ЗУРВАСХАН БОДЛУУД-24

АЛДВАЛ Ч АЛДАГ Л ДЭЭ

Том хүү минь нэг удаа надтай ярилцаж суухдаа “Аав минь танаас хол байхдаа би зөндөө л алдаж онож үзсэн. Магад та надтай ойр байсан бол миний алдааг зөвшөөрөхгүй байсан байх л даа. Нэг л өдөр би өөртөө “энэ миний явах зам биш юм байна” гэж хэлсэн. Та надад хайртайдаа үгэлж зэмлэж, бас муудалцаж хориглож байсан бол би ингэж ухаарах байсан уу? гэдгээ мэдэхгүй. Гэхдээ л сайн хүний гени алдаа онооны савалгаан дээр сайн зүг рүү татдаг л юм билээ” гэж хэлж билээ. Тэр үед би зөндөө их зүйлийн тухай эргэцүүлж бодсон. Заримдаа бид өөрийн үр хүүхдээ яг л өөр шигээ байлгах гэж “тарчлаадаг” юм шиг. Гэхдээ эргэцүүлж бодоход бид өөрсдөө тийм ч төгс төгөлдөр сайн хүн мөн үү? гэвэл эргэлзээтэй. Хүн болгон өөрийгөө чухам маш сайн хүн гэж төсөөлдөгтөө л үр хүүхдийнхээ өөрөөс нь зөрүүтэй санаа бодол хүсэл эрмэлзлэлийг огтоос хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөс нь зөрүүдлэхэд уурлаж харааж загнана, болохгүй бол барьж занчина. Тэр ч бүү хэл алхах гишгэх бүрийг нь зааж зааварчлах гэж өөрийгөө, бас үр хүүхдээ тамлан зовооно. Биднээс төрсөн хэдий ч, тэр биднээс огт өөр хүн болж болох юм гэдгийг бид хүлээн зөвшөөрдөггүйд л хамаг гай оршиж байдаг. Заавал яг л над шиг хүн болож төлөвших албагүй л дээ, тэд.

Бид өөрсдийн алдаанаасаа учиргүй ичдэг. Бусдын өмнө төгс төгөлдөр, учиргүй ухаантай, бас бусдаас илүү болж харагдах гэсэн жүжиглэлдээ бид өөрсдөө зовж тарчилна. Бусдын өмнө алдаа гаргасан өчүүхэн үйлдэлдээ шаналж, түүнийгээ жинхэнэ алдаа бус, санамсаргүй үйлдэл хэмээн бусдад ойлгуулах гэж аяглах араншиндаа бид тэдний өмнө хичнээн хөгийн байдалтай харагдаж буйгаа ухаарахгүй. Нэг л ихэмсэг бардам төрх, төгс төгөлдрийн үлгэр жишээ амьдрал дээр огт зохицохгүй байгааг бид ойлгодоггүй. Бидний амьдрал дээрх хов жив, атаархал хорсол, үзэн ядалт, урвалт шарвалт бүхэн энэ ядмагхан жүжиглэлтээс л үүддэг юм шүү дээ. Уг нь байна шүү дээ, алдаа гэдэг чинь тийм ч ичмээр зүйл биш төдийгүй, амьдралд байх л ёстой хэвийн үзэгдэл. Бусдаас нуухыг хичээдэг авч бид бүгдээрээ л энэ амьдралд алдаа заавал гаргадаг, гаргах ч ёстой. Зүгээр л бусдад хандан “Уучлаарай, би энд алдаа гаргажээ. Гэхдээ би яг үнэндээ тэгж бодоогүй юм шүү” гэж инээмсэглэн уучлал хүсэхэд, бүгдээрээ түүнийг талархан хүлээж авдаг. Харин алдаа гаргасан хэрнээ бусдаас түүнийгээ нууж, шалтгааныг нь өөр бусад дээр тохох гэж оролдох оролдлого бүхэн нь, чамайг бусад хүмүүс далдуур шоолох шалтаг нь болдог. Их энгийн зүйл л дээ.

Энэ ертөнцөд наран саран ээлжилж, жаргал зовлон харгалдаж, ус гал тэрсэлдэж, эр эм хүйс дурлалцаж байдаг зохицолдоо нь алдаа оноо сүлэлдэгтэй ав адилхан. Хүмүүс бид зөндөө алдаа хийдэг, санаатай болон санамсаргүй үйлдлээр. Алдаа гэдэг чинь ухаарлын босго. Алдаа болгоноосоо хүмүүс “ингэж болохгүй юм байна” хэмээн ухаарч, эерэг олон замуудыг сонгодог. Алдаа болгоноосоо ухаарал авч, амьдралд хатуужин бодлогогүй үг, болчимгүй үйлдэл болгоноо багасгаж байж хүмүүс хат суудаг. Харин алдаа болгоноо дахин дахин давтаад байдаг бол чи тэнэг. Алдаа гэдэг чамайг ухааруулах гэж заяасан амьдралын нэгэн хэмнэл. Тэгэхээр чи алдаанаасаа ичих шалтгаан огт үгүй. Бусдын өмнө алдсан алдааныхаа төлөө уучлал хүснэ гэдэг чиний мөн чанарын хэмжүүр, бас чиний хэн болж төлөвшихийн шалгуур. Нэг их төгс төгөлдөр хүн болох гэж жүжиглэхийн хэрэггүй дээ, хүмүүс чамайг үнэн төрхөөр чинь ажиж байгаа. Хүүхдүүд тань алдвал ч алдаж л байг, тэгж байж ухаардаг юм. Тэдний зөнгөөр нь дагуулж ажигла, та муу хүн биш бол тэд таны үр юм чинь эргээд л ирнэ, хайр халамж нь хаачих ч билээ. Мунхаг нэгэн алдаагаа давтаад явахад та ч өөрчилж чадахгүй дээ, тавилан нь тэр юм чинь.

Алдаа гэдэг аймшигтай үзэгдэл биш ээ. Зүгээр л тэдний энэ амьдралд өөрийн хүслээр орон зайгаа олох гэсэн тэмүүлэл. Эгзэгтэй цагт нь та өөрийн ухаанаараа залж чадвал өөрчилж чадах байх. Зүгээр л та өөрөө хүн шиг хүн байхад таны гени тэднийг тан руу хөтлөөд л авч ирнэ. Тэгэхээр танаас өөрөөс тань их олон зүйл шалтгаалах байна шүү дээ. АЛДАА ГЭДЭГ ЧИНЬ УХААРЛЫН БОСГО. Та өөрийн залуу насаа одоо тэдний гаргаж буй араншинтай харьцуулаад нэг аж даа. Та нар тэдний өмнөх амьд толь, бас үлгэр дуурайлал.

ЧИ МИНЬ ЗҮҮДЭНД МИНЬ ИРЭЭД ЯВЛАА

Урьд шөнө би чамайгаа зүүдэллээ. Чамайгаа санасан сэтгэлийн мөчир дээр цас болон бударч буухдаа чи зөөлнөөс зөөлөн, бас хөвсгөр байлаа. Хацар дээр минь хацраа наахад хайруу хүйтэн амьсгал хайрын илчинд хайлж дэрэн дээр минь нулимс болон урсав. Алгаараа намайг зөөлнөөс зөөлөн илбэхэд алганы чинь хонхорхойд цас хайлж хөлс болон урсаж байсан. Би чамайгаа ямар их санаа вэ?
Урьд шөнө би чамайгаа зүүдэллээ. Чамайгаа санасан сэтгэл яргуй болон дэлгэрэхэд хаврын анхны бороо түүний дэлбээн дээр урсаж, чи бидэн хоёр жаргалтай нь аргагүй хөтлөлцөж гүйсэн. Бороонд норсон үс чинь намайг шавхуурдан аалигуйтэхэд сэтгэлд минь хайрын солонго татаж, чиний сэтгэлийг долоон өнгөөр аргамжин учирлав. Мөрөн дээр минь толгойгоо наан эрхлэхэд чинь хаврын шувууд нуурандаа эргэлдэж, хархан үсний чинь намираанд эргэлдэнхэн бүжиж байсан. Би чамайгаа ямар их санаа вэ?
Урьд шөнө би чамайгаа зүүдэллээ. Чамайгаа санасан сэтгэл дэнж хотойлгосон наадмын жаргалтайн дэлгэр аялгуунд уярч, чи бидэн хоёр наран сацраг руу гараа дэлгэн эрхэлсэн. Уруулаараа намайг зөөлхнөөс зөөлхөн үнсэхэд, хайр миний зүрх рүү халуунаас халуунаар шингэж байсан. Зөөлөн булбарай бие чинь намайг налан наалинхайтахад зуун цэцэгсийн өнгө миний сэтгэлд гэрэлтэж байсан, бас зуун шувууд сэтгэлд минь жиргэн эгшиглэж байсан. Би чамайгаа ямар их санаа вэ?

Урьд шөнө би чамайгаа зүүдэллээ. Чамайгаа санасан сэтгэл алтан өнгөөр туяарахад намрын шаргал наран түүнийг тодоос тод гэрэлтүүлж байлаа. Цээжинд минь толгойгоо наан санаа алдахад чинь, сэтгэлийн минь тэртээд хагацлын жавар хургаж байсан. Нүдэнд минь чийгтсэн мананг булбарай хуруугаараа арчихад чинь алгаараа үлээн шившиж нэг нэгээр нь үнсэж би өөрөө тайтгарсан. Цээжиндээ чамайгаа чангаас чанга тэвэрч чиний зүрхний цохилтоос хайрын аялгууг мэдэрч байлаа. Би чамайгаа ямар их санаа вэ?
Чамайгаа зүүдэлсэн хоног бүрийн мөчөөр би сэтгэлдээ жаргаж байсан. Зүүднээсээ сэрээд жаахан гуниглахдаа учралын тавилангаар өөрийгөө аргадаж л явна. Энэ ертөнцийн нэгэн хязгаарт чамайгаа байгаа гэж сэтгэлээ баясгав. Эргэж уулзахын нэгэн ерөөлөөр тавилангаа аргадав. Тэгэхдээ л нэгэн өдөр бидэн хоёр учирч уулзанаа. Чи минь тэгэхэд над руу инээмсэглэж, гараа сунган тэврүүлээрэй. Би чамайгаа сэтгэлээсээ хайрланаа. Бас духыг тань, үсийг тань үнэрлэж санаа алдах болно. Хайр үгүй бол энэ ертөнц хав харанхуй. Хайр байгаа болохоор л ертөнц дандаа гэрэлтэж байдаг. Би чамайгаа ямар ихээр санаж байнаа.

ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦАА Л ШҮҮГЧ

Хүмүүс бид зөндөө олон шалтгаанаар бие биенээ буруутгадаг. Буруутгаад ч зогсохгүй заримдаа үзэн ядаж, түүнээ ч мартаж чадахгүй олон он жил цээжиндээ хорсол багтрааж явах тохиолдол цөөн биш. Сайдаж муудалцах, салж нийлэх, гомдож туних баярлаж бахдах шалтгаан бүрийн ард зөвхөн өөрийн санаа бодлоо зөв хэмээн итгэсэн итгэл, зөрүүдэлж өөрийн үнэ цэнээ батлах гэсэн өчүүхэн шалтаг оршиж байдаг. Тэр шалтаг шалтгааныг томруулаад харах юм бол тийм ч аймшигтай, гутарч үзэн ядахаар зүйл биш л дээ. Цаг хугацаа олон он жилийг элээж, тэр хэрээрээ амьдралын сайхан муухай амтыг мэдрэх тусмаа хүмүүс хувь заяаны тавилангаа анзаарч эхэлнэ. Бас эргэн тойронд нь буцалж байгаа амьдралын эргүүлгийг өөрийн амьдралын урсгалтайгаа жишиж анзаарахдаа, амьдрал тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ухаарч болно. Хэцүү шаналгаатай юм шиг санагдаж тарчлах амьдралын хар бараан өнгө нь, өөрийн тань сэтгэлийн өнгө байсныг анзаарч чадна. Хожим нь “би тэр үед тэгж болох байжээ” гэх харуусал тань тэр л бараан сүүдэрт жаахан ч болов гэрэл гэгээг сүлж байгааг мэдэрч болно.

Тэртээ нэгэн цагт чамд атаархмаар санагдаж байсан баян хүн өнөөдөр хамгаа бараад гуйлгачин болохыг бид хардаг. Тэр нэгэн цагт чи тоомжиргүйхэн харцаар шоолонгүй харж байсан залуу өнөөдөр нэр төртэй мундаг хүмүүн болохыг бид анзаардаг. Гайхам сайхан төрхөөрөө бусдын харцыг булааж, сэтгэлийг гэгэлзүүлэн шүүрс алдуулж байсан нэгэн өнөөдөр өнгө зүсээ гээн хагдарч, өрөвдмөөр царайлан “шар тайлах” архины мөнгө чамаас гуйн гар сарвайх тохиолдол нэг бус. Заримдаа бид бусадтай хамтдаа муулж, үзэн ядаж, шоолж байсан хүнээс санаанд оромгүй эрч хүч, сайхан сэтгэл ундрахыг мэдрэхдээ гайхан цочирдоно. Залуу цагийн омголон араншингаар зүрхийг нь шархлүүлах муу үг хэлсэндээ насан туршдаа сэтгэлээ шаналааж, уулзах нэгэн тавиландаа уучлал эрэх сэн гэж санагалзах үе бишгүй. Амьдралд өөрийгөө мөнх юм шиг санаж аархаж бардамнахдаа гомдоож, итгэл сэтгэлийг нь унтраасан түүнтэй учраад ганц сайхан үг хэлж, түүний сэтгэлийг нь сэргээж, өөрийн сэтгэлээ цайруулах сан гэж мөрөөдөх үе зөндөө. Сэтгэлдээ хайрлаж явсан хэрнээ холдуулж орхисон түүндээ “уг нь би чамд зөндөө хайртай байсан юм шүү дээ” гэж чин сэтгэлээсээ хайраа илчилж, дурсамжинд нь сарнай өргөх гэж хүсэх санаа багагүй.
Амьдрал гэдэг яг л голын хүчит урсгал. Тэр цагт зөвхөн чиний л зөв байсан юм шиг санаа энэ л урсгал дунд элэгдэж хожим нь чиний буруу байсныг ухааруулдаг, урсгалдаа эргийн бохир хог хаягдлыг хаман одох мэт. Амьдралд амталсан зовлон жаргалаа тавилан гэж ухаарах аваас чи өөрөө тайтгардаг, намуухан урсгал шиг. Амьдралын хатуу бэрх цагийг сөрж, тэсч давж гарахдаа чи хүчтэй болдог, эргээ цохилон буцах хүчит давалгаа шиг. Бусдыг хайрлах үзэн ядахын хязгаар нь эргээс эрэгт хашигдах урсгал. Энэ амьдрал дахь олон учралаас “буруу” эсвэл “зөв” байсныг бид биш, цаг хугацаа л шүүж нотлон харуулдаг. Өнөөдрийн буруутан маргааш зөвтөн болж хувирах, өнөөдрийн зөвтөн маргааш буруутан болж хувирах нь өөр юунаас ч биш гагцхүү хүний дотоод сэтгэлийн мөн чанараас л шалтгаалдаг юм. Зүгээр л энгийнээр өгүүлэхэд, чиний дотоод сэтгэлийн мөн чанар тань гэрэлтэй байх аваас та өнөөдөр буруутаж байвч маргааш заавал зөвтөнө. Учир нь сэтгэлийн тань гэрэл гэгээ цаг хугацааны урсгал дунд үргэлж тодорч байдаг болохоор. Мөнгө, эрх мэдэл, өнгөний боол байх аваас та өнөөдөр хичнээн сайхан байгаа мэт харагдах авч, маргааш хэн ч биш болж хувирах болно. Учир нь мөнгө, эрх мэдэл, өнгөний сүүдэр дандаа бараан өнгөтэй байдаг болохоор.

Амьдралын нууранд бусад олон шувуудтай хамтдаа чуулсан таны энэ цаг хугацаа хязгаартай. Энэ нууранд нисэн буусан та, нэгэн өдөр энэ нуурыг орхиод л нисэх болно. Хос жигуурийн тань нэг нь ХАЙР, нөгөө нь УУЧЛАЛ байх аваас та энэ нууранд өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсахгүй. Хос жигүүрийн тань нэг нь ХОРСОЛ, нөгөө нь ҮЗЭН ЯДАЛТ байх аваас та энэ нууранд тарчилсаар өнгөрөх болно. Нээрээ, заримдаа бодох аваас бусдыг уучлах, өөрөө ч бас бусдаас уучлал хүсэх олон шалтгаан байнаа. Цаг хугацаа улирах тусам мөн чанар минь надад олон ч зүйлийг сануулж байна даа. Цаг хугацааны дунд би өөрөө элэгдэж, мөн чанар минь гэрэлтэж байгаагийнх байх л даа. Танд ч бас энэ цаг хугацаа ирнэ. Хаашаа ч зайлах аргагүй. АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ.

 

Share Your Thoughts