ЗУРВАСХАН БОДЛУУД – 23

ААВ

Би нэгэн дотны найзтайгаа аавын тухай хүүрнэв. “Чи аавдаа учиргүй хайртай байж, бэтгэртлээ санаж шаналж байсан уу?” гэж асуусан миний асуултын хариуд тэрээр эрс шүүд “үгүй” гэж хариулж билээ. Аав минь ажлаасаа тарж гэртээ орж ирэхэд нь бүгд л дуугаа хурааж, болгоомжлонгүй харцаар аавыгаа хардаг сан. Биднийг тэвэрч энхрийлж үнсэхгүй хэрнээ, яагаад ч юм бэ? аав минь сүрлэг уулс шиг л бидэнд харагддагсан. Ээжийг минь тэвэрч зөөлхөн үнсэхэд нь талд хургасан жавар хаа нэгтээ хийсэн одож, халуун дулаан амьсгал уулсын бэл дэх хөндийг дүүргэн сэвэлзэх шиг. Олон үгс яншиж бидэнд үглэхгүй ээ. Зүгээр л харцан дахь зэмлэл нь биднийг айлгаж орхидог сон. Бид дор бүрнээ дуугаа хурааж, болгоомжтой нь аргагүй аав руугаа харц билчээн, тэр зүгээс инээмсэглэх урин харцыг тэсч ядан хүлээнэ. Бидний хүссэн тэр л харцын гэгээн дунд бид учиргүй баясан хөөрч, заримдаа аавынхаа хүзүүгээр тэвэрч, хацар зүсэм ширүүн хацранд нь нүүрээ наан эрхлэх. Гэрийн минь тэр л хаалгаар багтаж ядсан уулсын оройн бэлийнх нь толгод дунд эрхлэн тонгочих янзага мэт.

Ээж шиг минь уурандаа багтарч биднийг зэмлэж аргадах араншингийн хажууд, өглөөний нарыг тайвуухан тосч, үдшийн нарыг жаргахад нь мишээж үдэх аавын араншин даанч тогтуухан. Хааяадаа санаа алдах нь, сүрлэг уулсын оройд тогтож ядан тэнгэртээ хөөрөх манан мэт дүнсгэр. Заримдаа намайг өргөж тоононы цамхагт хүргэх гэж шидлэн инээх нь бүрхэг тэнгэрийн үүлс дундаас гэнэт шагайн гэрэлтэх наран мэт гэрэлтэй. Уяан дээр үүрсэх хүлэг мориндоо алавхийн мордож, тэртээх өндөр даваа руу ташуур өгөн хурдлах нь, талын жавар дунд хурган эргэцэх эрх чөлөөг задлан, өөрөө өөртөө эрх чөлөөг хүсэмжлэн өөрийгөө ташуурдан давирах мэт. Өндөр уулсын орой дээр мориныхоо цулбуурыг өвдгөндөө хумиж, тал дүүрэн хараа билчээн өөрийн сэтгэлээ уужруулан тайвшруулах нь ухаан мэт. Тэгэхдээ гэнэт мишээх нь, бидний танхил үрсээ сэтгэлдээ энхрийлэн аргадаж, эрхлүүлэх мэт. Бидэнд хашгирч, гомдоллож зэмлэхгүй ээ. Гэхдээ л аавын минь зүрх сэтгэлд хайр нь багтаж, багтарч байдгийг бид анзаардаггүй. Харин зуусан гаансныхаа утааг тэнгэр рүү санаашран үлээхдээ үр болсон биднийхээ сэтгэл рүү шившиж байдгийг бид ухаардаггүй ээ.
Би амьдад нь аавдаа учиргүй хайртай байгаагүй ээ, бас санаж бэтгэрч байгаагүй ээ. Харин гэгээн алсад одсон хойно нь орон зайг нь учиргүй үгүйлсэн. Нэг л их нөмөртэй уулс шиг амьдралын жаврыг хаацайлж байсныг нь хожим нь мэдэрсэн. Учирлаж хэлсэн цөөхөн үгэнд нь ямар их хайр, шаналал багтаж байсныг нь дараа нь ухаарсан. Зүүдэнд минь ирээд намайг аргадаж учирласан хормын дараа дэрэн дээрээ норсон сэтгэлээс таныгаа үгүйлж уйлсан. Тэр цагт хатуугаас хатуу байсан сахлын ором тань зөөлнөөс зөөлөн байсныг зүүдэндээ илбэж ухаарсан. Тантайгаа зүүдэндээ уулзаж мэлмэрсэн шөнийн дараах өдөр би зөндөө ихийг бодож эргэцүүлэв. Яг л тан шиг аав байх сан гэж үрсээ санан өөртөө учирлав. Та өвдөхдөө ч үр биднийгээ зовоохгүй гэж ёолдоггүй. Та шаналахдаа ч үр биднийгээ тарчлаахгүй гэж үглэдэггүй. Та зовохдоо ч үр биднийгээ дагуулахгүй гэж уйлдаггүй, бас хашгирдаггүй. Тэнгэрт мандсан наран дулаан илчээрээ биднийг баярлуулдаг шиг гийж, бүрхэж аадар асгаруулдаг шиг заримдаа асгарч, аянга цахилдаг шиг хааяадаа агсамнаж, тэгэхдээ дандаа гэрэлтэж үүлсийг яран биднийг дулаацуулдаг аав минь. Та миний зүүдэнд ирэхдээ дандаа хацрыг минь илбэж аргадаж, надад учирладаг. Та яг л нар шиг, аав минь.

ГЭГЭЭН АЛС

Би хөлд орох гэж тэнцэж ядахдаа хөлөөрөө тэмтчиж мэдэрсэн хөрст дэлхий минь, газар унаж амаараа үмхэж тургисан шороо минь, өвдөхийг нь зүрхэндээ хүртэл мэдэрч, шалбарч урссан цусаа гараараа арчсан хатуу гэмээ нь хатуугаас хатуу хорвоо минь. Миний бие цогцсыг ариун усаараа угаасан гол мөрөн минь, тэнцвэр алдан амаараа ус залгилсан тавилан минь, өчнөөн жилийн хойно ч гэлээ сэтгэлийн минь гүнд давалгаалсан зовлон жаргалын урсгал минь. Энэ хорвоод мэндлэн нүдээ нээгээд харахад цэв цэлийсэн тэнгэр минь, нэгэн хормын дотор үүлс бүрхэж сүүдэр дунд нь даарч жиндсэн тавилан минь, зовлонгийн дунд дээшээ сарвайх алган дунд минь нэгэн сацрагаар сэтгэлийг минь дулаацуулсан итгэл минь. Газар шороо, урсах ус гол, ээвэр хэрнээ дулаахан наран цагираг миний амьдралыг тэжээгч эх булаг. Ээжээсээ төрөхдөө тасалсан хүйг минь дарж амаржсан чулуу. Би энэ л орчил дунд өөрийн тавилангаа өөрөө л үүрч уусах бодьгал. Намайг төрүүлсэн ээжийн минь хөхөнд ивэлсэн сүү зовлон дунд ээдэхэд би гэнэт ухаардаг. Нарыг аргамжсан мэт удаан цаг хугацааны урсгал дунд би мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэх алсын харгуйг ширтэхдээ би өөрийн сэтгэлийн эгшгийг анирлана.

Сайхан бүсгүйд сэтгэл алдран дурласан мөчүүд эжий ааваас минь намайг холдуулдаг, богинохон магадгүй урт хугацаанд ч гэлээ. Тэднийгээ тээршаах мөч бүхэн, тэр л бүсгүйд барьж гүйсэн сарнайн дэлбээтэй тэнцдэг. Уцаарлан хашгирч, уурлан бухимдаж, халшран тэнэгтэх араншин бүхэнд тэдний сэтгэл минийхээс илүүтэй шаналж, хав харанхуй орчинд үрийнхээ төлөө шаналж хашгирах дууг нь бид сонсдоггүй л юм даа. Бид заримдаа шаналлын өмнө гараа зангидан атгах мөчдөө тэдний бүлээхэн алга яг дэргэд минь гарыг минь атгах гэж тэмүүлэхийг анзаардаггүй л юм даа. Цөхөрсөндөө асгарах нулимсыг минь арчих гэж яг л миний дэргэд гартаа арчуур барин зогсоог нь мэдэрдэггүй л юм даа. Намуухан урсах хэрнээ, хааяадаа үерлэж догшрон улаан хоормогоор эргэлдэх урсгал дундаас таныхаа сэтгэлийн шаналлыг ухаардаггүй л юм даа. Таны сэтгэлээс эгшиглэх хайрын дууг бид анзаарч сонсдоггүй байхаа. Тэгсэн мөртлөө харь хамаагүй нэгний зохиосон сайн муу дууны эгшигэнд хайлж уярах бид тэнэг ч юм шиг. Сайтар анзаараад сонсох аваас миний эжий аавын минь сэтгэлээс хамгийн гайхамшигтай аялгуу эгшиглэж байдгийг бид мэдэрч чадах билүү?
Өчнөөн олон жилийн дараа бид өөрсдийн сэтгэл дэх хөг аялгуугаа сонсож эхэлдэг. Зүрх минь тэр л аялгуунд уярахдаа сэтгэлийн чанадаас яг л голын намуухан урсгал мэт нулимсыг минь хацар даган урсгана. Яг л би хайртдаа цэцэг барин гүйхдээ аав ээжийнхээ учирлалыг сонсоогүй аялгууг одоо л зогтусан сонсох мэт. Хүүгийнхээ тэнэглэлийг тэртээд мандсан нарны гэрэлд анивчин байж уучлах мэт. Бас ялимгүйхэн мөртлөө инээвхийлэх өөрийн төрхөө толинд харах мэт. Аргамжаанаас алдуурсан наран өдөр шөнийн хэмнэлийг арай хурдан эргүүлэн мэт тавиланд би өөрөө дасан, өөрийгөө аргадна. Холын холд салаалан одох харгуй замын эхэнд зогсон би өөрийн сэтгэлийн анираа чагнана. Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгуу зүрхэнд дунд минь урсахад л би энэ ертөнцөд яах гэж ирснээ, би энэ ертөнцөд хэн байснаа, миний мөрөөдлийн дунд урсах долгисоо анзаарч харна. Би тэр л зөрөг замын урсгал дунд гараа цээжиндээ авч омог бардам алхах хүсэлтэй. Миний ард над руу гараараа даллан үлдэх хүмүүс рүү инээмсэглэн даллаж, юунд ч торолгүй зөрөг даган алхах мөрөөдөлтэй. Би юу ч мэдэхгүй хэрнээ тэр л гэгээн алс руу тэмүүлнэ. Гэхдээ нэгэнтээ эргэж, өөрийн мөрөө тодхон харахдаа бардмаас бардам алхалнам би. Аяа гэгээн алс, зах хязгаар нь үл харагдах холын харгуй.

СҮҮЛЧИЙН ДУРСГАЛТ ӨДӨР

Олон өдөр өвдсөний эцэст эмнэлэг дээр очин оношоо тодруулахад “Та хорт хавдар тусч эцсийн шатандаа оржээ. Шулуухан хэлэхэд бид таны төлөө юу ч хийж чадахгүй” хэмээн эрс хатуу хэлсэн эмчийн үгс миний тархин дундуур татаад л авах шиг болсон. Зүгээр л гэрэлт наран мандсан тув тунгалагхан тэнгэрт гэнэт бараан үүлс хуралдаж, асгарсан аадар дунд миний тархин дундуур гэнэт аянга цахилах мэт тийм л огцомхон мөч. Би яах ч учраа олохгүй эхнэр рүүгээ аврал хүсэх мэт горьдсон арчаагүй харцны өөдөөс тэрээр харцаа бууруулан санаа алдсан сан. Тэр аймшигт өдрөөс хойш миний амьдрал, миний сэтгэл санаа бараан үүлс дунд хөвөх мэт арчаагүй. Юугаа ч мэдэхгүй, юугаа ч мэдрэхгүй үүлгэртсэн өдрүүд. Би сэтгэлдээ өөрийнхөө үхлийг хүлээж, миний хайртай дотно хүмүүс намайг өрөвдөж үүлгэртсэн харцаар харж, битүүхэндээ тал засах мэт магтаж саймширах нь өрөөл бусдад хэл надад хүртэл тээртэй. Хүүхдүүд минь над руу тэмүүлэх авч, нэг л хөндий. Ээж нь учрыг хэлсэн бололтой. Би ч гэж би. Урьдынхаараа байх гэж хичнээн хичээвч удахгүй холд одох тавиландаа тэднийгээ дасгахгүй санаатай. Толгойгоо салаавчлан орон дээрээ хэнгэнэтэл санаа алдах авч, түүнийг минь сарниулахаас бүгд эмээн болгоомжтой намайг харах харцанд нь гунигийн сүүдэр халхалсан нь надад анзаарагдах.

Миний төрсөн өдрөөр эхнэр маань дотны хэдэн найзуудаа урьж нэгэн караокид тэмдэглэх болсноо надад дуулгалаа. Дандаа гуниглаж, түүнээ нуух гэж хэрдээ хичээх түүний нүүрэнд намайг баярлуулах гэж хэрдээ царайчлах түүнийгээ өрөвдөн байж би зөвшөөрөв. Магадгүй миний хувьд сүүлчийнх байж болох энэ өдөр түүнийгээ гомдоохыг хүссэнгүй. Хань минь учиргүй баярлан, урьсан найзуудынхаа тухай хуучлан, намайг аргадах мэт зөндөө л учирлана. Би түүнийхээ үрчлээ суусан төрхийг нэгэнтээ анзаарч, түүнийхээ уруул дээр зөөлөн үнсэхдээ залуу цагийн халуун дулаан амтыг мэдрэв. Тэр минь миний хүзүүгээр тэврэн уруул дээр минь шуналтай нь аргагүй озохдоо “би чамдаа хязгааргүй хайртай шүү” хэмээн шивнэхдээ “алдчих вий” хэмээх айдас нь зүрхнийх нь лугшилтаар миний зүрхэнд хүртэл шивнэнэ. Миний өмссөн костюмийг тэрээр магтаж, зангиаг минь засахдаа хөгжилтэй нь аргагүй аалигүйтэх нь, тэр л цагийн годгорхон охин төрхийг надад сануулж өхөөрдөл төрүүлэх аж. Би ажил амьдралын нугачаанд мартагдаж орхисон, гэхдээ сэтгэлийн мухарт шингэж үлдсэн тэр л хайрлам төрхийг түүнээсээ олж харахдаа баярлан өөрийн эрхгүй мишээн өхөөрдөнө. Миний сэтгэлийн мартагдсан дурсамж энэ л хоромд сэргэх.

Бид хэрдээ л гоёж караокид очлоо. Зөндөө олон найзууд минь ирж, бидэнтэй мэндчилж тэврэлдэн дал мөр рүү минь алгадах нь нэг л дотно. Тэд юу ч болоогүй мэт авирлах авч, тэдний нүднээс намайг өрөвдсөн харцыг би л олж харж асан. Тийм эмзэгхэн болсноо тэгэхэд л би анзаарав. Бид зэрэгцэн сууж зөндөө их идээ будааны дунд хундага дарсаа сөгнөнө. Бүгдээрээ эхний хундагаа шинэ оны төлөө, аугаа их хүсэл мөрөөдлийн төлөө, түүнийгээ гүйцэлдүүлэх эрүүл энхийн төлөө өргөцгөөв. Хоолой зуран зүрхэнд гулсан очих тэр л хундага дарс миний сэтгэлийг хөгжөөж “Амьдрал гэдэг чинь аугаа ертөнц шүү дээ. Ирж буцах энэ тавиланд хүний мөртэй л явж гэмээ нь барав” хэмээн миний тархинд зурвас бодлын учгийг хэлхэнэ. Дараа дараагийн хундага дарснууд миний зүрхний хэмнэлийг түргэтгэж, би бодол санаандаа мансуурна. “Амьдрал сайхан шүү дээ” гэж миний сэтгэлийн хөг аясыг энэ л орчин хөглөнө. Эхнэр минь халамцсандаа жаргалтайяа дуу алдах авч, сэм сэмхэндээ над руу харах харц нь болгоомжтойгоор эргэлдэнэ. Би түүн рүүгээ жаргалтай нь аргагүй мишээж, “чи минь бүү санаа зов доо” гэж харцаараа түүнийгээ тайвшруулах. Найзууд минь бүгдээрээ бүжиглэж, миний гараас хөтлөн талбай дээр эргэлдэнэ. Би өөрөө ч мэдэлгүй инээж тэднийхээ мөрөөр тэврэн дуулж бас бүжиглэнэ.
Миний хос найзууд өхөөрдөм хөөрхөн охиноо дагуулж иржээ. Түүний эвлэгхэн бүжиглэх хөдөлгөөн, ээж аав нь дагуулж бусдад бардамнах төрхийг ажихдаа би инээмсэглэнэ. Нэг л халуун дулаан амьсгал. Найзууд минь дуулж бүжиглэхдээ намайг хуруугаар занган дуудаж дундаа оруулан эргэлдэнэ. Бид бүхнийг умартан юу ч болоогүй юм шиг инээлдэн хөгжилдөх. Дуулсан дуундаа өөрсдөө уярч, бүжиглэх бүжигэндээ өөрсдөө баясаж, халамцсан сэтгэлдээ бие биенээ тэвэрч, халуун амьсгал дундаа бие биенээ хайрлах гэдэг юутай сайхан. Бид бие биенээрээ дутаж амьдардаг хорвоод, зовлон жаргалын учгийг хамтдаа зангидаж, буцсан нэгнийхээ араас хамтдаа гашуудан, ирсэн нэгнийхээ баярыг хамтдаа хуваалцдаг тавилан. Караокигаас гараад эхнэр минь намайг тааламжтай нь аргагүй сугадан, миний мөрөн дээр толгойгоо наан жаргалтай нь аргагүй мишээнэ. Гэнэтхэн залуугийн зангаараа миний хамрыг сөргөөн, түүндээ баясан аалигүйтэн инээнэ. Бид ингэлгүй хичнээн удаж вэ. Нэг л их яарч давчидсан хүмүүс. Гэнэтхэн би түүнийгээ тэврэн энгэртээ нааж, духан дээр нь үнэрлэж, дараа нь уруул дээр нь шунамхайран үнслээ. Санаа алдах амьсгалыг нь түгжин байж, нэгэн цагт тачаадан байж үнссэн шигээ удаан үнсэв. Нүдээ анин байж миний өөдөөс тэмүүлэх хөдөлгөөнд ямар их хайр шингэсэн байсан гээ. Үүний дараа би үхэхэд ч огт харамсмааргүй санагдаж байв. Амьдралын амт аа гэж. Бид юугаар ч дутаж амьдраа вэ?

Share Your Thoughts