ЗУРВАСХАН БОДЛУУД – 30

ЖАРГАЛАА БИД ӨӨРСДӨӨ ЗОВЛОН БОЛГОДОГ

Товчхондоо бид өөрсдийн амьдралаа хэрхэн үнэлж байгаагаар бидний жаргал зовлон хэмжигддэг. Хүн болгон өөр өөр тавилантай. Харин заавал адилхан байлгах гэж хүсээд байдагт бидний төөрөлдөл оршиж байдаг. Бусдаас сайн сайхан үлгэр жишээг авч болох боловч давтагдашгүй бодьгал тэр хүнтэй яг адилхан байх боломж үгүй. Үүнтэй адил лугаа муу муухай жишээг ч бид бас л дуурайхыг хүсдэг. Монголд нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй шударга бус аргаар, хууль бус үйлдлээр баяжсан эрхмүүдийн брендээр гайхуулдаг тэнэг солиорлыг бид өөрсдөө дэвэргэж, өөрсдийн амар тайван амьдрах боломжоо өнгө мөнгөний төлөөх хийрхэл болгон хувиргаж байгаадаа бид их зовцгоож байна даа. Тэдэнтэй адил болж чадахгүй байгаадаа өөрөө бухимдаад зогсохгүй дотно хүмүүсээ ч шаналгаж зовооно. Өөрийнхөө боломжоос хэтэрсэн шунал тачаал, өөртөө ирсэн жаргалыг зовлон болгон хувиргадаг юм даа. Боломж гэдэг хүн болгонд адил олддоггүй болохоор хүн бүр өөрийн боломжиндоо таацуулан амьдардаг. Бусдын өмнө аягалсан хоолыг “минийх” гэж булаагаад авч идэж болдоггүйтэй адил лугаа.

Бид бие биедээ дурлаж, хайрлахдаа дэндүү их за жаргалыг мэдэрдэг. Аажим аажимдаа “зөвхөн өөрийн болгож өмчлөх” хүсэлдээ хэт автан хардаж, алхах гишгэх үйлдэл бүрийг нь хянаж, өөрийг нь “тоохоо больжээ” хэмээн гомдоллож, цаг ямагт өө сэв хайж зовоогоод байх ахул мөнөөх их аз жаргал нь зовлон болон хувирна. Анхлан амталсан аз жаргал нь хожим нь зовлон болж хувирсан шалтгаан нь, хэм хэмжээнээсээ дэндүү ихийг хүсч шаардаж байсанд оршиж байгааг бид тэгтлээ анзаардаггүй ч байж болох. Бид хөдөлмөрлөж мөнгийг ихээр олж чадах авч, олж чадаж байгаа хэмжээнээсээ бүр ихийг олох шуналдаа автан хууль бус үйлдэл рүү татагддаг. Хөдөлмөрлөөд олж байсан мөнгө нь амьдралд нь хүрэлцэж байхдаа сэтгэл ханамжтай байсан бол, хууль бус аргаар их мөнгө олох тусмаа айдаст автана. Хууль бус үйлдэл нь хэзээ нэгэн цагт илэрч “шоронд орчих вий” гэдэг айдас нь, хэн нэгэн хүн “мөнгийг нь хулгайлан завших вий” гэдэг айдастай сүлэлдэн мөнхийн зовлонд автуулж амар тайван амьдралаас холдож төөрдөг. Шударга бусаар хураасан хэмжээлшгүй их мөнгөө авсандаа аваад орж чадахгүй ч, амьдралын баяр жаргалтай мөчүүдийг, амар амгалан тайван хэмнэлийг нь алга болгож байгааг мэдэрдэггүй ч байж болох.

Аз жаргалын тухай бид өөр өөрийнхөөрөө дүгнэн хэмжиж үнэлдэг. Өөртөө байгаа боломж нөхцөлдөө сэтгэл хангалуун байж, амар амгалан амьдарч чадаж байгаагаа олон хүмүүс аз жаргал гэж үнэлэх нь бий. Энэ ертөнцийн бүх л оршихуй өөр өөрийн хэм хэмжээтэй. Түүн лугаа адил хүн бүрийн амьдрал хувь заяа, эдлэх хэрэглэх, уух идэх, амсах зовлон жаргал бүхэн нь тодорхой хэм хэмжээтэй. Магадгүй энэ нь эдлэх учиртай аз жаргалын хэмжүүр ч байж болох. Энэ хэм хэмжээнээсээ хальсан шунал, тачаал бүхэн нь хүмүүсийг зовлонд унагадаг байх. Бидний ухаант өвөг дээдэс “Шунал ихэдвэл шулам болдог” гэж зүгээр ч нэг сургаагүй. Хүний амьдрал сайнаар харвал их л энгийн. Хайртай хүнтэйгээ хамтдаа жаргалтай амьдарч, өөрийн үргэлжлэл болсон үр хүүхдүүдээ сайхан өсгөн сайнаар хүмүүжүүлж, авьяас мэдрэмжээ хөгжүүлсэн чадвараараа амьдралдаа хүрэлцэх орлого олж, аав ээжийгээ ачлан тэтгэж, ах дүүс анд нөхдөө хайрлан хүндлэж, сэтгэл гаргаад бусдад туслан, бусдын төлөө үйлдсэн сайн үйлдэл бүртээ хариу хайр хүндлэл авч байхад л болоо. Амьдралын баяр баясгалан, сэтгэлийн их амар амгалан шиг аз жаргал үгүй билээ. Ийм аз жаргалаа зовлон болгон хувиргахад бидний мунхаглал ч бас хангалттай хүрэлцэнэ байх. Мунхаглалаас ухааралд хүрэх мэдрэхүй, өөрийн аз жаргалаа зовлон болгон хувиргахгүй байхад тань тус болно доо. Бид энэ дэлхийд “нүцгэн ирээд нүцгэн буцдаг нь” маргахын аргагүй үнэн.

ЧИ ХЭНД ҮНЭНЧ ВЭ?

-Чи энэ ертөнцөд зөвхөн надад л үнэнч байна гэж амла
-Тэгэлгүй яахав хайрт минь, ганцхан чамдаа л үнэнч байна, амлая

Хайрандаа мансуурсан залуу хосын гайхамшигтай дэврүүн амлалтууд, олон он жилийн дараа “Намайг хуурчихлаа шүү дээ, би одоо яах юм бэ?” хэмээн харуусалдаа урсгах нулимсанд шингэж урсан оддог. “Хайрандаа үнэнч байна” гэж амалсан амлалт нь “худлаа” болж, хууртагдсан нь өөрт нь эвлэршгүй доромжлол болон сэтгэлийг царцаах мөчид, амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж эргэн тойронд нь хөлхөж байгаа “үнэнч биш” хүмүүс цав цагаахан түүнийг тойрон шоолонгуй харцаар харж байх мэт нэг л зэвүүн. Түүнийг үзэн ядмаар ч юм шиг, хариугаа авч хэн нэгэнтэй “явалдмаар ” ч юм шиг санагдах дор болсон үйлдлийг бодит байдлаар эргэцүүлж дүгнэх чадвараа алдаж орхино. Яг үнэндээ байна шүү дээ? Тэр хүн чамайг хуурч мэхэлсэн мэт санагдах авч, угтаа бол өөрөө л өөрийгөө хуурч байгаа юм гэдгийг бид ухаардаггүй. Нэгэнт чамайг хуурсан, түүндээ гэмшилгүйгээр “яаж ийгээд чамайг аргалан” тайвшруулж байгаа бол чамайг хэзээд хуурсаар л байх болно. Учир нь хууралт бол тухайн хүний мөн чанартай холбоотой болохоор, чамайг бус өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Өөртөө үнэнч байж чаддаггүй хүн хэзээ ч бусдад үнэнч байдаггүй.

Хүмүүс бид энэ амьдралдаа олон зүйлд үнэнч байхаа амалдаг, зөвхөн хайр сэтгэлээр хязгаарлахгүйгээр. Анд найз нартаа, ажилдаа, намдаа, шашиндаа, өөр зөндөө олон шалтгаанууд бий. Хүн сонголт хийхдээ өөрийн ухамсар хийгээд мөн чанартаа захирагдана. Амлалт бол үнэнч байдлын баталгаа. Харин хууралт бол үнэнч бус байдлын үзүүлэлт. Харин үнэнч бус байсны төлөө бурууг нь бид өөрөөс нь бус бусдааас хайх тохиолдол бишгүй. “Би л болсонгүй юм болов уу?”, “Хэн нэг нь түүнийг уруу татаад байна даа?”, “Цаад нөхөр нь толгойг нь эргүүлж орхилоо” гэхчилэн. Гол шалтгаан нь тэр хүний үндсэн мөн чанарт байгааг бид олж анзааран зөвшөөрөхийг тэгтлээ хүсдэггүй. Олон олон ийм тохиолдлуудын дараа уг хүн чамайг бус өөрийгөө хуураад байгааг анзаардаг. Хэдийгээр чамайг хуурч дөнгөөд байна гэж хоёулаа бодох авч, эцэст нь тэр хүн өөрийн өөдгүй мөн чанартаа автан өөрийгөө л хуурсаар байдаг.

“Хүн хэнд үнэнч байдаг вэ?” гэвэл өөртөө л үнэнч байдаг. Хэн нэгэнд худлаа хэлээд “аргалчихаж байна” гэж бодох авч эргүүлээд харах юм бол өөртөө л худлаа хэлсэн байдаг. Хэн нэгнийг хуурч мэхлээд “дөнгөчихлөө” гэж бодох авч угтаа бол өөрийгөө л хуураад байгаа хэрэг. Чамайг хуураад яваад байхдаа амьдралын амт баяр баясгалан, хайр сэтгэлийн ид шид гайхамшигийг өөрөөсөө л холдуулж байгаа хэрэг. Худлаа яриад байх тусмаа бусдад төдийгүй өөртөө итгэх итгэлээ ч алдаж байгаа хэрэг. Хуураад, худлаа хэлээд байгаа хүнээс хүмүүс аажимдаа зайгаа барьж эхэлнэ, харин тэр өөрийгөө ганцаардал руу хөтөлж байгаагаа мэддэггүй. Хүмүүс түүнд нэг хуурагдана, хоёр хуурагдана, гуравдахь удаад магадгүй өөрөө аргааа олоод л явчихдаг. Учир нь түүнд итгэл найдвар, сэтгэлгээ, гар хөл бүгд байгаа учраас. Хэрэв ажил амьдрал нь 100% түүнээс хамааралгүй л бол ямар ч хүн өөр зөндөө сайхан нөхөрлөл, итгэлцэл, өөдрөг ирээдүйгээ харж чадна.

Хүн өөртөө үнэнч байх нь хамгийн сайхан чанар. Өөрийнхөө дотоод сэтгэлийг чагнаж, өөрийнхөө мөн чанараа сайнаар бэхжүүлж, өөрийн итгэл үнэмшилээ бий болгож, өөрийн амьдралын зорилгоо тодорхойлдог. Амьдралд сайн муу олон зүйл үзэх тусмаа алдаа оноон дээрээсээ ухаарал авч байдаг. Алдаагүй, өөгүй мундаг, төгс төгөлдөр хүн гэж хаа ч байх билээ. Алдаа болгон ухаарал, давтахгүй байх тусмаа мөн чанар нь болон шингэж байдаг. Хүн хуурах тохиолдолд сэтгэл нь ичиж шаналж байдаг бол, худлаа хэлсэндээ санаа нь зовоод нойргүй хонож байдаг бол, хичнээн хэцүү байлаа ч дотно хүмүүсийнхээ өмнө сөгдөж байгаад ч болов уучлал гуйж чаддаг бол чиний мөн чанар сайхан байгаа гэсэн үг. Буруу зөрүү зүйл дээр бусдаас бус өөрөөс эхэлж алдаагаа хайдаг бол, өөр бусад хүмүүсийн элдэв буруу үйлдлийг өөрийгөө оронд нь тавьж байгаад ч болов ойлгохыг хичээдэг бол, үзэн ядалтаас уучлалыг илүүд үздэг бол чи хүчирхэг хүн болон төлөвшиж байгаа хэрэг. Энэ бүхний эцэст чи бусдад бус өөртөө л үнэнч байхыг хичээх болно. Өөртөө үнэнч байна гэдэг хүн бүхний өмнө үнэнч байхын эхлэл. Бусдын хайр хүндэтгэлийг дааж чадахын баталгаа. ӨӨРТӨӨ Л ҮНЭНЧ БАЙЖ СУР, АМЬДРАЛ ЯМАГТ УТГА УЧИРТАЙ БАЙХ БОЛНО.

ТЭВЧЭЭР

…Гомдсондоо юу юугүй уйлчих гээд дотроо мэгшээд байгаа хэрнээ гадагшаа гаргалгүй тэсч буруу харна. Хорссондоо юу юугүй хараал зүхлийн үгс аман дээр гарч ирээд байгаа хэрнээ гадагш нь гаргалгүй тэсч залгилна. Зэвүүцсэндээ юу юугүй улаан нүүр рүү нь цохиод авмаар санагдах хэрнээ нэг гараараа нөгөө гараа атгаж тэсч өнгөрөөнө. Дургүйцсэндээ юу юугүй түүний өөдөөс орилж хашгирмаар байх хэрнээ тэсч юу ч болоогүй юм шиг тайван байж харагдахыг хичээнэ. Заримдаа бид хэнд ч юунд ч юм уурлаж бухимдаж, гомдож цөхөрч, дургүйцэн зэвүүцэх үед сэтгэл дотор нь хуй салхи оволзож, бараан үүлс хуралдаж, дуу цахилгаантай аадар асгардаг. Амьдрал тэр чигээрээ бараан өтгөн манан дунд хучигдаж, үүлний чанад дахь нарны зурвас гэрэл харагдахаа больж, тэр жихүүцэм хүйтэн ертөнцөд даарч жинддэг. Хэзээ ч нарны сацрагийг харахгүй юм шиг, шувуудын хөгжилтэй жиргээг сонсохгүй юм шиг, мяралзан жирэлзэн урсах голын уснаас алгаараа атган ууж чадахгүй юм шиг айдас төрж, тэвддэг. Гэхдээ зөвхөн таны сэтгэл дотор шүү дээ.

Ийм бачимхан давчүү, тэвдүү айдастай үеийг тэсч тэвчээд гарсныхаа төлөө хүмүүс амьдралдаа цөөхөн харамсдаг. Тэр л оволзсон хуй салхи шиг айдас, түгшүүртэй үе өнгөрч, сэтгэл дотор нар тусах үед “Би яаж тэр үед тэвчээд гарч чадав аа” хэмээн өөртөө баярлаж, талархан шивнэх үе зөндөө. Амнаас гарсан болчимгүй үгс, адгасандаа гаргасан муухай үйлдлийг хэн ч эргүүлж, буцааж чаддаггүй. Дараа нь хичнээн гэмшиж “намайг уучлаарай, би уурандаа болоод тэгчихжээ” гэж учирлаад ч, тэр хүний сэтгэлд шигдэж, үе үехэн хөндүүрлэн өвтгөх өргөсийг сугалж, хаяж чадахгүй. Харин сэтгэл дотор хатгаж өвтгөж байсан муу муухай бодлуудыг дотроосоо илэрхийлж гаргаагүй бол, хэн ч түүнийг тань сонсоогүй, мэдрээгүй болохоор таны сэтгэлд хичнээн өег гээч. Дотроо “хэрэлдэж”, “харааж зүхэж” байсан тэр хүнтэйгээ учраа ололцон, тайтгарах мөчдөө “миний бодол болгон туйлын зөв биш юм байна шүү дээ” хэмээн ухаарч гэмшдэг. Хүмүүс бид бусдын тухай бодлоо заавал өөрийнхөөрөө өөртөө “зөвтгөж” бодоод байдагт л алдааны учиг нь оршдог. Сайн талаас нь хараад, уучлах шалтгийг сэтгэлдээ хайж олоод байж чаддаг бол та хүнтэй муудалцахгүй дээ. Хэн нэгнийг буруутгаж бодоод, үзэн ядаж хорсоод, “дөнгөчих юм сан” гэж шүд зуугаад байх нь танд зовлонгоос өөр юуг ч авчирч өгөхгүй.

Амьдрал дандаа хүмүүсийн тэвчээрийг шалгаж байдаг. Хүнд хэцүү үе тохиолдоход, “дараа нь заавал нар гарч л таарна шүү дээ” гэж бодоход, тайтгарна. “Зовсны эцэст, жаргаж”, “Өвдсөний эцэст эдгэрдэг” тавилан нь хүмүүсийн тэвчээрийн сайн үр дүн. Хайртай хүнээ сэтгэлдээ хайрлаж, хүлээж, тэвчих нь тийм ч хэцүү биш, сэтгэлд дандаа гэрэлтэж байдаг инээмсэглэл дагуулсан жаргал. Хайртай хүүгээ ухаан суухыг нь хүлээж тэвчих нь тийм ч бачимдмаар зүйл бас биш, учир нь тэр бол таны үргэлжлэл. Та өөрийгөө сайн хүн гэж бодож байгаа л бол таны хүү хэзээ нэгэн цагт сайн хүн болно, эргэлзэх хэрэггүй. Найзалж дотноссон хүмүүсийнхээ гомдоож бухимдуулах араншиг тэвчиж хүлээх нь тийм ч цөхөрмөөр зүйл биш, тэр бол таны сонголт. Эргэн тойронд байгаа хүмүүсийн гаргаж байгаа элдэв сайн муу үйлдлүүдийг хүлцэж тэвчих нь тийм ч гутамшигтай зүйл биш. Хэрвээ та өөрийгөө тэднээс “илүү ухаантай” гэж бодож байгаа бол, бусдын гэмийг уучилж чадах ёстой. Эс чадвал та тэднээс юугаараа ялгаатай гэж? Амьдралд учрах доромжлолыг тэвчиж, магтаалыг тэвчиж гарахаас өөр сонголт үгүй, учир нь та амьдрах ёстой. Амиа хорлолтой биш болохоор.

Тэнгэрт хуралдсан бараан үүлс аядуухан салхины аясаар сарниж, тэр чөлөөгөөр нь нарны нүд гялбам хурц гэрэл сацрах нь ямар гайхамшигтай сайхан гээч. Яг түүн шиг бусдын сэтгэлд үргэлж гэрэл гэгээ болон сацарч байх нь зүйрлэшгүй сайхан. Бусдын сайхан сэтгэл рүү бохир угаадас цацаагүйнхээ төлөө хүмүүс бие биедээ, бас өөртөө ямагт талархаж явдаг. Жаахан тэвчээд өнгөрөхөд л болоо. Муу хорсолтой бодлоо сэтгэлээсээ зайлуулан байж, хорон муу үгсээ цааш нь залгилан байж, муу үйлдлийн эсрэг нэг гараа нөгөө гараараа атган байж тэвчих нь танд хэзээ ч муу үйлийг авч ирдэггүй. Уг нь байна шүү дээ. Сайтар анзаараад тунгаах юм бол, бидний санаа сэтгэл ямар байхаас үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж, голын ус урсдгаараа л урсана. Тэгэхээр бид юундаа л гутарч гуниж, юундаа ч хорсож бухимдах билээ.
“ТЭВЧ, ИТГЭ, ХҮЛЭЭ ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА” гэдэг сайхан уриа бий. Бид бие бие рүүгээ хараад инээмсэглэх тийм ч хэцүү биш дээ.

Share Your Thoughts