ЗОРИЛГОДОО ХҮРЭХ ТЭМЦЭЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 2

…Батшүр бид 2 болзсон цагтаа уулзаад метрогоор Вашингтон ДС-ийн төвд байх Gallaudet University руу явсан юм. Эртний хийцийн улаан тоосгон барилгуудтай энэ сургуулийн цогцолбор 19-р зуунд байгуулагджээ. Тhomas Hopkins Gallaudet гэдэг хүн 14 настайдаа Yale-ийн Их Сургуульд элссэн, их ч хичээнгүй өндөр боловсролтой, нэр хүндтэй нэгэн байсан аж. Сургуулиа төгсөөд сүмийн Reverend хийж байхдаа 9 настай Аhce Codswell гэдэг хэлгүй, сонсголгүй охинтой тааралджээ.
Тэр охинд боловсрол олгох боломжийн талаар сонирхож, Европ руу явж хэлгүй, сонсголгүй хүмүүсийн боловсрол болон дохионы хэлний талаар мэдэж ирээд Америкт анхны ийм сургуулийг Connecticut мужид байгуулсан гэдэг. Хожим нь энэ сургуулийг 1865 онд байгуулаад 1893 онд Gallaudet-ын нэрэмжит болгожээ.
Дэлхийд цорын ганц энэ цогцолборт хэлгүй сонсголгүй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг, дунд сургууль, их сургууль, театр, спорт цогцолбор гээд бүх л зүйл бий.
Сургуулийн цогцолбор дотор явж байхад тодорхой нэгэн хэсэг нь хэн нэгний “нэрэмжит” гэсэн хаягтай байсан нь, тухайн байгууламжийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэр гэнэ. Жишээ нь: Laurent Clerc Center гэхэд л Laurent гэдэг хүн, сонсголгүй хүүхдүүдийг амнаас хайрцагнаас уншиж, яриулж сургах гэж хүчээр оролдох нь хэт харгис оролдлого гэдгийг анхлан гаргаж тавьсан төдийгүй дохионы хэлийг хэлгүй хүүхдүүдийн 1-р хэл гэж хүлээн зөвшөөрүүлж чадсан учраас түүнийг мөнхжүүлсэн гэнэ.
Нилээд цэлгэр том танхимд Намираа бид гурав уулзаж, удтал ярилцав. Батшүр маань дохионы хэлээр “хэлмэрчилж”, Намираагийн хичээж ярьсаныг би буулгав.
Хоёр. Цөхөрлөөс тэмүүлэл рүү

Г.Г-Хэдийгээр харамсалтай ч хэлгүй, сонсголгүй болсон тухайгаа ярьж болох уу?
Б.Н- Би эрүүл саруул төрж өссөн л дөө. 12 настайдаа менингет өвчин тусч, өвчин нилээд хүндэрсэн. Их л олон янзаар эмчилгээ хийлгэж байсаар эцэст нь нэг л сонголт дээр очлоо. Судсанд хийдэг энэ тариа сонсголд шууд нөлөөлж сонсголгүй болгодог. Намайг ухаангүй байх тэр үед аав ээж минь ийм сонголтыг хийсэн. Мэдээж тэд хүүхдээ алдаж байхаар, сонсохгүй ч гэсэн амьд авч үлдэхийг л хүссэн байх.  Харамсалтай нь тэр үед монголд олон ч хүүхэд энэ өвчний улмаас ийм сонголт хийж байсан. Харин би хэлтэйгээ үлдсэн. Хэлтэйгээ үлдсэн ч олон жил огт сонсголгүй байсны улмаас аяндаа л хэл яриа өөрчлөгдөж, муудаж эхэлсэн. Одоо ч миний ярихыг хүмүүс сайн ойлгодоггүй. Зарим нь “чи монгол хэл сурч байгаа гадаад хүн үү?” гэж хүртэл асуудаг юм.

Г.Г-Хэцүү хэрнээ амаргүй сонголт. Гэхдээ хүн амьд үлдэнэ гэдэг бас л их боломж.
Б.Н-Анхандаа их хэцүү байсан. Жаахан хүүхэд байсан болохоор “энэ ертөнц дээр би л цор ганцаараа хэлгүй, сонсголгүй болсон” мэт санагдаж байлаа. Эрүүл байсан хүүхэд ийм хувь заяатай эвлэрэхэд хэцүү. Бүх л зүйл “өнгөрсөн”, би хэнд ч хэрэггүй болж хувирсан мэт бодогдоно. Ийм байдалтай болмогцоо шууд л сургуулиа орхисон. Сонсохгүй, ярьж чадахгүй байгаадаа бусдаас ичнэ, бас гутарна.
Аав ээж минь намайг өрөвдөвч яаж ч чадахгүй. “Миний охин гэртээ л байж бай, аав ээж хоёр нь насаар нь чамайг тэжээж чадна” гэх. Миний сэтгэл зүрхэнд “яагаад би бусадтай адил байж чадахгүй гэж?”, ” яагаад би бусдаар тэжээлгээд зүгээр сууж байх ёстой гэж?” гэсэн бодлууд салахгүй байлаа.

Г.Г- Хүн өөрт тохиолдсон хувь заяаны хүнд нөхцөлтэй эвлэрэхгүй байх гэдэг л тэмцлийн эхлэл болдог. “Яагаад?” гэдэг олон олон хариу нэхсэн бодлууд олон гарцыг хайх хүсэл рүү хөтөлдөг.
Б.Н-Яг сонсголгүй болсны дараа ертөнц тэр чигээрээ л хөмөрчихсөн юм шиг л санагдаж, ирээдүйгээ таг харанхуйгаар л төсөөлж байлаа. 2 жилийн турш эмнэлгээр явахдаа “буцаад сонсдог болчих болов уу?” гэж л найдаж байсан. Гэвч найдвар тасарч, “хэзээ ч буцаж сонсголтой болохгүй” гэдгийг хэлсэн эмч, надад 29-р тусгай сургуулийн тухай ярьж, зааж зөвлөсөн.
29-р сургуульд анх ороод л надаас гадна маш олон хэлгүй сонсголгүй хүүхдүүд байдгийг, мөн тэд өөрсдийн дохионы хэлтэй болохыг мэдсэн. Би 29-р сургуульд орж суралцсандаа, монгол дохионы хэл сурч, олон сайхан найз нөхөдтэй болсондоо маш их баяртай явдаг.

Г.Г-Монголдоо цорын ганц байдаг хэлгүй, сонсголгүй хүүхдүүдэд зориулсан тусгай сургалттай 29-р сургууль дээр би очиж үзэж байсан. Их л боломжийн байртай, багш нар нь нэмэгдэл цалин авдаг, сургалтын тусгай хөтөлбрөөр хичээллэдэг гэдгийг мэднэ.
Б.Н-Яг үнэндээ тэнд суралцсан 2,6 жил надад амаргүй байсан. Сурах хүсэлтэй очсон надад тэд яг л оюуны хомсдолтой хүүхэд шиг л хандаж байлаа. Бид сонсохгүй, ярьж чадахгүй байгаа ч оюун санаа нь эв эрүүл. Гэтэл сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй нь эрүүл хүүхдийнхээс огт өөр.
29-р сургуульд очоод нэг юм болохгүй байгааг би шууд л ойлгосон. Ингээд сургуулийн захиралдаа өргөдөл бичиж, сургалтын чанараа сайжруулах шаардлага тавьсан. Тэр үед үнэндээ сургалтын чанар, багш нарын ёс зүй, хариуцлага гэж байгаагүй. Дөнгөж 16 настай жаахан охин тухайн үед багш нараасаа “хичээлээ заасан шиг заагаач, сурагчдад мэдэх ёстой зүйлийг нь мэдүүлээд өгөөч” гэж л шаардсан хэрэг.

Харамсалтай нь хэн ч намайг ойлгож, дэмжээгүй. Тэр ч байтугай багш нарын хурлаар оруулж, бүх багш нарын өмнө зогсоож байгаад л “чи бол хамгийн муу сурагч, ёс зүйгүй, ухаангүй тэнэг, юм ойлгодоггүй” гэх мэтээр загнахад, би гомдсондоо асгартлаа уйлж байлаа. Ийнхүү хурлаар оруулж загначихаад сэтгэл нь ханалгүй, хэдийгээр би онц сурдаг, шинэ жилээр бэлэг авах нь тодорхой байсан боловч, “сахилга батаар муу сурагчид бэлэг өгөхгүй” гэж хэлээд өөр хүүхдэд тэр бэлгийг өгч байсан. Энэ бол хүнийг дарамтлах, үг дуугүй, номхон хүлцэнгүй байлгах коммунист арга гэдгийг ойлгосон.
Тэр сургуулийг орхиж гарахдаа өөртөө “би заавал буцаж ирнээ, энэ сургуулийг өөрчилнө, хэлгүй сонсголгүй хүүхдүүд юу хийж чаддагийг харуулна” гэж амалсан. Амьдралынхаа зорилгыг ингэж л өөртөө тавьсан .Гэхдээ энэ бол өшөө хорсол бишээ. 16 хан настай жаахан охин өс хонзон, атаархал хорсол гэж мэдэхгүй шүү дээ.
Энэ бол миний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил минь л байсан.

222

 

 

 

 

 

 

 

 

Нэг. Намтрын товчоон:
Балжиннямын Намираа

-1980 онд Улаанбаатар хотод төрсөн
-1988 онд нийслэлийн 43-р сургуульд элсэж, дунд нь 29-р тусгай сургуульд суралцаж байсан
-1998 онд Нийслэлийн 2-р сургуулийг төгссөн
-2001-2005 онд МУЙС-ийг хэл шинжлэлийн бакалавр зэргээр
-2005-2007 онд МУБИС-ийг боловсрол судлалын магистр зэргээр төгсчээ
-2009 оноос АНУ-ын Gallaudet University-д мастерт суралцаж буй

 

Гурав. Сурах их хүсэл

Г.Г-Гэхдээ мэдээж сурах их хүслээ орхиогүй.
Б.Н-29-р сургуулиас гараад л би өөрийн зорилгоо тодорхойлсон. Эхлээд юу хийх вэ? дараа нь юу хийх вэ? гэхчилэн нэгбүрчлэн бичээд ханандаа хадчихна. 29-р сургуульд багшлахын тулд багшийн мэргэжил эзэмших хэрэгтэй, их сургуульд орохын тулд 10-р анги төгссөн байх хэрэгтэй.
10 жилийн 2-р сургуулийн дэргэдэх “Ажилчин залуусын оройн сургуульд” орохоор очиход Рэнжин захирал нилээд цааргалж, “өмнө нь нэг хэлгүй хүүхэд оруулсан чинь сурч чадаагүй гарсан, харин чи сурч чадахгүй бол шууд гарна шүү” гэж анхааруулсан л даа. Гэхдээ би сурч чадсанаар барахгүй сургууль төгсөх монгол хэлний улсын шалгалтад ганцаараа “онц” дүн авч байлаа.

Г.Г-МУИС-д элсэхэд чамд хэцүү байсан уу?
Б.Н-Хэцүү байгаагүй. Би ном маш их уншдаг байсан. Бараг л “номын цагаан солио тусчих вий” гэж аав ээжийнхээ санааг зовоох хүртлээ л уншдаг байсан. МУИС-д бүртгүүлэхдээ хэлгүй, сонсголгүй гэдгээ мэдэгдэхгүй байхыг хичээж байсан. Гэхдээ тэд мэдээд “чи ярьж, сонсож чадахгүй байж яаж сурах юм бэ?” гэж гайхаж дургүйцэж байсан ч би бүртгүүлж чадсан.
Монгол хэл, монгол бичгийн шалгалтаа маш сайн өгсөн. Харин гадаад хэлний шалгалтаа англиар бэлтгэж байсан ч сонсохгүйгээсээ болоод орос хэлний шалгалт өгөх ангид ороод унаж орхисон. Гэсэн хэдий ч миний үндсэн оноо өндөр байсан болохоор МУИС-д тэнцэж, хэл шинжлэлээр суралцсан л даа. Бас түвд хэл судалдаг байлаа.

Г.Г-Ер нь сургуульд сурч байхад чинь хэлгүй, сонсголгүй гэдгээр чинь ямар нэгэн хөнгөлөлт ч юм уу, эсвэл зөөлөн хандлага байсан уу?
Б.Н-Ер нь 2-р сургуульд ч МУИС-д ч би сонсохгүйгээрээ хэзээ ч түрий барьж байгаагүй ээ. Бүх л зүйл дээр ном журмаар нь, бусад сонсдог хүмүүстэй яг л адил хичээллэж суралцахыг хичээдэг байсан. Багш нар ч хэзээ ч намайг сонсголгүй гэж онцгойлон авч үзэж байгаагүй. Зарим багш нар “чи бусадтай адил сурвал сур, эс чадвал гар”  гэж хатуурхаж ч байсан. Энэ нь надад илүү их уншиж, шаргуу хичээллэх эрч хүч, урам зориг өгдөг байсан байх.
Гэхдээ зайлшгүй тохиолдолд зарим дэмжлэг авна л даа. Жишээ нь: жилийн эцсийн шалгалт дээр тодорхой хичээлээр аман шалгалт өгөх болоход, би сайн ярьж чадахгүйн улмаас ярих зүйлээ цаасан дээр бичээд, деканы нарийн бичиг хүүхнээр уншуулна. Мэдээж бичих нь ярихаас их цаг зарцуулдаг болохоор ийм тохиолдолд надад нэмэлт цаг гаргаж өгөх гэхчилэн.

Г.Г-МУИС-д суралцах амаргүй шүү дээ. Чамд бүр ч хэцүү байсан байх.
Б.Н-Гайгүй ээ, би аргаа олсон л доо. Бараг бүх профессор багш нар лекцийнхээ хуулбарыг надад өгөхөөс татгалздаг байсан. Оронд нь лекцдээ ашигласан номынхоо жагсаалтыг өгнө. Тэгэхээр би маш их унших хэрэгтэй болдог. Ангийнхнаасаа лекцийн тэмдэглэлийг нь гуйж хуулж авна. Энэ нь тэр олон зузаан зузаан номнуудаас чухал ба чухал бус зүйлийг нь ялгаж авахад их хэрэг болдог байсан.

Г.Г-Хамт суралцдаг оюутнуудын зүгээс сөрөг хандлага, шоолох ч юм уу, эсвэл эвгүй байдалд оруулах тохиолдол байсан уу?
Б.Н-Үгүй ээ! Надтай хамт суралцаж байсан оюутнууд надад маш сайнаар ханддаг байсан. Тэд надаар их бахархана. Тэр үед МУИС-ийг “онц” дүнтэй төгссөн 2 оюутны нэг нь би юм шүү дээ.

Г.Г-МУИС-ээ төгсөөд ажилласан уу?
Б.Н- МУИС-ийг төгсөхөд надад Төв Номын санд нэг төсөл дээр ажиллах санал ирсэн. Гэхдээ миний зорилго номын сан биш, 29-р сургууль байсан л даа. Тийм болохоор эхлээд 29-р сургуульд багшаар ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн.
Тэд зөвшөөрөөгүй. Ингээд би Номын санд ACIP / Asian Classic Input Priject/ төсөл дээр Gallaudet-д ирэх хүртлээ ажилласан.  Энэ завсраа МУБИС-д боловсрол судлалаар магистрт суралцсан. Тэгж суралцах надад хэрэгтэй байлаа. 2 жил суралцаад бас л “онц” дүнтэй төгссөн.

Дөрөв. Gallaudet University

Г.Г-Gallaudet University-д яаж элссэн хэрэг вэ?
Б.Н-10 жилийн өмнө сониноос энэ сургуулийн тухай уншиж мэдсэн. Энэ сургууль дэлхийд цорын ганц байдаг хэлгүй, сонсголгүй иргэдэд зориулсан Их Сургууль. Энэ тухай судалж мэдээд энд суралцахыг хүсч их ч хөөцөлдсөн. Хандаж хүсэлт тавиагүй хүн, байгууллага бараг байхгүй дээ. Нийгмийн халамжийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУЯ гээд бүгдэд л хандсан. Харамсалтай нь тэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй, бас ямар ч дэмжлэг үзүүлээгүй.
Би сургуулиа төгсөөд, хэлгүй сонсголгүй иргэдийн боловсролд зориулсан ТТБ байгуулан ажилласан. Тэгээд ТББ-ынхаа шугамаар энэ сургуульд захидал бичиж, төсөл бичиж эхэлсэн.

Г.Г-Тэд харилцаа тогтоосон хэрэг үү?
Б.Н-Сургуультай холбоо тогтоогоод тэтгэлэгт хамрагдах материалаа бүрдүүлж эхэлсэн. Хэрэв тэтгэлэгт хамрагдахгүй бол энэ сургуулийн төлбөр болон зардлыг би төлж дийлэхгүй. Зөвхөн нэг семистрт л 12000$ төлнө гээд бод доо. Өөрийнхөө тухай, хүсэл зорилгынхоо тухай маш сайнаар ойлгуулах учиртай.
“World Deaf Leadership” нэртэй энэ тэтгэлгээр энэ сургууль жилд нэг л хүнийг маш өндөр шалгуураар шалгаж байж авдаг юм. 2008 онд би энэ тэтгэлэгт тэнцсэн. Энэ нь сургалтын 100% тэтгэлэг. ЭМД байр хоол, дээр нь цалин өгнө.

Г.Г-Тийм үү, мундаг байна шүү.
Б.Н-2008 онд тэнцэж тэтгэлэгт хамрагдсан хэрнээ, суралцахаар 2009 онд ирсэн. Надад нааш явах зардлаа олох , суралцах бэлтгэлээ хангах, бас бус олон асуудлууд байсан л даа. 2009 онд ирээд ИС-д суралцах байсан боловч би шууд мастерт суралцахаар зориглосон. Надад цаг алдах хүсэл байгаагүй. Мастерт суралцахад миний англи хэлний мэдлэг,  шаардлагад хүрэхгүй байлаа. Тэгээд сургуульдаа хандаж нэг жил хэлний бэлтгэлд суралцах хүсэлт тавьсан.
Хэрэв ИС-д суралцахгүй хэлний бэлтгэлд суралцах бол миний тэтгэлэг цуцлагдах эрсдэл байв. Тэтгэлэгээ авч үлдэхийн тулд их ч учирлаж гуйсан. Эцэст нь тэд миний хүсэл сонирхлыг хүндэтгэж зөвшөөрсөн. Энэ бол надад том боломж байлаа.

Г.Г-1 жилийн дотор мастерт суралцахаар хэлний бэлтгэлд суралцана гэдэг их ч зориг, их ч эрсдэл байсан байх.
Б.Н-Би энэ нэг жил их ч гүрийсэн. Найз нөхөдтэйгээ ч уулзахгүй, гадуур ч гарахгүй, зөвхөн л хичээллэсэн. Энэ бол надад олдож буй том боломж байсан болохоор ингэхээс ч өөр арга байгаагүй.  Жилийн дараа мастерт суралцахаар орж ирэхэд олон ч хүн гайхсан. “Чи чинь ИС-д суралцахаар ирээ биз дээ?” гэж хэлэх ч хүн байсан. Надтай хамт амьдардаг америк бүсгүй ” чи яг л робот шиг ажиллах юм” гэж гайхаж байсан. Одоо ч сайн хичээж байгаа.

333

 


Тав.
Зорилгодоо хүрэх тэмүүлэл

Г.Г-Чамайг ийм дайчин шаргуу, өөдрөг тэмүүлэлтэй болохоор зөвхөн л суралцаад байгаа гэж бодохгүй байна.
Б.Н-Идэвхтэй байлгүй яах вэ? Өнгөрсөн жил Гонконгд болсон Ази тивийн хэлгүй сонсголгүй иргэдийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Бас Япон явж ирсэн. Учир нь миний хамрагдсан тэтгэлгийн төв нь тэнд байдаг юм.
Өнгөрсөн зун баг бүрдүүлж Монголдоо очиж 3 сар ажиллаж амарсан. 1 сар нь 29-р сургуульдаа дадлага хийн багшилж, 1 сар нь хөдөөгүүр явж судалгаа хийж, 1 сар нь амарсан. Надтай хамт манай сургуулийн салбрын захирал Dr. Joseph Innes хамт явж ажилласан.

Г.Г-29-р сургуулиараа очиход тэд ямархуу хүлээж авав?
Б.Н-Тэд сайхан хүлээж авсан. “Чамайг ийм мундаг сайн явж байгаад бахархаж байна” гэж хэлж байсан. 1 сар багшлах дадлага хийсэн л дээ. Сайхан байсан.
Харамсалтай нь сургууль маань миний суралцаж байсан үеийнхээс нэг их өөрчлөгдөөгүй байлаа. Захирал нь мэргэжлийн бус, ямар ч дохио зангааны хэл мэдэхгүй. Багш нар маань 20 жилийн өмнө л ярьж байсан зүйлээ ярьсан хэвээр. Сургалтын хөтөлбөр нь огт өөрчөгдөөгүй. Ийм хүүхдүүд наад зах нь ярианы бичгийн хэл заавал сурах ёстой. Гэтэл 29-р сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань бичгийн хэл их муутай байна.
Өөрчлөх зүйл их байнаа. Ялангуяа багш нарыг чадваржуулах, мэргэшүүлэх, хариуцлагатай болгож сургах гээд. Бас сургалтын хөтөлбөр агуулгыг ч өөрчлөх цаг болжээ.

Г.Г-Хийсэн судалгааныхаа талаар?
Б.Н- Хөдөөгүүр явж судалгаа хийсэн. Монголд хэлгүй, сонсголгүй 9000 орчим хүн бий гэдэг тооцоо байдаг. Үүний 20% нь хүүхэд гээд бодохоор бараг 2000 орчим ийм хүүхэд байна гэсэн үг. Гэтэл ийм хүүхдүүд ямар ч боловсролгүй, бичиг үсэггүй байна. Бүх хүмүүс тэдэнд яг л оюуны хомсдолтой хүүхэд шиг хандаж байна. Гэтэл тэд тийм биш шүү дээ. Хэрэв байнга л тэдэнд ингэж хандаад байх юм бол тэдний сэтгэхгүй хүртэл үүнийг зөвшөөрч, энэ байдалдаа дасах болно. Дэлхийн жишигт 2000-3000 ийм хүн тутамд нэг сургууль байх ёстой гэж үздэг. Ингээд бодоход  Монголд багаар бодоход 3 сургууль  байх хэрэгтэй.
Тэр ч байтугай Монголд хэрэгжиж байгаа хуулиндаа “хэлгүй сонсголгүй хүүхдийг аав ээж нь насан туршид нь тэжээх ёстой” гэсэн агуулгатай заалт бий. Энэ чинь аав ээжийг нь шийтгэж байгаа хэрэг биш гэж үү? Тэгээд ч тийм хүүхдийг зүгээр л тэжээлгээд сууж бай гэсэн үг үү? Бодох зүйл их байнаа.

Г.Г-Энэ ч арай хэцүү сонсогдож байна шүү. АНУ-д бол мэдээж өөр байгаа байх.
Б.Н-АНУ-д энэ талаар маш олон төрлийн тэтгэлэг байдаг. Тэр болгон нь ийм хүмүүсийн өөрийгөө хөгжүүлэх боломж, сайн сайхан ирээдүйнх нь төлөө байдаг. Түүний нэг нь энэ сургууль.
Ийм боломжийн ачаар одоо АНУ-д хэлгүй сонсголгүй мөртлөө амжилт бүтээл гаргаж яваа олон олон доктор, профессорууд байгаа. Тэд ихийг бүтээж, өндөр хариуцлагатай алба хашиж байна. АНУ-д ийм хүмүүс хэрэв өөрөө хичээх юм бол эрүүл саруул хүнээс дутахгүй явах боломж нь байна.
Монголд ийм хүмүүсийн эрх нь их зөрчигддөг. Тэд ямар нэгэн эмнэлэгт очих, хэн нэгэнтэй уулзах болоход заавал хүн дагуулж явж “хэлмэрчлүүлнэ”. Гэтэл АНУ-д ийм хүн ганцаараа яваад бүх л үйлчилгээг авч чадна. Хаана ч очсон тэдэнд хэрэгтэй үед нь туслах орчуулагчид бэлэн байж байдаг. Тэднийг Засгийн Газраас бэлтгэж, цалинжуулна. Тэдэнд зориулсан тусгай сан байна. Тэнд цугларсан хөрөнгөөр хэлгүй, сонсголгүй иргэдэд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бий болгож, сайжруулан хөгжүүлж байдаг. Яагаад монголд ийм байж болохгүй гэж?

Г.Г-Тийм ээ! Би ч бас тэгж бодож байна. Хүний ямар нэгэн эрхтэн гэмтэхэд өөр нэг эрхтэн нь нөхөх маягаар илүү хөгждөг тохиолдол бий. Хэлгүй, сонсголгүй хүнд илүү хөгжил нь юу байж болох вэ?
Б.Н-Ургуулан бодох чадвар нь илүү хөгждөг. Сонсохгүй, ярихгүй байхдаа хүн илүү их сэтгэж, ургуулан бодох хэрэгтэй болдог гэсэн үг. Харин сэтгэлгээгээ илүү хөгжүүлэхийн тулд их унших хэрэгтэй. Уншихгүй байгаа хүн яаж хөгжих вэ? Тийм учраас ийм хүүхдүүдийг хамгийн гол нь маш сайн уншуулж сургах ёстой. Энэ тохиолдолд тэдэнд маш олон боломж олдоно. Өнөөдөр интернет их хөгжиж байгаа үед энэ нь бүр ч чухал төдийгүй бүр ч их боломжийг олгоно.
Нөгөө талаар тахир татуу, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хэлгүй сонсголгүй хүн гэдэг 2 өөр ойлголт. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэлгүй сонсголгүй хүмүүс, оюуны хомсдолтой хүмүүс гэдэг бүр ч өөр ойлголт.

Г.Г-Мэдээж олон зүйл дээр чамайг зорилго чинь хөтөлж явдаг байх.
Б.Н-Би сонсдог байхдаа жирийн л нэг сурагч байсан. Бусдаас нэг их ялгараад байх зүйлгүй. Харин сонсголгүй болоод бүх л зүйл дээр хичээж, сурлага, амжилт маань эрс дээшилсэн. Зорилго маань намайг байнга хөтөлж, удирдаж явна. Gallaudet-д хэлний бэрхшээлээс болоод даалгавраа хийж чадахгүй уйлж суухдаа “би чинь өмнөө зорилготой шүү дээ, үүнийг заавал хийх л ёстой” гэж өөртөө хэлээд л яс сууна, заавал хийнэ. Шөнөжингөө хичээлээ хийгээд өглөө шууд хичээлдээ очих нь бараг ердийн үзэгдэл. Нойргүй хонож, сөхөрч унатлаа хичээлээ хийж байхдаа би ганцxан зорилгоо л боддог.
Францын нэг үг байдаг даа. “IT is betta to be envied than pited”. ” ӨРӨВДҮҮЛЖ ЯВАХААР АТААРХУУЛЖ ЯВ.”

Би энэ үгийг л өөрийн амьдралынхаа мөрдлөг болгож явдаг. Хүн болгон “энэ хэлгүй, сонсголгүй хүүхэд яана даа” гэж өрөвдсөн харцаар харахад үнэхээр дургүй. Харин ч хэлгүй, сонсголгүй хүн ” яаж сурч, амьдарч, ажиллаж амжилт гаргаж” чаддагийг бусдад харуулах сан гэж л хичээдэг.

Г.Г- Юм болгон санаснаар болохгүй, бэрхшээл тохиолдох нь элбэг.
Б.Н-Сонсголгүй хүмүүс сэтгэх, ургуулан бодох чадвар нь маш сайн хөгждөг. Тэд дохионы хэлээр өөрийн бодол санаагаа илэрхийлж чадах боловч, түүнийгээ үгээр илэрхийлж чаддаггүй. Энэ нь тэдний зүгээс бусдад өөрийгөө ойлгуулах, юу мэдэж чаддагаа харуулах боломжийг хааж орхино. Гэтэл сонсдог жирийн хүмүүс энэ бэрхшээлийг нь ойлгохгүй.
Монголоор муу, алдаатай яриад байхаар “өө энэ чинь мэдрэл муутай юм байна” гээд бодчихно. Гэтэл нэг гадаад хүн монгол хэл дөнгөж сурч байхдаа монголоор хазгай мурий ярихаар хэн ч түүнийг ” тэнэг” гэж бодохгүй. Тэгэхээр энд ердөө мэдэхгүй, мэдээлэлгүйгээсээ болоод буруу ойлголт, итгэл үнэмшил тогтчихсон байгаа хэрэг.
Би хувьдаа сонсголтой жирийн хүмүүсийн зүгээс хэлгүй сонсголгүй хүмүүст хандах хандлага, буруу ойлголт төсөөллийг өөрчилж, хэлгүй сонсголгүй хүмүүсийн үнэн бодит байдлыг л зөвөөр ойлгуулахыг хичээж байна. Энэ нь ийм хүмүүсийн амьдрал, боловсрол олж авах үйл явцад тодорхой дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байгаа юм.

Г.Г- Сургуулиа төгсөөд цаашдын чинь зорилт?
Б.Н- Би сургуулиа төгсөөд Монголдоо очно. Эхлээд 29-р сургуульдаа очиж ажиллана. Гэхдээ тэд яаж хүлээж авахыг мэдэхгүй. Ямартай ч өөрийн сурч мэдсэн бүхнээ Монголын хэлгүй сонсголгүй хүүхдүүдийн хөгжил,  сайн сайхны төлөө зориулах л болно. Хийж чадах бүхнээ хийнэ. Үүний төлөө л би өдий хүртэл ингэж зүтгэж байгаа.
Ийм сургуулийн багш нар нь хүүхдүүддээ итгэдэгүй, буруу хуучин арга барилаар ажиллаж байгааг өөрчлөх хэрэгтэй. Тэдэнд маш их боломж ирээдүй байгааг ойлгуулах, мэдрүүлэх хэрэгтэй байна. Мэдээж сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүй, технологийг ч өөрчлөх хэрэгтэй болно. Ядаж АНУ-ын түвшинд ойртуулах оролдлого хийх хэрэгтэй. Бэлнээр авч хэрэгжүүлж болох маш олон санаанууд байгаа.

Г.Г-Хэрэв 29-р сургууль чамайг хүлээж авахгүй бол яах вэ? Муугаар бодоход.
Б.Н-Надад мэдлэг болон санаа байна. Одоо бол туршлага их хэрэгтэй байна. Туршлагатай болохын тулд эхлээд л ажиллах хэрэгтэй. Энд онол, санаа ярих нэг хэрэг. Яг ажил дээр очиход шал өөр. Хамгийн гол нь энэ холбоосыг зөв олж байж л хэрэгжүүлнэ шүү дээ. Болохгүй бол хувийн сургууль байгулаад ч болов зүтгэнээ. Гэхдээ хөрнгө мөнгө бас л хэрэгтэй болно.
Өнгөрсөн зун надтай хамт Монголд очсон манай салбар сургуулийн захирал маань 29-р сургуультай танилцаад гарахдаа “Ямар уйтгартай газар вэ? Яг л эмнэлэг шиг” гэж хэлсэн. Тэгэхээр ийм сургуулиудыг эмнэлэг шиг биш, сургууль шиг болгох хэрэгтэй байна.

Г.Г-Намираа! Яг үнэндээ би чамаар маш их бахархаж байна. чамд ямар их эрч хүч, итгэл найдвар, зориг тэмүүлэл байгаа мэдэрч байна. Хэзээ ч битгий шантраарай. Зорьсондоо заавал хүрээрэй. Чамайг дэмжих маш олон хүмүүс байгаа, чи итгээрэй.
Б.Н-Танд ч бас их баярлалаа. Зорьсондоо заавал хүрнээ. Одоо жил хагасын  дараа сургуулиа төгсөнө. Тэгээд л зорилго руугаа зүтгэнээ. Сэтгэл ханан гэж үгүй. Зорьсондоо хүрч байж л сэтгэл амарна.

Төгсгөл
Батшүр бид 2-т Намираа сургуулиа танилцуулж, бас тусгай зориулалтын утсаар орчуулагчаар дамжуулан ярилцаж үзүүлсэн юм. Бид гурвын “зугаалга” өндөрлөж тэрээр биднийг хаалган дээр үдэж өглөө. Тэр жижигхэн биед ямар их тэмүүлэл, эр зориг, том зорилго, хичээл зүтгэл багтаж буйг мэдрэхдээ бахархаж, бас хайрламаар.
2011 оны 7 сард Африк тивд болох 2 жил тутам нэг удаа болдог Дэлхийн Хэлгүй Сонсголгүй Иргэдийн Нийгэмлэгийн чуулга уулзалтад “Монголын хэлгүй, сонсголгүй иргэдийн боловсролын асуудал” сэдвээр Намираа маань илтгэл тавина.
Тэртээ нэгэн цагт гайт өвчний улмаас хэлгүй, сонсголгүй болчихоод цөхөрч суусан бяцxан охин өдгөө АНУ-д мастерт суралцаж, дэлхийд илтгэл тавьж байна. Хувь заяа гэхээсээ хичээл зүтгэл чинь чамайг ийм өндөрт авчирчээ. Үүнийг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? Зорилго тань биелэх болтугай.

Share Your Thoughts