ЗУРВАСХАН БОДЛУУД – 25

НАЙЗ

…Урсаж элэх амьдралын урсгал дунд заримдаа түүн рүү зүгээр л зорьж очдог. Зүгээр л уулзаж хуучилмаар, зүгээр л царайг нь хармаар, зүгээр л хамт суумаар тийм найзууд байдаг, бидний амьдралд. Хайртай хүндээ ч хэлж чадмааргүй зовлон шаналлын гунигийг минь тэр л маш сайн ойлгодог, би юу ч хэлж амжаагүй байхад царай руу минь нухацтай гэгч нь харснаа “юу болоо вэ?” гэж ганцхан тэр л чин сэтгэлээсээ асуудаг, миний уйтгартай төрхийг ажсанаа гэнэт инээд алдан дал мөрөн дээр минь дотносон алгадахад л уйтгар гунигийн шувуухай түүний инээднээс үргэн нисдэг. Зусардаж долигономгүй, хуурч мэхлэмгүй, нууж чадамгүй тэр л ид шидтэн миний найз. Уурлахад нь алгадаж чадамгүй дотно, уйлахад нь аргадаж чадамгүй ариухан, уулзалгүй удахад нь санаж бэтгэрэх миний дотно найз. Би заримдаа баяр хөөрөө багтааж ядахдаа хуваалцах гэж түүн рүү алгаа дэлгэн тэмүүлдэг, багтраад гаргаж чадахгүй зовлонгоо гагц түүний мөрөн дээр асгаж мэлмэрдэг, бас нүүдлийн шувуу шиг холдоод нисэхэд нь сэтгэлдээ үгүйлж санадаг.

Хар цагаан сүлэлдсэн амьдралын харгалдаанд тэвчсэн сэтгэлээ задлах гэж түүн рүү зорьж очдог, найз минь хаалгаа дэлгэн угтахад нь би итгэл урмаа багтаан байж түүгээр нь алхаж орно. Хов жив, атаархал хорсолд туйлдаж цөхөрсөн сэтгэлээ аргадуулах гэж түүндээ дарс халаасалж очдог. Духыг минь чичлэн, үсийг минь өрвийлгэн байж миний хор шарыг малтан байж инээхэд нь би хурцлагддаг, магад шаралхан байж яах байснаа өөрөө ойлгодог, тэгээд тайвширдаг. Эхнэртэй болж хайрын балыг амтлахдаа, үртэй болж элэг дэвтээн уярахдаа би найздаа л дуулгах гэж яарна. Ямар ч тал засалт, ямар ч ёсорхуу араншингүйгээр миний төлөө баярлах сэтгэлд нь би уярч түүнийг хэзээ хэзээнээс илүү хайрлаж, түүнд хэзээ хэзээнээс илүү итгэнэ. Миний алдаа онооны төлөө ямар ч ухаантнаас илүү хэрэгтэй үгийг тэр л надад хэлдэг, намайг дэндүү сайн мэддэг болохоор. Миний зовлон жаргалын төлөө ямар ч их хайртай хүмүүсээс минь илүү баярлаж гунидаг, надтай дэндүү ойр сэтгэлтэй болохоор. Заримдаа гомдож цөхөрсөндөө бухимдсан сэтгэлийг тэр л уучилдаг, миний муу араншинг мэддэг болохоор.

Тэр Эйнштен шиг ухаантан биш, тэр Чайковский шиг уянгалаг биш, тэр Далай лам шиг гэгээрсэн хүн биш, ердийн л хүн, миний дотны найз. Тэр зүгээр л бусдаас илүү намайг маш сайн мэддэг, юунд баярлаж, юунд гунидгийг мэднэ. Би түүний хувьд хамгийн дотны хүн нь. Магтаал хэлэхдээ хариу хүлээдэггүй, мөнгө өгөхдөө эргэж нэхдэггүй, гомдсондоо согтуурхаж агсамнахад минь зүгээр л гарыг минь түлхээд инээж суудаг миний найз. Ханьтайгаа муудалцаад агсамнаж ирэхэд минь юу ч асуулгүй ор засаад л өгнө, аав ээжээсээ зөрүүдлээд зугатаж ирэхэд минь юу ч хэлэлгүй намайг аргадна, гэхдээ л маргааш нь нэхэл хатуугаар буцаж очихыг шаардана, тэр миний сэтгэлийн давалгааг сайн мэддэг болохоороо. Хурим найран дээр намайг сагаж онгироход тэр зүгээр л нүдээ ирмэж, хөгжилтэй нь аргагүй над руу инээж суудагсан. Харилхаж нэг нь над руу гараа зангидан зодох гэж дайрахад, харин тэр арслан барс шиг омогшиж өмөөрнө. Яагаад тэгдгийг нь би мэдэхгүй хэрнээ яг тэгэх ёстойг нь дэндүү сайн анзаардаг. Энэ ертөнцөд сайн найзтай байх гэдэг дэндүү сайхан, бас бардам. Түүний зүрх сэтгэл миний зүрх сэтгэлтэй зэрэгцэн оршдгийг би мэддэг юм. Зүгээр л түүний мэдрэмжээр би омог бардам явдаг. Хүмүүс НАЙЗААР МИНЬ НАМАЙГ ТАНЬДАГ шиг, би ч хүмүүсийг НАЙЗААР НЬ ШИНЖДЭГ. САЙН НАЙЗ ГЭДЭГ АМЬДРАЛЫН НЭГЭН ТОМ ТҮШИГ БИЛЭЭ.

АМЬДРАЛ БУРУУГҮЙ

…Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Эдгэхгүй өвчин, эргэж ирэхгүй үхэл хоёроос бусад нь тийм ч хэцүү зовлон биш. Заримдаа бид дутуу бодсон, буруу ухаарсан үйлдлээсээ болж шаналахдаа амьдралыг “новш” гэж хараадаг. Сархадад толгойгоо мэдүүлж саад бэрхшээл болгоны өмнө сөхрөхдөө өөрийгөө бус амьдралыг буруутгадаг хүмүүс бишгүй бий. Сайхан хайртай учраад сачий нь дутаж, өөрийн болгож чадаагүйдээ амиа егүүтгэсэн тохиолдол бага бус. Өнгө мөнгө, эрх мэдлийн боол болж сагаж даварчихаад, адаг сүүлд нь лайгаа даахгүй үйлээ эдлэхдээ өөрийгөө бус амьдралыг зүхдэг өчүүхнүүд зөндөө бий. Бусадтай барьцаж тэдний энд хүрэхгүйдээ бачимдан өрөөлийг бас, энэ амьдралыг “тэгш бус” байна хэмээн гомдогсод нилээд бий. Арчаагүйдээ амьдралаа авч явж чадахгүй мунгинаж, дутуу дундуур яваа тавилангаа амьдралд тохож, буруутгагсад багагүй бий.

Амьдрал, өдөр хоногийн ээлжлэх урсгалыг алтан нарны гэрэл гэгээгээр сүлж, амарч тухлах мөч бүрийг шөнийн харанхуйгаар бүүвэйлж, бухимдаж цухалдах бүрийд чинь тайвшруулах гэж өндөр уулс дүнхийж, уйлж шаналахдаа урсгах нулимсыг тань хурын усаар угааж, уужирч тайвшраг хэмээн сэвэлзүүр салхиар нүүрийг тань илбэдэг юм. Амьдрал, сэтгэлийн уянгыг тань хөглөх гэж нууранд шувуудыг чуулуулж, хайрандаа баясаж бай хэмээн цэцэгсийг газарт ургуулж, хатуу бэрхийн өмнө бүү сөгдөж байг хэмээн дөрвөн улирлыг бидэнд мэдрүүлдэг. Амьдрал, өсөх насанд жаргал эдлүүлж, идэр насанд гоо үзэсгэлэн ид хаваараа гайхуулж, өтөл насанд ухааруулах гэж тэгш нурууг бөхийлгэн, толигор нүүрэнд үрчлээ суулгаж, сагаж онгирох араншингаас санаа алдах хүртэл сэтгэлийг тань элээдэг юм. Амьдрал, баяр жаргалын хослоон, зовлон жаргалын тэнцүүр, сайн муугийн туйлын бэлэгдэл болгон хар цагаан өнгийг зэрэгцүүлж, өдөр шөнийг ээлжлүүлж, ялалт ялагдлыг бидэнд тулгадаг.

Төрөхдөө бусдыг баярлуулж, үхэхдээ бусдыг уйлуулдаг энэ л амьдралдаа өөр хэн ч биш, бид өөрсдөө л эзэн нь байдаг. Амжилтандаа баярлаж, алдаандаа гутрах амьдралын хэмнэл бидний л тавилан. Өөрт нь тулгарсан асуудал бүрийнхээ төлөө өөр хэн ч биш, гагц чи л шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрийнхээ сайн үрийг эдэлж, муу үр дагаврыг чи өөрөө л үүрнэ, өөр хэн ч биш. Бусдыг буруутгах огт хэрэггүй, хүн болгон өөрсдийн ачаагаа үүрч яваа, чиний ачаанаас үүрэлцэх боломж үгүй. Хэцүү бэрх зовлон чамайг нөмрөхөд, тайтгарах гэж тэртээх уулсын өндөрлөг рүү зүтгэн гарч болно, өндрөөс бэлийг харахад хүний сэтгэл уужирдаг юм. Аз жаргал чамайг ивээхэд чи сэтгэл дотроо өөрийгөө магтан хашгирч бас онгирч болно, бусад хүмүүс сонсдоггүй юм. Айдсаа дарах гэж гадаа гарч тааваараа алхаж болно, гэрэлт наран чиний сэтгэлийг дулаацуулж бас аргаддаг юм. Бусдын зовлонг хуваалцаж, тэдний сэтгэлийг баярлуулахдаа чи өөрийн сэтгэлээ талархлаар тэтгэж байдаг юм, энэ нь тийм ч хэцүү биш. Өөрөө амжилтад хүрээд бусдад чин сэтгэлээсээ зааж өг, чамаас юу ч алдагддаггүй юм. Хэцүү шаналалынхаа төлөө өрөөл бусдаас бус, өөрөөсөө алдаагаа хай, ухаардаг юм. Амьдрал бидний тавилан хэдий ч түүнд ямар ч буруу байхгүй, муу явбал чи л буруутай, өөр хэн ч биш. Дотоод сэтгэлээ чагна даа, чи бүхнийг чадна.

ЭЭЖ ХҮН БУРХАНЫ ЭЛЧ

…Бурхан энэ ертөнц дээр амьдарч байгаа хүн болгоныг бүгдийг нь зэрэг хайрлаж амжихгүй болохоороо бүсгүй хүнийг ээж болгон, хувь заяаг нь хайрын элчээр өргөмжилдөг гэнэ. Бүсгүй хүний хэвлийд нь амь бүрэлдэж, хөхөнд нь сүү ивлэх цагаас л сэтгэлд нь хайр ундардаг. Урсгал усны долгисонд уянгын хөг эгшиглэх шиг , уудам талын зэрэглээнд туяхан галбир бүжиглэх шиг, хөх тэнгэрээс асгарах сувдан хэлхээс хайр болон урсаж сэтгэлийг нь зөөллөн уяраана. Хэвлийд нь цохилох бяцхан зүрхний хэмнэл хайрын хаалгыг зөөлхөн тогшихуйяа, тийчлэх жижигхэн хөлийг нь хэвлийн гаднаас илбэж, өхөөрдлийн ялдам инээмсэглэл бүсгүйн үзэсгэлэнт царайд нар болон гэрэлтэнэ. Хүүхдээ хүлээх сэтгэл нь гэгээн наранд гэрэлтсэн үлгэрийн ертөнц, хиртээхийн аргагүй цав цагаан мөрөөдөл, дуусаж дундаршгүй их хайр. Хөл хүндтэй бүсгүй хүн, тэр чигээрээ хайраар хучигдсан амьд бурхан. Энэ ертөнцийн юутай ч зүйрлэмгүй гоо үзэсгэлэн.

Үрээ төрүүлэх мөчдөө хичнээн их өвдөж зовж, шаналж тарчилж, заримдаа “дахиад хэзээ ч” гэж амандаа шивнэж байсан бүсгүй хүн, өөрөөс нь хүйгээ тасалж, өндөр энэ хорвоод хувь заяагаа холбох мөчид бүхнийг ор тас мартдаг. Үр нь ээждээ мянган цэцэгсийн шүүдэр дундуур нүцгэн хөлөөрөө туучиж, нарны буман сацрагаас жижигхэн гараараа атгаж, мөнх тэнгэрийн хөх өнгийг хондлой дээрээ үүрч ирдэг. Ирэхдээ газраас тэнгэрт уйлах дуугаа дуурсган байж, ирээдүйн тавилангаа тэврэх гэж сарвалзан, ээжээсээ холдохгүй гэж энгэр рүү нь тэмүүлэн зүтгэж ирдэг. Тэр мөчид тасарсан хүйн холбоо, насан туршийн сэтгэлийн холбоос болон хайраар залгагдана. Зүгээр л дэрвэж явсан бүсгүй хүн үрээ төрүүлэн ээж болохдоо амьдралын зовлон жаргалыг хайраараа тэнцүүлж эхэлдэг. Нэгэн биеийг хуваан байж төрүүлсэн үрс нь хувь заяаных нь хагас нь, баярлах гомдохын хязгаар нь болдог тавилан эх хүнээс өөр хэнд заяах гэж? Идэх хоолныхоо хагасыг үрдээ хадгалж, эдлэх учиртай баялгийнхаа талыг үрдээ зориулж, элээх ёстой тавилангаа бүхэлд нь үрдээ зориулдаг сэтгэл, зориг эх хүнээс өөр хэнд буй гэж?

Хайрын элч болгон бурханаас газарт илгээгдсэн эхчүүд хайрандаа хамгийн үнэнч байдаг. Өөрөө бурхан шиг гэгээлэг мөртлөө, өөрийнхөө үрийг “амьд бурхан минь” гэж хайрладаг хайраас аугаа нь хаана билээ. Нэгэн шөнө бүлээрэхэд нь аялж эхэлсэн бүүвэйн дуугаа насан туршид нь үрдээ дуулдаг ээжүүд, нэгэн хоромд уйлж бархирахад нь аргадаж энхрийлсэн учирлалаа насан туршид нь үрдээ учирладаг ээжүүд, нэгэн мөчид баярлуулсан тохиолдлыг нь насан туршдаа бусдад гайхуулан хуучилдаг ээжүүд. Жигүүрээ дэлгэх цагт нь хадан халил дээрээс үрээ түлхдэг бүргэд шувуу, хортон дайснаас дайжихдаа бэлтрэгээ амандаа зуугаад зугатдаг чоно шиг араншин зөвхөн эх хүнээс л гардаг. Заримдаа бидний огт төсөөлж чадамгүй эрсдлийг гагц эх хүн л үүрч чаддаг. Буруу муу үйлдлийн төлөө гаднаа хашгичин загнаж байвч, дотор сэтгэлдээ харуусан уйлж байдаг араншин зөвхөн эх хүнийх. “Үртэй хүн жаргадаг” гэж чин сэтгэлээсээ итгэдэг ээжүүдээ бид чин сэтгэлээсээ хайрлаж, жаргааж чаддаг билүү?

Бурхан бүх хүнийг зэрэг хайрлаж амжихгүй болохоороо эх болох хүнийг энэ ертөнцөд илгээсэн гэдэг. Үрээ тэврээд аз жаргалтай алхаж яваа бүсгүй хүн бол бурханы элч. Тэр бүсгүй хайраараа бүгдийг амилуулдаг.

Share Your Thoughts