ЗУРВАСХАН БОДЛУУД – 12

БУСДААС ХАМААРАЛТАЙ АМЬДРАЛ

…Хүн энэ амьдралд зүгээр л ирдэггүй. Өөрийн хувь тавилан болоод өөрийн идэх хүнс, өмсөж эдлэх материаллаг бүхнээ “үүрч” ирдэг. Гэхдээ хүн болгонд адилгүй л дээ. Уг нь түүнийгээ өөрөө мэдэж зарцуулж байх учиртай. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг ингэж үүссэн. Ээжийнхээ өвөр, аавынхаа гараас гарсан цагаасаа өөрийнхөө өмнө тулгарсан элдэв асуудлуудад өөрөө шийдвэр гаргана. Алдах нь ч бий, онох нь ч бий. Заримдаа баярлуулан баясгаж, хааяадаа гуниглуулан гутруулах амьдралын олон мөчлөгүүд таныг ямагт шалгаж байдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч хүнд асуудлуудыг зөв гарцыг нь олж шийдэж чадах тусам, илүү боломжуудыг чиний өмнө дэлгэж, тэр боломжуудыг сайнаар ашиглах тусам санаанд оромгүй сайхан бүхнийг чамд авч ирнэ. Тэр хэрээрээ амьдрал утга учиртай баяр баясгалантай болж, чи өөртөө итгэлтэй хүчирхэг нэгэн болж чадна. Ийм хүмүүс хэзээ ямагт өөрийн хувь заяагаа өөрөө шийдэж, тэр хэрээрээ үнэ цэнээ бий болгож, бусдад чин сэтгэлээсээ туслаж чаддаг. Бас сайнаар үлгэрлэнэ, бусдад хүндлэгдэнэ.

Амьдралынх нь өмнө тулгарсан элдэв асуудлуудыг өөрөө шийдэж чадахгүй, шийдэхийг хүсэхгүй болмогцоо бусдад даатгадаг зөндөө хүмүүс бий. Өөрийнхөө өмнө тулгарсан асуудлыг өөрөө шийдэхээ болих тусам, амьдрал чамд боломжуудыг олгохоо болино. Хүмүүс чиний өмнөөс асуудлыг тань шийдэж, чиний идэх хоолыг хуваарилж, чиний өмсөж эдлэх бүхнийг зааж зааварчилж байх нь чамд амар байх авч, чиний сэтгэл хэзээ ч ханамж авч баярладаггүй. Учир нь чиний өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүн нь чи биш болохоор. Тэр хүнд өөрийн үүрэх ачаа байгаа хэдий ч, чиний ачааг хамт үүрч байгаа болохоор заавал ядарч цухалдаж, бухимддаг. Түүний бухимдал чиний сэтгэл гонсгор байдалтай холилдохоор л энэ амьдрал чиний хувьд ямар ч утгагүй, бас уйтгартай, залхам болж эхэлнэ. Өөртөө тулгарч байгаа амьдралын таагүй асуудал, санаа зовоож шаналгаж байгаа бүхнийхээ бурууг өөрөөсөө бус, өрөөл бусдаас хайх тусам бусдад атаархан хорсож , үзэн ядаж эхэлдэг. Үргэлж уйтгарлаж, хүмүүст итгэхээ больж, амьдралын бараан сүүдрийг ямагт харж, уурлаж уцаарлаж, харааж зүхнэ. “Сайн явах санааных, муу явах заяаных” гэдэг хэллэг үүнээс үүссэн.

Өсөж том болсон хэрнээ аав ээжээрээ тэжээлгэж, олж зарцуулж буй бүхнийг нь голж шилж, олдохгүй бол худал хэлж, хулгайлж завшиж, өрөөл бусдын өмнө “томорч” бүлтэрч явдаг залуус үүний нэгэн жишээ. Өнгө мөнгөөр амьдралын утгыг жишиж, өөрөө хичээж хөдөлмөрлөхгүй атлаа мөнгөтэй нэгэнд “биеэ үнэлж”, өрөөл бусдын өмнө гайхуулж бардамнан “аз жаргалтай” мэт жүжиглэх бүсгүйчүүд үүний нэгэн жишээ. Идэрхэн залуу насандаа өөрийгөө хөгжүүлж чадалгүй амар хялбраар өдрийг өнгөрүүлж, аз эзэндээ найдаж ямагт мухраар сүслэн, ажил амьдралаа бусдад даатгадаг олон хүмүүс үүний нэгэн жишээ. Ажил амьдрал нь бусдаас хамааралтай болох тусам хүчгүй доройгоо бусдаас нууж, сайн хүн болж сайхан амьдралын дүрд тоглох зовлонг эдэлнэ. Ийм хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдах тусмаа, өрөөл бусдад итгэх итгэлээ ч хамтад алддаг. Амьдралд үүртэн хүчгүй дорой болох тусмаа, хүчтэй хүндэтгэлтэй бусдад атаархаж хорсон муу бүхнийг сэтгэлдээ хурааж, өөрийн зовлонгоо хэмэгдүүлэх. “Бусдын эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов” гэдэг үгний тайлал энэ.

Хүн өөрийн хувь заяандаа “эзэн” нь байхын тулд, өөртөө зөв өөрийн бодолтой болохын тулд, өөрийн хоолоо өөрөө халбагадаж идэхийн тулд өөрөө л хичээх хэрэгтэй болдог. Алдаагүй амьдрал, алдахгүй төгс хүн гэж огт үгүй. Алдаанаас хүмүүс ухаажиж, амьдралын олон өнгийг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч өмнөө тулгарсан олон бэрхшээлийг тэсч тэвчиж, итгэж найдаж байж л давж гардаг. Давж гарч чадсан нэгхэн туршлага л дараа дараагийн бэрхшээлийг давах итгэл болон хувирч байдаг. Уйлж шаналахдаа цөхрөхгүй байх, уруудаж доройтохдоо гутрахгүй байх, алдаж эндэхдээ итгэлээ алдахгүй байх, үхэл өвчнөөс бусдын өмнө өөдрөг байх нь чиний хүчирхэг болохын эхлэл. “Хэлсэн үгэндээ эзэн нь болж, идсэн хоолондоо сав нь болж” чадах нь өөрөө өөртөө эзэн нь болохын эхлэл. Амьдралд боломжгүй зүйл гэж огт үгүй, хэрэв чи хичээх юм бол. Хүн гэдэг аугаа амьтан, хэрэв чи өөртөө эзэн нь болж чадах юм бол. Хорвоо дэлхий гэдэг даанч гайхамшигтай ертөнц, хэрэв чи ухаарч чадах юм бол.

БҮРГЭД ҮҮРЭНДЭЭ ӨТӨЛДӨГГҮЙ

…Бүргэд шувуу талд эсвэл модны мөчир дээр үүрээ засдаггүй. Эгц цавчим өндөр хадны, хэн ч хүрч чадамгүй асган дээр засдаг. Өөрсдөө хараа цуцам өндөрт нисдэг болохоор тэр л өндөр дээрээс гарын алган дээр юм шиг харагдах бүхнийг ихэмсэг нь аргагүй хараачилж, хязгааргүй огторгүйн цэнхэр орчилд хэнд ч хоригдохгүйгээр омог бардам дүүлэн халина. Тэр өөрийн ангаа хүссэнээрээ л сонгодог. Өчүүхэн жижиг хэрнээ амиа зогоох шавьжийг тэр үл тооно. Эр бяр, хүч чадал, омог бардам араншиндаа хүчтэй атлаа хүчгүйг барьж иддэг газрын араатныг сонгоно. Талын хөх чоно, сайхан сүүлээ сагсалзуулан талд харайх үнэг, дошин дээрээ зүүрмэглэх тарвага зэргийг тэнгэрийн уудам мандлаас сум мэт дүүлэн харваж нэгэн хормын дотор хүчит сарвуундаа тасар татчин, хэсэг бусгыг нь тэнгэртээ хишиг болгон аваачина. Тэр л асган дунд эхийгээ хүлээх үрдээ хэсэг хэсгээр нь жижиглэн ам руу нь хийж, өөрөө хэн болохоо, үр нь болсон түүний тавилан ямархан өндөр болохыг нь үлгэрлэн сануулах аж.

Хувь тохиосон цаг нь болохоор өчүүхэн жаахан үрээ хадан дээрээс шууд л түлхэн унагадаг гэнэм, бүргэд шувууд. Учраа олохгүй сарвалзах үр нь хэдхэн хоромд тэвдэн сарвалзавч өндөр орчлонгийн жамаар жигүүрээ нэгэнтээ дэвж, хадан халилд няц унах тавилангаас өөрөө өөрийгөө авардаг гэнэм. Дэлгэсэн жигүүр нь нэгэн хоромд түүнийг өндөрт залахад тохуутай орчлонгийн жамыг өндрөөс ажиж, өөрөө бүргэд шувуу болох тавилангаа ухаарч сэхээрч уужирдаг гэнэм. Хөх тэнгэрийн уудам орчилд өөрийн бяраа мэдэрч, газарт мөлхөх түмэн амьтсыг ажиж өөрийн эрч хүчээ цэгнэдэг гэнэм. Хүчтэй нь хүчгүйгээ захирдаг замбуулинд, хөх тэнгэртээ дүүлэх тавилан нь газрын хэлхээг таслах хувь буйг ухаардаг гэнэм. Бүргэд шувуу үүрэндээ өтөлдөггүй тавилан гэж энэ.

Эр нэгэн хүүгээ өвөртөө дарж эрхлүүлж, өөрөө хаднаас унах тавилангаас нь дандаа зугатаалгаж үүрэнд нь өтлүүлэх хүмүүс бид, хүүгээ хэзээ ч бүргэд болгож чаддаггүй. Өөрөө бүргэд байхыг мөрөөдөх хэрнээ, үр хүүхдээ газарт мөлхөх тавиланд уяж орхичихоод л “чи нисч чадахгүй байнаа” гэж халаглах энүүхэнд. Газар мөлхөж, цаг ямагт танд гомдоллож, даль жигуурээ хугалсан шувуу шиг л ганганаж, гунганаж далавчаа дэвэх төдий тохиолд нь өмнө нь сөхөрч, тэнгэрт хөөрч чадахгүй гутамшигтаа өөрөө л гуниж суух. Тэр л үр нь хорхой шавьжаар хооллож, тэнгэрт дүүлэх бусдыг харан атаархаж хорсож, өөрөө нисч чадахгүй атлаа эцгийнхээ далавчийг нэгэн жигүүрээр хумьж тэнгэрт бус газарт өтлөх монгол бүргэдхэн олшроо юу даа. Өөрийгөө бүргэд хэмээн нэрлэх авч, өндөр хөх тэнгэрт дүүлэх чадалгүй нуурын шувуудаар бид яах ч билээ. Яг л түүн шиг “би монгол” хэмээн согтуудаа цээжээ дэлдэвч, маргаашийн өдөр түмпэнд бөөлжсөө долоох эрсийн оронцгоор яах ч билээ.

Хил манаж, төрийн багана түших эр нэгэн хүмүүнээ бүү эрхлүүл, аав ээжээ. Далавч нь ургаж гүйцэх дор хадан халилаас түлхэж л орхи, цаашаа. Хаданд няц даруулбал тавилан нь тэр л буйз. Харин тэр мөчид жигүүрээ дэлгэн, хязгааргүй орчилд нисч одож чадсан бол хүүгээрээ бахархаа. Тэр хүү чинь хорхой шавьж эргүүлэхгүй ээ, эр нэгэн бүргэд шиг холын холд хараачлан байж, омог бардам дүүлэн нисэх болно. Яг өнөөдөр Монгол оронд минь эр зоригтой бүргэдүүд хэрэгтэй байнаа. Тэд жигүүр нь цуцаа нь үгүй омог бардам, тэртээх хөх тэнгэрээс газарт дүүлэн нисэх жигүүртэй, тэгсэн мөртлөө хов живийн балчиг дээгүүр тоох нь үгүй дэвж, гагц монголчууд бидэнд заяасан уудам орчлонгоос бүхнийг тольдох болно. Бид заримдаа “тэнгэр заяатай” хэмээн агсагнах хэрнээ, өөрсдөө газарт мөлхөж бусдын угаадсыг долоох юм даа. Тэд биш ээ, таны зүрхэнд инээдээрээ уяруулж, тэгсэн мөртлөө хүзүүгээр тань тэвэрч, чихэнд тань хүслээ шивнэх хүү тань, хожмын нэгэн өдөр тэнгэрт дүүлэн зоргоороо нисэх бүргэд болж чадах шүү дээ.

БҮРГЭД ШУВУУД ХЭЗЭЭ Ч ҮҮРЭНДЭЭ ӨТӨЛДӨГГҮЙ, ГЭХДЭЭ ХЭЗЭЭ Ч ГАЗАРТ МӨЛХДӨГГҮЙ.

СЭТГЭЛЭЭС СҮҮ УРСДАГ

…”Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг хэллэг бий. Бусад оронд ямар байдгийг би сайн мэдэхгүй. Харин монголчууд бид “10 сар ангир уургаа шимж өссөн эр хүн”-ий тухай домогтоо дурддаг. Эх хүний сэтгэлийн их хайр хөхний сүүгээр шингэц болон ивлэдэг гэсэн монгол санаа ч юм уу даа. Шөнийн түнэр харанхуйн уртад үрээ элгэндээ тэвэрч, яраглах тоолонд нь аргадан бүүвэйлж, уйлах мөчид нь хөхөө аманд нь амлуулж, өөрийн нойроо хугаслан байж аргадаж хурайлдаг эхчүүд тийм ч олон биш болов уу? энэ ертөнцөд. Эх хүний цээжинд ивлэдэг их хайранд уусаж өсдөг болохоороо л монголчууд бид уяхан болдог байх. Түнэр харанхуй шөнийн айдсаас өөрийгөө болон үрээ хурайлж дуулдаг болохоор нь бүүвэйн дуунд монголчууд бид уярч хайлдаг байх. Сүүгээр дамжсан их хайранд умбадаг болохоороо монголчууд бид ямагт эхийн элбэрэл хайрын тухай дуунд уярч нулимс дуслуулдаг байх, насан хэвийсэн хойноо ч.

Эх хүний хоёр хөхөнд хайр ивлэдэг болохоор хорвоо амгалан байдаг байх. Тэр л сүүг амалж хүн болсон болохооор эрчүүд бид их харгислал дунд бүсгүй хүн рүү бууны гох дарж зүрхэлдэггүй байх. Хэцүү мөчид ч аялсан эх хүний бүүвэйн дуунд энэ дэлхий даяараа уярч толгой гудайлган хүндэтгэдэг байх. Яагаад гэвэл харгис хатуу ч гэлээ эр хүн болгон эхээс төрдөг болохоор. Яс махны тасархай байхаасаа л энэ бүүвэйг зүрхнийхээ хэмнэлд сонсч, уярч амгалан сайхнаар унтдаг байсан болохоор. “Сайхан ээжий минь намайг үүрч алхахад салхи нь хүртэл хүнддэх вий гэсэндээ хийсч оддог” монгол төсөөллөөр бид дандаа эхийгээ хайрлан хүндэтгэдэг байх. Салаа гэзгэндээ сувдан даруулгатай, салхинаас өөр хэнийг ч биедээ хүргээгүй хацар гоо охидыг царай алдан өмнө нь сөгдөн хайр гуйдаг нь монголчуудын бахдал буйз. Тийм л гоо бүсгүйчүүдэд сэтгэлээсээ дурлан шаналдаг болохоор цэвэр монгол эрийн сэтгэл сүүн хайранд умбадаг байх.

Балчир бага байхаасаа л эхийн сүүн хайранд ивлэсэн болохоороо сайхан монгол эрчүүд бид уян зөөлөн сэтгэлтэй болсон байх. Сүүгээр сүлсэн энэ л хорвоод дандаа зөөлөрч дэвтэн, сумны зэвэн дор уртын дууг сэтгэлдээ аялан амиа алддаг байсан байх монгол эрчүүд. Сүүний цагаан өнгөөр энэ ертөнцийг төсөөлдөг болохоороо хөө шиг хар өнгийг сэтгэлдээ нэвчүүлж чаддаггүй байсан байх, монгол эрчүүд. Тийм болохоороо харийнханд “тэнэг” харагддаг байх, магад сүү шиг сэтгэлдээ. Бид бусдад сэтгэлээ илчлэхдээ мөнгөн аяганд сүү дүүргэн бусдад дээжлэн сэтгэлийн цагаанаа илэрхийлдэг байж болох. Эхийн хөхнөөс урссан сүү бусдад хайр энэрлийн бэлэгдэл болно гэж бид итгэдэг байж болох. Гэхдээ л монголчууд бид хадаг шиг мөнх хөх тэнгэртээ сүүн цагаан сацал өргөн аврал, өршөөл гуйдаг. Зөвхөн өөрийнхөө төлөө бус, тэнгэрт хуралдах аадрын бараан үүлс шиг хав харанхүй ертөнцөд сүүн цагаан гэгээ оруулах гэж. Газар дээр цахилах аадрын асгарааны дараа тэнгэрт солонго татан нумарах мөчид, хашааны буланд айдсаа дарах гэж эхийнхээ хөхийг нудчих хурга шиг бид өчүүхэн. Харин ивлэж ам руу урсах эхийн сүү шиг ариухан нь хаана билээ.

Share Your Thoughts