ЗУРВАСХАН БОДЛУУД-35

АМЬДРАЛЫН ХААЛГА

…Хүний амьдралд яах ч аргагүй мухардаж, шийдвэр гаргаж чадахгүй цөхөрч, орвонгоороо эргэсэн бүх зүйлийг хэзээ ч эргүүлж байранд нь тавьж чадахгүй юм шиг санагдах үе бишгүй тохиолддог. “Яагаад?”, “Яах гэж?”, “Ямар учраас?” гэж хариу нэхсэн асуултууд сэтгэл дотор хуй салхи шиг эргэлдэж, олдохгүй байгаа хариултууд нь тэнгэрийн тэртээгээс аянга болон цахилахад, сэтгэл доторх наран жаргаж “бүх зүйл өнгөрсөн” гэж өөртөө гунигтай хэлэх мөчид аадар бороо нулимс болон асгардаг.  Сэтгэл доторхи итгэлийн наран жаргахад хүмүүс гадаа мандаж байгаа нарны илч гэрлийг мэдрэхээ больж, жиргэж буй шувуудын хөгжилтэй дууг сонсохоо больж, амьдралын ердийн хэмнэлийг ч анзаарахаа больж, өөрийнх нь хувьд амьдралын утга учир алдагдах үе бишгүй. “Өнгөрсөн” гэдэг үг цөхрөлийг дагуулж, алдагдсан итгэл гомдлын сүүдэрт хиртэж, аз жаргалын төсөөлөл сэтгэлийн хар  шуурганд хийсч одно. Өвдсөн зүрх сэтгэл дотроо шаналж байхад, алдагдсан итгэлийн аргамжаа тасарч байхад, амьдралын өнгийг байгаагаар нь мэдэрч чадахгүй болох үед хүн энэ амьдралд “жингүйддэг”.
Хэдий тийм боловч амьдралд боломжгүй зүйл огт үгүй. Хадан хавцал дунд хашигдаж хаашаа ч гарах аргагүй мэт бачимдах үед чиний эргэн тойронд “боломжийн” бүх хаалга хаагдаж, гарц үгүй болно. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” санагдах үед, амьдралын төгсгөл ирж байгаа юм шиг санагдан хаашаа ч гарцгүй болох үед, энгийн үед чамд дотносож байсан бүх хүмүүс чамайг орхин холдох үед бид хаагдаж байгаа 9 хаалганы аль нэгэн хэсэгт үл ялиг нээлттэй үлдэх хаалгыг олж анзаардаггүй. Хүмүүсээс тусламж гуйн уйлж, хэн нэгэнд гомдсондоо орилж хашгирч, эсвэл “яагаад би?” гэж амьдралыг үзэн ядаж бухимдахын оронд тайвширч байгаад орчин тойрноо эргэцүүлэн ухаарч ажиглах юм бол тэр хаалгыг олж харах болно. Хаагдаж буй хаалга болгоныг очиж өшигчөөд, хавийн хүмүүс руу харааж зүхээд, амьдралыг үзэн ядаад эхлэх  юм бол чиний хорссон нүдэнд нээлттэй хаалга хэзээ ч өртөхгүй. Нээлттэй хаалгыг олж харахгүй л бол чи хэзээ ч хадан хавцлаас гарч чадахгүй, тэр л хадан хавцал дунд хувь заяатайгаа эвлэрэн суух болно. Нүд тань гунигаар бүрхэж, чи хүмүүст хэзээ ч итгэхгүй, амьдралыг өөдрөгөөр харахгүй, тэр ч бүү хэл “сайхан хайр” байдаг гэдэгт хэзээ ч итгэхгүй. Энэ амьдрал чиний хувьд зүгээр л дарстай “гуниг”.
Энэ амьдрал хүн болгоныг шалгаж байдаг. Энэ амьдрал амтат бялуу биш, бас гашуун чинжүү ч биш. Бүх зүйл өөрийн хэм хэмжээтэй. Жаргал зовлон болгон бас л тэнцүүр. Чиний өмнө тулгаж тавьсан хадан хавцал болгон шалгуур. Хэрэв чи эхний хавцалыг давж чадахгүй бол тэндээ үүрд үлдэнэ. Бид мундаг боловсролтой хэрнээ арчаагаа алдсан олон архичдаас энэ жишээг харж болно. Дараагийн хавцлыг давж чадахгүй бол бас л тэндээ үүрд үлдэнэ. Амьдралдаа гутранги, бусдад хэзээ ч итгэдэггүй олон хүмүүсээс энэ жишээг харж болно. Дахиад тулсан хавцлыг давж чадахгүй бол бас л тэндээ үлдэнэ. Өөртөө итгэлгүй, бусдын тус дэмэнд дулдуйдаж амьдардаг хүмүүсээс энэ жишээг харж болно. Гэхдээ хадан хавцал болгоноос нээлттэй хаалгыг олж харан онгойлгон алхаж чадсан хүн болгонд амьдрал илүү боломжуудыг олгож байдаг. Саад бэрхшээлийг давах тусам олдож байгаа боломж нь бүр ч илүү. Эхний хаалгыг олж харсан хүмүүс нээлттэй хаалга хаана байж болохыг баримжаалж мэддэг болдог. Сүүлдээ төвөггүй олно. Тэр хэрээр өөрөө хүчирхэг болж байгаагаа мэдэрдэг. Хүчирхэг байна гэдэг чинь энэ амьдралын орон зай юм шүү дээ.
Хүмүүс бид нэг л зүйлийг анзаардаггүй. Бидний дотоод сэтгэл дэх салхи шуурганаас үл хамаарч байгал дэлхий байдгаараа байж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилдэг гэдгийг. Бид дотоод сэтгэлээ чагнаад л сэтгэлийн хар шуурганд автаад байдгаас  тэр л дээ. Уг нь уртаас урт амьсгаа аваад гадагшаа гарч энэ ертөнцийн амьдралыг уужуу тайван анзаарах ахул, алтан наран манддагаараа мандаж, амьд байгаль гайхуулдгаараа гайхуулж, дууч шувууд жиргэдгээрээ жиргэж, хүмүүс амьдралын хэмнэлдээ яардгаараа яараад л, тэртээх уулс дүнсийдгээрээ дүнсийгээд  л байж байгааг анзаарах болно. Тайвширч, сэтгэлээ тэр л орчилд уусгах юм бол чи алзахгүй. Бид дотоод сэтгэлээ “бусдад муу хэлүүлнэ” гэдэг айдсаар хачирладаг болохоор өөрсдийгөө зовоодог, бас сэтгэлдээ тарчилдаг. Уг нь байна шүү дээ, чи өөрийнхөөрөө “зөрүүдлэхэд” тэд биш, цаг хугацаа л үнэн мөнийг шүүн нотолдог юм. Дараа нь хүмүүс чиний зөв байсныг ойлгохдоо чамд талархан ханддаг юм даа. Амьдрал гэдэг чинь тийм ч хатуу хахир зүйл биш ээ. Чи л ухаантай, бас тэвчээртэй байж чадвал…

ЭМТЭРСЭН СЭТГЭЛ

-Чи яагаад ийм тэнэг юм бэ? Би чамд хайртай гэж хэлж байна шүү дээ.
-Чи намайг “тэнэг” гэсэн
-Бурхан минь, Би чамд хайртай гэж хэлж байхад чи зөвхөн “тэнэг” гэдэг үгийг л сонслоо гэж үү?
…Өөрийг нь хайрласан л бол “бүх зүйл зөвхөн өөрийнх нь хүссэнээр байх ёстой” гэсэн эрх хэрнээ зөрүүд зан, заримдаа өөрт нь хандсан гэгээлэг сайхан үгнүүдээс санамсаргүй ч юм уу? өхөөрдсөн ч юм уу? хэлбрээр хэлсэн нэгэн “муу” үгийг илүү сонсож тусгаж авахад хүргэдэг байх. Учирлаж аргадсан мянган сайхан үгнүүдийг “хэлэх ёстой” гэсэн бардамхан төрхөөр сонсож өнгөрөөх атлаа, сонсохыг хүсээгүй ганц үгийг ч “газар гээхгүй” шалтаглан туних гомдол  хайр сэтгэлийн давалгаанд олонтаа үерлэдэг. Тэр үер нь хожмын олон муу гомдлын улмаас бохирдож, эргээ халин давалгаалах нь бий. Бие биедээ ухаангүй дурласан үедээ залуус сэтгэлийн тэнцвэрээ алдаж, бие биенээ санаатай ч санамсаргүй гомдоодог олон шалтгаануудын нэг нь энэ. Ялимгүй маргаанд ч ялж дийлэх хүслээр үгнээс нь “өө” хайн, илүү хорон үгсийг бодож олон “тургилах нь” хожмын ялагдлынх нь эхлэл болдог. Дараа нь бие биенээ уучлан эвлэрэх авч уруул давж сэтгэлийг нь шархлуулсан тэр үгс цээжний цаанаас “хөндүүрлүүлэх” нь бишгүй. Олон олон хөндүүрлийн дараа сэтгэл “шархалж” эхэлдэг.  Сэтгэлийн шарх хожим нь чамд гомдсондоо орхиод явах шалтаг болдог.
Бие биенээ хайрлаж дассан залуус ялимгүй зүйлээс шалтгаалан маргалдахдаа, өмнө нь бие биедээ илэн далангүй учирлаж байсан эмзэг тал дээр нь дарж өвтгөхийг хичээдэг. “Чи өмнө нь тийм байсан биз дээ?” гэж хорыг нь малтан хэлсэн үгс, түүндээ итгэж байсан сэтгэлд цав суулган, газар шидэн хагалсан шаазангийн хэлтэрхий шиг бут үсэрнэ. Хожим нь уучлал гуйн хагарсан шаазанг эвлүүлж наах гээд ч бүтэн болгож чаддаггүй. Хааяадаа ухааруулах гэж учирлахад нь “Үгүй чи тэгж л бодож байгаа шүү дээ?” хэмээн өмнөөс нь дүгнэлт гарган няцаах няцаалт нь өөдөөс нь ойлгуулах гэж учирлаж аргадах сэтгэлдээ хэлхсэн торыг нь тасчиж орхино. “Үнэн” гэж нотлоод байх хэцүү, “үгүй” гэж няцаагаад байх ч хэцүү цөхрөл, аргадаж хэлэх учирлал бүхнийг сэмэлж  тасдана. Сэмэрч урагдсан тэр торыг эргүүлээд нөхөх амаргүй, цоо шинэ болохгүйгээс хойш дахиад сэмрэхгүй гэх баталгаа үгүй. Зөвхөн өөрийн хүссэнээрээ байж, хайртай хүнээ дандаа “давж гарах” гэсэн эрх, зөрүүд зан өнөөдөр “жаргалтай” мэт санагдавч маргаашийн зовлонгийн эхлэл болох нь бий.  Амьдралд юм бүхэн хязгаартай. Хязгаарыг давах тусам бид жаргалаа зовлон болгодог.
Хүмүүс бие биедээ дурлаж, хайрлах тусмаа хайртай түүнийхээ хуссэн бүхнийг нь биелүүлж баярлуулахыг хичээдэг. Хайртай түүнийхээ баярлаж бахадсан төрхийг өхөөрдөн ажих ямар сайхан гээч. Хүзүүнээс нь зүүгдэн “Баярлалаа хайрт минь. Би чамдаа хязгааргүй хайртай шүү” гэж хэлэхийг сонсож байхдаа зүрх нь хүчтэй цохилж, сэтгэл нь ямар ихээр догдолдог гээч. Амьдралд юм бүхэн “амархан” мэт санагдах мөч магад тэр байх. Хүний хүсэл шуналд хязгаар үгүй. Хайртай хүнээ “гомдоохгүй” гэж биелүүлэх хүсэл ч барагдахгүй. Хамтдаа бус зөвхөн чи л түүний хүслийг биелүүлэн баярлуулж байгаа мөчүүд олон мөчлөгтэй. Анхандаа чамд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байсан бол аажимдаа “тийм л байх ёстой” хэмээн үүрэг болгон шаардах болно, алсдаа “үүнийг хийсэнгүй” гэж албадаж дарамтлах болно. Баярласан сэтгэлээс дарамтлан шаардах хүртэл бага бус хугацаа. Сэм сэмээр гомдож, сэмэрч урагдсан сэтгэл нэг л мэдэх дор “хайргүй” болж буйгаа мэдэрдэг. Бид энэ бүхнийг анзаарахгүйгээр олон олон жилийн дараа, тэр мөчид оргилон ундарч байсан хайрын сэтгэл хаана хэзээ “ширгэж” алга болсныг ч ухаардаггүй. Тэгээд юу гэж боддог гээч! “Амьдралд сайхан хайр байдаггүй юм байна”. Өөрөө хаана алдсанаа ч санахгүй.
-Тэнэгхэн минь дээ, би чамдаа маш их хайртай.
-Тэгэлгүй яахав би ч бас чамдаа маш их хайртай.
Хоёулаа ингэж хэлэхэд сайхан сонсогдож байгаа биз? Амьдралын аз жаргалыг хамтдаа бүтээхэд хайрын сэтгэл хэзээ ч сэмэрдэггүй. Бас итгэл хэзээ ч шаазан шиг хагардаггүй. Хүндлэл хэзээ ч хуучирдаггүй. ХАЙР- ХҮНДЛЭЛ-ИТГЭЛ гурав үргэлж хөтлөлцөж явдаг юм даа. Эс тэгвэл…

ҮРЧЛЭЭ

…Нуруу нь бөгтийн хуруу нь мойнийж, үрчлээ дүүрэн нүүрнийхээ ус гүйж цэлхийсэн нүдээрээ жаргаж буй наран зүг саравчилж суугаа хөгшдийн дэргэдүүр нь өнгөрөхдөө бид өрөвдөнгүй хардаг. Тэр хүний элж өнгөрөөсөн цаг хугацаа бидний ирээдүй болон айсаж явааг бид анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Мөнх залуугаараа амьдрах юм шиг, энэ л хэвээрээ өтлөх юм шиг анзааргагүйхэн залуу насандаа  цаг хугацааны элэгдэлээ мэдрэхийг хүсдэггүй. Хааяадаа энэ тухай, дүн хүйтэн өвлөөр ангал дээгүүр харайн дүүлэх чоно харсан мэт зурвасхан бодолдоо тэвдэж, бас дааран жихүүцнэ. Өглөө бүр толины өмнө өөрийгөө харахдаа санчиганд сорлох ширхэг цагаан үс,  инээвхийлэх төдийд нүдний тэртээд зурваслаж үзэгдэх үрчлээний ором төдийд “яанаа” гэж сэтгэлдээ дуу алдах авч, сэтгэлийн тэртээд хөнгөхөн санаа алдах. Энхэл донхол дундуур эргэлдэж мөлийн хяхтнах хуучин тэрэгний дугуй шиг, амьдралын мөчлөг бүрийн зовлон жаргал дундуур элэгдэж хэлтрэх бидний төрх. Хэнийг ч тойрдоггүй, хэнийг ч өршөөдөггүй, хэнийг ч ялгадаггүй.
Цоожтой авдар дотор хадгалж нуусан юм шиг бидний сэтгэл доторхи зовлонгийн шарх нүүрэнд үрчлээ болон тогтож анина. Эргэлдэж урсах амьдралын эдэлж барах зовлон жаргалын тэмдгүүд үй олноороо нүүрэнд минь үрчлээ болон тодорч, цаг хугацааны элэгдэл болон суух аж. Хичнээн нуугаад ч бас “татуулаад” ч элэгдэж хорох амьдралын жамыг хэн ч сөрж бас зогсоож үл чадах. Өөдөөс нь өрөвдөнгүй харж суугаа толигор залуу төрхөнд өвгөд хөгшдийн үрчлээ болгон түүх өгүүлдэг. “Яг л чам шиг залуу байхдаа…” гэж эхэлсэн энэ хүүрнэл чамайг зорин айсаж яваа цаг хугацааны зэрэглээ, санаа алдах хэмнэл нь зөрөх эс зөрөх тавилангийн учирлал.  Ойлгосон ч эс ойлгосон ч нэгэн цагт чи энэ сандал дээр суугаад хэн нэгэнд энэ тухай хуучлан сэтгэлийнхээ гүнд санаа алдах чимээгээ чагнан суух л болно. Гарынхаа алгаар зөөлхөн илбэхэд мэдрэгдэх төдий үрчлээсүүд эдгэрсэн сэтгэлийн шархны ором болгон тэмтрэгдэнэ. Тэнд жаргал ч бий, бас зовлон ч бий. Санаа алдах бүрийд урсах салхины урсгал он цагийн энэ тэмдгийг улам л тодруулна.
Ичиж бас тэвдэх хэрэггүй дээ, энэ л үрчлээсүүд чиний туулж өнгөрүүлсэн амьдралын жаргаж бас зовж өнгөрүүлсэн цаг хугацааны тэмдэг. Амьдралын хар шуурганд хийсч одолгүй тэсч үлдсэн, аагим халуун цөлд ангаж хатаад амьд үлдсэн, хүүхэдтэй болоод баярлан догдолж хүн болсны учир ерөөлөө ухаарч баярласан, хайрыг цэцэг шиг хэмээн эндүүрч нэгэн хоромд тасчиж хаясны шаналал, өвчин үхлийн өмнө сөгдөж халшраад уйлж суусан, өөртөө гомдоод толгойгоо шааж явсан, итгэлээ алдаад эргүүлж олж авсан бүх л цаг мөчүүдийн нотолгоо, энэ үрчлээсүүд. Уншиж хэрэв чаддагсан бол чиний туулж өнгөрүүлсэн амьдралын сургамжит бичиг энэ үрчлээсүүд. Бусдын өмнө чиний хүн шиг хүн явсны нотолгоо. Хүүрнэж хэрвээ чаддаг сан бол сэтгэл дотроо хэнд ч хэлж зүрхлээгүй, хэлэх ч үгүй, зүрх сэтгэлтэйгээ хамтад элж алга болох хайр харууслын тухай өгүүлэхсэн. Санаа алдах бүрийд нь сархиаг шиг үрчлээсүүдийн дунд жаргал зовлонгийн салхи хүүгэж буй. Сонсож хэрвээ хэрвээ чаддаг сан бол, хөр цасан дороос хэнзлэн соёолсон хайрын бүүвэй, зовлон дунд өвлийн шөнөөр улих чонын улианыг сонсох буйз.
НҮҮРЭН ДЭХ ҮРЧЛЭЭНЭЭС БҮҮ АЙЖ БАЙ, ХАРИН ЗҮРХЭНДЭЭ ҮРЧЛЭЭ СУУЛГАХААС Л АЙЖ БАЙ.

Share Your Thoughts