ЗОРИЛГО хийгээд АРГА

Сайн төр хүмүүсийнхээ сайн сайхны төлөө боломжтой бүхнийг хийдэг. Тэд иргэдээ “баялаг” гэж тооцож, уул уурхайн болон бүтээгдсэн баялгаа хүмүүсийнхээ элбэг хангалуун амьдрал, баяр бахдал, сэтгэл ханамжийн төлөө зарцуулах үүрэгтэй. Хүмүүс амралтын өдрүүдээрээ байгалийн үзэмжит сайханд гэр бүл болон найз нөхөдтэйгээ хамтдаа амарч зугаалж байхдаа сэтгэлийн их таашаал эдэлж, төрж өссөн эх орноо бахархан бахдах нь “эх оронч” үзлийн галыг улам улмаар бадраана. Хэрэв байгаль орчин нь сүйдэж, ус гол нь ширгэн “шалбааг” болж, газар шороо нь ухагдан сэглэгдэж, агаарт тоос манарч, мод ургамал нь хатаж гандан, хаашаа л харна “сүг зураг” шиг дүр зураг үзэгдэх аваас хэний сэтгэл сэргэж, хэн баясан бахдах билээ.

Монголд минь цээжээ дэлдэж чангаар хашгирдаг “эх оронч” дүр эсгэгчид олон ч, эх орныхоо ширхэг чулуу, дусал ус, атга шорооны төлөө чин сэтгэлээсээ зовинож, үүнийхээ төлөө дуугарч, тэмцэж чаддаг нь даанч цөөн.

Аавынхаа толгойг маажсан аргаа барсан хүүхдүүд

“Онги гол” хөдөлгөөнөөс эхлээд Монголын уул уурхайн хууль бус, замбараагүй ашиглалт, байгаль орчны сүйдлээс улбаатай хор хөнөөлийн эсрэг тэмцэж асан хэсэг нөхөд “Гал үндэстэн” холбоог байгуулан, тэмцлээ өргөжүүлж байгаа. Энэ намрын УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн өмнө тэд “террорист” маягийн үйлдлээрээ олон нийтийг “хирдхийлгэж”, шуугиан дэгдээлээ. Тэд буун дуу гаргаж, нилээдгүй буу сум, тэсрэх хэрэгслэл бэлтгэсэн байсан нь мэдээллийн хэрэгслэлүүдээр мэдээлэгдсэн. Үүнийг тойрсон хэрүүл маргаан, талцал ид өрнөж буй. Аливаа зүйл сайн муу хоёр талтай. Хүмүүс энэ хоёр туйлын савалгаан дунд асуудлыг харж байгаа.

Муу талаас нь харвал:

“Хууль зөрчсөн үйлдэл, олон нийтийг айдаст автуулсан явдал, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого, зорилго нь зөв хэдий ч илэрхийлж байгаа арга нь буруу зүйл.”

  • Энэ бол дэндүү аймшигтай үйлдэл. Хэрэв тэд зэвсэгт халдлага хийсэн бол хичнээн хүний амь нас үрэгдэж, хичнээн хүүхэд өнчин хоцрох байсныг төсөөлөхөд ч аймшигтай.
  • Бид ардчилсан хувьсгалд ялалт байгуулахдаа оготны хамраас ч цус гаргаагүй хэрнээ, одоо юу болох нь энэ вэ? дэндүү даварч байна.
  • Хэсэг бусаг солиотой хүмүүс улс орны амгалан байдлыг алдагдуулж, цус урсгахыг хүсч байна. Тэднийг хатуу шийтгэх хэрэгтэй.
  • Энэ бол улстөрийн тоглоом. Эдийн засгийн хямрал, Оюутолгой тойрсон будлиантай асуудлаас олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн жүжиг. Үүний цаана төрийн томчууд байгаа.
  • Ер нь “эх орон” гэдэг хоосон уриагаар гадныхны гар хөл, тоглоом болж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь. Мэдээж тэд тэдний захиалгаар, эсвэл хөлсөөр үүнийг хийж байгаа юм.

Сайн талаас нь харвал:
“Уул уурхайн замбараагүй ашиглалтаас үүдэлтэй байгаль орчны бохирдолт, сүйтгэлт, гадаадын “хөрөнгө оруулагчид” нэрээр Монголын газар нутаг дээр дураараа авирлаж байгаа хүмүүс, тэдэнд авилгал хээл хахуулиар оосорлогдсон Монголын хэсэг улстөрч эрхмүүдийн эсрэг тэднээс өөр дуугарч, тэмцэж байгаа хүмүүс алга. Хичнээн удаа сануулж, шаардаж, тэмцээд тусыг эс олсондоо тэдний хийж байгаа “аргаа барсан” үйлдэл байж болох.”

  • Хэдийгээр хууль зөрчиж байгаа боловч, “дүлий дүмбэ” оргисон Монголын улстөрчдөд сануулж байгаа том дохио, олон нийтийг цочроон сэрээж байгаа үйлдэл.
  • Яг үнэндээ эдгээр хүмүүс эрх мэдэл, албан тушаал, мөнгөний төлөө бус Монголын байгаль орчин, газар шорооны төлөө л ийн тэмцэж байгаа болохоор тэднийг дэмжих хэрэгтэй
  • “Эх орон минь сүйдлээ” гэж хүн болгон шогширч халаглаж байгаа боловч эдэн шиг зориг гарган, өөрсдийгөө золиослоод ч болов тэмцэж байгаа хүмүүс байхгүй шүү дээ.
  • Зорилго нь уг нь зөв, гэхдээ арга нь буруу байна. Гэхдээ тэд нийгэмд цочроо өгч байгаа болохоор тэднийг хамгаалах хэрэгтэй.
  • Хүмүүсийн тэсвэр тэвчээр барагдаж, тэмцэлд босоход бэлэн болжээ. Бид Монголын газар нутаг, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэх цаг нь болсон.

Айдас түгшүүр, зэвүүцэл дургүйцэл, болгоомжлол, бахархал дэмжлэг дунд хүмүүс ийн хандаж байна. Энэ бол улстөрийн тоглоом, ард олны сэтгэхүйгээр тоглож байгаа үйлдэл, хуйвалдаан, аль нэгэн нам байгууллагын захиалгат жүжиг, их хэмжээний мөнгө хөлсөөр явагдаж байгаа “тархи угаалт” гэхчилэн хардаж байгаа хүмүүс ч цөөнгүй. Харин эдгээрийн аль нь үнэн болохыг цаг хугацаа л нотлох болно.

Дүлий дүмбэ оргисон төр

Хэдийгээр улс орны хэмжээнд багагүй өөрчлөлт гарч байгаа хэдий ч МАН, АН-ын талцаж, бие биеээ дарамталж, басамжилсан үйлдлүүд тэгтлээ буурахгүй байгаа. Ард олныг аргадсан ч юм шиг, аргалсан ч юм шиг олон мунхаг үйлдлүүдийн цаана “даравч дардайж, булавч бултайх” зэвэрсэн араг яс нь харагдсаар л байна. Авилгал хээл хахуул, улсын их хөрөнгийг хувьдаа завшсан үйлдлүүд нь мэдээлэгдэж баримтаар зарлагдсан хэрнээ, уулсын дээгүүр нүүж одох манан мэт аажим аажмаар сарниж орхих. Тэр тоолонгоор хүмүүс “за даа дуулиан болгож байгаад хоорондоо хичнээн их мөнгөөр зохицож орхих юм даа” гэж санаа алдах дор, айсаж асан ИТГЭЛ нь тэртээд холдож орхидог. Холдсон итгэл нь тэдэнд цөхрөл бухимдлыг авчирч, тэд улам улмаар хэрцгий болсоор байна.

БСШУ-ны сайд байсан Ё.Отгонбаярын дуулиант завшилт, МИАТ-ын хэрэг, Татварынхны хэрэг, Ерөнхийлэгч асан Н.Энхбаярын хэрэг гээд бүгд л бидний нүдэн дээр болж байгаа. Жирийн иргэд, завшигч олигархиудын хувьд хууль тэгш бусаар үйлчлээд байгаа болохоор хүмүүс цухалдаад байгаа хэрэг. Нэгэн цагт баяр бахдал болж байсан Оюутолгойн гэрээ маргаан будлиантай болон “тоосонд дарагдах” дор, хишгийг нь хүртэх гэж хүлээсэн олон хүмүүс “бухын доодохыг харж үнэг турж үхдэг”-ийн үлгэр болж буй. Гэрээнд гарын үзэг зурж байсан эрхмүүд нь өнөө хэр тайлбар ч үгүй, хариуцлага ч үгүй таг.” Тэгээд хэн хэзээ хариуцлага хүлээх юм бэ?” гэсэн асуултын хариуг олон нийт Монголын төрөөс хүлээж байна. “Хүний мууд дуртайдаа” хэн нэгнийг шоронд суулган бах таваа хангах гээд байгаа юм биш, хуулийн өмнө хүн болгон эрх тэгш байх үндсэн зарчмыг л хүлээгээд байгаа хэрэг. Эрх мэдэлд хүрч чадсан хэн боловч буруу үйлдэл, буруу шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг шударга тогтолцоог л хүсээд байгаа хэрэг.

Нэгэн цагт уудам талдаа мал сүргээ хариулж, аагим халуун наранд малаа голоос, худгаас усалж, ээлжлэн ээлжлэх дөрвөн цагийн эргэлтэд тааваар нүүдэллэн амьдарч байсан монголчууд малаа хариулах нутаггүй, услах гол мөрөнгүй, нүүдэллэх өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангүй болсон бурууг хэн хариуцах юм бол. Малчдыг нутгаас нь хөөн гаргаж, бэлчээр нутгаас нь ухаж олсон эрдэнэсээ “аманд ч үгүй, хамарт ч үгүй” бусдын идэш болгож, өөрсдөө өчүүхэн шавхрууг нь долоож, угаадас дээр нь архиралдаж байгаа бурууг хэн хэлцэх юм бол. Малгүй, нутаггүй болсон эгэл ардууд хот бараадан “бусдад адлагдаж”, шарилын газар хашаа хатгаж, зах газар амжиргаагаа залгуулах гэж зүдэж байгаа бурууг хэн тайлбарлах юм бол. Уудам дэлгэр нутагтай монголчууд Улаанбаатар хэмээх “хашлага” дотор шахцалдан, хэрэлдэн, бухимдан, цөхрөн амьдрах нь хэнд хэрэгтэй юм бол?

Сонгуулийн өмнөхөн сонгогчдыг “долоох” шахан зусардаж, “согтоох” шахан амалж байсан улстөрчидийн “өөрийн хэрэг бүтмэгц, өрөөл бусдыг умартаж орхидог” муу зуршил хэв хэвээрээ. Сонгуулийн өмнө байгаль орчин бохирдож, газар нутаг сүйдэж, зон олон зовж байгааг нүдээр үзэж, уярч амалж, уйлж гуйж байсан эрхмүүд өнөөдөр яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Өдгөө дуулианы эзэд болж буй “Гал үндэстэн” холбооныхон нэгэн цагт “Sentra Gould”-ын тоног төхөөрөмж руу буудаж, төрийн ордон руу нум сумаар харваж байхдаа тавьж байсан шаардлагын хариу нь хаана байгаа юм бол? Бодит үр дүн нь хаана харагдаж байгаа юм бол? Яагаад монголчууд бид цөөхүүлээ мөртлөө “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” ойлголцож болдоггүй юм бол?

Хуулийн дээр зөвхөн хөх тэнгэр л буй

Хүн байгаль хоёр хүйн шүтэлцээтэй, хүн төр хоёр хуулийн шүтэлцээтэй. Би энэ үйлдлийн тухай сонсоод цочирдсон боловч, хоёр талаас нь харж мэдрэхийг хичээлээ. “Гал үндэстэн” холбооныхны энэ үйлдлийн Монголын байгаль орчин, газар шорооны төлөө тэмцэх зорилго нь зөв боловч, үүнийгээ илэрхийлэх арга нь буруу байлаа гэж бодов. Олон олон тэмцлийн эцэст тэд аргаа барсан байж болох боловч, зэр зэвсгээр “сүрдүүлэх” нь төрөөс илүүтэй олон нийтийг айдас түгшүүрт автуулж орхив. Зорилго нь аргаа зөвтгөдөг гэдэг боловч, алив зүйлийн хэм хэмжээ нь хуулийн хүрээнд л байх учиртай. Хэдийгээр бидэнд тэгтлээ таалагдахгүй байж болох боловч хууль бол бидний харилцааны хязгаарлалт. Бид юуг хийж болох, юуг эс хийж болохыг хууль л зааж сануулдаг, бас шийтгэдэг.

Харин Монголд хууль бүх иргэддээ тэгш үйлчилж чадахгүй байгаагаас л хүмүүсийн сэтгэлд ” за даа тэгж байгаад учраа олцгооно биз дээ?” гэсэн тоомжиргүй хэрнээ хямсгар бодол эргэлддэг. Улстөрчид нь хариуцлага хүлээдэггүй болохоор, тэд хоорондоо үгсэн хуйвалдаж хуулийг “зохицуулж” чаддаг болохоор, магадгүй өөрсөндөө ашигтай байдлаар хуулийг өөрчилж чаддаг болохоор хүмүүс ингэж бодож байгаа хэрэг. Монголын байгаль орчин газар шорооны төлөөх тэмцлээ хууль бусаар илэрхийлсний төлөө тэднийг “зандалчид” гэж үзэж байгаа бол, Монгол орны эрх ашгаас урваж газар нутаг, байгаль орчноо сүйтгэж байгаа нөхдийг хэн гэж нэрлэвэл зохих бол? Хэрэв бид хуулийг ягштал мөрддөг байсан бол, хуулиа хүн болгон мэдэж дээдэлдэг байсан бол, хуулийн заалт болгон хүн болгонд алагчилгүй тэгш үйлчилдэг байсан бол ийм үйдэл гарах байсан болов уу?

Бид энэ их хийрхлээ дарж, дээр дооргүй хуулиа дагаж мөрдөж сурах цаг нь болжээ. Нэгэн цагт их хаадын минь “Хуулийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл үгүй” гэсэн айлтгал биелэлээ олж байсан бол бид ингэж авирлах байсан болов уу? Хууль хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт бус нийт олны эрх ашигт үйлчилж чадах аваас хүмүүс бухимдалгүй, тайван амгалан, өөртөө болон бусдад итгэлтэй болдог. Монголчууд бидэнд том эрх ашиг бий. Тэр бол Монгол орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хэн ч халдашгүй эрх чөлөө. Энэ бүхэн гагцхүү хуулиар л хамгаалагдаж байх учиртай.

…1937 оны хэлмэгдүүлэлтийн үед нэгэн эр шоронд хоригдож, цаазаар авахуулах ял сонсжээ. Үүнийг мэдсэн эхнэр нь орь дуу тавьж, хамаг л арга чаргаа шавхаж байгаад шоронд орж хайрт эртэйгээ уулзав. Бачимдаж тэвдсэн эхнэрээ харсан мөнөөх эр эхнэрийнхээ толгойг цээжиндээ нааж “Чи минь битгий уйл даа. Цаадуул чинь буудна буудна л гээд байгаа юм, буу сум нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Үгүй тэгээд буу сум нь байлаа гэхэд буудах хүн нь олдоо ч үгүй ч үү. Буудах хүн нь олдлоо гэхэд оноо ч уу, үгүй ч үү. За тэгээд онолоо гэхэд би үхээ ч үү, үгүй ч үү” гэж тайвшруулж байсан гэдэг. Монгол хүний саруул, уужим ухаан гэж?

Share Your Thoughts