Зул сарын баярын өдөр

Жил бүрийн 12 сарын 25-ны өдөр Америк даяар “зул сарын баяр “ыг тэмдэглэдэг.
Урд өдөр нь шинэ жилийн гацуур мод хайгаад олсонгүй. Харин орой хэрд дэлгүүрүүдэд шинэ жилийн чимэглэлүүд бараг 50% хүртлээ хямдардаг аж. Бас олон төрлийн бараа хямдардаг болохоор, дэлгүүрүүд ачаалал ихтэй байна. Хүмүүс баярын хэрэглээгээ худалдан авч, маргааш нь хүүхдүүдэд өгөх бэлгээ базаана.
Харин маргааш нь бүх хүмүүс амарч, гоё сайхнаар хувцаслан сүмүүдэд очицгоож, ертөнцийн эзэнд талархал илэрхийлцгээж, гэртээ анд нөхдөө урин, хүүхдүүдэд бэлэг сэлт өгч, идэж уун баярлацгаана.
“Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчлэн Америк төдийгүй харь оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ баярыг тэмдэглэцгээдэг. Мэдээж бидний тэмдэглэж заншсан шинэ жил ойртож байгаа болохоор хүн болгон баяр баясгалантай хөгжүүн байх аж. Энэ жил АНУ-ын нийслэл Вашингтон хотод амьдарч байгаа монголчууд энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байгааг сонирхлоо.
“Merry khristmass”
…Энэ өдөр ертөнцийн эзэн Есус төрсөн гэж үздэг болохоор өөр өөрийн итгэл үнэмшлээр үүнд ханддаг. Мэдээж шашны асуудал ихэд эмзэг сэдэв. Хүн болгонд байдаг итгэл үнэмшил, сүсэг бишрэл гэдэг өөр өөрийн сэтгэлийн илэрхийлэл байдаг болохоор түүнийг үгүйсгэж, гутаан доромжлох гэдэг даан ч бүдүүлэг хэрэг.
Вашингтон ДС д байдаг “Вашингтоны монгол сүм “, “Энэрэл сүм ” энэ өдөр хамтдаа ертөнцийн эзнийг  магтан дуулж талархал илэрхийлэв.
“Вашингтоны монгол сүм ‘ийн пастор солонгос гаралтай  Ким, “Энэрэл ” сүмийн пастор Майнгэрэл нар энэ өдөр Есус эзэнд итгэгчдэд сургааль айлдаж, ертөнцийн эзний төрсөн өдөрт талархал илэрхийлж магтав. Түүнд итгэгч олон олон монголчууд энэ хүндэтгэлийг чин сэтгэлээсээ хүлээн авч , магтан дуулцгаав. Хүн болгоны сэтгэл зүрхэнд өөр өөрийн итгэл үнэмшил, бахархах, жигших зүйл байдаг болохоор , миний хувьд үүнд хүндэтгэлтэй ханддаг. Мэдээж энэ цаг дор манай монголчуудад өөр өөрийн итгэл үнэмшил, айж ичих, эмээх зүйл заавал байх хэрэгтэй гэдэгт би ихэд итгэдэг. Түүний нэгээхэн хэсэг нь энэ сүмүүд юм.
Надад хамгаас илүү таалагддаг зүйл нь номлолын дараах “нөхөрлөлийн цаг ” байдаг юм. Энэ мөчид хүмүүс идэх хоолноос илүүтэй, бие биедээ зовлон жаргалаа ярилцаж, бие биедээ өөрийн боломж чадлаараа туслахыг хичээдэг явдал юм. Энэ бол их эв нэгдлийн эхлэл, бие биедээ чин сэтгэлээсээ найрсаг хандахын эхлэл байдаг болохоор надад сайхан санагддаг юм даа. Яагаад ч юм бэ? би энэ цуглаанд оролцож байхдаа аугаа их итгэл найдвар, их нөхөрлөлийг мэдэрч байлаа. Энэ өдөр уулзаж учирч байсан бүх хүмүүс “Мэрри Христмас ” гэж хэлж бие биенээ чин сэтгэлээсээ тэвэрч байсан нь хамгаас сайхан байлаа. Энэ дэлхийн хүмүүс бие биенээ хүндлэн тэвэрч байх тэр аугаа сэтгэлийг, энэ л  эв нэгдэл, талархал илэрхийлж байсан. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, хүндлэн сонсож, талархан дэмжиж байхын муу гэж үгүй.

“Болор” шинэ жилийн цэнгүүн
“Орлоо “-гийн Тайван бид 2,нилээд оройхондоо энэ цэнгүүнийг зорилоо. Учир нь энэ жилийн Вашингтоны 3 шинэ жилийн эхнийх нь энэ өдөр тохиосон юм.  Америкийн монголчуудын дунд зохиогддог олон олон спортын аргэ хэмжээнд амжилттай оролцдог Вашингтоны тамирчдын ёлко юм л даа.    “Harvest moon”   гэж нэрлэгддэг Ази эзэнтэй энэ цэнгээний газарт манай залуус иймэрхүү арга хэмжээг зохиодог болсоор удаж  буй.  Энэ том гүрэнд азичууд бас ч гэж бие биенээ дэмждэгийн илэрхийлэл энэ юм даа.   Нууцгүй хэлэхэд манай монголчуудын элдэв шоуны этгээд араншинг тэд мэддэг болохоор бас ч гэж ойлгож,зохиуцуулдаг гэх үү дээ? Нэг ёсондоо бизнесийн ухаан юм  даа.

Голдуу нас тогтсон, спортоор хичээллэдэг, ажлын зав чөлөөгөөрөө тэмцэлдэж, уралдаж бас өрсөлддөг болохоор тэдний хүсэл мөрөөдөл, сонирхол бас ч ижил. Харин ийм нэгэн орой тэд, халамцсан сэтгэлдээ бие биедээ чин сэтгэлээсээ үнэн үг хэлдэг. Спортын тавцанд өрсөлдөж, муудалцаж сайдаж, маргалдаж мэтгэлцэвч, маргаашийн өдөр ,бие биенээ тэврэн инээж уулздаг нь ,ухам энэ л спортын нэгэн гайхамшиг гэлтэй. Энэ цэнгээний газарт энэ л залуусыг нэгтгэж, олон олон баярыг тэмдэглэх ажлын зохион байгуулж, тэр л тулааны талбарт эв эейиг хичээх сэтгэлийг зангиддаг Ш. Баасансүрэн, Т. Ганбат, Б.Бямба, Н.Чулуундаваа, М.Саруул-Эрдэнэ нарт талархахгүй байж яахин болох билээ
2009 онд хөл бөмбөгийн лигт оролцсон “Эвсэл “, “Ирээдүй”, “Чулуу “, “Атлантик “, “Пирамид “, волейволын лигт оролцсон “Энэрэл “, “Тэнгис “, “Автонэт “, “Сакура “, “Залуус ” багийн тамирчин залуус энэ үдшийн хүндтэй зочид байлаа. Мэдээж оны эцэст шилдгүүдээ шалгаруулдаг жишгээр, тэд оны шилдгүүдээ шалгаруулж урамшууллаа.

1. Оны шилдгийн шилдэг тамирчнаар, ширээний теннисний Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан тоглолтын алтан медалт, багийн тоглолтын хүрэл медалт, хөл бөмбөгийн тамирчин Х.Дамдинбаяр шалгарч шганал гардлаа.
2. Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон Билгээ “оны шилдэг тамирчин ” аар шалгарч шагнал гардлаа.
Өнгөрсөн 2009 онд Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд хөл бөмбөгийн, сагсан бөмбөгийн, гар бөмбөгийн лигийн тэмцээнүүдийг зохион байгуулж, хот хотдоо тэмцээн зохион байгуулсан нь жил жилээс улам улмаар өргөжсөөр. Харь нутагт ажиллаж амьдрахдаа хүнд хэцүү ажлын зав чөлөөгөөрөө, өөрсдөдөө байгаа их авьяас чадвараа хөгжүүлж, их спортын орон зайд тэмцэлдэж, өөрсдийгөө хөгжүүлж байгаа тэднээр бахархахгүй байж яахин болох билээ.

Энэ нэгэн орой тэдэнтэй хамтад байж, сэтгэлийн их хөөрөл, монгол орны хөгжлийн төлөөх шаналал, их ажлын дараах алжааж ядарсан тэдний баяслыг мэдрэхдээ тэднээр бахархаж байсан. Тамирчдын ар гэрийн хүнд хэцүү алжаалыг хамтдаа үүрч байдаг бүсгүйчүүд, эр нөхрийнхөө хүзүүнд зүүлттэй өнгө өнгийн медалыг тэмтэрч байхдаа тэднээр бас л бахархаж байсан. Медаль хэмээх тэр л төмөрт бус, амьдралын төлөөх хүнд хэцүү мөчид цаг заваа гарган, зүтгэсэн зүтгэлийн үр шимд бахархах бахархал байсан. Монгол эр хүний хат даах тэвчээрийн чагтага энэ байлаа.
Харьд ажиллаж байгаа олон олон монголчуудын эв нэгдлийн эхлэл тэд байсан болохоор надад ч бас сайхан санагдаж байлаа. Аугаа их спорт, аугаа их эв нэгдлийг шаарддаг. Тэд багаар тоглож байхдаа бие биенээ мэдэрч, ганцаар тоглож байхдаа дэмжигчдийнхээ сэтгэлийн их уухайг мэдэрч байдаг. Энэ бол бие биенээ дэмжих аугаа их эв нэгдлийн эхлэл байдаг юм даа.

Харь оронд ажиллаж амьдарч байгаа олон монголчууд, спорт гэх,энэ эв нэгдлийн хүчээр бие биенээ дэмжиж. хамтдаа шаналж, хамтдаа бахархаж, хамтдаа уухайлж байдаг юм. Тэд их спортын тавцанд маргалдаж мэтгэлцэж, хор шар нь буцалж байвч, маргаашийн  нэгэн өдөр бие биенээ тэвэрч, хөгтэй хөгжилтэй мөчүүдээ дурсан ярьж инээлдэж байх. Чухам энд л монголчуудын уагаа их эв нэгдлийн эхлэл буй.
Энэ үдшийн цэнгүүнд хөл,  бөмбөгийн гарамгай тамирчин, хэл шинжлэлийн гайхамшигт эрдэмтэн М.Саруул-Эрдэнийн хэлсэн хундаганы үгээр энэ бичлэгээ төгсгөе дөө.
Цэнгэл баяр аз жаргалын төлөө
Цэнхэр дуу инээд нулимсны төлөө
Ахин дахин уулзаж учрахын төлөө
Амьд яваа хоног өдрүүдийн төлөө
Хундага дарс энэлэл тайтгарлын төлөө
Хуучин шинэ мөрөөдлийн төлөө

Ертөнцөд хүн болж төрсний төлөө
Ер бусаар хайрлаж дурлахын төлөө
Шүлэг дуу гэгээн өдрийн төлөө
Шүүдэрт зөрөг гэрэлт андын төлөө
Ирэх өдрүүд үл мартагдахын төлөө
Итгэл дээр цэцэг ургахын төлөө
Харьд суугаа ч эх орноо санагалздагийн төлөө
Харласнаараа дуудуулсан ч цагаахан сэтгэлийн төлөө
Ижий авдаа очиж чаддаггүй ч зүрхээрээ хамт байдгийн төлөө
Энхрий үрээ тэвэрч үнсээгүй ч зүүдэндээ эрхлүүлдэгийнтөлөө
Инээж уйлах бүрдээ ганцаараа байсны төлөө
Ирэх өдрүүдийг тосохдоо алгаа дэлгэдгийн төлөө
Ийм сайхан ертөнцөд олуулаа ирсэний төлөө
Итгэж найдах анд дандаа олддогийн төлөө

Арлингтоны тэнгэр үргэлж цэлмэг байхын төлөө
Ар монголын үргэлж хийморьтой байхын төлөө
Арван тавны сарыг Вашингтон ДС ээс адил харж байхын төлөө
Америкийн их гүрэнд Монголынхоо нэрийг дуурсгахын төлөө
Зүрх өвдөн шаналдаг ч зүгширч эдгэдгийн төлөө
Зүүдэндээ энэлж хэрсүүждэг ч сэрж баярладагийн төлөө
Бие биенээ харж амьд явдагийн төлөө
Биелэшгүйд үргэлж тэмүүлж дундарч дүүрдэгийн төлөө
ЭНЭ ХУНДАГЫГ ТОГТООЁ
Харин хөөрч догдолсон цаг дор халааснаас чинь суйлсан намайг өршөө Саруул аа.
Харьд байгаа монголчуудад
Хэрэг болно гэж бодов би
Хамаг олон монголчууд
Эвлэлдэн нэгдэхийг бэлэгдэв би   өршөө

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-12-26