ЗУРВАСХАН БОДЛУУД – 17

АРХИ ХҮНИЙГ “ЭВДДЭГ” ҮҮ?

Олон хүн “архи хүнийг эвддэг” гэж боддог, бас тэгж халагладаг. Буруугаа бусад руу чихэх нэгэн араншингийн илрэл юм үү даа. Хайртай нэг нь архинд “толгойгоо мэдүүлж” хамаг олныг зовоон тарчилгах мөчид, бүгдээрээ л архинд бурууг нь өгч, “энэ хар усны гай дайраагүй бол, хаанаас бид ингэж зовж шаналах билээ” хэмээн гасалж, хавь ойрын арга чарга бүхэн рүү хамаг байдгаа баран аргаддаг. Сүүлчийн сохор зоосыг нь хармаанаас нь суйлж, сувдаг сэтгэлээр аль өнгөтэй бүхнийг нь ломбардад тавьж, сэтгэлд нь үлдсэн гал болгоныг нь хуурамчийн хүйтэн усаар унтрааж байхад хүртэл бид тэдэнд бурууг өгдөггүй. “Хөөрхий дээ, архины хорлол болж, сайн яваа бидний үйл лайг үүрч, хар хэл амнаас биднийг халхалж яваа” хэмээн сэтгэлдээ зөвтгөх нь олонтаа, бас тэгж итгэх нь зөндөө. Нус нулимсандаа хутгалдсан тэрээр, согтуурсан араншингаар бүгдэд нь агсам тавьж, “би л та нарын үйл лайг үүрч яваа, тийм болохоор та нар намайг загнаж яана” хэмээн солиорох нь бишгүй. Үйлээ үүрдэг эх хүний зөнгөөр, өрөөл бусдад нь тэгж ойлгуулан, түүний лайг бусдад нь үүрүүлэх тавилан зөндөө.

Уг нь байна шүү дээ. Архи хүнийг эвддэггүй юм, харин тэр хүний арчаагүй мөн чанарыг нь өгдөөж гаргадаг юм. Эрүүлдээ бусгүй хүний өөдөөс эгц харж чаддгагүй ичингүйрлийг хундаганд сөгнөсөн сархад дэврээж, сэтгэлийн чанадад нуугдаж байсан тачаалыг нэгхэн хоромд өгдөөж, эрээ цээргүйгээр бүсгүйн хормойг сөхөж, мунхаглан шүлэнгэтэх үйлийг түүгээр хийлгэж чаддаг юм. Эрүүлдээ сэтгэл дотроо хэн нэгэнд хонзогонож яваа хорслыг хундаганд сөгнөсөн дарс дэврээж, ичгүүргүйгээр тэр хүний өөдөөс арслан барс шиг авирлан хашгичих араншинг гаргуулж чаддаг юм. Эрүүлдээ сэтгэлдээ ичингүйрэн шаналж явсан бодлыг хундаганд сөгнөсөн дарс дэврээж, нус нулимстайгаа хутгалдан байж бусдад гомдоллох арчаагүй араншинг нь бусдад дэлгэж өгдөг юм. Атаархаж хорссон сэтгэлийн далд нуусан хорыг хундаганд сөгнөсөн дарс дэврээж, доромжилж түүн рүү муухайгаар хэлэх үгсийг хар хорын сэтгэлээс нь урсгаж чаддаг юм. Өөрөөсөө ч нуух шахам бэртэгчин бодлыг өөрийг нь хайрлаж өрөвддөг өрөөл бусад руу эрээ цээргүй тургилж, “сайхан сэтгэлийн гал дээр ус асган” нурамлаж, харин тэр үнсэн дунд өөрөө халтартахын зовлонг хундаганд сөгнөсөн дарс түүнд авчирч өгдөг юм.

Хундаганд сөгнөсөн дарс хүний сэтгэлийн далд оршиж буй муу муухай бүхнийг ходоодонд нь хүрч халуу дүүгүүлэхдээ хатгаж гадагш нь гаргаж чаддаг юм. Бусдын өмнө арчаагүй царайлан өрөвдүүлж, бусдаар өөрийгөө тэжээлгэх арчаагүй тавилангийн тэртээд нуугдах хорон муу сэтгэлийг ил гаргаж бусдад харуулдаг юм. Өөрөө угийн арчаагүйдээ өрөөл бусдад атаархан хорсож, нэгхэн хором ч гэлээ түүний дэргэд “хорслоо тайлах” бачим боломжийг түүнд олгож өгдөг юм, хундага дарс. Өөрийнхөө арчаагүй доройдоо өрөөл бусдын “үг даахгүй” гомдоллох, мунхаг араншинг нь бусдад илчилж харуулдаг юм, хундага дарс. Архины дусал болгон нь түүний ходоодонд хүрч халуу дүүгүүлж, толгой тархийг нь мансууруулж тэрхэн хоромд мангартуулах тусмаа, өөрөө ч бусдад ил гаргаж зүрхэлдэггүй мунхаг араншинг нь нүцгэн үнэнээр нь бусдад харуулдаг юм. Биеийг нь сэглэж, сэтгэлийг нь тарчилгах архи тэр хүнийг эвддэггүй юмаа, харин тэр хүний эвдэрч хэврэгшсэн арчаагүй сэтгэлийг нь бусдад ил гаргаж таниулдаг юм. Сайн хүн байгаад муу хүн болсон юм биш ээ, энэ архичид. Сайхан араншингаар өөрийгөө халхалж явсан мунхаг төрхийг нь ил гаргаж байгаа нь тэр. “Өрөвдөх тусам нь өр рүү чинь өшиглөх” муухай санаа угаасаа л түүний төрөлх чанар.

“АРХИ ХҮНИЙГ ЭВДДЭГГҮЙ ЮМ, УГААСАА ТҮҮНИЙ АРЧААГҮЙ ТӨРХИЙГ Л БИДЭНД ХАРУУЛДАГ”. Өрөвдөх эс өрөвдөх нь таны л сонголт. Хэрвээ үнэхээр л сайн хүн юм бол АРХИ ТҮҮНИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ.

Зүүдний үргэлжлэл ӨГЛӨӨ

…Сэрэмгүй жаргалтай зүүдний үргэлжлэл өглөө. Хүлээж санасан амрагтайгаа уулзан сэтгэлийн чанадад бэтгэрсэн сэтгэлээ дэвтээж, цээжинд минь наалдан эрхлэх чинийхээ сэвлэг үсийг илбэнхэн тайтгарна. Санаа алдахад ч цээж хөндүүрлэн, санчигны минь үсийг даган урсах нулимсаа ч арчиж чадалгүй, сэрэхээс эмээхдээ нүдээ чангаар аньж дэрэн дээрээ алгуурхан хөрвөөнө. Хөдөө талд хүлэг морьдын үүрсэн янцгаах дуу, гүүн зэлэн дээрээс гэрийн зүг суналзан алхах бүсгүй, хөхүүрэн дотроо исгэрч шуугих айрагны үнэр. Нутагтаа оччихоод багын чулуун тоглоомоо нэг эргэж, тэртээд сүүмэлзэн харагдах хайрхан уулсаа саравчилж, зэрэглээн дунд урсах танан гэрүүдийн сүүмэлзээнд багадаа сайдаж муудалцан тоглож өссөн багын хэдэн найзуудаа хайн бэдэртэнэ, бас үгүйлэн дурсана. Сэрж чадамгүй, сэрэхийг ч хүсэхгүй зүүдэн дундаа тэднийгээ тэр л цагийн төрх, ааш араншингаар нь харж, тэр л цагийн нэрээр нь дуудан уярана, бас хайрлана. Сэрмээргүй сайхан зүүд зүрхийг минь зөөлхөн илбэж, сэтгэлийг минь алгуурхан аргадаж, дурсамжийг минь гэгээн аялгуугаар хөглөнө.

…Сэрмээр шаналантай зүүдний үргэлжлэл өглөө. Хүсээгүй хэн нэгэнтэй учирчихаад хорон хатуу сэтгэлээс нь зугтаж чадахгүй шаналж, хэрүүл хараалынх нь өөдөөс хэлэх үггүй гацаж тэвдэнэ. Сэтгэлийн минь дотно нэгэн тэртээд хол зогсчихоод ойртох тутам холдон зугатаж, холдоод зогсохоор хүлээгээд цаашаа явахгүй мөртлөө юуг ч юм учирлаж, гараа сунган аврал эрнэ. Өрөвдсөндөө яваад очьё гэхээр хоорондох зай минь ойртож өгөхгүйн зовлон, үгийг нь сонсоод учрыг нь ойлгоё гэхээр дуу нь надад хүрэхгүйн гаслан. Хүсээд байгаа хэрнээ юу ч хийж чадахгүй байна гэдэг аймшигтай хэрнээ шаналантай. Оволзсон ширүүн үерийн ус хамаг бүхнийг хаман урсаж, би хаашаа ч явж чадахгүй айдсан дундаа тэвдэж зогсоно. Нэгэн газрын гүехнээр гарах гэж оролдоход хаа нэгтэйгээс аймшигт давалгаа намайг нөмрөн авч хаа нэгтээ урсгаж одно, би арчаагүйдэн сарвалзана. Хүчтэний өмнө хүчгүй болж арчаагүйдэн шаналах шиг хэцүү нь үгүй. Сэрж энэ бүхнээс салахдаа зүүд байсныг нь мэдэж учиргүй баярлана, бас сэтгэлийн шаналлаа намжаах гэж зүрхэн дээрээ гараа тавьж өөрийгөө тайтгаруулна. Өглөөний нар, цэвэр агаар, шувуудын жиргээ надаас муу муухай бүхнийг минь авч одох шиг.

…Эгэл, амгалан зүүдний үргэлжлэл өглөө. Алсад одсон аав минь хажууд минь суугаад амгалан тайвнаар миний ярихыг сонсож, заримдаа духыг минь үнэрлэнэ. Яг л яваад одсон төрхөөрөө, орхиод одсон сэтгэлээрээ, хүүгээ гэсэн хайр нь хэвээрээ. Багтарч шаналсан миний учирлалыг сонсоод, ганцхан хэрэгтэй үгийг надад хэлчихээд юу ч болоогүй юм шиг амгалан тайвнаар явж одов. Гэнэт сэрчихээд хаашаа явж одсоныг нь хайн харанхуй зай руу ширтэнэ. Заримдаа дуусгах гэж зөндөө оролдсон ажлынхаа, мухардаж орхисон санааг гэнэт олчихоод, гэнэт сэрж учиргүй баярлана. Хааяадаа хайгаад ч олохгүй байсан сайхан үгсийг зүүдэндээ сонсоод, сэтгэл минь тайвширч нэг л сайхан амгалан мэдрэмж төрнө. Тэр үгээ мартахгүй гэсэндээ өглөө болтол өөртөө шивнээд л байх. Учрах гэж мөрөөдөөд байсан түүнтэй учирч, зөндөө сайхнаар ярьж сууна. Хэлэх гэж бодож байсан бүхнээ түүнд хэлж амжсандаа чин сэтгэлээсээ өөртөө баярлан тайвширна. Өглөө сэрэхэд нэг л амар амгалан. Сэтгэлдээ дутаж байсан зөндөө олон зүйлийг энэ шөнө олоод сэтгэлээ дүүргэчихсэн мэт тайван, бас баяртай.

Хав харанхуй орчлонгоос гэрэл гэгээтэй өглөөтэй учрахдаа хүн бүхэн баярладаг. Цонхоор сэвэлзэх зөөлөн салхи амрагийн минь ялдамхан илбээ мэт, нүүрэн дээр бүлээхэн тусах нарны гэрэл ээжийн минь хайрын илч мэт, модны мөчир дээр аялгуулан жиргэх шувуудын хөгжилтэй эгшиг, хайртай үрийн минь надад эрхлэн даажигнах цагаан инээд мэт. Аяа өглөө чи, урсах амьдралын минь нэгэн давалгаа, угтаж айсах жаргал зовлонгийн үүд, сэтгэлийг минь баясгах гэгээн мөрөөдлийн хөтөч. Элдэв зүүдний минь үргэлжлэл, эгэл амьдралын жирийн өдрүүд.

БАГШ ХҮН

…Олон жил багшилж байгаад тэтгэвэртээ гарсан ахмад багш, намрын хавчис шаргалтаж ээвэр нар ээсэн 9 сарын 1 нд сэтгэлээ хорьж дийлэлгүй, сургууль руугаа тэмүүлдэг. Гоёлын хувцсаа өмсөөд мөнөөх л бүгдэд дасал болсон цүнхээ сугавчлаад жагсаж зогссон олон шавь нар руугаа хүрээд л ирэхэд хүн болгоны сэтгэлд өрөвдлөөс илүүтэй, дотно санагддаг. Бусад хүмүүс тээршааж чихээ дараад л холдмоор шуугиан, өрөөл нэгэн тэвдэж сандраад зугатаж холдмоор замбараагүй хөөцөлдөөн хөдөлгөөн, үй олны элдэв үнэр танар тэр л хүмүүст даанч танил, бас дотно санагддаг. Хэний ч юм бэ сахилгагүй, хэнэггүй хүүхэд, хичээлээ тасалж зугатаах хэрнээ шилээ маажсаар ангидаа орж ирдэг хөвүүн, хэрдээ тоогдох гэж хичээвч бусдаас ичихдээ үсийг нь татаж чангаан охидыг орилуулах хөвгүүд, “багшаа энийг хараач” гэж ховлох хэрнээ бусдын нүдийг хариулж байгаад хэлээ гарган дооглож амжих охид бүгдээрээ л багш хүний хамгийн дотно дурсамж. Зарим хүмүүсийн хувьд толгой эргэж, муужирч унам энэ л ертөнц гагц багш хүнд хамгийн аз жаргалтай мөч байдаг.

Өглөө бүр сургууль руугаа яаран алхахдаа шавь нартаа юу ярьж, юуг яаж ойлгуулах тухай эргэцүүлэл нь толгойноос нь салахгүй. Сэтгэлийн дотоод ертөнц нь тэдэнтэй хүйн холбоогоор аргамжигдсан байдаг болохоор. Заримдаа дүрсгүйтэж сахилгагүйтсэн нэгний чихнээс татаж зандарч байхдаа, сэтгэл дотроо өрөвдөж хайрлаж байдаг гэгээн бурхад. Гэхдээ тэдний том болоод хэн болохыг нь урьдчилж мэдэж байдаг сэтгэлийн хувилгаад. Өөрийнхөө хүүхдэд олигтой анхаарч чадахгүй хэрнээ, өрөөл бусдын хүүхдийн төлөө шөнөжингөө сэтгэлээ чилээж хонох ариун гэгээнтнүүд. Өргөл болгон бусдад мэдлэг түгээх хэрнээ, өглөг шан горьдохгүй баялгийн эзэд. Эд бол багш хүн. Хэний ч сэтгэлээс нь хулгайлж боломгүй далай их баялгийг бусдад түгээгчид. Ээж аав нь ч ойлгож чадамгүй сэтгэлийн нандин утсыг хайраар хөглөгчид. Эргэх дэлхийн түмэн учрыг тэдний оюун сэтгэлд ухааруулж өөрөө ч тэдэнтэй хамтад нарны гэрэлт сацраг руу гараа сунгагсад. Өөрөө хичнээн элэвч, өрөөл бусдын сэтгэлийг хурцлагч билүү чулуу. Мөрөөдлийг нь тэнгист хөлөг онгоцоор хөвүүлж, эрэг дээр нь гараараа даллан үлддэг буянтай хүмүүс. Эд бол багш хүмүүс.

Хүмүүний сэтгэлийн чанад дахь утсыг хөглөж, түүгээр гайхамшигт нэгэн аялгууг эгшиглүүлж чадна гэдэг амаргүй. Хүмүүний сэтгэл дэх их бярыг биенд нь шингээж, бяр ухааны хүчээр мянган хүнийг дийлэх гэдэг хэцүү. Сэтгэлийн гүнд нуугдсан их авьяасыг булаг мэт онгодоор тэтгэж оргилуулан дэлхий даяар шагшин магтах баатруудыг төрүүлэх бүр ч горьгүй. Харин энэ бүхнийг жинхэнэ багш хүн л хийж чаддаг юм. Нусгай жаахан хүүхэд байхаас нь гараас нь хөтөлж, мундаг сайн хүн болтол нь сэтгэлээ чилээж, хожмын нэгэн өдөр түүгээр бахархаж нулимсаа арчих хүн бол багш хүн, өөр хэн ч биш. Зөндөө том болчихоод багшдаа зорьж ирэхэд нь зөвхөн түүний балчир насаар нь угтаж, үддэг хиргүй ариун сэтгэлтнүүд. Алдаж эндэж явахад нь харамсан өрөвдөж, чин сэтгэлээсээ өврөө тэмтчин сүүлийн ганц төгрөгөө гарт нь атгуулж, духан дээр нь зөөлхөн үнэрлэх ачтан, хэзээ ч хувиршгүй сэтгэлтэн. Сайн явааг нь дуулаад “овоо доо миний хүү” гэж амандаа шивнэж, саар явааг нь сонсохдоо өөртөө л бурууг өгч “би л олигтой хүмүүжүүлсэнгүй дээ” хэмээн харуусаж суух цав цагаахан сэтгэл зөвхөн багшийнх. Хичнээн “өндөр”, хичнээн “том” болсон ч тэр сурагч цагийн төрхөөрөө сэтгэлд нь шингэж үлдсэн шавь нараа жинхэнэ багш хүн л хайрлаж үнэлж чаддаг юм. Харин тэд хэзээ ч шавь нартаа зусардаж чаддаггүй юм, тэдний хувьд та нар дүрэмт хувцастай жаахан хүүхдүүд. Тийм болохоор тэднийг чин сэтгэлээсээ хайрлаж явах учиртай.

20 жилийн хугацаанд Завхан аймгийн Булнай, Сонгино сумын 8 жилийн сургууль, Тосонцэнгэлийн 1-р 10 жилийн сургуульд надтай хамт ажиллаж байсан багш ажилчид, бас олон мянган шавь нартаа “Багш нарын баяр”-ын мэнд хүргэе. Миний амьдралын хамгийн гайхамшигтай “алтан үе” минь та нар байсан шүү. Бас сэтгэлийн минь хамгийн гэгээлэг, ариухан, хиргүй үе та нартай хамт байсан үе минь. Хааяа бодохоор санаа алдаж, зүүдлээд сэрэхээрээ өөртөө мишээдэг юм. Би тийм ч гайхамшигтай багш байгаагүй л дээ. Гэхдээ чин сэтгэлээсээ л багш байсан. Би түүгээрээ одооч бахархаж явдаг. Багш хүн гэдэг дэндүү гайхамшигтай ертөнц. Зүйрлэх аргагүй, бас төсөөлөх ч аргагүй.

Share Your Thoughts