ЗУРВАСХАН БОДЛУУД – 18

ЗАЛХУУРАЛ

Намайг бага байхад зуны амралт эхлэв үү? үгүй юу хөгшин аавынд хүргэж өгдөг байж билээ. Хөгшин аавынх боломжийн хэдэн малтай. Хурга ишиг хариулах, үнээ ивэлгэх, завсар чөлөөгөөр нь аргал түүх, нойтон үхрийн баасыг эргүүлж хатаах, оройн сүү саалины цагаар хонь холбох, үдшийн бүрийд тугалаа хашиж, хурга ишгээ хөгнөх гээд ажил мундахгүй. Нэг өглөө эрт босч, урт ажилдаа үүртэхийн сацуу нойр хүрээд байхаар нь бусдаас сэмхэн нуугдаад илүү гэр рүү орж хураасан бараан дээр нь унтаж орхилоо. Аагим халуунд нозоорон сэрж ядах төдийд илүү гэрийн гаднаас хөгшин ээжийн дуу хадаж “Энэ ингээд амиа аргалаад байдаг, нойр ихтэй ажил муутай хүн яаж өөдтэй явах билээ” хэмээн хангинах сонсогдож, нэг их айж ичиж билээ. Одоо хэр нь “амиа аргалаад” гэсэн үг нь чихэнд хоногшиж, энэ үг нь “арчаагүй залхуу” гэсэн тодотгол болон сэтгэлд шингэж авай. “Хожим нь өөдтэй явахгүй” гэдэг хачир нь бас л тунг нь тааруулсан хэллэг.

Хэн нэгэн даалгасан ажлыг хийж эхлэх хамгийн хэцүү. Өөрөө хичнээн дургүй байлаа ч “хийх л учиртай, хийх шаардлагатай” тэр ажлыг заавал хүчээр хийх болдог. “Дургүйд хүчгүй” гэгчээр хөдөлж ядаж байгаа сэтгэлийг “заавал хийх ёстой” гэсэн албадлага аажим аажмаар давж гарна. Эхэндээ хэцүү төвөгтэй байлаа ч хийж эхлэх явцдаа хүссэн хүсээгүй “ажил хийх аргаа” олж эхэлдэг. Түүндээ бага зэрэг урамшсан сэтгэл, дууссан хойно нь үр дүнгээ, бас бүтээлээ харахдаа баярлаж урам орно. “Уг нь хэцүү биш л юм байна шүү дээ” гэх бодол, хичнээн дурамжхан байсан ч дараа дараагийн ажлыг хийх хүч болж хувирдаг. Заримдаа нэрэлхсэн, ичсэн сэтгэлээр ажил хийж байхдаа санаанд оромгүй урмыг дагуулж авчрах нь бий. Албадлага заримдаа “хүчирхийлэл” мэт санагдах авч, ямар нэгэн үр дүнд хүргэж байгаа л бол урам өгдөг. Хичнээн хийгээд ч үр дүн нь бүтээл болж мэдрэгдэхгүй л бол хүмүүсийн урам нь хугардаг юм. Дахиад хийхээс ч дургүй хүрнэ.

Бид заримдаа залхуурснаасаа болж өнөөдөр хийх гэж байсан ажлаа “маргааш больё” хэмээн хойш нь тавьдаг. Маргаашийн ажил, нөгөөдрийн ажил, түүний маргаашийн ажил нэмэгдэн овоорсоор нэг л мэдэх дор бид өөрсдөө түүндээ үүртэн, сэтгэлдээ бухимдан улам улам ч арчаагүй байдалд орох нь бий. “Өнөөдрийн хийж болох ажлыг маргааш гэж хэзээ ч битгий хойш тавьж бай” гэж аав минь надад сургасан сан. Хааяадаа хойш тавимаар бодогдовч “яг одоо хийчих боломж надад байна шүү дээ” гэж санагдах дор барьж авахаас өөр сонголтгүй. Эхэлсэн ажлаа улайрсаар дуусгахдаа сэтгэл минь ханана. Сэтгэл нэг л хөнгөн. Орой унтахаар орондоо орохдоо хүртэл “зөндөө л юм хийж амжлаа шүү дээ” хэмээн өөрийгөө урамшуулан, сэтгэл амар тайван нойрсч бас сайхан зүүд зүүдлэх. Эгзэгтэй мөчид “би яг одоо хийж амжина шүү дээ” гэдэг бодлоосоо хэзээ ч ухрахгүй байвал, та маш их зүйлийг хийж амждаг. Хийж амжиж байгаа ажил болгон тань танд урам, өөрөөрөө бахархах сэтгэлээс гадна, сэтгэлийн их амар амгаланг авч ирдэг. Өөрөө завгүй, өдөр болгонд хийж бүтээж байгаа ажил болгондоо хүний сэтгэл амардаг, бухимдалгүй тайван, бас урамтай.

Бид хүүхдүүдээ хичнээн их хайрлан эрхлүүлж өрөвч сэтгэлээр хандах тусмаа, аажим аажмаар залхууралд сургадаг. “Хэрэггүй ээ миний хүү, чадахгүй, алив аав нь” гэж хэлж байгаа бүхэн тань, “Эвий минь ядарчих вий, хэрэггүй дээ ээж нь” гэж нялуурах тусмаа бид хүүхдүүдээ зөвхөн өөрийгөө бодож “амиа аргалах” араншинд дасгаж байгаа. Одоо ямар мал маллах биш, үүрийн үнэгэн харанхуйгаар босч үнээ ивэлгэх биш, араг үүрч мөрөө холгон байж аргал түүх биш, хаврын хавсрагатай цагаар ямаа самнан ноолуурыг нь түүх биш. Дулаан гэртээ тарвалзаж байгаа хүүхдүүдээ бусдаас илүү “хайрлаж” байгаагаа илэрхийлэн “жүжиглэх” тусам бидний хойч үеийн нэг хэсэг нь арчаагүй залхуу болж байнаа. Өнөө хийж болох ажлаа маргааш гэж хойш тавьсаар, үнгэгдэж хиртсэн хувцсаа дараа угаах гэж хөндий сав руу чулуудсаар хиртсэн хувцас, хиртэй сэтгэлээ “угааж” ч амжихгүй нас өтлөнө. Дандаа л бухимдал, уур уцаар, амьдралд хорсож гомдох үглэл болгон нь залхуурлаас зөндөө хамаардаг. Уг нь бид нүүдэлчин монголчуудын үр сад юм шүү дээ. Өглөөний мандах нарнаас үдшийн бүрий хүртэл мөн ч их ажил амжуулна даа.

ГАНЦААРДАЛ

…Зоргоороо болдоггүй орчлонд зөнгөө дагаж ганцаардах нь бий. Дураараа болдоггүй хорвоод аашаа аргадаж ганцаардах нь бий. Өрөөл бусдыг гомдоохоосоо эмээж өөрийнхөөрөө байх гэж ганцаардах нь бий. Ганцаардал заримдаа сүргээсээ хулжиж давхисан эмнэг адуу мэт. Ганцаардал хааяадаа нарны гэрлээс нуугдаж хээр хоносон сар мэт. Ганцаардал үехэндээ хуй салхинаас зугатаж хадны нөмөрт хярсан бүжин мэт.

Гэрэлт өдөр сэрвэлзэж догдолсон сэтгэл шөнийн харанхуйд хаа нэгтээ төөрч будилан, хэнийг ч юуг ч юм эрж хайн тэнүүчилнэ, нойр хулжин тарчилна. Андууд дунд инээж баяссан сэтгэл орь ганцаар үлдэхдээ ижил ханиа хайн гунина, саяхан инээлдэж үнсэлдэж байсан найзууддаа сэм сэмхэн атаархана. Бусдын өмнө ихэмсэг бардам байсан төрх гав ганцаар байхдаа арчаагүйдэлд автан шанална, сэтгэлдээ хэн нэгнийг хань татаж үгүйлнэ, бас мөрөөднө.
Ганцаар байхдаа сэтгэлийн хүлээсгүй эрх чөлөөг мэдрэх хэдий ч, нууранд хамтдаа хөвөх хун шувуудын хайрын хэлхээсийг мэдрэн сэтгэлдээ сэм сэмхэн санаа алдах. Ганцаар байхдаа хэн ч үгэлж шаналгахгүй зоргоор байвч, хоолоо идэхдээ хажууд байх хүнгүй болохоор амтыг нь нэг л мэдрэхгүй. Ганцаар байхдаа хэнтэй ч хэрэлдэж муудалцахгүй өөрийн дураар байх авч, холын холд аялаад ирэхэд нь хүзүүгээр нь тэврэн санасан сэтгэлээ шивнэн учирлах хүнгүй болохоор нэг л жиндүү.

Амьдралын олон өнгийн сүлэлдээнд олон хүмүүс ганцаардлыг сонгодог. Магадгүй хувиа бодсон ч байж мэдэх хэдий ч, сэтгэлийн хязгааргүй эрх чөлөөг өөртөө үлдээх гэж хүсдэг байж болох. Магадгүй сэтгэлд нь хөрсөн хайрын галыг дахин асааж чадахгүйгээ мэдэрч, хайрлаж явсан түүнээ дахин дахин зовоохгүйгээр өөрөө холдож одохыг хүсдэг байж болох. Магадгүй дэндүү олон дарамт дундаас хэн хэнийхээ сэтгэлийн хүлээсийг тасдаж хаяад, өөрөө өөрийгөө золиосолсон байж мэдэх.

Хосоороо амьдрах тавилан, арга бэлгийн сүлэлдээн, эсрэг хүйстнүүд бие биенээ нөхөх зохицолдоон, сэтгэлийн их цэнгэлийн хураар бялхах жамыг заримдаа хүмүүс зөрчдөг байж магадгүй. Гэхдээ л ганцаардал гэдэг хүн болгоны хүсч сонгоод байх зам биш ээ. Таталцлын хуулинд захирагдаж оршдог энэ л замбуулинд бие биенээ ойлгож, хайрлаж хамтдаа л амьдрах нь дэндүү сайхан. Өргөн уудам энэ л орчлонд өөр юу ч хэрэггүй дээ хүмүүс минь, хамтдаа л сүлэлдэж хорвоог туулж бар. Нэгэн дэрэн дээр толгойгоо нааж, нэгнийхээ гар дээр дэрлэн цээжинд нь наалдан хав харанхуй ертөнцийг хамтдаа өнгөрөөх шиг жаргал хаана байх билээ.

ЗААВАЛ МУУДАЛЦАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ…

Хүмүүс үзэл бодол хийгээд санал санаачлагынхаа төлөө муудалцах нь бишгүй. Юм болгон дээр заавал санаа нийлж, үүнийхээ төлөө тэврэлдэж үнсэлдэж байх албагүй л дээ. Ямар нэгэн шийдвэр дээр санал зөрөлдөх бүрдээ хүмүүс өөрийнхөө зөвд эргэлзэлгүй, санаа бодлыг нь сөрөн зогсож байгаа нэгнийг үзэн яддаг. “Хн иймхэн юмыг ойлгохгүй тэнэг” гэдэг бодол нь уур хилэнгийн манан дундаас өөр өнцгөөс харж болох боломжийг халхалж орхино. Чи өөрийнхөөрөө зүтгэж “зөв” гэдгээ нотолж орилж чарлахад, өрөөл нэг нь яг л чам шиг бодож бухимдан хашгирдаг. Яг л уурандаа агаарт шидсэн чулуу, нөгөө талаас шидсэн чулуутай онолдож хага үсрэн бутрах мэт. Өөрийн шидсэн чулууны бутрал болгоныг цуглуулж, өөдөөс нь цацахдаа түүний сэтгэлийн шаналлыг бутраах гэж хаа хамаагүй зүйлийг дурдан хашгична. “Тэгэхэд чи муу тэнэг тэгээ биз дээ?” хэмээн огт хамаагүй жишээг дурдан орилох нь түүнээс давж гарах гэсэн атгаг муу сэтгэлийн хорсол. Амнаас гарсан муу үгсийг буцааж залгилж болдоггүйтэй агаар нэгэн адил таны хорон муу үгс байгаа онох нь бий, онохгүй хажуугаар нь далийж өнгөрөх нь бий. Гэхдээ л тэр сум хүний сэтгэл зүрхийг шархлуулж амждаг л юм даа.

Уурлаж хорссондоо тэр айлын хаалгыг савчин онгойлгож, түүний сууж буй ширээ рүү хашгичиж очих хором бүхэн ямар их шархлалыг авч очдог гэж та санана. Тэр л богинохон хором бүхэн магад энэ ертөнцийн хязгаар хүртэл хамтдаа алхах байсан нөхөрлөлийг, шаналж зовсон сэтгэлээ хуваалцах гэж нулимсаа тэвчин хаалганы тань хонхыг гараараа даран хангинуулах мөчийг, итгэсэндээ зовлонгоо тоочих гэж хаа байгаа газарт чинь хайн бэдэрч зорих тэмүүллийг, магад түүнийг цээжиндээ тэвэрч “за тайвшир даа найз минь, маргааш бүх зүйл сайн сайхан болно доо” хэмээн аргадаж мөрийг тань зөөлхөн илбэх мөч бүхнийг харлуулж орхидог. Итгэл шиг гэрэлтэх нарны гэрлийг хорсол шиг сүүдэр дайран хиртүүлэх мэт. Үүрэндээ бөөцийлж орхисон цав цагаахан өндгөнд хүний сүүдэр тусах хоромд эх болсон шувуу нь үрээ голж тэнгэрт гаслан гунганах мэт. Хэрэв тэр л хоромд “чи муу юу юм бэ?” гэж бухимдан хашгирахад, итгэлийн сүү сүүдэр дунд ээдэн гашилж, модны мөчир дээр жиндэх болжмор шиг шуухитнан даарах биз. Гунигтайяа чам руу харж, толгой гудайлган хаалгыг тань зөөлхөн хаах мөч, чамд итгэж найдсан итгэлийн сүүлчийн чахраан болж ард үлдэнэ. Тэр хичнээн зовж шаналавч, чи хичнээн гэмшиж хожим нь түүнээс уучлал хүсэвч, тэр хаалгыг урьдынх шиг чин зүрхнээсээ баяр итгэлийн дунд нээдэггүй юм.

Яг ингэж зовж шаналахгүйн тулд ганцхан боломж байдаг юм. Маргалдаж хэн нэгэнтэй муудалцахаас дандаа зайлсхийж яв. Яах аргагүй муудалцах бол тэсч тэвчээд дуугүй өнгөрч сур. Зүрх сэтгэлийг нь шархлуулахгүйгээр дуугүй өнгөрсөн мөч бүхэн тань маргаашийн өдөр түүний нүүр рүү эгц харах шалтаг болдог юм. Заавал түүнтэй найз болж хэлхэлдэхгүйгээр, зүгээр л мэндээ мэдэлцэж зөрөх хором бүхэн чиний үнэ цэнийг бусдад мэдрүүлдэг юм. Дахиад боломжгүй санал тавихад нь эелдэгээр инээмсэглэн магад түүнд татгалзах шалтгаан нь , түүний зүйгүй авирын өмнө тэсч дуугаралгүй өнгөрсөн мөч. Заавал түүнтэй хэлхэлдэлгүйгээр уулзаж учран нөхөрлөж болох хичнээн олон сайхан хүмүүс энэ ертөнцөд буй. Сэтгэл тань хиргүй тунгалаг бол хичнээн олон тийм хүмүүс чам лугаа уулзаж учран нөхөрлөх болно. Хорон муу сэтгэлийн өөдөөс адил нурам цацалгүйгээр холдож, өөр нэгэнтэй учран сэтгэлээ дэлгэн нөхөрлөх андууд энэ ертөнцөд үй олон буй. Муудалцалгүйгээр зай барьж холдсон нэгэнтэйгээ завсар дундаа учрахдаа эерэг зөөлнөөр инээмсэглэн мэндийг нь эрэх тийм ч хэцүү биш. Эргэж заавал хэлхэлдэж дахин бие биенээ зовоохгүйгээр хүн болж төрснийх нь хувьд, нэгэн цагт нөхөрлөж сайн муу бүхнээ хуваалцаж байсныхаа төлөө хүндэлж яагаад болохгүй гэж?

Муудалцаж, уурлаж хашгичих мөч бүхэн хүмүүсийн сэтгэлийг хиртээж, итгэлийг нугалж байдаг юм. Заримдаа ухаан дутуу найзууд чинь хүмүүстэй нийж чамайг шоолж доромжлоход нь хариу хэрэлдэлгүйгээр зүгээр инээмсэглээд зөрж өнгөрч чад. Энэ инээмсэглэл, эрхэмсэг бардам зан тань хүмүүст хүндлэх сэтгэлийг төрүүлдэг юм. Өнөөдөр чамтай уулзаад хэн нэгнийг чамд муулж ярьж байгаа найз тань маргааш хэн нэгэнд чамайг муулж ярих л болно гэдгийг анзаарч бай. Өөрөө чи найздаа хэн нэгний тухай муулж ярихдаа маргааш түүнийг хэн нэгэнд муулж ярина гэдгээ мэдэж бай. Тэр болгон тань хэзээ нэгэн цагт хэрүүлийн бай болгож, та хоёрыг муудалцуулна гэдгийг мэдэрч бай. Тэгээд л чи өөрийнхөө тухай дандаа эргэцүүлж, бодож бай. Хэн нэгэнтэй заавал муудалцаж хэрэлдэхгүйгээр сэтгэлээ ариун байлгах боломж танд бий. Бид бусдаас өөрийгөө давуу гэж харуулах гэж бусдын өмнө хэрэлдэж, хашгичиж, орилдог. Хөөрүү сэтгэлийн амьсгалаа дараад чагнах юм бол хүмүүс бид өөрсдийн ямар өчүүхэн гэдгээ мэдэрч болдог. Зүгээр л чи энэ ертөнцийн өчүүхэн бодьгал. Заавал энэ дунд хүмүүстэй муудалцан хэрэлдэж, өөрийн үнэ цэнээ тоос шиг хийсгэх хэрэг юун. Чи өөрөө аугаа байж чадвал аугаа байна, өчүүхэн араншиндаа бүдрэвэл хумхийн тоос шиг л арилж одно. Хэн нэгэнтэй заавал муудалцаж, хэрэлдэх хэрэггүй дээ. Хэрүүл маргаанд хэзээ ч ЯЛАГЧ байдаггүй юм даа.

Share Your Thoughts