдээж одно.
Х.Т-Харин би арай өөр бодолтой байдаг. Монголчууд бид өөрсдийгөө арай эрт “хөгшрүүлээд”, энэ бодлоо бусдад тулгаад байдаг юм. 40 нас гэдэг хүний амьдралын ид нас. 50, 60 нас ч бас тийм хөгшин нас биш. Яахав гадаад төрх, нүүр царайд өөрчлөлт орж болноо. Гэхдээ хүн ямагт өөртөө арчаатай байж, сэтгэл санаагаа өөдрөг сайхан тэмүүллээр цэнэглж чадвал, үргэлж залуу сайхан харагдаж чадна шүү дээ. Хүн 40 нас хүртлээ гадаад үзэмжээрээ гэрэлтэж бусдыг бишрүүлж чаддаг бол, түүнээс дээш насандаа дотоод сэтгэлийн сайхнаараа гэрэлтэж бусдыг бишрүүлж болно. Ер нь хүн хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл дээ.
Бага залуу нас минь хаана байна
Бас л надтай нуугдаж тоглов уу
Өөртэй минь ижил шар охинд минь
Өмч болгон өгөхөөр хадгалж байна уу
миний бага насыг

tergel

Г.Г-Хүмүүс амьдралдаа олон л зорилт тавьдаг. Хүсэл боломжоосоо хамаараад зарим нь эрдэм мэдлэг, зарим нь өнгө мөнгө, зарим нь жирийн атлаа тайван амьдралыг…Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Харин  хүн болгон энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг болов уу?
Х.Т-Хүмүүс энэ амьдралын зорилго, хүсэл тэмүүллээ залуу насандаа л бий болгож амждаг. Янз янз л байдаг байх. Миний бодлоор, хүн энэ амьдралын мөчүүддээ хэн нэгний сэтгэлд оршиж, хэн нэгнийг сэтгэлдээ оршоож амьдрах л хамгаас сайхан. Хүний сэтгэлд оршиж амьдрах гэдэг амаргүй. Хүн болгон алив зүйлд худал хуурмагаар бус чин сэтгэлээсээ хандаж чаддаг байж л хүний сэтгэлд оршдог. Учир нь хүний сэтгэл зүрх хэнд ч захирагддагүй бас хэнд ч хуурагддагүй юм. Магадгүй нэг учраад, уулзаж ярилцаад л өнгөрөх богино хоромд ч хүний сэтгэлд дэндүү сайхнаар оршин үлдэж болох шүү дээ. Хүний зүрх сэтгэлээс гарч буй чин сэтгэлийн сайн хандлага л элдэв хар хор, атаа хорслыг даван үлдэж чаддаг. Тийм болохоор хүмүүс бид сайн муу алив үйлд чин сэтгэлээсээ л хандаж байх хэрэгтэй байгаа юм даа.

Г.Г- Сайхан үг байнаа. Нээрээ л бодох ахул их л олон зүйл мэдрэгдэх юм байна. Хүмүүс одоо байгаа боломж болон амьдралдаа сэтгэл хангалуун байж чадвал аз жаргалтай байж чадна. Өнөөдөр бид 2 зөвхөн залуу насны тухай л ярилцлаа. Энэ сэдвээр чин сэтгэлээсээ ярилцаж, бас чин сэтгэлийн шүлгүүдээсээ толилуулсан чамд маш их баярлалаа. Чиний цаашдын ажил амьдрал болон уран бүтээлд тань их амжилт хүсье.
Х.Т-Танд ч бас баярлалаа. Залуу нас гэдэг үнэхээр гэгээлэг сайхан, бас эрч хүчтэй гоёмсог сайхан, гуньж гутрахыг мэдэхгүй өөдрөг үе. Та нартаа аз жаргал сайн сайхан бүхнийг ерөөе.
Бүжиг эргэх залуу нас
Алдар нэр надад хэрэггүй
Алт мөнгө эрдэнэс бүр ч хэрэггүй
Атаархал хорсол бас хэрэггүй
Агшин зуурын гуниг хэрэггүй
Үзэн ядалт зэвүүрхэл хэрэггүй
Үймэрч дэнслэх уйтгар хэрэггүй
Урсган байх нулимс хэрэггүй
Уяхан залуу насанд олон юм хэрэггүй
Томдсон магтаал надад хэрэггүй
Тоодойсон зэмлэл надад хэрэггүй
Одон тэмдэг надад хэрэггүй
Онцгойрохын “өвчин” надад хэрэггүй
Туучаад л өнгөрөх сэтгэлийн давчууд
Туугдаад өнгөрөх мунхаглал хэрэггүй
Үдлээд л буцах энэхэн амьдралд
Үүрдийн гэх өмч надад хэрэггүй
Бие болоод сэтгэл минь
Бүргэдийн далиар жигүүр хийж
Би гэх өөрийгөө
Бурхадын гүнжийн сэнтийд залж
Залуу нас хэмээх нандин гоёлоо өмсөөд
Замбативийн дор амьдарч яваадаа баярланам
Бүжгэнд уриач намайг гэж
Би чамаас гуйхгүй ээ
Бүтэлгүй хайрын боол болж
Бухимдан хорсож би амьдрахгүй
Байхгүй мөнгө хаягдсан хайрын өмнө би сөгдөхгүй ээ
Бүжиг эргэх залуу насанд
Бүтэлгүй юм алийг тэр гэхэв
Алив наад хөгжмөө чангал
Анд минь чи намайг дагаад бүжиглэ
Нүднээс чинь оч цацрах болтугай
Нүүрнээс чинь үрчлээ зугатах болтугай
Бүжиг эргэх залуу нас аа
Х.Тэргэл

Share Your Thoughts