ЗУРВАСХАН БОДЛУУД-36

ШИНЭ ОН ЮУ АВЧ ИРДЭГ ВЭ?
Тун удахгүй үдэх гэж буй шинэ он бидний амьдралд олон өөрчлөлтүүдийг авч иржээ. “Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг” энэ тавиланд зөндөө олон хүмүүстэй уулзаж учран сэтгэлийн цэнгэлийг эдлэв. Ямар сайхан хүмүүс энэ орчлонд бидэнтэй хамтдаа амьдарч, ажиллаж  байгаа гээч. Зөндөө олон уран бүтээлүүдэд сэтгэлийн зүг адил, зорилго адил, урам итгэл төстэй хүмүүстэй хамтран ажиллаж, хүмүүсийн сэтгэлд бага ч атугай гал итгэл өгөх гэж хичээв. Хийж бүтээснийхээ ард баяр бахадлаар давалгаасан урмыг мэдэрлээ. Үүнээс сайхан нь юу байх гэж? Заримдаа урам хугарч ганцаардах үе байсан хэдий ч, сошиал ертөнцийн олон сайхан анд нөхдийн сэтгэлийн гэрэл гэгээнд дулаацаж, нөхөрлөл итгэлцэлд орон зайн хязгаар үгүйг мэдрэв. Ийм том бас гэгээлэг орон зай хаана байна гэж? Зөндөө сайхан хүмүүсийн хайр, халамжийг мэдрэхдээ амьдрал гэдэг чинь ямар сайхан мөчүүд болохыг, хайр гэдэг хүний сэтгэлд ямар аугаа орон зай эзэлдгийг мэдрэв. Түүн шиг гайхамшиг нь хаана бий гэж?
Та ч гэсэн удахгүй ирэх шинэ оны тухай санааширч суугааг тань мэдэж байнаа. Хуучирч хяхатнасан хаалгыг хааж, урд тань цоо шинээр гялалзан харагдах хаалгыг ширтэн суугааг тань харж байнаа. Их том итгэл найдвар сэтгэлд тань урсаж, зүгээр л санаашралд тань инээмсэглэл сүлсэн мөрөөдөл хөвж, юу ч гэж төсөөлж боломгүй тийм л гэгээн сайхан алсыг төсөөлж суугаа. Гэхдээ байна шүү дээ. Компьютерийнхээ ард суугаад мөнгөний бас бэлэгдлийн мод, могойн зураг шейрлээд баяжихгүй ээ, хөдөлмөрлөж зүтгэж байж хангалуун амьдардаг юм. Ном уншуулж, хийморийн сан тавиулж, бусдад мөнгө төлөн хувь заяагаа даатгаад ажил үйлс бүтдэггүй юмаа, боломжоо мэдэрч, эрсдлээ тооцож, өөртөө итгэн зүтгэж байж амжилт руу дөхөж очдог юм. Хэн нэгэнд атаархан хорсож, хэн нэгнээс “хариугаа авах” гэж сэтгэлдээ муу бүхнийг бугшуулан байж бусдаас илүү гардаггүй юмаа, алив бүхэнд ууч сэтгэлээр хандаж, хүн болгоныг байгаагаар нь ойлгон үнэн мөнийг эрхэмлэн байж бусадтай мөр зэрэгцэн явдаг юм.
Улиран одож, учран золгож буй шинэ он болгон бидний амьдралд ухаарлыг авчирч өгдөг. Нас нэмж бялуун дээрх лааг үлээх тоолондоо өөрийгөө “хэн бэ?” гэж өөрөөсөө асууж бай. Өөрийгөө таних гэдэг бусдыг зөв ухаанаар танихын эхлэл болдог юм. Өнгөрсөн хэцүү бэрх бүхнийг сэтгэлдээ бугшуулан шаналж, нуруугаа бөгтийлгэн шантрахгүйгээр мөрөө цэхлэн цээжээ өргөн ирээдүйгээ бардам харж бай. Хүн болгонд алдаа байдаг хэдий ч түүнийгээ оноо болгон хувиргаж байж гэмээ нь хүчирхэг болох эхлэлээ тавьдаг юм. Өөрт чинь өгч буй бусдын хайр халамжийг сэтгэлээ дэлгэн тосч авч бай. Сэтгэлээс урсч буй хайр бүхэнд хир байдаггүй юм. Өөрт чинь боломж олддог л юм бол өрөөл бусдад туслахаас бүү татгалзаж бай. Өгсөх замд учирсан хүмүүс уруудах замд чинь заавал таардаг юм, магадгүй бүдэрч хазайхад чинь түших байх. Амьдрал гэдэг чин аугаа мөртлөө энгийн хэмнэл. Нүүдлийн шувууд шиг ирээд буцдаг энэ орчлонд өөрөө сэтгэлийн амар амгаланг эдэлж, өрөөл бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж байхаас илүү утга учир юусан билээ. Энэ бүхний дэргэд шунаад байгаа мөнгө тань юу юм бэ?
ТА НАРТАА ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЖ, СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАНГ ЕРӨӨЕ.

ӨВЛИЙН БОРОО-ӨВГӨН, ТЭНГИС
\санаашрал\
…Ялимгүй тэнхээрхэж, өдөр шөнөгүй халуурч гэртээ хэвтсэн хоёр өдрийн дараа өнөөдөр ажлынхаа далимаар далайн эрэг дээр очлоо. Урд өдрөөс л шивэрч эхэлсэн бороо намжаагүй хэвээр болохоор тэнгэр бүүдгэр байсан хэдий ч эрх биш нарны бүүдгэр гэрэл сэтгэл цэлмээх аж. Өвдөөд гэрийнхээ дөрвөн хананы дунд хөрвөөж хэвтэхээр “хадан гэр”-ийн тухай бодол сэтгэлд жавар хургаад байсан нь энэ амьдралаас уйдсаных биш, үсэнд биш насанд буусан хярууны хайруугийнх буйз. Хэн нэгэнд туниж гомддог нас аль хэдийн хулжиж одсон ч, өөрийнхөө тухай дандаа эргэцүүлж, хийж амжаагүй болон хийж амжихгүй ч байж болох олон зүйлүүдийнхээ төлөө сэтгэл зовинож шанална. Бодвол эргэх насны мөрөөдлийг биш энэ насны үнэ цэнээ үлдээх хүслээс үүдэлтэй буйз.
Далайн эрэг дээр очлоо. Бороонд норсон үсний дуслууд хацар даган урсаж норсон хувцас мөрөн дээр жиндүүхэн дарах авч тэгтлээ тээртэй, хүнд санагдахгүй. Дуслуудаа бүгдийг асгаж амжаагүйдээ аажимхан хөөрөх манан, түрлэг нь намуухан далайн мандлаас салж ядан эргэцэх нь усан дуслуудаар холбогдсон мөнхийн хайрын бэлэгдэл мэт. Зуу зуун, мянга мянган, магадгүй сая сая жил ингэж л үргэлжилсэн хайруудын дуслын хэлтэрхий нь хүмүүс бидэнд тохиодог байх. Далайн эрэг дээр сандал тавьж тухлан суугаад энэ л үзэгдлийг ширтэн өөрийн туулж буй зуу хүрэхгүй жил, магад туулж өнгөрүүлсэн ч байж болох мянга мянган жилийн дурсамжаа сэдрээн тайвширдаг байж ч болох. Дээрээс нь шивэрч орох бороо бидний биеийг сэтгэлтэй минь хамтад норгон байж учирладаг байх. Нойтон манан норсон сэтгэлтэй хамтад сүлэлдэхээр ухаарал бас хайр болон шингэнэ.
Далайн эрэг дагуу алхаж явтал нэгэн өвгөн эхлээд тармуур маягийн төмрөөр дараа нь хүрзээр далайн эргийн элсийг хутган бага багаар овоолж байхтай тааралдлаа. Өвгөн норж даарсан шинжгүй, энэ ажлыг бүх насаараа хийсэн бас цаашдаа хийх учиртай мэт түүртсэн шинжгүй ажиллана. Би өвгөнтэй мэндлээд зассан талбай дээр байх сандлууд дээр суух зөвшөөрөл хүссэнд тэрээр уриалгахан нь аргагүй зөвшөөрлөө. Сандал дээр тухлан эрэг нь давалгаалан хөөсрөх далайн мандлыг бас өвгөний хийж байгаа ажлыг ажигласаар суув. Далайн давалгаа хүмүүс бидний араншин шиг. Заримдаа уурсан хилэгнэж, хөөсрөн давалгаална. Хааяадаа тайвширч, намуухан мэлтийнэ. Бороо орж байхад ч ялгаагүй уурсан оволзож, намуухан мэлтийж байх нь хайраас үүдэлтэй гардаг бидний араншин лугаа адил. Өвгөн зүгээр л дурсамж дүүрэн бодлуудаа эргээс холдуулан овоолж байгаа мэт надад санагдав. Над руу хааяа инээмсэглэж харах харцанд нь амьдралынх нь бүх өнгө шингэжээ.
Аав хүн яагаад хүүгийнхээ тухай биш охиныхоо тухай тэгтлээ санаж зовинодгийг би мэдэхгүй ч тэр зөн мэдрэмжийг л илүү анзаардаг юм. Зүрхэнд нь дандаа зөн совин байдаг. Заримдаа тэнэгтэж байхад охиных нь тухай бодол зүрхийг нь ёгхийтэл хатгуулж, бүх л зүйлийн өмнө зогтусахад хүргэдэг. Магадгүй сэтгэлийнх нь зөөлөн бороо ч юм билүү? Хатсан сэтгэлийг нь зөөллөж норгодог ч байж болох. 12 сард зөөлөн бороо шивэрч байлаа. Энэ жил өвөл их оройтож ирж байх шиг байна шүү. Уртаар амьсгаа аваад өвлийн бороон дунд алхсаар байв. Талархлаа илэрхийлээд салж явахад гараараа даллан инээмсэглэж үлдсэн өвгөн мөнөөх л дурсамж дүүрэн бодлуудаа хамж одох далайн түрлэгээс холдуулан гэр рүүгээ ойртуулан овоолсоор. Магадгүй өвгөн өөртөө жаргалтай л байгаа байх. Зөндөө тайвширсан би буцаад л алхана. Тэнгэр онгойж, манан аль хэдийн хөөрч холджээ.
Өвлийн бороонд ганцаар алхаж
Өөрийгөө бас сэтгэлээ норгов би

ӨНГӨРСӨН ЦАГ
…Атаархсан хорсолдоо сэтгэлээ түлж, түлэгдэж буй нүүрэндээ улаа бутруулан “Чи муу хэзээ ийм болчихсон юм бэ? Арчаагаа алдсан юм л байсан биз дээ?” хэмээн хоолойгоо хахируулан хашгична. Амжилттай сайн яваа нэгэнд атаархаж хорсохдоо өмнө нь ямар байсныг нь тод санаж, тодруулан олон нийтэд зарлах хүсэлтэй хүмүүс цөөн биш бий. Өөрөөс нь илүү байгааг мэдрэхдээ, өөрөө түүнээс нь илүү гарч чадахгүйгээ ойлгохдоо баярлан бахархсан биш, атаархан хорссон сэтгэлд нь өнгөрсөн нэгэн үеийн өөрөөс нь дутуу явсан цаг үе л тодрон санагддаг. Санаанаас нь огт гардаггүй өнгөрсөн цагийг одоо, ирээдүйтэй нь хамтатган “тийм л байх тавилантай” юм шиг санадаг, итгэдэг хүмүүс олон бий. Тэгээд л хүмүүст түүний өнгөрсөн цагийг ид бах болгон дэлгэхдээ,  өөрөө тэр үед түүнээс илүү байсныгаа тодотгон тодруулж хуучлана. Харин одоо цагт яагаад түүнээс дутуу байгаа тухайгаа бодох ч үгүй, бас хүлээн зөвшөөрөх ч үгүй. Өөрийнхөө өнгөрсөн цагаар үргэлжлүүлэн амьдардаг хүмүүс, өрөөл бусдын өөрчлөгдсөн ирээдүй цагийн талаар эргэцүүлэх дургүй. Энэ тухай бодохоор атаархал хорсол нь буцалж, илчилж зөвшөөрөх аваас өөрөө улам дорд харьцуулагдах юм шиг л санадаг. Тэгээд л өөртөө бус өрөөл нэгэнд уурсан бухимддаг.
Хүний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дээр оршдог. Өглөөний нар мандахдаа гэрэл сацруулж, үд дунд халуу шатуулж, жаргахдаа илчээ алддаг лугаа адил. Хүмүүс энэ л орчилд бүгдээрээ алдахдаа алдаж, онохдоо онож ухаарлаасаа амьдралаа олон янзаар өөрчилнө. “Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц” гэдэг үг үүний тайлбар. Биднийг залуу онгиргон насандаа бусдад сайн муугаар хэлүүлэн тоомжиргүй аашлах бүрд хөгшчүүл маань “Та нарын бусдад сайн муугаар хэлүүлэх цаг чинь болоогүй ээ” хэмээн учирладаг нь одоо, ирээдүй цагийн сүлэлдээний батжилтын тухай бодсоных буйз. Харин өнгөрсөн цаг мөч бүрийн зөндөө олон алдаанууд хүний сэтгэлд ухаарал болон үлддэг. Өөрийгөө ихэд бодож болохгүй тухай, хайрыг өмчилж болохгүй тухай, эрдэм мэдлэг эд хөрөнгөнөөс эрхэм болох тухай, үнэнч сэтгэл хуурамчаасаа үнэд хүрэх тухай, худал зүйл хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг тухай, сайхан сэтгэл хүний зүрхэнд үлдэж хоцордог тухай, үзэн ядалтыг уучлал ялж гардаг тухай, хэн нэгний хэлсэн үг биш цаг хугацаа л үнэний шалгуур болдог тухай бид өнгөрсөн цагийн зөндөө олон алдаа, онооноосоо ойлгож үлдэнэ. Тэр болгон нь одоо цагт ухаарал болон шингэж, ирээдүй цагт биелэлээ олон хэрэгжиж байдаг юм. Өнгөрсөн цагийн тухай муугаар биш, сайнаар харж байх нь элдэв атаархал хорслоос ангид байх боломж тань.
Чамайг мохоох гэж бас гутаах гэж өнгөрсөн цагийн алдааны чинь тухай хашгирч буй хүн рүү зүгээр л инээмсэглэн харж бай. Гомдсондоо урсах шахсан нулимсаа залгилж, хорссондоо хариуд нь хашгичих гэсэн үгээ залгилж, цохиод авахаар далайсан гараа нөгөө гараараа атгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад хүчээр инээмсэглэ. Учир нь энэ бүхэн бол өнгөрсөн цагийн дурсамж, маргааш  ч өнөөдрийн энэ бүхэн өнгөрсөн цагийн дурсамж болон үлдэнэ.  Одоо цаг, ирээдүйтэйгээ хамтад чиний өмнө зогсож байна. Өнгөрсөн цагт чи хэн байсан нь тийм ч чухал биш, харин өнөөдөр бас маргааш чи хэн байх нь хамгаас чухал. Өнгөрсөн цагтайгаа зууралдаж, өнгөрсөн цагаараа өнөөдөр ч амьдарч байгаа хүмүүс маргааш ч өнгөрснөөрөө амьдарсаар байх болно. Харин чи ирээдүй рүүгээ явах ёстой. Зарим хүмүүс чамтай хамт явахгүй байсан ч чи ирээдүй рүүгээ явах л ёстой. Яагаад гэвэл зөндөө олон хүмүүс чам шиг ирээдүй рүүгээ итгэл төгс алхаж яваа. Чи тэдэнтэй учирч, нөхөрлөж хамтдаа алхах болно. “Чи хэзээ ийм байсан юм бэ?” гэдэг бол зүгээр л атаархал хорслын үг. Чи өнгөрсөн цагаасаа авах зүйлээ авч, одоо цагт сайнаар өөрчлөгдөн, ирээдүй рүүгээ итгэлтэй явж байгаагийн тань баталгаа. Өнгөрсөн цаг болгон чиний өөрчлөгдөхийн угтал, хичнээн өөрчлөгдөөд ч хэн байснаа мартаж боломгүй дурсамж. Гэнэн бас гэгээлэг дурсамж. Тэгээд л атаархал хорслын өмнө инээмсэглэж чаддаг юм даа.

Share Your Thoughts