ЗУРВАСХАН БОДЛУУД – 22

ХҮНИЙ МӨН ЧАНАРААС РОБОТ РУУ…

Бид өнгөрсөн зуунд “их жаргалтай байж” хэмээн хааяа надад бодогддог юм. Венесуэлийн “Халтар царайт” нэртэй кино гарахад, бараг л Монгол орон даяараа “амьсгаа даран” үзэж маргаашийн маргааш дахь өдрүүдэд энэ л киноны үйл явдлаар амьсгалдаг байж. Эхнэр минь догдолсондоо миний мөрөн дээр толгойгоо нааж, хааяа сэм сэмхэн санаа алдах нь миний зүрхэнд тод сонсогддог сон. Хүүхдүүд минь бүлтэлзэж, хэрэндээ амьдралыг ойлгох гэж бидэнтэй адил хичээн, эротик хэсэг дээр бидэн рүү харах мөртлөө сэмхэн нүдээ аньдагсан. Бидний харцыг сэтгэлдээ мэдэрч, бидэнд өөрсдийгөө “сайн хүүхэд” гэж хэлүүлэх хүслийн мэдрэмж нь тэр л байсан байх. Бид их ч аз жаргалтай байж дээ, элдэв бусын муу мэдрэмжийг эс тооцох аваас. Үзэж мэдэрч байгаа зүйлдээ нэгэн гэр бүлээрээ догдлолоо хувааж мэдэрдэг байсан нь, өнөөдөр түүний “хэн болох”-ын мэдрэмж, зүрхэн дэх догдлолоор мэдрэгддэг байсан нь, тэр л халуун дулаан амьсгал дунд зүрх зүрхээ чагнан мэдэрдэг байсны илрэл байж болох. Тэр л гэгээн мэдрэмж биднээс алсран холджээ, харамсалтай нь.

Мэдээллийн технологи бидний амьсгалаас ч хурдацтай хөгжиж байгаа энэ л зуунд бид өөрсдийн “хүн чанар” аа робот болгон хувиргаж байгаа мэт. Гэр орны тань халуун амьсгал тасарч, гартаа барьсан том жижиг дэлгэцээр нүүрээн халхалж, тэгсэн мөртлөө бие биендээ “хайртай” гэдгээ өөрт нь бус өрөөл бусдад зарлан бичиж, өөртэй нь зөрөн өнгөрөх мөчдөө хяламхийн харах нь даанч хуурмаг. Үрдээ, хайртдаа чин сэтгэлээсээ “хайртай” гэж хэлэхгүй мөртлөө, өрөөл бусдын өмнө тэдэнд “хайртай” гэж бичиж, элдэв зураг постлох нь нэг л арчаагүй. Элдэв маягаар нүүрээ үрчилзүүлсэн зургаа тавьж, энхрий дотно хүмүүстээ хэлж үзээгүй халуун үгсийг урсгах нь, бусдын атаархлыг төрүүлэх ядмагхан арга мэт. Элдэв бичлэгийн дор мэдэмхийрсэн коммент бичиж, улстөр болоод олон асуудлаар “хэтэрхий мэргэн жараахай” мэт “жиргэвч”, амьдрал дээр хулчийн үнэний гэрлээс сүүдэр дор нуугдан зугатах. Үнэн төрхөөсөө нуугдан амьдрал дээр арчаагүйтэх атлаа бусдаас like гуйн өөрийгөө өргөх гэж ядна, өрөөл бусдын бичлэгийг copy хийн бусдад tag лан өөртөө оноо цуглуулна, үнэн төрхөө бусдаас нуун байж бусдын бичлэгээр өөрийгөө рекламдан share хийж бусдад тоогдох гэж “гүрийнэ”.

Бид бие биенээсээ алсран холдож байна. Нүд нүдээ хайрын харцаар ширтэн байж, даарч хөрсөн гарыг нь халуун дулаан амьсгалаар дулаацуулан атгаж, догдлон цохилох зүрхээ чагнан байж, чин сэтгэлийн хайраар бие биенээ түшихээ больж орхиж. Нэг л завгүй хүмүүс, урсан урсах амьдралын хэмнэлд. Секундийн зүү шиг хурдан эргэх цаг хугацааны урсгалд чамд тэврүүлэх гэж зүтгэх үрээ ч умартан байж, чиний төлөө шаналах зүрхний хэмнэлийг ч сонсохоо больж, харь хүмүүсийн “нүүр ном” онд тачаадан дурлаж, гагц тэдэнд таалагдах гэж бодит амьдралаа ч үл хайхрана. Тэр хүмүүс яг л чамтай адил хуурмагаар “өвчилж”, яг л чам шиг бусдад тоогдох гэж тогос шиг гоёсон зургаараа гангарч, яг л чам шиг бухнийг мэддэг “Ванга шиг” мэргэлж, яг л чам шиг бусдын түүвэр бичлэгээр Эйнштэйн шиг “ухаантай” царайлж байгаа. Гэхдээ энэ бол хийсвэр орон зай. Чи өөрийгөө бодитоор харах юм бол бусадтай л адил амьдралын нугачаанд бөхийсэн нуруу, зовлон жаргалын дунд үрчлээтэж ядарсан царай, хүүхэддээ үмх талх олж ирэх гэж шаналсан зүтгэл. Хэзээ ч хувирч өөрчлөгдөж чадахгүй, бурхнаас заяасан хувь заяа.

Мэдээллийн энэ хязгааргүй орон зай, технологийн дэвшилт технологи, хэзээ ч төсөөлж байгаагүй “танилын хүрээ”, өөрийгөө илэрхийлэх мөрөөдлийн орон зай биднийг яг л “хар тамхи” шиг мансууруулж буй. Хэрвээ зөвөөр ашиглаж чадваас сайн орон зай, хэрвээ буруугаар ашиглах аваас “гутамшиг”. Бид үдшийн зоогонд халуун ам бүлээрээ бие биенээ харан хамтдаа суух сайхан. Хайртай түүнийхээ гарыг атган, мөрөөр нь тэвэрч бусдаас ичингүйрэх нь мартаж чадамгүй мөч. Дугтуйнаас нь гараа салгануулан байж задалж унших хайрын захиа хэзээ ч давтагдашгүй гэгээн ертөнц. Нүднийх нь харцнаас “хайртай” гэж унших мэдрэмж хэнд ч тохиохгүй хувь заяа. Зүгээр л цээжиндээ тэврэн, догдолсондоо амьсгаадан байж хайраа илчлэх нь юугаар ч сольж боломгүй, бас орлуулж боломгүй мөч. Ээжийгээ санасан сэтгэлээ учирлан байж энгэрт наалдан мэгших нь энэ л амьдралын үнэтэй агшин, эцгийн дүнсгэр төрхний өмнө “аав аа” гэж дуудан өмнө нь сөгдөх нь юугаар ч орлуулж боломгүй нандин хором. БИД ХҮНИЙ МӨН ЧАНАРААСАА ХОЛДОЖ, РОБОТ БОЛОН ХУВИРЧ БУЙ МЭТ. УГ НЬ ХҮНЭЭРЭЭ Л ҮЛДВЭЛ МӨН САЙН САН ДАА.

Яг үнэндээ Ifhone, ipad, imac, facebook, tvitter гэдэг чинь хувь хүмүүст зориулсан давчхан орон зай юм шүү дээ. “Би” гэдэг давчхан орон зайгаас “Бид” гэдэг хязгааргүй орон зай хүртэл их ч хугацаа байна даа. Тэр хугацааны орчилд хүн чанараараа үлдэнэ гэдэг их ухааны цараа юм даа. Ухаарваас хязгааргүй, мунхаглаваас давчхан орон зай. Хэрхэхийг та өөрөө мэдтүгэй.

УУЧ СЭТГЭЛ

Бид энэ амьдралын харилцаандаа зөндөө л хүмүүстэй муудалцдаг. Яг үнэндээ бидний хүмүүстэй муудалцах шалтгааны цөм нь “Энэ хүн миний санаанд хүрсэнгүй, надад таалагдсангүй” гэдгээс үүсдэг юм шүү дээ. Хэдийгээр чи өөрийгөө төгс төгөлдөр хүн биш гэдгээ мэддэг хэдий ч, сэтгэл доторхи олон зөрчилдөөн дундаас өөртөө тогтсон санаа бодлоо “туйлын үнэн хийгээд зөв” гэдэгт 100 % итгэдгээс л хамаг зөрчил үүснэ. Чиний зөвтгөж ярьсан бүхний эсрэг зогсож, “няцааж” байгаа үйлдэл бүхэнд чи хичнээн дургуйцэж байвч, эрүүл саруулаар эргэцүүлэхээс илүүтэй “зэвүүцэж” эхэлдэг. “Энэ муу юу юм бэ?” гэх дургүйцлээс өөрийнхөө санаа бодлын “зөв” гэдэгт тууштай зогсох үзэл бодол нь түүний улаан нүүр рүү гараа зангидан байдаг хүчээрээ “буулгаад авах” зэвүүцэл рүү аваачдаг юм. Түүний нүүрээ гараараа даран газар суун, гарын салаагаараа урсан цусыг газар руу нулиман дургүйцлээ илтгэх араншин хүртэл, чи өөрийнхөө араншинг буруутгаж чаддаггүй. Хавдсан нүүр, хамраас садрах цусыг харах тэр л агшинд чи сэтгэлдээ гэнэт “зогтусдаг”. Магадгүй гэмшинэ.

Өөртэйгээ зөрөлдсөн үзэл бодол болгоны төлөө, бусдын “нармайг нь нээх” бүдүүлэг араншингаар өөрийгөө “зөвтгөнө” гэдэг утгагүй үйлдэл. Бие махбодийг нь тарчлаан өөрийнхөө “үнэн”-г зөвшөөрүүлэх гэдэг цаг зуурын үйлдэл. Гэхдээ хэзээ ч хүний санаа бодол, итгэл үнэмшлийг “нударгаар” зөвшөөрүүлж болдоггүй гэдгийг бид тэгтлээ ухаардаггүй. “Биеийг нь хүлж чадахаас сэтгэлийг хүлж чаддаггүй” гэдэг сургааль үүний тухай л учирладаг юм шүү дээ. Хүний оюун ухаан, санаа бодол хязгааргүй орон зайд дүүлэх шувууд мэт эрх чөлөөтэй, сайн ч муу ч тэр. Хориглож зогсоох, удирдаж захирах ямар ч боломжгүй. Аргадаж зэмлээд ч, аашилж загнаад ч бид сэтгэлд нь хад чулуу мэт тогтсон үзэл бодлыг өөрчилж эргүүлэх гэдэг амаргүй. Хүн болгонд өөр өөрийнхөөрөө заяасан тавиланд, амьдралд учрах сайн муу үйлийг ухаарч гэмших цаг хугацаа янз янз. Бид өөрийн санаа бодлын зөв бурууг бусдын оюун сэтгэхүйд хүчээр “чихэж оруулж” чадах боломж үгүйтэй адил, хүн болгон амьдралд үзэх зүйлээ үзэж ухаарах ухаарал хүртэл өөрийн цаг хугацаатай байдаг. Магадгүй амьсгалаа хураах мөчид бусдыг уучлан учирлах гэмшил нь хамгийн үнэн нотолгоо байж болох.

Хүмүүс бид өөр хоорондын зөрүүтэй үзэл бодлоос болж зөндөө л муудалцдаг. Хэрэв чи түүнийг хайрладаг бол, түүнтэй хичнээн янзаар муудалцахдаа сэтгэлдээ “эвлэрэх орон зай”-г үлдээнэ гэдэг л хамгийн чухал зүйл. Хорссондоо түүнийг “давж гарах” хүсэлдээ хамгийн муухай үгсийг түүн рүү чулуудахаасаа өмнө гэнэт шүлсээ залгин зогтусах нь хэрэгтэй цаг мөч. Маргааш бид “эвлэрч болох юм шүү дээ” гэх ухаарал нь, зүрхийг нь шархлуулах гэж цацах хорон үгсийн өмнө зогтусч, тэр л үгсийг цээжиндээ үлдээх амаргүй мөч. Маргааш нь магадгүй, нөгөөдөр нь бие биенээсээ уучлал хүсч, энгэртээ тэврэх тэр л мөчид, тэр үгсийг цээжиндээ хадгалж үлдээсэндээ чи өөртөө баярлах болно. “Үгээр хүнийг алж, бас аварч болдог” ухааны хэмжүүр нь энэ. Үзэн ядах хийгээд үгээр давж гарах муу араншингийн хортой үр дагавар нь, цээжинд хөндүүрлэж сэтгэл дэх итгэлийг унтраан цөхрүүлэн шаналгаж гомдоох үйл. Хичнээн учирлаж, тэвэрч үнсээд ч түүнийг өөрчлөх нь үгүй. Аажимдаа уусч цөхрөн хөрөх сэтгэлийн мөсийг аашилж аргадаад ч хайлуулах нь үгүй. Тэгэхээр байна шүү дээ. Хичнээн үзэн ядаж муудалцах авч, хэн нэгэнтэй маргааш эвлэрэх орон зайг сэтгэлдээ үлдээж бай. Түүний төлөө зүрхэнд нь хорт сум мэт шархлуулах хорон муу үгсийг бүү хэл. Хэзээ нэгэн цагт дотно хэвээрээ үлдэхийн тулд сэтгэлд дүрэлзэх хорон сэтгэлээ хайраар аргадаж үнтрааж бай.

Ууч сэтгэл гэдэг бидний хувьд амьсгалах агаар мэт чухал зүйл. Хэн нэгнийг насан туршид нь гомдоолоо гээд чи сэтгэлээрээ жаргах нь үгүй. Хайраар бялхах зүрхэн дэх шархийг ууч сэтгэлээр аргадаж бай. Магад үүний төлөө маргааш чи хүмүүст үнэ цэнэтэй үлдэж чадна. Хүмүүс бид энэ л орчлонд үдлээд л буцах хоромхон зайд хэн хэнийгээ гомдоосноор бус, хүн бүхэнд ууч сэтгэлээр хандсаны төлөө бусдын сэтгэл дэх галыг бадамлуулж асааж ч магад. Чиний ууч сэтгэлийн жишээ, үргэлжлэл чинь болох хойч үедээ “буян” болон шингэж юуны магад. Чиний энэ л ертөнцөд үлдээсэн ул мөр, ууч сэтгэлийн нөлөөгөөр тодрон гэрэлтэж бусдад зөв замыг ч зааж магад. Бусдыг үзэн ядлаа гээд бид хэрхэн жаргаж чадах. Бууралтаж яваа энэ л орчлонгийн цээжинд хүн чанараараа үлдэхийн утга энэ байж ч мэдэх. Бусдын гэмийг уучилж бай, ингэлээ гээд чамаас хоргодох юу ч үгүй. Харин чи үүнийхээ төлөө бусдын сэтгэлд нар мэт мандаж үлдэх болно.

БИ ЗАРИМДАА…

Би заримдаа өөрийнхөө сэтгэлийг чагнадаг аа. Дотны хүмүүс маань заримдаа намайг ” гэнэн байна” гэж зэмлэдэг. Зүгээр л өөрийн дотоод сэтгэлээ бусдын өмнө угаах гэж хатаасан цав цагаахан даавуу шиг дэлгэж орхихдоо би харамсдаггүй. Тээлгүүр дээр дэлгэж хатаах гэж өлгөсөн цагаан даавууд салхины аясаар савчин хийсэхдээ, хээрийн салхины хэн ч мэдрэх аргагүй анхилам үнэрийг шингээдэгийг би мэднэ л дээ. Хатаж тэнийсэн тэр даавууг хамартаа ойртуулан үнэрлэхэд “тийм” гэхийн аргагүй ялдам үнэр ханхийн сэтгэлийг тайвшруулна. Ямар одоогийнхтой адил элдэв химийн бодис элбэг байсан биш, барааны савангаар үрчиж, нэдрүүлэг дээр холхиулан хөөсрүүлж, тэр л хөөсний бөмбөгөрхөн дуслуудыг гар дээрээсээ саваагүйхэн үлээх ямар гоё гээч. Урсгал усны тунгалагхан мяралзаан гар дахь хөөсийг минь, угааж мушгисан даавууны хөөстэй нь хамтад урсгаж одох нь нэг сонихон. Би заримдаа бусдад гэнэн сэтгэлээ нээн байж илчлэхэд, түүнийг минь тохуурхан дооглох хэн нэгний хуурмаг инээдийг энэ л давалгаа хамтад урсган одох мэт. Гэхдээ л би үүндээ хэзээ ч харамсаж байгаагүй ээ, магад бусдад тохуутай мэт санагдах авч.

Би заримдаа өөрийнхөө сэтгэлийг чагнадаг аа. Анд нөхдүүд минь заримдаа намайг “тэнэг байна” гэж шоолдог. Зүгээр л бусдад чин сэтгэлээсээ туслах гэсэн оролдлогыг ашиглаж ашиглачихаад л бусдын өмнө тэнэг юм шиг харагдуулах гэж аашлахад заримдаа би балмагддаг. Тэнэг мулгуу, эрээ цээргүй мунхаг араншингийн өмнө амаа ангайлган, юу ч тайлбарлаж амжилгүй тэнэг юм шиг хоцроход, аль хэзээний тэр л хүмүүс намайг “мунхагийн туйл” болгон тохуурхаж орхиход би юу ч хийж чадалгүй шаналж хоцордог. Өглөө сэрэхдээ сэтгэл минь шаналж, өдөржингөө бусдын өмнө буруутай юм шиг л толгой гудайж, шөнийн түнэр харанхуйд хар даран зүүдэлж, түүндээ тарчилж хонох нь зөндөө. “Хүн чанар” минь миний сэтгэлийг тарчлаан зовоож, тэнэг түүний өмнө буруутай юм шиг шаналж, түүнээ аргадах гэж өөрийгөө зөндөө зовоох авч бардам араншин минь гудайх нь үгүй. Хааяадаа “уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцдэг” гэж өөрийгөө аргадавч, түүндээ тэгтлээ итгэх нь лав үгүй. Гэхдээ л цаг хугацааны урсгал миний “зөв” гэдгийг нотлоно гэдгийг ухаарах авч, тэгтлээ итгэж бардамнах нь үгүй, миний сэтгэл. Гэхдээ л үүний төлөө бардам байхыг хичээдэг ээ би, магад бусдад мунхаг мэт санагдах авч.

Би заримдаа өөрийнхөө сэтгэлийг чагнадаг аа. Саатаж үдлээд л өнгөрөх энэ амьдралд “мунхаг байлаа” гэж намайг тохуурхдаг. Сайхан төрсөн бүсгүй болгоны хормойг сөхөж чадсангүй гэж шоолно, сарны гэрэл дор үүлэн борооны жаргалыг нүдээ анин байж амссангүй гэж харамсдаг. Зүгээр л өөртөө олдсон боломж болгоныг “жаргал” болгон цэнгэсэнгүй гэж зэмлэнэ, зөрөөд одох боломж болгоноос “од шүүрсэнгүй” гэж миний өмнөөс халаглана. Өөрөөрөө жишин миний арчаагүйг шогширно, өнгөт энэ орчлонд үдлээд буцаж шувуудын тавиланг надад дандаа сануулна. Үгүй дээ, би арчаагүй мунхаг, тэнэг мэт бусдад санагдаж болох авч, өөрийнхөө хэр хэмжээнд энэ хорвоог туулж байгаагаа би мэддэг. Үнэ цэнэ, миний мөн чанар л өнгөт энэ орчлонд миний юу хийхийг надад заадаг. Өрөөл бусдыг дуурайж сармагчин шиг авирлахгүйгээ би мэднээ. Өөрийнхөөрөө байж бусдад шоолуулах үйлээ би мэдэрдэг ч үнэндээ би түүнээс өөрөөр байж чадахгүйгээ мэднэ. Магадгүй би бусдад арчаагүй мунхаг мэт санагдавч, өөрийн сэтгэл зүрхэндээ өөрөө өөртөө “үнэнч” байхаа би мэддэг. Нэг их жаргал цэнгэл надад хэрэггүй дээ. замбуулин энэ хорвоод өөрийн “мөрөө” үлдээхийг би хүсдэг. Буруу ч байж мэднэ, зөв ч байж мэднэ. Зөв буруу байсныг чи биш, цаг хугацаа л нотолдог. Харин би үнэ цэнэтэй л байх гэж хичээдэг. Өөрөө өөртөө л зөв.

Share Your Thoughts