ЗУРВАСХАН БОДЛУУД-37

ЭРХ ААШ

Эрхэлж тунина гэдэг ээжтэй хүний ааш. Юу ч гэмээр юм бэ дээ, үгээр илэрхийлэхэд амаргүй ааш эрх зан. Тухайн мөчид өөрөө ч мэдэлгүй сэтгэлдээ нялхарч, хүсээгүй хэрнээ нэг л мэдэх дор хошуугаа цорвойлгон, өөрөө ч төсөөлөөгүй тийм л танхи занг хамгийн дотно хүндээ л гаргадаг. Сэтгэлийн чанадаас урсах танхи араншинг хэн ч зогсоож, хэн ч шоолж чаддаггүй. “Эвий дээ миний үр” гэж цээжнийхээ гүнээс уулга алдан, элгэндээ тэврэх гэж гараа дэлгэн, үнсэх гэж хошуугаа цорвойлгох тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй. Зүгээр л сэтгэлийн багтраагаа тайлах гэж ээжийдээ очиж, аргадуулан тайтгарах гэж ээжийдээ очиж, элгэнд нь наалдан мэгших гэж ээжийдээ очдог. Хэзээ ч өөрийг нь зэмлэнэ гэж бодолгүйгээр, хэнзхэн зүрхэн дэх шаналлаа өвөр дээр нь асгах гэж, хэзээ мөдгүй асгарах нулимсаа сэтгэлийнх нь далайд урсгах гэж бид ээжийдээ л очдог. Ээжийнх нь өвөр уул шиг нөмөрлөж, сэтгэлийнх нь хайр далай шиг цалгилж, илбэж аргадах гарынх нь алга нарны илч шиг дулаацуулах тэр л мөчид бид тайтгардаг. Энэ бол амьдралын хэзээ ч давтагдашгүй, бас хэзээ ч эргэж ирэхгүй нандин мөч.

Эрхэлж тунина гэдэг сайн ханьтай хүний ааш. Хэн нэгэнд гомдсон гомдлоо гагц түүндээ учирлах гэж, хэзээ ч юм бэ мартагдсан дурсамжаа дахин сэргээж эрхлэх гэж, хэлж ирэхгүй ч хийсч ирдэг тавилангийн шаналлаа зөвхөн түүнтэй хуваалцах гэж ханьдаа эрхэлдэг. “Хайрт минь дээ” гэж цээжиндээ тэврэн, үсийг нь зөөлхөн үнэрлэж, гарыг нь атган илбэх мөчийг юутай зүйрлэшгүй. Зүгээр л сэтгэлийн чанадаас урсах хайр зүрхэнд нь хүрч шингэн, аргадаж уруул дээр нь үнсэх үнсэлт айдас гомдлыг хийсгэн холдуулж, асгарах нулимсыг нь хурууныхаа өндгөөр арчихад сэтгэлийн их хур хайранд шингэн цэцэгсийг ургуулан тайтгардаг. Тэр мөчид зүрхэнд нь их амар амгалан мэдрэгдэж өөрийн эрхгүй инээмсэглэнэ. Тэр бол сэтгэлийн чанадаас ургах наран, итгэлийн тэртээгээс ивлэх хайр, зүрхний хэмнэлд татагдах тайвшрал. Хичнээн хэцүү мөчид зорьж очоод эрхэлж тайтгарах ханьтай байх гэдэг дэндүү жаргал. Өөрийг нь гомдоож орхисон мөртлөө өмнө нь сөгдөж суугаад учирлан, хамрыг нь сөргөөн өдөж, зангидсан хөмсгийг нь илбэн эрхлэхэд л өхөөрдөн инээж тайтгардаг нь хайрын шид.

Эрхэлж тунихгүй юм бол энэ амьдралын өнгө сааралтаж, эрдэнэт хүний зүрх чулуу шиг хатуурч, инээд баяслын оронд бухимдлын уцаар сүүдэртдэг. Эрхэлж тунина гэдэг амьдралын гэгээн өнгө, шархалсан зүрхний эдгэрэл, багтарсан сэтгэлийн тайтгарал, багтаж дүүрсэн хайрын илэрхийлэл. Хэн нэгэнд эрхлэхгүй юм бол энэ ертөнцөд амьд яваад яах юм бэ?

Эрх ааш

Багтарсан сэтгэлээ чинийхээ өвөр дээр асгах гэж
Баяр хөөр уйтгар гунигаа чинийхээ цээжинд шингээх гэж
Зүрхнийхээ шаналлыг чамтайгаа хуваалцах гэж
Зүүднийхээ цочоог чамаараа гаргуулах гаргах гэж би эрхэлдэг

Энгэртээ тэвэрч намайгаа аргадаач хайрт минь
Эрхлүүлж минийхээ зүрхийг тайтгаруулаач амраг минь

Гомдсон гомдлоо чинийхээ тэвэрт багтаах гэж
Уйтгар гуниг зовлон шаналлаа чинийхээ сэтгэлд учирлах гэж
Холдоод санасан сэтгэлээ чамдаа ойртуулах гэж
Уйлаад урссан нулимсаа чамаараа арчуулах гэж би эрхэлдэг

Энгэртээ тэвэрч намайгаа аргадаач хайрт минь
Эрхлүүлж намайгаа тайтгаруулаач амраг минь

Сэтгэлийн их хайраа чамдаа мэдрүүлэх гэж
Сэмэрч бас бүтэн байх тавилангаа чинийхээ дэргэд аргамжих гэж
Сэхүүн явж чинийхээ халамжаар гайхуулах гэж
Ирээд буцдаг орчлонд чамаараа л хайрлуулах гэж би эрхэлдэг

Энгэртээ тэвэрч намайгаа аргадаач хайрт минь
Эрхлүүлж намайгаа тайтгаруулаач амраг минь

БУСДЫГ БАЙГААГААР НЬ ОЙЛГО

…Хүмүүс бид эгэл жирийн амьдралаа өөрсдөө зовлон болгож хувирган, өрөөл бусдад гомдон хорсож байдаг шалтгааны нэг нь үл ойлголцол. Хүн болгон энэ ертөнц хийгээд амьдралыг үзэх үзэл болон санаа бодол нь янз бүр. Адил төстэй байх боловч, цавуу шиг яг тал нийлж наалдах нь үгүй. Санал зөрөлдөж байгаа асуудлаар нөгөө хүнээ яг өөртэй нь адил байсангүй гэж бид гомдон хорсдог. Эцсийн мөч хүртэл “өөрийн зөв” гэдэгтээ итгэлтэй байгаа зөрүүд сэтгэл, өөр нэгэн өнцгөөс нь харах хүслийг төөрөгдүүлж, өрөөл бусдад дургүйцэн улмаар үзэн ядах санаа руу чиглүүлж байдаг аж. “Үгүй ер дөө…” гэж гомдсон сэтгэл аясаар урсах нулимстай холилдохоороо алив зүйлийг уужуу ухаанаар эргэцүүлэх боломжийг шууд л хааж орхино. Багтарсан сэтгэлдээ бусдаас өөрийгөө илүү ухаантай гэж нотлох гэж бухимдах тусмаа, улам улмаар өөрийгөө дорой арчаагүй байдалд аваачна. Дорой байдалд орж буйгаа мэдрэх тусмаа багтран тэвдэх араншин, санаанд оромгүй тэнэг үйлдэл рүү хөтлөх тохиолдол ч бишгүй гарч байдаг.

Хэрвээ чи өөрийгөө нөгөө хүнээсээ “ухаантай” гэж бодож байгаа л юм бол, “тэнэг” түүний хэмжээнд очин маргалдаж өөрийгөө тэнэг байдалд оруулах хэрэг байсан уу? Энэ тухай бид зогтусан боддоггүй. Зөрчилдөж маргалдаж байгаа нөгөө хүнээ заавал давж гарахын тулд “тэнэгтэж” байхын оронд “энэ хүний оюун санааны хэмжээ нь энэ л юм шүү дээ” хэмээн сэтгэлдээ уучлан тайвширч яагаад болохгүй гэж? Эсвэл өөрөөсөө илүү хэн нэгэнтэй зөрүүдэлж маргалдан өөрөө ичгэвтэр байдалд орохын оронд өөрийн дутуугаа ойлгож, зүгээр л инээмсэглэн өөрийн үнэ цэнээ авран үлдэж болохгүй гэж үү? Заавал өөрийн “зөв” гэдгээ нотлохын тулд зөрүүдэлж, нөгөө хүнээ давж гарахын тулд “тэмээний тухай биш ямааны тухай” хашгичих тусмаа чи өөрийгөө болон өрөөлийн сэтгэлийг хиртүүлэн тарчлаадаг. Хүмүүсийг байгаагаар нь ойлгож, хэмжээгээр нь үлдээх гэдэг тийм ч хэцүү зүйл биш л дээ. “За яахав дээ, энэ хүний маань байгаа нь л энэ юм шүү дээ” хэмээн уучлан бодох бодол нь олон хүмүүсийг утга учиргүй хэрүүл маргааны улмаас өөрийн сэтгэлээ хиртээлгүй, цэвэр хэвээр нь үлдэх боломж юм шүү дээ.

Бусдын санаа сэтгэл, оюун бодол ямар байдалтай байгааг огт анзаарахгүйгээр өөрийн хүсэл, санаа бодлоо тулган хашгичих нь оюун санааны хүчирхийллээс өөр юу ч биш. Монголчууд бид ялих ялихгүй зүйлээс бухимдсан сэтгэлээ бусад руу хорсон тургилж, хүмүүсийг айлгаж ичээн эвгүй байдалд оруулж байгаа нь ердөө л бүдүүлэг араншин, сэтгэлгээний дарангүйлал. Бид үүнийгээ ахуйн ядууралтай холбон учирладаг боловч сэтгэлгээний их ядууралд орсон буйгаа ойлгож хүлээн зөвшөөрдөггүй. Бид өөрсдийн сэтгэл доторхи бухимдлаа өрөөл бусдад заавал гаргах гэж зүтгээд байдаг нь угтаа бол, болж бүтэхгүй байгаа олон зүйлийн бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайж олдог мунхаг араншинтай л холбоотой юм шүү дээ. “Тэнэг мунхаг хүнтэй тэрсэлж бүү маргаж бай” хэмээн өвөг дээдэс минь бидэнд сургажээ. Зүгээр л тэнэг мунхаг хүмүүсийг байгаагаар нь ойлгож, маргалдаж хэрэлдэлгүйгээр орхиж байх нь сэтгэлээ хиртээхгүй байхад хэрэгтэй. Аажим аажимдаа энэ бүхэн нь өөрөөсөө дорой нэгнийг уучлан бодож, өөрөөсөө илүү нэгнийг бахдан талархаж байхын эхлэл болно. Заавал маргалдаж хашгичихын хэрэг юун. Амьдралд заримдаа ТЭМЦЭЖ БИШ ТЭВЧИЖ ЯЛАХ үе зөндөө. Хүмүүсийг байгаагаар нь л ойлго.

ГОО ҮЗЭСГЭЛЭН-САРУУЛ УХААН-САЙХАН СЭТГЭЛ

Хүн: Ид залуу насандаа гоо үзэсгэлэнг
Идэр насандаа саруул ухааныг
Өтөл насандаа сайхан сэтгэлийг сонгодог ажээ.

Тасралтгүй үргэлжлэх амьдралын урсгалд хүмүүс бид байнга сонголттой учирч байдаг. Шинэ жилийн баяр, цагаан сар өнгөрөөд л өсөн нэмэгдэж, өөрөө элж буй насаа тоолж амьдралын хэмнэлээ нэгэнтээ эргэцүүлнэ. “Нас минь явж байна, яана даа” хэмээх харуусал зурсхийн сэтгэлд бууж, амсхийн мартагдах мөчүүд бидний өнгөрсөн цаг хугацаа. Эрх мэдэл, их мөнгө, харагдах өнгөний төлөө бид ихээхэн цаг хугацааг зарцуулдаг. Хожим нь эргээд эргэцүүлэхэд өөрийн үнэт зүйлээсээ огт өөр зүйлийн төлөө үр ашиггүй амьдарч байсандаа харамсах үе тохиодог. Одоо ч монголчууд бид 2016 оны сонгуулийн тухай санаа зовинож, улс орны хувь заяаны талаар шаналж, хэн нэгнийг шүүмжилж бас магтаж, аль нэгэн үйлдлийн талаар ам хуурайгүй маргалдан мэтгэлцэнэ. Бидний сэтгэл санаа тэртээд алсарч, өөрийнхөө тухай ч бодох чөлөөгүй манантана. Нэг удаа ч болов “Би хэн юм бэ?” гэж өөрийнхөө тухай эргэцүүлж, “Би яаж амьдрах ёстой вэ?” гэдэгт хариу нэхэж, “Хэн миний амьдралыг шийдэх учиртай вэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй юм шиг. Зөв хариугаа олох юм бол “Би өөрөө” гэдэг сонголтод тулна.

Биеэ тоомтгой, бүхнийг би л чадна гэх ойворгон бодолдоо хөтлөгддөг залуу насандаа хүмүүс ихэвчлэн гоо үзэсгэлэнг л сонгодог. “Тэр хөөрхөн үү?”, “Тэр гоё уу?”, “Тэр үзэсгэлэнтэй юу?” гэж асуухдаа тэд өнгийг л сонирхоно. Тэд энэ гоо үзэсгэлэнг мөнхийн юм шиг санаж, бусдыг нь үл тоон тохуурхана. Энэ ертөнцийн бүх хүмүүсийг “царайлаг” ба “царай муутай” хэмээн ангилж сонголтоо хийдэг тэд өөрсдийн алдааныхаа тухай тэгтлээ эргэцүүлэхгүй. Бас гоо үзэсгэлэнгийн тухай төсөөлөл нь хэтэрхий хийсвэр байгааг ч тоохгүй. Цаг хугацааны урсгал дунд гоо үзэсгэлэн бүдгэрэх хэрээр, алдаан дундаас тодрох ухаарлын үнэ цэнийг мэдэрч эхэлдэг. Гоо үзэсгэлэн мөнхийн биш юм байна гэдэг ухаарал нь амьдрал ч бас мөнхийн биш гэдэгтэй эвцэлдэж эхэлнэ. Саруул ухаан тухайн хүний үндсэн төлөвшилөөс үүдэж, амьдралын сайн муу учралуудад хандах хандлагаас батжина. “Ер нь хүний амьдрал гэдэг чинь…” хэмээх эргэцүүлэл хүн болгоны дотоод сэтгэлийг хөтөлж байдаг. Амьдралын буулганд нухлагдаж өтөл болсон насандаа хүмүүс өнгө мөнгийг биш, сайхан сэтгэлийг илүүтэй сонгодог. Ид залуу, идэр бардам залуусыг харахдаа тэд өрөвдөн хайрлаж, бас уучилж хандана. Энэ л амьдралын урсгалыг өөрөө элж туулсан болохоор юу нь үнэ цэнэтэй, юу нь хий хоосон зүйл болохыг ялгаж салгаж чаддаг. Бусдыг хайрлаж, бусдад тус болох сайхан сэтгэл л энэ бүхний эцэст тунаж үлддэг юм даа. Учир нь нэгэн цагт бид бүгдээрээ энэ амьдралыг орхиод л одно. Юуг үлдээх нь таны л сонголт.

Хүмүүс бид энэ амьдралын урсгал дунд үй олон сонголтуудтай учирч байдаг. Сонголт болгон нь таны үнэ цэнийн хэмжүүр болно. Гоо үзэсгэлэн гадна үзэмжиндээ биш, дотоод сэтгэлээс нь гэрэлтэж байдгийг бид мэдэж чадна. Өдөр болгон будахгүйгээр үзэсгэлэнтэй харагдуулж байдаг ид шид нь хүний дотоод сэтгэлийн хайраас сацрах инээмсэглэл. Заавал бусдыг дуурайж “ухаантай” харагдах гэж тарчилж байснаас өөрийнхөө байгаагаараа бусдад хандах нь илүү амар. Хүн болгон төгс ухаантай байх боломжгүй ч өөр өөрийн хэмжээндээ ухаантай. Хүн болгоны сэтгэлд сайн муу бодлууд эргэлдэж байдаг хэдий ч хэзээ яаж илэрхийлж байгаагаараа ухаан нь ялгарч байдаг. Буян нүгэл нь хүний сэтгэлд байнга тэрсэлдэж байдаг боловч аль нь хүний сэтгэлд илүү оршиж байгаагаар нь сайн бас муу хүн гэж үнэлэгдэнэ. Зүгээр л бусдад таалагдах гэж “сайхан сэтгэлтэн”-ий дүр эсгэхээс чин сэтгэлээсээ хайрлаж, өөрийн чадах зүйлээрээ бусдад тус болох үйлдэл нь хүний сэтгэл зүрхэнд ойрхон очдог юм. Зүрх сэтгэлээс ундарч байгаа сайхан сэтгэл нөгөө хүнийхээ зүрх сэтгэлд дэндүү ойр мэдрэгдэнэ. Худал хуурмаг дүр эсгэлт хув хуурай байдаг бол чин сэтгэл бусдын сэтгэлийг норгож уяраадаг. Уг нь бид бие биенгүйгээр хэн ч биш юм шүү дээ.

Бэлэгдлээрээ амьдралын сайхныг төсөөлж байдаг монголчууд бид шинэ он гараад “анхны” гэсэн тодотголтой бүхэндээ нандин энхрий ханддаг. Олон олон элдэв бодлуудаасаа салгаад өөрийнхөө тухай эргэцүүлээд нэг бодоорой. “Ингэхэд би ер нь хэн юм бэ?” гэж өөрөөсөө асууж үзээрэй. Чи бол давтагдашгүй бодьгал, давтагдашгүй сэтгэлийн ертөнц. Олон чанаруудаараа бусадтай адилхан байдаг хэдий ч олон чанаруудаараа бусдаас ялгарч байдаг. Өөрийгөө таньж, өөрийн сайн чанаруудаа хөгжүүлэх тусам элдвийн хэрэгтэй хэрэггүй зүйлүүдэд санаа зовж шаналах тань багасна. Улс орны хөгжил ч чиний хувь хөгжлөөс хамаарна гэдгийг ойлгож ухаарна. Гоо үзэсгэлэн-саруул ухаан-сайхан сэтгэл чиний амьдралын хөтөч болохыг анзаарна. Ухамсартайгаар “хувиа бодох” нь бусдад сайнаар хандах эхлэл болно гэдгийг мэдэрнэ. Эцэст нь сэтгэлийн амар амгалан энэ амьдралын утга учир нь юм гэдгийг ухамсарлан ойлгох болно. Бас чиний амьдрал тань өөр хэнээс ч бус зөвхөн өөрөөс тань хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Бусдаас хамааралгүй, өөрөө эзэн нь болж амьдрахаас илүү сайхан нь хаана байх гэж? Чи шүү дээ.

Share Your Thoughts