Зовлон шаналал гэдэг

Хүний амьдралд ээдрээтэй, шийдэхэд төвөгтэй, мухардалд оруулсан олон асуудлууд тулгардаг. Тийм үед, энэ байдлаас гарах ямар ч гарц үгүй мэт санагдаж, сэтгэл нь шаналж, “хорвоо ямар хатуу энэрэлгүй болох” тухай, “өөрт нь тулгарсан энэ зовлонгоос хүнд хэцүү нь үгүй мэт” санагдах нь бий. Энэ үедээ өөрийн сэтгэлээ захиран тайвшруулж, өөр олон зүйлтэй харьцуулан жишиж, ямар нэгэн боломжийг олг харах хэрэгтэй болдог. Эс тэгвээс, энэ мөчид гаргасан буруу шийдвэр, хийсэн буруу үйлдэл нь, эзнээ насан туршдаа харамсаж, бүр ч ихээр зовж шаналах байдалд хүргэх тохиолдол буй.

Зовлон гэдэг
-Саяхан БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдон, хоригдож буй Байгалмаа гэдэг монгол бүсгүйн тухай, түүний гэр бүлийнхэнтэйгээ уулзсан тухай интернетэд тавигдсан бичлэгийг олон хүн үзсэн.

Үнэхээр харамсалтай ч, санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хууль зөрчин, үүний улмаас эрх чөлөөгөө хасуулан “хоригдож буй” олон хүмүүс байгаа. Хүн өөрийн эрх чөлөөгүй болно гэдэг жинхэнэ зовлон.

Өөрийн дураар байж, хүссэн зүгтээ алхаж чадахгүй, ойр дотныхонтойгоо хамтад байж чадахгүй, амьдрал нь дөрвөн ханаар хязгаарлагдаж, алхах гишгэх, хэлж ярихдаа ч хүртэл бусдын хяналт дор байх ямар хэцүү гэдгийг хүн болгон төсөөлж мэдэхгүй. Тэр мөчид, гадаа нартай байлаа ч сэтгэл “жиндүүхэн”, үзэсгэлэнт гоёмсог цэцэг навчны өнгө нь хүртэл “гундуухан”, үлээж буй салхи агаар хүртэл “зэврүүхэн” санагдана. Дураар “сэлгүүцэх”  бодол санаа хүртэл өндөр тэнгэр элин халих бүргэд бус, торонд хоригдон дэрвэлзэх “болжмор”  мэт давчxан болж орхино.
Хичнээн харамсан гэмшивч, өнгөрсөн хугацааг эргүүлж үл чадна. Хичнээн ухааран хэрсүүживч, алдсан цаг мөчийг нөхөж үл барна. Хичнээн тэмүүлэн мөрөөдөвч, ирж буй цагийг наашлуулж үл чадна..
Хүн бие болоод сэтгэлийн эрх чөлөөгүй байна гэдэг үнэхээр хүнд зовлон буюу.
-“Хэлж бус хийсч ирдэг өвчин”  хүний амьдралд зовлон болон хувирдаг. Эдгэшгүй болон эмчлүүлэхэд их зардал шаардагдах өвчин, хүмүүсийн сэтгэл санаа болон эдийн засагт ихээхэн хүндээр тусна. Хүн эрүүл саруул, өвдөж зовохгүй явах үедээ мэдэрч чаддаггүй, зовлон шаналлыг өвдөж шаналж байх үедээ дэндүү ихээр мэдэрдэг.

Тэсгэл алдам өвдөлт, өөрийнхөөрөө бус өвчинд захирагдах тавилан, өөрийнх нь төлөө бүхнийг зориулан, хамтдаа шаналах ойр дотныхноо харах гэдэг ямар хэцүү байдаг гээч. Яг энэ үедээ л, амьдрал гэдэг хүсч тэмүүлмээр ямар сайхан зүйл байдгийг, хүмүүсийн шунаж тэмүүлээд байдаг өнгө мөнгө гэдэг ямархан өчүүхэн, хуурамч зүйл гэдгийг, хүмүүсийн бие биедээ өгдөг чин сэтгэлийн хайр халамж гэдэг ямар аугаа, гэгээлэг зүйл байдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч ойлгодог.
Нэгхэн хором ч өвдөхгүй эрүүл мэт байх гэдэг, нэгхэн өдөр ч амьд байж амьдралын гэрэл гэгээг мэдэрч байна гэдэг, нэгхэн хугацаанд хайрлуулж, хүндлүүлэх гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл байдгийг тэд л илүү сайнаар ойлгоно. Эрүүл хүмүүс энэ их үнэ цэнийг огоорон, өчүүхэн шунал, тачаалдаа хөтлөгдөн муу муухай зүйл үйлдэн буйг гайхан, бас үл ойлгоно. Хичнээн хэцүү шаналантай байвч, бусдын хайр халамжинд уяран “тэвчиж”, хүн болж төрсөн хувь заяандаа баярлан “хоргодож”, өөрийн үйлээ үүрэн “тэмцэж”  байх гэдэг амаргүй.
Хүн өвдөж, өвчиндөө шаналж, эдгэж чадахгүй байна гэдэг үнэхээр хүнд зовлон буюу.
-Өчигдөр хамтдаа байж, жаргал зовлонгоо хуваалцаж байсан нэгэн, өнөөдөр үгүй болон ” гэгээн алсад” одох үнэхээр хэцүү. Тэр нэгэн орон зай сэтгэлд эзгүйрч, уул нурах шиг нөмөр нөөлөг нь үгүйлэгдэж, нар хиртэх мэт гэрэл гэгээ нь үгүйлэгдэж, навч цэцэгс гундах мэт өнгө үзэсгэлэн үгүйлэгдэж дутагдана.

Амьд сэрүүн ахуйд нь олж мэдрээгүй их хайр халамжийн илчийг, сэтгэл зүрхнийх нь учирлал үглэлийг, миний л төлөө гэсэн сэтгэлийнх нь зовиур шаналлыг тэр мөчид ухаардаг. Энэ бүхний хариуд, би түүнийг хэрхэн гомдоож байснаа, үл ойшоон тэнэгтэж байснаа, төвөгшөөн хэдэрлэж байснаа санах ахул харамсмаар. Тэр л мөчүүдэд, ухаарч ойлгон баярлуулж болох байснаа, учирлан хэлсэн бүгдэд талархаж болох байснаа, өөрийг нь эргээд хайрлан халамжилж болох байснаа мэдрэх ахул халагламаар. Гэвч эргүүлж босгоод уучлал эрж үл чадна, эвлүүлж хэлээд талархаж үл чадна, эргээд өөрт нь тусалж үл чадна.
Хүн өчигдөр хамт байсан нэгнээ өнөөдөр үгүй болох хоромд, ” амьдад нь хайрлан, урам өгч” чадаагүйдээ харамсана гэдэг үнэхээр хүнд зовлон буюу.
Хүмүүс энэ амьдралд их л олон зовлон тоочдог. Мөнгөгүй ядуу байна гэдэг, өнгөгүй муухай байна гэдэг, эрх мэдэлгүй дутуу байна гэдэг, элдэв ажил хэрэг бүтэмжгүй байна гэдэг, мөрөөдөлдөө хүрч чадахгүй байна гэдэг, маргаашдаа итгэлгүй байна гэдэг, хайртай хүнээсээ хагацаж холдоно гэдэг, харь газар ганцаардаж сууна гэдэг зовлон бишээ. Энэ бүгдэд гарц заавал буй.Та ухаарч ойлгож, хичээж хөдөлмөрлөж, уйгагүй эрж хайж чадвал бүх л боломжууд танд олдоно. Учиргүй мундаг эс ч өөрийн хэрд таарсан боломжийг та заавал олж чадна.
Харин эрх чөлөөгүй байх, өвдөж эдгэхгүй байх, үхэж үгүй болохоос илүү хүнд зовлон үгүй.

Шаналал гэдэг
Ямар нэгэн зүйлд шаналсан хүн, ихэвчлэн дуугаа хурааж, ихэд санаашран бодлогоширч, заримдаа бусдад уцаарлан бухимдах нь бий. Ямар нэгэн  дүрэм журам болон нэгдсэн жор үгүйгээр хүн болгон өөр өөрийнхөөрөө шаналцгаадаг.
…Олон хүмүүс өөрийн ажил амьдралаа харьцуулан жишиж шаналдаг.
-Болдынх шинэ машин авчээ. Манайх яаж тийм машин авах вэ?
-Яаж Оюунаагийнх шиг булган дээлтэй болох билээ
-Туяа ажилдаа дэвшээд, эрх мэдэл цалин нь нэмэгдсэн гэнэ. Би ч бас яаж ийгээд дэвшиж адилхан болмоор л байна.
-Нараагийнх ойрдоо огцом баяжаад байх юм. Нууцыг нь яаж мэдэх вэ?
-Батаа гадаад явсан гэсэн. Гэртээ их мөнгө илгээгээд тэд шинэ байр авах гэж байгаа гэнэ. Яаж ийгээд хэн нэгнийгээ гадаад явуулах юм сан.
…Олон хүмүүс өөрийн байгаа байдлаараа өөртөө бус, өрөөл бусдад таалагдах гэж шаналдаг.
-Ийм хувцастай гадуур явбал хүмүүс шоолох байх даа
-Ийм байшинд амьдарч байгааг минь ажлынхан мэдвэл шоолох байх даа
-Ингээд хэлчихвэл эд нар намайг шоолох болов уу?
-Түүнтэй баян хүн шиг харагдаж, бардам ярихгүй бол доошоо орсон хэрэг болноо
-Би эдэнд ямар харагдаж байгаа бол. Онигоотой юм.

..Олон хүмүүс өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд шаналдаг.
-Өнөөдрийн хийхээр төлөвлөсөн ажлаа багтааж амжсангүй, харамсалтай
-Шал дэмий зүйлд хайран цагаа зарцуулаад их л буруу юм боллоо
-Хэрэв энэ зүйлийг заавал хийж чадахгүй бол, өөрт ашигтай боломжоо алдах нээ
-Интернетийн бүх л хөтөлбөрийг сайн сурахгүй бол миний ажил их л удаан байх болох нээ
-Бүх зүйлээ хойш тавиад ч болов энэ ажилд их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эс тэгвэл хүссэн амжилтандаа хүрч чадахгүй байж магадгүй
Ажиглаад байх ахул, хүмүүс бид өөрөө өөртөө сэтгэлийн шаналлаа бий болгодог. Хүний хүсэл мөрөөдөл нь шаналал болон хувирах цагт, түүндээ хүрэхийг хичээдэг. Харин ямар аргаар юунд хүрэх нь уг хүний мөн чанараас л хамаарах аж.
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна гэдэг
…Миний нилээд эрт бичсэн нэгэн бичлэгийн дор, нэгэн уншигч маш сайхан жишээ авч сэтгэгдэл үлдээсэн байсан. Өгүүлбээс:
-Хүн өөрийн байгаа боломжиндоо сэтгэл хангалуун байна гэдэг их чухал зүйл. Шинэ машин худалдан авахдаа хүртэл “энэ муу ямбийг сольё”  гэхийн оронд, ” энэ машин маань их л хэрэг боллоо. Одоо амрааж шинэчлэхээс дээ ”  гэж бодоход л сэтгэл хичнээн сайхан болдог гээч.

Яг ийм санааг маш олон хүн бичдэг. Өнөө ч олон хүмүүс боломжоороо ажиллаад олж буй мөнгөндөө сэтгэл ханалгүй, улам ихийг олохын тулд өөрөөсөө ч харамлаж, бусдаас завшиж, өрөөл бусдад атаархаж хорсдог. Энэ бол өөртөө учруулах зовлонгийн нэгэн үүд. Өнөөдөр олж буй мөнгөндөө хэрэгцээгээ тааруулан, амьдралдаа хүргэж, түүндээ сэтгэл хангалуун байх нь, алив зүйлд өөдрөг сэтгэлээр хандаж байх нь, өөрийгөө зовоож шаналгахгүйгээр амьдрах нэгэн боломж.
…Нилээд эрт интернет хуудас дээр тавигдсан байсан ” Нууц”  нэртэй нэвтрүүлэгт дурдсан болон, саяхан яруу найрагч Х.Тэргэлийн  “Ярилцья”  нэвтрүүлэгт оролцохдоо ярьж байсан зүйлүүд адил утгатай байлаа. Тэд өгүүлэхдээ: Хүн өглөө босох бүрдээ ” амьдрал аа! би чамд ямар их талархаж байна гээч. Өнөөдөр ч бас намайг олон сайхан зүйл хүлээж байгаа”  гэж өөртөө хэлж байх нь ямагт баяр баясгалантай, өөдрөг сайхан сэтгэлтэй байхын эхлэл. Өглөө бүр өөрийгөө толинд харахдаа  ”  ийм сайхан гоо үзэсгэлэн, бие бялдар, саруул ухаантай болгон төрүүлж өсгөсөн ээж, аавдаа маш их баярлалаа ”  гэж хэлж байх нь өөртөө итгэлтэй, омог бардам болж, бусдад талархах сэтгэлээр өөрийгөө дүүргэдэг.
Магадгүй ямар нэгэн таагүй зүйлтэй учрахдаа хүртэл, ” зүгээр дээ, маргааш гэхэд л бүх зүйл дахиад л илүү сайхан болноо”  гэж өөртөө хэлж, тайвшруулж сурвал… Өөртөө итгэж, өөрийгөө урамшуулж, хааяадаа онгироож байхын муу гэж үгүй.

…Мөн интернет хуудас дээр тавигдсан “Нууц”  нэртэй нэвтрүүлэгт оролцохдоо, яруу найрагч Р.Эмүжиний ярьсан нэгэн жишээ бий.
-Бид алив зүйлд уурлахаараа өөрсдийгөө зовоодог. Машин барьж яваад замын түгжрэлд орон саатах мөчид уурлаж хараагаад, бууж гүйгээд, эсвэл дохиогоо чангаар орилуулаад ямар ч нэмэр үгүй. Ингэснээрээ бид юуг ч өөрчилж чадахгүй. Нэгэнт машинаасаа буугаад явган гүйгээд очиж амжихгүйгээс хойш, өөрөө тайван байж, ажил руугаа эсвэл уулзахаар болзсон хүндээ утасдан, учир байдлаа ойлгуулан уучлал хүсч, ажил төрлөө зохицуулахаас өөр сайн арга үгүй.
Бид өөрсдийн бодож санаж байгаа олон зүйлээ биелүүлж, хэрэгжүүлж чадахгүй болсон үедээ маш ихээр бухимдаж, буруутны шалтгийг ямар нэгэн зүйл болон хэн нэгнээс хайж, орилж хашгиран, заримдаа хэрүүл зодоонд ч хүргэх нь бий. Ингэлээ гээд бид юуг ч өөрчилж чадахгүйгээр барахгүй өөрийгөө зовоож, бусдын өмнө эвгүй байдалд орох төдийгүй, зүрх сэтгэлээ өвтгөн зовооно. Ийм үед өөрөөс тань өөр хэн ч юу ч зовохгүй.

…Өдгөө монголчууд бид, бүгдээрээ л их мөнгө олж амьдралаа сайжруулахыг хүсч байгаа.  Монголдоо эсвэл гадаадад өөрсдийгөө “золигт ”  гарган ажиллацгааж, хурааж хуримтлуулсан мөнгөө хурдан түргэнээр арвижиж, хүссэн зүйлээ худалдан авахыг мөрөөддөг. Заримдаа казинод тоглон их мөнгө хожих, сугалаанд аз таарч их мөнгө хожин ” гэнэт баяжих” мөрөөдөлд умбана. Тоолж тооцох бүрд мөнөөх мөнгө нь хүссэн хэмжээнд хүрч арвижиж өгөхгүй сэтгэл ” шаналган” , яарч догдлуулна. Миний нэгэн танил энэ тухай надад:
-Алив зүйл болох цаг хугацаандаа л болдог. Чи хичнээн яарч адгаад ч, байдлыг өөрчилж чадахгүй. Чи их мөнгөтэй болж амьдрал тань дээшлэн сайжрах учиртай л бол тэр хугацаандаа л тийм болно. Харин тийм тавилангүй бол чи хичнээн хичээгээд ч нэмэргүй хэлж билээ.
Нээрээ л бодох ахул, бидний амьдралд алив зүйл болох цаг хугацаандаа л болдог мэт. Бид хичнээн яарч адгаад тэр цаг хугацааг наашлуулж, эсвэл өөрчилж үл чадна.  Харин уйгагүй зүтгэл, их тэвчээр, зорилгодоо үнэнч байх сэтгэл л их хэрэг болно доо.

…Өнөөгийн байгаа амьдралдаа сэтгэл дундуур байдаг хүмүүс зөндөө л бий. Зарим нь үүндээ гутарч архи ууна, бусдад агсамнан гоморхоно. Итгэл найдвар нь нэгэн цагт ханан хад мөргөх мэт “бутрах” үед, бүр илүү муу зүйлийг хүсч, буруу шийдвэр гарах нь бий. Гэнэт амиа егүүтгэх нь, амьд байхаас амар гэж үү? Үргэлж согтуу байж бусдад ад болох нь, эрүүл байж ямар нэгэн арга зам олохоос амар гэж үү? Юу ч хийхгүй, юу ч хүсэхгүй, юунд ч тэмүүлэхгүй “үхдэл” мэт амьдрах нь, зориг гаргаад жаахан ч гэсэн сайн үйл хийхээс амар гэж үү?
Амьдралд тань ямар нэгэн таагүй зүйл тохиолдох мөчид гуньж гутралгүйгээр, ” байдал үүнээс ч муу байж болох л байсан шүү дээ”  хэмээн өөртөө хэлж, өөрийгөө тайвшруулж байх нь энэ байдлаас гарах гарцыг олоход тань танд тусалдаг. Үүнээс муу байж болох тохиолдлоос өнөөдөр арай илүү байгаа нь, маргааш бүр ч илүү сайхан болох итгэлийг танд өгнө. Яагаад гэвэл, амьдрал дандаа л урагшаа явж байдаг төдийгүй, өнөө шөнийн дараа маргааш заавал нар гарч бүхнийг гэрэлтүүлдэгтэй агаар адил.

Шведэд ажиллахаар очсон нэгэн залуу надад хандаж захидал бичсэн байсан.
Хүний газар ажил, амьдралаа сайжруулахаар, бас өөрийгөө хөгжүүлэхээр очиж байгаа олон залууст ийм асуудал тулгардаг. Ажил олдохгүй удаан байх, мөнгө олдохгүй хоосон байх, орхиод ирсэн хэн нэгнийгээ санаж бэтгэрэх бүхэн тийм ч аймаар бас хэцүү зовлон шаналал бишээ. Та хэдийгээр заримдаа мухардаж, бүх зүйл дааж давшгүй хэцүү мэт санагдаж байвч, эрүүл ухаанаар сэтгэж, өөрийгөө зоригжуулж, ихэд хичээвэл заавал гарц олдоно. Учир нь зөвхөн бид ч биш, энэ хүн төрөлхтөн бүгд л ийм замыг туулцгаадаг. Амьдрал өөрөө тэмцэл, бас шалгуур юм шүү дээ.
Өнөөгийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна гэдэг нэг алхам. Харин та бие болоод сэтгэлийн эрх чөлөөтэй, өвчингүй эрүүл саруул,  гол нь амьд байгаа гэдэг хамгийн том боломж. Монголчууд бид дор бүрнээ өөдрөг бодол санаатай байж, бие биенээ тусалж дэмжин, амьдралын төлөө чин сэтгэлээсээ шударгаар зүтгэвэл заавал хөгжиж, амжилтад хүрнэ.
” Эзэн хичээвэл заяа хичээнэ ”  гэдэг дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-04-05

Share Your Thoughts