ЗУРВАСХАН БОДЛУУД-34

ӨӨРИЙГӨӨ ХАЙСААР Л …
Хүн энэ амьдралд ирээд юу хайдаг гээч! “Аз жаргалыг хайж эрж бэдрээд байна” гэж бодох авч угтаа өөрийгөө л хайдаг юм шүү дээ. “Би хэн юм бэ?” гэдэг асуулт хүнийг насан туршид нь дагаж, тэр болгонд хариулах гэж оролдовч онох нь ч бий эс онох нь бий. Зарим нь өөрийгөө огт олохгүй төөрч явсаар энэ ертөнцөөс буцаж байхад зарим нь яг амьсгал хураахын өмнөхөн “аа, би гэдэг чинь…” гэх ухаарах авч хожимдсон байдаг. Хүмүүс заримдаа чиний тухай “Чи бол … тийм хүн” гэж дүгнэх авч санаанд яг л таараагүй хэрнээ ёсыг бодож толгой дохиж л зогсдог.
Зөвшөөрөөд байгаа ч юм шиг эсвэл дургүйцээд байгаа ч юм шиг араншин дунд өөрөө л төөрөлдөж орхино. Сэтгэл дотроо эргэлдэж байгаа үй түмэн сайн муу бодлуудаа шүүж, өөртөө хэрэгтэйг нь ялгах гэдэг амаргүй. Заримдаа хялбарчлаад бусдын сайн муу талыг дуурайх гэвч салаа замын билчир дээр яалт ч үгүй салж одно. Тэгээд л өөрийн зөв, эсвэл түүний зөв алин болохыг ялгаж мэдэрч үл чадах.
Хүн болгон энэ ертөнцөд өөр өөрийн өгөгдөлтэй ирдэг. Сайн дуучин, мундаг зохиолч, эсвэл гайхалтай зураач, ухаант эрдэмтэн, чадварлаг тамирчин болох өгөгдөлтэй бол хэзээ нэгэн цагт “цоороод” л гараад ирнэ. Гэхдээ ид шидээр бус, өөрийн мэдрэмж авьяасаа маш их хөдөлмөр зүтгэлээр тэтгэж байж л амжилтад хүрдэг. Тийм авьяас чамд заяасан боловч чи арчаагүй залхуу, хэнэггүй онгироо бол тэр чинь “зэвэрнэ”. Учир нь чи өөрийн өгөгдлөө өөрөө мэдэрч бас хөгжүүлэх учиртай. Хэн нэг нь өөрт нь авьяас заяагаагүй байхад заавал дуучин болох
гээд өөрийгөө зовоогоод өрөөлийг ичээгээд дуусдаг тохиолдол бий. Эсвэл боломж тохиогоогүй байхад ямар ч аргаар хамаагүй \хулгай хийж, худал хэлээд ч болов\ баян хүн болох гэж өөрийгөө бас өрөөлийг тарчлаадаг. Харсан үзсэн болгоноо сармагчин шиг дуурайх гээд тарчлаад байдаг хүмүүс өөрийгөө бараг л олохгүй дээ. Өөрийнхөө тухай эргэцүүлэхийн оронд тэр ч хөөрхөн, энэ ч гоё харагдаад тэр болгоныг дуурайх гэж сэтгэлээ хүчилж, зүрхээ оволзуулаад байхаар яаж ч өөрийгөө олох билээ.
Хүн болгон энэ ертөнцөд дотоод сэтгэлийн гал, их эрч хүч, хайр энхрийлэлээ авч ирдэг. Уг нь дотоод сэтгэлээ анхаараад чагнах юм бол энэ бүхэн чиний сэтгэлд оршиж л байгаа. Түүнийгээ мэдрээд бас хөгжүүлээд ухаарч чадах юм бол хайгаад байгаа аз жаргалаа өөрийн дотоод сэтгэлээсээ олно. Бусдад сайхан сэтгэлээр туслаад, тэр хүний баярлаж талархсан сэтгэлийнх нь дусал аньсаганд нь мэлтрэхийг харах ямар сайхан гээч. Тэр үедээ чи өөрийн дотоод сэтгэл дэх өөрийгөө олж мэдэрдэг. Зүрх чинь нэг л уянгалаг хэмнэлээр цохилж, эргэн
тойронд байгаа юм бүхэн өнгөлөг харагдаж, өглөө чамд амаргүй санагдаж байсан бүхэн чинь чиний хувьд хичнээн амархан болохыг мэдэрнэ. Зөндөө олон хүмүүсийн баярлаж талархахыг мэдрэхдээ чи өөрөө энэ ертөнцөд яах гэж ирснээ ухаарч, бас энэ ертөнцөд ингэж амьдарч байгаадаа өөртөө баярладаг. Сайхан шүү дээ. Хүмүүс өөрийгөө олж чадахаа болихоороо, өөрийн дотоод сэтгэлээ мэдрэхээ болихоороо л хувь заяагаа мэргэлүүлэх гэж бусад дээр очно, гэнэт мөнгө олох хүслээр түрийвчээрээ даллана, шийдвэр болгоныхоо төлөө өөрөөсөө бус
өрөөл бусдаас асууна. Өөрөө өөрийнхөө хаана, яаж явааг ч мэдрэхээ болино.  Сэтгэл дотроо төөрч будлиад л…
Хүмүүс бид энэ ертөнцөд аз жаргалыг хайж бэдрээд байна гэж бодох авч угтаа бол өөрийгөө л хайж бэдэрч байгаа хэрэг. Өөрийгөө олж чадсан хүн аз жаргалаа олж байгаа хэрэг. Өөрийгөө олохгүй төөрч будилаад яваа бол аз жаргалыг бус зовлонг л олдог. Чи өөрийн дуртай ажлаа хийн сайн цалин хөлс олж амьдралдаа хүргээд, гэр рүүгээ яаран яаран очдог бол өөрийгөө олжээ гэсэн үг. Чи өөрийгөө зовоон тарчлааж байж бүтээсэн бүхнээсээ сэтгэлийн их таашаал авч, тэр бүтээлийг чинь хүмүүс баярлаж бахдан хүлээж авч, сэтгэлдээ шингээж байгаа бол
чи өөрийгөө олжээ гэсэн үг. Дотоод сэтгэлийн анираа чагнаж сэтгэлийн их амар амгаланг мэдэрч, анирдаж байгаа бол чи өөрийгөө олжээ гэсэн үг. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай байдаг болохоор тэвчээртэй хүлээж, бүх зүйл өөрийн шалгууртай байдаг болохоор уйгагүй чармайн хөдөлмөрлөж, бүх зүйл хэмжээтэй байдаг болохоор илүүд шунахгүйгээр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй болдог. Бусдыг ойлгон хайрлаж, бас өөрийгөө ч ойлгож хайрлаж байх нь өөрийгөө олохын эхлэл. Сэтгэлээ ямагт чагнаж, өөртэйгээ ярилцаж, өөрийн
бий болгосон бүхэндээ үнэнч бай. Чи бол чи.

“ДАЛАН БУЛЧИРХАЙ”
…”За тэгээд тааралдсан хүн болгонд далан булчирхайгаа тоочоод яваад байвзай. Хүн хүний бодол өөр шүү” хэмээн ээж нь хүүдээ захиж байна. Ээж аав нь хүүхдийнхээ “далан булчирхай”-г сайн мэддэг болохоороо бусдын элдэв сониуч араншинд өртөж, өөрийн үнэ хүндээ хөнгөнөөс арилжчих вий хэмээн санаа зовж байгаа хэрэг.  Танилцаж дотноссон нэгэндээ гэнэн, цайлган цагаан зангаа илэрхийлэх гэж өөрийн талаар бүх мэдээллээ нэгд нэггүй тоочин учирлаж ярьдаг хүмүүс зөндөө бий. Хэдийгээр цаад хүндээ сонирхолтой мэт санагдах авч, байнга энэ
бүхнээ давтан улиг болгон яриад байх аваас эцэстээ төвөгтэй мэт санагдах тохиолдол бишгүй. Нэгэнт өөрийн “далан булчирхай” -гаа тоочсон болохоор нөгөө хүнийхээ “далан булчирхай”-г сонсох хүсэл заавал төрдөг нь “хариутай бол бариутай” гэдэг хэллэгийн сонгодог жишээ. Хоёулаа “далан булчирхай” гаа мэдэлцэж, уйдсаны дараа бусдын “далан булчирхай”-г сониучирхаж элдэв таамаглал дэвшүүлэн “зөгнөж” ярилцах нь хов жив, цуу яриа, бусдын хэрэгт дурлах эхлэл болдог ажгуу.
“Далан булчирхай” өдгөө цахим ертөнцөд өөрийн өнгө, төрхтэй болж буй. Заавал хэн нэгэнтэй уулзаж дундаа данх цай тавиад хуучилж суулгүйгээр  нүүрном руу ороод л олон олон хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг шууд авч болно. Тэр хүн хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь хаана байдаг хэдэн настай болох тухай, ээж аав болон найз нөхдийн нь тухай, хэнд нь илүү хайртай хэнтэй яаж муудалцсан тухай, шөнө юу зүүдэлж өглөө юу мөрөөдсөн тухай, хэдэн цагт хаана ямар хоол идсэн хийгээд өнөөдөр ажлаа үр бүтээлтэй эс бөгөөс үр бүтээлгүй
өнгөрөөж байгаа тухай, тун удахгүй түүнд юу тохиолдож болох тухай гэхчилэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг унших болно. Бусдын хэрэгт дуртай бидний хувьд энэ бол сонирхолтой бөгөөд уйдамгүй адал явдалт ертөнц. Өөрийн нүүрномдоо юугаа бичиж, юугаа илэрхийлэх нь хувь хүний эрхийн асуудал. Хэн ч шүүмжилж хориглох аргагүй. Гэхдээ хэт дэлгэрэнгүй хувийн чанартай ийм мэдээллүүдийн дундаас хэн нэгэн буруугаар ашиглаж болох  боломжууд бий болж байна. Хүчирхийлэл хийгээд хүний наймааны чанартай гэмт хэргүүд ч ийм мэдээллүүдийг
ашиглаж байгаа нь нууц биш.
Хүн болгонд байдаг хувийн олон асуудлууд нь бидний хоорондын харилцаанд янз бүрээр л нөлөөлнө. Хэн нэгэнд бүх л зовлон жаргал, ажил амьдралаа бүгдийг нь  тоочин ярих авч нөгөө хүндээ огт сонирхолгүй, ач холбогдолгүй байх нь элбэг. Бидний харилцаан дундах хэм хэмжээ нь харилцан сонирхол нийцсэн, эс бөгөөс огт сонирхол нийцээгүй сэдвүүдээс хэлбэлзэж байдаг. Ярилцаж байгаа хүнтэйгээ “далан булчирхай”-гаа тоочилгүйгээр зөвхөн хэрэгтэй сэдвээр нь ойлголцож ярилцаж байх нь хувь хүний өөрийн үнэ цэнээ авч үлдэх том боломж нь. Хүн
болгонтой хэтэрхий илэн далангүй байх нь заримдаа цаад хүндээ төвөгтэй байхаас гадна, өөрийн тань талаарх тааламжтай сэтгэгдлийг үнэ цэнэгүй болгож орхих тохиолдол болдгийг бид заримдаа анзаардаггүй. Тааралдсан хүн болгоны өмнө бүх хувцсаа тайлан нүцгэлэж болдоггүйтэй адил, уулзаж ярилцах хүнийхээ ямар хувцас өмсөж очих нь хүн бүрийн сонголт.  Хүнийг өмссөн хувцсаар нь угтаж, оюун санааны багтаамжаар нь үнэлдэгт хамаг учир оршдог юм даа. Хүний үнэ цэнэ их ярьдгаар нь  бус, өөрийгөө болон бусдыг хэрхэн хүндэлж байгаагаар
хэмжигддэг. “Далан булчирхай” гэж!  Хувь хүн бүрийн оюун санааны илэрхийлэл юм даа.

“ТАМ” ШИГ СЭТГЭЛ
…Энэ ертөнцөд сайн хүмүүс олон байдаг ч муу хүмүүс тэднээс дутуугүй олон байдаг болохоор жаргал зовлон ээлжилж байх учрал тохиожээ. Заримдаа ч тэсгэл алдаж “улаан нүүрэн дундуур нь байлгаад авмаар”, эсвэл барьж байгаа зүйлээ өөдөөс нь чулуудаж орхимоор хүмүүс тааралдана гээч. Нэг гараа нөгөө гараараа атгаж, сэтгэл дотроо “тэсч үз дээ, чи энэ тэнэгтэй нэг насаараа хамтдаа амьдрах биш дээ” гэж шивнэх үе зөндөө. Гэхдээ эелдэг занг “дорой хулчгар” гэж андуурдаг, тэсээд дуугүй өнгөрөхөөр “донгио” гэж бодон тавладаг, уучлаад тайван
амгалан байхаар “тэнэг” гэж бодон дээрэлхдэг хүмүүс зөндөө бий. Олны дунд хэрэлдэж маргалдахаар түүний хэмжээнд очиж өөрөө “доошоо орчих” гээд, учирлаж зөөлөн аядуу ярихаар даварч хашгиран толгой дээр минь гарчих гээд, тоглоод ч байгаа юм шиг шоглоод ч байгаа юм шиг учир нь олдохгүй марзан аашлалын өөдөөс уурлаад хашгичих ч хэцүү,  мушилзаад дагаад ч байх хэцүү хүмүүс бишгүй нэг.
Сэтгэлээ чилээж бүтээсэн бүхний өөдөөс зүгээр л нулимж хариулна, “чи муу хэзээ ийм байлаа” гэж өнгөрсөн алдаан дээр нь давс асгаж шархлуулна. Талархаж тэднийг дэмжсэн хүн болгонд очиж “муу муухайг нь ” элдэв нотолгоогоор хачирлан, хамтдаа үзэн ядаж шоолохыг уриалж буруу зөвгүй бурна. Өөдрөг ирээдүйг нь огтоос харж мэдрэхгүй ч өөрийн ухсан нүхэндээ тэднийг тарчилж зовж байгаагаар  төсөөлж хорссон сэтгэлээ “уугиулна”. Харин тэр хэзээ ч өөрөө хөдөлмөрлөж зовохгүй, харанхуй шөнөөр сэтгэлээ чилээн нулимсаа дэрэн дээр урсгахгүй,
үүрээр сэрж шүлэг тэрлэхгүй, үдшийн бүрийд өөрийгөө аргадан хүмүүсийн төлөө сэтгэлээ чилээхгүй, зорьсондоо хүрэх гэж зөндөө олон учирлалаас татгалзан татгалзаж тарчлахгүй. Хүмүүс бусдын бүтээлд талархаж байхад нь  атаархаж хорссондоо, бас өөрөө энэ бүхнийг хийж чадахгүйдээ чадах ч хүсэлгүйдээ, нэгэн цагт өөр шигээ дорой байснаараа түүнийг үлдээх гэж хүссэндээ тэд бусдад муу муухайгаар ханддаг.  Уг нь сэтгэлдээ өөдрөг сайхныг нь мэдрээд байгаа хэрнээ, үнэндээ өөрөөс нь илүү байгаа хувь заяатай нь эвлэрч даанч чадахгүй.
“Там” шиг сэтгэлтэй хүмүүс бидний эргэн тойронд зөндөө байнаа.Тарчилж атаархалдаа шатаж зовох хэрнээ бусдыг ч хамтад нь тарчлааж зовоохыг хүсдэг, тэд. Гаргасан алдаа бүхнийг нь баярласандаа бүгдэд  зарлаж тавлах хэрнээ, өөрийн сул талаа нууж “новширно”. Ууч сэтгэлийн хариуд “хорслоо нууж” жүжиглэнэ, угтаа бол “түүнээс дээр” гэдгээ амаараа “нотолж” муу үйлэндээ өөрөө бүдэрнэ. “Гүвээ даваад баригдах үнэн”-д  худал хэлж гүйцэгдэн зовно, гүйгүүл адуу шиг омголон сэтгэл уяан дээр үүрсэж байхад  “айсан хүн адуу хөөх” үлгэрээр аргамжаа
чирч хөлд нь суух гэж тарчилна, өөрийнх нь арчаагүй чанар бусдад ил болох тусам “ичсэн хүн хүн алах” үлгэрээр элдэв мууг сэдэн улам улмаар тарчлах. Үйлээ даахгүй байж мууг үйлдэх гэж зовно, үгээ даахгүй байж цэцэн болох гэж тарчилна, үйлдлээ даахгүй байж бусдыг хорлох гэж тамлана. Хайрлаж чадахгүй байж амраглах гэж зовно, хатууг давахгүй байж амьдрах гэж тарчилна, хамгаас ухаантай болох гэж өөрийгөө бас бусдыг тамлана.
…”Там” гэдэг нь их муу зүйл юм шиг байгаа юм.  “Зам гэж ёстой там юмаа”, “Тэрний учрыг олох гэж тамаа эдэлж байнаа”, “Би гэж хүн махаа зулгааж,  тамаа цайж байнаа” гэхчилэн хүмүүс өөрсдийн хэцүү хүнд байгаа тохиолдлуудаа бусдад жишиж ярьдаг. “Чи муу зүйл хийгээд л байх юм бол тамд унана шүү” гэж биднийг бага байхаас л сургаж асан. Нэг л их өндөр хадан хясаан дээрээс доошоо унах юм шиг төсөөлөл сэтгэлд бууж хэрдээ л айн жихүүцнэ. “Там” гэдэг ойлголт хүний сэтгэлд их л хүйтэн, төвөгтэй байдлаар буудаг. Их л хар бараан өнгө. Хүний
сэтгэлийг “тамлана” гэдэг нь зүйрлэшгүй ихээр, байж суух аргагүйгээр зовоох үйлдлийн зүйрлэл юм шиг байгаа юм. Тамтаггүй явбал там гэдэг тэр буюу.

Share Your Thoughts