ЗУРВАСХАН БОДЛУУД – 26

БУСДАД БҮҮ НАЙД…

…Заримдаа бид өөрсдөө хийж чадах зүйлсээ бусдад найдаж орхиод, түүнээ бүтэлгүй болоход учиргүй шаналж тэвддэг.
-Найз нь бүхнийг амжуулж орхиноо, чи санаа зоволтгүй

Найздаа ийнхүү амалж байхдаа тэрээр хорон муу санаагүйгээр найздаа тусалж баярлуулах гэж бодсон хэрэг. Амьдрал дахь олон янзын тохиолдлуудаас шалтгаалан амалсан зүйлээ биелүүлж чадахгүй тохиолдол зөндөө. Амалснаа биелүүлж чадаагүй ичингүйрлээсээ шалтгаалан “За яахав ээ, энэ удаад амжсангүй, гэхдээ заавал болгоноо” хэмээн амалж, тэртэй тэргүй хүндэрсэн нөхцөл байдлыг өөр дээрээ ачааллан улам хүндрүүлэх тохиолдол бишгүй. Итгэл найдвар, бүтэлгүй амлалтын огтлолцол дээр сайн найзууд бие биенээ “хуурч”, үүнийхээ улмаас муудалцан холдох нь нэг биш. Амлалтанд нь итгэж найдсан сэтгэлээ, уцаар бухимдлын хар үүлээр хучиж орхихдоо хүмүүс зүгээр л дотно сайхан нөхөрлөлөө хиртээж орхидог. Хичнээн хичээгээд ч өмнөх сайхан нөхөрлөл дээр хиртсэн хар бараан өнгийг цайруулж үл чадна. Бид нэг л зүйлийг, чамд туслах гэж хичээсэн дотны тэр хүмүүс тань ардаа өөрийн гэсэн амьдрал, шийдэхэд төвөгтэй олон асуудлуудыг яг л чам шиг дагуулж байдгийг анзаардаггүй. Уг нь байна шүү дээ, “Уучлаарай би хичээсэн боловч үнэхээр амжихгүй нээ” гэсэн чин сэтгэлийн учирлал, найзын тань сэтгэлд уучлах зайг үлдээдгийг бид ухаардаггүй. Ичсэндээ, нэр хичээсэндээ учруулах бүтэлгүйтэл болгон тань найзын дотно сэтгэлд эргэж наалдахгүй цав болон хагарч байдаг.

…Ах дүүсийнхээ дунд санхүүгийн боломжтой болсон нэг нь “сайн садан” болох гэж тэдний өмнөөс ачааллыг нь үүрэх гэж оролдох үзэгдэл бишгүй. Цөөн биш тэр хүмүүсийн амьдрал дахь санхүүгээс хамааралтай болоод хамааралгүй олон асуудлыг нэг хүн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Учир нь тэр гэр бүлийн цаана өөрийн ах дүүс хийгээд хамаатан садан, хадмын талын ах дүүс гээд олон ам бүлүүд бие биенээ санаатай болоод, санамсаргүй байдлаар “хянаж” байдаг юм шүү дээ. Гэр бүлүүдийн доторх хов жив хийгээд, “барьцсан сэтгэлгээ” тэр л “хяналт” -аас үүдэн, хэн ч ялж чаддаггүй хэрүүл маргааны шалтгаан нь болж байдаг. Гэнэт баяжсан нэгэн садан нь тэднийгээ учиргүй “харж үзэн”, бүгдийнх нь амьдралыг өөрийн хяналтдаа байлган “Крестний отец”-ийн Дон Корлеоны дүрд тоглох сонирхол бишгүй бий. Гэхдээ энэ нь кино биш амьдрал юм болохоор, тэдний амьдралын тогоонд бусдаас хамаарах шаардлагагүй олон асуудлууд буцалж байдаг болохоор, ихэнхдээ ийм оролдлогууд амжилтанд хүрдэггүй. “Сайн садан” гийн энэрэнгүй тусламжинд найдсан ах дүүс хэзээ ч өөрсдийн боломжоо ашиглаж чаддаггүй, тэдний арчаагүй дорой байдал нь үүлэн дунд замхрах “хөөсөн” мөрөөдөл болж хувирдаг. Тэд ийм байдлаасаа хэзээ ч гарч чаддаггүйгээр үл барам, харин “өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалдах ” нь даанч элбэг.

…Бид заримдаа бие биендээ тусламж болгон мөнгө зээлдүүлдэг. Хүнд хэцүү үед тусламж болгон өгч байгаа тэр мөнгө үнэнч нөхөрлөлийн бэлэг тэмдэг, бас сайхан сэтгэлийн илрэл. Хэнд ч мөнгө хэзээ ч илүүддэггүй бичигдээгүй хуулиар чамд зээлж байгаа мөнгөн дэвсгэртийн цаана чамайг хайрласан хайр, туслах гэсэн чин сэтгэл, нөхөрлөлдөө хэвээр үлдэх гэсэн сайхан сэтгэл оршиж байдаг. Тусч сэтгэлд хэзээ ч “хүү” байдаггүй, харин чиний төлөөх шаналал бас сэтгэлийн зовинол агуулагдаж байдаг. Баярлаж бахадсан сэтгэлээр тэр мөнгийг нь авчихаад амалсан хугацаандаа төлж чадахгүй бол, анд нөхдийн цав цагаан сэтгэл дундуур хав хар муур гүйж одно. Эхлээд шаналж байснаа, дараа нь уцаарлаж, эцэстээ утсаа авахгүй салгаж одоход сайн найз тань гомдож цөхөрдөг. Чамд итгэсэн итгэл, чамайг хайрласан хайр, чамайг өрөвдсөн халуун сэтгэл хөхөө өвлийн хүйтэн жавар шиг царцаж, сэтгэлд нь жавар хургаж орхиход найзын тань сэтгэлийн баяр бахдал, инээд хөөр, баяр гунигаа хуваалцах дотно сэтгэл үгүй болж орхино. Хичнээн дотно анд нөхдийн халуун сэтгэл дундуур мөнгөний “хар муур” гүйхэд л энэ амьдралын цав цагаан өнгө хав хараар солигдож, итгэл урам ав адилхан хугардаг. Амьдрал утга учиргүй мэт санагдан сэтгэл хиртэх үе зөндөө. Гэхдээ үнэн учирлал, итгэлийн хариу итгэл үүнийг давж гарах гэрэл гэгээ болж байдаг.

Амьдрал хүн болгонд өөрийнх нь тавиланг оноодог. Бусдыг хайрлах хайр, идэх хоол хүнс, эдлэх эд хөрөнгө, өргөж тэтгэх үр хүүхэд, найзалж нөхөрлөх андууд, энэрч тэтгэх ээжий аав гээд бүгдийг нь. Чи өөртөө оногдсон тавилангаа өөрөө л үүрэх учиртай. Бусдад найдаж, лаахайдах хэрэг үгүй. Учир нь хүн болгон өөр өөрсдийн тавилангаа үүрч байгаа болохоор чиний тавилангаас үүрэлцэх боломж үгүй, бас даахгүй. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч өөрийнхөө өмнө тулгарсан сайн муу асуудлаа өөрөө л шийдэж бай. Алдвал алдаагаа өөрөө л үүрэн зовж, оновол өөрөө сайн үр дүнг нь эдэлж, боломж олдвол хэн нэгэнд “ашиг, бас хүү” харахгүйгээр тусалж байх хэрэгтэй. Өөрт тань тусалж дэмжсэнгүй хэмээн хэн нэгэнд гомдож, цухалдах хэрэггүй дээ. Тэд чинь өөрийн тавилангаа үүрч л яваа, яг л чам шиг. Хэн нэгэнд гомдол хорслын улмаас муудалцаж гомдохдоо сэтгэлдээ заавал эвлэрэх орон зайг үлдээж бай. Магад түүний зовлон чам дээр нэгэн өдөр тохиож магад. “Нэгэн өдөр чи уйлж тэр инээж байхад, маргаашийн өдөр чи инээж тэр уйлж байх болно” хэмээн Б.Дашбалбар шүлэглэж билээ. Зүгээр л чи бусдад найдахгүйгээр өөртөө итгэж, өөрийн асуудлаа бусдын “халамжгүй” гээр шийдэж чадахдаа, нэгэн өдөр өөр шиг тань шаналж яваа нэгэнд тусалж байхдаа чи хүчтэй бас аз жаргалтай байх болно. Бусдад нэг их бүү найдаа, харин өөртөө л итгэ.

ХЭРҮҮЛ – Сэтгэлийн буртаг

-Чи муу юу юм бэ? Хэзээ ийм болчихсон юм
-Би юу, би хүн. Харин чи юу юм бэ? баас шүү дээ

Хүмүүс ямар нэгэн таагүй асуудлаас болж муудалцан улам ширүүсэхдээ ийнхүү хэрэлддэг. Уур уцаар нь сэтгэл зүрхний хэм хэмжээгээ давахаараа амьсгаа нь давхцан, нүд нь харанхуйлж, хэл нь ээдэрч хэлэх муу олох гэж гацна. Сэтгэлийн дотроос хар хэрээ нисэн гарч энд тэндгүй гуагалан, уурласан араншин ойр орчмын хамаг муухай хогийг хийсгэн хуйлруулж, зүрхний чанадад нар хиртэн аянга цахилан аадар асгарч, бид өөрсдийн мөн чанараа хоромхон зуур алдаж орхидог. Өөр рүү нь үсчих нус шүлсэнд холилдсон хорон муу үгсийн эсрэг, түүнээс ч хорон муу үгсийг олох гэж хар хорын сэтгэл дэх хорсол, тэчьяадлаа тэмтчинэ. Бас өөрийн нус нулимсаа, шүлсэндээ холин байж түүн рүү тургилдаг. Хорсол заналын бараан сүүдэр дор бидний сэтгэл хиртэж, бас сэтгэл нь даарч жиндэж, хайр халамж нь царцаж орхидог. Түүнийг давах гэж хашхирсан дуундаа бид өөрсдөө сульдаж, хоолой нь арган сөөнгөтөж, нүднээс нь хорсол бухимдлын хав хар нулимс хацар хорсгон урсах аж. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс бидний стэгэлээс урсах хар хирэнд хиртэн жихүүцэж, балчир хүүхэд айсандаа чарлан бачимдана. Тэр бол хиртэй, харанхуй орчин.

“Хэрүүлд хэзээ ч ялагч байдаггүй”, би нэгэнтээ энэ тухай ч бас бичиж байсан. Хэрэлдэж муудалцсан тэрхэн хоромд хэн ч өөрийгөө буруутгадаггүй. Намжиж тайвширсан төдийд ч ” үгүй ер тэр муу юу юм бэ? ёстой” гэж амандаа бус, сэтгэлдээ үгэлж өөрийгөө зөвтгөж болох түмэн шалтгийг дүүрэн хог новшийг хаман агаарт хуйлрах нүд хорсгосон хуй салхин дундаас эрж хайх аж. Оволзсон амьсгаагаа дарж ядах агшин бүр хиртсэн сэтгэлийг ариусгаж үл чадан, хааяадаа зүрхний тэртээд ёг хийтэл хатгуулан шаналгана, ядарч туйлдсан зүрхнээс харууслын хөлс дусална. Бие биенээ хайрлах сэтгэл нь холдсоны улмаас чанга чанга хашгирсан дууны цуурай, сэтгэлийн мухраас арилж өгөхгүй, дахин дахин сонсдож, түүнийгээ сонсох бүртээ сэтгэл нь гундан шаналдаг. Эргэн тойрноо ичгүүртэйгээр харж, өөрийг нь шоолсон, үзэн ядсан, өрөвдсөн бусдын харцан дор гэр рүүгээ алхахдаа сэтгэлийн хирээ нуруун дээрээсээ авч үл чадан, улам улмаар бөгтийн аажим аажмаар гуйвлан алхах нь өрөвдөлтэй. Хүмүүс бид бусадтай хэрэлдэх тэрхэн хоромд, өөрийн мөн чанараа огоорч мунхаг араншингаараа сэтгэлээ хиртээж, өөрийн үнэ цэнээ шавартай хольж орхидогоо анзаардаг билүү? Ердөө л хэдхэн хором, хэрэв тэсч чадсан бол өөртөө хэзээ ч харамсахгүй хором.

Хэрүүлд хэзээ ч ялагч байдаггүй. Хэрүүл өдсөн хүнийг ялах цорын ганц боломж нь тэсээд л дуугүй өнгөрөх. Сэтгэл дотор оволзсон бараан шуургаа тэвчиж, хорон муу үгсийн дайралтыг тэсч, сэтгэл доторх сөргөлдсөн муу бодлоо аргамжиж чаддаг бол чи ялагч болдог. Тэвчиж, тэсч дуугүй өнгөрснийхөө төлөө хүн энэ амьдралдаа цөөхөн харамсдаг. Тан руу дайрч давшилсан түүний өмнө дув дуугүй суухдаа сэтгэл дотроо “хэрэлдэж” байсан үгсээ тэрхэн хоромд уруул давуулж хэлээгүйнхээ төлөө хүмүүс хожим нь өөртөө талархдаг. “Яаж би тэр үед тэр үгийг хэлсэнгүй тэсч чадав аа” гэж, уучлал хүсч эвлэрсэн тэр хүний гэмшсэн харцны өмнө сэтгэлдээ сэмхэн дуу алддаг. Уруул давуулж хэлэх байсан тэр хорон үгс тань өнөөдрийн уучлал гэмшлийг хөтөлж тан руу аваачихгүй, улам их хорсол занал бухимдал руу түлхэх байсан гэдгийг ухаарахдаа хүмүүс “бага ярьж, их сонсч бай хэмээн нэг ам, хоёр чих заяасан” учрыг ойлгодог. Уурлаж бухимдаж, хорсож занаж хашгирсан бүхний өөдөөс хэрэлдэж зодолдолгүй тэсч өнгөрөх тусам таны сэтгэлд хир буртаг бус, гэгээлэг ухаарал төлөвшиж байдаг. Тэр хэрээрээ хүмүүсийг үзэн ядах бус, өрөвдөж уучлах сэтгэлтэй болдог. Хорсол заналын өмнө дуугүй байна гэдэг нь сул дорой байна гэсэн үйлдэл огтхон ч биш.

…Хэн нэгэнтэй хэрэлдэж яах юм бэ? Тэсээд л дуугүй өнгөрчих. Хожим нь үүнийхээ төлөө чи харамсахгүй, харин ч өөртөө баярлах болно. Чи тэсээд л дуугүй байж чадах юм бол тэр хүн тань өөрөө өөртэйгээ хэрэлдээд, сэтгэлээ урж тасдан нүцгэлээд, бас хиртээгээд өөрөө л цөхөрдөг. Тэсвэр тэвчээр бүхэн тань сэтгэлээ хиртээхгүй байх боломж. Сэтгэл тань хиргүй байхдаа та бусдын өмнөөс ямагт инээмсэглэж, буруу муу үйлдлийг нь уучилж, гадна төрх тань эрхэмсэг бардам, царай тань үргэлж гэрэлтэж явах болно. Сайхан шүү дээ. Дотроосоо гэрэлтэж байгаа сэтгэл шиг сайхан нь хаана байна. Та нээрээ сайхан харагдаж байна шүү.

СЭТГЭЛИЙН АНИР

Хүний сэтгэлийн орон зай хязгааргүй, яг л бидний аж төрж буй энэ ертөнцийн гаднах төсөөлөхийн аргагүй уудам орон зай шиг. Гариг эрхэс энэ орон зайд эргэлдэж байдагтай адил, бидний бодол санаа мөч хором бүрт эргэлдэж байдаг. Заримдаа санааширч, хааяадаа баярлаж гуниглаж, гэнэтхэн орилж хашгирч, бас уйлж уярч, үгүйдээ бодлогоширч, юуны ч юм бэ? хариуг олох гэж гиюүрч, сэмхэндээ мөрөөднө. Бидний амьдрал дахь олон учралуудтай хамаатай ч юм шиг, бас огт хамаагүй ч юм шиг, учраа олохгүй гайхашрах үе зөндөө. Бид сэтгэлийн анираа чагнаж, үгүй бол сэтгэлийн анираа огтоос чагнахгүйгээр бусдын сэтгэл хөөрлийн давалгаанд автаж шийдвэр гаргах тохиолдол бишгүй. Дараа нь эрэгцүүлж санаашрахдаа, тэр үед шийдвэрт минь нөлөөлөх гэж хэрэндээ сөөнгө боловч хоолойгоор бидэнд учирласан анирыг сонсоогүй л байсан юм даа, сонин шүү. Хэрэв тэр үед сэтгэлийн анираа сонсож чадсан бол…

Сэтгэлийн анираа чагна даа. Өвлийн хөр цасыг бие жиндээх хүйтэнд ч хайлуулан ууршуулж, өнгө цэнхэр яргуй газрын хөрснөөс хэнзлэн ургахад нь баярлан дуу алдмаар, зуны аагим халуунд урсан мяралзах зэрэглээнд уусаж, намрын шувууд нуурандаа хоргодон хоргодсоор тэртээх тэнгэрийн мандалд зэллэн нисэх шиг монгол уртын дуу хязгааргүй орон зайд наран зүгт дуурсан дуурсаж уусахад, сэтгэлийн их анир аньсган дунд нэгэн дусал болж, зүрхний тэртээд санаа алдан бөнжийнө, сэтгэлийн минь монгол анир. Тэртээх уудам хөндийд тодрох цав цагаан гэрээс сайхан монгол бүсгүй гарч, саалийн хувингаа сугандаа хавчуулан гүүн зэл рүү суналзан алхахуйяа, сувдан даруулгатай хав хархан гэзэг нь салхины зөөлөн сэвшээнд гэнэ гэнэхэн савлаж сэтгэлийн тэртээд дурлалын гал сүүмэлзэж, зүрхний тэртээд хайрын эгшиг аялгуулна, уярмаар ч юм шиг, гэнэтхэн дуу аялмаар ч юм шиг, зүрхний минь монгол анир. Аав минь хааяадаа хөмсгөө зангидан гэнэн буруу үйлдлийг минь сэтгэлийн суран бүсээр шавхуурдах нь, сайхан ээж минь хонины ээлжний дараа өрөм хөвсөн цайнд дэвтсэн боорцгоо амаа олохгүй үмхлэх миний духан дээр минь бурзайсан шорвог хөлсийг минь гараараа аяархан илбэж, хайраараа амтлан үнсэх нь сэтгэлийн минь ухаарлын монгол анир.

Сэтгэлийн анираа чагна даа. Сэтгэлийн тань нууранд цав цагаан хун шувууд хөвж байдаг бол хав хар хэрээ ирж гуагалах зай байдаггүй юм даа. Сэтгэлийн тань тэртээд хайрын нар мандаж байдаг бол атаархал хар хорын сүүдэр жиндээн хиртээж чаддаггүй юм даа. Сэтгэлийн тань орон зай тал шиг уудам байж чаддаг бол чамайг гомдоож цөхрүүлсэн бүхнийг уучилж өршөөж чаддаг юм даа. Сэтгэлийн тань орчилд савлах баяр жаргал, гомдол цөхрөл, хайр дурлал, үзэн ядалт, урвалт шарвалт, үнэнч сэтгэл бүхнийг тэнцүүлж чаддаг бол сэтгэлийн амар амгаланг эдлэж чаддаг юм даа.

Сэтгэлийн анираа чагна даа. Чи өөртөө байгаа боломжоо ашиглаад бусдад тус болж, түүний хариуд бусдын баярлаж талархсан царайг харах ямар сайхан гээч. Чамайг гомдоож цөхрөөсөн нэгний гарыг атган нүд рүү нь эгц харж байгаад, “би чамайг уучилсан” гэж хэлэхэд түүний ичингүйрсэн нүднээс урсах харамслын нулимсыг хурууныхаа өндгөөр зөөлхөн арчих ямар сайхан гээч. Зовж шаналсан нэгнийг тайтгаруулсан чин сэтгэлийн үгэнд тань тайтгарсан түүнийг, цээжиндээ тэвэрч, нурууг нь зөөлхөн илбэх ямар сайхан гээч. Нэг их уянгалаг аялгууг сонсоод уярч хайлахдаа бусдаас нулимсаа нуун арчихад яг л над шиг уярсан нэгний нууцхан нулимсыг хараад бие бие рүүгээ уярмаар сайхан харах ямар сайхан гээч. Уулзалгүй зөндөө удчихаад гэнэт уулзахдаа, санаж бэтгэрсэн сэтгэлээ ч барьж дийлэлгүй тэврэлдэн уйлахад, миний эргэн тойронд байгаа хүмүүс биднийг хайрлан уярч харахыг мэдрэх ямар сайхан гээч. Хайрлаж явдаг хүн маань миний гарыг чангаас чанга атгаж байгаад “би чамд ямар их хайртайг чи мэдэхгүй дээ” гэж хэлэхийг сонсох ямар сайхан гээч. Миний дотны найз минь над дээр зочилж ирээд, задалсан хундага дарсныхаа өмнө “анд минь” гэж хэлэх ямар сайхан гээч.

Хүний сэтгэл, бодол санаа хязгааргүй орон зайд тэнүүчилнэ. Хэрвээ анхаараад чагнах аваас хэн ч сонсож чадамгүй чухал үгсийг бидэнд хэлж байдаг. Бусад хэн ч сонсож чадахгүй, зөвхөн би л сонсдог тэр анир миний мөн чанар. Би хэнтэй ч адилгүйн адил, миний мөн чанар хэнтэй ч зүйрлэшгүй. Би эжийгээсээ төрөхдөө тэр л анир дунд төрдөг. Би авсанд орохдоо тэр л анираа аваад л одно. Давтагдашгүй, бас хэнд ч нялзаамааргүй тэр араншин миний сэтгэлийн анир. Сайхан хөгжим сонсоод би заримдаа асгартал уйлдаг, сархадад халуурахдаа би өөртэйгээ л учирлаж ярьдаг, сайхан бүсгүйд би өөрөө л дурладаг, сав шимийн энэ ертөнцөд би өөрийгөө дэндүү хайрладаг. Энэ бол миний сэтгэлийн анир, өөр хэнийх ч биш.

Share Your Thoughts