ЗУРВАСХАН БОДЛУУД – 20

ГОО ҮЗЭСГЭЛЭН ӨӨРИЙН ЦАГ ХУГАЦААТАЙ
Намрын ээвэр нарны бүүдгэр туяан дор хашааныхаа гадна санаашран суух өтгөс буурлуудын дэргэдүүр идэр насны залуус хөгжилтэйеэ инээлдэн өнгөрөхдөө оч гялалзсан нүднийхээ булангаар тэдэн рүү хяламсхийн харж, салхины урсгал дунд эргэлдэх санаа алдалтыг ойворгон залуу насны халуун аагиар хийсгэн одно. Эргэн тойрноо нэвт шувт харах дүрлэгэр хар нүд, хадан хясаа ч атаархмаар чийрэг жавхалзсан бие, газрын хөрсөн дээр тэгш хэмээр алхлах шулуун хөл, салхины аясаар намиран хийсэх тас хар үс, модны мөчир дээр суух шувууд дэрхийн үргэж нисэхээр чанга чанга инээд. Зөрж өнгөрөх хүн бүр өөрсдийн мэдэлгүй эргэн харж, шунан дурламаар залуу насны гоо үзэсгэлэнг, бурхан хүн бүрт адил заяадаг. Гэхдээ адилгүй цаг хугацаанд. Хүүхэд наснаасаа л тэсгэл алдан яарч тэмүүлдэг залуу нас, хүмүүний амьдралын жинхэнэ гоёл. Алмаазан зүүлт, алтан ээмэг, сувдан даруулга, эрдэнийн шигтгээтэй бөгжгүй байлаа ч өөрөө очир эрдэнэс шиг гялалзан харагдах залуу насны гоо үзэсгэлэн өөрийн цаг хугацаатай.

Яг л эрдэнэс шиг гялалзан харагдах омголон насандаа залуус биеэ тоомтгой. Өөрсдөө мөнхийн гоо үзэсгэлэнтэй байх юм шиг төөрөлдөх энэ л залуу насандаа өрөөл бусдыг тохуурхан харж, өнгөт энэ орчлонд юм болгоныг голж, бас шилнэ. Өөрсдийг нь төрүүлэхдээ ийм л өтөл байсан юм шиг санаж, элдэв муу араншингаараа ээж аавынхаа сэтгэлийг зовоон үсийг нь сорлож, үрчлээний тоог нь нэмнэ. Өөрийг нь хайрласандаа алдаанаасаа ухаарсан бүхнээ үглэх болгоныг нь тээршааж , “өтөл” бас “зөнөг”-өөр нь сэтгэлдээ дуудан төвөгшөөнө. Энэ ертөнц ганцхан өөрт нь зориулж бүтсэн юм шиг л аяглан маяглаж, бусдыг гомдооно. Үлгэрийн гайхамшигт ханхүү өмнө нь ирж сөгдөн хайраа илчилж, үүлэн дээгүүр дүүлэх шидэт хүлгээр хамтдаа жаргалын оронд очихыг мөрөөдөн хүлээнэ. Үлгэр ингэж биелэхгүй болохоор бусдад гомдож тунин, заримдаа амьдралыг хараана, хэрээ мэдэхгүй бусдыг шаналгана. Өрөөл бусад хүмүүс шунахайран харах гоо үзэсгэлэнгээ мөнхийн юм шиг санаж, өнгө мөнгөний хорвоод заримдаа төөрөлдөн өөрийгөө арилжин сэтгэлээ хиртээнэ. Зоогийн ширээн дээр мөнхөд сөгнөөстэй байх дарс шиг залуу насандаа, зугаа цэнгэлээр цагийг өнгөрөөж, нэгэн цагт намрын навчис шиг хагдран унаж газраар хөглөрөн хийсэх аж.

Тоомжиргүйхэн харж тохуурхан хажуугаар нь өнгөрөх энэ л өтгөс буурлууд нэгэн цагт, яг л чам шиг залуу насны гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан гэдгийг бүү март залуус аа. Хавар цагт гайхамшигтай сайхнаар дэлгэрээд намар цагт мөчрөөс хийсэн унах навчис шиг залуу насны гоо үзэсгэлэн өөрийн цаг хугацаатай. Тэр мөчидхөн хугацаанд өөрийн үнэ цэнээ бий болгож амжихгүй бол газраар хийсэх навчис шиг бусдын хөл дор гишгэгдэж хог болон шатаагдах болно. Нэгэн цагт хийх ажилгүй, санаж тэмүүлэх мөрөөдөлгүй хашааны гадна нарлаж суух тавилан оногдох болно. Гаднаа гялалзах гоо үзэсгэлэнгээ дотроосоо гэрэлтэх үнэ цэнэ болгон хувиргаж чадах ахул чи мөнхийн мөнхөд гэрэлтэж, ямагт үнэ цэнэтэй болж чадна. Нэгэн цагт нүүрэнд тань үрчлээ суухад, зүрхэнд тань үрчлээ суухгүйгээр залуугаараа сэтгэ. Нүдний тань гал ямагт итгэлээр гэрэлтэж, өрөөл бусдыг чин сэтгэлээрээ хайрлан дэмжиж чаддаг бол. Амьдралын жаргал зовлон дунд нуруу тань нугарахгүйгээр цэх алхаж сур. Учирсан бэрхийн өмнө өвдөг сөгдөн сөхрөхгүйгээр, уужуу сэтгэлээр тайван хүлээж авч чаддаг бай. Хайгаад олохгүй байгаа аз жаргалаа дотоод сэтгэлээсээ эрж ол. Амар амгалан гэдэг ухааны их далайгаас эхтэй гэдгийг ухаар. Удам залгах үрс чинь энэ тавиланг бас туулна гэдгийг мэдэр.

Балчир насанд өдрийн наран аргамжигдсэн мэт удаан, идэр насанд уулын орой руу мацах мэт жигдхэн, өтөл насанд уулын бэл руу уруудах мэт дэндүү хурдан. Хүмүүний амьдралын эргэх хүрдийг бид хүсэлдээ нийцүүлэн тохируулж чадах билүү? Залуу насны гоо үзэсгэлэн гэдэг харваад одох од шиг, нумнаас тавьсан сум шиг, хавар нь нисч ирээд намар нь буцаад одох нүүдлийн шувууд шиг. Хүмүүний биеийг олсон хэн боловч дайраад өнгөрдөг тавилан. Харин чи өөртөө үнэ цэнээ бий болгож чадсан болов уу? Өлгийнөөс авс хүртэлх энэ л зайд чи үнэ цэнэтэй байж чадах болов уу? Цаг хугацааны энэ л урсгалд эрдэнэс шиг гялалзсаар байж чадах болов уу? Ай даа, гоо үзэсгэлэн төгөлдөр залуу насаа гэж?

ААВ МИНЬ
Уулсын оройг ороож бууралтах манан шиг
Үүлсийн тэртээд ухаан нь тэлж задардаг аав минь
Шаналал тань уулын бэлд бууж саатахдаа
Шүүдрийн дусал болж сэтгэлийг минь норгодог сон
Таныхаа эзгүйд амьдралын хойморт залрах гэж
Хорвоогийн хар цагаантай тэрсэлж л явна даа хүү нь
Аадрын дараа талд нумран татах солонго шиг
Амьдралын олон өнгөнд уусч гэрэлтдэг аав минь
Нарны гэрэлд баяр бахдал тань туяарахдаа
Намрын навчис болж миний алган дээр буудаг сан
Таныхаа эзгүйд амьдралын хойморт залрах гэж
Хорвоогийн хар цагаантай тэрсэлж л явна даа хүү нь
Нутгаа зорихдоо үүрсэж давхисан хүлэг морь шиг
Яагаа ч үгүй эрт хулжиж одсон аав минь
Нулимсаа урсгаж санасан зүүдэнд минь ирэхдээ
Миний сэтгэлийг аргадаж духан дээр минь үнэрлэдэг сэн
Таныхаа эзгүйд амьдралын хойморт залрах гэж
Хорвоогийн хар цагаантай тэрсэлж л явна даа хүү нь
Амьдралын төгсгөлгүй урсгал гол мөрөн шиг
Аав таныхаа үргэлжлэл болж төрсөн хүү тань
Нэрийг тань чулуун дээр биш хүмүүсийн сэтгэлд сийлэхдээ
Удмыг тань бахархал хүндлэлээр хучиж үлдээхсэн
Таныхаа эзгүйд амьдралын хойморт залрах гэж
Хорвоогийн хар цагаантай тэрсэлж л явна даа хүү нь
…Та яасан ч эрт буцаад явчихав даа

СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ
Бараг 8 жил гаруй хугацаанд тасралтгүй бичжээ. Ном хэвлүүлэх, ТВ нэвтрүүлэг бэлтгэх гээд бишгүй зүйл амжуулж. Амаргүй хэрнээ сэтгэл өөдрөг байх боломжийг энэ бүхэн надад өгдөг. Шүүмжилж, зэмлэж байгаа хүмүүсийн “Чи илүү сайн зүйл хийж чадахгүй байнаа” гэх сануулга, магтаж сайшааж байгаа хүмүүсийн “Чи бидэнд хэрэгтэй зүйл хийж чадаж байнаа” урамшуулал бүхэн тань хийж байгаа зүйлээ үргэлжлүүлж, илүү сайн зүйл хийх хүсэл рүү хөтөлнө. Магтаал зэмлэл холилдсон энэ л амьдралын сүлэлдээн, хүмүүний дотоод сэтгэлд хат болж, оюун санаанд бяд болон сууж байдаг. УНШИЖ, ҮЗЭЖ, ДЭМЖИЖ БАЙДАГ ТА НАРТАА ИХ БАЯРЛАЛАА.

Мөн энэ хугацаанд олон олон хотууд болон газар нутгуудаар бэдэрч, сэтгэл нь дотроосоо гэрэлтсэн зөндөө хүмүүстэй уулзан ярилцаж, дотно сайн анд нөхөд болцгоосон. Хамтдаа байх хором бүрт цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч, ярьж байгаа ярианаас нь ухаарал авч, хандаж байгаа хандлагаас нь өөртөө болон бусдад итгэх итгэлийг олж авч байдаг. Учиргүй “Би чамд хайртай шүү, зөндөө их санаж байна” хэмээн нялуурахгүй ч, амьдралд тохиолдох жаргал зовлонгийн дэнсэн дээр итгэж болох, түшиж болох анд нөхөдтэйдээ сэтгэл минь дэндүү баян байдаг. “Өвдөж л болохгүй шүү”, “Бичихээ больж л болохгүй шүү”, “Бүр амаргүй үе тохиолдвол надад заавал дуулгаж байгаарай” гэж тэд чин сэтгэлээсээ л хэлнэ, ямар тал зассан араншингүйгээр. СЭТГЭЛ, УРАМ, ИТГЭЛИЙН СҮҮ БОЛОН ТЭТГЭЖ БАЙДАГ ТА НАРТАА ИХ БАЯРЛАЛАА.

Миний төлөө хором бүрт сэтгэлээ чилээж байдаг эжий бурхан, өлсөж ундаасаж, даарч ядрах вий гэж санаа тавин үгэлж байдаг хэдэн дүү нар, “Аав минь та, биднийхээ төлөө эрүүл саруул байгаарай” гэж үргэлж сануулж байдаг үр хүүхдүүд минь миний амьдралын түшиг, сэтгэлийн болоод хүйн амьд холбоо. Бие биенийхээ төлөө зовинож байгаа тэдний сэтгэлд хир огт байдаггүй юм. Санах дурсах бүрийд зүрхний тэртээд ёгхийтэл гэнэт хатгуулж, аньсганд сувдан дусал бөнжийлгэж, сэтгэлийн тэртээд хайр болон гэрэлтдэг эрхэм хүмүүс минь. Хүний амьдралын хамгийн хүнд хэцүү мөчид тэд л зовж шаналж, хүйн амьд холбоогоо таслахгүй гэж хичээдэг. Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчид тэд л чин сэтгэлээсээ баярлаж намайг цээжиндээ тэвэрдэг. АМЬДРАЛЫН МИНЬ ХҮЙН АМЬД ХОЛБОО, СЭТГЭЛИЙН САЛШГҮЙ ХЭЛХЭЭ ТА НАРТАА ИХ БАЯРЛАЛАА.

АНУ-д үндэсний хэмжээнд тэмдэглэдэг ТАЛАРХЛЫН БАЯР, монголчуудын маань ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР-тэй давхцдагт би бэлэгшээдэг юм. Туурга тусгаар эх орондоо зөв сайн үйлсийн төлөө бие биедээ талархаж байх нь монголчууд бидний эв нэгдэл, хөгжил дэвшилд түлхэц болно доо. Гэхдээ чин сэтгэлээсээ бие биенээ дэмжиж, талархаж байхад шүү дээ. Хүмүүний сэтгэл УРМААР ТЭЖЭЭГДЭЖ байдаг. Өнгө мөнгө үүний хажууд юу ч биш. Тэгээд л монголчууд “БУРМААР ТЭТГЭЭХЭЭС УРМААР ТЭТГЭ” хэмээн сургажээ. Чин сэтгэлийн ТАЛАРХАЛ хүмүүсийн сэтгэл зүрхийг ойртуулж, ирээдүйн сайн сайханд итгэх итгэлд хөтөлж байдаг. ТУУРГА ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ЭЛЭГ НЭГТ АХАН ДҮҮС ТА НАРТАА ТАЛАРХЛЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ, ЗӨВТ САЙН СЭТГЭЛИЙН ЕРӨӨЕ.

Share Your Thoughts