ЗАЛХМААР…

Заримдаа бүх зүйлээс залхах шиг санагдах юм. “Яагаад?”, “Яах гэж?”, “Юуны тѳлѳѳ?” гэх мэт хѳгийн асуултуудын хариуг бодож олох ч хүсэлгүйгээр нам унтмаар. Ѳглѳѳ босоод элдэв бодолд хүлэгдэлгүйгээр цонхоороо харж суниангаа, зүгээр л инээмээр. “Ухамсар”, “ёс суртахуун”, “эрх үүрэг” гэх мэт зүдэргээтэй шаналлуудаасаа салж хаашаа ч хамаагүй, зорилгогүйгээр тэнүүчилмээр. Мѳнгѳ, хэрэгцээнд хүлэгдсэн эрх чѳлѳѳгѳѳ тасдаж чѳлѳѳлмѳѳр. Тэгээд намайг шоолон мушилзах хүмүүсийн дэргэд ноорхой ч хамаагүй хүвцастай мѳртлѳѳ тэнэгдүү маанаг инээмсэглэмээр. Намайг муулж доромжилж байгаа хүмүүсийн хажуугаар хээв нэг мангар хүн шиг алхаж холдмоор.

Хааяадаа бүх зүйлээс залхах юм аа. Зүгээр л ирээд буцдаг энэ л орчлонд “Сайн хүн”, “Мундаг хүн”, “Ухаантай хүн” болж бусдад харагдах гэсэн жүжиглэлээсээ салмаар. Ѳѳрчлѳгдѳж чадахгүйгээ мэдсээр байж ѳрѳѳл бусдад таалагдахын тулд ѳѳрѳѳсѳѳ ѳѳр хүн болж харагдах гэсэн ядмагхан үйлдлээсээ холдмоор. Тэнэг мэт харагдавч ѳѳрийнхѳѳрѳѳ дуулж бужиглэн баясмаар. Хайртай байсан мѳртлѳѳ одоо хайргүй болсон залхмаар амьдралаа ѳѳрчилмѳѳр. Сайхан бүсгүйг харж нүд сэтгэлээ баясгачихаад, хажуу тийшээ болгоомжлонгуй харж хулмалзалгүйгээр сайхныг “сайхан”гэж сэтгэлдээ дуу алдан баясмаар. Ѳѳртѳѳ таалагддаг нэгнийг үзэн яддаг нэгэнтэй нь хамтдаа муулалгүйгээр “Новш юм даа чи” гэж хээв нэг хэлчихээд холдож одмоор.

Үнэндээ олон зүйлээс залхах юм аа. Нэгэн ертѳнцѳд хамтдаа амьдрах мѳртлѳѳ энэ л амьдралаа шунал, тачаалаар “гоёж”, үнэнийг худлаар “хучиж”, ѳнгийг мѳнгѳѳр “чимж”, ѳѳрийгѳѳ “баримал” болгосон хүмүүсээс зайлж дайжмаар. Зусардагсадын улин хуцах чимээнээс чихээ таглан байж холдмоор. Зѳндѳѳ сэтгэл гаргасаныхаа хариуд “хохь чинь” гэж хэлэхийг сонсоод зүгээр л нулимчихаад гараад явмаар, амандаа дуу аялмаар. Бас ѳѳрийгѳѳ үнсмээр. Хамаг ажил минь нурчихаад цѳхѳрч бачимдахын цагт “зуу татаж”, сайхан хѳгжим сонсон талимаарч, ѳѳрийгѳѳ аргадмаар. Зовлонгоо ярих хүнгүй ганцаардахын цагт ѳѳрийгѳѳ ѳѳртѳѳ магтаж, ѳѳрѳѳ ѳѳртѳѳ эрхэлмээр. Бичсэн бүхнийг минь “албатай юм шиг” уншчихаад харааж зүхэх чиний хацрыг татаж авчраад чангаар үнсэнгээ бас хазмаар. Залхахдаа энэ орчлонд зүгээр л ѳѳрийнхѳѳрѳѳ солиормоор… Үхлийн ѳѳдѳѳс ч сайхан дуу аялан инээж очмоор…

Share Your Thoughts