ЗУРВАСХАН БОДЛУУД – 16

ЧИХРИЙН ЦААС

…Чихэр болгон янз бүрийн амттай. Зарим нь салахын аргагүй амтлаг, зарим нь зүгээр дажгүй, зарим нь идэхээс ч дургүй хүрэм. Бас хатуу, зөөлөн, бурамтай, гашуун, зажилбартай, аманд уусдаг гэхчилэн янз бүр, бодвол технологоосоо болдог байх. Бүх чихрүүдийг янз бүрийн цаасанд боодог. Чихрийн амтандаа ч биш, үйлдвэрлэсэн эзэн нь чихрээ борлуулахын тулд элдэв чамин цааснуудыг бодож олдог. Чихрийг нь бусад хүмүүс худалдаж авч байх нь эздэд хамгаас чухал. Учир нь тэр чихрүүд эзэддээ мөнгө болон буцаж очдог болохоор. Тийм болохоор эзэд нь чихрийн амтаас нь үл хамааран, аль болохоор гоё цамин цаасанд чихрээ боохыг хичээнэ. Учир нь нүд ам хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай. “Зай ч байна, лай ч байна” гэдэг хэллэг бий. Нүдээр харж сонирхсон гоёмсог цаастай чихрийг задлан ам руугаа хийх хүртэл тэр хэрийн хугацааг элээнэ гэсэн үг. Монголчууд бид нэрэлхүү болохоороо нэгэнт авч задлаад ам руугаа хийсэн чихрийг өөртөө таалагдсан эс таалагдснаас үл хамаараад зөндөө олноор нь худалдаж авах нь бий. Амт нь онцгүй байлаа ч ядаж гаднах цаас нь гоё ганган болохоор үгүйдээ л бусдыг “нүдээ хужирлаг” хэмээн бодох.

Өнөө цагт бидний ихэнх нь чихрийн амтыг бус, гаднах цаасанд нь их ч ач холбогдол өгдөг болж. Гаднаа л гоё харагдаж байвал доторх амт нь ч яамай. Будмал бүсгүй булган шуба дороос мишээж байвал, сэтгэл доторх хөө нь тэгтлээ хамаагүй. Ядаж л олны газар дагуулаад алхаж байвал хүмүүс эргэн харж, өөрт нь атаархсан харцаар дагуулан харна гэж төсөөлдөг болохоор. Угийн мунхаг, онгиргон тэр залуу баар саванд баярхаж онгирч байвал, түүний яаж баяжсан нь тэгтлээ хамаагүй. Ядаж л харш дотор заларч, хар өнгийн “жееп” дотроос бууж байвал, үеийн бүсгүйчүүд нь түүнд атаархсандаа “муужирч унана” гэж мөрөөддөг болохоор. Ерөөсөө хөдөлмөрлөж үзээгүй “цагаан гартан” УИХ д суугаад хэл амаа билүүдэж байвал, түүний мэдлэггүй мунхаг нь тэгтлээ хамаагүй. Ядмагхан их зангийнх нь өмнө яаж ч чадалгүй найзууд нь зусардан “долигононо” гэж бусад нь мэддэг болохоор. “Найраад” ч болов нэр алдарт хүрсэн нэгэн сагаж байвал, яаж ингэж чадсан нь бусдад тэгтлээ хамаагүй. Нэр алдар нь хуурамч ч гэлээ түүнд зусардагсад олон болохоор, түүнийг магтан мандуулагсад мундахгүй. Бид хэзээд чихрийн гоёмсог цаасыг хараад их үнээр худалдаж авах хэрнээ, хэзээ ч чихрийг жинхнээр нь амталж таашаалж, тамшаалж чаддаггүй. Бас ялгаж муухайг нь нулимж чаддаггүй, сайныг нь амталж чаддаггүй.

Уг нь байна шүү дээ. Чихэр болгон амтандаа таарсан цаастай байдаг бол? бид юундаа ч мунгинаж будилах билээ. Үнэхээр амттай, хүн болгоны хүслийг татсан бол маш гоёмсог цаастайгаа, хэрэв амт нь төдийлэн сайнгүй бол ядаж түүнээс тааруухан цаастай, бүр муухай амттай бол салбарч сэмэрсэн цаастай байдаг бол? Гэхдээ чихрийг үйлдвэрлэж байгаа хүмүүс үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч, даган мөрдөхгүй л дээ. Зарим нь чин сэтгэлээсээ хөдөлмөрлөн зүтгэж байхад зарим нь зүгээр л урсгалаараа явж, зарим нь зүгээр бусдыг “хулхидаж”, эцсийн дүндээ бүгдээрээ л их мөнгө олохыг хүсдэг. Харин төр болоод нийгэм нь үүнийг стандартаар, бас хуулиар зохицуулж чадахгүй бол “мөнгө цагаан нүд улаан” хэллэгээр бэртэгчингүүд хожиж, бид хохирсоор л байх болно. Элдэв тэнэг мунхаг зүйл дунд “нүд чих дасахаар”, эцэстээ бид “уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцэхгүй” болж орхиход цөхөрч орхино. “Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий” гэдэг хэллэгээр, бид хэзээ ч чихрийн амтыг нь амтлахгүйгээр гаднах өнгөнд нь хуурагдан “гоё амттай юмаа” хэмээн зусардаж, нүв нүцгэнээрээ олны дунд алхах эрх мэдэлтэнгүүдийг харахдаа “манай хаан ямар гоё хувцастай юм бэ?” хэмээн орилолдох болно. Нүд чих хоёрын хооронд бас л дөрвөн хуруу зайтай гэдэг юм билээ. ГУНИГТАЙ БАЙГАА БИЗ.

РОМАНТИК БАЙ

…Намайг их залуу байхад дотно байсан хүмүүс минь “Энэ их романтикаа” гэж шоолдог байж билээ. Романтик гэдэг маань гутранги бодол санаанаас, өөдрөг хүсэл мөрөөдөл рүү тэмүүлэх тэмүүлэл юм уу даа. Нэг их гоё роман уншиж дуусаад л надад учиргүй таалагдсан гол баатрынх нь дүр дээрээ өөрийгөө төсөөлөөд л, нэг уужим амьсгаа авч байгаад тэнгэр рүү ширтэж, гараа салаавчилж гэдэргээ харж хэвтээд мөрөөдөх ямар сайхан гээч. Бас болоогүйгээ, өөртөө таалагдаагүй тэр хэсгийг өөрийнхөөрөө өөрчлөөд л “би бол тэгэх байсан даа” гэх мөрөөдөл минь тэртээд хөвөх үүлсийн чанадад намайг аваачдагсан. Яг л үүл шиг сэтгэлд минь хөвөх мөрөөдөл дундаа өөрөө хөвөөд л, энэ ертөнцийн хязгаар дунд эргэж ирэхгүй юм шиг л бодол санаа минь холын холд хөвдөг сөн. Их л гоё мэрдэмж дунд, дээрээс тусах нарны гэрэл солонгороод л, миний сэтгэлийг хаа нэгтээ үүл шиг л дагуулаад л хөтөлж оддогсон. Миний сэтгэл эргэж ирэхгүй холын диваажинд намайг дагуулж оддогсон. Сэтгэлд минь төсөөлөгддөг диваажин гэгч миний сэтгэлийн романтик урсгал.

Амьдралд дунд урсах их зовлон шаналал дунд намайг гэгээрүүлж, холын холд аваачдаг романтик мөрөөдөл, намайг дандаа гэгээлэг сайхан руу хөтөлдөг сөн, яг л холын хол дахь элсэн манхан дунд жингийн тэмээд зэрэглээн дунд алсран холдох шиг. Хайрлаж дурласандаа сэтгэлдээ бэтгэрч, санаж мөрөөдөн тачаадан хүсэх сэтгэл минь үүлэн дээгүүр хөвөн хөвж, алсын алсад одох шиг мэдрэмж. Яг л лусын гүнж мэт гоо бүсгүй миний гар дээр алгаа зөөлхөн тавьж, миний нүдний цөцгий рүү эгц харан ялдамханаар инээмсэглэх мэт. Өнөө цагт орных нь тэртээх дөрвөн буланд лаа асааж, тэрхүү бүдэг гэрлийн анивчаанд чинийхээ уруулыг тэмтрэн хайх мэт. Эсвэл цав цагаахан өргөөнд цав цагаахан төгөлдөр хууран дээр цав цагаахан хуруугаараа сонгодог аясыг товшин бүжиглэх өндгөнд тань бүлээхэн амьсгалаа түгжин байж, ихэмсэгхэн нь аргагүй сөгдөн уруулаа хүргэх мэт. Их л гэгээлэг мөрөөдөл дунд дандаа хайрыг сэтгэлдээ дүрсэлж, тэнгэрийн олон оддыг тоолох шиг мэдрэмж, миний сэтгэл дунд оддын урсгал дунд уусан одох мэт. Харин ухаарч мэдрэхдээ ганцаар байгаадаа би ердөө ч гутардаггүй, яагаад гэвэл би гэгээн мөрөөдөл дундаа өөрөө сэтгэл минь ханадаг болохоор.

Амьдралын олон өнгө дундаас цав цагаахныг нь олж сэтгэлдээ мөрөөдөж бай. Яагаад гэвэл сэтгэлд дундрах дутууг тань дүүргэдэг болохоор. Нэгхэн ч хором өөрөө лусын хаан байж, нэгхэн ч хоромд лусын дагинатай нөхцөж байж, дотор мөрөөдөлдөө сэтгэл тань амардаг юм. Сэтгэлийн их амар амгалан дунд “дундуурыг нь дүүргэж, дутууг тань нөхдөг” юм. Хэрвээ романтик хүсэл мөрөөдөлгүй бол, “чи хэн юм бэ?”. Амьдралын их урсгал дунд романтик хүсэл мөрөөдөл, голын хүчит урсгал шиг хүмүүний сэтгэлийг дагуулдаг юм. Хаа хүрэхийг нь хэн ч мэдэхгүй ч, хаана зогсохыг нь сэтгэлийн багтаамж тань мэддэг юм. Сэтгэл тань ядуухан бол урсгал нэгэн чулуунд тээглэдэг юм, сэтгэл тань аугаа бол хадан халил дунд урсаад л өнгөрдөг юм, мөрөөдөл тань. Бид романтик мөрөөдөлгүй бол зүгээр л нэг үхээнц амьтад, хэрэв романтик мөрөөдөлтэй бол жигүүрхэнтэй хүчтэй эр бор харцага. Амьдрал санаснаар тань болохгүй байж болноо, гэхдээ сэтгэлдээ алив сайхныг мөрөөд, түүн рүүгээ тэмүүл. Амьдрал тань санаснаар болж болноо, бүр ихийг мөрөөд, магад биелж болноо. Зүгээр л үхээнц амьдарснаар гэгээлэг мөрөөдөж амьдар, магад чи бүргэд шиг дэвэх болно. Тэр өндөр дээрээс амьдралыг арай л өөрөөр харж, арай л өөрөө мэдрэнэ дээ.

МАТЕРИАЛЛАГ БҮХ ЗҮЙЛ ХЯЗГААРТАЙ

…Би өнөөдөр Далай ламын айлдварыг фесбуукээр сонсож суулаа. Бүх айлдваруудын эцэст энэ л үг миний сэтгэлд шингэж үлдэв дээ. Тэрээр айлдахдаа “Би зөндөө олон саятан найзуудтай. Тэд хичнээн их мөнгөтэй байвч, хувь хүнийхээ хувьд огт аз жаргалгүй”, “Би зөндөө олон мундаг эрдэмтэдтэй найз. Тэд хичнээн мундаг нээлт хийвч, хувь хүнийхээ хувьд аз жаргалгүй”. Их мөнгө, их нээлт, их хөгжил, их технологи зэрэг материаллаг хэрэглэгдэхүүн бүгд хязгаартай гэдгийг 20-р зууны сүүлчийн үе бидэнд нотоллоо шүү дээ. Харин хүмүүний сэтгэлгээний орон зай хязгааргүй. Хэрэв хүмүүс бид өөрсдийн оюун сэтгэлгээгээ хянаж, удирдаж чадвал аз жаргалтай байж чадна хэмээн Далай лам сургаалдаа дурдав. Тэрээр цааш айлдахдаа “Адгуусан амьтдаас өөрийн оюун ухаан, ухамсраараа ялгаатай хүмүүн гэгч: 1-рт Өөрийн үр удмаа энэ ертөнцөд үлдээх биологийн зорилготой, 2-рт Сэтгэл амар амгалан, аз жаргалтай амьдрах хүсэлтэй” хэмээн тодорхойлов. Харин тэр аз жаргал гээч нь хүмүүний сэтгэлийн дотоодод оршдог хэмээн товч тодорхой сурган айлдлаа.

Хүмүүс бид материаллаг сонирхолд хэт автаж, шуналын сэтгэлгээгээр амьдарч байна гэдэгтэй би санал нийлж байгаа. Үнэтэй брендээр гоёж, үүнийгээ бусдын атаархлыг хөдөлгөх хүчин зүйл гэж боддог олон хүмүүс бий. Эрх мэдэл, шийдвэр гаргах боломжоороо бусдыг дарамталж, энэ боломжийнхоо төлөө бусдаас их хэмжээний авилгал авч, үүгээрээ өрөөл бусдыг дарамтлах хүсэлтэй тэнэгүүд олон бий. Өнгө мөнгө, эрх мэдлийг “мөнхийн” юм шиг сэтгэж, өөрөө мөнхийн мөнхөд “хаан суудалд” залрах хүсэлтэнгүүд олон бий. Тэдэнд цаг үргэлж зусардаж, угаадаснаас долоож амьдрах хүсэлтэнгүүд тэднийг тойрон эргэлдэж байдаг, баасны ялаа мэт. Гэхдээ цаг хугацаа өөрөөр эргэхэд өөрийг чинь, өрөөл бусдыг хямдхан арилжиж “хамеолон” мэт хувирагсад цөөнгүй бий. Мөнгө, өнгөтэй байхад чинь “хязгааргүй хайртай” гэх мөртлөө, халтирч унахад чинь нулимж, дэвсэлж орхиод хээв нэг орхиод одох хүмүүс зөндөө бий. Алдар нэр бусдын атаархал дор сагаж дэрвэж явахад чинь гутлын улыг чинь тосолж байсан зусардагсад, зуурдаар алдаа гаргахад нь муулж бахаа хангаж, баясах мунхагууд зөндөө бий. Тэгэхэд чи хэн ч биш ” үнэгүй” нэгэн болж үлдэхэд чамайг тойрон эргэлдэх дэнгийн эрвээхэйнүүд өөрийгөө бусдад “үнэд оруулж” хээв нэг дэвж олдох нь зөндөө бий.

Бид зөндөө л олон удаа өөртэйгээ ярилцдаг. Толины өмнө зөндөө эргэлддэгтэй адил өөртэйгээ дандаа үгэлж, учирладаг. Гэхдээ дотоод сэтгэлээ хэзээ ч толинд харж чаддаггүй, тэртээх холын зэрэглээ дүрсээ хуурамчаар бусдад харуулдагтай адил. Бид заримдаа цөхрөхдөө толио хага шиддэгтэй адил, амьдралд бухимдахдаа өөрийгөө өөрчилж чаддаггүй. Яагаад гэвэл бид өөрсдөө бусдын бүтээл болохоор. Би өөрөө хүсч энэ хорвоод ирдэггүйтэй адил, өрөөл бусад нь миний хувь заяаг шийддэгтэй адил. Би дандаа өөрийн сэтгэлээ чагнаж, өөртэйгээ ярьдаг, бас тэрсэлддэг. Гэхдээ би дандаа дотоод сэтгэлээ чагнадаг, мэдрэмжээ мэдэрдэг. Ухаангүй тэнэг мэт аашлахдаа, би заримдаа гайхдаг, “яагаад би ингэчих вэ дээ?” гэж. Өөрөө өөрийгөө ойлгохүй үе зөндөө. Заримдаа уярч дуулахдаа өөрийн дотоод сэтгэлээ чагнадаг, заримдаа аргамждаг. “Би хэн юм бэ?” гэж заримдаа цөхрөхдөө нулимсаа арчин байж, өөрөөсөө чанга дуугаар асууж бухимдана. Хэн нэгний өмнө “хэн ч биш” байхаас аймшигтай нь надад үгүй. Хэзээ хойно ч гэлээ би өөрөө үнэ цэнэтэй байхыг хүсдэг. Тэгж чадах ч юм уу? үгүй ч юм уу? би өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ ухаарлыг дотоод сэтгэлээсээ л хайдаг юм даа.

Share Your Thoughts