ЗУРВАСХАН БОДЛУУД-04

ХАЛУУН БОРОО

…Америкт зорчих виз аваад л би аав дээрээ зорьж очсон сон. Аав минь миний хэлэхийг сонсоод нилээд гайхсан янзтай харснаа “Үнэн үү? миний хүү” гэж лавлаж билээ. Ээж минь тэвдэн бухимдаж авдраа нэг уудалж аав руу минь асуусан харцаар , над руу учирласан янзаар харж, хамаг байдгаа л дэлгэх нь, үрээ гэсэн сэтгэлийн нэгэн шижим гэлтэй. Нилээд бодлогоширонгүй хэрнээ дуугүй дүнсийх аавынхаа өмнө сөхөрч суугаад гарыг нь атган “Аав аа, хүү нь Америкт 8 жил болчихоод л эргээд ирнээ. Харин аав минь та намайг хүлээж өвдөх ч эрхгүй, үхэх ч эрхгүй шүү” гэж эр хүн болохчоо аядсан дорой дуугаар хэлсэн сэн. “Хүү минь тэгэлгүй яахав, аав нь хүүгээ хүлээнээ” гэж хэлэхдээ сэтгэлийн чанадад санаа алдахыг нь би сонсоогүй л юм даа. Аав минь тэгэхэд миний духан дээр зөөлхөн үнсэж “Эр хүн хэлсэндээ хүрдэг юм шүү” гэж аяархан хэлж билээ.

Харь энэ оронд ганц бие ирээд л бусдын л адил ажил амьдралын мөр хөөж, хааяадаа аав ээждээ хэдэн доллар илгээхдээ “үр нь болж төрснийхөө ачийг нь хариулж байгаа” мэт сэтгэлдээ хэрдээ маадгархан. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэгчлэн өдөр хоногийг аргамжаа мэт эвхэхдээ юуг ч эс анзаарах. Өөртэйгээ адил заяатай хүмүүстэй нийлж дарвиж, зовлон жаргалын дэнсийг хамтдаа туулахдаа өөрийгөө л ихэд бодож, хааяадаа л аав ээжийгээ санагалзах. Ачийг нь халамжаар бус мөнгөөр хариулж болно гэдэгт бид аль хэдийн итгэсэн. Хааяа утсаар ярихдаа “Аав аа, давгүй биз дээ, хүү нь сайн л явж байгаа шүү” гэж бардамнах. Эхнэртэй бас хүүтэй болж, аавынхаа удам залгаж байгаадаа хэрдээ маадгархан. Үргэлж энхрийлэхгүй ч гэлээ сэтгэлдээ баярлаж байгаа аавыгаа төсөөлж би хааяадаа бардана.

Амалсандаа хүрэлгүй 5 жилийн дараа амьсгал хураасан аавынхаа тухай сонсохдоо гэнэт л наран мандсан тэнгэрт бараан үүлс хуралдаж, тархин дээр минь аянга ниргэх шиг болсон. Утсаар ярихад “хүү минь би зүгээр дээ” гэж хэлсэн сүүлчийн үг нь, намайг зовоохгүй гэсэндээ шүдээ зууж хэлсэн тэвчээр байсныг би анзаараагүй. Зул өргөсөн жаазтай зурагных нь өмнө сөхөрч суугаад “аав минь та яагаад хэлсэндээ хүрсэнгүй вэ?” гэж халамцуухан уйлахдаа би сэтгэлдээ өөрийгөө л “урж тасдаж” байсан. Өөрөө хүүтэй болсон аавын хувьд нэгэнтээ өөрийгөө таны оронд тавьж амьдралаас ухаарал авсан сан. “Аав аа би таны удмыг таслахгүй ээ, би дахиад ихэр хүүхдүүдтэй болноо” гэж хэлээд гадагшаа гарав. Гуйвж дайвсан хөл минь намайг хөтөлж аваачсан гүүрэн дээр гэнэт бороо тэнгэрээс асгарч, нулимсны минь хамтад урссан борооны дуслуудыг залгилахад, тэр бороо хав халуухан, бас гашуун байлаа. Харин түүний дараа жил эхнэр минь амаржиж ихэр хүүтэй болсон сон. Аав минь тэнгэрээс халуухан бороо болон над дээр асгарч, амалсныг минь сануулахдаа хэлсэндээ хүрэхийг минь надад учирласан. Удахгүй миний амалсан 8 жил болно. Би эхнэр хүүхдүүдээ дагуулаад эх нутагтаа, аав тандаа очноо. Би чинь эр хүн шүү дээ.

ХЭНД ГОМДОХ ГЭЖ?

Амьдралд эрээн бараан элдвийн зүйлсүүд тохиолддог. Санаанд оромгүй тохиолдлууд ч зөндөө. Өөрт нь таалагдаагүй болон төсөөлж амжаагүй муу зүйлийн төлөө цочирдохдоо бусдад болон хэн нэгэнд гомддог. “Яасан муухай юм бэ?”, “Яасан өөдгүй юм бэ?” гэж сэтгэлдээ халаглах харууслын ард хэн нэгний дуудах нэр байх нь элбэг. Хэн нэгэнд гомдсон гомдол зүрхний ховдол дундуур урсах тусмаа нүдний нулимсыг дагуулна. Бодох тусам л зүрхэндээ шаналж, арчих тусам нулимс улам л асгарна. Орь дуу тавьж цээжиндээ мэгшүүлэвч тайтгарах нь үгүй. Хэн нэгэнд гомдох тусмаа түүнийг үзэн ядна. Сэтгэлд нь хорсол буцлана. Түүнээс хариугаа авч түүнийг хохироож чадвал бах нь ханаж тайтгарах юм шиг. Гомдлыг буцааж болохгүй хэдий ч, буцаагаад эхлэх дор тайтгарч магад санагдах нь бий. Гэвч голын ус хэзээд урсгалаа сөрж урсдаггүй.

“Амьдралд бүтэл муутай байна” гэж аав ээждээ гомдоод яана, тэд энэ орчлонд чамайг төрүүлээд л өгсөн.” Хайр бүтсэнгүй” гэж бүсгүй нэгэнд гомдоод яана, тэр чиний сэтгэлийг татсан, харин өөрийн сонголтоороо яваад л өгсөн. “Ажил бүтэхгүй байна” гэж албан тушаалтанд гомдоод яана, тэр өөрийн шийдвэрээ хэлсэн, зөв ч бай, буруу ч бай. “Мөнгө муутай байна” гэж өөртөө гомдоод яана, боломж байсан ч чи өөрөө тойроод л гарсан. “Өөрөөс нь илүү байна” гэж бусдад гомдоод яана, түүн шиг хичээж зүтгэж чадахгүй л байгаа. “Өөрийг нь тоохгүй байна” гэж найздаа гомдоод яана, өөрөө чи сэтгэлд нь хүрээгүй байж магад. “Аз ивээхгүй байна” гэж тоглоомд гомдоод яана, тэр чинь өөрийн дүрэм, боломжтой. Архинд толгойгоо мэдүүлчихээд “хар ус”-анд гомдож яана, чи л задлахгүй бол тэр хэзээ ч савнаасаа асгарахгүй. “Амьдрал новш байна” гэж газар руу нулимаад яана, тавилан болгон өөрийн эзэнтэй.

Амьдралд байгаа боломж гэдэг нь олон хаалгатай. Ихэнх нь хаагдаж байхад нэг нь заавал онгорхой байдаг. Магад түүнийг олохын тулд чи хичээх учиртай. Урд тань тулгарсан асуудал болгон өөрөөс тань шийдвэр хүлээж байдаг. Зөв шийдвэрийнхээ сайн үр дүнд чи хожиж, буруу шийдвэрийн муу үр дүнд чи хохирч байх учиртай. Чиний өмнө тулгарч байгаа асуудлын төлөө чиний өмнөөс шийдвэр гаргадаг хүн гэж үгүй. Учир нь энэ бол хэзээ давтагдашгүй чиний л амьдрал. Чиний өмнөөс шийдвэр гаргасан хэн нэгэн, гаргасан шийдвэрийнхээ төлөө чиний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Зөвхөн чи л өөрөө хариуцлага хүлээнэ. Тэгэхээр хэнд ч гомдох эрх үгүй. Буруу зөв гаргасан шийдвэрийнхээ төлөө өөртөө ч гомдох хэрэггүй. Алдаанаасаа ухаарал авч чадвал чиний өмнө дахиад л боломжууд гарч ирдэг. Боломж болгон чамайг шалгаж байгаа шалгуурууд. Шалгууруудыг давах тусам чи өөртөө итгэдэг болно. Голын ус зөвхөн урсгалаа л дагаж урсдаг.

БҮСГҮЙ ЦЭЦЭГ ХОЁР

…Бүсгүй өмнөө дэлгэрэх гоёмсог савтай үзэсгэлэнтэй цэцэгсийг услангаа санаа алдана. Тэр цэцэгсийн дэлбээг булбарайхан гараараа илбэхүйеэ, зөөлхөн торгомсог энхрийхэн мэдрэмж сэтгэлд буух. Цэцэгс хүртэл хайрыг мэдэрдэг аж. “Чи ямар гоё юм бэ?” гэж шивнэн хэлэх төдийд л “Тийм гэж үү? Би үнэхээр гоё харагдаж байна уу?” гэх шиг дэлбээ нь ишин дээрээ найгалзанхан “аалигүйтнэ”. Цэцэгс дэлбээлсэн савны хар хөрсийг услах тусам улам л гоёхон болж, улам л дээшээ тэмүүлнэ. “Энхрийхэн минь дээ” гэж амандаа шивнэн хөрсийг услах тусам улам л нялхарна. Цэцэгс хайрын уярам үгсийг тааламжтайгаар сонсдог аж. Бодолдоо нялхарч санаа алдах төдийд аньсаганаас нь урсах бүсгүйн дусал нулимсыг цэцэгсийн дэлбээ тосон авч гудайх нь түүнийг аргадан тайтгаруулах мэт. Цэцэгс өөрийг нь хайрлан учирлах нэгний сэтгэлийг мэдэрдэг аж.

Бүсгүй зөвхөн түүгээр л өөрийгөө хайрлуулахыг хүснэ. Болзоондоо явах бүрдээ сэтгэл нь тэр гэхийн аргагүй сайхнаар догдолж, өөрийгөө байн байн тольдон “би түүндээ ямар харагдах бол?” гэж өөрөөсөө асуунгаа, түүнтэйгээ хамтад байгаагаар өөрийгөө төсөөлнө. Түүнтэй хамтдаа байх мөч бүхэн даанч сайхан. Өөрийг нь харангаа “чи минь ямар ч үзэсгэлэнтэй юм бэ?” гэж шивнэх төдийд л хайртай түүндээ “бүр ч илүү сайхан” гэдгээ мэдрүүлэхийг хүсэмжилнэ. Эрхлүүлэх тусам нь улам л аалигүйтэж, нялхарах. Сэтгэлд нь тэр гэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж “хэзээ ч салахгүйгээр, хаашаа ч явахгүйгээр” ингээд л хамтдаа байгаад баймаар. Заримдаа түүний яриаг нь тасалж, гэнэт зөрүүдэлмээр. Гэнэт гайхсан харцыг нь харж, цаашлуулангаа шоолж инээмээр. Түүнийхээ ярих хөдлөх, дохиж зангах бүрийг нь хараад л баймаар. Харц салгамааргүй. Биеэ барьсан албархуу төрх, надад таалагдах гэж хичээж ярьсан бүхнийг нь ерөөсөө өөрчилмөөргүй.

Бүсгүй цэцэг хоёр яг л адилхан. Үргэлж хайрын үгсээр “услаад” л байвал өдөр болгон дэлбээгээ нээн, ишин дээрээ гоёмсог сайхнаар найгадаг. Өглөө болгон цонхон дээрээ гараа алдалж зогсоод л “Энэ дэлхий дээр чи минь байгаа минь ямар их аз вэ?” гэж сэтгэл догдлон хэлэхийг нь сонсоод, инээмсэглээд л баймаар. Цээжинд нь толгойгоо нааж, зүрхэнд нь ямар их хайр урсахыг сонсоод л, эрхлээд л баймаар. Намайг хайрласандаа аяархан илбэхэд чинь цэцэгс бид хоёр хамтдаа л дэлбээгээ нээдэг. Намайгаа санаад утасдахад чинь хүртэл миний сэтгэлд баяр баясал урсана. Заримдаа зөрүүдлээд уурлахад минь тэврээд “аргадаасай” гэж л би хүсдэг, цэцэгсийн хөрсийг услах мэт. Хааяадаа ядарч, цөхөрсөн сэтгэлийг тань сэтгэлдээ тэврээд зөөлхөн аргадмаар. “Чи минь мундаг шүү дээ” гэж шивнэмээр. Хайр цэцэглэдэг энэ орчлонд нэг их юм хэрэггүй дээ. Миний сэтгэлийг цэцэгс мэт энхрийлж, миний шаналлыг хөрс мэт усалж байхад хангалттай. Цэцэгс бүсгүй хүн хоёр яг л адилхан. Тэгээд л бидэнд хайраа илчлэхдээ цэцэгс барьдаг юм шүү дээ,” та хоёрыг ав адилхан хайрлана” гэж. Бүсгүй бидэнд тийм их юм хэрэггүй юм шүү дээ, цэцэгс шиг. Хайр халамж байхад.

Share Your Thoughts