Зугаа цэнгэлийн золиос болсон хурдан морины хүүхдүүд

Энэ дэлхийд их л олон төрлийн зугаа цэнгэлд зориулсан уралдаан, үзүүлбэрүүд бий.  Олонхи нь үзүүлэгчийн амь насанд эрсдэлтэй хэдий ч их мөнгө, нэр алдрын төлөө ур чадвараа бусдад гайхуулахаас тэд татгалздаггүй. Харин үзэгчид нь ийм уралдаан үзүүлбэрийг үзэж, их хэмжээний бооцоо тавин цагаа үрж, мөнгөө өсгөх хүсэлтэй байдаг.

Дэлхийд алдаршсан авто машины уралдаан, хурдан морьдын тойргийн уралдаан, Испаны бух булгиулах болон бухтай тулалдах гээд бидний мэдэх мэдэхгүй олон л зугаа цэнгэлийн үзүүлбэрүүд байх. Энэ л олон амь өрссөн шоу үзүүлбэрүүдээс их ч мөнгө эргэлтэд орж, ур чадвартай тамирчид нь нэрд гаран алдаршдаг. Автомашины дэлхийд нэрд гарсан Formula уралдааны олон удаагийн аварга Шумахерийг бүгд л мэддэг төдийгүй, түүгээр бахархдаг, шүтэн биширдэг хүмүүс зөндөө.
Автомашин нь хичнээн мундаг үзүүлэлттэй байлаа ч жолоочийн ур чадвар, овсгоо самбаагүйгээр хэрхэн хурдлаж түрүүлэх билээ. Яг энэчлэн адгуус мал, авто техник юу ч байлаа түүнийг унаж жолоодож түрүүлүүлж байгаа хүний чадвар туршлага л нэр алдарт хүргэдэг. Харин тэд нь ихээхэн бэлтгэгдсэн өндөр чадвартай насанд хүрсэн хүмүүс байдаг. Энэ нь тэдний амьдрал, нэр алдарт хүрэх боломж, баян амьдрах баталгаа нь аж.

Хурдан морийг хэн хурдлуулдаг вэ?

Монголд бол өөр. Хурдан морь гэдэг үндэсний их бахархал. Тиймдээ ч үндэсний их баяр наадмын үзүүштэй зүйл нь болдог. Дэлхийн өөр олон ийм төрлийн уралдаанаас ялгаатай нь энэ морийг насанд хүрээгүй балчир хүүхдүүд унаж уралддаг явдал. Монголчууд үүгээрээ ч ихэд бахархаж, гадаадынхныг гайхшруулна.
…Наадмын тэр өдрүүдэд гарааны зурхайгаас эргэж барианы газарт уралдан орох  мөч хүртэл монгол морь, монгол хүүхэд хоёр нэгэн цул болж, сэтгэл зүрхээрээ зөн совингоороо бие биенээ мэдэрч, байгаа боломжоо хамтдаа л дайчилдаг. Гийнгоолох дуун, араас нэхэх тоосон дундаас тасран сугарч барианд хүзүү сунган орж ирэх хурдан хүлэг, хөөрхөн хүүхдүүдийг хараад самсаа шархирахгүй монгол хүн бий гэж үү?

Түрүүлсэн ажнай хүлгийг тойрон бүчих олны өмнө, хөлсийг нь хусан, нударгаараа хондлойг нь илж, сэрвээнд нь айраг дусаан зогсох нь монгол эр хүний нэгэн омогшил бахархал байдаг аж. Түрүүлсэн болон айрагдсан морийг гайхамшигт аялгуу хэллэгээр  олны өмнө цоллон алдаршуулж, бай шагналыг нь өгөх төдийгүй, унасан хүүхдийг нь ч байлан шагнаж урамшуулдаг монгол заншил.

Хүүхэд болохоор ч тэр үү? Хурдан мориндоо их анхаарал тавьж хурдлуулсан хүүхдээ алдаршуулах нь төдийлэн үгүй байсан нь өнө эртний л уламжлал байсан байх.

Хурдан морины уралдаанд хүүхдүүд хамаг л авьяас чадвараа шавхдаг. Тэд морийг уаяхаас л хамт байсан болохоор хэдийд амыг нь татаж, хэдийд сунгаж тавих, хэдийд нь ташуур өгч, хэдийд нь гийнгоолохоо сайн мэднэ. Зуузай холбох мөчид аль талаа барьж, хэдийд нь хэрхэн сугарахаа ч сайн тооцоолно. Бас газрын баримжаа, саад эргэлтийг ч тоооцоолж, морины хурдыг хэрхэн тохируулахаа ч андахгүй.

Энэ бол үнэхээр ур чадвар, авьяас, их мэдрэмж, бас туршлага. Түүнчлэн тэд л энэ уралдааны эрсдлийг үүрдэг. Мориноос унаж бэртэж, бахардаж унасан мориндоо дарагдах, бусад морьддоо дайруулах гээд юу эс байх билээ.

Харин монголчууд бид “хээгүй”, ” гүндүүгүй ” гэдгээ нотлох мэт энэ талаар эс санаа зовинож эс дуугарна. Хурдан хүлгээ ам уралдан магтахаас бус унасан хүүхдээ тэгтлээ магтах нь үгүй. Их л сайндаа “овоо доо миний хүү” гэж үнэрлэнэ. Гэхдээ тэр цагт өнөөгийнх шиг бизнес хэлбрээ олсон олон уралдаан болж байсангүй наадам, хаа нэгтээ болох даншиг уралдаан болж байсан болохоор тэднийг “монгол ухаан” аар ойлгож болох юм.

Харин өнөө цагт байдал арай л өөр болж, энэ байдлыг ч эргэн харах хэрэгтэй мэт…

Алдарт уяач-Алдарт морины эзэд

Монголын хурдан морьдыг үнэд хүргэж, алдаршуулах эхлэлийг тавьсан гэж Пунцагбалжир агсныг хүмүүс сайнаар дурсдаг юм билээ. Энэ сайн эхлэл нь өдгөө улам бүр бизнес болон зугаа цэнгэлийн хэлбэрт шилжсээр буй. Жилдээ ганц л удаа Улсын наадмаар уралддаг байсан хурдан хүлгүүд өдгөө өвлийн болон, олон бүсэд хуваагддаг “даншиг” болон “их хурд” хэмээх олон наадмуудад намаржин хаваржин бахардаж унатлаа уралдаж буй. Бахардаж унагахгүйн тулд онгоцоор, машинаар галт тэргээр зөөж багагүй халамжилж байгаа гэх.
Хурдлуулж түрүүлүүлэхийн тулд эрлийзжүүлж, овьёсоор тордож, хүчит тариагаар шахдаг гэнэ. Хурдан морьтой болж бусдад гайхуулан, улаан залаа дээрээ олон шар зураас бүхий “цолны” малгай өмсөхийн тулд, уяж үзээгүй ч алдар цолыг нь хүртэхийн тулд их ч мөнгө хаяцгааж, алс холоос араб үүлдрийн азарга залж, ямбатан шиг л эрхлүүлж байгаа гэх. Хүний эрх, мөнгөтэй хүний зугаа болохоор юугаа ч хэлэх вэ?

Гэхдээ дуугарахгүй байж болохгүй асуудлууд байнаа.

Сүүлийн үеийн морины уралдааныг ажаад байхад цөөхөн хэдэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн зугаа, алдарших, зусардах хүслийн сонгодог жишээ болоод байнаа. Энэ нь даамжраад солиоролд хүргэж ч болзошгүй.
-Өөрсдөө морь уяж үзээгүй атлаа өрөөл бусдаар уяулж, хүч хөдөлмөрт нь мөнгө төлснийхээ хариуд алдар цолыг нь өөрсдөө авах болжээ. Наадам болон олон даншигт түрүүлж байгаа морьд нь ихэвчлэн УЙХ-ын болон ЗГ-ын гишүүд, нэртэй том компаниудын эзэд байх жишигтэй. Тэд тэгтлээ завтай юм уу, тэгтлээ нэр алдарт дуртай юм уу гэдгийг ялгахад бэрх. “Aлдарт уяач УЙХ-ын гишүүн….” гэхээр арай л авцалдаагүй сонсогдоод байх юм. Тэгтлээ цоллуулах дуртай юм бол “Алдарт уяач”бус “Aлдарт морины эзэн” гэдэг ч юм уу. Хэргийн учир нь цолондоо бус хүний хөдөлмөр зүтгэлийн үнэлгээндээ байдаг гэдгийг эрхмүүд ойлговол ойлгохоор боловсролтой баймаар.
-Уясан мориндоо өндөр үнэ хаяж, өндөр бай шагнал авдаг атлаа унасан хүүхдээ тэгтлээ тоохгүй. Хурдан морьтой болохын тулд 100 сая төгрөг зарцуулаад, хүлэг нь жилийн уралдаанд түрүүлж 2 “жээп” машин нэг мотоцикль өвч байсныг би мэдэх юм.

Энэ чинь ашигтай бизнес төдийгүй, нэр алдарт хүрэх боломж болон харагдаад байгаа болохоор л хүмүүс ийм солиорол хийрхэлд автаад байгаа хэрэг. Нэгэнт ийм ашиг олж байгаа болохоор улсад татвараа төлж, унасан хүүхдэд нь ашгийн 10% ийн урамшуулал огдог болох нь шударга ёс. Хэрэв морь нь түрүүлээд 80 сая төргрөгөөр үнэлэгдэх машин авбал унасан хүүхдэд нь 8 сая төгрөг өгч болно шүү дээ. Зунжингаа л томчуудыг дагаж, зугаа цэнгэлийн золиос болж явчихаад хөдөлмөрөө багаар үнэлүүлнэ гэдэг харамсалтай.
Тэд чинь хүүхэд хэдий ч таны морийг түрүүлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа, бас эрсдлийг ч үүрч байгаа.  Бас тэдэнд ч бидний адил хэрэгцээ байгаа.
-Сүүлийн үед эрлийз “шинэ адуу”, хуучин “монгол морь” гэх ялгаа гарч багагүй шуугиан дэгдээд байгаа. Монгол морь эрлийзжиж чанар нь сажирч байгаа бол муу ч хэрэг биш л дээ. Гэхдээ жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмаараа монгол бөхчүүд зодоглож, монгол харваачид харваж, монгол морьд нь уралдаж баймаар. Хэрэв улсын наадмаар араб залуу ирээд өмсгөл өмсөөд барилдаад эхэлбэл монголчууд тэгтлээ дуртай байхгүй дээ. Тэгэхээр үндэсний баяр наадмаараа монгол морьдоо уралдуулж, монгол бахархлаа харж байвал зүгээр мэт.

Бусад үед нь баячууд нь өөрсдийнхөө боломжоор, барууны жишгээр морин уралдааны газар байгуулаад бооцоогоо тавьж уралдаж байж болноо. Харин намаржин олон ардыг ажлыг нь алдуулан алдуулан, хөөргөн дэвэргэж, хөлдөө чирэн байж цэнгэх хэрэг юун. Ядаж л хүүхэд морь зутарч л байгаа шүү дээ.
…Саяхан монголд байгаа найзтайгаа утсаар ярилаа. “Юу хийж байна даа?”  гэсэн асуултын минь хариуд “наадацгааж л байна даа” гэж хариулах. Энд тэндгүй даншиг наадам, сум сургуулийн ой, жалга довны, овоо тахилгын наадам гээд “сайхан ч юм уу даа”. Харин бид их хөдөлмөрлөж, зүтгэж байж хөгжинө гэдгээ, хүүхэд бол бидний ирээдүй гэдгээ умартаад байх шиг.

Аяа хурдан сайхан  хүлэг, золбоолог сайхан хүүхдүүд минээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-08-16

Share Your Thoughts