ЗУРВАСХАН БОДЛУУД – 2

ЗАЛУУ ЯВАХ ҮЕДЭЭ

Даанч омголон залуу нас. Өөрийгөө энэ ертөнцийн хамгийн гоо сайхан гэж төсөөлнө, өөрөөсөө бусдыг намар цагт модноос хагдарч унаж буй навч мэт бодно. Өөрийгөө энэ ертөнцийн хамгийн ухаан төгс гэж төсөөлнө, өөрөөсөө бусдыг “мулгуу, тэнэг” гэж бодно. Өөрийгөө энэ ертөнцийн хамгийн хүчтэй гэж төсөөлнө, өөрөөсөө бусдыг галзуу барын амнаас зугатна гэж бодно. Өөрөөсөө бусдыг ч үл тоох даанч омголон залуу нас.

Даанч бардам залуу нас. Бүсгүй болгоныг зөвхөн өөртөө л ухаангүй дурлана гэж бодно, гэхдээ тэнэглэнэ. Найз болгоныг өөрийгөө хүндэлнэ гэж бодно, гэхдээ мунхаглана. Тааралдсан хүн болгоноо өөрөөсөө айна гэж бодно, гэхдээ будилна. Өөрийгөө тэнгэрлэг хэмээн дэврүүн бодовч даль жигүүрээ дэлгэн өндөрт нисэхээс өөрийн мэдэлгүй эмээх бардам залуу нас. Бусдын өмнө өчүүхнээ мэдэхдээ сэтгэлдээ “үл зөвшөөрөх” бардам залуу нас.

Даанч гэнэн залуу нас. Өөрийг нь учирлан хайрлах аав ээжийгээ “тэнэг” гэж бодон төвөгшөөх, өөрийнх нь төлөө бүхнээ “дэвсэх учиртай” гэж бодох гэнэн нас. Урдаа байгаа ургаа хадыг өргөж уулын оройд тавина гэж онгирох, ууцандаа “юм оруулчихаад” дараа нь гонгинох гэнэн нас. Өөрийг нь үл тоох бүсгүйн араас хараал зүхлээ бардамналтайгаа хамтад тургих гэнэн нас. Өөрөө дараа нь гав ганцаар хоцорчихоод өөрийг нь хайрлан харамсах аав ээждээ бурууг өгч “агсамнах” даанч гэнэн залуу нас.

ХАЛАМЦУУ ЯВАХ ҮЕДЭЭ

Хөл минь гуйвж дэлхийг онож ядна. Хааяадаа би энэ ертөнцийн гуниг зовлонг мартах гэж уудаг , яадаг юм. Халуун зүрх минь шаналалдаа тэсрэхгүй гэж би уудаг юм, хавь ойрын шаналлаа нэгэн хоромд мартах гэж, харуусал гунигаа “юу ч биш” гэж бодох гэж уудаг юм. Хэнд ч хэлж чадахгүй шаналлаа зүрхэндээ хуучлах гэж уудаг юм, хэн нэгэн сайхан бүсгүйд дурласан сэтгэлээ өөртөө учирлах гэж уудаг юм, хуурын сайхан аялгуунд нулимс асгаруулах гэж уудаг юм. Хааяадаа уухдаа сэтгэлээ онгойлгох гэж, хурмастаас буух дуслаас аршаан хүртэх гэж уудаг юм.

Сэтгэл минь согтож, хэн нэгэнд дотносох гэж яарна. Намайг ойлгодог хэн нэгний хаалгыг тогшино, сэтгэлийнхээ үүдийг нээх гэж. Найз минь бүү төвөгшөө, хэзээ нэгэн цагт би хаалгаа яг л чам шиг онгойлгож өгнө. Эхнэр чинь уурлаж төвөгшөөвч, эр хүний хувьд чамд хань болж хэдэн хундага тогтоох болно. “Эр хүн шүү дээ бид чинь” хэмээн сувдан нулимс дуслуулна. Найз минь бүү шоол. Нэгэн цагт ийм мөчид би чиний нулимсыг хурууныхаа өндгөөр арчина, харин дараа нь өөрийнхөө нулимсыг сэмхэн арчина. Дотносох сэтгэл гэдэг ямагт ойрхон байдаг, чиний согтуу эрүүлээс үл хамааран.

Би согтохдоо гудамжинд биш, чиний хайр руу тэмүүлдэг. Магадгүй халамцуу утасдсанд бүү төвөгшөө, чамд хэлж чадахгүй үгээ хэлэх гэж хичээсэн ч юм билүү. “Би чамд хайртай шүү дээ” гэж тультраатан хэлэх үгэнд нь магад хичнээн хичээсэн сэтгэл нь халамцахдаа шингэсэн байж болох шүү дээ. Эрүүлдээ ээрч муурах үгс нь энэ л халамцсан үедээ урсч болох шүү дээ, бүү шоол. Элгэндээ тэврээд зүрхнийх нь цохилтыг сонс , тэр л хэмнэлд хэнд ч хэлж чадахгүй үгс нь урсдаг юм. Хэзээ хойно ч харамсахын аргагүй хайр урсаж байдаг юм тэр зүрхэнд. Харин түүнийг тогтоож барьсандаа бүсгүй хүн хожим нь зүйрлэшгүй ихээр жаргадаг гэдэг юм, бурхан ивээг.

НАМРЫН ШАРГАЛ НАРАН

Модны навчис сэрчигнэн сэрчигнэж газар унах нь сэтгэлийн гунигийг хөндөж, тэртээд алсарч мартагдсан дурсамжийг бүр түүрхэн сануулна. Сурагчийн цүнхээ үүрээд сургууль руугаа явахдаа, сэтгэлдээ урсах баяраа, сэмхэн бишүүрхэлтэй сүлэн догдлох мэт. Зөндөө уулзаагүй чамайгаа харахдаа, харцанд чинь бие биенээ санасан бишүүрхэлээ, уулзан учрах хүсэлтэйгээ сүлэн баярлах мэт. Салахын эгшинд хатаагүй нулимсаа аав ээжээсээ нуухдаа, холын холд тэмүүлэх хүслээ, гэгээн хүсэл мөрөөдөлтэйгээ сүлэн санаашрах мэт.

Сэвэр сэвэр үлээх салхины урсгал хацар юуг минь илбэж, аясаар хийсэх задгай үсийг минь хийсгэхдээ зүрхийг минь зөөлөн аргадна. Одож буй зуны дэлгэр цаг, ирж буй хариг цагийн сүлэлдээнд ааш нэг л тогтворгүй, юуг ч юм хүлээх мэт. Омголон залуу аагирхуу нас, хат суух идэр насны сүлэлдээнд сэтгэл нэг л гэгэлзэнгүй, юуг ч юм дурсах мэт. Өдөр өдрөөр голын ус мэт урсах баясгалантай өдрүүд, хааяадаа гуниглах гуниглалын сүлэлдээнд бодол нэг л санаашрангүй, юуг ч юм ухаарах мэт.

Өдөртөө шатаж үдэшдээ сэрүүсэх нарны илч тогтворгүй байх нь өнгөт хорвоогийн жаргал зовлонгийн дэнсийг бидэнд сануулж учирлана. Өчигдөр байж байгаад өнөөдөр байхгүй болчихсон дотно нэгний төлөөх харуусал, модноос сэрчигнэн газарт унах навчис мэт. Өчигдөр жаргалдаа мансуурч байсан зүрх өнөөдөр гуниглан шаналах эгшин нь, гэнэт эрчилж бүхнийг хаман одох хуй салхи мэт. Өдрийн дулаан нарны илчинд халууцаж байсан бие минь, үдшийн сэрүүн агаарт жиндэн жихүүцэх нь, ирээд буцдаг хорвоогийн хатуу зөөлөн тавиланг нэгэн хоромд мэдрүүлэх мэт.

Мандахдаа ээвэр дулаан хэрнээ, шингэхдээ жихүүцүүлэн дааруулах намрын шаргал наран гэж…

Share Your Thoughts