ЗУРВАСХАН БОДЛУУД – 21

СОГТУУ БҮСГҮЙ

…Согтуу бүсгүй урдаас минь гуйвж айсуй. Бусдын сэтгэлд нар мэт гэрэлтдэг тунгалаг ялдамхан харц нь гөлийн сүүмийж, өглөөхөн будсан бололтой сормуус нь гунигийн сүүдэрт харлан хиртэж, тэр хир нь энгэсэг түрхсэн яв ягаахан хацрыг нь эсгэн байж хар зам татуулан урсчээ. Салхины аясаар гоо үзэсгэлэн, баяр бахадлын жигүүр болон намирч хийсдэг хархан үс нь юу ч юм заваан зүйлтэй холилдон ширэлдэж, тэрүүхэн тэндээ савчих төдий. Өнгөлж будсан, инээмсэглэл тодруулахдаа бусдын сэтгэлийг гижигддэг уруул нь хальт арчсан бололтой гарын хэвээр хацарных нь энд тэнд халтартуулсан нь тэр хэлбрээрээ яайжийж үзэгдэнэ. Хэн нэгэн гар хүрсэн ч юм уу, аль эсвэл өөрөө салганасан савраараа үрсэн ч юм уу, хунгийн төст цав цагаахан хүзүүнийх нь энд тэнд нөж хурсан улаан толбонууд нь , гантай цагийн ус нь ширгэсэн газрын хөрс мэт халцгай. Товч нь тасарч унасан цамцнаас хагас ярсан цээжний тэртээд бүсгүй хүний гоо үзэсгэлэнг илтгэдэг хөхнийх нь хагас нь ил шахам гарсан нь зөрж өнгөрсөн хүн болгоны харцыг татах авч, тэд өөрийн мэдэлгүй харцаа бууруулах аж. Бүсгүй биеийн гоо галбир нь, газарт хэдэнтэй унаад босохдоо тоос шороотой хутгалдаж замбараагаа алдсан хувцасны ормоор эзэндээ огт хамаагүй мэт хэлбрээ алджээ.

Энэ ертөнцийн хамгийн гоо үзэсгэлэнт цэцэгстэй л зүйрлэгддэг бүсгүйчүүд минь бор дарсанд шунан дурлаж, хөлчүүрхдэг болсон нь, хараа булаасан гоёмсог цэцэгсийн дэлбээн дээр угаадас асгасантай адил мэт. Цэнгээний газарт орохдоо гүнж мэт эрхэмсэг төрхтэй байсан бүсгүйчүүд цэнгээний газраас гахай мэт шалбааган дунд хөрвөөн гарч ирэх нь, гэрэлт нарны дулаахан илч үүлэн дунд шургаж сүүдэр болон бидэн дээр халхлагдахдаа гэнэт жиндүүлэн дааруулах мэт. Энхрий ялдам төрхөө алдаж энэ тэр рүү гараа савчин хашгирч орилох нь, тогос мэт бардам шувуу нэгхэн хормын дотор орилоо тахиа болон хувирч өд сөдөө зулгаан зэрлэгээр авирлах мэт. Хайрлаж биширч байсан бүсгүйн бардам төрх хэдэн хундага дарсны дараа согтуурч арчаагаа алдахдаа, сэтгэлийн минь тэртээд дүрэлзэж байсан бахархлыг тэрхэн хормын дотор хүйтэн ус асган унтрааж орхих мэт. Харах нүдээр минь сэтгэлд гоо үзэсгэлэн болон дэлгэрдэг сарнай, мэдрэх зүрхээр минь хайр болон шингэдэг эрхэмсэг төрх, сэрэл мэдрэмжээр минь биднийг аргамжиж чаддаг бардам ухаан шингэсэн бүсгүйчүүд минь ингэж согтуурч, хөлчүүрч болно гэж үү?

Бурхан та нарыг бүтээхдээ эрхэмсэг бай хэмээн гоо үзэсгэлэнг, ариун тунгалаг бай хэмээн эхийн сүүг, бусдаар хайрлуулж бай хэмээн бүсгүй аалийг заяасан буйз. Эр хүний тэвэрт багтаж бай хэмээн турьхан биеийг, эргээд тэднийг халамжилж бай хэмээн хатан ухааныг, энхрий үрсээ хайрлан өсгөж бай хэмээн эх хүний зөн совинг заяасан буйз. Амьдралын хатууг зөөллөж бай хэмээн уяхан сэтгэлийг, ариусгаж бүхнийг цэвэрлэж бай хэмээн итгэлийг, арга билгийг сүлэлдүүлж бай хэмээн тэвчээрийг заяасан буйз. Хаврын сайхан цэцэгс ургахдаа гандаж байхыг үзээгүй, харзны тунгалаг ус урсахдаа бохирдож байхыг хараагүй, хайранд ивэлсэн сүү гашилж байхыг мэдрээгүйдээ эрчүүд бид бардам, омгорхог байдаг юм. Элдэв зовлонгийн өмнө сөхөрч болноо магадгүй, архиар өөрийгөө бүү аргад, хувь заяа төөрдөг юм. Эрдэж өөрсдөө мөнхийн залуу юм шиг онгирч болноо магадгүй, дарсаар бүү даруул, гоо үзэсгэлэн хиртдэг юм. Арчаагаа алдаж хэн нэгэнд хорсон гомдож болноо магадгүй, сархадад бүү шуна, төөрөг тавилан тань гомддог юм. Бүсгүй хүн гоо үзэсгэлэнгээрээ, эрхэмсэг төрхөөрөө, бардам зангаараа, уярам аалиараа, эх хүний хайраараа, хатан ухаанаараа, хайр халамжаараа, байгаа байдлаараа л бидэнд хэрэгтэй. Согтуу “цэцэгс”-ийг л хармааргүй байна, бурхан өршөөг та нарыг.

НАДАД ЧИ ДУРЛАХГҮЙ БАЙСАН Ч…

Надад чи дурлахгүй байсан ч хамаагүй ээ
Насаараа би чамд дурлаж, бас хайрлаж явах болно

Ганцаардаж гунигласан сэтгэлийн цогонд хэт цахиж
Ганцхан хормын төдийд гэрэл болон сацрахад
Үүрийн гэгээнд болжмор шувууд баярлан жиргэж
Сэтгэлийн чанадад хайрын дууг надад аялсаан чи

Надад чи дурлахгүй байсан ч гомдохгүй ээ
Насаараа би чамд дурлаж, бас хайрлаж явах болно

Зүүдний минь далайд цагаан хун болон сэлж
Зүрхний минь цалгианаас үргэн тэнгэрт нисч
Хайрын минь нууранд хосоор бууж эрхлэхдээ
Хаврын зөөлөн бороог зүрхэнд минь шиврээсээн чи

Надад чи дурлахгүй байсан ч цөхрөхгүй ээ
Насаараа би чамд дурлаж, бас хайрлах болно

Гомдлоос минь үргэсэн эмнэг адуу холд хулжиж
Ган туурайгаараа харуусал дунд минь цавчилахад
Аргадаж зөөлнөөр номхруулан хөтлөхдөө
Аашны сайхнаар сэтгэлийг минь зөөллөсөөн чи

Надад чи дурлахгүй байсан ч гуниглахгүй ээ
Насаараа чамд дурлаж, бас хайрлах болно

Сэтгэлийн минь тэртээд царцаж орхисон хайрыг
Итгэлийн сүүгээр сүлэн тэнгэрт сацал өргөхдөө
Сэхүүн омголон бүргэд шувуу болгон нисгэж
Намайг эрч хүчтэй бардам болгож чадсаан чи

Надад чи дурлахгүй байсан ч хамаагүй ээ
Насаараа чамд дурлаж, бас хайрлах болно

ХАЙВАЛ “АЛДАА” ЗААВАЛ ОЛДДОГ

Хүмүүс бид өөрийнхөөрөө амьдарч байхдаа ч өөрийгөө заавал өрөөл бусадтай харьцуулж боддог нь “гэм биш зан”. Өөрөөсөө “илүү” яваа нэгний тухай “мундаг юм аа” гэж санах авч, сэтгэлийн гүндээ бяцхан атаархлын дөл улалзахыг анзаардаг ч гадагшаа гаргадаггүй. Тэр хүн нь ойр дотно харилцаатай байсан бол, “яагаад надаас илүү болчихвоо” гэх хардлагыг бага насандаа өөрөөс нь дутуу байсан тохиолдлуудтай дүйцүүлэн итгэж ядах аж. Багадаа “нусгай”, “доожоогүй” байсан нь бодогдоод ” сонин л юм даа” гэдэг бодол нь эргэлзээг нь улам лавшруулж орхих. Сургуульд нэг ангид, эсвэл зэргэлдээ ангид сурч байхад нь багш нарын журнал дээр тавьдаг байсан дүнг “шударга ёсны хэмжүүр” мэт санаж, бүх л насандаа энэ хэмжүүр дотор амьдрах юм шиг санадаг тохиолдол зөндөө бий. Амьдралын маш олон тохиолдлууд, хувь заяаны эргүүлэг, зовлон жаргалын ээдрээ бүхэн, хүмүүсийн сэтгэлгээ хийгээд амьдралд хандах хандлагыг огцом өөрчилдгийг бид тэгтлээ анзаардаггүй. Хэдийгээр бид бусдын алдаатай үйлдлийн тухай тэр цаг үед өөр өөрийн бодлоороо дүгнэж цэгнэн, сайлж муулах авч, тэр болгон нь “үнэн” байх магадлал тун бага, харин цаг хугацааны урсгал л үнэн мөний шүүлтүүр болж байдгийг ч тэгтлээ анхаарч ухаардаг билүү?

Бид өөрсдөөрөө жишээд бодоход л бидний сэтгэл дотор сайн муу бодлууд, сайхан муухай үйлдлүүд, хорон хийгээд буянтай зуршлууд байнга зөрчилдөж байдаг. Бурхан хийгээд чөтгөр шиг сайн муугийн төгс төгөлдөр хэлбэлзэл үгүй. Зүгээр л хүний сэтгэл доторхи сайн муу сэрлийн аль нь илүү давамгай вэ? гэдэгт л хамаг учир байдаг аж. Сайн хүмүүс өөрийн сэтгэл дэх муу чанараа маш сайн дарж чаддаг байхад, муу хүмүүс өөрийн сэтгэл доторхи сайн чанараа гаргаж илэрхийлж чаддаггүй. Хичнээн сайн хүнээс хайгаад л байвал алдаа заавал олддог. Найгаа алдсан муу хүнээс хичээгээд онгичвол сайн чанар заавал олддог. Анх уулзаж учрахдаа “төгс төгөлдөр” мэт харагдах “сайн хүн”-ээс өчүүхэн төдий алдаа олоод гэнэтхэн урам хугарах, арчаагүй дорой мэт санагдах “муу хүн”-ээс хүжийн гал мэт цогшсон сайн чанарыг олоод галын цорволзох дөлд дулаацах мэт баярлах агшнуудын хооронд хүнийг хайрлах, үзэн ядахын хязгаар савлаж байдаг аж.

Өөрөөс нь илүү сайн яваа нэгний тухай баярлаж бахдан бодох хэрнээ, тэр хүнээс санаанд оромгүй араншин, эсвэл төсөөлж чадамгүй муу чанар илрэхэд л хүмүүс бид сэтгэлдээ харамсахаас илүүтэй гэнэт баярладаг. “Өө хө, тийм л байж таарна даа” гэх тавлал нь сэтгэлийг нь гижигдэж, найзууддаа сонин болгож муучлах яриандаа “уг нь надаас л дор амьтан шүү дээ” гэх хачираа давсалж “шорвогдуулах” аа ч умартахгүй. Өөрөөсөө хэдэн алхам дор ядарч зүдэрч яваа нэгнээс арай дөнгүүр чанарыг олж харахдаа “Хөөрхий дөө уг нь гэмгүй, цагаахан амьтан юм шүү дээ” гэж өргөж, “амттан”-аар хачирлахаа ч умартахгүй. Уг нь байна шүү дээ. Ямар ч хүний үйлдэл болоод араншингаас дандаа сайн талыг нь олж хараад байвал хүмүүсийн дотоод сэтгэлээс “хар хор” нь аажимдаа арилж, алив зүйлийг дандаа гэгээлэг сайхнаар мэдэрч, бусдад ууч сэтгэлээр хандан өөрөө сэтгэлийн амар амгаланг эдэлж чадна. Ямар ч хүний үйлдэл болоод араншингаас дандаа муу талыг нь олж хараад байвал дотоод сэтгэл нь үргэлж “хиртэж”, хүн хийгээд амьдралыг үзэн ядаж, сэтгэл дотроо үргэлж бухимдан цухалдаж өөрийгөө зовоон тарчлаана. Сэтгэлд нь таарах зүйл огт үгүй.

Нар мандахдаа дулаахан гэрэлтэй ч жаргахдаа харанхүй хүйтэн болдог. Модны мөчир хавар дэлгэрэн дэлбээлж, намар хийсэн унадаг. Хүн залуу байхдаа гоо үзэсгэлэн төгөлдөр байх авч хөгшрөхдөө үрчийж, намхан болж нуруу нь бөгтийдэг. Чоно хичнээн сортоотой авч, үрээ тэжээх гэж нялх хургыг шүүрэн зугатдаг. Яг түүн лугаа адил амьдрал хүмүүн бидэнд сайн муу бүхнийг адил цогцлоожээ. Ухаан, ухамсартай болохоороо хүн өөрийн сайн талаа хөгжүүлж, муу талаа бусдын өмнө гаргахыг хүсдэггүй. Муу талаа хөгжүүлсэн хэрнээ бусдын өмнө сайн хүн болох гэж “жүжиглэдэг”. Эцсийн дүндээ өөрийн сайн муу чанаруудаа энэ дэлхийгээс салж одохдоо өөрөө л аваад буцна. Харин тэр үед хүмүүс түүнийг сайн сайхан чанараар нь дурсаж үлдэнэ, бас хундага дарсыг түүний төлөө сайны ерөөл өргөж ууна. Яагаад гэвэл тэр эргэж ирэхгүй, дахиад түүнтэй сайдаж муудалцахгүй учраас. Голын ус шиг тасралтгүй урсах амьдралын хэмнэл л тэр хүний энэ амьдралдаа сайн хийгээд муу хүн байсныг нотолж чадна. Алдааг нь бус, дандаа сайн чанарыг нь олж хараад, уучилж чаддаг бол энэ хорвоод “муу хүн” гэж байхгүй дээ. Ууч сэтгэл л хүнийг амар амгалан болгодог.

Share Your Thoughts